Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 2021/ДШМ/102

 

 2021           1              20                                             2021/ДШМ/0102                           

 

 

     Б.Дд холбогдох эрүүгийн

                                                                       хэргийн тухай                     

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Солонго,

шүүгдэгч Б.Д,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 2020/ШЦТ/1685 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Дгийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1811024120402 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           

            Орлой овгийн Бат-Оршихын Д, 1989 оны 2 дугаар сарын 7-ны өдөр Сүхбаатар аймгийн Уулбуян суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, өвөө, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Алтан-Өлгий 29 дүгээр гудамжны 427 тоотод оршин суух бүртгэлтэй, /ЛК:89020719/,

 

            Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 271 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 сар баривчлах ял шийтгүүлж, 2016 оны 8 дугаар сарын 14-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

 

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 175 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 4 сар баривчлах ял шийтгүүлсэн,

 

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 1266 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 7 жил хорих ял шийтгүүлсэн,

 

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 64 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1266 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 7 жилийн хорих ялын эдлээгүй 6 жил 7 сар 20 хоногийн хорих ял дээр нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 6 жил 9 сар 20 хоногоор тогтоож шийдвэрлэсэн.

           

            Шүүгдэгч Б.Д нь 2018 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, “Мөнгөн завъяа” үнэт эдлэлийн дэлгүүр дотор худалдаа эрхэлж байсан хохирогч Г.Ганцогоос “мөнгийг нь интернэт банкиар шилжүүлчихлээ” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хуучны хэт хутга, ширмэн хаш хөөрөг зэргийг залилан авч 2,500,000 төгрөгийн хохирол учруулсан,

 

            2018 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, “Хар сувд” үнэт эдлэлийн дэлгүүр дотор худалдаа эрхэлж байсан хохирогч Д.Амгаагаас мөнгийг нь интернет банкаар шилжүүлчихлээ гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, алтан бөгж, монетон бөгж, гинж, мөнгөн гинж, 60,000 төгрөг зэргийг залилан авч 2,504,600 төгрөгийн хохирол учруулсан,

 

            2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хохирогч Ш.Уулаад алдсан адууных нь сургийг гаргаж өгнө хэмээн хуурч, улмаар Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах АТМ-ээс 500,000 төгрөг шилжүүлэн авч залилан бусдад нийт 5,504,600 төгрөгийн хохирол учруулж залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

               Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Б.Дгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

             

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Дг “Хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дд 6 сар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 64 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 5 жил 10сар 3 хоног хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 6 жил 4 сар 3 хоногоор тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дд оногдуулсан 6 жил 4 сар 3 хоногийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Б.Дгийн 2020 оны 5 дугаар сарын 4-ний өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 136 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Дгаас нийт 5,504,600 төгрөгийг гаргуулж, хохирогч Г.Ганцогт 2,500,000 төгрөг, хохирогч Д.Амгаад 2,504,600 төгрөг, хохирогч Ш.Уулаад 500,000 төгрөг тус тус олгож, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн дүрс бичлэг бүхий компакт диск 1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээхээр шийдвэрлэжээ.  

 

Шүүгдэгч Б.Д давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааны 1266 дугаартай шийтгэх тогтоолоор Шинэбаяр шүүгч даргалж надад 7 жилийн хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Уг шүүх хуралдаан дээр нэмж нэгтгэх 4 хэрэг байгаа гэж хэлсэн боловч нэмж нэгтгэж өгөөгүй, дахин дахин дуудлагаар авч ирж ял нэмүүлж байгаад гомдолтой байна. Мөн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Сэлэнгийн даргалж шийдвэрлэсэн 2020 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр 64 дугаартай тогтоолоор 2 сарын хорих ялаар нэмж шийтгэгдсэн. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 1685 дугаартай шийтгэх тогтоолоор 6 сарын хорих ялаар нэмж шийтгүүлсэн. Мөн надад холбогдох хэргийн шүүх хуралд А.Нямсүрэн гэх улсын яллагч оролцсон боловч шийтгэх тогтоолд С.Солонго гэж бичсэн байна. Мөн уг хэргийг надад танилцуулаагүй, урьдчилсан хэлэлцүүлэг хийгээгүй, хэргийн талаар ярих гэтэл шүүх хуралдааны танхимаас хөөж гаргадаг. Түүнчлэн Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газарт эрүүгийн 180903805 гэсэн дугаартай хэргийг нэгтгэж шийдвэрлээгүй, дахин ял оноох гэж байна. Иймд хэргүүдийг нэмж нэгтгэн шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Мөрдөн байцаалтын явцад хамтран оролцсон талаар хэлэхэд үндэслэл тогтоогдохгүй байна. Шаардлагатай үед нүүрэлдүүлэн байцаалт өгөх эрхтэй гэсэн тул уг эрхээ эдэлж нүүрэлдүүлэн байцаах ажиллагааг хийлгэмээр байна. Уг хэргийн хохирогч Ш.Уулаад алдсан адууны сургийг гаргаж өгнө гэж 5,000,000 төгрөг шилжүүлэн авсан залиланг миний бие хийгээгүй, мөн камерын бичлэгээр нотлоод байхад намайг хийсэн гээд байгаа болохоор уг хэргийг дахин шалгах хүсэлтэй байна. Энэ хэргүүд хохирлын үнэлгээн дээр маргаантай байх тул хохирлын үнэлгээг дахин тогтоолгомоор байна. Миний 2019 оны 1 дүгээр сарын 21-нээс 2019 оны 8 дугаар сарын 12-ны хүртэл хугацаанд цагдан хоригдсон хоног ороогүй байна. Надад холбогдох хэргийг нэмж нэгтгэж нэг шийтгэх тогтоолоор шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Уг хэрэгт хяналт тавьж буй прокурор нь миний гомдол, хүсэлтийг шийдвэрлэж өгөхгүй миний эрх зүйн байдлыг дордуулж байна. Иймд надад холбогдох хэргийг дахин нарийвчлан шалгаж өгнө үү.” гэв.

 

Прокурор С.Солонго шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Шүүгдэгч Б.Д нь өмнөх хэргүүдээ нэгтгэн шалгуулмаар байна гэдэг хүсэлтийг мөрдөн шалгах ажиллагааны явцад удаа дараа гаргаснаар миний бие цагдан хорих байранд очиж түүнтэй биечлэн уулзаж байсан. Гэвч түүнд өөр үйлдэл байгаа эсэх нь тогтоогддоггүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт шалгагдаж байгаа эсэх талаар хавтаст хэрэгт баримтууд байгаа. Дүүргийн цагдаагийн хэлтсүүдэд Б.Дд холбогдуулан шалгаж байгаа хэрэг байгаа эсэх талаар албан бичиг хүргүүлсэн бөгөөд үүний хариуг хэрэгт тусгасан. Үүнд ямар нэг байдлаар хэрэгт шалгагдаж байгаа зүйл байхгүй гэх албан бичгүүдийг ирүүлсэн байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

               Шүүгдэгч Б.Д нь 2018 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, “Мөнгөн завъяа” үнэт эдлэлийн дэлгүүр дотор худалдаа эрхэлж байсан хохирогч Г.Ганцогоос “мөнгийг нь интернэт банкиар шилжүүлчихлээ” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хуучны хэт хутга, ширмэн хаш хөөрөг зэргийг залилан авч 2,500,000 төгрөгийн хохирол учруулсан,

 

               2018 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, “Хар сувд” үнэт эдлэлийн дэлгүүр дотор худалдаа эрхэлж байсан хохирогч Д.Амгаагаас мөнгийг нь интернет банкаар шилжүүлчихлээ гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, алтан бөгж, монетон бөгж, гинж, мөнгөн гинж, 60,000 төгрөг зэргийг залилан авч 2,504,600 төгрөгийн хохирол учруулсан,

 

2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хохирогч Ш.Уулаад алдсан адууных нь сургийг гаргаж өгнө хэмээн хуурч, улмаар Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах АТМ-ээс 500,000 төгрөг шилжүүлэн авч залилан бусдад нийт 5,504,600 төгрөгийн хохирол учруулж залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

хохирогч Г.Ганцогтын “... намайг 2018 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн Мөнгөн завъяа дэлгүүрт худалдаа хийж байхад өглөө 11 цагийн үед танихгүй эрэгтэй хүн манай лангуун дээр хүрч ирээд лангуун дээр байх бараануудыг маань үзэж байгаад тэр хүн надад хандан “хутга, хөөргөө хэдэн төгрөгөөр өгөх вэ” гэж асуусан. Тэгээд би үнийг нь хэлэхэд “хэт хутга, эмээл хоёрыг чинь нийлүүлээд 10,000,000 төгрөгөөр авъя” гэж хэлэхэд нь зөвшөөрч тохиролцсон. Ингээд би “тооцоогоо бэлэн мөнгөөр хийх үү” гэж асуухад “үгүй ээ, мобайл банкаар шилжүүлчихье, тэгэхгүй бол АТМ-ээс ийм их хэмжээний мөнгө гарахгүй” гэж надад хэлэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд тэр хүн миний “Хаан банкны 5220016559 дугаартай данс руу Төрийн банкны данснаасаа 10,000,000 төгрөг шилжүүлчихлээ, гүйлгээ амжилттай хийгдсэн шүү” гэж хэлээд өөрийнхөө утаснаас гүйлгээ амжилттай хийгдлээ гэсэн бичгийг үзүүлсэн ба тэр хүн “одоо энэ хөөрөг, хэт хутга хоёрыг аваад явъя, эмээлээ маргааш миний дуудсан газар аваад ирээрэй” гэж хэлээд бид тохиролцсон юм. Би тэр хүнээс “та миний эд зүйлийг авч байгаа юм чинь би Төрийн банкнаас гүйлгээ хийгдсэн талаар лавлаж асуух хэрэгтэй байна, миний банкны гүйлгээн дээр мөнгө орсон гэсэн мэдээлэл ирээгүй байна” гэж хэлээд Төрийн банк руу утасдаж асуусан. Тухайн банкнаас мэдээллэхдээ 10,000,000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн бол маргааш өдөр нь ордог гэж надад хэлсэн. Тэгээд тухайн банкны ажилтнаас “тухайн мөнгө шилжүүлсэн хүний дансны гүйлгээг шалгуулж болох уу” гэж асуухад “боломжгүй” гэсэн хариу өгсөн. Би тухайн үед тэр хүнд “би танд итгэхгүй байна, дансны гүйлгээ хийгдээгүй байна” гэж хэлэхэд тэр хүн надад “би чамайг хулхидаж луйвардах хүн биш, надад итгэхгүй байгаа бол миний жолооны үнэмлэхний зургийг ав, хэрэв худлаа ярьсан байх юм бол цагдаагийн байгууллагад хандаж болно шүү дээ, би тийм зүйл хийхээр хүн биш, харин маргааш үлдсэн эмээлээ надтай холбогдож байгаад миний байгаа газарт авч ирээд өгчихөөрэй” гэж хэлсэн. Ингээд би тухайн барааныхаа баглаа боодлыг хийж өгөөд өгч явуулсан.” /1хх 30-32/,/

 

хохирогч Д.Амгаагийн “... 2018 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 10 цагийн үед дэлгүүр лүү орох үед бусад лангууны хүмүүс ирсэн байсан учир дэлгүүр онгорхой байсан. Тэгээд би өөрийн түрээсэлдэг лангуугаа нээгээд алт, монет, мөнгөн эдлэлээ лангуун дээрээ тараагаад тавьж байх үед галнаас нэг үл таних хүн орж ирсэн. Тэр хүн надаас “хөдөө явах гэж байна, өндөр граммтай монетон бөгж, монетон гинж, алтан бөгж авмаар байна” гээд сонгож байгаад тус бүрээс нь нэг нэгийг сонгосон, үүний дараа “мөнгөн гинж байна уу, хамгийн өндөр граммтай мөнгөн гинжийг авна, хайрцганд хийчих” гээд сонгосон зүйлээ үлдээгээд манай дэлгүүрт байдаг бусад лангуун дээрээс домбо, гар хийцийн мөнгөн аяга гэх мэт зүйлсийг үзэж үнийг нь асуугаад байсан. Ингээд буцаж манай лангуун дээр ирээд “хэд болсон бэ” гэж асуухаар нь” 2,440,000 төгрөг болсон байна” гэхэд “за тэгвэл нэг мөсөн 2,500,000 төгрөг таны дансанд хийлээ, 60,000 төгрөг хариулаад өг” гэсэн. Тэр 60,000 төгрөгийг нь өгчихөөд байж байтал мөнгө нь дансанд орохгүй байсан. “Надад мөнгө орсон гэж мэдээлэл ирэхгүй байна” гэхэд “би Төрийн банкны данстай өнөөдөр орохгүй, маргааш орно, хамт Төрийн банк явж асууя” гээд Төрийн банкинд ирж уулзахад банкны теллер нь “бүтэнсайн өдөр хийсэн гүйлгээ нэг дэх өдрийн 12 цагаас хойш орно” гэж хэлсэн. Банкнаас гарч ирээд би тэр залууд “итгэхгүй байна, юмаа авъя” гэхэд “би ямар хулгайч, дээрэмчин байна уу, хөдөө явах гээд байна гэж хэлээд байхад, миний мөнгийг өг” гэх мэтээр загнаад байсан. Тэгээд би итгээд явуулчихсан. /1хх 155-156/ ,

 

хохирогч Ш.Уулаагийн “... 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр манайх 13 тооны адуугаа алдсан юм. Тэгээд 12 дугаар сарын 5-ны өдөр Улаанбаатар хотод ажлаар орж ирээд “Малчин ТВ”-д хээр азаргатай саарал гүү, хар унагатай, шарга гүү даагатайгаа, халзан хээр морь 1, халзан хүрэн морь 1, дэлтэй, дэлгүй хүрэн үрээ 2, саарал үрээ 1, зэгэс байдас 1, хээр үрээ 2 нийт 13 тооны адуу алдагдсан, харсан хүн холбоо барина уу ... нэг эрэгтэй хүн ярьж манай алдагдсан адуугийн хаана байгаа газрыг хэлж өгье, 1,000,000 төгрөг өгчих гэж байна гээд 99755952 дугаарыг өгсөн ... тухайн үед манай хүүтэй ярихдаа  “ах нь Булган аймгийн хүн, манай ойролцоо шоронгоор олон жил явсан хүн байдаг юм, тэр л хараад байна, мөнгөө хийчихвэл хаана байгаа газрыг нь хэлээд өгье” гэж хэлсэн. Тэгээд итгээд мөнгөө 5006270985 дугаарын дансанд 500,000 төгрөг “адууны мөнгө” гэж бичээд шилжүүлсэн” /1хх 211-212/,

 

гэрч О.Нямсүрэнгийн “... намайг 2019 оны 12 дугаар сард Сүхбаатар аймгийн цагдаагийн газраас эрэн сурвалжлах ажиллагаагаар зарлуулчихсан байсан ба гэртээ байж байхад 2 цагдаа гэрт орж ирээд намайг Сүхбаатар аймаг руу аваад явсан. Ингээд тус Цагдаагийн газарт шалгагдаж байгаад миний үнэмлэхээр залилан хийгээд байсан хүнийг цагдаа нар олчихсон гээд намайг явуулсан ...” /1хх 36/,

 

гэрч П.Ихбаярын “... 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр би Баянхошуунаас уруудаж явж байхад 105 дугаар сургуулийн хажуу талын уулзвараас 30 орчим насны залуу “Хөдөө аж ахуйн яам орно” гэж суусан. Ингээд сууж явж байхдаа миний утсыг гуйж залгасан. Явж байх замдаа утсаар яриад мал зарах гэж байгаа юм шиг мөнгө авах юм ярьж байснаа надаас карт байгаа эсэхийг асуухааар нь би байгаа гэж хэлсэн. Ингээд миний дансыг аваад нөгөө хүн рүү утсаар хэлсэн. Тэр залуу “Баянзүрхийн зах оръё” гэхээр нь Баянзүрх захын гадаа очсон чинь миний карыг аваад буухаар нь би араас нь дагаад орсон чинь АТМ-ээс бэлэн мөнгө авч байсан. ...би тэр залууийн нэрийг мэдэхгүй, замдаа ярьж байхыг нь сонсоход Булган аймгийнх гэж байсан. Мөн Баянхошууны нуурын тэнд байдаг дэлгүүртэй Жавзаа гэдэг айлд ирсэн гэж өөрөө ярьсан ... ” /1хх 213/,

 

              Б.Дгийн яллагдагчаар өгсөн “... 2018 оны 8 дугаар сард байхаа Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Урт цагааны урд талд байрлах “Хар сувд” гэх нэртэй үнэт эдлэлийн дэлгүүрт ганцаараа ороод дэлгүүхийн худалдагч болох 30 орчим насны эмэгтэйгээс монетон бөгж 1 ширхэг, монетон гинж 1 ширхэг, мөнгөн гинж 1 ширхэг “нийт 3 ширхэг зүйлийг худалдаж авъя, нийт 2,500,000 төгрөгийг нь шилжүүлчихлээ” гэж хэлээд хоосон мессэж үзүүлж залилж авсан. Тухайн үед дэлгүүрийн худалдагч эмэгтэй нь Хаан банкны данстай байсан ба “би мөнгийг чинь Төрийн банкаар шилжүүлчихлээ” гэхэд худалдагч эмэгтэй мөнгө орж ирээгүй байна гэхээр нь би өөрийн 86690600 дугаарын утсаараа Төрийн банкны лавлах 18001881 дугаарын утас руу холбогдож гүйлгээ хэзээ хийгдэх талаар худал хэлж асуухад Монгол банкиар дамжаад 2-3 цагийн дотор гүйлгээ хийгдэнэ гэж хэлснийг давхар тэр худалдагч эмэгтэй сонсоод надад итгэсэн. /1хх 171-172/,

 

... Телевизийн зар харж байгаад алдагдсан адууны талаарх зарын дугаар луу залгаж “адууг чинь олчихсон байна, шагналынхаа 50 хувийг явуулчих” гэж хэлээд мөнгийг таарсан танихгүй хүний карт, утас зэргийг ашиглан шилжүүлэн авдаг байсан ...” /1хх 221-222/ гэсэн мэдүүлгүүд,

 

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1хх 23-26, 1хх 157-160, 1хх 204-207/,

 

Хаан банкин дахь П.Ихбаярын 5006270985 дугаарын дансны гүйлгээний хуулга /1хх 225/,

 

Эд зүйлийн үнэлгээ /2хх 47-52/, мөнгө шилжүүлсэн баримт /1хх 194/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ.

 

              Шүүгдэгч Б.Дгийн “мөнгөө интернет банкиар шилжүүлчихлээ” гэж итгүүлэн хэт хутга, ширмэн хаш хөөрөг зэргийг авч Г.Ганцогтод 2,500,000 төгрөгийн, мөн дээрх аргаар алтан бөгж, монетон бөгж, гинж, мөнгөн гинж, бэлэн 60,000 төгрөг зэргийг авч Д.Амгаад 2,504,600 төгрөгийн, “алдсан адууных нь сургийг гаргаж өгнө” гэж итгүүлэн Ш.Уулаагаас 500,000 төгрөгийг шилжүүлэн авч, Г.Ганцогт, Д.Амгаа, Ш.Уулаа нарыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилж нийт 5,504,600 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шинжийг бүрэн агуулсан байна.

 

Анхан шатны шүүхээс түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд тухайн зүйлд заасан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон, хууль зүйн үндэслэлтэй болсон байна.

 

Шүүгдэгч Б.Дгийн “... ялын тооцоог буруу тооцож гаргасан. Нэмж нэгтгэн шийдвэрлэх ёстой хэргүүдийг тусад нь шийдвэрлэж миний эрх зүйн байдлыг дордуулж байгаад гомдолтой байна ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Шүүгдэгч Б.Дгийн урьд 2018 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр О.Төрсайханыг залилж 2,500,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 64 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж шийдвэрлэсэн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн анхан шатны шүүхийн 1266 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 7 жилийн хорих ялын эдлээгүй үлдсэн 6 жил 7 сар 20 хоногийн хорих ял дээр тус шийтгэх тогтоолоор оногдуулсан 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож, түүний биечлэн эдлэх ялыг 6 жил 9 сар 20 хоногоор тогтоож шийдвэрлэжээ.

 

Харин Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 381 дугаартай захирамжаар “... тус дүүргийн шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 64 дугаартай шийтгэх тогтоолын 3 дахь заалтаар шүүгдэгч Б.Дд холбогдох өмнөх шийтгэх тогтоолоор буюу Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1266 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 7 жилийн хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэх асуудлыг шийдвэрлэхдээ эдлээгүй үлдсэн ял 6 жил 1 сар 5 хоногийг 6 жил 7 сар 26 хоног гэж буруу бичиж, тоо тооцооны техникийн шинжтэй алдаа гаргасан гэж үзээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тухайн шүүх залруулга хийж Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 64 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт ... 6 жил 9 сар 20 хоногийн ... гэснийг ... 6 жил 3 сарын ...” гэж зөвтгөн өөрчилсөн бөгөөд уг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон байна.

Иймээс шүүгдэгч Б.Дгийн хувьд ялын тооцоог буруу тооцоогүй байна.

 

Мөн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 3866 дугаартай захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу тус шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 2020/ШЦТ/1685 дугаартай шийтгэх тогтоолын Удиртгал хэсэгт улсын яллагчаар А.Нямсүрэн орсон байхад улсын яллагч С.Солонго гэж алдаатай бичсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Иймд шүүгдэгч Б.Дгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Түүнчлэн шүүгдэгч Б.Д нь өөр гэмт хэрэг үйлдсэн талаараа мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлж байсан гэх боловч энэ талаар хэрэгт авагдсан баримтгүй, түүнийг өөр гэмт хэрэгт шалгагдаж байгаа талаар бусад байгууллагаас авсан лавлагаанд тусгагдаагүй байх тул түүнд холбогдох хэргийг хянан шийдвэрлэж ял оногдуулахдаа түүний эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэх үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 2020/ШЦТ/1685 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Дгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                            ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ

ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН

ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ