| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 135/2017/00395/И |
| Дугаар | 135/ШШ2017/00566 |
| Огноо | 2017-05-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 135/ШШ2017/00566
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2017/00395/И
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Б.О.А.Ж Г- нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дархан-Уул аймаг, ....Д.Т- ХХК-д холбогдох
16.230.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.М-, хариуцагчийн төлөөлөгч Б.Т-, төрийг төлөөлж хяналтын прокурор Д.Э-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Б.О.А.Ж Г- дарга П.Э-, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.М- нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Б.О.А.Ж.Г- нь Д.Т- ХХК-тай 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Байгаль орчны чиглэлээр ажилладаг албан хаагчдын хувцас, унаа, техник тоноглолыг сайжруулах хэрэгслийг нийлүүлэх худалдах, худалдан авах гэрээ байгуулан, нийт 15 250 000 төгрөгийн эд зүйл худалдан авахаар тохирсон. Ингээд гэрээний дагуу 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 15 250 000 төгрөгийг шилжүүлсэн. Гэрээний дагуу Д.Т- ХХК нь 13 615 000 төгрөгийн хувцас, хэрэгсэл шилжүүлсэн тул үлдэгдэл 1 635 000 төгрөгийг гаргуулах, мөн Д.Т- ХХК-тай 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Ойжуулалт, ойн аж ахуйн арга хэмжээний 2016 оны улсын даалгаврыг хэрэгжүүлэх арга хэмжээг зохион байгуулах, санхүүжүүлэх, гүйцэтгэлийг хүлээн авах гэрээ байгуулж, Хонгор сумын Домогт, Гурванбулаг нэртэй газарт тус бүр 15 га талбайд ойжуулалт хийж намрын тооллогоор 75 хувиас дээш амьдралтай хүлээлгэн өгөх, ажлын гүйцэтгэлд 2 гэрээний дагуу тус бүр 10 425 000 төгрөгөөр санхүүжүүлэхээр гэрээ байгуулж, нийт санхүүжилтийн 70 хувь буюу 14 595 000 төгрөгийг шилжүүлсэн. Гэтэл Д.Т- ХХК нь гэрээний дагуу ажил үүргээ гүйцэтгээгүй тул 14 595 000 төгрөгийг буцаан гаргуулах нийт 16 230 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
C:\Users\Ankhgerel-PC\Desktop\Хэвлэх\БОАЖГ-Д.Т-.docx
Хариуцагч Д.Т- ХХК-ны захирал Б.Т- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Дархан-Уул аймаг БОАЖГ-тай 2016.04.26-ны өдөр Ойжуулалтын ажил гүйцэтгэх, 2016.04.27-ны өдөр албан хаагчдын хувцас нийлүүлэх тухай гэрээ байгуулсан. 2016.05.11-ний өдөр ойжуулалтын ажлын гэрээний үнийн дүнгийн урьдчилгаа 70 хувь болох 14 595 000 төгрөг, албан хаагчдын хувцас нийлүүлэх гэрээний ажлын дүн болох 15 250 000 төгрөгийн санхүүжилт тус тус орж ирсэн. 2016.05.11-ний өдөр Ойжуулалт хийх ажлын урьдчилгаа орж ирсэн нь ойжуулалт хийх хугацааг хэтрүүлж орж ирсэн тул 2016 оны намар ойжуулалтын ажлыг эхлүүлэхээр БОАЖГ-тай тохиролцож, энэ талаар бичгээр хүсэлт гаргасан. Учир нь ойжуулалтын ажлыг эхлүүлэх буюу суулгац суулгах ажил нь хавар 5 дугаар сарын 05-ны өдрөөс өмнө, намар 9 сард суулгац суулгах боломжтой байдаг. Намар суулгацаа худалдан авч суулгах гээд суулгац хийх газраа заалгах гээд нэхэмжлэгч тал болох БОАЖГ-т хандахад сонгуулийн ажил гээд дарга нар нь олдохгүй болж, удалгүй тус байгууллагын удирдлага солигдсоноос болоод намар газраа заалгаж чадаагүйгээс суулгацыг тариалж чадаагүй. Мөн ОХУ-аас оруулж ирсэн суулгац байсан тул манай орны уур амьсгалд тохирохгүй гэж БОАЖГ-ын Ойн асуудал хариуцсан мэргэжилтэн У.М- нь мэдэгдсэн. Түүнчлэн суулгац сольж авчирахад хугацаа шаардлагатай байснаас суулгац хийх хугацаа хэтэрсэн. Энэ хугацаанд БОАЖГ-ын удирдлага солигдож өмнөх удирдлагадаа аудит оруулсан тул хувцасны гэрээний ажлын үлдэгдэл барааг нийлүүлэх гэсэн боловч хүлээж авахгүй, гэрээний мөнгөө буцааж авна, Аймгийн аудитын газрын аудит Б. гэх хүнтэй очиж уулз гэж мэдэгдсэн. Очиж уулзтал БОАЖГ-ын даргатай уулзаж учраа ол гэсэн. Төрийн байгууллагуудын уялдаа холбоогүй, хүнд сурталтайгаас болж бэлэн болсон үлдэгдэл хувцасыг хүлээн авахгүй, дээрээс нь суулгацаа худалдаж аваад бэлтгэчихсэн байхад гэрээнд заасан үүргээ БОАЖГ биелүүлэхгүй байгаа нь манай компанид маш их чирэгдэл, хохирол учруулж байна. Манай компаний зүгээс бэлэн болсон ажлын хувцасны үлдэгдлийг хүлээлгэн өгөх хүсэлтэй байна. Ажлын хувцасны үлдэгдэл үнэ болох 1 635 000 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрч байна. Ажил гүйцэтгэх гэрээний дагуу 14 595 000 төгрөгийн ажлыг буюу суулгац тарих ажлыг гэрээний дагуу гүйцэтгэх хүсэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.
Төрийг төлөөлөн шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор Д.Э- дүгнэлтэдээ:
БОАЖГ-ын нэхэмжлэлтэй шүүх хуралдаанд оролцож байна. Гүйцэтгэгч тал бараа бүтээгдэхүүнийн ажлын 20 хоногийн дотор нийлүүүлнэ гэсэн боловч хугацаа хэтэрч барааг хүлээлгэн өгөх гэхэд нь захиалагч татгалзсан гэж үзэж байна. Д.Т- ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээнд Вакум цонхны үйл ажиллагаа явуулна гэж бүртгэгдсэн байна. Гүйцэтгэгч тал нь гэрээний үүргээ биелүүлээгүй гэрээгээ зөрчсөн гэж үзэхээр байна.
Ойжуулалтын гэрээний хувьд сонгон шалгаруулалтаар Д.Т- ХХК нь сонгогдсон. Д.Т- ХХК-ийн зүгээс мод тарих тусгай мэргэжлийн хүмүүс ажилладаг гэж нотлох баримтыг гаргаж өгсөн байна. Захиалагч талаас Д.Т- ХХК-ийг мэргэжлийн байгууллага байна гэж үзэж сонгон шалгаруулсан гэж ойлгож байна. 2016.05.11-ний өдөр санхүүжилт нь орсон байна. Гүйцэтгэгч талыг бичиг хэргийн зардлыг гаргаж, хаана ямар мод тарих талаар мэдээллүүдийг хувилж аваач гэхэд энэ шаардлагыг биелүүлээгүй. Гүйцэтгэгч тал нь анхнаасаан энэ ажлыг хийж гүйцэтгэхгүй гэсэн санаа зорилготой байсан гэж үзэхээр байна. Харин захиалагч талаас өөрсдийн зардлаар бичиг хэргийн зардлыг гаргаж, холбогдох мэдээлэлтэй бичиг баримтыг хувилж өгсөн боловч модыг тариагүй байна. 2016.10.10-ны байдлаар ойжуулсан талбай, хийсэн ажлынхаа талаар мэдээ тайланг ирүүлэх ёстой боловч гүйцэтгэгч тал ажлаа хийгээгүй байна. Орон нутгийн хөрөнгөөр санхүүжигдсэн ажил нь жилийн эцсийн тайланд гарч байх ёстой байдаг. Аудитын газар нь ойжуулалтын ажиллагаа хийгдээгүй байна гэж дүгнэлт гаргаж акт тавьсан байна. Д.Т- ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй учраас урьдчилгаанд авсан төлбөрийг гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн БОАЖГ- нь хариуцагч Д.Т- ХХК-д холбогдуулан Худалдах худалдан авах гэрээний дагуу үлдэгдэл 1 635 000 төгрөг, Ойжуулалтын ажил гүйцэтгэх гэрээний дагуу шилжүүлсэн 14 595 000 төгрөг нийт 16 230 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Үндэсний аудитын газрын харъяа Дархан-Уул аймгийн Аудитын газрын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 01/27 дугаартай актаар ...Үр ашиггүй зарцуулсан 18 690 000 төгрөгийг Д.Т- ХХК-аар төлүүлж, 2016 оны 12 дугаар сарын 15-ны дотор Төрийн сан банкин дахь Да.Татварын бус орлогын 19 0000914 дансанд төвлөрүүлэх, актын биелэлтийг БОАЖГ-ын дарга П.Э-, ня-бо С.Х- нарт хариуцуулсан байна.
Хариуцагч Д.Т- ХХК-ны захирал Б.Т- хувцас захиалгын үлдэгдэл төлбөр 1 635 000 төгрөгийг зөвшөөрч Ойжуулалтын ажил гүйцэтгэх гэрээний дагуу шилжүүлсэн 14 595 000 төгрөгийг төлөхгүй, гэрээний дагуу ажил гүйцэтгэнэ гэж маргажээ.
Нэхэмжлэгч Б.О.А.Ж.Г- нь Д.Т- ХХК-тай 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Байгаль орчны чиглэлээр ажилладаг албан хаагчдын хувцас, унаа, техник тоноглолыг сайжруулах хэрэгслийг нийлүүлэх худалдах, худалдан авах гэрээ байгуулан, нийт 15 250 000 төгрөгийн эд зүйл худалдан авахаар тохирч талуудын хооронд гэрээ байгуулагдсан болох нь хэрэгт авагдсан худалдах, худалдан авах гэрээ, талуудын тайлбар бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 19-20 хуудас/
Гэрээний дагуу захиалагч тал буюу нэхэмжлэгч Б.О.А.Ж.Г- нь 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 15 250 000 төгрөг шилжүүлсэн байх бөгөөд талууд энэ талаар маргаагүй байна.
Хариуцагч нь гэрээнд зааснаар нийт 13 615 000 төгрөгийн хувцас, хэрэгслийг нийлүүлсэн байх бөгөөд үлдэгдэл 1 635 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Хариуцагч Д.Т- ХХК нь нэхэмжлэгч Байгаль орчин, аялал жуулчлалын газраас явуулсан сонгон шалгаруулалтад тэнцэж ойжуулалтын ажил хийж гүйцэтгэхээр 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Ойжуулалт, ойн аж ахуйн арга хэмжээний 2016 оны улсын даалгаврыг хэрэгжүүлэх арга хэмжээг зохион байгуулах, санхүүжүүлэх, гүйцэтгэлийг хүлээн авах 2 гэрээ байгуулж, Хонгор сумын Домогт, Гурванбулаг нэртэй газарт тус бүр 15 га талбайд ойжуулалт хийж намрын тооллогоор 75 хувиас дээш амьдралтай хүлээлгэн өгөх, ажлын гүйцэтгэлд 2 гэрээний дагуу тус бүр 10 425 000 төгрөгөөр санхүүжүүлэхээр гэрээ байгуулсан болох нь хэрэгт авагдсан Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн А/127 дугаартай Хөрөнгө гаргах тухай захирамж, төлбөрийн хүсэлт, нэхэмжлэх, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016.04.12-ны өдрийн 1-565 дугаартай Зөвлөмж хүргүүлэх тухай захирамж, 2016.03.24-ний өдрийн А/65 дугаартай Үнэлгээний хороо байгуулах тухай захирамж, Үнэлгээний хорооны мэдэгдэл, Хурлын тэмдэглэл, 2016.04.22-ны өдрийн Дархан-Уул аймгийн Худалдан авах ажиллагааны албаны 2016.04.12-ны өдрийн 64 дугаартай албан бичиг, 2016 онд улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр бэлтгэсэн, түймэрт өртсөн талбайд шилмүүст модны тарьцаар ойжуулалтын ажил хийх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн хурлын тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Гэрээний дагуу захиалагч буюу нэхэмжлэгч БОАЖГ- нь 2 гэрээнд зааснаар 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдөр нийт ажлын 70 хувь буюу 14 595 000 төгрөгийг хариуцагч Д.Т- ХХК-д шилжүүлсэн байх бөгөөд талууд энэ талаар маргаагүй байна.
Хариуцагч Д.Т- ХХК-ны захирал Б.Т- нь ОХУ-аас суулгац оруулж ирсэн боловч мод тарих хугацаа 5 сарын 15-наас хойш боломжгүй гэсэн мэргэжлийн хүний зөвлөлгөө сонссон тул хугацааг сунгахаар захиалагч талд албан бичиг хүргүүлж 2016 оны намар тарихаар тохирсон гэж тайлбарлаж байх боловч энэ талаар нотлох баримт шүүхэд ирүүлээгүй байна.
Хариуцагч нь гэрээний дагуу ОХУ-аас оруулж ирсэн нарсны суулгацыг тарьж төлбөрийг барагдуулна гэж маргаж байх боловч талуудын хооронд 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан Ойжуулалт, ойн аж ахуйн арга хэмжээний 2016 оны улсын даалгаврыг хэрэгжүүлэх арга хэмжээг зохион байгуулах, санхүүжүүлэх, гүйцэтгэлийг хүлээн авах гэрээний хугацаа дууссан байна.
Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохиролцсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар хариуцагч Д.Т- ХХК-аас 14 595 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч БОАЖГ-т олгох нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Т- ХХК-аас 14.595.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн БОАЖГ-т олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Б.О.А.Ж Г- 1.635.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Т- ХХК нь зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч Д.Т- ХХК-аас 239.100 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА