Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 155/ШШ2019/00970

 

 

 

 

 

 

 

2019 11 11 155/ШШ2019/00933

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

 Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Х сумын …. дугаар багт оршин суух Онход овогт Б.Б /РЭ…............./-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Х сумын Засаг даргад холбогдох,

Ажилгүй байсан хугацааны цалин 10.322.176/арван сая гурван зуун хорин хоёр мянга нэг зуун далан зургаа/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, нэхэмжлэгч Б.Б нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Д, хариуцагч Б.Энар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:...Ханх сумын засаг дарга намайг 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн Б/03 тоот захирамжаар ажлаас үндэслэлгүй халсан. Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс намайг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлснийг 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 11 тоот шийдвэрээр тогтоож, Ханх сумын засаг даргын тамгын газрын даргын ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 4.035.493 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдсэн. Энэ шийдвэрийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.12.27-ны өдрийн 04 тоот магадлалаар хэвээр үлдээсэн боловч хариуцагч нь шүүхийн энэхүү шийдвэрийг биелүүлэхгүй намайг ажилд маань эгүүлэн томилохгүй чирэгдүүлсээр 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Б/03 тоот Ханх сумын Засаг даргын захирамжаар эгүүлэн ажилд минь томилсон болно.

Төрийн жинхэнэ албан хаагч буюу намайг хууль бусаар төрийн албанаас чөлөөлсөн асуудалд Хөвсгөл аймгийн Ханх сумын Засаг даргыг буруутай гэдгийг Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 11 тоот шийдвэрээр тогтоосон юм.

Ингээд би анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс буюу 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс ажилд эгүүлэн томилогдсон өдөр болох 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацааны цалинг Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д Төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар төрийн албанаас чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг Төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ гэж заасны дагуу ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн шийдвэр гаргасан буруутай албан тушаалтан болох Ханх сумын засаг даргаас нэхэмжилж байна. Хэдийгээр засаг дарга нь ажлын албатай түүнээс нэхэмжлэх шаардлагатай боловч ажлын албаны буюу Ханх сумын засаг даргын тамгын газрын дарга нь би өөрөө учир нэхэмжлэгч, хариуцагч нь нэг буюу өөрийгөө хариуцагчаар татах боломжгүй тул Төрийн албаны тухай хуулийн дээрх заалтын дагуу хариуцагчаар Ханх сумын Засаг даргыг татаж байгаа бөгөөд Засаг даргын зөвшөөрөлгүйгээр би өөрөө төсвөөс ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах боломжгүй болно.

Намайг ажилгүй байсан хугацаанд цалинд өөрчлөлт орсон байгаа бөгөөд нэхэмжилж буй нөхөн олговрыг задруулан тооцвол 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал 13х5441 нийт 703838 төгрөг, 2018 оны 11, 12 дугаар сарын цалин нийт 2.490.506 төгрөг/ нэг сард 1.254.253х2 нийт 2.490.506 төгрөг, 2019 оны 1, 2, 3, 4, 5 дугаар саруудын цалин нийт 6.724.370 төгрөг, сарын цалин 1.344.874х5 нийт 6.724.370 төгрөг, 2019 оны 6 дугаар сарын 11-нд тушаал гарсан тул ажлын 6 хоногийн цалин 403.462 төгрөг бөгөөд нийт 10.322.176 төгрөг болж байгаа юм.Иймээс ажилгүй байсан хугацааны нөхөн олговор болох нийт 10.322.176 төгрөгийг...Ханх сумын Засаг даргаас гаргуулж өгнө үү...гэжээ.

Хариуцагч Ханх сумын засаг дарга Б.Эшүүхэд гаргасан тайлбартаа:...Ханх сумын ЗДТГ-ын дарга ажилтай Б.Б нь ажилгүй байсан хугацааныхаа цалинг шүүхээр нэхэмжилжээ. 2018 онд Б.Бг санхүүгийн ноцтой зөрчил гаргасан гэж үзэн үүрэгт ажлаас нь чөлөөлснийг Захиргааны хэргийн шүүх нь ажлаас халах процесстой алдаа гаргасан гэж үзэн ажилд эгүүлэн томилох шийдвэр гаргасан юм. Захиргааны хэргийн шүүхээс Б.Бг санхүүгийн ноцтой зөрчил гаргасан эсэх талаар шийдвэр гаргаагүй.

Харин ажлаас нь халахдаа Сонсох ажиллагааг дутуу хийсэн, ёс зүйн хороогоор хэлэлцүүлээгүй гэдэг шалтгаанаар тухайн засаг даргын захирамжийг хүчингүй болсон байдаг. Иймд Засаг даргын хувьд санхүүгийн зөрчлийг нотлох баримтууд хангалттай байгаа тул Б.Бг ноцтой зөрчил гаргасан гэж үзсэн хэвээр байгаа болно. Тиймээс уг зөрчлийг шалгуулахаар холбогдох хууль хяналтын байгууллагад хандсан. Иймд Б.Бгийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж байна гэжээ.

Нэхэмжлэгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байна. Миний бие ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг Захиргааны хэргийн шүүхэд гаргасан ба 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр шүүхийн шийдвэр гарч ажил маань эгүүлэн тогтоосон байдаг. Хариуцагч тал дээрх шийдвэрийг зөвшөөрөхгүй давж заалдах гомдол гаргаж явсаар 2019 оны 6 дугаар сар хүргэж 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр ажилд маань эгүүлэн томилсон. Өмнөх шийдвэрээр ажилгүй байсан хугацааны цалин 4 сая гаран төгрөг гаргасан ба шийдвэр гарснаас хойш ажилд маань томилохгүй намайг чирэгдүүлж хохироосон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдөр буюу 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс намайг ажилд маань эгүүлэн томилсон өдөр буюу 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин 10.322.176 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан....Нэхэмжлэлийн шаардлагаа 8.650.000 төгрөг болгож багасгаж байна гэв.

Хариуцагч Ханх сумын засаг дарга Б.Эшүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:..Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. Учир нь Б.Б нь санхүүгийн зөрчил гаргасан тул түүнийг ажлаас чөлөөлсөн байдаг. Энэ асуудлыг нь шалгуулахаар холбогдох байгууллагад гомдол өгсөн байгаа гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Ханх сумын засаг даргад холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 10.322.176/ арван сая гурван зуун хорин хоёр мянга нэг зуун далан зургаа/ төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ба шүүх хуралдаанд 8.650.000/ найман сая зургаан зуун тавин мянга/ төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгажээ.

Шүүхээс хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон зохигчийн тайлбарыг шинжлэн судлахад: Ханх сумын Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн Б/03 дугаар захирамжаар төсвийн тухай хуулийг удаа дараа зөрчсөн гэх үндэслэлээр Б.Бг ажлаас халсан нь буруу байна гэж дүгнэж, түүнийг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 16-ний өдрийн 11 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 04 дугаартай магадлал гарсан байх ба энэ нь хуулийн хүчин төгөлдөр болжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.1.2-д Ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч нь ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй гэж тус тус хуульчилсан.

Шүүхийн шийдвэрт Б.Бг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон байхад Ханх сумын Засаг дарга 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн томилсон болох нь Ханх сумын Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Ажилд эгүүлэн томилох тухай Б/03 дугаар захирамж болон зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.

Хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбарыг гаргаж байх боловч  энэ талаарх нотлох баримтыг зохигч шүүхэд ирүүлээгүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор-ыг олгоно, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын  2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаартай тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7.а.д "... ажлаас буруу  халсан буюу шилжүүлсэн үеийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно" гэж заасан байх ба нийгмийн даатгалын байцаагчийн лавлагаагаар Б.Б нь 2018 оны 04 дүгээр сард 988.295 төгрөг, 05 дугаар сард 1.153.012 төгрөг, 06 дугаар сард 1.153.012 төгрөгийн цалин авч байсан байх тул сүүлийн 3 сарын цалин нь 3.294.319 төгрөг : нэг сард 1.098.106 төгрөг, үүнийг ажлын 21.5 хоногт хуваахад нэг өдрийн цалин 51.074 төгрөг, ажилгүй байсан хугацаа ажлын нийт 162 хоногийн цалин 8.273.988 төгрөг болж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 8.273.988 /найман сая хоёр зуун далан гурван мянга есөн зуун наян найм/ төгрөгийг хангаж, үлдэх 376.012/ гурван зуун далан зургаан мянга арван хоёр/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Хөвсгөл аймгийн Ханх сумын засаг даргаас 8.273.988 /найман сая хоёр зуун далан гурван мянга есөн зуун наян найм/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 376.012/ гурван зуун далан зургаан мянга арван хоёр/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 180.105 / нэг зуун наян мянга зуун тав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөвсгөл аймгийн Ханх сумын засаг даргаас улсын тэмдэгтийн хураамжид 147.334/ нэг зуун дөчин долоон мянга гурван зуун гучин дөрөв/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-д зааснаар Б.Бааснсүрэнд олгох дээрх олговроос хүн амын орлогын албан татвар, нийгмийн даатгалын хураамжийг тооцон авч, түүний Нийгмийн даатгалын болон Эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийхийг Хөвсгөл аймгийн Ханх сумын засаг даргад үүрэг болгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ            Г.ДАВААХҮҮ