Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 85

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Алдар даргалж, шүүгч Ү.Түмэнжаргал, Б.Дуламсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Улсын яллагч: С.Мөнхгэрэл,

Нарийнбичгийн дарга: Б.Батбаяр,

Иргэдийн төлөөлөгч: Д.Батхүү,

Хохирогч: Д.Даваасүрэн,

Шүүгдэгч Д.Ганболд, түүний өмгөөлөгч Ш.Пүрэвсүрэн нарыг оролцуулан,

           

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.10 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Гончигдамбын Ганболдод холбогдох эрүүгийн 201625022794 дугаартай хэргийг 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1972 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн газар, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаагийн 76-986 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн гэх, хэрэг хариуцах чадвартай урьд:

-Нийслэлийн шүүхийн 1998 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 78 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 86 дугаар зүйлийн 86.1-д зааснаар 15 жилийн хорих ял шийтгүүлж, 2009 оны 06 дугаар сарын 18-ны өдөр эдлээгүй үлдсэн 2 жил 8 сар 9 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

-Хан-Уул дүүргийн шүүхийн 2010 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 64 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-д заасныг журамлан уг ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын зарим болох 1 жилийг нэмж нийт 7 жилийн хорих ялаар шийтгүүлж 2014 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 13 дугаартай Сум дундын шүүхийн 21 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 8 сар 3 хоногийн хорих ялаас тэнсэн суллагдсан, регистрийн дугаар ШВ72030617, Боржигон овгийн Гончигдамбын Ганболд.

 

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Яллагдагч Д.Ганболд нь согтуугаар ялтай байхдаа давтан үйлдлээр 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 20-21 цагийн үед Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Санзайн эцсийн автобусны буудлын орчим автозам дээр Д.Даваасүрэнгийн унаж явсан 27-36 УНР улсын дугаартай автомашинаар үйлчлүүлж арын суудал дээр сууж явахдаа бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмын ноцтой зөрчин танхайрч хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн ямар ч шалтгаангүйгээр Д.Даваасүрэнгийн толгойн тус газарт хутгалж санаатай алахыг завдсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Ганболд мэдүүлэхдээ: “…миний бие өөрийгөө илэрхийлэх болон хууль эрх зүйн мэдлэг чадвар муу тул сэтгэл хөдлөх ба сандарч цочирдсон үедээ түгдэрч гацах болон ойлгомжгүй ярьж өөрийн эрх зүйн байдлыг дордуулж болзошгүй учраас шүүхийг үл хүндэтгэсэн байдал гаргаж магадгүй гэж үзэн өөрийн үйлдсэн хэргийн бодит байдал, хэргийн зүйлчлэл, сэдэл зэргийг тухайд дараах зүйлсийг бичгээр мэдүүлж буйг минь анхааран хүлээж авна уу. Юуны өмнө миний бие уг хэргийг үйлдлийг сэтгэл санаа үймэрсэн, биеэ бүрэн хянах, ямар нэг зүйл төлөвлөх чадваргүй байхдаа бусдад мэс хэрэглэн хөнгөн гэмтэл учруулсандаа бүрэн гэмшиж хүлээж танхайн сэдэлтээр айлган сүрдүүлсэн гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэнг хүлээн зөвшөөрч зохих ял шийтгэлийг хүлээхэд бэлэн байна. Хавтаст хэрэг болон яллах дүгнэлтэд байгаа хохирогчийн мэдүүлгээс үүдэн хэргийн зүйлчлэл хүндэрч шууд алах, тэгэхдээ бүр ямарч шалтгаангүйгээр бусдын амь насанд халдах үйлдлийг өөрийн зан төлөв, өс хонзон өвөрлөх, бусдыг хүнийх нь хувьд үгүйсгэх сэтгэхүйн хувьд гаж хувирал өөрт байхгүйд итгэж нийгэм, гэр бүл дотроо эвсэг дулаан уур амьсгал, суурь хүмүүжил дунд төлөвшсөн хүний хувьд гаргахгүй гэдэгтээ итгэлтэй байгаа учраас хүлээн зөвшөөрөхгүйг минь ойлгон үзнэ үү. Тухайн үед хохирогч нь намайг согтууруулах ундаа хэрэглэсэн учраас бас хэл яриа ойлгомж муутай байснаас үүдэн 7 буудал руу эргэж авч явахаас шууд дургүйцэж машинаас буухыг шаардсанд нь эгдүүцэн авч явсан мэсээр айлгаж гэмтээсэнд айж цочирдсон нь зүйн хэрэг ба тухайн үед надад үзүүлсэн хариу үйлдэл болон машинаас буухыг шаардсан маргаан зэргийг өөрт нь буруутгагдах шалтгаан болж магад гэж бодсоноос энэ талаар мэдүүлэгтээ дурдалгүй өнгөрч энэ нь хэргийн сэдэлтийг ямар ч шалтгаангүйгээр алах гэсэн дүгнэлтэнд хүргэсэн гэж үзэж байна. Үүнийг шаардах эрхгүй боловч хохирогч өөрийн биеэр шүүх бүрэлдэхүүнд бодит мэдүүлэг өгнө гэдэгт найдаж байна. Тэр өдөр ажлын хөлс болох 100.000 төгрөг картанд орсон тул гэртээ хүнсний зүйл цуглуулж өгсөн. Ойр зуурын асуудлаа шийдсэн, бусдад өр зээлгүй тул шунахайн сэдэлтгүй байсан бөгөөд хохирогч надаас тээврийн хөлсөө аваад хариулт өгсөн учир буцах зардлыг байгааг мэдэж байсан. Мөн ажил дээрээ хий авахаар очихдоо жоохон адууны чанасан мах, хиам талх, сонгино зэргийг зүсэхээр хутгыг хамт халаасандаахийж гарсан бөгөөд дээрх зүйлсээ идэж амжаагүй машинаас гарч зугтах үед хаягдсан билээ. Санзай явах замдаа бага зэрэг согтсоноос өөр хохирогч болон зорчигчтой хэрүүл маргаан хийж айлгаж ичээх байдал гаргаагүй. Анх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэлээр ял сонсгоод сэтгэцийн эмнэлэгт үзүүлэхэд ёс төдий цөөн асуултаар зөвхөн хэрэг хариуцах чадвартай эсэхийг лавласан. Мөн би өөрөө ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэж хэлсэн билээ. Одоо нэгэнт намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлд заасан хүнд зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж шүүхээр орж байгаа тул намайг ямар ч шалтгаангүйгээр хэдийд ч бусдын амь насыг бусниулах хэрцгий шийдсэн алуурчин болох эсвэл сэтгэл санаа үймэрсэн бухимдсан үедээ үр дагаварыг нь тооцохгүйгээр үйлдэл гаргаж болох сэтгэл санааны доголдолд орсон эсэхийг тодорхойлсон сэтгэцийн эмчийн хариуцлагатай дүгнэлт гаргуулах ёстой гэж үзэж байна. Энэ талаар өөрийн байр сууриа илэрхийлж энэ хэрэгт хяналт тавьж байгаа прокурортой биечлэн уулзаж амжилгүй шүүхийн шатанд ирж байна. Прокуророос ч надтай уулзах, санал, хүсэлт авах шаардлагагүй гэж үзсэн бололтой. Бичгээр хүсэлт явуулах хариу авах цаг гарсангүй. Миний үйлдэлд тохирсон ял шийтгэлээс зайлсхийх огтхон ч бодолгүй бөгөөд зөвхөн хэргийн зүйлчлэл хүндэрсэн болон сэдэлт зэрэгт нөлөөлж байгаа тул дээрх зүйлсийг шүүх анхааран үзэж шударга шийдвэр гаргана гэдэгт итгэлтэй байна гэсэн мэдүүлгийг уншиж танилцуулав…”

 

Шүүх хуралдаанд хохирогч Д.Даваасүрэн мэдүүлэхдээ: “…Надад шүүгдэгчээс нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүгдэгчийг би хүн гэдэг утгаар хүндлээд нэг ч маргалдаагүй боловч намайг маргалдсан гэж байна. Би Санзай руу явах замдаа шүүгдэгчээс “хаана буух вэ?” гэж асууж явсан. Тэгсэн Санзайн эцэс дээр очоод дээшээ 500 метр яваад өгчих гэсэн. Тухайн үед шүүгдэгч их согтуу биш халамцуу байсан. Хэрвээ би шүүгдэгчийг авч явахгүй байсан бол согтуу байна гэж хэлээд авч явахгүй байсан. Би хүн чанар гаргаад “хүйтэн байна, чи халамцуу байгаа учраас гэр рүү чинь дөхүүлээд өгөх үү, танайх хаана вэ” гэсэн. Ингэсэн бол алуулах байсан байна. Намайг эргээд зогсоход шанаа тус газар цохичих шиг болсон. Тэрнээс намайг хутгалчихлаа гэж бодоогүй. Гэтэл намайг хутгалсан байсан. Шүүгдэгч болсон үйл явдлыг үнэн зөвөөр мэдүүлэг хэрэгтэй. Би хутгалуулсан ч гэсэн хүн чанар гаргасан гэв…”

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Даваасүрэн /хх-ийн 31-36/, гэрч М.Бат-Отгон /хх-ийн 38-40/, сэжигтэн Г.Ганболд /хх-ийн 78-80/ нарын өгсөн мэдүүлгүүд, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4-10/, шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн ¹15987 дугаартай дүгнэлт, Г.Ганболдын ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 89/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд шинжлэн судалсан болно.

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Прокуророос шүүгдэгч Г.Ганболдыг согтуугаар ялтай байхдаа давтан үйлдлээр, бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмын ноцтой зөрчин танхайрч хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн ямар ч шалтгаангүйгээр Д.Даваасүрэнгийн толгойн тус газарт хутгалж санаатай алахыг завдсан гэх гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хүнийг санаатай алахыг завдсан санаа зорилго тогтоогдохгүй байна.

Хүнийг санаатай алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл /эс үйлдэхүй/ хийсний улмаас хүн нас барсан бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байх шинжийг заавал агуулсан байх ёстой. Шүүгдэгч Г.Ганболдын хувьд ямар ч шалтгаангүйгээр хохирогч Д.Даваасүрэнгийн эсрэг чиглэсэн, хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн боловч уг үйлдлийг хүнийг санаатай алах санаа зорилготой байсан гэж шууд дүгнэх боломжгүй юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэгт “...Гэмт хэрэг үйлдэхэд чиглэсэн үйлдэл буюу эс үйлдэхүйг бүрэн хийсэн гэж тухайн этгээд ойлгосон боловч түүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг туйлдаа хүрээгүй бол төгссөн завдалт гэнэ...” гэж тодорхойлсон бөгөөд завдсан байдал, шүүгдэгчийн санаа зорилготой нийцэхгүй байна.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Г.Ганболд нь хохирогч Д.Даваасүрэнгийн биед “...зүүн чихний урд хэсгийн няцарсан шарх...” бүхий гэмтлийг учруулсан боловч хохирогчийн зүгээс үзүүлсэн эсэргүүцлийн улмаас машинаас гарч зугтсан үйл баримт хэрэгт авагдсанаас үзвэл гэмт үйлдэл таслан зогсоогдсон байна. Энэ нь шүүгдэгчийн хувьд бусдыг санаатай алахад чиглэсэн үйлдлээ бүрэн төгс хийсэн гэж дүгнэхэд учир дутагдалтай бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэгт заасан агуулагатай тохирохгүй байна. 

Нөгөөтэйгүүр шүүгдэгч Г.Ганболдыг хүнийг алах санаа зорилготой байсаныг хохирогчийн мэдүүлгээс өөр баримтаар нотолж чадаагүй гэж үзнэ. Хохирогч шүүх хуралдаанд оролцон мэдүүлэхдээ “...хэрэв хоолойд таарсан бол намайг алах байсан. Бид хооронд ямар нэг маргасан зүйл болоогүй. Гэнэт л зүүн чамархайд араас цохих шиг болсон...”, шүүгдэгч Г.Ганболдын шүүх хуралдаан мэдүүлсэн “...бурхан болсон аав маань хэрэг гарахаас хэд хоногийн өмнө зүүдэнд ирэх болсон. Тухайн үед сэтгэл санаа тавгүй байсан. Хохирогчийг алъя гэсэн ямар санаа байгаагүй. 7 буудал руу буцааж хүргэж өгөөч гэхэд үгүй гэснээс болж бага зэрэг маргасан. Үүнээс болж ийм асуудал үүсгэсэн. Харамсаж байна...” гэснээс үзэхэд хохирогч, шүүгдэгч нарын хооронд тодорхой шалтаг, шалтгаан бүхий маргаан үүссэн гэх үндэслэлгүй бөгөөд дээрх байдал нь хүнийг санаатай алах зорилготой байсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Харин танхайрах үйлдэл нь урьдчилан төлөвлөөгүй, гэнэт үүссэн шинжтэй, эмх замбараагүй, ямар ч шалтгаангүй, эсхүл ялимгүй зүйлээр шалтаглан ...хүч хэрэглэх буюу хэрэглэхээр заналхийлэх зэрэг үйлдлээр илэрдэг бөгөөд шүүгдэгч Г.Ганболд үйлдэл нь уг ойлголтод бүрэн хамаарна гэж үзнэ.

 

Шүүгдэгч Г.Ганболдын ямарч шалтгаангүйгээр зэвсгийн чанартай зүйл хэрэглэн танхайрсан үйлдэл, хохирогчид учирсан гэмтэл хоорондоо шалтгаант холбоотой бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна. 

Энэ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасан “...эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл...” болж буйг дурьдах нь зүйтэй.

 

Иймд шүүгдэгч Г.Ганболдыг согтуугаар ялтай байхдаа, давтан үйлдлээр 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 20-21 цагийн үед Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Санзайн эцсийн автобусны буудлын орчим автозам дээр Д.Даваасүрэнгийн унаж явсан 27-36 УНР улсын дугаартай автомашинаар үйлчлүүлж арын суудал дээр сууж явахдаа бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмын ноцтой зөрчин хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн ямар ч шалтгаангүйгээр Д.Даваасүрэнгийн толгойн тус газарт хутгалж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд энэ нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.Үүнд:

 

Хохирогч Д.Даваасүрэн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “…Би ер нь бол 7 буудлаас хойшоо Хандгайт, Санзайн чиглэлд таксинд явдаг юм. 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 20 цагийн үед өөрийн 27-36 УНР улсын дугаартай приус-20 маркийн машинаараа 7 буудлаас жолоочийн хажуугийн суудал дээр нэг хүүхэдтэй хүүхэн, хойд суудал дээр 4 хүн суулгаад, хойшоо Санзай хүртэл 2000 төгрөг авахаар тохирч явсан юм. Эхний хүн буюу хойд талын сандал дээр сууж явсан эмэгтэй хүн Зуун модны буудал дээр, дараагийн эмэгтэй хүн нь Хандгайтын Янзага зуслангийн наад талд, урд талын суудал дээр сууж явсан хүүхэдтэй эмэгтэй нь Янзага зуслангийн хажууд, гэрийнхээ хажууд буусан. Хойд суудал дээр сууж явсан хүүхэн Санзайн зуслангийн тойрог дээр буугаад, хойд талын суудал дээр нэг л эрэгтэй хүн үлдсэн юм. Урд талын суудал дээр сууж явсан хүүхэдтэй эмэгтэйг би байнга явдаг болохоор нь таньдаг бөгөөд тэр эмэгтэйд хандаж хойшоо Санзай руу цуг явчихъя, би буцахдаа чамайг буулгаад өгье гэхэд тэр эмэгтэй яагаад байгаа юм бэ? гэхээр нь би яагаад ч юм нэг сонин санагдаад, би айгаад байна гэж хэлэхэд тэр эмэгтэй би тосуулахаар гэрээсээ хүүхэд гаргачихсан шүү дээ гэж хэлж байсан юм. Хамгийн сүүлд буусан тэр хүн анх 7 буудал дээр миний машинд суухдаа Хандгайтад бууна хэдэн төгрөгөөр явдаг юм бэ гэхэд нь 2000 төгрөгөөр явдаг гэж хэлэхэд машинд суусан юм. Тэгээд би Хандгайтын Янзага зуслангийн тэнд явж байхдаа машинд сууж явсан 3 дахь хүн буусны дараа би тэр хүнээс Хандгайтад ирчихлээ гэж хэлэхэд тэр хүн Санзай орчихъё гэж хэлсэн. Тэгэж хэлэхээр нь Санзайн тойрог дээр буусан хүүхэн сонссон байх учиртай. Тэгээд тэр хүнтэй Санзайн эцэс дээр очоод Санзайн хуучин эцэс энэ шүү дээ хө гэж хэлэхэд тэр хүн за гэж хэлээд дээшээ 500 метр яваад өгчих гэхээр нь би тэнд нь явж очоод зогссон. Эхлээд хуучин эцэс дээр очиход замын тойрог зогсоол дээр нэг саарал өнгөтэй жип машин зогсож байсан юм. Тэгээд л тэр хүн тэр машиныг хараад дээшээ 500 метр яваад өгчих гэж хэлсэн байх. Тэгээд дээшээ 500 метр орчим яваад тэр хүн за ингээд эргэчих гэхээр нь би эргээд яг л машинаа зогсоотол миний зүүн талын чамархай хэсэгт юмаар цохичих шиг л болсон. Тэгээд би яаж байнаа гээд эргэж хараад нөгөө эрэгтэйн гарнаас бариад автал гарт нь хутга байсан. Тэгээд би хутгыг нь булааж аваад сандал руу хаясан. Тэгээд л нөгөө хүн машинаас буугаад зам хөндлөн гараад жижигхэн хайсан хашаан дээгүүр даваад гүйгээд явсан. ...намайг цохих шиг болохоор нь би яаж байнаа гээд эргээд хартал яадгийн гэж л хэлсэн. Өөр хэрүүл маргаан болоогүй. …маргалдсан ямар нэгэн асуудал байгаагүй. ...Надад гомдол санал байхгүй, нэхэмжилж байгаа зүйл байхгүй. ...тэр хүн намайг хоолой руу хутгалж алчихаагүй, надад аз дайрсанд би баярлаж байна. Хэрэв тэр хүний хутгатай гар нь миний хүзүү, хоолойнд таарсан бол би үхэх байсан гэж бодож байна. Яагаад, ямар зорилгоор надад тэгж хандаж, тийм үйлдэл хийсэн гэдгийг нь гайхаж байна..." гэх мэдүүлэг" /хх-ийн 31-36/,

 

Гэрч М. Бат-Отгон мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр орой 19цагийн үед 7 буудал дээрээс гэрлүүгээ явахаар таксины зогсоол дээр ирээд ,Даваасүрэн ахын цэнхэр өнгийн Приус-20 маркийн машины хамгийн урд талын суудал дээр хүүхдээ тэврээд суусан бөгөөд хойно 4 хүн суулгаад хойшоо Хандгайт , Санзайн чиглэлд явсан. Намайг машинаас буухад жолоочоос гадна эрэгтэй эмэгтэй хоёр хүн үлдсэн тэгээд би буусан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-40х/,

 

Сэжигтэн Г.Ганболд мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “…Би 2016.11.22-ны өдөр 19 цагт 7 буудлаас Санзай орох жижиг тэргэнд суухад жолоочтой, хүүхэдтэй хүмүүстэй нийлээд суухад 7 хүн явж байсан. Хүмүүс замдаа буугаад, би хамгийн сүүлд Санзайн эцсийн буудал дээр жолоочтой хамт хүрсэн. Тэгээд би жолоочид буцаад 7 буудал оръё гэтэл Санзайд ирсэн байна буу буу гэсэн. Тэгэхээр нь би цэнхэр өнгөтэй гадуур өмднийхөө баруун талын халааснаас сантехникийн ажил хийхэд хэрэглэж байсан хутгыг гаргаж ирээд шууд чамархай орчимд нь хутганы ирээр нь дүрж дарсан тэгээд жолооч хутга авах гэж хоорондоо булаацалдаад, би машинаас буугаад хашаа дагаад гутааж байгаад машинтай цагдаа нарт баригдсан…” гэх мэдүүлэг /хх-ийн 78-89/,

 

Шүүгдэгч Г.Ганболдын буруутай үйлдлийн улмаас Д.Даваасүрэнгийн биед “…Зүүн чихний урд хэсгийн няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл хурц үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид энгийн хөдөлмөрийн чавдарын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016.11.23-ны өдрийн ¹15987 дугаартай дүгнэлт, шүүгдэгчээс шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрч, хохирогч нарын мэдүүлэг болон хэргийн газар болон машинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-10/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.Ганболд нь Хан-Уул дүүргийн шүүхийн 2010 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 64 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 7 жилийн хорих  ял шийтгүүлж, Сум дундын шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 13 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн ялаас 1 жил 08 сар 03 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан бөгөөд 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3-д зааснаар “…хорих газраас тэнсэн суллагдсан хүний хянан харгалзах хугацаанаас үлдсэн хугацаа…” нь өршөөн хэлтрүүлэгдсэн гэж үзэхээр байна.

Энэ хуулийн 10 дугаар зүйлийн 10.5-д зааснаар “…Энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан өршөөлийг үзүүлэхэд шүүхээс ямар нэг шийдвэр гаргах шаардлагагүй бөгөөд цагдаагийн байгууллага энэ хуулийн заалтыг баримтлан ялтны хувийн хэрэг, ял шийтгэлийн тухай тэмдэглэл /бүртгэл/-д өршөөл үзүүлсэн тухай зохих тэмдэглэгээг хийнэ…” гэснийг тэмдэглэвэл зохино.

 

Мөн шүүгдэгч Г.Ганболд урьд нь 1986 оны Эрүүгийн хуулийн 86 дугаар зүйлийн 1-д зааснаар 15 жилийн хорих ялаар, 2010 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 6 жил хорих ялаар буюу онц хүнд болон хүнд гэмт хэрэгт ял шийтгэгдэж ялгүй болоогүй байхдаа  дахин хүнд гэмт хэрэгт ял  шийтгэгдэж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт заасан “…урьд нь хүнд буюу онц хүнд гэмт хэрэг санаатай үйлдэж хорих ялаар шийтгүүлж, уг ялаа эдэлж байхдаа буюу эдэлсний дараа дахин онц хүнд гэмт хэрэг санаатай үйлдэж хорих ялаар шийтгүүлсэн этгээд…”-ыг онц аюултай гэмт хэрэгтнээр тооцох үндэслэл болно.

 

Шүүгдэгч Г.Ганболдын урьд цагдан хоригдсон 111 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутга, суудлын бүрээс 2 ширхэг, 1 ширхэг хуванцар савыг устгахаар тогтов. 

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  246 дугаар зүйлийн 246.2, 283, 286, 293, 294, 298 дугаар зүйлүүдэд  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Прокуророос Г.Ганболдод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.10 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэг болгон өөрчлөн зүйлчилсүгэй.

 

2. Шүүгдэгч Боржигон овгийн Гончигдамбын Ганболдыг бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрсан гэмт хэргийг зэвсгийн чанартай зүйл хэрэглэн үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ганболдыг 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ганболдыг онц аюултай гэмт хэрэгтэнд тооцсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  52 дугаар зүйлийн 52.7 дахь хэсэгт зааснаар Г.Ганболдод оногдуулсан 8 жилийн хорих ялыг онцгой дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар ялтан Г.Ганболдын урьд цагдан хоригдсон 111 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3 дахь хэсэгт зааснаар 25 см урттай, хар өнгийн иштэй хутга 1 ширхэг, цагаан өнгийн суудлын бүрээс 2 ширхэг, 1 ширхэг хуванцар савыг тус тус устгасугай.

 

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох шүүгдэгч Г.Ганболдод урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Энэ тогтоолыг гомдол гаргах эрх бүхий этгээдүүд эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авснаас хойш Эрүүгийн хэргийндавжзаалдахшатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан буюу улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж,              шүүгдэгч Г.Ганболдод урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ,

                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          М.АЛДАР

 

       ШҮҮГЧИД                                              Ү.ТҮМЭНЖАРГАЛ

                                                                                   

                                                                                     Б.ДУЛАМСҮРЭН