Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 114/ШШ2022/0007

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                          

 Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Нарантуяа даргалж, нарийн бичгийн дарга Н.Нинжбадгарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 Нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн 10 хороолол Альфа хотхонд байрлах “Альфа констракшн” ХХК гүйцэтгэх захирал *******

Хариуцагч *******,*******,*******т холбогдох 

Нэхэмжлэлийн шаардлага: “Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн 10 дугаар хорооллын нутаг дэвсгэрт байрлах 4187м2 бүхий 288 айлын орон сууцны зориулалттай газар эзэмших эрхийг улсын бүртгэлд бүртгүүлж, газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээг бичиж өгөхгүй байгаа эрх бүхий албан тушаалтны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Альфа констракшн ХХК-ний газар эзэмших эрхийг улсын бүртгэлд бүртгүүлж,  гэрчилгээ, гэрээг бичиж олгохыг *******,*******,*******т даалгах” шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд:

    Нэхэмжлэгч                                                                            *******                               

    Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч                        Б.Золбаясах нар оролцов.

                  ТОДОРХОЙЛОХ нь;

           Нэхэмжлэгч "Альфа Констракшн" ХХК-ний гүйцэтгэх захирал *******оос шүүх хуралдаан дээр гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь 2015 онд тусгай сонгон шалгаруулалтад орж газар эзэмших эрхтэй болсноор 2017 онд газар эзэмших гэрээгээ сунгасан. 2011 онд Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй 100,000 айлыг  орон сууцжуулах төсөл хөтөлбөрт хамрагдан, Дархан-Уул аймагт 576 айлын орон сууц барихаар төлөвлөөд төсөл хөтөлбөрөө үргэлжлүүлээд явж байгаа ба барилгын гол зүрх судас болох барилгынхаа дэд бүтцийг хотхоны хэмжээнд төлөвлөөд 800 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа явуулж байгаа, 2013-2014 онд 288 айлын орон сууцыг ашиглалтад оруулж хүлээлгэн өгснөөр дараагийн төслийн барилгын ажил хэрэгжих 2 дахь шатандаа явж байна.2013-2014 онд баригдсан 2 барилгын голд  дулааны шугам сүлжээ, хоолой нь бидний Э дугаартай гэрчилгээ авах гэж буй газрын гол хэсгээр явж байгаа. Э дугаартай гэрчилгээгээ гаргуулж авах гол нөхцөл маань дараагийн ажил хийхэд, зураг төсөл, барилгын байршлаа газрын яг хаана байрлуулах асуудал болж байгаа учраас Э дугаартай гэрчилгээг олгож өгнө үү, шинэчилсэн бүртгэлд хамруулж өгнө үү гэсэн хүсэлтийг удаа дараа гаргаад явж байна.

           2019 оны 08 дугаар сарын 22 -ны өдрийн 138/19 дугаар албан тоотоор манай компани барилгын төслийн ажлаа үргэлжлүүлэн эхлүүлэх гэж байгаа тул гэрээ, гэрчилгээг шинэлэх тухай хүсэлтээ 13 дугаар багийг хариуцсан мэргэжилтэн ******* өгөхөд шинэчилсэн хуулийн дагуу газрын гэрээ, гэрчилгээг дахин солих шаардлагатай, материалаа бүрдүүлээд өгөөрэй гэсэн. Тухайн өдөр би өөрөө материалаа өгөөд, тооцоо нийлсэн бөгөөд бидний хүсэлтийг хүлээн авсан гэж ойлгоод хүлээлтийн байдалтай байсан. 2019 онд Сонсох ажиллагаа хийх тухай бичиг, аудитын дүгнэлтийг  албан ёсоор компанид хаяглаж  ирүүлээгүй. Манай цэцэрлэгийн үйлчлэгчид өгснийг бид мэдээгүй. Энэ үйлдлээ газрын алба бидэнд  хүргэж өгсөн ойлголттой болсон байна 2020 онд бид газрын төлбөр тооцоогоо хийгээд дуусгачихсан. 2020-2021 оны төлбөрийг төлөх боломжгүй байгаа, шинэчилсэн гэрээгээр хэдэн төгрөгийн төлбөрийг төлөх нь мэдэгдэхгүй байсан, иймээс таамгаар мөнгө хийх боломжгүй учраас түр хугацаанд гэрчилгээ хүлээлтийн байдалд байгаа болохоор санхүүгийн төлбөр тооцоогоо хүлээлтийн байдалд байна.

            2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 156 хуудас материалыг хавсарган газрын албанд хүлээлгэн өгсөн ба энэ материалаа буцааж аваагүй, газрын албаны бичиг хэргийн бүртгэл дээр буцаасан тухай баримт байх ёстой баримт байхгүй байгаа. 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 20 тоотод хариу өгөөгүй,  2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн албан  тоотоо өөрийн биеэр газрын албанд хүргэж ирэхдээ, даргатай уулзах гэтэл аймаг дээр хуралтай байсан тул уулзаж чадалгүй тоотоо өгөөд явсан. Үүнээс 14 хоногийн дараа ирээд Альфа Констракшн ХХК ийн захирлаар томилогдсон талаараа мэргэжилтэн *******, дарга нарт хэлсэн. Иймд Ганбаатар гэдэг хүнтэй ярих ямар ч үндэслэл байхгүй, бидэнд мэдэгдээгүй, хариуг  байгууллагын албан ёсны хаягаар бичгээр хүргүүлэх ёстой шүү дээ. 2018 онд хашаа барих гэхэд шүүхийн шийдвэрийн хашаа ороод ирсэн байсан ба манай компани газар эзэмших зөвшөөрөл авснаас хойш 5 удаа газрын хэмжилт хийлгэсэн, өнөөдрийн байдлаар очоод харахад манай газар дээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх 435 дугаар ангийн газартай давхацсан байсан, маргаантай байгаа. Урьд талд мөн ногоон хашаа баригдсан байгаа олон жил болж байна. Манайх хашаагаа барих гэхлээр дээрх хүмүүс газрын албанаас бидэнд өгсөн газар танайх хууль зөрчиж байна гээд бидний хооронд маргаан үүсээд байгаа. Энэ маргааныг намжаахын тулд өнөөдөр үндсэн бичиг баримт гэрчилгээ маань хэрэгтэй байна.

 Нэхэмжлэлийн шаардлага бол 2019 оны 08 сарын 22-ны өдрийн 138/19 тоот, 2019 оны 11 сарын 28-ны 19 тоот, 2020 оны 09 сарын 23-ны 20 тоот, 2022 оны 05 дугаар сарын 06-ны албан бичгүүдийг өөрийн биеэр газрын албанд хүргэж өгөөд өнөөдрийг хүртэл  амаар болон бичгийн хэлбэрээр ямар нэгэн хариу аваагүй, гэрээ гэрчилгээг шинэчилж өгөөгүй учир эрх бүхий албан тушаалтны хүсэлтэд хариу өгөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан. Бидний хүсэлтэд тайлбар өгөөд, гэрчилгээ гаргаж өгсний дараа бид банк, хөрөнгө оруулагч, туслан гүйцэтгэгч нартай харилцах харилцааны гол эх үүсвэр нь газрын гэрчилгээг болоод байгаа, гэрчилгээг гаргаж өгөхгүй байгаа учраас манай  компанийн  хувьд санхүүгийн тал дээр алдагдал хүлээгээд бүх зүйл хүлээлтийн байдалд байна. Иймд эрх бүхий албан  тушаалтны эс үйлдэхүйг тогтоолгох, шинэчилсэн  бүртгэлд бүртгэж, Э дугаартай гэрчилгээг бичиж өгөхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийг шаардлагыг гаргаж байна гэв.

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Золбаясахаас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Альфа Констракшн ХХК нь 2015 онд газар эзэмших эрхийн гэрчилгээг авснаас хойш 2 жилийн хугацаанд бичиг баримтын бүрдүүлэлт хийгдээд явж байсан гэж үзээд 2017 онд 15 жилийн хугацаагаар газар эзэмших эрхийг сунгаж гэрээ, гэрчилгээ олгосон байдаг. Эхний хоёр жилд энэ аж ахуйн нэгжийг газраа зориулалтын дагуу ашигласан гэхэд хэцүү байсан, 2017 оноос хойш ямар нэгэн юм хийгээгүй, хашаажуулсан, бичиг баримтын бүрдэл яг бүрэн хийгдээгүй байсан ба 2019 онд манай байгууллагад төрийн аудитын шалгалт орж,  Альфа Констракшн ХХК-ны эзэмшиж байсан газрыг Газрын тухай хуулийн 40.1.6-д заасан үндэслэлээр 2015-2019 оны хооронд 4 жилийн хугацаанд тухайн аж ахуйн нэгж гэрээний дагуу үйл ажиллагаагаа эхлээгүй, явуулаагүй гэдэг нь аудитын дүгнэлтээр тогтоогдсон, аудитын албан шаардлагыг зөрчих боломжгүй, хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай, мөн шүүхээс манай байгууллагаас төлөөлөл очиж  газар дээр нь үзлэг хийсэн, үзлэгээр ямар нэгэн үйл ажиллагаа явуулж байгаа нөхцөл байдал тогтоогдоогүй. 2017 оноос 2019 онуудад тухайн аж ахуйн нэгж нь үйл ажиллагаагаа эхлэх, хэрэгжүүлэх хангалттай боломжтой хугацаа байсан гэж үзэж байна. Өмнөх бүтээн байгуулалтыг бид дүгнэхгүй, Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагаа хийгдэж, хуулийн дагуу тухайн аж ахуйн нэгжийг тайлбар, мэдүүлэг, нотлох баримтыг гаргаж өгөх нөхцөл боломжийг нь олгосон байдаг. Сонсох ажиллагаа хийгдээд, хүчингүй болгох ёстой байсан ба шууд хүчингүй болгох шийдвэрийг гаргаагүй, захирамжийн дагуу арга хэмжээг авч чадаагүй нь үнэн. Ковидоос хойш бүх аж ахуйн нэгжүүд энэ тайлбар, шалтгааныг хэлж орж байгаа юм.

 Албан бичгийн хариуг нь мэдэгдээгүй нь манай байгууллагын  эс үйлдэхүй болж харагдаж байна.

Тухайн үедээ албан бичгээр тайлбар, нотлох баримтыг мэдүүлгийн хамт 156 хуудас бүхий материалыг цахимаар ирүүлсэн бүртгэлтэй байдаг ба хавсралт 156 хуудас материалыг биетээр, файлаар өгсөн гэдэг нь тодорхойгүй, нотлох баримтууд одоогоор манайд байхгүй дараа нь авчирч өгсөн гэхээр аж ахуйн нэгжийн хувийн хэргийн бүрдэлд өргөдлөөс гадна хавсралт материалууд нь байдаггүй. Тухайн үед буцаагаад аваад явсан юм шиг байна.

 Сонсох ажиллагааны материалыг ажлын хэсэг томилогдон суурь судалгаа хариуцсан мэргэжилтэн Анхбаяр нь хянаж үзээд холбогдох материалууд шаардлага хангахгүй, аудитын дүгнэлтэд орсон аж ахуйн нэгж байгууллагууд газрын гэрээ, гэрчилгээг сунгах шаардлагагүй гэж үзээд хүчингүй болгох хурлын шийдвэр гарч, тухайн материалыг хүлээн авах боломжгүй талаар хурлын тэмдэглэлд тэмдэглэгдсэн байдаг. Энэ талаарх албан бичгийг Альфа Констракшн ХХК-нд бичгээр хүргүүлээгүй, нотлох баримтыг буцааж өгсөн баримт байхгүй байгаа нь манай байгууллагын мэргэжилтнүүдийн хариуцлагагүй, дотоод зохион байгуулалтын алдаа байсныг хүлээн зөвшөөрч байгаа. Дараа нь нөхцөл байдал өөрчлөгдөж ковидын нөхцөл байдал залгаж аж  ахуйн нэгж байгууллагууд 2 жилийн хугацаанд үйл ажиллагаагаа явуулаагүй ба сүүлд захирал нь өөрчлөгдсөн бололтой Ганбаатар гэдэг хүн биш ******* гэдэг хүн тухайн албан тушаалыг авч, өргөдөл, гомдлоо дахин шинээр гаргаж ирүүлсэн байдаг.

 2022 оны 5 дугаар сарын 06-ны хүсэлтэд манай холбогдох мэргэжилтэн болох ******* Альфа Констракшн ХХК-аас гаргасан газар эзэмших гэрээ, гэрчилгээг шинэчлэх хүсэлтийг манай байгууллага шийдвэрлэх боломжгүй гэсэн хариуг 2022 оны 5 дугаар сарын 20-нд хуучин ажиллаж байсан захирал Ганбаатарт амаар мэдэгдсэн байдаг бөгөөд тухайн үед ******* гэх хүнтэй холбоо барих дугаар нь байгаагүй. Ганбаатарын  нэр дээр газар эзэмших гэрээг байгуулж байсан, гэрээнд ямар утас бүртгэлтэй байна, тэр дугаар руу нь холбогдож мэдэгдсэн тул эс үйлдэхүй гэж үзэх боломжгүй юм. 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр дахин утга нэгтэй өргөдлийг ирүүлсэн ба өргөдөлдөө хашаажуулсан зэрэг мэдээллүүдийг ирүүлсэн боловч энэ нотлогдоогүй учраас манайх  тайлбар хийгээгүй.

 Харин 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр ирүүлсэн албан тоотод хариуг хүргүүлэх хуулийн хугацаа дуусаагүй байхад шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан. Манай байгууллагаас шүүхэд гаргасан хариу тайлбартаа 05 дугаар сарын 20-ны өдөр ирүүлсэн албан тоотын хариуг 06 дугаар сарын 20-ны өдрийн дотор  албан тоотоо бичгээр хүргүүлнэ гэдгээ илэрхийлсэн байгаа албан тоотыг хүлээж авснаас хойш процесс ажиллагаа хийгдээд явж байгаа учраас эс үйлдэхүй гаргаагүй гэж үзэж байна.  Шинээр хууль тогтоомжууд батлагдаж гарсантай холбогдуулан газрын гэрчилгээ, гэрээ шинэчлэх асуудал удаашралтай байсныг үгүйсгэхгүй. Манай байгууллагын зүгээс эс үйлдэхүй үзүүлээгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

                                                                ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Альфа констракшн” ХХК нь *******,*******,*******т холбогдуулан  “Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн 10 дугаар хорооллын нутаг дэвсгэрт байрлах 4187м2 бүхий 288 айлын орон сууц барих зориулалттай газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээг шинэчлэн олгох тухай албан бичгүүдийн хариуг өгөөгүй нь эрх бүхий албан тушаалтны эс үйлдэхүй,  газар эзэмших эрхийг  хангаж, эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж, газрын гэрчилгээ, гэрээг бичиж өгөхийг  даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад газар эзэмших эрхийг улсын бүртгэлийн шинэчилсэн бүртгэлд бүртгүүлж, газрын гэрчилгээ, гэрээг бичиж өгөх тухай хүсэлтүүдийн хариуг өгөөгүй, шийдвэрлээгүй эрх бүхий албан тушаалтны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож,  компанийн газар эзэмших  эрхийг шинэчилсэн улсын бүртгэлд бүртгэж, газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээг бичиж өгөхийг *******,*******,*******т даалгах гэж тодруулан тодорхойлжээ.

Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

**************,*******т гаргасан хүсэлтэд хариу өгөөгүй, шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, газар эзэмших эрхийг шинэчилсэн улсын бүртгэлд бүртгэж, газрын гэрчилгээ, гэрээг бичиж олгохыг *******,*******,*******т даалгах  нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч “Альфа констракшн” ХХК нь анх Дархан-Уул аймгийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн А/122 дугаар захирамжаар Дархан-Уул аймгийн  Дархан сумын 13 дугаар багийн ШУТИС-ийн оюутны байрны баруун талд байршилтай 4200 м2 газрыг нийтийн орон сууцны зориулалтаар 2 жилийн хугацаагаар эзэмшиж, мөн 2017 оны 09 дүгээр сарын 01-ны өдрийн А/357 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 15 жилийн хугацаатайгаар сунгаснаар 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн 000325192 дугаартай гэрчилгээг авсан болох нь Аймгийн Засаг даргын захирамж, газар эзэмших эрхийн гэрчилгээ, газар эзэмшүүлсэн гэрээ, кадастрын зургийн хуулбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байх ба Газрын тухай хуулийн 34, 35 дугаар зүйлд заасан эрх, үүрэг харилцаа үүссэн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Нэхэмжлэгч “Альфа констракшн” ХХК-аас 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 19 дүгээр “албан бичгийн хариу”, 2020 оны 09 дүгээр сарын 23-ний өдрийн 20 дугаар  “газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээг шинэчлүүлэх тухай”, 2022 оны 05 дугаар сарын 06-ний өдрийн 22/28 дугаар “газар эзэмших эрхийн улсын бүртгэлийн дугаар авах тухай”, 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 22/50 тоотоор тус тус хүсэлтүүдээ аймгийн Газрын харилцаа,**************т хандаж  гаргасан, тухайн хүсэлтүүдийг хариуцагч аймгийн газрын харилцаа*******, хот байгуулалтын газрын ирсэн бичгийн бүртгэлийн дэвтрийн 2019 оны 1366, 2020 оны 1168, 2022 оны 415, 472 дугаарт болон  2020 оны 899 , 2022 оны 291, 335 дугаарын ирсэн бичгийн хяналтын картад бүртгэгдэн,  холбогдох албан тушаалтан мэргэжилтнүүдэд цохолтоор өгөгдсөн байх бөгөөд дээрх албан бичгүүдэд  хариу өгөөгүй, нэхэмжлэгч компанийн гэрээ, гэрчилгээг шинэчлэн бичиж, улсын бүртгэлийн дугаар олгоогүй, 2017 оны газар эзэмших гэрээ, гэрчилгээ нь нэгж талбарын хувийн хэрэгт эх хувиараа байгаа болох нь хэргийн оролцогчдын тайлбар, ирсэн бичгийн бүртгэл, хяналтын карт, нэгж талбарын хувийн хэрэг, шүүхийн үзлэг хийсэн тэмдэглэл, газрын кадастрын мэдээллийн системийн бүртгэл /улсын бүртгэлийн дугаар үүсгэгдээгүй/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Харин нэхэмжлэгчээс 2019 оны 08 дугаар сарын 22-ний өдрийн 138/19 тоот “хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг шинэчилж, шинэчилсэн бүртгэлд оруулах тухай” хүсэлтийг газрын албанд өөрөө биечлэн хүргүүлсэн гэж тайлбарлан маргах боловч шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэгт заасны дагуу аймгийн газрын харилцаа*******, хот байгуулалтын газрын архив, бичиг баримтад үзлэг хийхэд  2019 оны 138/19 дугаар албан бичгийг тухайн байгууллага хүлээн аваагүй, ирсэн бичгийн бүртгэлд бүртгэгдээгүй, хүсэлт гаргаж байсан эсэх талаарх баримт олдоогүй бөгөөд нэхэмжлэгчээс  хүргүүлсэн талаарх нотлох баримтыг гаргаж өгөөгүй,  нотлогдохгүй байх тул энэ хүсэлтийг гаргасан гэж үзэх боломжгүй байна.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт зааснаар “эс үйлдэхүй”  гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгох бөгөөд энэ маргааны тохиолдолд хариуцагчаас нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтүүдэд хариу өгөөгүй, шийдвэрлэхгүй орхигдуулсан эс үйлдэхүй гаргасны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхээр байна.

 Тодруулбал: Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн  23.3-д Аймаг, нийслэлийн газрын алба дараах эрх хэмжээтэй байна:, 23.3.9-д “газар эзэмших, ашиглах эрхийг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 28.1-д заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх” /2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн/ гэж, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-д “Газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийг эрхийн улсын бүртгэл хөтлөхтэй холбогдсон харилцааг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулиар зохицуулах бөгөөд төрийн цахим мэдээллийн санд үүссэн газрын кадастрын мэдээллийн сан болон улсын бүртгэлийн цахим мэдээллийн сангийн мэдээллээс бүрдэх дундын мэдээллийн сангаар дамжуулан мэдээлэл солилцох боломжтой байна”, Эд хөрөнгийн эрхийн Улсын бүртгэлийн тухай хуулийн 28.1-д Аймаг, нийслэл, дүүргийн газрын алба, сумын газрын даамал газар эзэмших, ашиглах эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхдээ дараах мэдээллийг Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9.11-д заасан дундын мэдээллийн санд оруулж, цахимаар мэдүүлэх ба мэдүүлгийн үнэн зөвийг хариуцна” гэж хуульчилсан, энэхүү  эрх хэмжээг аймгийн газрын харилцаа*******,******* хэрэгжүүлэхээр байна.

          Дээрх хуульд нэмэлт өөрчлөлт оруулсантай холбогдуулан Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн А/177 дугаар тушаалаар “гэрчилгээний загвар шинэчлэн батлан тухай”,

 Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын  2018 оны 11 дүгээр сарын 14-ний 2/2169 дугаар албан бичигт “2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө олгосон газар, эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр бөгөөд дээрх хугацаанаас хойш олгох эрхийн гэрчилгээ нь ... Эрхийн бүртгэлийн дугаарыг агуулан программ хангамжаас хэвлэгдэнэ”,

Мөн 2018 оны 12 дугаар сарын 04-ний 2/2380 дугаарт “нэгж талбарын хувийн хэргийн хавсралт материалыг бүрдүүлэн Улсын бүртгэлд илгээж, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх ажлыг зохион байгуулан ажиллах” гэж,

 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Улсын бүртгэлийн Ерөнхий газрын даргын А/108,  Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын А/151 дугаартай хамтарсан тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтийн 6-д “2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө газар эзэмших, ашиглах эрхээ Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд сайн дураараа бүртгүүлснийг үл харгалзан шинэ дугаарыг хуульд заасны дагуу олгоно”,

 2019 оны 10 дугаар сарын 09-ний 1/2403 дугаар “нийтээр дагаж мөрдөх эрх зүйн актын хэрэгжилтийг хангаж иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар өмчлөх, эзэмших ашиглах тухай тухайн шатны Засаг даргад гаргасан хүсэлтийг газрын асуудал эрхэлсэн төрийн байгууллага батлагдсан загварын дагуу хүлээн авч ажиллах” гэсэн албан тоотууд,

Улсын бүртгэлийн Ерөнхий газрын дарга, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын хамтарсан 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А/621, А/191 дүгээр тушаалд “...цахим систем нэвтрүүлсэнтэй холбогдуулан иргэн, хуулийн этгээдийн гаргасан мэдүүлэг, нотлох баримтын мэдээллийг цахим системд нягтлан шалгаж, үнэн зөвийг хариуцан ажиллахыг аймгийн Газрын харилцаа,*******, хот байгуулалтын газруудад тус тус үүрэг болгосон” албан тоотууд, чиглэлүүдээс дүгнэхэд  хариуцагч байгууллага нь 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө олгосон газар, эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр байгаа иргэн, аж ахуйн нэгжүүдийн гэрчилгээг шинэчлэх болон шинэчилсэн бүртгэлд бүртгүүлж, гэрээ гэрчилгээ бичүүлэхээр хүсэлт гаргасан хүсэлтүүдийг шийдвэрлэж, газар эзэмших, ашиглах эрхийг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгэх үйл ажиллагаанд баримтлах зарчмуудыг баримтлан ажиллахаар зохицуулагдсан байна.

Хариуцагч нь нэхэмжлэгч “Альфа констракшн” ХХК-ний газар эзэмших эрхийг улсын бүртгэлд бүртгүүлж, гэрээ гэрчилгээг авах хүсэл зоригоо удаа дараа илэрхийлсээр байхад зохих журмаар шийдвэрлээгүй,  2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 19 дүгээр “албан бичгийн хариу”, 2020 оны 09 дүгээр сарын 23-ний өдрийн 20 дугаар “ газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээг шинэчлүүлэх тухай”, 2022 оны 05 дугаар сарын 06-ний өдрийн 22/28 дугаар албан бичигт хариуг тус тус өгөөгүй, шийдвэрлээгүй орхигдуулсан нь тогтоогдож байх бөгөөд Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд “Өргөдөл, гомдол гаргагч дараах эрх эдэлнэ: 1/гаргасан өргөдөл, гомдлынхоо хариуг авах; 5/төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлоо шийдвэрлүүлэх” гэж,  мөн хуулийн 7 дугаар зүйлийн 1-д “Өргөдөл, гомдлын талаар төрийн байгууллага, албан тушаалтан дараах нийтлэг үүрэг хүлээнэ, 3/ өргөдөл, гомдолд дурдсан асуудал бүрийг эрх хэмжээнийхээ хүрээнд хянан үзэж, үндэслэлтэй шийдвэрлэх; 4/өргөдөл, гомдлыг хугацаанд нь барагдуулах”, 6/ /өргөдөл, гомдолд үндэслэл бүхий хариу өгөх; гэж заасныг тус тус зөрчсөн байна.

Түүнчлэн хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тус компанийн 2022 оны 05 дугаар сарын 06-ны 22/28 дугаарын албан тоотын хариуг 5 дугаар сарын 20-ний 8 цаг 57 минутад мэргэжилтэн Б.******* нь О.Ганбаатарт 99114556 дугаар руу утсаар мэдэгдсэн, энэ компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамжид орсон гэж тайлбарлах боловч 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Альфа констракшн ХХК-ний гүйцэтгэх захирлаар ******* томилогдсон болох нь улсын бүртгэлийн гэрчилгээ, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа зэргээр нотлогдож байна.

Нэхэмжлэгч  компанийн гүйцэтгэх захирал *******оос  2022 оны 05 дугаар сарын 06-ны 22/28 дугаарын албан тоотоор мөн л газар эзэмших эрхийн гэрчилгээг шинэчлэн олгох талаарх хүсэлтийг газрын албанд хүргүүлсэн байх тул гэрээнд гарын үсэг зурсан О.Ганбаатарт мэдэгдсэн гэх хариуцагчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй, хариуг мэдэгдсэн гэж үзэхээргүй байна.Өөрөөр хэлбэл тухайн албан тоотыг ирүүлсэн байгууллага, албан тушаалтанд хариуг мэдэгдэж, хүргүүлэх байжээ.

Нэхэмжлэгчээс газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох талаар маргаагүй учир энэ талаар дүгнэх шаардлагагүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэсэн болно.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т  “Захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” гэж зааснаар хариуцагчаас нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг улсын бүртгэлд бүртгүүлж, гэрээ гэрчилгээг авах тухай 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 19 дүгээр “албан бичгийн хариу”, 2020 оны 09 дүгээр сарын 23-ний өдрийн 20 дугаар  “газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээг шинэчлүүлэх тухай”, 2022 оны 05 дугаар сарын 06-ний өдрийн 22/28 дугаар” хүсэлт гаргах тухай” албан бичгүүдийн хариуг тус тус өгөөгүй, зохих журмаар шийдвэрлээгүй нь нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээг олгохыг *******,**************т даалгах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.4, 106.3.12-т заасныг удирдлага болгон

 

 

ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3, Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.9, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3, 4, 6-д заасныг тус тус баримтлан  хариуцагч **************,******* нь  нэхэмжлэгчийн 2019 оноос хойш 4 удаагийн “газар эзэмших эрхийг шинэчилсэн улсын бүртгэлд бүртгүүлж, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээг олгох тухай” хүсэлтэд хариу өгөхгүй, шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч "Альфа Констракшн" ХХК-ийн газар эзэмших эрхийг шинэчилсэн улсын бүртгэлд бүртгүүлж, ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээг олгохыг *******,*******,*******т даалгасугай.

2.  Захиргааны хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид  төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******,*******, хот байгуулалтын газраас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

      3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108  дугаар зүйлийн 108.4 дэх хэсэгт заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.

  4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах,  гомдол гаргах эрхтэй.

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.НАРАНТУЯА