Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 2021/ДШМ/103

 

     2021           1              20                                           2021/ДШМ/0103                           

 

 

     Б.Бд холбогдох эрүүгийн

                                                                     хэргийн тухай                     

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Буяндэлгэр,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч С.Тэгшжаргал,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

          Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Бямбажав даргалж, шүүгч Б.Байгалмаа, шүүгч С.Өлзий-Отгон нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 2020/ШЦТ/115 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б болон түүний өмгөөлөгч С.Тэгшжаргал нарын гаргасан давж заалдах гомдлоор Б.Бд холбогдох эрүүгийн 2004000000088 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

         

          Б овгийн Б-ийн Б,

 

          Багануур дүүргийн шүүхийн 2006 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

 

          Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

 

          Багануур дүүргийн шүүхийн 2011 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 58 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт зааснаар Б.Бд 58 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 жил 6 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 1 сар 5 хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж,

 

          Багануур дүүрэг дэх Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 61 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэг, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 жилийн хорих ялаар шийтгэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт заасныг журамлан уг ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан 6 жил 6 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 1 сар 5 хоногийн хугацаагаар тогтоосон хорих ялаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан ялаас 2 жилийг өршөөн хасаж байсан.

 

          Б.Б нь 2020 оны 7 дугаар сарын 8-ны орой 20-21 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Тогос-Уулын хэсгээс ертөнцийн зүгээр зүүн хойд зүгт буюу хөдөө хэсэгт Ү.Баттулга, О.Оюунбаяр, Ч.Цэрэнбадам, О.Г нарын хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхдаа О.Гтай таарамжгүй харилцаа үүсгэж маргалдаж, улмаар түүнийг өмсөж явсан цамцны захаас нь заамдан сэгсрэх, мөн нүүрэн тус газарт нь алгадах зэргээр зодож, О.Г нь дээрх үйлдлийн улмаас хөл алдан газарт унахад нь биеийн жингээр дээрээс нь давхралдаж унахдаа цээжнийх нь орчимд зүүн гарын тохойгоороо тохойлдож унасны улмаас О.Гын эрүүл мэндэд хэвлийн битүү гэмтэл, элэгний эдийн няцрал, элэгний дээд гадаргуу, холбоос дагасан элэгний үүдэвч хэсэг, нарийн гэдэсний чацархай, хэвлийн ар хана, баруун 6, 7, 11, 12 дугаар хавирганы булчин зөөлөн эдийн цус хуралт, хэвлийн хөндий дэх шингэн цус хураа бүхий хүнд хохирол учруулах санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

             Багануур дүүргийн прокурорын газраас: Б.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

           

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигин овгийн Батхуягийн Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 11 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Бд оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Б.Бгийн цагдан хоригдсон 102 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Бгээс гэм хорын хохирол 5,663,930 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Оюунбаатарт олгуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хавсаргаж ирүүлсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй, Б.Бгийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.Б давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие ээж, эхнэр, 5 хүүхдийн хамт Багануур дүүрэгт амьдардаг ба ар гэрийнхээ өрхийн орлогыг ганцаараа залгуулж авч явдаг юм. Ар гэрийн байдлыг минь харгалзан үзэж, ял шийтгэлийг минь хөнгөрүүлж өгнө үү.

 

... Миний алгадсан, тохойлдож унаснаас болж амь хохирогч нас барсан гэж үзсэн. Би Цэрэнбадам гэх хүнийг өшиглөсөн гэдгээ тодорхой мэдүүлсэн. Хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой шалгуулах хүсэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Бгийн өмгөөлөгч С.Тэгшжаргал давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын талаар:

 

Мөрдөгч нараас мөрдөн шалгах ажиллагааг хойшлуулшгүй тохиолдолд явуулж, тэмдэглэл үйлдэхдээ тэмдэглэл цаг, хугацааг бичээгүй нь хэргийн зүйлчлэл болон нотолгоонд нөлөөлөхгүй хэмээн үзсэн байна. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 28.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “тэмдэглэл үйлдсэн ажиллагааг явуулсан газар, эхэлсэн, дууссан он, сар, өдөр, цаг, минут, хэрэгжүүлэх явцад хугацаа тасалдсан бол түүний шалтгаан, үргэлжилсэн хугацаа зэргийг нарийвчилж зааж өгөхөөр тусгасан бөгөөд энэхүү заалтыг зөрчсөн процесс ажиллагааны зөрчил байсаар байхад хэргийн нотолгоонд нөлөөлөхгүй учир энэхүү ажиллагаа хууль ёсны гэх байдлаар тайлбарлаж байгаа нь эргэлзээтэй байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Мөрдөн шалгах ажиллагааны тэмдэглэл” нь нотлох баримтад тооцохоор заасан учир нь хэргийн үйл байдлыг тогтоох, тухайн ажиллагаа нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх гол шалгуур нь тодорхой ажиллагааны цаг, хугацааг нарийвчлан заах хууль зүйн стандарт байдаг.

 

Б.Бгээс гэрчээр мэдүүлэг авахдаа согтууруулах ундаа хэрэглэсэн үед нь мэдүүлэг авсан байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар 2020 оны 7 дугаар сарын 8-ны шөнө 23 цаг 52 минутанд согтуурлын зэргийг шалгахад 0.82 хувийн алкаголь илэрсэн боловч 23 цаг 58 минутаас эхлэн гэрчээр мэдүүлэг авсан байх бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуульд заасан нотолгооны ач холбогдлыг үгүйсгэх үйлдэл хийсэн байна. Өөрөөр хэлбэл согтууруулах ундаа хэрэглэсэн гэрч нь мэдүүлэг өгөх, болсон үйл явдлыг бодитоор мэдүүлэх, аливаа асуудалд дүгнэлт хийх тайлбарлах чадвар байгаа эсэх нь анагаахын шинжлэх ухааны хувьд эргэлзээтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг зөрчсөн байна /хх 12-13, 86-87/ гэхэд Б.Бгээс авсан мэдүүлгийг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлдэхдээ нотлох баримтаар үнэлээгүй болно гэж тайлбарласан нь эргэлзээтэй байдлаар тайлбарласан байна. Өмгөөлөгчийн зүгээс согтуу хүнээс мэдүүлэг авсан ажиллагаа нь өөрөө процессын зөрчил бий болгоод зогсохгүй нотлох баримтад тооцох эсэх асуудал эргэлзээтэй байхад энэхүү зөрчлийг мөрдөн шалгах хэвийн ажиллагаа гэх байдлаар тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй байна.

 

Мөн Б.Бгээс мэдүүлэг авахдаа түүний хувийн байдлыг /бичиг үсэг мэдэхгүй байдлыг/ бүрэн тогтоолгүй мэдүүлэг авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг ноцтой зөрчсөн байна. /хх 86-87/ гэж өмгөөлөгчийн зүгээс тайлбарлахад “... Б.Бгээс гэрчийн мэдүүлэг авахдаа хувийн байдлыг тодруулахад бага боловсролтой, гагнуурчин, сантехникч мэргэжилтэй гэх мэдээллийг өгсөн нь “ Монгол хэл, бичиг мэдэхгүй" гэсэн ойлголт биш юм ...”гэх байдлаар тайлбарлаж Боловсролын тухай хуульд заасан боловсролын зэрэглэл, боловсролыг хэрхэн эзэмшиж болох талаарх заалтыг иш татаж тайлбарласан нь хуулийг буруу ойлгож тайлбар хийсэн байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар Б.Б нь 1995-1996 оны хичээлийн жилд 98 дугаар сургуулийн 2 дугаар ангид сурч байсан нь үнэн тодорхойлолт, Дархан-Уул аймаг дахь Политехник мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төвд суралцаж байсан гэх баримт байхгүй гэсэн байна. Дээрх нотлох баримтаас үзэхэд Б.Б бага боловсрол эзэмшсэн, мэргэжлийн боловсрол эзэмшиж үнэмлэх авсан эсэх нь тодорхой бус байна. Өөрөөр хэлбэл, “Үсэг, бичиг” мэддэг эсэх нь эргэлзээ бүхий бөгөөд өөрийнх нь мэдүүлгээр уншиж, бичиж чадахгүй гэдгээ илэрхийлсэн байдаг. Иймд дээрх байдлыг тодруулахгүйгээр мэдүүлэг авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг мөрдөн шалгах ажиллагааны явцад зөрчсөн гэх үндэслэл байна. /2хх 77-83/

 

Гэрч О.Оюунбаяр, Ч.Цэрэнбадам, Б.Адъяа, Ү.Баттулга нар илтэд зөрүүтэй худал мэдүүлэг өгсөн байж болзошгүй. Учир нь, хэргийн нөхцөл байдлын талаарх мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгөхдөө хэргийн нөхцөл байдлын талаар өөр төрлийн үйл явдлыг дүрслэх бөгөөд мөрдөгчөөс тодруулах асуулт тавих үед маш их согтуу байсан учраас тодорхой санахгүй байна, тэгсэн байх гэх мэтээр мэдүүлэг өгч байгаа нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхойлж чадахгүй байгааг илэрхийлж байна. Үүнээс гадна мөрдөн байцаах ажиллагааны явцад гэрчүүдийг хооронд нь харилцуулахгүй байх арга хэмжээ авч чадаагүйгээс гэрчүүд мэдүүлгээ зохиомлоор нэгтгэх үйлдэл хийсэн байж болзошгүй байдал байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгах шаардлагатай нөхцөл байдал үүсээд байхад энэ ажиллагааг хийж гүйцэтгээгүй. Мөн эдгээр гэрчүүд нь согтуурлын зэргийн хувьд ч тухайн үйл явдал болох үеийн нөхцөл байдпыг бүрэн тодорхойлж чадах эсэхэд эргэлзээ байсаар байхад холбогдох гэрчүүдийн мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд үнэлсэн байна.

 

Тухайлбал, хэрэг болсон гэх цаг хугацаанаас 3-4 цагийн дараа согтуурал шалгах үед гэрч Ч.Цэрэнбадам 2.84 хувийн согтолттой, гэрч О.Оюунбаяр 3.06 хувийн согтолттой байсан байх бөгөөд хэрэг болсон цаг хугацаанд гүн согтолтонд орсон байх боломжтой байна гэж үзэж холбогдох ажиллагааг удаа дараа явуулах хүсэлт гаргасан боловч хяналтын прокурорын зүгээс 2 дугаар анги удирдсан багшийн тодорхойлолт: “... Сурлагаар Б.Бтэй байнга тулж ажиллаж байх шаардлагатай, байнга шалтгаангүй хичээл тасалдаг гэх “ тодорхойлолтоос үсэг бичиг бүрэн эзэмшсэн гэхэд эргэлзээ бий болж байна. Гэрч О.Оюунбаяр, Ч.Цэрэнбадам, Б.Адьяа, Ү.Баттулга нар өөрсдийн үзсэн, харсан зүйлийнхээ хүрээнд мэдүүлэг өгсөн худал мэдүүлэг өгсөн гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй байна гэж хяналтын прокурор хэргийн талаарх нотолгоо хөдөлбөргүй тогтоогдсон мэтээр урьдчилсан дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн бодит байдлыг тал бүрээс нь тогтоох үндсэн зарчмыг зөрчиж байна. Дээрх гэрчүүд нь илтэд зөрүүтэй худал мэдүүлэг өгч байгаа гэдэг нь 1 өдрийн дотор тэнгэр газар шиг ялгаатай 2 өөр мэдүүлэг өгснөөс харж болно. /хх 82-110/

 

Үүнээс гадна мөрдөн байцаах ажиллагааны явцад гэрчүүдийг хооронд нь харилцуулахгүй байх арга хэмжээ авч чадаагүйгээс гэрчүүд мэдүүлгээ зохиомлоор нэгтгэх үйлдэл хийсэн байж болзошгүй байдал байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгах хууль зүйн үндэслэлтэй байх талаар холбогдох хүсэлтийг гаргасан боловч энэ талаар ажиллагаа хийгээгүй. Учир нь 2020 оны 7 дугаар сарын 9-ний өглөө хэргийн талаар өөр өөр байдлаар мэдүүлж байсан боловч тухайн өдрийн орой өгсөн мэдүүлгүүддээ Б.Б энэхүү гэмт хэргийг үйлдсэн мэтээр яг ижил байдпаар мэдүүлж эхэлсэн нь эргэлзээтэй байдлыг илэрхийлж байна. Гэрчүүд хэрэг болох үеийн нөхцөл байдлыг үнэн мэдүүлж байгаа, мөн гүн согтолтонд ороогүй гэдгийг ямар баримтаар баталж байгаагаа тайлбарлаж чадаагүй байна. Анхан шатны шүүх хуралдааны явцад эдгээр гэрчүүд мэдүүлэг зөрүүтэй байгаа талаар шүүх бүрэлдэхүүн асуухад худал мэдүүлэг өгснөө хүлээн зөвшөөрсөөр байхад шүүхээс “Гэрч нарын шүүх хуралдаанд өгч буй мэдүүлгүүд болсон үйл явдлын талаар агуулгын хувьд зөрүүгүй мэдүүлж байна” гэж дүгнэсэн байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг ноцтой зөрчсөн байна.

 

Мөн гэрч Ч.Цэрэнбадам, О.Оюунбаяр нар нь байнга согтууруулах ундааны зүйлийг их хэмжээгээр хэрэглэдэг, архины бүрэн хамааралтай байх тул эдгээр гэрчүүдийн архинд донтох эмгэгийн талаар мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулахгүйгээр тэдний мэдүүлгийг үнэлэх боломжгүй байх тул эдгээр гэрчүүдийн хувийн байдлыг тодорхойлж холбогдох шинжээчийг томилж мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг гаргуулах шаардлагатай талаар прокурорын хяналт, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд хүсэлт гаргасан боловч хүсзлтийн агуулгыг буруу ойлгож, гэрчүүдийн сэтгэцийн байдлыг тодорхойлох шинжилгээ хийлгэх хууль зүйн үндэслэлгүй гэж тайлбарласан байна. Өмгөөлөгчийн зүгээс гэрчүүдийн сэтгэцийн байдал бус тэднийг архинд донтох эмгэгтэй эсэх, цаашлаад архины хамааралтай тэнэгрэл, солиорол байгаа эсэхэд дүгнэлт гаргуулж тэдний мэдүүлгийг үнэлэх шаардлагатай гэж үзсэн.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн гол гэрчүүд болох Ч.Цэрэнбадам, О.Оюунбаяр нарын мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа хийгдээгүй байх бөгөөд мэдүүлгийн эх сурвалжийг тодорхойлох зорилгоор энэхүү ажиллагааг зайлшгүй хийх шаардлагатай гэх хүсэлтийг прокурорын хяналт, шүүхийн шатанд гаргасан боловч эдгээр гэрчүүд нь яллагдагч Б.Бтэй садан төрлийн холбоотой, бодит үнэнийг гуйвуулсан мэдүүлгийг өгч байсан учраас мэдүүлгийг шалгах ажиллагааг хийж гүйцэтгэх шаардлагагүй гэж үзсэн нь логикийн хувьд алдаатай дүгнэлт байна. Дээрх гэрчүүд үнэн мэдүүлэг өгсөн, Б.Бг гэм буруутайд тооцох нотолгоо нь эдгээр гэрчүүдийн мэдүүлэг гэж үзсэн мөртлөө үнэнийг гуйвуулсан мэдүүлэг өгсөн учраас шалгах шаардлагагүй гэж дүгнэж байгаа нь Б.Б энэ гэмт хэргийг үйлдсэн гэх нотлох баримт хангалттай бүрдсэн гэхэд бүр ихээр эргэлзээ төрүүлж байна. Үүнээс гадна хэрэгт дээрхи гэрчүүд яллагдагчтай садан төрлийн холбоотой талаарх баримт хэрэгт авагдаагүй мөн тогтоогоогүй байгаа. Гэр бүлийн тухай хуульд төрлийн хүн, садангийн хүн гэх нэр томъёог тодорхойлсон байдаг.

 

Мөн мөрдөгч гэрчүүдээс мэдүүлэг авахдаа айлган сүрдүүлж, заналхийлж, хүч хэрэглэх байдлаар хуулиар хориглосон аргуудыг хэрэглэж нотлох баримт бүрдүүлсэн байх үндэстэй байх тул гэрчүүдээс мэдүүлэг авсан өрөөний ведио дүрс бичлэгийг хэрэгт хавсаргуулах хүсэлтийг гаргасан боловч хангаж шийдвэрлээгүй бөгөөд энэ талаар гэрчүүд шүүх хуралдаан дээр мэдүүлсэн байдаг. Тухайлбал: О.Оюунбаяр ... “ Олон цагдаагийн албан хаагч нар мэдүүлэг авах өрөөнд ээлжилж орж ирээд Бг энэ хэрэг үйлдсэн талаар хэл гэх байдлаар шахалт дарамт үзүүлсэн талаар мэдүүлдэг”

 

2. Гэм буруугийн талаар:

 

Анхан шатны шүүхээс “... Б.Б нь О.Гтай таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар түүнийг өмсөж явсан цамцны захаас нь заамдан сэгсрэх, мөн нүүрэн тус газарт нь алгадах зэргээр зодох үйлдэл гаргасан нь хохирогчийн үхлийг шууд хүсээгүй боловч дээрх биед нь халдаж буй үйлдлээс болж хохирогч нь арагш унахад Б.Б дээрээс нь цээжнийх нь орчимд зүүн гарын тохойгоороо тохойлдож унасны улмаас хүнд хохирол учруулж, санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байна” хэмээн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн байгаа нь хэргийн зүйлчлэл, субъектив шинжийн талаар эргэлзээ бүхий дүгнэлт хийсэн байна. Учир нь санаатай гэм буруу гэх ойлголтыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан байна. Өөрөөр хэлбэл, санаатай гэм буруу гэдэг нь Гэмт санаа-Мэдэх-Хүсэх элементийн нийлбэрээр тодорхойлогдох онолын үндэслэлтэй байдаг. Харин дээрх шүүхийн дүгнэлт нь гэм буруугийн санаатай бус өөр хэлбэрийн талаар дүгнэлт хийсэн байх бөгөөд энэ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг бүрэн тогтоож чадаагүйг илэрхийлж байна. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал үүсч байна.

 

Гэрч Ү.Баттулга шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө “ Б.Б ах талийгчийг алгадсан ... талийгч Б.Б ахын үйлдлийн улмаас биш өөрөө хөл алдаад унасан энэ үед Б ах давхаралдаад унасан гэж шүүх бүрэлдэхүүнээс асуусан асуултад 2-3 удаа яг энэ хариултаа давтах байдлаар хариулсан байгаа нь энэ гэмт хэргийн санаатай гэх шинжид эргэлзээ бий болгож байна. /Шүүх хуралдааны явцын дуу, дүрсний бичлэгт тодорхой бичигдсэн бөгөөд шүүхийн тогтоолд зөрүүтэй байдлаар бичигдсэн байна/

 

 Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэв.

 

Прокурор Б.Буяндэлгэр шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Өмгөөлөгчийн зүгээс гэрч Цэрэнбадам, Сансармаа, Адъяа, Батбилэг нарын согтуурлыг шалгахдаа тэмдэглэлд он, сар, өдөр бичээгүй хууль зөрчсөн, мөн Б.Бгээс согтуу байхад нь асууж мэдүүлэг авсан гэж байна. Хэдийгээр процессын шинжтэй алдаа байгаа боловч дээрх нотлох баримтуудыг үнэлж яллагдагчийг буруутгасан шийдвэр гаргаагүй. Мөн гэрч Оюунбаярыг айлгаж сүрдүүлсэн талаар гэрчүүд удаа дараа мэдүүлсэн гэж байгаа боловч шүүх хуралдааны явцад зөвхөн Оюунбаяр гэх гэрч ийм асуудал ярьдаг. Өмгөөлөгч С.Тэгшжаргал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд анхнаасаа оролцсон. Оюунбаяртай гэрээ байгуулж өмгөөлөгчөөр давхар оролцож байсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч эрүү шүүсэн, айлган сүрдүүлсэн, дарамталсан гэх гомдол хүсэлтийг прокурорын газарт гаргаж байгаагүй. Гэрч Баттулга хэрэг бүртгэлт болон шүүхийн шатанд өгсөн мэдүүлэгтээ “дээрээс нь давхралдаж унасан” гэж тогтвортой мэдүүлдэг. Б.Б алгадсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг ч давхралдаж унасан талаар гэрчүүд зөрүүтэй мэдүүлдэг гэж байна. Гэвч энэ талаар Цэрэнбадам, Б нарын мэдүүлэг хэрэгт авагдсан баримтуудаар бүрэн тогтоогдсон. Мөн шинжээчийн дүгнэлт, шинжээч Ганзоригийн мэдүүлгээр давхар нотлогддог. Иймд анхан шатны шүүх шийтгэх тогтоол гаргахдаа хэргийг тал бүрээс нь хянаж, Эрүүгийн хуулийг зөрчсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчилгүй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, оролцогч нараас гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна. Шүүгдэгч нь давж заалдах гомдолдоо оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгөхийг хүссэн байгаа боловч гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт шүүхээс оногдуулсан ял шийтгэл, хорих ял эдлүүлэх дэглэм нийцсэн гэж үзэж байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав. 

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна. 

 

Б.Б нь 2020 оны 7 дугаар сарын 8-ны орой 20-21 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Тогос-Уулын хэсгээс ертөнцийн зүгээр зүүн хойд зүгт буюу хөдөө хэсэгт Ү.Баттулга, О.Оюунбаяр, Ч.Цэрэнбадам, О.Г нарын хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж үедээ О.Гтай таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар түүнийг өмсөж явсан цамцны захаас нь заамдан сэгсрэх, мөн нүүрэн тус газарт нь алгадах зэргээр зодож, О.Г нь дээрх үйлдлийн улмаас хөл алдан газарт унахад нь биеийн жингээр дээрээс нь давхралдаж унахдаа цээжнийх нь орчимд зүүн гарын тохойгоороо тохойлдож унасны улмаас О.Гын эрүүл мэндэд хэвлийн битүү гэмтэл, элэгний эдийн няцрал, элэгний дээд гадаргуу, холбоос дагасан элэгний үүдэвч хэсэг, нарийн гэдэсний чацархай, хэвлийн ар хана, баруун 6, 7, 11, 12 дугаар хавирганы булчин зөөлөн эдийн цус хуралт, хэвлийн хөндий дэх шингэн цус хураа бүхий хүнд хохирол учруулах санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Оюунбаатарын “... 2020 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 13 цагийн үед манай хүү О.Г архи уучихсан, халамцуу байдалтай гэрээр ороод гарсан бөгөөд тэрнээс хойш таалагдаагүй. Шөнө 01 цаг өнгөрч байхад Цагдаагийн хэлтсээс хүүг маань “нас барсан” гэж хэлсэн ...” /1хх 77-78/,

 

гэрч Ү.Баттулгын “... Б.Б ах хөх өнгийн Мицибүши Айртрек загварын автомашинаа жолоодоод, би хажууд нь суугаад явсан. Шууд “Ахиц-1” дэлгүүрийн гадна очиж зогсоод Б.Б ах дотогшоо ороод 4-5 лааз пиво аваад гарч ирсэн. “Хоёулаа ойрхон айл руу очъё” гэж хэлээд Хэрлэнгийн гудамж руу орсон. Хашааны үүдэнд 2 танихгүй эмэгтэй, 1 танихгүй ахтай юм яриад зогсож байсан бөгөөд тэр гурвуулаа нилээн согтуу байсан. Б.Б ах тэд нарын хажууд очиж зогсоод, машинаасаа бууж 2 эгчтэй мэндлээд “ойрхон явж пиво ууя” гэж хэлээд тэр гурвыг машиндаа суулгаад хөдөлсөн. ... Тогос-Уул гэр хорооллын хойшоо чигээрээ явж хээр очоод машинаас бүгдээрээ буугаад пиво ууцгаасан. Б.Б ах согтуу ахад хандан “чи манай эгчийг жоохон дээрэлхээд байна уу үгүй юу” гэж асуусан. Нөгөө залуу өөдөөс нь “чамд хамаагүй” гэх зэргээр үг хаялцаад байсан. Бид бие засчихаад буцаад иртэл Б.Б ах тэр ахтай зууралдаад заамдалцаад байж байсан бөгөөд би очоод салгах хооронд Б.Б ах баруун гараараа тэр ахын зүүн хацар луу 1 удаа алгадсан. Би тэр хоёрыг салгаад байж байтал нөгөө согтуу ах эхнэртэйгээ хэрэлдээд, Б.Б руу үг хаяад өдөөд байсан чинь Б.Б ах тэр ахын өмсөж явсан цамцных нь захаас нь 1 гараараа бариад хоолойг нь боогоод нүүр лүү нь 2 удаа алгадсан. Тэр хоёр зууралдаж байхад Б.Б ах тэр ахыг гараараа сэгсрээд байсан чинь тэх ах хойшоо хөл алдаад газар унасан бөгөөд энэ үед Б.Б ах өөрийнхөө биеийн жингээр дээрээс нь унахдаа яг цээжнийх нь орчим зүүн тохойгоороо тохойлдож унасан. Нөгөө хоёр эгч очоод Б.Б ахыг татаад босгосон чинь нөгөө ах ерөөсөө босохгүй, юм ч дуугарахгүй хэвтээд байсан. ...” /1хх 103-104/,

 

гэрч Б.Адъяагийн “... тэгээд би гэртээ ирээд зурагт үзээд сууж байтал гаднаас Б ганцаараа орж ирээд “ах яагаад худлаа хэлээд зугтаагаад байнаа, дүүгээ голоод байгаа юм уу, энэ Бадаахай эгч согтуу залуу хоёрыг хаашаа хүргэж өгөх юм бэ” гэж надаас асуугаад зогсож байхад манай эхнэр Оюунбаяр араас нь орж ирсэн. Тэгээд Б.Б зөрөөд гараад явахаар нь би араас нь гарах гэтэл эхнэр намайг ”хаачих гэж байгаа юм бэ“ гээд гаргахгүй байхаар нь “чи архи ууж болоод байдаг, би гарч болдоггүй юм уу” гээ эхнэртээ уурлаад гараад явсан. Тэгээд гараад очиход Бгийн машин хашааны гадаа зогсож байхаар нь би машиных нь жолоочийн эсрэг талых нь хойд хаалгаар машин дотор орж суусан. Намайг хаалга нээхэд талийгаач Г миний нээсэн хаалгыг налчихсан унтаж байсан. Бадаахай болохоор жолоочийн арын сандал дээр сууж байсан бөгөөд жолоочийн хажуу талын сандал дээр шар футболктой халамцуу залуу сууж байсан. Харин Б өөрөө машинаа жолоодоод явж байсан. Тэгээд би талийгаачийг өргөөд цаашаа түлхээд хажууд нь суусан бөгөөд намайг суумагц Б машинтайгаа хөдөлсөн. Бид нар хөдлөхдөө Бага гүнд Бадаахайг хүргэж өгье гэж ярилцсан ба хөдлөөд явж байхад Бадаахай эгчийндээ очихгүй гээд байсан. Тэгэхээр нь “Гыг аавынд нь хүргэж өгье, чи гэрийг нь мэдэж байгаа биздээ” гэхэд Бадаахай толгой дохисон. Ахиц дэлгүүр өнгөрөөд явж байгаад Г тасарчихсан юм уу гэж асуухад Б урд талаас надад хандан “Гын хүйс нь түмбийчихсэн байна, хэдүүлээ эмнэлэгт хүргэж өгье” гэж хэлсэн. Залуус хэсэг рүү орох гээд замсал замаас шороон зам руу орох үед машин донсолсон тэр үед Гын гар миний гэдсэнд хүрэхэд хүйтэн болчихсон байсан. Би Бг зогс гэж хэлээд Гын гарны судсыг тэмтрээд үзсэн чинь сайн мэдэгдэж өгөхгүй байсан. Би Бд хандан “наадах чинь шоконд орчихсон байна, яг одоо эмнэлэг хүргэж өгье” гэж хэлэхэд Б “яах юм бэ, би өөрөө согтуу машин барьж явж байж эрхээ хасуулчихвал амьдралгүй болно” гэж хэлсэн. Бид хэдийг ярилцаад байж байтал Бадаахай бидэнд хандан “шар футболктой залуу бид хоёрыг буугаад үлдчих, Бг Гыг эмнэлэгт хүргээд өгчих” гэхэд Б “болохгүй ээ, наадах чинь шоконд орчихсон л байна, гудамжинд буулгаад хаячихъя” гэхээр нь би Бд хандан “тэгж болохгүй, ядахдаа эрүүл жолооч олоод эмнэлэг явъя, би баз хүргэн Заяаг гуйчихъя гэж хэлсэн. ...” /1хх 83-84/

 

гэрч Ч.Цэрэнбадамын “... тухайн үед харанхуй байсан бөгөөд Б Гыг машинаас татаж унагаагаад ноцолдоод байсан. Яг хаана, хаана хэдэн удаа цохисныг анзаарч хараагүй. ... талийгаач Г нь Бд зодуулсныхаа дараа машинд яаж орж ирж суусныг нь би санахгүй байна. Ямар ч байсан машинд буцаж орж ирээд суусан байдлыг нь хараад толгойгоо хойшоо налаад ямар нэгэн чимээ гаргалгүй суугаад байсан. ...ямар ч байсан талийгаачийг татаж унагаад дээр нь гараад ноцолдоод байхаар нь Бтэй явж байсан залуу салгасан. ...” /1хх 108-109/,

 

гэрч М.Оюунчимэдийн “... тухайн хаягт очиход махлаг, өндөр, бор залуу хашааны хаалга онгойлгож өгсөн. Тэгээд монгол гэрт ороход баруун талын буйдан дээр зүүн хөлөө хагас нугалсан, дээшээ харсан байдалтай, эрэгтэй  хүн хэвтэж байсан. Тэгээд шууд гүрээн дээр нь дарж судасны цохилт мэдрэгдэхгүй, цээж чагнахад амьсгал, зүрхний цохилтын тоо сонсогдохгүй, хүүхэн харааг гэрэл тусгаж шалгахад хоёр талд ижил хэмжээтээ өргөссөн, нас барсан гэдэг нь тодорхой байсан. Юу болсон талаар асуухад “гаднаас орж ирээд сандал дээр сууж байгаад татаад унахаар нь орон дээр хэвтүүлсэн” тухай гэрт байсан хоёр залуу ам уралдан ярьж байсан. Талийгаачийн зүүн эгэм болон хүзүүний орчим зулгарсан гэмээр улайсан, футболкыг нь сөхөж үзэхэд энгэр хэсэг нь урагдсан байдалтай, мөн өмссөн өмдний шуумаг орчим шавар болсон байсан. Зүүн хөхний 3-4 дүгээр хавирганы орчим хуучин хөхөрсөн сорви байх шиг байсан. ...” /1хх 118-119/,

 

гэрч Б.Заяагийн “... тэгээд гараад явсных нь дараа 20 орчим минут өнгөрч байхад Б, Адъяаг дагуулан дахин гаднаас орж ирсэн. Б надад хандан “Ганаагийн бие муу байна, та архи уугаагүй юм чинь эмнэлэг рүү миний машиныг бариад хүргээд өгөөч, Ганааг үзүүлэх гэсэн юм” гэж хэлсэн. ...Анх очоод харахад Ганаа машины арын суудал дээр сууж байсан, ямар нэгэн дуу чимээ гарахгүй байсан. Ингээд Адъяагийн гэрийн гадна ирэхэд Ганааг Адъяа хөлнөөс нь бариад Б цээжнээс нь тэврээд Адъяагийн гэр рүү аваад орсон. ...” /1хх 100-101/,

 

гэрч Т.Энхсайханы “... Баттулга өчигдөр Бгээр гэрийн гадаа хүргүүлж манай гэрт орж ирэхдээ “баларсаан” гэхээр нь түүнээс “юу болов хөгшөөн” гэж асуухад “Б нэг ахыг цохичихсон чинь нөгөө ах нь ухаан орохгүй байна, гайгүй байгаадаа, яадаг бол” гээд санаа нь зовоод байх шиг байсан. Баттулга бас ярихдаа “Б надад хэлэхдээ гайгүй, би өөрөө зохицуулна гэсэн” гэж ярьж байсан. ...  /1хх 136-137/,

 

Б.Бгийн мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны явцад өгсөн “... тэр үед хохирогч нилээн муудсан, хөл дээрээ ч тогтохгүй, юм ч ярьж чадахгүй байсан. Хохирогч бид хоёр тэр үед маргалдаж, зодолдсон зүйлгүй. Тэгээд бид 5 тэндээсээ хөдлөөд Тогос-Уулын овооны дэргэд очиж архи ууцгаасан. Тэгтэл Цэрэнбадам эгч талийгаачийг “өөр хүүхэнтэй явалдсан” гэсэн юм яриад тэр хоёр хоорондоо хэрэлдээд байсан. Тэгснээ Цэрэнбадам эгч “чи намайг өчнөөн жил доромжиллоо, одоо болоогүй юм уу, хужаад байхдаа хүртэл намайг доромжилсон биз дээ” гээд хэрэлдсэн чинь талийгаач толгойтой үснээс нь зулгаасан. Тэгтэл Цэрэнбадам эгч босоод талийгаачийг хоёр удаа өшиглөсөн. Талийгаач газарт унаад нилээд хэвтсэн бөгөөд Цэрэнбадам эгч уурлаад машинд суугаад өгсөн. ... Тэр үед талийгаач босохгүй, бид хоёрын араас ирэхгүй байсан. Тэгэхээр нь би “наадах чинь яасан юм бэ” гэсэн чинь Баттулга “босч ирэхгүй байна шүү дээ” гэхээр нь Баттулга бид талийгаачийг өргөөд машинд суулгахдаа Оюунбаяр эгчийн талаар ирээд “та бууж бай” гэж хэлээд талийгаачийг суулгасан. Тэр үед талийгаач нүд нь анивчаад зүгээр байсан. Тэгээд бид нар цаашаа уруудаад Тогос-Уулын ард руу машинтайгаа хэсэг зогсож байгаад бороо намдахаар нь хөдлөөд наашаа явж байсан чинь машин дотор гэнэт өмхий ханхлаад явчихсан. Тэгээд би “юу болов оо, наад хүн чинь зүгээр үү” гэсэн чинь “зүгээр зүгээр” гээд Цэрэнбадам эгч талийгаачийн толгой дээр нь суучихсан байхаар нь би “наад хүнийхээ толгой дээрээс дараад алчихаж байгаа юм биш биз дээ, наад хүнийхээ толгой дээрээс нь босооч” гэсэн чинь Цэрэнбадам эгч “энэ муу пиздаг яасан ч яадгийн” гэж хэлсэн. ... Тэгээд тэр айлд орох гэсэн чинь Адъяа ах талийгаачийг харснаа “яанаа гар нь хөрчихсөн байна шүү дээ” гэхээр нь би машинаасаа буугаад тойрч очоод гарыг нь барьж үзсэн чинь хөрчихсөн байсан. Тэгээд бид нар бүгдээрээ ярилцаад Баттулгыг “ахын дүү чи үлд” эрүүл жолооч олоод эмнэлэгт үзүүлье гээд яваад Заяа ахын гадаа очсон. Тэгээд Заяа ахад “хамаг бие гар нь хөрчихсөн байна, арай үхчихээгүй байгаа даа” гэж хэлсэн чинь Заяа ах “би хүргэж өгч чадахгүй, чи өөрөө эмнэлэгт хүргэж өг”, би харин машиныг нь аваад үлдье” гэсэн. Тэгэхээр нь буцаад Хэрлэнгийн 11 дүгээр гудамжны 9 тоот Адъяа ахын гадаа очоод талийгаачийг машинаас буулгаад гэрт оруулсан. Тэгээд Адъяа ахыг түргэн дуудаач гэсэн чинь утас унтарсан байна гэхээр нь би өөрийнхөө утсаар түргэн дуудсан. Түргэн ирээд “энэ хүн өнгөрчихсөн байна” гэж хэлсэн. Тэгээд Цэрэнбадам эгч гарахдаа “амьд нь амьдыгаа өмөөрнө шүү” гэж хэлээд гараад явсан. ...” /1хх 230-235, 3хх 17-42/,

 

Шинжээч эмч Б.Ганзоригийн “... Мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь ойролцоо нэг байрлалд байгаа гэмтлүүд юм. Ир үзүүртэй зүйлээр хатгагдах, зүсэгдэх, цавчигдах зэрэг шинж чанартай гэмтлүүд үүсдэг бол мохоо зүйлээр бяцрах, няцрах, тасрах, задрах зэрэг шинж чанартай гэмтлүүд үүсдэг. ...уг гэмтэл хүн богино богино хугацаанд цус алдаж нас барах аюултай байдаг.” /1хх 158-160/ гэсэн мэдүүлгүүд

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 17 дугаартай “Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр элэгний эдийн задрал, элэгний дээд, доод гадаргуу, элэг, өрцний холбоос, нарийн гэдэсний чацархай, хэвлийн ар хана, баруун 6, 7, 11, 12 дугаар хавирганы булчин зөөлөн эдийн цус хуралт, хэвлийн хөндий дэх шингэн цусан хураа, баруун доод зовхи, баруун мөр, суга, зүүн эгэмд зулгаралт, дээд уруулын дотор салст, зүүн суганд цус хуралт бүхий шинэ гэмтэл, дух зүүн шилбэнд хуучин зулгаралт, цээж, зүүн бугалгад хуучин цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэвлийн битүү гэмтэл элэгний эдийн няцрал, элэгний дээд гадаргуу, холбоос дагасан, элэгний үүдэвч хэсэг, нарийн гэдэсний чацархай, хэвлийн ар хана баруун 6, 7, 11, 12 дугаар хавирганы булчин зөөлөн эдийн цус хуралт, хэвлийн хөндий дэх шингэн цус хураа гэмтэл мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой дангаараа гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Баруун доод зовхи, баруун мөр, суга, зүүн эгэмд зулгаралт, дээд уруулын дотор салст, зүүн суганд цус хуралт бүхий шинэ гэмтэл, дух, зүүн шилбэнд хуучин зулгаралт, цээж зүүн бугалгад хуучин цус хуралт гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удуугийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, гэмтлүүд нь нийтдээ болон тус тусдаа эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Талийгаач нь хэвлийн битүү гэмтлийн улмаас цочмог цус алдаж нас баржээ. Цогцост хийсэн шинжилгээгээр үхэлд хүргэх өвчингүй байна. Шүүх химийн шинжилгээгээр О.Гын цусанд 3, промилл, ходоодны шингэнд 3,6 промилл, шээсэнд 3,1 промилл спиртийн зүйл илэрсэн нь хүнд зэргийн согтолтод хамаарна. Шүүх биологийн шинжилгээгээр О.Г нь АВ /IV/ бүлгийн цустай байна. 2020 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 13 цаг 00 минутын үзлэгээр нас бараад 16-20 цаг болсон байх боломжтой байна. Эмнэлгийн зохих тусламж үйлчилгээг үзүүлсэн ч амь нас аврагдах боломж бага байжээ. Нас барсны дараа цогцсыг нэгдсэн эмнэлгийн шарил хадгалах өрөө рүү зөөвөрлөсөн тул байршил өөрчлөгдсөн байна.” /1хх 146-150/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 3232 дугаартай “Шинжилгээнд цамцанд ханзралт шинээр, өмдөнд урагдалт, цооролт, сэмрэлт хуучин эдэлгээний явцад гарсан байна. Шинжилгээнд ирүүлсэн бусад хувцас гэмтэлгүй байна.”/1хх 169-170/,

 

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 742 дугаартай “Б.Б нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. Б.Б нь одоо хийж буй үйлдэл, эс үйлдлийнхээ учир холбогдлыг ойлгон, хариуцлага хүлээх, хэрэг хариуцах чадвартай байна. Б.Б нь үнэн зөвөөр мэдүүлэг өгөх чадвартай байна. ” /1хх 191-192/ гэсэн дүгнэлтүүд,

 

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 3-7/,

 

цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 17-24/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Б.Бг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Дээрх нотлох баримтуудаар гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, түүний сэдэлт, зорилго, гэм буруу хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ бүрэн нотлогджээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийжээ.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Бгийн хохирогч О.Гын дээрээс давхралдаж унахдаа цээжнийх нь орчимд зүүн гарын тохойгоороо тохойлдож унасны улмаас хэвлийн битүү гэмтэл, элэгний эдийн задрал, элэгний дээд гадаргуу, холбоос дагасан элэгний үүдэвч хэсэг, нарийн гэдэсний чацархай, хэвлийн ар хана, баруун 6, 7, 11, 12 дугаар хавирганы булчин зөөлөн эдийн цус хуралт, хэвлийн хөндий дэх шингэн цусан хураа бүхий хүнд гэмтэл учруулан амь насыг нь хохироосон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.

 

Мөн шүүгдэгч Б.Бд анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 11 жил 6 сарын хугацааны хорих ял оногдуулж, уг хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байх тул шүүгдэгч Б.Бгээс “... Хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой шалгуулах хүсэлтэй, ар гэрийн байдлыг минь харгалзан үзэж ял шийтгэлийг минь хөнгөрүүлж өгнө үү.  ...” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

 

Өөрөөр хэлбэл, шүүх гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлага, түүний үндэслэл, журам, нөхцөлийг хүндрүүлсэн буюу гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувьд сөрөг үр дагавартай Эрүүгийн хуулийн тодорхой хэм хэмжээг хэрэглээгүй байх тул шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Тэгшжаргалаас “... шүүгдэгчийг согтуу байхад мөн түүний бичиг үсэг мэдэхгүй зэрэг хувийн байдлыг бүрэн тогтоолгүйгээр мэдүүлэг авсан, холбогдох гэрчүүдийн согтуугаар өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлсэн, Б.Бгийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруугийн хэлбэр байхгүй ...” гэсэн утга бүхий давж заалдах гомдлууд гаргасныг хүлээн авах боломжгүй байна.

 

Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж гэм буруугийн хэлбэрийг тодорхойлжээ.

 

Хүнийг санаатай алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.

 

Тухайлбал амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан арга, ашигласан зэвсэг хэрэгслийн онцлог, учруулсан шарх гэмтлийн тоо, илэрсэн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл, гэмт хэрэгтэн, хохирогч нарын хоорондын харилцааны шинж чанар, түүний агуулга, гэмт хэрэг үйлдэж байх тухайн үеийн гэмт этгээдийн зан үйл зэрэг шинжүүд хамаардаг.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд, шүүгдэгч Б.Б нь хохирогч О.Гтай хувийн таарамжгүй харилцаанаас үүдэн муудалцаж, хохирогчийн өмсөж явсан цамцны захаас нь заамдан сэгсрэх, мөн нүүрэн тус газарт нь алгадах зэргээр зодож, хохирогч О.Гыг хөл алдан газарт унахад нь биеийн жингээр дээрээс нь давхралдан унаж, цээжнийх нь орчимд зүүн гарын тохойгоороо тохойлдсоны улмаас хэвлийн битүү гэмтэл учирч нас барсан үйл баримт хангалттай тогтоогдсоны гадна шүүгдэгч Б.Бгийн хохирогч О.Гын дээрээс унахдаа зүүн гараараа тохойлдсон үйлдэл, хохирогчид хэвлийн битүү гэмтэл учирч нас барсан хор уршиг хоёрын хооронд шууд шалтгаант холбоотой байна.

 

Мөн Багануур дүүргийн 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 135 дугаартай албан бичгээр шүүгдэгч Б.Бг 1995-1996 оны хичээлийн жилд 98 дугаар сургуулийн 2б ангид сурч байсан нь үнэн буюу бага боловсролтой /2хх 77-82/ болохыг тодорхойлсон байх бөгөөд 2020 оны 7 дугаар сарын 8-ны өдөр Б.Бгээс өмгөөлөгчгүйгээр гэрчийн мэдүүлэг авсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй, уг мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй, харин 2020 оны 7 дугаар сарын 16, 2020 оны 8 дугаар сарын 4-ний өдрүүдэд яллагдагчаар байцаагдахдаа өмгөөлөгч С.Тэгшжаргалтай оролцсон /1хх 230-235/ болох нь хэрэгт авагдсан тэмдэглэлээс харагдаж байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

 

Хэргийг судлахад, 2020 оны 7 дугаар сарын 8-ны орой 20-21 цагийн орчимд О.Г, Б.Б нар нь Ү.Баттулга, О.Оюунбаяр, Ч.Цэрэнбадам нартай хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхдаа хоорондоо маргалдсан бөгөөд тухайн үед шүүгдэгч Б.Б нь хохирогч О.Гыг заамдан сэгсэрч, алгадах зэргээр цохисон бөгөөд хохирогч О.Гыг хөл алдан газарт унахад нь шүүгдэгч Б.Б нь мөн давхралдан унаж, зүүн гарын тохойгоороо хэвлийн тус газарт нь тохойлдож унасан талаар гэрч Ү.Баттулгын “... тэр хоёр зууралдаж байхад Б.Б ах тэр ахыг гараараа сэгсрээд байсан чинь тэр ах хойшоо хөл алдаад газар унасан бөгөөд энэ үед Б.Б ах өөрийнхөө биеийн жингээр дээрээс нь унахдаа яг цээжнийх нь орчим зүүн тохойгоороо тохойлдож унасан ...” /1хх 103-104, 3хх 25-28/, гэрч Ч.Цэрэнбадамын “... Б Гыг машинаас татаж унагаагаад ноцолдоод байсан ...” /1хх 108-109/ нарын мэдүүлгүүд зөрүүгүй, гэрч нарын шүүх хуралдаанд өгч буй мэдүүлгүүд болсон үйл явдлын талаар агуулгын хувьд зөрүүгүй мэдүүлж байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн энэ талаар гаргасан гомдлыг мөн хүлээж авах боломжгүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч С.Тэгшжаргал нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 19ий өдрийн 2020/ШЦТ/115 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч С.Тэгшжаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                                    О.ЧУЛУУНЦЭЦЭГ

ШҮҮГЧ                                                                    Л.ДАРЬСҮРЭН

ШҮҮГЧ                                                                    Б.БАТЗОРИГ