Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 346

 

Д.Д, Л.Б, Х.Х

нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор М.Буяннэмэх, шүүгдэгч Д.Д-ийн өмгөөлөгч А.Ганбат, шүүгдэгч Л.Б-ын өмгөөлөгч Б.Тэнгис, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 390 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 472 дугаар магадлалтай, Д.Д, Л.Б, Х.Х нарт холбогдох  201626011140 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Д.Д-ийн өмгөөлөгч А.Ганбатын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1971 онд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, 1994 онд Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

1996 онд Эрүүгийн хуулийн 39 дүгээр зүйлийг журамлан, тусгай ангийн 125 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 8 жил хорих ял, өмнөх таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан хорих ялын зарим болох 1 жил хорих ялыг нэмж нэгтгэн 9 жил хорих ял,

1998 онд Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ял шийтгүүлж, өмнөх таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 9 жил хорих ялаас үлдсэн 4 жил 9 сар 26 хоног хорих ялыг нэмж нэгтгэн 5 жил 3 сар 26 хоног хорих ял,

2002 онд 1986 оны Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 40.000 төгрөгөөр торгох ял, 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял, Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн 3 жил хорих ял, Эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар өмнөх 191 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 9 сар 7 хоног хорих ялыг нэмж нэгтгэн 3 жил 9 сар 7 хоног хорих ял шийтгүүлж, 2006 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хугацаа дуусаж суллагдсан,

2007 онд Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 3 сар баривчлах ял, Эрүүгийн хуулийн 236 дугаар зүйлийн 236.1 дэх хэсэгт зааснаар 3 сар баривчлах ял, Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д зааснаар 7 жил 3 сар хорих ял, Эрүүгийн хуулийн 146 дугаар зүйлийн 146.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сар хорих ял тус тус шийтгүүлж, биечлэн эдлэх ялыг 8 жил 3 сар хорих ялаар тогтоон, 2013 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хугацаа дуусаж суллагдсан Б овогт Л-ийн Б.

2. Монгол Улсын иргэн, 1964 онд төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, 1994 онд Эрүүгийн хуулийн 90 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил хорих ял, Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял шийтгүүлж, нийт 6 жил хорих ял шийтгүүлж, 1998 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр эдлээгүй үлдсэн 1 жил 3 сар 28 хоног хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

2000 онд Эрүүгийн хуулийн 90 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 10 жил хорих ял,

2001 оны Эрүүгийн хуулийн 90 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил хорих ял, өмнөх 71а дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 7 жил 6 сар 29 хоног хорих ялын зарим болох 7 жил хорих ялыг нэмж нэгтгэн 10 жил хорих ял,

2004 онд Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 3 сар баривчлах ял шийтгүүлж, өмнөх таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 7 жил 7 сар 29 хоног хорих ялыг нэмж нэгтгэн 7 жил 10 сар 29 хоног хорих ял шийтгүүлж, 2008 оны 07 дугаар сарын 18-ны өдөр эдлээгүй үлдсэн 2 жил 2 сар 13 хоног хорих ялыг хугацааны өмнө тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

2009 онд Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 6 жил хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 жил хорих ялд өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 2 сар 13 хоног хорих ялын зарим болох 1 жил хорих ялыг нэмж нэгтгэн 7 жил хорих ял шийтгэж, 2015 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хорих ялын хугацаа дуусаж суллагдсан Б овогт Д-ийн Д.

3. Монгол Улсын иргэн, 1976 онд төрсөн, 41 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, 1992 онд Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ял шийтгүүлж, мөн хугацаагаар шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан,

1993 онд Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ял оногдуулж, өмнөх таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сар хорих ялаас заримыг буюу 1 жил хорих ялыг нэмж 2 жил хорих ял шийтгүүлсэн,

1993 онд Эрүүгийн хуулийн 112 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ялаар шийтгүүлж, өмнөх таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 2 жил хорих ялыг нэмж нэгтгэн 4 жил 6 сар хорих ял шийтгүүлж, 1995 оны 07 дугаар сарын 01-ний өдөр тэнсэн суллагдсан,

2001 онд Эрүүгийн хуулийн 125 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, өмнөх 214 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сар хорих ялаас 6 сар хорих ялыг нэмж нэгтгэн 2 жил 6 сар хорих ял шийтгүүлж, 2002 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хугацаа дуусаж суллагдсан,

2007 онд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 10 хоног хорих ял, Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгүүлж, 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдөр эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 24 хоног хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан Б овогт Х-ийн Х.

Л.Б-, Д.Д- нар нь бүлэглэж, 2016 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян-Уулын 15 дугаар гудамжны * тоот хашаанд хохирогч Л.А-ыг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж онц харгис хэрцгийгээр санаатай алсан,

Л.Б- нь Х.Х-тай бүлэглэн, 2016 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, *** тоотод байрлах Н.А-гийн гэрт нэвтэрч, “Элко” маркийн 32 инчийн зурагт хулгайлж, 260.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос шүүгдэгч Л.Б-, Д.Д- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.7-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, Л.Б-, Д.Д- нарыг хүнийг алах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр, бүлэглэж үйлдсэн, Л.Б-, Х.Х- нарыг хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Л.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.11-д зааснаар 15 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 2 жил хорих ял, шүүгдэгч Д.Д-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.11-д зааснаар 15 жил хорих ял, шүүгдэгч Х.Х-т 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Л.Б-т оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн, нийт хорих ялын хэмжээг 17 жилээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-, Д.Д- нарт оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад, шүүгдэгч Х.Х-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэх, Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б- 426 хоног, шүүгдэгч Д.Д- 522 хоног, шүүгдэгч Х.Х- 3 хоног цагдан хоригдсоныг тэдний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Л.Б-аас 2.774.000 төгрөг, Д.Д-аас 6.471.825 төгрөг, нийт 9.245.825 төгрөгийг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Х-д олгож, Л.Х-ын нэхэмжлэлээс 2.162.360  төгрөгийн хохирлыг хэрэгсэхгүй болгож, бусад зардлаа нотлох баримтуудаа хууль ёсны дагуу бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7, 2.11-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Л.Б-ын үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Д.Д-ийн үйлдлийг “Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй” гэсэн нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоолын 2 дахь заалтыг “Д.Д-ийг хүнийг алсан гэм буруутайд, Л.Б-, Х.Х- нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай” гэж, 3 дахь заалтыг “Д.Д-ид Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 15 жил хорих ял, Л.Б-, Х.Х- нарт 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих ял тус тус шийтгэсүгэй” гэж, 5 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д-ид оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад, шүүгдэгч Л.Б-, Х.Х- нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй” гэж, 7 дахь заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар Д.Д-аас 9.245.825 төгрөгийг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Х-д олгож, Л.Х-ын нэхэмжилсэн 2.162.360 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, бусад зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай” гэж тус тус өөрчилж, 9 дэх заалтын “Хэрэгт” гэсний өмнө “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар” гэж нэмэлт, өөрчлөлт тус тус оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтыг хүчингүй болгож, шүүгдэгч Д.Д-, түүний өмгөөлөгч А.Ганбат, шүүгдэгч Л.Б-, Х.Х- нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Д.Д-ийн өмгөөлөгч А.Ганбат гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Миний үйлчлүүлэгч Д.Д-ийг Л.А-ын амь насыг Л.Б-тай бүлэглэн хохироосон талаар эргэлзээгүйгээр нотолж чадаагүй, харин түүний хувийн байдалтай нь уялдуулан дүгнэж, хэт яллах талыг барьж мөрдөн шалгах ажиллагаа явагдсан. Л.Б- нь хохирогч Л.А-ыг хутгалж амь насыг нь хохироосон талаар мэдүүлээд байхад Д.Д-ийг оруулж яллаад байгаа нь харамсалтай. Гэрч Э.Б Д.Д-ийг “овоолсон шорооны хажууд хутга бариад зогсож байсныг харсан” гэдэг болохоос “хутгалсан” тухай зүйл огт мэдүүлээгүй. Гэрч Т.А “60 гаруй настай буурал толгойтой хүн “Баа” гэж дуудсан “энэ нь Л.Б-, Д.Д- нарыг хэлээд байх шиг байгаа юм. Гэтэл Д.Д-ид буурал үс байхгүй, сүүлийн 20 гаруй жил үс ургаагүй халзан толгойтой бөгөөд энэхүү мэдүүлгээр Д.Д-ийг Л.Б-тай бүлэглэж Л.А-ын амь насыг хохироосон талаар ямар ч гэрчилсэн зүйл байдаггүй. Гэрч М.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгт “нас барсан хүн байгаа талаар дуудлага авч хэргийн газрыг хамгаалж жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн” тухай л яригддаг. Гэтэл Э.Б, Т.А, М.Б нарын мэдүүлгийг үндэслэн Д.Д-ийг Л.Б-тай бүлэглэн Л.А-ын амь насыг онц харгис хэрцгий аргаар хохироосон гэж яллаад байгаа нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг мөрдөн байцаалтад буцаан гомдолд дурдагдсан асуудлуудыг нэг мөр тогтоож байж шийдвэрлэх нь зүйтэй” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Л.Б-ын өмгөөлөгч Б.Тэнгис хэлсэн саналдаа “...Л.Б- нь тухайн хэрэгт өөрийгөө гэм буруутай мэтээр тайлбарладаг бөгөөд тухайн тайлбарыг үндэслэж анхан шатны шүүх ял шийтгэл оногдуулсан. Яллагдагч нь өөрийгөө гэмт хэрэг үйлдсэн талаар мэдүүлсэн ч тухайн мэдүүлэг нь бусад нотлох баримтуудаар нотлогдож байвал яллах үндэслэл болно гэсэн заалтыг давж заалдах шатны шүүх зөв тайлбарласан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Прокурор М.Буяннэмэх хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Д.Д- нарт холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан байна. Энэ хэрэгт цугларсан нотлох баримтууд болох хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрч Э.Б-ы мэдүүлэг, талийгаачийн биед учирсан 1-2 удаагийн хутгалагдсан шарх гэмтлийг тогтоосон шинжээчийн дүгнэлт болон хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар Д.Д- нь тухайн гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон. Хэдийгээр Л.Б- нь би хохирогчийг хутгалж алсан гэж мэдүүлдэг боловч түүнийг мөрдөн шалгах явцад мөн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй, тухайн гэмт хэргийг үйлдэхэд хамжсан буюу бүлэглэсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Давж заалдах шатны шүүхээс Д.Д-ийн үйлдсэн гэмт хэргийг шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Иймд шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Д-ийн өмгөөлөгч А.Ганбатын гаргасан гомдлыг үндэслэн Д.Д-, Л.Б-, Х.Х- нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Л.Б-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7, 2.11-д заасан үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Д.Д-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, Д.Д-ийг хүнийг алсан гэм буруутайд, шүүгдэгч Л.Б, Х.Х нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарлах замаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөний улмаас шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх Л.А-ын амь насыг хохироосон хэргийг Л.Б, Д.Д нарыг бүлэглэн, онц харгис хэрцгийгээр үйлдсэн гэж дүгнэхдээ хэргийн үйл баримтын талаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хооронд нь харьцуулж оновчтой дүгнэж чадаагүй, хоорондоо зөрүүтэй баримтын аль нь бусад баримтуудтай уялдан бодит үнэн байдлыг илэрхийлж байгааг тогтоолгүйгээр, Л.Б, Д.Д нарыг бүлэглэж уг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй, буруу дүгнэлт хийсэн байна.

Харин давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтуудад үндэслэн, шүүгдэгч нартай нэгдмэл сонирхолтой байж болзошгүй болон бодит зүйлийг зөв гэрчлэн мэдүүлж болох гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг, шүүгдэгч нарын зан харьцаа, хувийн харилцааны түүх зэргийг тал бүрээс нь хянаж, хэрэг үйлдсэн гэх шүүгдэгч Л.Б-ын мэдүүлэг нь хэргийн жинхэнэ байдалд нийцэхгүй худал мэдээлэл агуулсан гэж дүгнэн улмаар хэргийн бусад нөхцөл байдалтай харьцуулан шинжилсний үндсэн дээр шүүгдэгч Д.Д нь Л.А-ын амь насыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хохироосон үйл баримтыг тогтоосон хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэжээ.

Тодруулбал, шүүх нотлох баримтыг үнэлэхдээ тэдгээрийн ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдалд дүгнэлт хийж, нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах замаар харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдийн мэдүүлгийг эрх зүйн ухамсар, логик эргэцүүлэлд тулгуурлан үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг сэргээн тогтоодог болно.

Хяналтын шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэн, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дүгнэж үзвэл шүүгдэгч нарын гэм бурууг үгүйсгэх, давж заалдах шатны шүүхийн тогтоосон хэргийн үйл баримтыг өөрчлөх, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтыг няцаах эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Д.Д-ийн өмгөөлөгч А.Ганбатын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан магадлалыг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 472 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Д-ийн өмгөөлөгч А.Ганбатын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

             ШҮҮГЧ                                                      Б.БАТЦЭРЭН

                                                                              Д.ГАНЗОРИГ

                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                             Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН