Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 221/МА2017/0258

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Болор, түүний өмгөөлөгч Б.Баднайсүрэн, хариуцагч Орхонтуул сумын Засаг дарга П.Батбаатар, түүний өмгөөлөгч Л.Пүрэвлхам нарыг оролцуулан, Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 04 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлоор “Хурай” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг дарга нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 04 дүгээр шийдвэрээр: ”Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2002 оны/ 9 дүгээр зүйлийн 9.1.9, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 25 дугаар зүйлийн 25.1, Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, сумын Засаг дарга нарт холбогдуулж гаргасан нэхэмжлэлийн “Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 48 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 48 дугаар тогтоол илт хууль бус, “Хурай” ХХК-ийн хайгуулын 14487Х, 14488Х тоот лицензүүдийн Байгаль орчны менежментийн 2015 оны төлөвлөгөөг батлахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тус тус тогтоож, “Хурай” ХХК-ний 2015 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг даргад даалгаж,

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Орхонтуул сумын Засаг даргын Тамгын газраас улсын тэмдэгтийн хураамжид тус бүр 35100 төгрөг, нийт 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож” шийдвэрлэжээ.

Хариуцагч Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг дарга нар давж заалдах гомдолдоо: “Нэхэмжлэгч “Хурай” ХХК нь Байгаль хамгаалах төлөвлөгөө гэж 3 нүүр хуудас материал өгсөн бөгөөд уг материал нь шаардлага хангахгүй байсан тул Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 26.1 буюу “Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга нь харьяалах нутаг дэвсгэртээ төрийн удирдлагыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий Засаг төрийн төлөөлөгч мөн”-ыг заасныг удирдлага болгон мөн хуулийн 29.1.3 “н”, Ашигт малтмалын тухай хуулийн 12.1, 12.1.1, 12.1.2, 22.1, 22.1.3 дугаар заалтуудын хүрээнд “Хурай” ХХК-ийн эзэмшиж байгаа 14487Х, 14488Х тоот лицензүүдийн байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг батлах боломжгүй гэж үзсэн бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 22.1-д зааснаар хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараах бичиг баримтыг хавсаргана, мөн хуулийн 22.1.3-д байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт гэж заасныг болон нэхэмжлэгч “Хурай” ХХК-аас 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр албан тоотоор хандсаныг нэгэнт Ашигт малтмалын тухай хуулийн 22.1 дэх заалтыг зөрчсөн учир хүлээн авах боломжгүй гэж үзсэн.

2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс тус сумын Засаг даргын Тамгын газрын бичиг хэргээр дамжин “Хурай” ХХК-аас 2015 он байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөг батлуулах тухай хүсэлт ирээгүй. Тус компанийн 14487Х, 14488Х лицензүүдийн дуусах хугацаа нь 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр учир хуулийн хугацаанаас өмнө төлөвлөгөө батлуулах санал ирээгүй учир хүлээн авах боломжгүй байсан.

... Хариуцагчийн зүгээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах, хэргийн бодит байдлыг тогтооход эрх зүйн туслалцаа авахаар өмгөөлөгч оролцуулах хүсэлтийг шүүхэд гаргасан болно. Хариуцагч нарын өмгөөлөгч шүүх хуралдаан давхацсан, зохих хугацаагаар хойшлуулах хүсэлтийг шүүхэд холбогдох нотлох баримтын хамт гаргасан боловч шүүх хэт нэг талыг барьж хүсэлтийг хүлээн авалгүйгээр хариуцагч бидний эрх зүйн туслалцаа авах эрхийг хаан боогдуулсанд маш их гомдолтой байна.

Иймд Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 04 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянан шийдвэрлэлээ.

Нэг. “Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 48 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч “Хурай” ХХК нэхэмжлэлийн шаардлагаа иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 48 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах гэж тодорхойлсонтой холбогдуулж шүүх тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Захиргааны шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, 2016 оны 07 дугаар сарын 01-нээс мөрдсөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулах үүрэгтэй.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа гаргаж байх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай /2002 оны/ хуулийн 9 дүгээр зүйлд захиргааны акт илт хууль бус байх нөхцөлүүдийг тодорхойлсон бөгөөд “Хурай” ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ тэдгээрээс дурдаагүй байна.

Илт хууль бус захиргааны акт нь гарсан үеэсээ үйлчлэлгүй, өөрөөр хэлбэл, ямар нэг эрх зүйн үр дагаварт хүргэдэггүй учир захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагыг, захиргааны актыг хүчингүй болгуулах шаардлагын хамт гаргах боломжгүй.

Харин захиргааны актыг хүчингүй болгох тухай шаардлагыг нэхэмжлэгч этгээд өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл илт хууль бус болох нөхцөл агуулаагүй акттай холбогдуулж эрх зүйн зөрчилтэй гэж үзсэн актад холбогдуулж гаргах боломжтой.

Өөрөөр хэлбэл, захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох, хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагуудыг давхар гаргах, тухайн шаардлагыг шүүх хүлээн авч хамтатган шийдвэрлэх боломжгүй.

Нэхэмжлэгч “Хурай” ХХК-ийн тухайд Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Баянцогтын 2 дугаар багийн “Цагаан гозгор” гэдэг газарт ашигт малтмалын ашиглалтын 000201А, 007978А дугаар, ашигт малтмалын хайгуулын 14488X, 14487X дугаар тусгай зөвшөөрлүүдийг тус тус эзэмшин 2014 оны 10 дугаар сарын 05-ныг хүртэл үйл ажиллагаагаа явуулж байсантайгаа холбогдуулж, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн “Санал уламжлах тухай” 48 дугаар тогтоолыг эс зөвшөөрч дээрх нэхэмжлэлийг гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “манай компанийг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэлгүй, нэг гаргасан зөрчлөө удаа дараалан гаргаж, сум, орон нутгийн удирдлага, хууль сахиулах, хяналт тавих эрх бүхий албан тушаалтнуудын тавьсан шаардлагыг биелүүлэхгүй байгаа мэтээр үзэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй” гэж тодорхойлжээ.

Эндээс нэхэмжлэгч “Хурай” ХХК-ийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын маргаан бүхий тогтоолыг зөрчилтэй захиргааны акт гэж үзэн хүчингүй болгуулахаар шаардсан гэж үзэхээр байна.

Анхан шатны шүүх энэ талаар тодруулж дүгнээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдаа боловч энэ нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох хэмжээний алдаа болохооргүй байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2. “з” /нутаг дэвсгэрийнхээ газрыг зүй зохистой ашиглах, үржил шимийг нь дээшлүүлэх, байгаль орчныг хамгаалах бусад арга хэмжээний цогцолбор хөтөлбөрийг батлах/, 18.1.2. “л” /тухайн нутаг дэвсгэр дэх аж ахуйн нэгж, байгууллагаас хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төсөл, арга хэмжээ нь хүн ам, мал, амьтны эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхээр бол энэ тухай Засаг даргын мэдээллийг хэлэлцэж шийдвэр гаргах, шаардлагатай бол хууль тогтоомжид нийцүүлэн журам тогтоож мөрдүүлэх/, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 /тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан/-д зааснаар Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нутаг дэвсгэрийнхээ газрыг зүй зохистой ашиглах, байгаль орчныг хамгаалах арга хэмжээний хөтөлбөрийг батлах, ашигт малтмалын үйл ажиллагаа эрхлэгч нь байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг Байгаль орчин, ногоон хөгжлийн яаманд гаргах эрх хэмжээтэй байна.

Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 85.7 хувийн ирцтэйгээр хуралдаж, багийн иргэдийн Нийтийн хурлаас ирүүлсэн “Хурай” ХХК-ийн үйл ажиллагаа байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байгаа нөлөөллийн талаарх саналыг хэлэлцүүлж, улмаар Хурлын Төлөөлөгчдийн 94.4 хувийн саналаар Байгаль орчин, ногоон хөгжлийн яаманд санал уламжлахаар шийдвэрлэсэн нь тус хуралдааны тэмдэглэлд тодорхой тусгагджээ.

Үүнээс үзвэл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж 2014 оны 48 дугаар тогтоолыг гаргасан нь тогтоогдсон байтал анхан шатны шүүх иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэлэлцсэн асуудлаараа “Хурлын тогтоол” гаргах байтал “Тэргүүлэгчдийн тогтоол” гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /2002 оны/ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.9 /захиргааны акт өөр бусад байдлаар холбогдох хууль зөрчсөн/-д хамааруулж захиргааны актыг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан агуулгаар шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

Харин дээрх нөхцөл байдлуудаас үзвэл хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд маргаан бүхий захиргааны актыг гаргасан Орхонтуул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 48 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах “Хурай” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

Энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэлт өгч чадаагүй байна.

Хоёр. “Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг даргын “Хурай” ХХК-ийн хайгуулын 14487Х, 14488Х дугаар лицензүүдийн Байгаль орчны менежментийн 2015 оны төлөвлөгөөг батлахгүй байгаа эс үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, уг төлөвлөгөөг батлахыг даалгах” шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч компани Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Баянцогтын 2 дугаар багийн “Цагаан гозгор” гэдэг газарт ашигт малтмалын ашиглалтын 000201А, 007978А, ашигт малтмалын хайгуулын 14488X ,14487X дугаар тусгай зөвшөөрлүүдийн дагуу 2014 оны 10 дугаар сарын 05-ныг хүртэл үйл ажиллагаагаа явуулж ирсэн нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байна.

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын даргын 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1/69 дүгээр албан бичгээс үзвэл “Хурай” ХХК нь үйл ажиллагаа явуулахдаа уулын ажлын төлөвлөгөөгүй, байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөгүй, ус ашиглах дүгнэлтгүй, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгүй зэрэг зөрчлийг гаргасан байлаа ч тэр нь хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэлд хамаарахгүй, мөн тухайн компанийн уулын ажлын төлөвлөгөө, байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, ус ашиглах дүгнэлт, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ зэргийг тухай бүр батлуулж байсан талаар Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг даргад мэдэгдэж байжээ.

Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээд Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.3 /энэ хуулийн 38.1.1-д заасан төлөвлөгөөг тухайн хайгуулын талбай байрших сум, дүүргийн Засаг даргад хүргүүлж батлуулах/-д зааснаар байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар сумын Засаг даргад хүргүүлсэн тохиолдолд сумын Засаг дарга хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 /Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 38.1.3, 38.1.6-д зааснаар төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаасаа хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ/-т зааснаар 10 хоногийн дотор хянан батлах үүрэгтэй, харин ийнхүү төлөвлөгөөг батлахад тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 /Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараахь баримт бичгийг хавсаргана/-д заасан хугацаанд хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллага буюу Ашигт малтмалын газарт гаргаж чадсан эсэх нь сумын Засаг даргад хамааралгүй бөгөөд тухайн асуудлыг хугацаа хэтрүүлсэн эсэхтэй холбоотой шийдвэр гаргах бүрэн эрх нь Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст байна.

Хэрэгт авагдсан баримтуудаар “Хурай” ХХК Байгаль орчны менежментийн 2015 оны төлөвлөгөөг батлуулахаар Орхонтуул сумын Засаг даргад хүргүүлсэн нь тогтоогдсон, өөрөөр хэлбэл, уг төлөвлөгөөг хүлээн аваад хариуцагч Сэлэнгэ аймгийн Засаг дарга С.Эрдэнэбаяр 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 1/321 дүгээр албан бичгээр “Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөтэй танилцаад ... байгаль хамгаалах төлөвлөгөөг батлах боломжгүй” талаар “Хурай” ХХК-д мэдэгдсэн нь үүнийг нотолж байна.

Дээрх мэдэгдлээс харвал хариуцагч тухайн төлөвлөгөөг батлахаас “бүрдэл дутуу” үндэслэлээр бус төлөвлөгөөг батлахтай холбоогүй асуудлуудыг үндэслэн татгалзсан нь хуулийн дээр дурдсан заалтад нийцэхгүй байна.

Эндээс үзвэл “Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлах хүсэлт ирээгүй” гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

Иймд хариуцагч Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, “Хурай” ХХК-ийн Хайгуулын 14487Х, 14488Х дугаар лицензүүдийн Байгаль орчны менежментийн 2015 оны төлөвлөгөөг батлахыг Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй.

Анхан шатны шүүх хариуцагчийн өмгөөллийн туслалцаа авах хуульд заасан эрхийг хангаж, шүүх хуралдааныг хойшлуулсан, улмаар хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдааны товыг мэдсэн атлаа хүндэтгэн үзэх шалтгаанаа нотолсон нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй тул энэ талаар “өмгөөллийн туслалцаа авах эрхийг хангаагүй” гэх хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

Дээрх нөхцөл байдлаас дүгнэвэл анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын давж заалдах гомдлыг хангахаар шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 04 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2. л, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Хурай” ХХК-ийн “Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 48 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг баримтлан Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг даргын “Хурай” ХХК-ийн хайгуулын 14487Х, 14488Х дугаар лицензүүдийн Байгаль орчны менежментийн 2015 оны төлөвлөгөөг батлахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, уг төлөвлөгөөг батлахыг Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг даргад даалгасугай” гэж, Тогтоох хэсгийн 2 дахь заалтаас “Орхонтуул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал”, “тус бүр 35100 төгрөг, нийт” гэснийг хасч, шүүхийн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын давж заалдах гомдлыг хангасугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 44 дүгээр зүйлийн 44.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нараас давж заалдах гомдол гаргахдаа тус бүр төлсөн 35.100 төгрөгийг тэдэнд буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

                      ШҮҮГЧ                                                  Д.БААТАРХҮҮ

                      ШҮҮГЧ                                                  Ц.ЦОГТ

                      ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР