Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 182/ШШ2017/01244

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 31 өдөр           Дугаар 182/ШШ2017/01244         Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б.У-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Л.Б,

 

Хариуцагч: Б.Б нарт холбогдох, 

 

“Амралтын газар худалдан авахад зориулсан 10,000,000 төгрөг, ахуйн хэрэглээний материал авахад зарцуулсан 3,000,000 төгрөг, нийт 13,000,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б, хариуцагч Л.Б, түүний өмгөөлөгч Ц.Б, хариуцагч Б.Б, түүний өмгөөлөгч Ш.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Цэвэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.У шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2014 оны 02 дугаар сард хүргэн ах Б.Б нөхөр бид 2-той уулзаад Мойлтын тохойны орчимд амралтын газар байна, хамтарч амралтын газар худалдаж аваад, бүх зардлаа 50, 50 хувиар хувааж гаргаад, хамтран эзэмшихээр худалдаж авахаа тохирсон. Б.Б ах, түүний эхнэр, бид нар Л.Б гэдэг хүний амралтын газартай очиж, танилцаад үзсэн. Очиж үзэхэд амралтын газрын хашаа нь маш том, гэртэй байсан. Амралтын газар, гэрүүдийг нь үзээд амралтын газрыг авахаар тохиролцоод явсан. 2014 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр манай нөхөр утасдсан. Би Налайх дүүрэгт байна, Б.Б ахтай, Л.Б нартай хамт байна, амралтын газрын эрхийн бичиг гаргаж өгөхөд 10,000,000 төгрөг өг гэж байна гээд эхлээд 5,000,000 төгрөг шилжүүлчих гээд би 5,000,000 төгрөг шилжүүлсэн. Дараа нь дахин утастаад 5,000,000 төгрөгийг цаг гаруй зайтай нийт 10,000,000 төгрөг шилжүүлсэн. Мөнгө өгч авахад нь хамт байсан үгүйг нь хараагүй гэсэн. Газрын асуудал дээр маргаан гарч худалдаж авахаа больсон. 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр өвчний учир манай нөхөр нас барсан. Энэ хүмүүсээс удаа дараа мөнгөө авахаар утастаж, шаардсан боловч миний мөнгийг өгөөгүй. Би Налайх дүүргийн Цагдаагийн газарт өргөдөл гаргахад эрүүгийн хэрэг үүсгэх боломжгүй, иргэний журмаар шийдвэрлүүлэх тухай албан бичиг өгсөн. Би амралтын газар худалдаж авахад өгсөн 10,000,000 төгрөг, гэр ахуйн хэрэглэл авахад өгсөн 3,000,000 төгрөгөө нэхэмжилж байна. Амралтын газар хамтарч авна гээд урьдчилгаанд өгнө гэсэн 10,000,000 төгрөгийг Л.Бид өгсөн мөнгөө буцааж авахаар шаардаж байна.

Тухайн үед Б.Б, Л.Б нар нь Г.Дашнямын нэр дээр газрын гэрчилгээ гаргана, худалдах, худалдан авах гэрээ хийгдэнэ гэж ойлгуулаад 10,000,000 төгрөгийг авсан байдаг. 10,000,000 төгрөгөөр худалдаж авна гээд шилжүүлсэн. Г.Дашнямын нэр дээр гэрчилгээ гараагүй тул нэхэмжилж байна. Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн гэж үзэж байна. Тухайн үед тэгж ойлгуулсан мөртлөө Г.Дашнямын нэр дээр гаргаж өгнө гэсэн мөртлөө гэрчилгээг түүний нэр дээр гаргаагүй байдаг

Гэрийн хувьд манай нөхөр таньдаг хүнээсээ авсан. Гэр авсан хүндээ 1,000,000 төгрөгийг өгсөн. Үлдсэн 500,000 төгрөгийг өгөөгүй байгаа. Хөнжил гудас, гэрийн бүрээс, амралтын газрын ахуйн хэрэглэлүүд авсан. Гэрийн мөнгө бол тусдаа мөнгө юм. Гэр авахгүй. 3,000,000 төгрөгөө бүтнээр нь авна. Л.Бийн хувьд мөнгө өгөхийн хувьд мөнгө өгсөн. Бэлнээр авч өгсөн байхад аваагүй гэж байгааг ойлгохгүй байна. Нөхөр надад хэлэхдээ газрын бичиг гаргах гэж байна, газар томруулна гэж байна, урьдчилгаа мөнгө өгөх гээд байна гэж хэлсэн” гэв.

 

Хариуцагч Л.Б шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би Мөнхөдбадамлах гэдэг амралтын газрыг 2006 онд хамтран эзэмшигч н.Тунгалагийн хамт 15,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалттай байгуулсан. Амралт, сувиллын зориулалттай 2006 онд Налайх дүүргийн Засаг даргын захирамжаар 4000 м.кв газар эзэмшүүлэх зөвшөөрөлтэй авсан. Дээр нь 200 м.кв талбайтай барилга барьсан. 7 гэртэй, 40 ортой сувилал байгуулсан. 2013 онд Б.Б манай амралтад ирж амрахдаа анх танилцсан. Энэ хүний зуслан нь манай амралтын газрын ойролцоо байдаг. Би өөрөө Төрийн албанд ажилладаг учир хөрөнгө оруулагч, эзэмшигч байж, үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй байсан, зарсан ч яахав гэдэг зүйл яригдсан. 2013 оны өвлөөс худалдаж авах талаар яриа гарч Б.Б эхнэртэйгээ ажил дээр, манай амралт дээр ирээд худалдаж авахаар ярилцсан. 4 дүгээр сард манай амралтын газрыг ирж үзсэн. Б.Б, Г.Дашням нар нь үзэж хараад худалдаж авахаар тохирсон. Б.Уыг ирснийг санахгүй байгаа. Амралтын газрыг үзээд худалдаж авахаар тохирч, Б.Бтэй гэрээ байгуулсан. Энэ үед газрыг том гэж худлаа ярьсан зүйл байхгүй. Гэрчилгээ дээр 4000 м.кв гэж байгаа. Газрыг томруулах боломжтой, энэ асуудал дээр тусалъя гэж хэлсэн. Энэ газрыг дүүтэйгээ хамтарч ажиллуулах гэж байгаа гэж хэлж байсан. Гэхдээ яг гэрээ хийхэд Г.Дашнямыг шууд оролцуулж хийгээгүй. Гүйцэтгэх захирлын эрхийг Б.Бд шилжүүлж өгөхөөр болсон. 4000 м.кв газрын хөрөнгө зарцуулах эрхийг түүнд шилжүүлэхээр болсон. Газрын гэрчилгээ шилжиж гарч ирсний дараа газрыг томруулах ажлыг хамтарч хийхээр болж, үлдсэн 110,000,000 төгрөгийг шилжүүлсний дараа компанийн хувьцааг шилжүүлж өгөхөөр гэрээ байгуулсан. Газрын гэрчилгээ 07 сард гарсан. 10,000,000 төгрөгийн урьдчилгааг Б.Бгээс би авсан. Г.Дашнямаас аваагүй. Г.Дашнямаас яаж авсныг би мэдэхгүй. Тухайн үед мөнгөө бүрэн өгсний дараа хувьцааг шилжүүлэхээр гэрээг хийсэн. Компанийн бүх гэр, хөрөнгө, гэрчилгээг Б.Бд хүлээлгэж өгсөн. 07 сард гэрчилгээ гараад газрыг томруулах асуудал дээр хамтарч хөөцөлдөнө гэж ойлгосон. Гэрчилгээг компанийн нэр дээр биш, Б.Бгийн нэр дээр гаргасан. Гүйцэтгэх захирал солигдсон учир Б.Б гэж ойлгогдож байгаа боловч компани дээр гарах ёстой байсан. Газрын гэрчилгээ, компанийн гэрчилгээг одоо болтол өгдөггүй. 2014 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хийсэн гэрээ дээр газар томруулахаар газрын гэрчилгээ өгсөн бол би хөөцөлдөх байсан. 12-ны өдөр нотлох баримт өгөхөд гарын үсэг минийх биш байна гэж хэлсэн. Тэр өдөр гэрээ хийж байхдаа гараараа зурсан гарын үсэг мөн. Криминалистикийн шинжилгээ хийхэд нотлогдоно. Гэрээг зөрчөөд компанийн эд хөрөнгийг 3 жил ашигласан байж дүүгээс нь мөнгө авсан юм шиг надаас мөнгө нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Гэрийг ашиглаж байдаг. Энэ компанид 10,000,000 төгрөгийн хөрөнгө зарцуулсан гэж байна. Энэ мөнгийг яаж зарцуулсан гэдгийг мэдэхгүй. Би бүх хөрөнгөө хүлээлгэж өгсөн. 2 жил амралтын газар ажиллуулсан. Гэрийг нь өөр газар аваачиж бариад ажиллуулж байдаг. Г.Дашнямаас мөнгө авсан зүйл байхгүй. Энэ хоёрын хооронд ямар асуудал болсныг мэдэхгүй байна. Б.Бд холбогдуулж дахин шүүхэд нэхэмжлэл гаргах бодолтой байгаа” гэв.

 

Хариуцагч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Л.Бийн амралтын газартай ойролцоо манай зуслангийн газар байдаг. Мойлтын тохойн амралтын газар байна гээд дүүтэйгээ хамтарч ажиллахаар болсон. Б.У, түүний нөхөр, би, эхнэртэйгээ очиж үзсэн. Л.Б газраа дагуулж явж үзүүлсэн. Энэ зураг дээрээс үзүүлсэн. Анх үнээ хэлэхдээ 170,000,000 төгрөг гэж байсан. Манай дүү 155,000,000 төгрөгт өгчих гэж хэлсэн. Л.Б тохирсон гээд дагуулаад явсан. 1,8 га газар байгаа юм бол авна гэж ярилцсан. Компаниа шилжүүлнэ, хэн нь захирал нь болох юм бэ гэсэн. Манай дүү компанийн захирал болохгүй, би өөрөө машин засдаг, та бол гэсэн. Улсын бүртгэл дээр очиж нэг хүнтэй уулзаад миний нэр дээр болгосон. Налайхад очсон. Газрын хэмжээг тодруулахад 1,8 га биш, 4000 м.кв газар байсан. Ийм бага газар бол наймаагаа буцаая гэж гэхэд наймаа буцахгүй гэсэн. Л.Б 10,000,000 төгрөг өгчих,  газрын алба, Засаг даргын орлогч нартай ярилцаж байгаад 7 хоногийн дотор газрыг томруулж өгнө гэсэн. Манай дүү, би, Л.Б бид 3 хамт байсан. Манай дүү эхнэр Б.У руу яриад мөнгө шилжүүлж авсан. Эхний 5,000,000 төгрөгийг банканд байж байгаад өгсөн. Дараагийн 5,000,000 төгрөгийг бэлнээр машин дотор тоолж өгсөн. Энэ бол урьдчилгаа биш, газар томруулна гэж өгсөн. Газрыг нь томруулаагүй. 2014 оны 12 дугаар сарын 19-ны өдөр гэрчилгээ гарсан. Би 13,000,000 төгрөг, дүү 3,000,000 төгрөгөөр амралтын газрыг тохижуулсан. Дүү бид 2 ярилцаж байгаад зочид буудлын зураг хүртэл гаргасан. Тэр зун нь Л.Б утсаа авахгүй алга болсон. Манай дүү бид  хоёр 10,000,000 төгрөгөө буцааж авах гээд нэхэхэд хүүхдийн бие муу байгаа гэж хэлээд өдийг хүрсэн. Урьдчилгаа гэж өгсөн мөнгө биш, газар томруулах гэж өгсөн мөнгө. Одоог хүртэл газар томруулахыг хүлээж байна. Газар нь бид 2-ын нэр дээр биш, н.Тунгалаг гэдэг хүний нэр дээр байдаг. Газрыг томруулаад авчихвал цаашид өөр үйл ажиллагаа явуулна гэж хүлээж байсан. Тэр жил Л.Бид үзүүлэх гэж гэрийг нь бариатай өнжүүлсэн. Дараа жил нь гэрүүдийг нь харах хүнгүй болохоор хадам эгчээрээ цалин өгч харуулж байгаа. Тэр намар нь хураагаад өөр газар зуслангийн байшиндаа хураасан байгаа. Л.Бийг амралтаа буцааж ав гэж хэлсэн. Манай дүү нас бараад, газар нь  ч томрохгүй байгаа. Гэрчилгээ нь миний нэр дээр гарсан. Би гэрчилгээг нь буцааж өгөх гэхээр 10,000,000 төгрөг аваагүй байгаа болохоор буцааж өгөх боломжгүй байна.

Амралтын газрыг засахаар болж би 13,000,000 төгрөг гаргасан. Дүү 3,000,000 төгрөг гаргасан. Тухайн үед хөнжил, гудас авсан. 1,500,000 төгрөгийг бэлнээр өгөхөд татгалзах зүйлгүй. 1,500,000 төгрөгөөр авсан гэр нь байгаа. Тэр гэрийг нь өгнө” гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

             ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.У нь хариуцагч Л.Б, Б.Б нарт холбогдуулан “Амралтын газар худалдан авахад зориулсан 10,000,000 төгрөг, ахуйн хэрэглээний материал авахад зарцуулсан 3,000,000 төгрөг, нийт 13,000,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч Б.У хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу шүүх хуралдаанд “13,000,000 төгрөгийн нэхэмжлэлээсээ 3,000,000 төгрөгийг Б.Бгээс нэхэмжилж, үлдэх 10,000,000 төгрөгийг Б.Б, Л.Б нараас нэхэмжилж байна” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан болохыг дурдах нь зүйтэй.

 

Хариуцагч талууд нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсантай холбоотойгоор шүүх хуралдааны явцад мэтгэлцэж, шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлтийг гаргасан болно.

 

1.Амралтын газар худалдан авахад зориулсан 10,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлагын талаар:

 

Нэхэмжлэгч Б.У нь Г.Дашнямтай 2000 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр гэр бүл болсныг гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлсэн байх бөгөөд Г.Дашням нь 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр нас барсан, нэхэмжлэгч Б.У нь Г.Дашнямын бусдаас авах авлага, иргэний шүүхээр нэхэмжлэх эрхийг Өвлөх эрхийн 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 30 дугаартай гэрчилгээний үндсэн дээр өвлөгч болсон болох нь хэрэгт авагдсан 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, Г.Дашнямын нас барсны бүртгэлийн гэрчилгээ, Баянгол тойргийн нотариатын 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Өвлөх эрхийн гэрчилгээ зэргээр нотлогдож байна.

 

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх нь хууль ёсны өвлөгч байх бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй байна гэж заажээ.

 

Б.У нь нас барагч Г.Дашнямын эхнэр мөн эсэх талаар маргаагүй байгаа тохиолдолд дээр дурдсан хуульд зааснаар Б.У нь Г.Дашнямын хууль ёсны өв залгамжлагч юм.

 

Б.Б нь Л.Б, С.Тунгалаг нартай 2014 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр “Компанийн хувьцаа болон үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ” байгуулсан байх бөгөөд уг гэрээгээр 9011072026 улсын бүртгэлийн дугаартай “Мөнхөд Бадамлах” ХХК-ийн хувьцааг Б.Бд 15,120,000 төгрөгөөр худалдах, 200 м.кв палкан байшинг 100,000,000 төгрөгөөр худалдах, гүний худгийг 4,880,000 төгрөгөөр худалдах, нийт 120,000,000 төгрөгөөр эзэмшил газар, компанийн хамт Б.Бд худалдахаар талууд харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан 2014 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн “Компанийн хувьцаа болон үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ” болон зохигчдын шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

 

Дээрх гэрээний дагуу 2014 оны 05 дугаар сарын 07-ны өдөр С.Тунгалаг нь  Б.Бтэй “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ” байгуулсан байх бөгөөд эрх шилжүүлэгч тал өөрийн эзэмшилд байгаа Налайх дүүрэг 1 дүгээр хороо, Туул голын модон гүүрний баруун талд байрлах 4000 ам дөрвөлжин метр талбай бүхий газрыг эрх шилүүлэн авагчид үнэ төлбөргүй шилжүүлэхээр тохиролцсоны дагуу Налайх дүүргийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” А/278 дугаар захирамж, түүний хавсралтаар “Мөнхөд бадамлах” ХХК-ийн 4000 м.кв талбай бүхий эзэмших эрхийн гэрчилгээний нэрийг Б.Бгийн нэр дээр шилжүүлсэн болох нь 2014 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, Налайх дүүргийн Засаг даргын 2014 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн А/278 дугаар захирамж, хавсралт, Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 000523100 дугаартай гэрчилгээ зэргээр нотлогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т ”зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй”, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй” гэж  тус тус зохицуулжээ.

 

Зохигчид эдгээр эрх, үүргийн дагуу нотлох баримтыг өөрсдөө гаргаж өгөх, цуглуулах үүргийг хүлээдэг.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Мойлтын тохойны орчимд амралтын газар худалдаж аваад, бүх зардлаа 50, 50 хувиар хувааж гаргаад, хамтран эзэмшихээр худалдаж авахаар тохирсон. ... амралтын газрын эрхийн бичиг гаргаж өгөхөд 10,000,000 төгрөг хэрэгтэй байна гэсний дагуу 10,000,000 төгрөг шилжүүлсэн.

Тухайн үед Б.Б, Л.Б нар нь Г.Дашнямын нэр дээр газрын гэрчилгээ гаргана, худалдах, худалдан авах гэрээ хийгдэнэ гэж ойлгуулаад 10,000,000 төгрөгийг авсан байдаг. Г.Дашнямын нэр дээр гэрчилгээ гараагүй тул нэхэмжилж байна...” гэж тайлбарлажээ.

 

Хариуцагч Л.Б нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “...Амралт, сувиллын зориулалттай 200 м.кв талбайтай, 7 гэртэй, 40 ортой сувилал байгуулсан. Б.Б, Г.Дашням нар нь үзэж хараад худалдаж тохирч, Б.Бтэй гэрээ байгуулсан.

Энэ газрыг дүүтэйгээ хамтарч ажиллуулах гэж байгаа гэж хэлж байсан. Гэхдээ яг гэрээ хийхэд Г.Дашнямыг шууд оролцуулж хийгээгүй. Гүйцэтгэх захирлын эрхийг Б.Бд шилжүүлж өгөхөөр болсон. 4000 м.кв газрын хөрөнгө зарцуулах эрхийг түүнд шилжүүлэхээр болсон. Газрын гэрчилгээ шилжиж гарч ирсний дараа газрыг томруулах ажлыг хамтарч хийхээр болж, үлдсэн 110,000,000 төгрөгийг шилжүүлсний дараа компанийн хувьцааг шилжүүлж өгөхөөр гэрээ байгуулсан.

10,000,000 төгрөгийн урьдчилгааг Б.Бгээс би авсан. Г.Дашнямаас аваагүй. Компанийн бүх гэр, хөрөнгө, гэрчилгээг Б.Бд хүлээлгэж өгсөн.” гэж,

 

Хариуцагч Б.Б нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “...Мойлтын тохойн амралтын газар дүүтэйгээ хамтарч ажиллахаар болсон. Компаниа шилжүүлнэ, хэн нь захирал нь болох юм бэ гэсэн. Манай дүү компанийн захирал болохгүй, та бол гэсэн.

Газрын хэмжээг тодруулахад 4000 м.кв газар байсан. Ийм бага газар бол наймаагаа буцаая гэж гэхэд наймаа буцахгүй гэсэн. Л.Б 10,000,000 төгрөг өгчих, газрын алба, Засаг даргын орлогч нартай ярилцаж байгаад 7 хоногийн дотор газрыг томруулж өгнө гэсэн.

Манай дүү эхнэр Б.У руу яриад мөнгө шилжүүлж авсан. Эхний 5,000,000 төгрөгийг банкинд байж байгаад өгсөн. Дараагийн 5,000,000 төгрөгийг бэлнээр машин дотор тоолж өгсөн. Энэ бол урьдчилгаа биш, газар томруулна гэж өгсөн.

Урьдчилгаа гэж өгсөн мөнгө биш, газар томруулах гэж өгсөн мөнгө. Одоог хүртэл газар томруулахыг хүлээж байна. Газрыг томруулаад авчихвал цаашид өөр үйл ажиллагаа явуулна гэж хүлээж байсан.

Л.Бийг амралтаа буцааж ав гэж хэлсэн. Манай дүү нас бараад, газар нь  ч томрохгүй байгаа. Гэрчилгээ нь миний нэр дээр гарсан. Би гэрчилгээг нь буцааж өгөх гэхээр 10,000,000 төгрөг аваагүй байгаа болохоор буцааж өгөх боломжгүй байна.” гэж тус тус маргажээ.

 

Г.Дашням болон Б.Б нар амралтын газар худалдан авах, цаашид хамтран ажиллуулахаар талууд харилцан тохиролцож хамтран ажиллах гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээний үндсэн шинжтэй тохирч байх тул гэрээний эрх зүйн харилцааг зохицуулсан Иргэний хуулийн зохицуулалтаар маргааныг шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Талууд хэдийгээр хамтран ажиллах гэрээг бичгээр байгуулаагүй боловч хамтарч ажиллах талаар амаар тохиролцсон байх тул Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.2-т “Хамтран ажиллах гэрээг бичгээр буюу амаар байгуулж болно” гэж заасан хуулийн зохицуулалттай нийцэж байх бөгөөд талууд энэ талаар маргаагүй болно.

 

Иргэний хуулийн 476 дугаар зүйлээс 482 дугаар зүйлд зааснаар хамтран ажиллах тохиолдолд урт хугацаанд үргэлжлэх үүргийн эрх зүйн харилцаа яригдах бөгөөд хамтран ажиллах гэрээний үр дүнд талуудын дундаа өмчлөх хөрөнгө бий болж гэрээний талууд ашиг, алдагдлыг оруулсан хөрөнгийн төлсөн хураамжийн хэмжээгээр хариуцахаар хуульд заажээ.

 

Нэхэмжлэгч Б.Уын нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь хуулийн дээрх зохицуулалтаар бус хариуцагч Б.Б, Л.Б нар худалдан авсан амралтыг дангаар өмчилж үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авсан гэх үндэслэлээр гэрээнээс татгалзаж, ийнхүү гэрээнээс татгалзсантай холбогдуулан оруулсан хөрөнгөө буцаан шаардаж нэхэмжлэл гаргажээ.

 

Иргэний хуулийн 479 дүгээр зүйлийн 479.1-д зааснаар “гэрээнд хамтын үйл ажиллагааны үргэлжлэх хугацааг шууд заагаагүй тохиолдолд гэрээний талууд хамтын үйл ажиллагаанд хохирол учруулахааргүй бол хэдийд ч хамтран ажиллах гэрээнээс гарч болно”, мөн хуулийн 480 дугаар зүйлийн 480.2.3-т “талуудын аль нэг нас барсан”, мөн зүйлийн 480.3-т “хамтран ажиллах гэрээ дуусгавар болсноор биелүүлээгүй хэлцлийг дуусгавар болгож, үлдэх хөрөнгийн жагсаалтыг үйлдэж, талуудад хуваарилна” гэж тус тус заажээ.

 

Эдгээр зохицуулалтаас үзвэл гэрээ дуусгавар болсон энэхүү тохиолдолд зохигчдын гэрээ дуусгавар болох хүртэл оруулсан хураамжийн хувь хэмжээ тэнцүү байх ёстой бөгөөд хэрэв нэг тал илүү хэмжээгээр хураамж оруулсан бол нөгөө талаасаа илүү оруулсан хураамжаа тэр хэмжээгээр буцаан шаардах эрхтэй гэж үзнэ.

 

Хариуцагч Л.Б 10,000,000 төгрөгийг хүлээн авахдаа хариуцагч Б.Бгээс авсан гэх, нэхэмжлэгч Б.У 10,000,000 төгрөгийг амралтын газар худалдан авахаар урьдчилгаанд өгсөн гэх тайлбар, хариуцагч Б.Б нь Г.Дашням нь 10,000,000 төгрөгийг Л.Бид өгсөн гэх тайлбаруудыг гаргасан бөгөөд хэрэгт авагдсан баримтуудаар Г.Дашням нь амралтын газар худалдан авахаар урьдчилгаа 10,000,000 төгрөгийг төлсөн, хариуцагч Б.Б амралтын газар худалдан авахаар ямар нэгэн төлбөр төлөөгүй болох нь зохигчдын шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

 

Хэдийгээр хариуцагч Б.Б амралтын газарт 13,000,000 төгрөгийн хөрөнгө зарцуулсан гэх боловч тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлсэнгүй гэж үзлээ.

 

Хариуцагч Л.Б нь Г.Дашням болон Б.Б нарын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээний дагуу ямар нэгэн үүрэг хүлээгээгүй байна.

 

Дээрх үндэслэлээр хамтран ажиллах гэрээ дуусгавар болж цаашид хамтран ажиллах боломжгүй болсон тул хариуцагч Б.Бгээс 10,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Уд олгож, хариуцагч Л.Бид холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.   

 

2.Ахуйн хэрэглээний материал авахад зарцуулсан 3,000,000 төгрөгийн шаардлагын талаар.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл “...Үлдсэн 3.000.000 төгрөг нь гэрчилгээ Г.Дашнямын нэр дээр гарна, цаашид хамтран ажиллах гэрээ байгуулж байна гэж ойлгоод гэрээ байгуулж байна гэж үзсэн. Хамтран ажиллах гэрээг амаар болон бичгээр хийж болдог. Хамтран ажиллаж байна гэж бодож байтал гэрчилгээ нь Г.Дашнямын нэр дээр гараагүй байсан учир цаашид хамтран ажиллах боломжгүй гэж үзээд 3.000.000 төгрөгийг нэхэмжилж байгаа.

Хөнжил гудас, гэрийн бүрээс, амралтын газрын ахуйн хэрэглэлүүд авсан. Гэрийн мөнгө бол тусдаа мөнгө юм. Гэр авахгүй. 3,000,000 төгрөгөө бүтнээр нь авна. Л.Бийн хувьд мөнгө өгөхийн хувьд мөнгө өгсөн.” гэж тайлбарлажээ.

 

Хариуцагч Б.Б нэхэмжлэлийн шаардлагын талаар шүүхэд гаргасан “...Амралтын газрыг засахаар болж би 13,000,000 төгрөг гаргасан. Дүү 3,000,000 төгрөг гаргасан. Тухайн үед хөнжил, гудас авсан. 1,500,000 төгрөгийг бэлнээр өгөхөд татгалзах зүйлгүй. 1,500,000 төгрөгөөр авсан гэр нь байгаа. Тэр гэрийг нь өгнө...” гэж тайлбарлажээ.

 

Дээрх шаардлагын тухайд хариуцагч тал нэхэмжлэгч 3,000,000 төгрөгийн  ахуйн хэрэглээний материалын хөрөнгө оруулаагүй 2,700,000 төгрөгийн хөрөнгө оруулсан бөгөөд уг шаардлагаас 1,500,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, харин 1,500,000 төгрөгийн үнэ бүхий гэрийг өгөх талаар тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч гэр авахыг хүлээн зөвшөөрөөгүй болно.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан баримтаар ахуйн хэрэглээний зардалд 2,544,000 төгрөгийн бараа худалдан авсан талаарх баримт авагдсан хэдий ч хариуцагч Б.Б нь 2,700,000 төгрөгийн ахуйн хэрэглээний бараа материалыг хөрөнгө оруулсан, мөн төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд гаргажээ.

 

Дээрх үндэслэлээр хариуцагч Б.Бгээс 2,700,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Уд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 300,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

            Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 480 дугаар зүйлийн 480.3-т заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Бгээс 12,700,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Уд олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг болох 300,000 төгрөгийн шаардлага болон Л.Бид холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Уаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 222,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Бгээс улсын тэмдэгтийн хураамжид 218,150 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Уд олгосугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах  эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             И.АМАРТӨГС