Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 131/ШШ2018/00344

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн ******* сумын ******* оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянхонгор аймаг ******* сумын холбогдох

Баянхонгор аймгийн ******* сумын *******ийн *******ын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 1.495.689 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, ******* сумын дунд сургуулийн захирлын дугаар тушаалыг хүчингүйд тооцуулж, төрийн албан хаагчид олгосон нэг удаагийн урамшуулал 300.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хэргийг хянан хэлэлцлээ.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Өлзийбаяр, хариуцагч байгууллагын төлөөлөгч , хариуцагчийн өмгөөлөгч Н.Энхжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сайннямбуу нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие 2013 оны 10 сарын 10-ны өдөр Баянхонгор аймгийн ******* сумын *******ийн *******аар ажилд орж ажиллаж эхэлсэн. Ингээд ажил үүргээ хэвийн гүйцэтгэж сахилгын арга хэмжээ авагдаж байгаагүй, сахилгын зөрчил гаргаж байгаагүй. 2017 оны 3 сард тус сургуулийн захирлын ажлыг хүлээж авсан. Ажил хүлээж авсныхаа дараагаас намын ялгаа их гаргах болсон бөгөөд намайг 2017 оны 11 сард болон 2017 оны 12 сарын эхээр өрөөндөө дуудаж чи өөрийн хүсэлтээр ажлаа өгчих, өгөхгүй бол халах тушаал гаргана. Халах тушаал гаргавал чи дахиж төрд ажиллах нүүргүй болно гэж удаа дараалан хэлж байсан. Ингээд байж байтал дугаар тушаал гарган намайг ажлаас халсан байсан. Тус тушаалыг 2017 оны 12 сарын 14-ний өдөр багш нарын өрөөнд шидэж өгчихөөд явсан.

Тус ажлаас халсан тушаалд намайг сахилгын зөрчил удаа дараа гаргасан гэсэн байна. Би ямар сахилгын зөрчил гаргасан гэдгээ мэдэхгүй байна. Гэтэл намайг хууль бусаар үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлж, миний Үндсэн хуулиар олгодсон хөдөлмөрлөх эрхэнд халдсанд би маш их гомдолтой байна. Би тус тушаалыг үндэслэлгүй хууль бус гэж үзэж байгаа тул дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд

1. Баянхонгор аймгийн ******* сумын *******ийн *******ын ажилд эгүүлэн тогтоож,

2. Ажилгүй байсан хугацааны цалин 416521 төгрөг гаргуулах,

3. Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын бичилт хийлгэхийг даалгах ..гэжээ.

Нэхэмжлэгч Ж.******* шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлагаа:

Монгол улсын Засгийн газрын шийдвэрээр төрийн албан хаагчид ажлын үр дүнгийн урамшуулал болгон олгосон 300.000 төгрөгийг намайг ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсний дараа манай сургуулийн албан хаагчдад олгож эхэлсэн бөгөөд надад ямар нэгэн байдлаар урамшуулал өгөөгүй. Миний бие нь төрийн албанд тасралтгүй 4 жил ажиллаж байсан бөгөөд тус мөнгөн урамшууллыг авах эрхтэй гэж үзэж байна. Хариуцагч байгууллагын төлөөлөгчийн тайлбар болон хавтаст хэрэгт сүүлд гарган өгсөн баримтаар Баянхонгор аймгийн ******* сумын дунд сургуулийн захирлын дугаар тушаалаар надад Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1, Дотоод журмын 7.1-ийг үндэслэн ажлын хариуцлага алдан ажил тасалсан, өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй гэсэн үндэслэлээр сахилгын арга хэмжээ ногдуулсныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад олж мэдлээ. Надад тухайн үед сахилгын шийтгэл ногдуулсныг хэлээгүй, тушаалыг надад танилцуулаагүй. Гэтэл гэнэт тушаал гарган ирж намайг сахилгын шийтгэл хүлээсэн гэснийг хүлээн зөвшөөрөхгүй, учир нь би 2017 оны 03 сард захирлыг ажил хүлээн авснаас хойш 2017 оны 06 сарыг дуустал ажил таслаагүй, өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлсээр байсан байтал намайг үндэслэлгүйгээр гүтгэж, худал бичин сахилгын шийтгэл ногдуулсан тушаал гаргаж ирлээ.

Миний бие тус тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй, сахилгын арга хэмжээ авагдах сахилгын зөрчил гаргаагүй гэж үзэж байна. Иймд

1.Хариуцагч байгууллагаас ажилгүй байсан нийт хугацааны цалин буюу 1.495.689 төгрөг гаргуулах

2.Төрийн албан хаагч бүрт олгосон 300.000 төгрөгийн урамшууллыг гаргуулах

3.Баянхонгор аймгийн ******* сумын дунд сургуулийн захирлын тоот тушаалаар надад сануулах сахилгын шийтгэл ногдуулсныг хүчингүйд тооцуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргаж байна..гэжээ.

Нэхэмжлэгч Ж.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би 2013 оны 10 дугаар сард ажилд орсон, 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ажлаас халагдсан. Энэ хугацаанд өмнөх захирлын үед сахилгын шийтгэл авагдаж байсан. нь манай сургуулийн захирал болсноос хойш би сахилгын шийтгэл авч байгаагүй. нь надад 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр сахилгын шийтгэл ногдуулсан гэж ярьж байна. Гэтэл тухайн сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг надад танилцуулаагүй, би тухайн тушаалыг мэдээгүй. Тэгээд намайг 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ажлаас халахдаа ямар үндэслэлээр намайг ажлаас халсан талаар би мэдэхгүй байгаа учраас нь намайг үндэслэлгүйгээр ажлаас халсан гэж үзэж байна. Мөн нь 2017 оны 11 дүгээр сараас эхлэн намайг чи өөрийнхөө саналаар ажлаа өг, ажлаа өгөхгүй бол би чамайг ажлаас чинь хална, чи ажлаасаас халагдах юм бол эргээд төрд ажиллах эрхгүй гэж намайг байнга дарамталдаг байсан. Хурал зөвлөгөөн дээр юм ярьдаггүй байж, бусад үед нь намайг ажлаа өг гэж дарамталдаг байсан. Иймд нь намайг үндэслэлгүйгээр ажлаас халсан мөн сахилгын шийтгэл ногдуулах тушаал надад танилцуулаагүй, намайг хууль бусаар ажлаас халсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. 2017 оны 11 дүгээр сарын 6,7-ны өдрүүдэд ажил тасалсан гэж ярьж байна. 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр би ажилдаа ирж захиралтай уулзаж байсан тухайн үед цаг бүртгэж байсан гэдэг хүн намайг бүртгэсэн, харин 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр миний бие өвдөөд би гэрээсээ гарч чадаагүй учраас захиралтай утсаар ярьж чадаагүй. Хоёр өдөр дараалан ажил тасалсан зүйл байхгүй. 2017 оны 11 дүгээр сарын цагийн бүртгэл дээр байгаа. Мөн сургуулийн эд зүйлийг ариг гамтай ашиглаагүй, түлхүүр хаясан, 2017 оны 06 дугаар сард архи уусан гэсэн зүйл ярьж. Дээрх асуудлууд нь худлаа түүнийг нотолсон, нотлох баримт байхгүй учраас үндэслэлгүй зүйл ярьж байна. 2017 оны 06 дугаар сард сургууль тарсан байдаг учраас тухайн дотуур байр руу орох боломжгүй, мөн тухайн дотуур байрны түлхүүр надад байдаггүй. Мөн 2017 оны 07 дугаар сард гийн 100 жилийн ой болоход би ээлжийн амралтаа авсан байсан. Тэгэхэд намайг дуудаж хэтэрхий их ажил хийлгэдэг байсан учраас би би амарч байна очиж чадахгүй гэж хэлэхэд нь чи миний өмнөөс ингэж хэлж байгаа бол чамайг ажлаас чинь хална гэж дарамталдаг байсан. Тухайн ой нь 2017 оны 07 дугаар сарын 25-27 ны өдрүүдэд болсон, би 2017 оны 07 дугаар сарын 22-ны өдөр амарсан намайг амралттай байхад 2017 оны 07 дугаар сарын 22-24 өдрүүдэд надаар их ажил хийлгэсэн учраас би амралтаараа амармаар байна гэж хэлсэн..Сахилгын шийтгэл ногдуулсан тухай тушаалыг би шүүх дээр байхдаа мэдсэн. Надад сахилгын арга хэмжээ авсан тухай огт мэдэгдээгүй, цалин урамшууллаас хасаагүй. Мөн төрийн албан хаагчийн 300.000 төгрөгөө нэхэмжилж байна.. гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Өлзийбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Өнөөдрийн шүүх хуралдаанд хариуцагч байгууллагын төлөөлөгч нь Ж.*******ийг ямар үндэслэлээр халсан тухайгаа нотлох байх гэж бодож иртэл ирцийн бүртгэлээс өөр нотлох баримт байхгүй байна. Хариуцагч байгууллагын гаргасан нотлох баримтууд ямар нэгэн байдлаар зөрүүтэй, нотлох баримтын шаардлага хангахгүй баримтууд гэж үзэж байна. Учир нь 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн дугаар сануулах сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг ямар учраас хүчингүй болгуулах шаардлагатай вэ гэхээр хариуцагч байгууллагын төлөөлөгч сануулах сахилгын шийтгэл оногдуулахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д заасныг баримталсан нь буруу учир нь сануулах сахилгын арга хэмжээ авах гэж байгаа бол Хөдөлмөрийн тухайн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1-д заасныг баримтлах ёстой байсан. Мөн Ж.******* нь 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс өмнө ямар сахилгын зөрчил гаргасан гэдэг нь тогтоогдохгүй байна. Учир нь хариуцагч байгууллагын төлөөлөгч Ж.*******ийг 2017 оны 06 дугаар сарын 09-ны өдөр ажлын байран дээр архи уусан гэж сахилгын арга хэмжээ авсан боловч 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр сахилгын арга хэмжээ авсан нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Мөн сахилгын шийтгэл ногдуулсан тушаалд гомдол гаргахад хөөн хэлцэх хугацаа дуусаагүй гэж үзэж байна. Учир нь 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр сахилгын арга хэмжээ авсан бол Хөдөлмөрийн дотоод журмын 7.1.2-т заасныг баримтлаагүй байгаа нь сахилгын арга хэмжээг хэзээ авсан гэдэг нь тодорхойгүй байна, мөн тухайн тушаалыг гарсан гэдгийг мэдээгүй хэргийн материалтай танилцах явцдаа мэдсэн учраас хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна гэж үзэж байна. Иймд сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгох үндэслэлтэй. Энэ сахилгын шийтгэл оногдуулсан тушаал хүчингүй болох юм бол 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Ж.*******ийг ажлаас халсан тушаал мөн хууль бус юм. Мөн хариуцагч байгууллагын төлөөлөгч нь Ж.*******ийг ажлаас халахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг баримтлан ажлаас халсан гэх боловч тухайн 40.1.4-т заасан зүйлийг хариуцагч байгууллагын төлөөлөгч нь нотолж чадаагүй, мөн хөдөлмөрийн гэрээний ноцтой зөрчил гэх 4.2.1, 4.2.4 гэх заалтууд болох сахилгын зөрчил давтан гаргасан, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 ба түүнээс дээш өдөр ажил тасалсан гэдэг үндэслэл тогтоогдохгүй байна. Учир нь хариуцагч байгууллагын төлөөлөгч Ж.*******ийг 2017 оны 11 дүгээр сарын 6, 7-ны өдрүүдэд ажил тасалсан гэж байгаа боловч 2017 оны 11 дүгээр сарын цалингийн карт ирцийн бүртгэлд Ж.******* нь 2017 оны 11 сард 1 өдөр ажил тасалсан гэдэг нь нотлогдож байгаа учраас миний үйлчлүүлэгчийг ажлаас халсан тушаал нь хууль бус юм. Мөн нотлох баримт шинжлэн хэлэлцэх үед Ж.******* нь 2017 оны 09 дүгээр сард ажил тасалсан тухай баримт байсан. Гэтэл 2017 оны 09 дүгээр сард ажил тасалсан зөрчил нь Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар зөрчлийг илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын арга хэмжээ авах ёстой байсан боловч арга хэмжээ аваагүй. Мөн төрийн албан хаагч нарт олгогдсон 300000 төгрөгийн урамшуулалыг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд миний үйлчлүүлэгч хууль бус тушаалаар ажлаас халагдсан учраас тухайн 300000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй. Хариуцагч байгууллагын төлөөлөгч нь 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн сахилгын шийтгэл оногдуулсан тушаалыг мэдэгдсэн бол тухайн 300000 төгрөгийг нэхэмжлэх шаардлагагүй байсан.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:

Би 2007 оны 03 сард ажил хүлээн авснаас тухайн хүлээн авсан ажлаа сайжруулах ажлын цаг ашиглалтыг сайжруулах чиглэлээр хичээн ажиллах болсон юм. Гэтэл намайг ажил авснаас хойш Ж.******* нь ажлын цагаар ажлын байран дээр байдаггүй, байхаараа компьютер дээрээ тоглоом тоглох зэргээр үндсэн ажлаа хийхгүй сэлгүүцдэг байсан тул би Ж.*******д ажлын байран дээрээ ажлаа чанартай хийх талаар удаа дараа үүрэг өгдөг байсан боловч огт биелүүлдэггүй байсан юм. Улмаар энэ байдлаа давтаад байхаар нь 2017.06.07-ны өдөр өгсөн үүрэг даалгавар биелүүлэхгүй байгаа болон ажлын байран дээрээ ажлаа хийхгүй байгаа үндэслэлээр сануулах арга хэмжээ авсан юм.

Гэвч энэ байдал засраагүй бөгөөд ажилдаа ирэхгүй, ажлын цагийн тооцоогоо ирсэн мэтээр засварладаг зөрчил гарсаар байсан бөгөөд энэ байдлаа засах талаар удаа дараа амаар үүрэг өгдөг байсан ч за гэчихээд гараад явчихдаг уг байдлаа засахгүй байсан. Үүнээс хойш энэ байдал нь засрахгүй байсаар 2017 оны 10 сард 2 өдөр дараалан ажил тасалсан, мөн хоёр өдрийн үдээс хойш ажилдаа ирээгүй тул хөдөлмөрийн гэрээнд заасан нөхцөлийн дагуу ажлаас нь чөлөөлсөн юм. Намайг нэхэмжлэл дээрээ улс төржсөн үйл ажиллагаа явуулсан гэж хэлж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ж.******* нь намайг ажил авахаас өмнө ч гэсэн ажлаа хийж чадахгүй байсан гэдэг шалтгаанаар хоёр ч удаа арга хэмжээ авагдсан байдаг ба ер нь ажил дээрээ ажил хийхгүй, ажил таслах, удирдлагын өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүй байх, аливаа шаардлага тавихаар өмнөөс хэрэлдэж эсэргүүцэх үл ойшоох зэргээр төрийн албан хаагчийн наад захын шаардлагыг биелүүлдэггүй зөрчил удаа дараа гаргасан байдаг ч зарим үед нь би тэсвэрлээд өнгөрөөдөг байсан юм. Ж.*******ийг ажлаас халах болсон гол шалтгаан нь ажил шалтгаангүй хоёр өдрөөс дээш тасалсан хоёр өдөр үдээс хойш ажил тасалсан, ажлын цагаар ажлын байран дээр байдаггүй, тоглоом тоглох зэргээр үндсэн ажлаа хийдэггүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлдэггүй зэрэг зөрчлийг гаргасан тул сахилгын зөрчил хоёр удаа буюу түүнээс дээш гаргасан, мөн хөдөлмөрийн гэрээнд заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор ноцтой зөрчил гаргасан гэж үзэн ажлаас чөлөөлсөн юм.

Ж.*******д МУЗГ-ын шийдвэрээр төрийн албан хаагчдад олгох нэг удаагийн тэтгэлэг олгогдоогүй учир нь МУЗГ-ын 2017.12.06-ны өдрийн урамшуулал олгох тухай 52 дугаар тэмдэглэлд сахилгын шийтгэлгүй албан хаагчдад олгох журмын дагуу олгогдох эрх үүсээгүй. Мөн ажиллах хугацаандаа Ж.******* ажлын байрны тодорхойлолтонд заасан ажил үүргээ биелүүлэхгүй ажлын цагаар ажлын байран дээр байдаггүй, байхаараа компьютер дээрээ тоглоом тоглох, ажлын цагаар архи ууж байгууллагын эд хөрөнгийг дураараа зарцуулах дутаах, өгсөн үүрэг даалгавар биелүүлэхгүй зэрэг үйлдэл удаа дараа гаргаж байсан учир 2017.06.07-ны өдөр сануулах арга хэмжээ авсан. Сануулах арга хэмжээг авсан тухай сургуулийн хурал дээр танилцуулж дахин ийм байдал гаргахгүй байх талаар анхааруулсан. Намайг худал гүтгэн шийдвэр гаргасан гэж ёс зүйгүй гүтгэж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй..гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ж.*******д 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр сануулах арга хэмжээ авсан. Гэтэл энэ тухайн сахилгын шийтгэл оногдуулсан тушаалыг танилцуулаагүй гэж худлаа ярьж байна. Тухайн үед сахилгын шийтгэл оногдуулсан тушаалыг Ж.*******д танилцуулж байсан энэ нь хурлын протоколд тэмдэглэгдсэн байгаа. 2017 оны 07 дугааар сарын 06-ны өдөр Ж.*******д сануулах сахилгын шийтгэлийг ямар учраас авсан гэхээр Ж.******* нь намайг ажилд орохоос өмнө, өмнөх захирлын үед сахилгын шийтгэл авагдаад тэр нь 2017 оны 03 дугаар сард дууссан. Мөн намайг ажилд орсоноос хойш Ж.******* нь миний өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй, хамтарч ажиллахад хүндрэлтэй байдаг. Мөн дотуур байрны түлхүүр Ж.*******д байдаг учраас тухайн дотуур байранд 2017 оны 06 дугаар сард хүмүүстэй архи уусан байсныг надад хэлсэн. Тэгээд 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр орж шалгахад архины савнууд хөглөрсөн байдалтай мөн саванд шээгээд тавьсан байсан. Тэгэхээр нь би дотуур байрны багшаас энд юу болсон бэ гэж асуухад 5 дахь өдөр манай суманд шоу болоод ******* орж ирж архи уусан гэж хэлсэн. Тэгээд 1 дэх өдрийн хурал дээр хэлж хурлын протокол дээр тэмдэглэсэн. Мөн Ж.******* өгсөн үүрэг даалгавар биелүүлэхгүй урдаас уурладаг байсан. Учир нь 2017 оны 07 дугаар сард гийн 100 насны ой болоход миний өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, бас дарамталдаг байсан гэж ярьж байна. Тухайн үед би ажлаас халахаас сарын өмнө Ж.*******ийн зөрчил дутагдлуудыг нь хэлж хамтарч ажиллах боломжгүй болсон гэдэг зүйлийг хэлсэн харин дарамталсан зүйл байхгүй. Мөн 2017 оны 11 дүгээр сард яагаад сахилгын арга хэмжээ авсан гэхээр 2017 оны 11 дүгээр сарын 6, 7-ны өдрүүдэд сурагчдын амралт байсан, манай байгууллагынхан хамт олноороо 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр их цэвэрлэгээ хийсэн. Гэтэл тухайн өдөр Ж.******* ажилдаа ирээгүй, маргааш нь бас ажилдаа ирээгүй. Ж.******* нь өөрөө хэлэхдээ миний бие өвдсөн гэж хэлсэн. Хэрвээ бие нь өвдсөн юм бол над руу залгаж хэлэх ёстой байсан. Иймд 2 өдрийн ажил тасалсан учраас сахилгын арга хэмжээ авч ажлаас нь халсан. Хугацаатай ямар үүрэг даалгавар өгч байсан бэ гэхээр хөдөлмөрийн аюулгүй байдлын самбар хийх даалгавар өгөхөд хугацаандаа хийгээгүй, бас манай байгууллагын багаж хэрэгслийг гадагш нь гаргадаг байсан учраас гадагш гаргаж байгаа багажийг бүртгэдэг бүртгэлийн дэвтэр нээ гэхэд нээгээгүй, мөн манай сургуулийн үүдэнд хайс хийхэд илүүдэл төмөрийг алга болгосон байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Манай сургуулийн дотуур байр онгорхой байдаг. Тухайн үед 2017 оны 06 дугаар сард хичээлийн жил дууссан сурагч нар амраад сонгуулийн суртчилгаа ирсэн байхад Ж.******* нь хүмүүстэй нийлж сурагч нарын дотуур байранд орж архи уусан гэдгийг тухайн дотуур байрны багш болон жижүүр нар нотолж байгаа. Манай сургууль ирцийн бүртгэлийг өмнө нь н.Балжмаа гэдэг хүн бүртгэдэг байсан. Гэтэл энэ хүн ирцээ худлаа бүртгэдэг байсан учраас гэдэг хүнээр бүртгүүлдэг байсан. Тэгээд Ж.******* нь өөрөө тасалсан цагаа тэй хэрэлдээд засуулсан байсан. Тэгээд би Ж.*******д ажлаа хий гэж хэлэхэд миний хэлсэн үгийг дарамталсан болгож ярьж байна. Мөн тухайн хоёр өдөр ажил таслахдаа надад актаа өгөөгүй байж дараа нь ажлаас хагадсан тушаал гарсаны дараа акт гаргаж ирж өгсөн нь хэзээ өгсөн акт гэдэг нь мэдэгдэхгүй. Ж.*******д үр дүнгийн урамшуулал олгосон тухайд би дөнгөж ажил авсан учраас ажилчдынхаа үр дүнгийн урамшууллыг хасаад яахав гэж бодоод үр дүнгийн урамшуулал олгож байсан.. гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Н.Энхжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ж.*******д ямар учраас сануулах сахилгын арга хэмжээ авсан гэхээр хариуцагч байгууллагын төлөөлөгч нь тухайн тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1, хөдөлмөрийн дотоод журмын 7.1-д заасныг тус тус үндэслэн тухайн тушаалыг гаргасан. Тухайн хууль, журмын зүйл заалтууд сахилгын арга хэмжээ авах тухай заалтууд юм. Учир нь тухайн тушаалыг гаргахдаа Ж.*******ийг ажлын байранд архи уусан зөрчил гаргасан буюу бусад зөрчлийг гаргасан учраас тухайн сануулах арга хэмжээг авсан. Мөн тухайн тушаалыг танилцуулаагүй гэсэн зүйл ярьж байна. Гэтэл сануулах сахилгын арга хэмжээ авсан тушаалыг танилцуулсан гэдэг нь тухайн сургуулийн 2017 оны 06 дугаар сард хийсэн хурлын тэмдэглэл болон гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байгаа. Тийм учраас сануулах арга хэмжээг авсан тушаалд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусан гэж үзэж байна. Мөн Ж.******* нь өөрийн ажлаа 100 хувь хийсэн үү гэж үзэхэд хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй байна. Учир нь тус сургуулийн өмнөх захирал болох гэх хүн Ж.*******д 2 удаа сахилгын арга хэмжээ авсан байдаг. Мөн удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй энэ байгууллагын үүрэг даалгаврын биелэлтийн дэвтэр гэх баримтаар нотлогдож байгаа. Мөн үр дүнгийн урамшуулал олгосон тухай зүйл яригдаж байна. Гэтэл хариуцагч байгууллагын төлөөлөгч анх ажлаа авсан учраас сахилгын шийтгэл ногдуулсан хүмүүст үр дүнгийн урамшууллыг өгсөн. Энэ үр дүнгийн урамшуулал өгсөн тал дээр хэн арга хэмжээ тооцуулах вэ гэхээр хариуцагч байгууллагын төлөөлөгч арга хэмжээ авахуулах ёстой, гэвч үр дүнгийн урамшуулал олгосон буруу гэсэн хөндлөнгийн байгууллагын дүгнэлт буюу аудитын байгууллагын дүгнэлт гараагүй байгаа. Мөн ажлаас чөлөөлсөн тушаалын тухайд ажил олгогч ажлаас чөлөөлсөн тушаалаа гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийг зөв хэрэглэж гаргасан. Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д зааснаар ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэсэн заалтыг баримталсан. Ж.******* нь хөдөлмөрийн сахилгын зөрчил болох удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, мөн хөдөлмөрийн гэрээнд зааснаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 өдөр ажил тасалсан, сахилгын арга хэмжээ авагдсан зэрэг зөрчлүүдийг гаргасан учраас Ж.*******ийг ажлаас халах бүрэн үндэслэлтэй. Мөн зарим баримт дээр огнооны алдаа гарсан байсан. Энэ нь тухайн байгууллагын бичиг хэргийн ажилтны алдаа юм. Нэхэмжлэгч нь 2017 оны 11 дүгээр сард нэг өдөр ажил тасалсан, акт өгөх гэсэн чинь энэ хогоор чинь яадаг юм гээд шидсэн гэж ярьж байна. Гэтэл ажлын цагийн өдөр дараалсан бүртгэл дээр Ж.*******ийг 2 өдрийн ажил тасалсан гэдэг нь нотлогдож байгаа, дараа нь хурал дээр Ж.*******ийг ажил тасалсан болон ажлаас халах тухай хэлэлцсэн учраас ажлаас халсан тушаал гаргасан нь үндэслэлтэй юм. Ийм учраас хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээнд заасан зүйл, заалтуудыг зөв баримталж Ж.*******ийг ажлаас халсан. Мөн 300000 төгрөгийн урамшууллын тухайд нэхэмжлэгч зөрчил гаргаж сахилгын арга хэмжээ авахуулсан мөн ажлаас халагдсан учраас тухайн 300000 төгрөгийг өгөх боломжгүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.******* нь Баянхонгор аймгийн ******* сумын *******ьд холбогдуулан Баянхонгор аймгийн ******* сумын *******ийн *******ын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 1.495.689 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, ******* сумын дунд сургуулийн захирлын дугаар тушаалыг хүчингүйд тооцуулж, төрийн албан хаагчид олгосон нэг удаагийн урамшуулал 300.000 төгрөг гаргуулахыг тус тус хүсэн шаардсаныг хариуцагч байгууллагын төлөөлөгч зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгч нь 2013 оны 10 сарын 10-ны өдрөөс ******* сумын дунд сургуульд *******аар томилогдон, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан байна.

Ингээд тус сургуулийн захирлын дугаар тушаалаар түүнийг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.4 дэх заалтуудыг тус тус үндэслэн үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Түүнчлэн Баянхонгор аймгийн ******* сумын *******ийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн дугаар тушаалаар Ж.*******ийг ажлын хариуцлага алдан ажил тасалсан, өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй гэх үндэслэлээр сануулах сахилгын арга хэмжээ ногдуулжээ.

Ж.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа Намайг үндэслэлгүйгээр өөрт мэдэгдэлгүйгээр сахилгын арга хэмжээ авсан, сануулах арга хэмжээ авсныг шүүхийн шатанд мэдсэн, ажлаас халагдах сахилгын ноцтой болон давтан зөрчил гаргаж байгаагүй... гэснээс үзвэл тэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлд зааснаар сахилгын шийтгэл буруу ногдуулсан, захиргааны санаачлагаар ажлаас халагдсантай холбоотой шаардлага гаргах эрхтэй байна.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, зохигчдын тайлбар зэргийг шинжлэн судлаад дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

1. Ажил олгогчоос Ж.*******д дугаар тушаалаар сахилгын арга хэмжээ ногдуулсан үндэслэлдээ Хөдөлмөрийн хуулийн 131.1, Дотоод журмын 7.1-ийг үндэслэл болгон Ажлын хариуцлага алдан, ажил тасалсан, өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй гэж тодорхойлжээ.

Шүүх Ж.*******д сахилгын арга хэмжээ авсан дугаар тушаалыг хүлээн авч гомдлыг шалгаж шийдвэрлэх боломжтой эсэх, гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаандаа гаргасан эсэхийг хянахад

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй..гэжээ.

Үйл баримтаар нэхэмжлэгч Ж.******* нь сахилгын арга хэмжээ авсан дугаар тушаалыг гарсан эсэхийг мэдээгүй, шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх явцад мэдсэн гэжээ.

Харин хариуцагч байгууллагын төлөөлөгч энэ талаар тайлбарлахдаа Тухайн үед хамт олны хурал дээр танилцуулсан гэх боловч албан ёсоор зөрчлийг шалгаж шийдвэрлээд тушаалыг танилцуулж гардуулсан гэх баримт хэрэгт авагдаагүй, 2017 оны 2, 3 дугаар улиралд Ж.*******д үр дүнгийн урамшуулал олгосон болох нь тогтоогдож байна.

Иймд шүүх Ж.******* нь өөрт ногдуулсан сахилгын арга хэмжээ авсан тушаалыг шүүхийн шатанд мэдсэн гэх тайлбарыг хүлээн авч, гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж дүгнэв.

Улмаар шүүх дээрх тушаалыг хянаад хууль зүйн үндэслэлгүйгээр Ж.*******д сахилгын арга хэмжээ тооцсон гэж үзэв.

Тухайлбал: Тушаалд баримталсан хуулийн нэр, зүйл хэсгийг буруу хэрэглэж Хөдөлмөрийн тухай хуулийн нэрийг Хөдөлмөрийн хууль гэж, сахилгын сануулах арга хэмжээ ногдуулах зүйл хэсэг болох Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-ийн 131.1.1 дэх хэсгийг буруу хэрэглэсэн, тушаалын үндэслэлд дурдсан ажил тасалсан, өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй гэх зөрчлүүдийг зөрчил гаргагч нь хэзээ гаргасан, шалган тогтоосон эсэх нь тодорхойгүй зэргээр тушаал хууль ёсны үндэслэл бүхий болж чадаагүй гэж дүгнэв.

Түүнчлэн ажил олгогч нь хөдөлмөрийн харилцаанд давуу эрхтэй оролцогчийн хувьд ажилтны хөдөлмөрлөх эрхэнд халдсан шийдвэр үйл ажиллагаагаа ажилтанд танилцуулаагүй байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 12-т заасан Төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхээ эдлэх боломжоор хангаагүй нь бусдын эрхийг зөрчсөн үйлдэл гэж үзэх үндэслэл юм.

Иймд дээрх тушаалыг шүүх хүчингүй болгож шийдвэрлэв.

2. Ажлаас үндэслэлгүй халагдсан гэх шаардлагыг хянахад

Баянхонгор аймгийн ******* сумын дунд сургуулийн захирлын дугаар тушаалд ажилтныг ажлаас чөлөөлөх болсон үндэслэлд Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, хөдөлмөрийн гэрээний 4.2.1, 4.2.4 дэх заалтуудыг үндэслэл болгосон байна. Дээрх заалтуудын үндэслэл нэг бүрийг шалгахад

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэсэн нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар хангалттай нотлогдоогүй гэх үндэслэл тогтоогдож байна.

Тухайлбал: Тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-дэх хэсгийг үндэслэл болгосон атлаа тушаалын тодорхойлох хэсэгт ажилтан Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-д заасан хоёр төрлийн зөрчлийн чухам аль зөрчлийг гаргасан, эсвэл хоёуланг нь гаргасан эсэх талаар огт дурдаагүй,

2017 оны 09 сарын 04-ний өдрийн хөдөлмөрийн гэрээний 4.2.4-д заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 ба түүнээс дээш өдөр ажил тасалсан гэх зөрчил нь нотлох баримтаар хангалттай нотлогдохгүй, 2 өдөр тасалсан үйлдэл нь сард эсвэл улиралд 2 удаа тасалсан аль болох тодорхойгүй байна.

Тодруулбал: Хариуцагчийн төлөөлөгч нь Ж.******* нь 2017 оны 11 сарын 06, 07-ны өдрүүдэд ажил тасалсан.. гэж тайлбарлан, ажлаас чөлөөлсөн тушаалаа нотлох зорилгоор 2017 оны 11 сарын 6, 7 ны өдрүүдийн ажилчдын цагийн бүртгэл/хх 89-90/ийг гаргаж ирүүлсэн боловч уг бүртгэлийн Ж.******* гэсэн хэсэгт ямар нэгэн тэмдэглэгээ хийгээгүй, чөлөөтэй, тасалсан аль болох нь ойлгомжгүй.

Нөгөө талаар 2017 оны 11 сарын цагийн тооцоо гэх сургуулийн захирлын 2017 оны 11 сарын 27-нд баталж гарын үсэг зурсан баримт/хх42-43/ын Ж.******* гэсэн хэсэгт 2017 оны 11 сард 1 хоног тасалсан гэж бүртгэн, мөн сарын цалингаас 1 хоногийн мөнгө хассан /хх41-42/ байгаагаас үзвэл цаг бүртгэгч П.ийн 2017 оны 11 сарын 6, 7 ны өдрийн цагийн бүртгэл гэх баримт үгүйсгэгдэж байна.

Түүнчлэн хариуцагч байгууллагын төлөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Ж.*******ийг ажлаас халах болсон нэг үндэслэл болох хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргасан, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан сахилгын ноцтой зөрчилд хамаатуулан Ж.******* нь ажлын байран дээр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй гэж тайлбарлан нотлох баримтыг гаргаж ирүүлснийг хянахад

Согтууруулах ундааны зүйлийг ажлын байран дээр хэрэглэсэн гэх үйлдлийн талаар хэлэлцсэн гэх 2017 оны 07 сарын 02-ны өдрийн 13 дугаар хурлын тэмдэглэл нь цаг хугацааны хувьд зөрүүтэй буюу 2017 оны 06 сарын 09-ний өдөр хурлыг хийсэн тухай тэмдэглэлд дурдсан атлаа тэмдэглэлийн огноо 2017 оны 07 сарын 02-ны өдрөөр бичигдсэн нь нотлох баримтын хувьд үнэн зөв, хэрэгт ач холбогдолтой, эргэлзээгүй гэж үзэн үнэлэх боломжгүй байна.

Мөн Ж.*******ийн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэх байдлыг нотолсон тухай шүүх хуралдааны шатанд хариуцагчаас гаргаж өгсөн 4 ш фото зураг нь хэзээ хэн юуг нотлох зорилгоор авсан болох нь тодорхойгүй, уг зурагнуудаас Ж.******* архи согтууруулах ундаа хэрэглэсэн гэх байдал тогтоогдохгүй байх тул дээрх зурагнуудыг нотлох баримтыг хэмжээнд үнэлэх боломжгүй гэж үзэв.

Түүнчлэн ******* сумын *******ийн захирлын дэргэдэх зөвлөлийн хурлын 2017 оны 12 сарын 08-ны өдрийн 05 дугаар хурлын тэмдэглэл нь Ж.*******ийг ажлаас чөлөөлсний дараа хийгдсэн мэт огноотой, удиртгал хэсэгтээ 2017 оны 11 сарын 04-ний өдөр хурлыг хийсэн гэх атлаа 2017 оны 11 сарын 06, 07-ны өдрүүдэд Ж.*******ийн ажил тасалсан гэх зөрчлийн тухай хэлэлцсэн байгаа нь ойлгомжгүй байх тул уг баримтыг мөн адил нотлох баримт гэж үзэх боломжгүй байна.

Ажилтныг ажлаас халсан тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, улмаар ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтны гаргасан сахилгын зөрчил буюу ажлаас халагдсан үндэслэлтэй тохирч байх нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцэх, тушаал хууль ёсны, үндэслэл бүхий байх шинжийг агуулах юм.

Иймд Баянхонгор аймгийн ******* сумын дунд сургуулийн захирлын дугаар тушаал нь дээрх шаардлагуудыг хангаагүй, Хөдөлмөрийн хууль зөрчиж Ж.*******ийг ажлаас үндэслэлгүй халсан байна гэж шүүх дүгнэв.

3. Нэхэмжлэгч Ж.*******ийн ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хянахад

Нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалин, олговорт ажлаас халагдсанаас хойш шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны ажилгүй байсан хугацааны цалин олговорт 1495689 төгрөгийг нэхэмжилсэн байна.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7.а.д "...ажлаас буруу халсан буюу шилжүүлсэн үеийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно" гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь ажиллаж байх хугацаандаа 416521 төгрөгийн үндсэн цалинтай байсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Ж.*******ийн цалингийн хүснэгт, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэргээр тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалинг тодорхойлохдоо түүний сүүлийн 3 сар буюу 2017 оны 9-11 сар болох 396687+416521+397588= 1210796: 3= 403598/дундаж цалин/ : 21.5 /ажлын хоног/ = 18772 төгрөг/нэг өдрийн цалин/ ийг Ж.*******ийн ажилгүй байсан хугацаа 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 2018 оны 04 сарын 09-ний өдөр хүртэл буюу ажлын нийт 85 хоногт тооцоход нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 1.495.689 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна гэж үзэв.

4. Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө..гэж заасан нь хариуцагч ажил олгогчийн буруугаас учирсан хохирлыг шаардах эрхтэйг илэрхийлж байна.

Мөн Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлд даатгуулагч болон ажил олгогчоос нийгмийн даатгалын шимтгэл төлөх хувь хэмжээг тодорхойлж, ажил олгогчоос төлвөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг ажилтанд бодогдсон тухайн сарын нийт цалин орлогоос хувилан гаргуулахаар хуульчилжээ.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар Ж.*******ийн ажилгүй байсан хугацаа 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 2018 оны 04 сарын 09-ний өдөр хүртэл хугацааны цалин олговор болох 1.495.689 төгрөгөнд ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг тооцон гаргуулж, нэхэмжлэгч Ж.*******ийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч байгууллагын захиргаанд даалгах нь зүйтэй байна.

5. Төрөөс төрийн албан хаагчид олгосон нэг удаагийн урамшуулал 300.000 төгрөг гаргуулах шаардлагыг хянахад Монгол Улсын Их хурлын 2017 оны 67 дугаар тогтоолын дагуу Засгийн газрын 2017 оны 12 сарын 06-ны өдрийн шийдвэрээр тухайн онд сахилгын шийтгэл хүлээсэн, сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа нь дуусаагүй байгаа албан хаагчдаас бусад төрийн албан хаагчдад 300.000 төгрөгийн мөнгөн урамшуулал олгохоор шийдвэрлэсэн байна.

Шүүх хуралдаанаар Ж.*******д сахилгын сануулах арга хэмжээ тооцсон ******* сумын дунд сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн дугаар тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул Ж.*******ийг сахилгын шийтгэлгүй гэж үзнэ.

Улмаар шүүх нэхэмжлэгчийг ажил олгогч нь үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн гэж үзсэн тул дээрх 300.000 төгрөгийн урамшууллыг авах эрхтэй гэж дүгнэв.

Иймд Ж.*******ийг Баянхонгор аймгийн ******* сумын *******ийн *******ын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор, төрийн албан хаагчдад олгох урамшуулал нийт 1795689 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хариуцагч байгууллагад даалгаж, сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-д заасныг баримтлан Баянхонгор аймгийн ******* сумын *******ийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн дугаар сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Ж.*******ийг Баянхонгор аймгийн ******* сумын *******ийн *******ын ажилд эгүүлэн тогтоосугай.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Баянхонгор аймгийн ******* сумын *******ийн захиргаанаас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор, төрийн албан хаагчдад олгох урамшуулал нийт 1.795.689 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.*******д олгосугай.

4. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-д зааснаар нэхэмжлэгч Ж.*******ийн ажилгүй байсан хугацааны цалин хөдөлмөрийн хөлсөнд төлөгдвөл зохих эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл хураамжийг тооцон түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч ******* сумын *******ийн захиргаанд даалгасугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43610 төгрөгийг төвлөрсөн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч байгууллагаас 113810 төгрөг гаргуулж 70200 төгрөгийг төвлөрсөн төсөвт, 43610 төгрөгийг нэхэмжлэгч Ж.*******д олгосугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.БАЯРЦЭНГЭЛ