Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 2025/ШЦТ/15

 

      Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,

      Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А,

      Улсын яллагч, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.А-,

      Шүүгдэгч Б.С- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

     Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Д.А-ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Б-ы С-д холбогдох эрүүгийн 2413002170343 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ...... оны ... дугаар сарын ....-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, нүүрс зардаг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ... дүгээр /Хус арал/ багийн .... дугаар гудамжны .... тоотод оршин суух хаягтай, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, Ш овогт Б-ы С-, регистрийн дугаар: БЭ...........;

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.С- нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ... дугаар /Жасыл бах/ багт байрлах гэртээ эхнэр К.С-тай хэрүүл маргаан үүсгэж, улмаар гартаа барьсан нүүр гарны алчуураар цохих үед эхнэр К.С- нь өөрийгөө хамгаалах зорилгоор хойшоо болохдоо цонхны шилэнд гар нь зүсэгдэж, хохирогч К.С-гийн биед баруун гарын бугуй хэсэгт зүсэгдсэн шархтай гэмтэл бүхий хөнгөн хохирлыг санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэг: Гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:

1. Улсын яллагч Д.А- шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгчийн шүүх хуралд өгсөн мэдүүлэг, хэргийг шалгах явцад цуглуулсан нотлох баримтуудаар хохирогчийн биед хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдож байгаа тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нөхцөл байдал, Хөшөөтийн уурхайд ажилладаг нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзаж үзсэн. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон. Тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Хохирогч нь надад учирсан хохирол байхгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн тул шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөр байхгүй.” гэв.

2. Шүүгдэгч Б.С- шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Миний бие үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна”  гэв.

3. Хохирогч К.С- шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:2024 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн 3 өдөр дараалан архи уусан. Бид нар өглөө 9 цаг гэж босох үед шүүгдэгч согтуу байдаг байсан. Архинаас болж гэр бүлийн хүчирхийлэл гардаг. Урьд нь зоддог байсан ба одоо зодохоо болиод хэл амаар доромжилдог байсан. Улсын яллагч яллах дүгнэлтийг танилцуулахдаа бүх болсон зүйлийг хэлж өгсөн. Би гэрээсээ 1 сар явсан байсан. Дараа нь нөхөр маань архинаас гарсан гэж дуудсан. Надад гомдлоо татаж аваарай гэж хэлсэн. Өвлийн хүйтэнд архи ууж байгаад нөхөр маань өөрийнхөө амь насыг хохироох байх гэж бодож ирсэн. Архинаас болж гэр бүлийн маргаан гардаг” гэв.

 

Эрүүгийн 2413002170343 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд улсын яллагчаас:

4. Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хавтаст хэргийн 05-08 дахь тал/,

5. Баян-Өлгий аймгийн Шүүх шинэжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч цолтой Х.Е-ын 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 559 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 11-12 дахь тал/,

6. Хохирогч К.С-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 04 дэх тал/,

7. Хохирогч К.С-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 21-23 дахь тал/,

8. Гэрч С.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 29-30 дахь тал/,

9. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 31- 34 дэх тал/,

10. Шүүгдэгч Б.С-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 51 дэх тал/ зэрэг нотлох баримтуудыг болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

11. Шүүгдэгч Б.С-, хохирогч К.С- нараас хавтаст хэргээс нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.

 

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

12. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдлын талаар шинжлэн судалсан нотлох баримтууд нь тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хамааралтай, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.

13. Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Б.С-д холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.

 

Хэргийн үйл баримт:  

14. Шүүгдэгч Б.С- нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 12 дугаар /Жасыл бах/ багт байрлах гэртээ эхнэр К.С-тай хэрүүл маргаан үүсгэж, улмаар гартаа барьсан нүүр гарны алчуураар цохих үед эхнэр К.С- нь өөрийгөө хамгаалах зорилгоор хойшоо болохдоо цонхны шилэнд гар нь зүсэгдэж, хохирогч К.С-гийн биед баруун гарын бугуй хэсэгт зүсэгдсэн шархтай гэмтэл бүхий хөнгөн хохирлыг санаатай учруулсан гэх үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:

15. Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хавтаст хэргийн 05-08 дахь тал/,

16. Баян-Өлгий аймгийн Шүүх шинэжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч цолтой Х.Е-ын 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 559 дугаартай “К.С-гийн биед баруун гарын бугуй хэсэгт зүсэгдсэн шархтай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтонги алдагдуулахгүй. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 11-12 дахь тал/,

17. Хохирогч К.С-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2024 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 09 цагийн үед нөхөр болох Б.С- согтуу гэрт ирээд над руу гар утсаа шидсэн. Дараа нь миний баруун гарын булчин руу гарын нударгаар нэг цохисон. Тэгээд алчуур авч миний нүүр лүү цохисон. Намайг алчуураар миний нүүр лүү цохиход би хойшоо ухарч хойно байсан цонхны шилэнд баруун гарын бугуйг шалбалсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 04 дэх тал/,

18. Хохирогч К.С-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн: “...тухайн үед нөхөр маань надтай хэрүүл маргаан хийсэн бөгөөд эхлээд нөхөр миний мөр хэсэгт гараараа 1-2 удаа цохисон ба гартаа байсан нүүр гарын алчуураар миний нүүр хэсэг рүү савах үед нь би цохиулахгүй гээд хойш алхах үедээ баруун гараараа нүүрээ хаагаад буцаад доошоо буулгах үед миний баруун гар цонхны шил цохиод цонх хагарсан. Тэр үед гараа зүсүүлсэн өөр ямар нэгэн асуудал байхгүй. 2024 оны 4 дүгээр сард байсан байх нөхөр Серикжан нь мөн гэрт согтуу ирээд агсам согтуу тавьсан бөгөөд тухайн үед би цагдаагийн байгууллагад шалгуулж 14 хоногийн баривчилагаа авч байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-23 дахь тал/,

19. Гэрч С.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...ээж над руу залгаад чи гэрийн гадна гараад ирээч гэж дуудсан. Тэгээд би гарч ирээд юу болсон талаар асуухад ээж надад “танай аав Серикжан нь өдөр болгон архи ууж ирээд надаас архины мөнгө нэхээд би байхгүй гэж хэлсэн чинь намайг зодох гэж оролдлоо. Тэгээд би гараа цонхны шилэнд зүсчихлээ” гэж хэлсэн. Намайг гарч ирэх үед ээжийн гарт ямар нэгэн зүйл байгаагүй. Харин аав гартаа нүүр гарын алчуур барьсан байдалтай байсан. Өмнө нь аав ээжийг зодож цохиж байсан асуудал гаргаж байсан. Ямар ч байсан нэг удаа ийм зүйл болсны дараа цагдаагийн байгууллагад шалгуулаад аав 14 хоногийн баривчлах шийтгэл авч байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29-30 дахь тал/,

20. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 31- 34 дэх тал/,

21. Шүүгдэгч Б.С-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. 2024 оны 7 сарын 03-ны өдөр өглөө 06 цагт аймагт гэртээ ирсэн. Гэртээ ирэх замдаа автобусанд хамт явсан танихгүй хүмүүстэй архи уугаад согтчихсон гэртээ орж ирсэн. Эхнэр архи уучихсан байна гэж намайг загнаж бид хоёр хэрэлдээд би уурлаад нүүр гараа угааж дуусаад алчуураар арчиж байхад эхнэр уурлаад байхаар нь түүнийг яасан ядаргаатай юм бэ гээд алчуураар цохихоор далайсан. Гэхдээ алчуураар түүнийг оноогүй, харин эхнэр миний далайсан алчуурнаас бултаж хойшоо болохдоо цонхны шилэнд гараа зүсчихсэн. Тэгээд би буцаад тэр хагарсан шилийг нь сольж өгчихөөд буцаж гараад гадуур явж явж байгаад өдөр гэртээ ирэхэд эхнэр маань төрхөмдөө явчихсан байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 51 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Эрх зүйн дүгнэлт:

22. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх бүрэлдэхүүн үнэллээ.

23. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг нийгмийн аюулын шинж, хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжид ангилдаг ба шүүгдэгч Б.С- нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эсрэг гэмт хэрэг үйлдсэн нь уг гэмт хэргийн хүндрүүлэх шинж болох “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх шинжид хамаарч  байна.

Тодруулбал: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол”, мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д ”гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх шинжийг хуульчлан тогтоосон байна. Мөн шүүгдэгч Б.С- гэр бүл болсноос хойш урьд нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хэрүүл маргаан үүсгэж, баривчлах шийтгэл эдэлж байсан нь хохирогч, шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг болон хэрэгт авагдсан шийтгэвэр, гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон байна.

24. Шүүгдэгч Б.С-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар буюу “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний биед хөнгөн гэмтэл санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

25. Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн 12 дугаар зүйлийн 13-д ”Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулсан.

     26. Шүүгдэгч Б.С- нь хохирогчийн дээрх хуулиар баталгаажуулсан эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, хохирол учруулсан идэвхтэй үйлдлийг хийсэн ба уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул шүүгдэгчийг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

27. Шүүгдэгч Б.С-ы үйлдлийн улмаас хохирогч К.С-гийн биед баруун гарын бугуй хэсэгт зүсэгдсэн шархтай гэмтэл учирсан болох нь Баян-Өлгий аймгийн Шүүх шинэжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч цолтой Х.Е-ын 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 559 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон, мөн Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах тул шүүгдэгч Б.С-ы хохирогч К.С-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан байна.

28. Гэмт хэрэг гарахад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал, гэмт хэрэг, түүний хор уршгийн талаар мэдлэггүй зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна гэж шүүх дүгнэлээ.

29. Прокуророос шүүгдэгч Б.С-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Б.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

30. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж хуульчилжээ.

31. Хохирогч К.С- нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ. Мөн түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

32. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “Шүүгдэгч Б.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах” дүгнэлтийг,

33. Хохирогчоос: “Торгуулийн мөнгийг надаас шаардахгүй байвал болно” гэх хүсэлтийг,

34. Шүүгдэгчээс: “Нүүрсэнд явдаг тул торгох шийтгэлийг төлөх болно” гэх тайлбарыг тус тус гаргасан болно.

34. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Б.С-ы үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

35. Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.

36. Шүүгдэгч Б.С-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу ял хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, харин хүндрүүлэх нөхцөл байдалгүй болохыг харгалзан үзлээ.

37. Шүүгдэгч Б.С- нь хувийн байдлын хувьд урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь цагдаагийн байгууллагын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 52 дахь тал/-аар тогтоогдож байна.

38. Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.С-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, эд хөрөнгө болон хөдөлмөр эрхлэлтийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдалтай болон улсын яллагчийн санал зэргийг харгалзан Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохируулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

39. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгтэй тэнцэх ба 600 нэгж нь 600.000 төгрөгтэй тэнцэх юм.

40. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-д оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

41. Шүүгдэгч Б.С- нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж байна.

42. Шүүгдэгч Б.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ш овогт Б-ы С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-ыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял  шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-д оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

5. Шүүгдэгч Б.С- нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шүүгдэгч Б.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        А.ДАУРЕНБЕК