Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Тогтоол

2017 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 142/ШШ2017/00967

 

2017 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 142/ШШ2017/00967

Орхон аймаг

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Ариунцэцэг даргалан, ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн, шүүгч Р.Үүрийнтуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд хийж

Нэхэмжлэгч: Ө_Г

Хариуцагч: Д.О

Гэм хорын хохиролд 1 003 360 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, иргэдийн төлөөлөгч Д.М, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С нар оролцов. 

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ө.Г нь Орхон аймгийн Эрдэнэтийн ДЦС-д Химийн цехийн ээлжийн аппаратчинаар ажилладаг бөгөөд 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өглөө ажил дээрээ ажлаа хүлээж аваад байж байтал ээлжийн лаборант ажилтай Д.О нүүр рүү халуун ус цацаж, хэл амаар доромжлон зүүн талын гуян тус газарт өшиглөснөөр даралт ихсэжзүрхээр хатгуулан дотор муухайран ажил хийх ямар ч чадваргүй болсон. Энэ өдөр арай гэж ажлаа хийж өдрийг өнгөрүүлсэн. Шөнөдөө биеийн байдал муудаж өглөө нь БОЭТ-ийн хүлээн авах дээр очиход эмч нь үзээд гэмтлийн тасгийн эмч Болдод үзүүл гэснээр Б эмч үзээд шууд эмнэлэгт хэвтүүлсэн. Намайг гуйлгачин, боловсролгүй, тэнэг мангархүнтэй адилхан царай зүстэй биш чам шиг юм шүүх цагдаагаар явсан ч чамайг тоох хүн байхгүй гэх мэтээр авирлаж хашгирч байсан учир би нэг ч үг хэлэлгүй шууд шоконд орсон. Энэ шокын байдлаасаа гарч чадахгүй 10 хоног эмчилгээ хийлгээд гарсан. Энэ байдлаа бичээд Орхон аймгийн цагдаагийн газарт хандахад ажлын байрандаа танхайрч, бусдын эрх чөлөөнд халдсан байна гэж захиргааны арга хэмжээ авсан гээд хэрэг хаагдсан. Тухайн үед би 312 000 төгрөгийн төлбөр төлж эмнэлэгт хэвтсэн. Гадны нөлөөллийн улмаас эмчилгээ хийлгэж байна гээд төлбөр авдаг юм билээ.Тухайн үед бэлэн мөнгө байхгүй учир барьцаалан зээлдүүлэх газраас 400 000 төгрөг зээлдэж аваад 347 000 төгрөгийг эмнэлэгт төлж үлдэх мөнгөөр нь гаднаас эм тариа авсан. Бусдад зодуулсаны улмаас барьцаалан зээлдүүлэх газраас 400 000 төгрөг зээлдэн авч хүүд нь 240 000 төгрөг төлсөн. Цалингийн зөрүү 416 360 төгрөг, эмчилгээний төлбөр 347 000 төгрөг нийт 1 003 360 төгрөгийн хохирол учраад байна. Энэ мөнгийг өгөөч гэж Д.О д хэлсэн боловч нэг ч төгрөг надад өгөөгүй. Иймд Д.О эс хохиролд 1 003 360 төгрөг гаргуулан олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч Д.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ө.Гантөмөрийн нэхэмжлэлтэй Д.О д холбогдох гэм хорын хохирол гаргуулах тухай иргэний хэрэгт дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч Ө.Г нь надаас ломбарданд зээлийн барьцааны мөнгөний хүү 240 000 төгрөг, цалингийн зөрүү 416 360 төгрөг, эмчилгээний төлбөр 347 000 төгрөг нийт 1 003 360 төгрөгийг нэхэмжилсэн байна. Үүнийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өглөө 8 цагт ажил дээрээ Ө.Г муудалцаж хоорондоо маргалдсан юм. Учир нь Ө.Г намайг гар хөл нь муу чөтгөрийн хорлолтой гээд хүнд хэлсэн байх бөгөөд намайг элдвээр хэлж доромжилсонд нь уур хүрээд хөл рүү нь нэг удаа өшиглөсөн юм. Гэвч тухайн үед хүчтэй цохиж, зодож гэмтэл учруулаагүй ба шүүх эмнэлгийн дүгнэлтээр гэмтлийн зэрэг тогтоогдоогүй юм. Гэхдээ хоорондоо хэрэлдэж ажлын байранд хэрүүл хийсэн гээд надад захиргааны арга хэмжээ авсан болно. Би энэ хүнийг санаатай цохиж зодоогүй байхад одоо иргэний журмаар нэхэмжлэл гаргаад байгаад гайхаж байна. Би энэ мөнгийг төлөх ч үүрэггүй гэж бодож байна. Учир нь гэмтлийн зэрэг тогтоогдоогүй байхад гэмтлийн эмнэлэгт ямар учраас хэвтэж эмчлүүлж байгаа нь тодорхойгүй байна. Мөн ломбарднаас авч хэрэглэсэн зээлийн хүүг би төлөх ч үүрэггүй. Цалингийн зөрүү надаас ямар үндэслэлээр нэхэмжилж байгаа хууль зүйн үндэслэлгүй юм. Гэмт хэргийн улмаас гэм хор, хохирол учруулсан тохиолдолд эмчилгээтэй холбоотой шууд зардлыг гэм буруутай этгээд төлөх нь хууль зүйн үндэслэл болох учиртай. Гэтэл намайг гэм хор учруулсан мэтээр нэхэмжлэл гаргаж үндэслэлгүй шаардлага гаргасан гэж үзэж байгаа тул хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн нь миний цохиж зодож гэмтэл учруулсантай холбоогүй гэж үзэж байгаа тул эмчилгээний зардлыг төлөх ч үндэслэлгүй шүү дээ. Намайг миний нүүр рүү халуун ус цацаж, хэл амаар доромжилсон, зүүн талын гуянд өшиглөсний улмаас даралт ихсэж зүрхээр хатгуулж ажил хийх ямар ч боломжгүй байдал үүсэн гэжээ. Харин намайг гүтгэсэн байна гэж хэлмээр байна. Би халуун ус цацаагүй, ууж байсан аягатай уснаас маргалдаж байхад цацагдсан ба эсрэгээрээ намайг элдвээр хэлж доромжлоод байсан шүү дээ, зүүн хөл рүү нь шүргээд өнгөрсөн, хүчтэй өшиглөөгүй, хэрвээ хүчтэй өшиглөсөн бол гэмтлийн зэрэг тогтоодсон байх учиртай юм. Тухайн үед надад миний зүүн хөлөнд гэмтэл учруулсан гээд үзүүлэх байхдаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч Ө.Г нь хариуцагч Д.О д холбогдуулан гэм хорын хохиролд 1 003 360 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно гэж заасан тул нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

Хариуцагч Д.О нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч мэтгэлцэж байна.

Шүүх бүрэлдэхүүн дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчилэн хангаж шийдвэрлэв.

2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Орхон аймгийн ДЦС-ын ажлын байранд хариуцагч Д.О нь нэхэмжлэгч Ө.Гантөмөрийн өөдөөс аягатай ус цацаж, зүүн гуян тус газар нэг удаа өшиглөсөн ба уг үйлдэлд нь 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Захиргааны шийтгэл ногдуулах тухай шийтгэвэр гарч, зөрчил гаргагч Д.Оюун-Эрдэнийг Захиргааны хариуцлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасны дагуу 15 000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн байна. Тухайн өдөр зохигчдын хооронд болсон маргаан хийгээд, Ө.Гантөмөрийн биед халдсан /ус цацаж, өшиглөсөн/ талаар талууд маргаагүй.

Дээрхи маргааны улмаас нэхэмжлэгч Ө.Г хямарч, 2017 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр эмнэлэгт хэвтсэн байх бөгөөд эмнэлэгт хэвтэхэд төлөх төлбөрөө ломбардаас авсан, түүний хүүнд төлсөн 240 000 төгрөг болон, эмнэлгийн чөлөөтэй үеийн цалингийн зөрүү 416 360 төгрөг, эмчилгээний төлбөрт төлсөн 347 000 төгрөг нийт 1 003 360 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон захиргааны шийтгэл ногдуулсан шийтгэвэр, ломбардны баримт, зээлийн гэрээ, цалингийн тодорхойлолт, эмнэлгийн хуудас, өвчний түүх, эмнэлгийн төлбөр төлсөн холбогдох нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн байна. /хх-4, 5, 6, 8, 15-27, 43/

Хариуцагч Д.О гэмтлийн зэрэг тогтоогдоогүй, хор хохирол учруулаагүй тул үндэслэлгүй нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж мэтгэлцэж байна.

Хэдийгээр хариуцагч түүний төлөөлөгч нь нэхэмжлэгчид гэмтлийн зэрэг тогтоогдоогүй, эмнэлэгт хэвтсэн онош нь тархи толгойтой холбоотой, өшиглөсөн гуянд хамааралгүй гэж тайлбарлаж байгаа боловч, маргааны улмаас нэхэмжлэгчийн даралт ихсэж, толгой өвдөх, дотор муухайрах шинж илэрсэн тул эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх болсон байна.

Хавтаст хэрэгт авагдсан Орхон аймгийн Цагдаагийн газрын 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн тодорхойлолт нь нотлох баримтын шаардлага хангаагүй тул шүүх шийдвэр гаргахад үндэслэл болгоогүй болно. /хх-38/

Хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас сэтгэл санаа нь хямарч эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхэд гарсан төлбөр болох 347 000 төгрөг, цалингийн зөрүү 416 360 төгрөгийг Д.О эс хариуцуулан гаргуулахаар шийдвэрлэсэн боловч, дээрхи байдалд нэхэмжлэгчийн архаг суурь өвчин нөлөөлсөн байх талтай гэж шүүх бүрэлдэхүүн дүгнээд, хангаж шийдвэрлэсэн 763 360 төгрөгийн 30 хувь буюу 534 352 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв./хх-22/

Ломбардын хүүг хариуцагч төлөх хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасны дагуу нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 56 800 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.О эс 16 680 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ө.Гантөмөрт олгохоор заалаа.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Монгол Улсын Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 514 дүгээр зүйлийн 514.1-д заасныг баримтлан хариуцагч Д.О эс 534 352 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ө.Г олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 469 008 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56 800 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Д.О эс 16 680 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ө.Г олгосугай.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                  Л.АРИУНЦЭЦЭГ

                                    ШҮҮГЧИД                       Б.БЯМБАСҮРЭН                                                                                                 Р.ҮҮРИЙНТУЯА