| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Акраны Дауренбек |
| Хэргийн индекс | 161/2025/0004/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/17 |
| Огноо | 2025-01-27 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Я.Д |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 2025/ШЦТ/17
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А,
Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Д-,
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.А-,
Шүүгдэгч Х.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Д-гаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн К.а овогт Х-ы Б-д холбогдох эрүүгийн 2413000000298 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19... оны ... дугаар сарын ...-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ... дугаар /Жасыл бах/ багт оршин суух хаягтай, урьд нь Баян-Өлгий аймгийн сум дундын шүүхийн 2000 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 3/11 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял, Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 44 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 71 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 200 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай гэх, К.а овогт Х-ы Б-, регистрийн дугаар: БЭ........;
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Х.Б- нь 2024 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9 дүгээр /Хөх хад/ багийн нутаг дэвсгэрт байрлах хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох хохирогч Т.С-ын өмчлөлийн өвлийн байшинд хууль бусаар нэвтэрч, хохирогч Т.С-ын өмчлөлийн бэлэн 550,000 төгрөг, “iphone 7” загварын гар утас /1 ширхэг/ зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар ширхэг/ хулгайлан авч, хохирогч Т.С-т 725,000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал, дүгнэлт:
1. Улсын яллагч Я.Д- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Х.Б- нь 2024 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9 дүгээр /Хөх хад/ багийн нутаг дэвсгэрт байрлах хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох хохирогч Т.С-ын өмчлөлийн өвлийн байшинд хууль бусаар нэвтэрч, хохирогч Т.С-ын өмчлөлийн бэлэн 550,000 төгрөг, “Iphone 7” загварын гар утас /1 ширхэг/ зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар ширхэг/ хулгайлан авч, хохирогч Т.С-т 725,000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэрэгт холбогдсон. Шүүгдэгч тухайн гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. Шүүгдэгч нь гар утас, шигуаа авснаа хүлээн зөвшөөрч байгаа. 550,000 төгрөгийг аваагүй гэж мэдүүлж байгаа. Гэхдээ гэрч, хохирогч нарын мэдүүлгээс харахад тухайн 550,000 төгрөгийг хохирогч Т.С-ын эхнэр гал тогооны өрөөний шүүгээнд тавьсан талаар хэлсэн. Дэлгүүрт бараа авахаар 550,000 төгрөгийг тус газарт тавьсан гэж М- мэдүүлсэн. Гар утас алдагдсан талаар мэдүүлсэн. Шүүгдэгч Х.Б- нь хохирогч Т.С-ын гэрээс бэлэн мөнгө, гар утас хулгайлсан болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Энэ гэмт хэргийн улмаас нийтдээ 725,000 төгрөгийн хохирол учирсан. Насанд хүрээгүй хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч нар гар утсаа хүлээж авсан. Нэхэмжлэх зүйл байхгүй гэдгийг илэрхийлсэн. Хохирогч 550,000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжлэхгүй гомдол саналгүй байхгүй гэдгээ илэрхийлсэн учраас шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулж хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт олгох хохирол төлбөр байхгүй” гэв.
2. Шүүгдэгч Х.Б- шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Гар утсыг хулгайлж авсан маань үнэн. Хүлээн зөвшөөрч цагдаад хүлээлгэж өгсөн. Мөнгөний талаар мэдэхгүй. Гэрт нь орж ус уусан маань үнэн. Гар утсыг авсан маань үнэн. Гар утсыг цагдаад хүлээлгэж өгсөн. Өөр зүйлийг мэдэхгүй” гэв.
3. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.А- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч нь гэм буруу дээр маргахгүй байгаа. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. 550,000 төгрөгийг авсан нь тогтоогдохгүй байгаа. Гар утасны үнэлгээ 127,000 төгрөг болж гарсан. Учруулсан хохирол нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хүрэхгүй байгаа. 550,000 төгрөгийг хохирогч нэхэмжлэхгүй байгаа. Хохирогчийн гэрт орж гар утас, шигуа авсан болох нь тогтоогдож байна” гэв.
Эрүүгийн 2413000000298 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд, Улсын яллагчаас:
4. Иргэн Т.С-аас 2024 оны 8 дугаар сарын 05-ны өдөр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 03 дахь тал/,
5. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 04-09 дэх тал/,
6. Хохирогч Т.С-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 12-13 дахь тал/,
7. Хохирогч Т.С-ын мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 65 дахь тал/,
8. Насанд хүрээгүй хохирогч Х.А-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 70 дахь тал/,
9. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 73 дахь тал/,
10. Гэрч С.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 дахь тал/,
11. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.М-ийн гэрчээр мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19 дэх тал/,
12. Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 23-32 дахь тал/,
13. Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 36 дахь тал/,
14. Эд зүйл /гар утас/-д үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 33 дахь тал/,
15. Эд зүйл хүлээлгэж өгсөн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 74 дэх тал/,
16. “Ашид билгүүн” ХХК-ийн 2024 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн БӨА-24-0201 дугаартай үнэлгээний дүгнэлт /хавтаст хэргийн 42-46 дахь тал/,
17. Шүүгдэгч Х.Б-ы иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 49 дэх тал/ зэрэг болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
18. Харин шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нараас хавтаст хэргээс нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
19. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдлын талаар шинжлэн судалсан нотлох баримтууд нь тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хамааралтай, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.
20. Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Х.Б-д холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.
Хэргийн үйл баримт:
21. Шүүгдэгч Х.Б- нь 2024 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9 дүгээр /Хөх хад/ багийн нутаг дэвсгэрт байрлах хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох хохирогч Т.С-ын өмчлөлийн өвлийн байшинд хууль бусаар нэвтэрч, хохирогч Т.С-ын өмчлөлийн бэлэн 550,000 төгрөг, “iphone 7” загварын гар утас /1 ширхэг/ зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар ширхэг/ хулгайлан авч, хохирогч Т.С-т 725,000 төгрөгийн хохирол учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:
23. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 04-09 дэх тал/,
24. Хохирогч Т.С-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: ...2024 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 11 цагийн орчимд манай зээ хүү миний гар утас байхгүй байна гээд хэсэг хугацаанд хайгаад олдохгүй болохоор нь манай гэрт байсан бүх хүмүүсээс асуухад, гэрт зочилж ирсэн манай ахын охин болох М- нь “өнөөдөр өглөө 07 цаг 10 минутын орчимд намайг бие засахаар зочны өрөөнөөс гарч ирэх үед гал тогооны өрөөний үүдэнд үл таних эрэгтэй хүн тааралдсан. Би тухайн хүнийг танай байшингийн ажил хийж байгаа хүмүүс юм байх гэж бодоод юм бодолгүй мэндлээд яваад өгсөн” хэмээн ярьсан. Ингээд бид манай байшингийн ажил хийж байсан хүмүүс тийм эрт ирэх ёсгүй, тухайн хүн гадны хүн байсан байна гэж мэдээд гэр доторх эд зүйлүүдээ бүртгэж үзэхэд гал тогооны өрөөний тек нь дээр байсан цүнхнээс манай зээ хүүгийн Айфон-7 загварын гар утас, дэлгүүрийн урд өдрүүдийн орлого болох бэлэн 550,000 төгрөг зэрэг нь алдагдсан байсан..., ...манай гэрт Налайхаас зочилж ирсэн хамаатны эгч болох М- эгч хүнд бэлэглэхээр авсан тарвас мөн хулгайд алдагдсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12-13 дахь тал/,
25. Хохирогч Т.С-ын мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн: “...манай байшингаас тухайн үед бэлэн 550,000 төгрөг, зээ хүү болох А-ы гар утас 1 ширхэг, Налайх дүүргээс ирсэн эгч болох М-ын өөрөө идэх гэж авсан нэг ширхэг шийгуа нь алга болсон байсан. Зээ хүү А- нь гар утсаа буцааж хүлээж авсан, М- бол 1 ширхэг шийгуанд гомдол гаргаагүй.., ...Х.Б-аас хохирол болох 550,000 төгрөгийг барагдуулж аваагүй.., ...Миний дүү шиг залуу болохоор уг хохирол болох 550,000 төгрөгийг Х.Б-аас нэхэмжлэхгүй. Түүнд ямар нэгэн гомдол санал байхгүй.., ...Миний эгч болох М- ч хохиролгүй гэдгийг дамжуулж хэлээрэй гэж хэлсэн. Бидний зүгээс ямар нэгэн гомдол, санал нэхэмжпэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 65 дахь тал/,
26. Насанд хүрээгүй хохирогч Х.А-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...миний өмнө барьж байсан утас маань Айфон-7 загварын утас байсан. Уг утсаа би 2024 оны 8 дугаар сарын эхээр нагац өвөөгийн гэрт байхдаа хулгайд алдсан юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 70 дахь тал/,
27. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...хүүхдүүдийн хамт 2024 эны 8 дугаар сарын 05-ны өдөр Өлгий сумын 9 дүгээр багт байрлах аав болох Т.С-ын гэрт очиж хоносон. Тухайн өдөр бид нар өглөө унтаж байхад манай гэрт хулгай орж миний хүүгийн Айфон-7 загварын гар утас, мөн дэлгүүрийн орлого 550,000 төгрөг, Налайхаас ирж манай гэрт зочилж байсан Мунайгийн авсан 1 ширхэг тарвас алдагдсан байсан.., ...бид нар сая утсаа хүлээж авсан. Бид нарт одоо ямар нэгэн гомдол, хохирол байхгүй.., ...нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 73 дахь тал/,
28. Гэрч С.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...өчигдөр буюу 8 дугаар сарын 05-ны өдрийн 07 цагийн орчимд бие засахаар босоод гэрээс гарах гэхэд тухайн айлын гал тогооны өрөөний үүд хэсэгт шар өнгийн цамц, хар өнгийн өмдтэй үл таних эрэгтэй хүн тааралдсан. Би тухайн хүнийг Т.С- ахын гэрт ажил хийхээр ирсэн хүн байна гэж бодоод нэг их юм бодолгүй зочны өрөө лүү ороод цаг харчхаад гэрээс гарахад тухайн хүн байхгүй байсан. Ингээд би гэрт орж ирээд хэсэг хугацааны дараа Т.С- ахын охин М-ээс сая танай гэрт үл таних эрэгтэй хүн орж ирээд гарлаа тухайн хүн хэн бэ гэж асуухад М- нь мэдэхгүй манай гэрт ямар нэгэн хүн орж ирэх ёсгүй чи сүнс харсан байх гээд тоглоом шоглоом хийгээд өнгөрсөн. Тухайн өдрийн урьд шөнө нь манай ах Т.С- нь маргааш өглөө манай гэрт байшин барихаар хоёр хүн ирнэ гэж ярьж байсан болохоор би тухайн үед гэрт тааралдсан үл таних эрэгтэй хүнийг байшин барихаар ирсэн хоёр хүний нэг нь юм байх гэж бодоод мэндлээд өнгөрсөн. Ингээд өдөр 11 цагийн орчимд М-ийн хүүгийн гар утас алга байна гэх яриа гарч бид гэрээс хайгаад олохгүй байхаар би өглөө гэрт таарсан хүний талаар хэлэхэд тухайн хүмүүс тэгвэл гэрт хулгай орсон байна гээд гэр доторх эд зүйлүүдээ бүртгэхэд айфон загварын гар утас бэлэн 550,000 төгрөг алга болсон байна гээд манай авга ах Т.С- нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 дахь тал/,
29. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.М-ийн гэрчээр мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2024 оны 8 дугаар сарын 05-ны өдөр би аав болох Т.С-ын гэрт байсан. Намайг өглөө гэртээ унтаж байхад манай аавын гэрт зочилж ирсэн үеэл болох М- нь өглөөний 07 цаг өнгөрч байхад намайг сэрээгээд сая танай гэрт үл таних эрэгтэй хүн орж ирлээ ямар учиртай хүн бэ гээд асуухаар нь би гэрээс гараад харахад ямар нэгэн хүн байгаагүй. Ингээд би ямар нэгэн юм бодолгүй гадаа хэн ч байхгүй байна, манайд тийм эрт ирэх хүн байхгүй, чи сүнс харсан байна хэмээн тоглоом шоглоом хийгээд өнгөрөөсөн. Ингээд бид өглөөний цайгаа уугаад сууж байхад М- нь дахин бидэн хандан “өглөө нээрээ танай гэрт гаднаас үл таних эрэгтэй хүн орж ирээд гарсан” хэмээн хэлэхээр нь бид их юм бодолгүй зүгээр өнгөрөөсөн. Хэсэг хугацааны дараа манай хүү болох 10 настай А- нь ээжээ миний гар утас хаана байна миний утсыг өгөөч гэхээр нь би гал зуухны тек нь дээр жижиг цүнхэнд байгаа гэхэд утас байхгүй байна гээд тухайн үедээ гар утас байгаа байх гэж бодоод өнгөрсөн. Тухайн өдрийн өмнөх орой нь манай ээж А- нь надад маргааш дэлгүүрийн бараанд яваад ирээрэй гээд бэлэн 550,000 төгрөг өгсөн ба би тухайн мөнгийг гал тогооны өрөөний шкафан дотор аяга тавгийн хажууд хийсэн байсан. Ингээд би 8 дугаар сарын 05-ны өдрийн 13 цагийн орчимд дэлгүүртээ бараа авч ирэхээр явах гээд нөгөө мөнгөө авах гэтэл миний шүүгээнд хийсэн бэлэн 550,000 төгрөг байхгүй байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19 дэх тал/,
30. Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 23-32 дахь тал/,
31. Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 36 дахь тал/,
32. Эд зүйл /гар утас/-д үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 33 дахь тал/,
33. Эд зүйл хүлээлгэж өгсөн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 74 дэх тал/,
34. “Ашид билгүүн” ХХК-ийн 2024 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн БӨА-24-0201 дугаартай “...Айфон 7 загварын өмнө хэрэглэж байсан хуучин гар утас болон кейс 175,000 төгрөг байх боломжтой...” гэх үнэлгээний дүгнэлт /хавтаст хэргийн 42-46 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эрх зүйн дүгнэлт:
35. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүхээс үнэллээ.
36. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заажээ.
37. Шүүгдэгч Х.Б- нь амар хялбар аргаар мөнгөтэй болж өөрийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор, шунахайн сэдэлттэйгээр, шууд санаатайгаар үйлдэж, бусдад мэдэгдэлгүй хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар орсон, хэн нэгэн хүнд хүч хэрэглээгүй, хулгайлагдсан өмчийн эзэд нь түүнд дээрх хөрөнгийг авах зөвшөөрөл өгөөгүй, хууль бусаар нэвтрэх аргаар бусдын өмчлөх эрхэд халдаж бусдад эд хөрөнгийн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд хэлэлцүүлсэн дээрх баримтуудаар нотлогдож байна.
38. Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд зүйлийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр өөрийн эзэмшилдээ авч, захиран зарцуулах боломжтой болсноор уг хэрэг үйлдэгдэж дууссанд тооцдог. Шүүгдэгч нь хууль бусаар олсон эд зүйлсийг өөрийн дураар захиран зарцуулах боломжтой байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байх тул дээрх хууль бус үйлдэл нь төгссөн гэмт хэргийн шинжийг агуулж байна.
39. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан ба шүүгдэгч нь өөрийн үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж байсан ч энэ гэмт хэргийг хүсэж, шунахайн сэдэлтээр, санаатай үйлдсэнээр хохирогчид 725,000 төгрөгийн хохирол учирсан байна гэж үзлээ.
40. Шүүгдэгч нь иргэн Т.С-ын өмчлөлийн өвлинй байшинд хууль бусаар нэвтрэн орж “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан бичгийн баримтуудаар тогтоогдсон бөгөөд уг байр нь хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хамаарна.
41. Шүүгдэгч Х.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
42. Мөн Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан “хулгайлах” гэмт хэргийн тайлбараас үзвэл, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь хохирлын хэмжээ хэд байхаас үл хамаарч хүндрүүлэх нөхцөл байдалтай хулгай хийсэн гэж үзнэ.
43. Иймд шүүгдэгч Х.Б-ы үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.
44. Шүүгдэгч Х.Б-аас: “..хохирогч Т.С-ын гэрээс 500,000 төгрөг хулгайлаагүй” гэж мэдүүлдэг боловч хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон ба няцаах ямар нэгэн нотлох баримт байхгүй байна.
45. Гэмт хэрэг гарахад хохирогчийн эд хөрөнгөө тогтмол хараа хяналтгүй орхисон байдал, шүүгдэгчийн хууль зүйн ухамсар, ёс суртахууны хүмүүжил дутмаг байдал, дохиолол, камержуулалт байхгүй зэрэг хохирогчийн эд хөрөнгөө хамгаалах хамгаалалт сул байдал нөлөөлсөн байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
46. Шүүгдэгч Х.Б-ы гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Т.С-т бэлэн авсан 550,000 төгрөгийн хохирол, мөн “Ашид билгүүн” ХХК-ийн 2024 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн БӨА-24-0201 дугаартай үнэлгээний дүгнэлт /хавтаст хэргийн 42-46 дахь тал/-ээр 175.000 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдож байна.
47. Шүүгдэгч Х.Б- нь дээрх хулгайд утсыг хохирогчид биет байдлаар буцааж өгсөн болох нь эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 74 дэх тал/-ээр тогтоогдож байгаа бөгөөд хохирогч Т.С- нь 550,000 төгрөгийг нэхэмжлэхгүй гэж мэдүүлсэн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
48. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас: “Шүүхээс шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй. Шүүгдэгч өмнө нь энэ төрлийн гэмт хэрэгт 4 удаа холбогдож байсан. Шүүхээс ял шийтгүүлж байсан. Насанд хүрээгүй хохирогчийн гар утсыг буцааж өгсөн. Хохирогч Т.С- нь хохирол нэхэмжлэхгүй гэдгээ илэрхийлсэн. Насанд хүрээгүй хохирогчид учирсан хохирлыг төлж өгсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг зэргийг харгалзаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жил 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналыг гаргаж байна. Тухайн хорих ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргаж байна. 2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 2024/ШЦТ/200 дугаартай шийтгэл тогтоолоор 1 жил 2 сар 13 хоногийн хорих ял оногдуулж шийдвэрлэсэн. Өнөөдрийн байдлаар 5 сар 7 хоногийн ялаа эдэлсэн ба 9 сар 6 хоногийн үлдэгдэлтэй байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулж байгаа 2 жил 8 сарын хорих ял дээр өмнөх шийтгэл тогтоолоос үлдсэн 9 сар 6 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийтдээ 3 жил 5 сар 6 хоногийн хорих ял эдлүүлэх саналыг гаргаж байна.” гэх дүгнэлтийг,
49. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “...Шүүгдэгчийг шүүхээс гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн. Бусдад төлөх төлбөр байхгүй. Эдлэх ялыг нэмж нэгтгэн 3 жил 5 сар 6 хоногийн хорих ял оногдуулах саналыг улсын яллагч гаргаж байна. Хэрэг хийсэн бол хариуцлагыг нь хүлээх ёстой. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулах ялыг хөнгөрүүлж өгөхийг хүсэж байна” гэх дүгнэлтийг,
50. Шүүгдэгчээс: “Оногдуулах ялыг хөнгөрүүлж өгөхийг хүсэж байна” гэх хүсэлтийг тус тус гаргасан болно.
51. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Х.Б-ы үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна.
52. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар тогтоосон гэмт хэргийг хүнд гэмт хэрэг гэнэ” хэмээн хуульчилсан бөгөөд шүүгдэгч Х.Б-ы үйлдсэн гэмт хэрэг нь хүнд гэмт хэргийн ангилалд хамаарна.
53. Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.
54. Шүүхээс шүүгдэгч Х.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “Хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдалд, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
55. Иймд шүүгдэгч Х.Б-ы гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хувийн байдлыг харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэв.
56. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг хэрэглэж өгнө үү гэх хүсэлт гаргасан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулна” гэж заасан бөгөөд шүүгдэгч Х.Б- урьд нь энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон байдлыг харгалзан дээрх заалтыг хэрэглэх боломжгүй гэж үзлээ.
57. Шүүгдэгч Х.Б- урьд нь ял шийтгүүлж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан Баян-Өлгий аймгийн сум дундын шүүхийн 2000 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 3/11 дугаартай шийтгэх тогтоол, Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 44 дугаартай шийтгэх тогтоол, Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 71 дугаартай шийтгэх тогтоол, Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 200 дугаартай шийтгэх тогтоолын хуулбараар тогтоогдож байна.
58. Шүүгдэгч Х.Б- нь тус шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 2024/ШЦТ/200 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 2 /хоёр/ сар 13 /арван гурван/ хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлжээ.
59. Шүүгдэгч Х.Б- нь дээрх шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жил 2 /хоёр/ сар 13 /арван гурван/ хоногийн хорих ялаас 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар 9 /есөн/ сар 6 /зургаа/ хоногийн хорих ялыг эдлээгүй үлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан ялын тооцоогоор тогтоогдож байна.
60. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж зааснаар шүүгдэгч Х.Б-д энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ял дээр тус шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 2024/ШЦТ/200 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил 2 /хоёр/ сар 13 /арван гурван/ хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 9 /есөн/ сар, 6 /зургаа/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялыг 2 /хоёр/ жил, 9 /есөн/ сар, 6 /зургаа/ хоногийн хугацаагаар тогтоохоор шийдвэрлэлээ.
61. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж заасныг удирдлага болгон дээрх нөхцөл байдалд тус бүрд нь дүгнэлт хийж, шүүгдэгч Х.Б-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.
62. Шүүгдэгч Х.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжилсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж байна.
63. Шүүгдэгч Х.Б-ыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд хорихоор шийдвэрлэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч К.а овогт Х-ы Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Х.Б-ыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Х.Б-д энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ял дээр тус шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 2024/ШЦТ/200 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил 2 /хоёр/ сар 13 /арван гурван/ хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 9 /есөн/ сар, 6 /зургаа/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялыг 2 /хоёр/ жил, 9 /есөн/ сар, 6 /зургаа/ хоногийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-д оногдуулсан 2 /хоёр/ жил, 9 /есөн/ сар, 6 /зургаа/ хоногийн хорих ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Шүүгдэгч Х.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжилсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Х.Б-ыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд хорьсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.ДАУРЕНБЕК