| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Акраны Дауренбек |
| Хэргийн индекс | 302/2025/0013/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/18 |
| Огноо | 2025-01-27 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Я.Д |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 2025/ШЦТ/18
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А,
улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Д-,
шүүгдэгч Ш.А- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Д-гаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.х овогт Ш-ын А-т холбогдох эрүүгийн 2513000000032 дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19... оны ... дүгээр сарын ....-ний өдөр Баян-Өлгий аймгийн Бугат суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, бэр эгч, дүү нарын хамт Баян-Өлгий аймгийн Бугат сумын ... дугаар /Цагаан арал/ багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, М.х овогт Ш-ын А-, регистрийн дугаар: БГ.................1;
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Ш.А- нь 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр /Их булан/ багийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтуурсан үедээ .... БӨҮ улсын дугаартай Субару загварын тээврийн хэрэгсэл жолоодож тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал, дүгнэлт:
1.Улсын яллагчаас шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Ш.А-т холбогдох шүүх хуралдаанд оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч нь 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр тус аймгийн Өлгий сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үед согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэгт холбогдсон. Шүүгдэгч тухайн гэмт хэргийг үйлдсэн болох нь яллах талын нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч өмнө нь 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн шүүхийн шийтгэврээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан. Дахин энэ төрлийн үйлдэл гаргаснаар гэмт хэрэгт холбогдож байгаа. Шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Энэ гэмт хэргийн улмаас хүн, хуулийн этгээдэд учирсан хохирол байхгүй учраас шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөр байхгүй” гэв.
2.Шүүгдэгч Ш.А- мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Эрүүгийн 2513000000032 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд, Улсын яллагчаас:
3. Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/,
4.Жолоочийн согтуурлын хэмжээг шалгасан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хавтаст хэргийн 02-03 дахь тал/,
5. Жолоочийн лавлагаа, мэдээлэл /хавтаст хэргийн 31 дэх тал/,
6. Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 2024/ЗШ/305 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 30-35 дахь тал/,
7. Шүүгдэгч Ш.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 42 дахь тал/ зэрэг болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан ба шүүгдэгчээс хавтаст хэргээс нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
8. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдлын талаар шинжлэн судалсан нотлох баримтууд нь тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хамааралтай, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.
9. Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Ш.А-т холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.
Хэргийн үйл баримт:
10. Шүүгдэгч Ш.А- нь 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр /Их булан/ багийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтуурсан үедээ .... БӨҮ улсын дугаартай Субару загварын тээврийн хэрэгсэл жолоодсон үйл баримт, хэргийн нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
11. Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/,
12. Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын эрх бүхий албан тушаалтнаас холбогдогч Ш.А-ийн согтуурлын хэмжээг 2024 оны 01 дүгээр сарын 14-ний оройн 17 цаг 57 минутад шалгахад согтуурал шалгах багажийн заалт 3,04 хувь болохыг заасан тухай согтуурлын хэмжээг шалгасан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 02-03 дахь тал/,
13. Жолоочийн лавлагаа, мэдээлэл /хавтаст хэргийн 31 дэх тал/,
14. Шүүгдэгч Ш.А-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэсэн тухай Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 2024/ЗШ/305 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 21-22 дахь тал/,
15. Шүүгдэгч Ш.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би тухайн өдөр буюу 2024 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 14 цагийн үед Өлгий сумын 4 дүгээр багт байдаг найз Х.Е-той уулзаж түүний .... БӨҮ улсын дугаартай Subaru Impreza загварын тээврийн хэрэгсэл дотор хоёулаа 0,500 грийн Хараа нэртэй 2 шил архийг хувааж ууж дуусгасан. Тэгээд Х.Е- нь нэлээд согтсон учир түүнийг гэрт нь үлдээгээд түүний машиныг жолоодож өөрийнхөө гэр лүү явсан бөгөөд Бугат сумын нутаг дэвсгэрт байрлах МТ шатахуун түгээх станцын урдуур байдаг засмал зам руу шороон замаас орох гэж байхад замын цагдаа зогсоож шалгасан. Тэгээд архи согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг тогтоон гээд цагдаагийн газарт дагуулан ирж согтолтын зэргийг шалгахад 3,04 % промилль согтолттой байсан тул хамаатны эгч Е.М-ийг дуудаж намайг хүлээлгэн өгч явуулсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 42-43 дахь тал/зэрэг нотлох баримтууд болно.
Эрх зүйн дүгнэлт:
16. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүхээс үнэллээ.
17. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн тайлбарт: “-Энэ зүйлд заасан “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно.”, -“Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг ойлгоно.”, -“Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно.”, -Тээврийн хэрэгсэл” гэж механикжсан тээврийн хэрэгслийг ойлгоно.” гэж хууль тогтоогчоос тайлбарлажээ.
18. Шүүгдэгч Ш.А- нь 2024 оны 03 дугаар сарын 30-ны шөнө 00 цаг 59 минутын үедээ Өлгий сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны төрөл, зүйл хэрэглэсэн буюу 0.47%-ын согтолттойгоор “Тоуоtа Vitz” маркийн ........ БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон ба тус Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 2024/ЗШ/305 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ш.А-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400.000 /дөрвөн зуун мянган/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуужл шийдвэрлэсэн /хавтаст хэргийн 21-22 дахь тал/ тул шүүгдэгч Ш.А-ийг “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж ойлгоно.
19. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.
20. Шүүгдэгч Ш.А- нь 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр /Их булан/ багийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтуурсан үедээ .... БӨҮ улсын дугаартай Субару загварын тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйл 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан... үедээ тээврийн хэрэгсэл жолоодож “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн шинжийг агуулж байна.
21. Иймд гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Ш.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
22. Шүүгдэгч Ш.А-ийн хууль, эрх зүйн мэдлэг дутмаг, хайнга байдал нь гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлжээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
23. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1. “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2. “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.
24. Шүүгдэгч Ш.А-ийн гэм буруутай үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учраагүй тул түүнийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
25. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “Шүүгдэгч Ш.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 3 сарын хугацаагаар хасаж 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах” дүгнэлтийг, шүүгдэгч Ш.А-ээс “Хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү.” гэх тайлбарыг гаргасан болно.
26. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1. “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Ш.А-ийн үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.
27. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1. “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 2. “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг гэж заасныг тус тус удирдлага болгов.
28. Шүүгдэгч Ш.А-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд тус тус заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, мөн эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэв.
29. Шүүгдэгч Ш.А-ийн хувийн байдлын хувьд урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 43 дахь тал/-аар тогтоогдож байна.
30. Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.
31. Шүүгдэгч Ш.А-ийг эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, мөн эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэрэгт нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт өгч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан ялын төрлөөс торгох ялыг сонгож, шүүгдэгч Ш.А-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 3 сарын хугацаагаар хасаж, 2,800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,800,000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.
32. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.А-т оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 жилийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.А- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих нь зүйтэй.
33. Шүүгдэгч Ш.А- нь тус шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 2024/ЗШ/305 дугаар шийтгэврээр оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасах шийтгэлийг эдэлж дууссан үеэс үргэлжлүүлэн энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 3 сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг эдлүүлэхээр тогтоов.
34. Энэ хэрэгт шүүгдэгч Ш.А- нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй.
35. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Ш.А-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М.х овогт Ш-ын А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.А-ийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жил 3 /гурван/ хугацаагаар хасаж, 2,800 /хоёр сая найман зуун мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,800,000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.А-т оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 /хоёр/ жилийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.А- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.А-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг тус шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 2024/ЗШ/305 дугаар шийтгэврээр оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасах шийтгэлийг эдэлж дууссан үеэс үргэлжлүүлэн энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жил 3 /гурван/ сарын хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг эдлүүлэхээр тогтоосугай.
6. Шүүгдэгч Ш.А- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Ш.А-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч нь өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.ДАУРЕНБЕК