Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 155/ШШ2021/01017

 

 

 

 

 

2021 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 155/ШШ2021/01017

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Түнэл сумын 6 дугаар багт оршин суух Аданх урианхан овогт Бын Ө-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Түнэл сумын 6 дугаар багт оршин суух Есөн чоно овогт Зын С-т холбогдох,

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Сувд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би нөхөр З.Стой 2013 онд утсаар танилцсан. Бидний дундаас 2015 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр охин С.Мөнхжин төрж, 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Бид хурим найр хийж тусдаа гараагүй, манай аав ээжийнд ирэн очин байж байгаад 2016 оноос эхлээд бид тусдаа амьдарч эхэлсэн.

Би өрх толгойлсон эмэгтэй гээд хүнсний талонд хамрагдах болон бусад тэтгэмж тогтоолгох гэтэл гэрлэлтээ цуцлуулах шаардлагатай болсон юм.

Иймд гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Хариуцагч З.С нь шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул түүний эзгүйд, оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрүүлэх саналтай байна гэв.

Хариуцагч З.С шүүхэд ирүүлсэн тайлбар, хүсэлтдээ: Миний бие З.С нь Б.Өийн нэхэмжлэлийн хувийг гардаж авч танилцлаа. Б.Ө нь гэрлэлтээ цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах туахй нэхэмжлэл гаргасан ба би нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна, би одоогоор Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байна.

Ажлаасаа 5 хоногийн чөлөө авч нэхэмжлэлийг гардаж авч, тайлбараа өглөө.Дараагийн удаа би Улаанбаатар хотод байх учраас миний хол ажиллаж амьдарч байгаа байдлыг харгалзан үзэж шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү. Жич:Би нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байгаа гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Ө нь хариуцагч З.Ст холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Гэрлэгчид нь 2014 оны 10 дугаар сарын 26-ны өдөр гэр бүл болж, 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь №6740000002 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, зохигчийн тайлбар зэргээр тогтоогдож, нэхэмжлэгчийн шаардах эрх үүсжээ.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт зэргээр зохигчид бие биедээ үнэнч байх, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах зэрэг адил үүргийг хамтран хэрэгжүүлэх боломжгүй байдал бий болсон, Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт заасан гэрлэлтийг цуцлахгүй байх үндэслэл тогтоогдохгүй ба гэрлэгчид нь 2016 оноос одоо хүртэл хугацаанд тусдаа амьдарч байгаа, гэрлэлт цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн, Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас эвлэрүүлэх арга хэмжээ авхад энэ хугацаанд эвлэрээгүй зэрэг бодит шалтгаан нь гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэл болж байна.

Иймд шүүх нэхэмжлэгч Б.Ө, хариуцагч З.С нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Гэрлэгчдийн дундаас 2015 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр охин С.Мөнхжин төрсөн болох нь 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн №6734000012 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар нотлогдож байх бөгөөд зохигчдын хэн аль нь төрсөн эцэг, эх гэдэгтэй маргаагүй.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт: Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, ... харилцан тохиролцож болно гэж заасан ба нэхэмжлэгч Б.Ө нь охин С.Мөнхжин өөрийн асрамжид авах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч З.С зөвшөөрсөн, хүүхдүүдийн одоогийн өсч байгаа болон ээнэгшин дассан орчинг өөрчлөх үндэслэл тогтоогдохгүй байгаа тул охин С.Мөнхжинг төрсөн эх Б.Өийн асрамжид үлдээж, эцэг З.Соос сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

Түүнчлэн охин С.Мөнхжинг эх Б.Өийн асрамжид үлдээж байгаа нь эхийн оршин суугаа газрын харъяаллаар суурь боловсрол, эрүүл мэндийн болон төрийн бусад үйлчилгээг авах боломжийг олгож байгаа явдал бөгөөд эцэг З.С, эх Б.Ө нар тусдаа амьдарч байгаа нь хүүхдээ хүмүүжүүлэхэд хүлээх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй ба зохигч хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурьлаа.

Хариуцагч нь шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн, мөн нэхэмжлэгч нь хариуцагчийг байцуулахгүйгйээр хэргийг шийдвэрүүлэх хүсэлтийг шүүх хуралдаанд гаргасан тул хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 105,537 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад төлбөл зохих улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг, мөн Гэр бүлийн тухай хуульд хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2015 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн охин С.Мөнхжинг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр олгох тэтгэлгийг сар бүр эцэг З.С төлөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар З.Ст сар бүр төлөх тэтгэлэг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцоход 1.282.800 төгрөг болох ба түүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 35.337 төгрөг, нийт 105.537 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олголоо.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Есөн чоно овогт Зын С, Аданх урианхан овогт Бын Ө нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2015 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн охин С.Мөнхжинг төрсөн эх Б.Өийн асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2015 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн охин С.Мөнхжинг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, олгох тэтгэлгийг сар бүр эцэг З.Соос гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг эцэг З.С, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Б.Ө нарт тус тус даалгасугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 105,537 (нэг зуун таван мянга таван зуун гучин долоо) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 105,537 (нэг зуун таван мянга таван зуун гучин долоо) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Оюунчимэгт даалгасугай.

7. 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс хойш 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ