2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 2025/ШЦТ/30

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,

нарийн бичгийн дарга М.Буянзаяа,

улсын яллагч М.Сэлэнгэ,

шүүгдэгч Ж.*******, түүний өмгөөлөгч Г.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр *******т төрсөн, *******тай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилгын туслахын ажил эрхэлдэг, ам бүл 2, эхийн хамт *******,од оршин суух, урьд Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 22 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэхгүй тэнсэж 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан, ******* овогт *******ийн ******* /РД:/

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

 

Яллагдагч Ж.******* нь согтуурсан үедээ 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр *******ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ төв” нэртэй хүнсний дэлгүүр орчим хувийн таарамжгүй харилцааны улмаас Б.тай маргалдаж, “чамайг эхнэр рүү чинь явуулахгүй” гэсэн шалтгаанаар зүүн цээжин тус газарт хөлөөрөө өшиглөж хохирогч Б.ы эрүүл мэндэд хоёр хавирганы далд хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ж.*******ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэм буруугийн талаар:

 

Шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч Ж.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотлох, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.******* улсын яллагчийн зүйлчилсэн хуулийн зүйл, заалттай, гэм буруутай маргахгүй, ял шийтгэлийг хөнгөрүүлэх” гэсэн байр сууринаас тус тус оролцов.

 

1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг:

 

Шүүгдэгч Ж.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Б. нь согтуурсан үедээ эхнэртэйгээ зүй бус харьцдаг учир би түүнийг эхнэрийнх нь ажил руу оруулахгүй гэж марган унагаж байгаад нэг удаа өшиглөсөн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

 

1.2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

 

Шүүгдэгч Ж.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өглөө *******ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ төв” хүнсний дэлгүүр орчимд Б.тай архи ууж байхдаа эхнэр лүү нь явуулахгүй гэж маргалдан, хувийн таарамжгүй харилцаа үүсгэж түүний зүүн цээжин тус газарт хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд хоёр хавирганы далд хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

- Хохирогч Б. мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр гэртээ ганцаараа байж байхад өглөө 08 цаг 30 минутын үед ******* жаахан архи үнэртүүлсэн байдалтай орж ирээд "ахаа миний дотор муу байна, ганц шил архины мөнгө байна уу" гэсэн. Би мөнгө байгаа гээд бид хоёр гэрээс хамт гараад “" төвийн дэлгүүр лүү ороод нэг шил 0,75 литрийн Хараа нэртэй архи аваад дэлгүүрийн ар талд нь сууж байгаад ******* бид хоёр хувааж уусан. ******* бид хоёр хажуухан талд байсан гарашийн дэргэд очоод зэрэгцээд сууж байхад ******* гэнэт босож ирээд миний урдуур тойроод зүүн талд гараад зогсоод зүүн талын бөөр хэсэгт хоёр удаа өшиглөсөн. Тухайн үед ******* “чамайг би эхнэр рүү чинь очуулахгүй" гэсэн. Би *******д “одоо болно, чи ахыгаа хоёр өшиглөлөө шүү дээ” гэж хэлтэл цаашаа явсан. Би эхнэрийн ажил дээр очоод эхнэрээ дуудуулж уулзахад намайг ээжийн гэрт очоод байж бай гээд таксинд суулгаж өгсөн. Би ээжийнхээ гэрт очиход *******д өшиглүүлсэн бөөр өвдөөд нэг л сонин болоод байсан. Манай дүү эхнэр рүү залгаад ахын бие нь өвдөөд байна гэж дуудахад эхнэр ирээд бид хоёр Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн яаралтай тусламжийн төвийн хүлээн авах дээр очоод эмчид үзүүлэхэд 2 хавирга хугарсан байна гэсэн. Надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /х.х-ийн 5-7,10-11 хуудас/,

 

- Гэрч Б. мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би ажил дээрээ ажлаа хийгээд байж байтал 11 цагийн үед манай нөхөр ирээд ажлын гадаа дуудахад нь гараад очтол “би хүнд зодуулчихлаа, ******* намайг өшиглөчихлөө, хөдөлж чадахгүй байна” гэсэн. Би нөхрөө таксинд суулгаж өгөөд ээж рүү нь явуулсан. 14 цагийн үед ээж нь залгаад нуруу нь татаад байна гэхээр нь ажлаасаа нөхөр дээрээ очоод Улаанбаатар хотод Гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн. Тухайн үед зургийн авхуулахад 2 хавирга хугарсан байна гэсэн. Тухайн өдөр нь Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст өргөдөл бичиж өгсөн” гэх мэдүүлэг /х.х-ийн 14-15 хуудас/,

 

- Шинжээч Р. мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Дээрх гэмтэл нь зүүн талын 10-11 дүгээр хавирга хугаралтай байх тул нэг удаагийн цохих, цохигдох үйлчлэлээр үүсэх боломжтой. Гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаатай тохирсон шинэ гэмтэл байна” гэх мэдүүлэг /х.х-ийн 31-32 хуудас/,

 

- Налайх дүүргийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 452 дугар дүгнэлтэд: “ийн ы биед хоёр хавирганы далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаатай тохирсон гэмтэл байна. Хатуу мохоо зүйлийн цохих үйлдлээр үүснэ. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.”

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Р. гэжээ. /х.х-ийн 18-19 хуудас/,

 

- Шүүгдэгч Ж.******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Би 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өглөө ы гэрт очоод 1 шил архи байна уу ахаа гэж асуухад байна гээд гэрээс нь гараад “” дэлгүүрээс архи аваад дэлгүүрийн ард гарашийн хажууд уусан. Би найзынх руугаа явах гэж байхад нилээд халж согтоод эхнэрийнхээ ажил руу орно гэхээр нь яах гэсэн юм гэтэл орно пизда минь гэсэн. Би түүнийг түлхэж унагаад өшиглөөд яваад өгсөн” гэх мэдүүлэг /х.х-ийн 64-65 хуудас/,

 

- Яаралтай тусламжийн хуудас, түүнд хавсаргасан рентген зургийн үзүүлэлт, дүгнэлт /х.х-ийн 20-25 хуудас/ болон шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг болно.

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэл зэрэг нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсаныг дурдлаа.

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

1.3. Эрх зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх субьектив болон обьектив шинжийг хангахыг шаарддаг.

Хууль зүйн хувьд шүүгдэгч Ж.*******ын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хохирогч Б.ы эрх чөлөөнд халдаж хүндэвтэр зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.

 

Шүүгдэгч Ж.*******ын үйлдлийн улмаас хохирогч Б.ы биед эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ж.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тухайн цаг хугацаанд үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж хохирогч Б.ыг өшиглөж 2 хавирганы хугарал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Уг гэмт хэрэг гарахад шүүгдэгч Ж.*******, хохирогч Б. нарын архидан согтуурч үл ялих зүйлээр шалтаглан маргаан үүсгэсэн байдал нь нөлөөлсөн байна.

 

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Ж.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Г.******* нар нь гэм буруу, хэргийн зүйлчлэлтэй холбогдуулан маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

1.4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.ы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол саналгүй” гэх мэдүүлгийг өгсөнийг, хохирогчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авсан зардалд Эрүүл мэндийн даатгалын сангаас    106 190 төгрөгийг төлж барагдуулсан зэргийг тус тус харгалзан шүүгдэгч Ж.*******ыг бусдад төлөх гэм хорын төлбөргүй гэж тогтоолоо.

 

ХОЁР. Шүүгдэгч Ж.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Улсын яллагч М.Сэлэнгэ эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: Шүүгдэгч Ж.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хохирол хор уршгийг төлсөн байх тул хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Ж.*******ын хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх буюу 500 000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх гэсэн дүгнэлтийг,

            шүүгдэгчийн өмгөөлөгч Г.******* эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: Гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцлийн хувьд шүүгдэгч Ж.******* нь эгч Б.ийн ажил руу хохирогч Б. архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ орох гэсэн үйлдлийг таслан зогсоосон, эрхэлсэн тодорхой ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг зэргийг  харгалзан үзэж прокуророос гаргасан саналаар торгож өгнө үү гэсэн дүгнэлтийг тус тус гаргажээ.

 

Шүүгдэгч Э.******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан бусдад учруулсан хохилыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдлаа.

 

Шүүхээс шүүгдэгч Э.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Ж.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр тогтоолоо.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.*******ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.*******д оногдуулсан торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Шүүгдэгч Ж.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.БАТТУЛГА