Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 72

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Алдар даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Улсыняллагч: Б.Мөнх-Од,

Нарийн бичгийн дарга: Г.Гантогтох,

Шүүгдэгч Ч.Гантулга, түүний өмгөөлөгч: Б.Батцэнгэл,

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Ж.Амаржаргал нарыг оролцуулан

           

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сартуул овогт Чимэдийн Гантулгад холбогдох эрүүгийн 201626021934 дугаартай хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянанхэлэлцэв.

 

Шүүгдэгчийнбиеийнбайцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн,1994 оны 12дугаар сарын 28-ны өдөр Завхан аймгийн Эрдэнэхайрхан суманд төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын сантехникч мэргэжилтэй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар баг, Булагийн 1-р байрны 05 тоотод оршин суух хаягтай, хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар ИФ94122810, Сартуул овогт Чимэдийн Гантулга.

 

Холбогдсонхэргийнталаар: /прокурорын яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Яллагдагч Ч.Гантулга нь 2016 оны 07 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө 02 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянгол зочид буудлын ойролцоо байрлах 24 дүгээр байрны орчимд бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Г.Тэлмүүнийг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Ч.Гантулга мэдүүлэхдээ: 2016 оны 7 дугаар сарын 8-9-ны шилжих шөнийн 02 цагийн үед Чулуунсүрэнгийн ажлынхантай кароакед орчоод Чулуунсүрэн бид хоёр дэлгүүр оръё гэсэн тэр дэлгүүрт эгч нь суудаг би загнаад л юм авчина гээд орилоод байсан. Би амыг нь дарсан чинь гар хазсан тэгэхээр би нэг алгадсан. Чулуунсүрэн орилоод байсан хохирогч Г.Тэлмүүн найзтайгаа хамт ирсэн. Тэгээд бид хоёр цааш явж байрны урд сандал дээр сууж байхад Чулуунсүрэн дахин орилсон би амыг нь дараад байж байхад хохирогч дахин ирсэн тэгээд миний уур хүрээд хохирогчийг нэг цохисон. Нэмж хэлэх зүйлгүй гэв.

 

Шүүх хуралдаанд насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Амаржаргал мэдүүлэхдээ: Одоо гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэв.

 

Мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй хохирогч Г.Тэлмүүний /хх-ийн 78/, гэрч Б.Лхагвадорж /хх-ийн 18/, яллагдагч Ч.Гантулга /хх-ийн 54/ нарын өгсөн мэдүүлэгүүд, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн шинжээчийн 9655 дугаартай дүгнэлт /хх-ийн 21/, хохирлын мөнгө хүлээн авсан баримт, шүүгдэгч Ч.Гантулгынял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38/ зэрэг болно.

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ч.Гантулга нь 2016 оны 07 дугаар сарын 08-аас 09-нд шилжих шөнө 02 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянгол зочид буудлын ойролцоо байрлах 24-р байрны орчимд бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Г.Тэлмүүнийг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

Хохирогч Г.Тэлмүүн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2016 оны 07 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө 02 цагийн орчим өөрийн найз Лхагвадоржийн хамтаар Баянгол зочид буудлын хашаан дотор байрлах сандал дээр сууж байтал хашааны гадна үл таних эрэгтэй хүн эмэгтэй хүнтэй маргалдаад цохиод байгаа харагдаж байсан... Тэр эмэгтэй нь “авраарай, цагдаа дуудаарай, хүн аллаа” гээд орилоод байхаар нь Лхагвадорж бид хоёр нөгөө хэрэлдээд маргалдаад байсан хүмүүс дээр очоод “та болиоч” гээд эрэгтэй хүнд нь хэлтэл тэр ах бид хоёрт ямар нэг юм хэлэлгүй бид нар луу харснаа нөгөө эмэгтэйгээ цохихоо больсон. Тэгээд нөгөө эмэгтэйгээ дагуулаад цаашаа алхсан. Тэгээд Лхагвадорж бид хоёр цаашаа явах гэтэл нөгөө ах эгч хоёр дахин муудалцаад байгаа бололтой эмэгтэй нь “авраарай” гээд дахин орилоод эхэлсэн. Тэгээд би дахин очоод “болиоч” гээд хэлтэл нөгөө танихгүй ах бид хоёрыг “та хоёрт ямар хамаатай юм бэ” гэж хэлээд над руу ирсэнээ миний хамар луу гараараа 2-3 удаа цохиод байсан…” /хх-ийн 6, 7/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Б.Лхагвадорж мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Би 2016 оны 07 дугаар сарын 09-нд Тэлмүүн найзтайгаа нэгдүгээр сургууль дээр сагс тоглож байгаад гэртээ харих замдаа Баянгол зочид буудлын хажууд сандал дээр сууж байсан. Тэгэхэд шөнийн 01 цаг өнгөрч байхад Баянгол зочид буудлын урд талын 25 дугаар байрны урд нэг үл таних эрэгтэй хүн хар малгайтай, хөх ангийн жинсэн өмдтэй 165 см орчим өндөртэй махлаг хүн үл таних эмэгтэйг цохиод алгадаад байсан. Тэр үед Тэлмүүн бид хоёр очоод “боль” гэхэд зодохоо больсон. Би тухайн үед цагдаад дуудлага өгсөн. Тэгэхэд нөгөө эрэгтэй нь эмэгтэйг 24-р байрлуу дагуулж  очоод голын орцны урд сандал дээр сууж байхдаа дахиад алгадаад байсан. Тэгээд бид хоёр очсон. Тэгтэл эмэгтэй нь “эгчдээ туслаарай, цагдаа дуудаад өг” гэсэн.Тэгтэл тэр эрэгтэй нь цагдаагаа дууд гээд орилоод Тэлмүүнийг гараараа нүүр рүү нь 5-6 удаа цохисон…” гэх мэдүүлэг /хх-ийн 18/,

 

Хохирогч Б.Чулуунсувд мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “…2017 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Гантулга бид хоёр манай ажлынхантай 4 замын тэнд байдаг караокед ороод 2 цаг орчим байж байгаад тэндээсээ гараад Smile нэртэй club-д орсон. Би тэгээд нэлээд их согтсон. Тэр үед Гантулга зүгээр байсан. Тэндээс гараад Баянбүрдийн тэнд байдаг караокед орсон. Тэндээс гарахад манай ажлын найз Энхбаяр “та хоёр манайд очоод хоночих” гээд түлхүүрээ өгсөн. Бид хоёр такси бариад 120 мянгатын тийшээ явсан. Гантулга машинд суугаад Энхбаярын гэрийн гадаа ирж байхад намайг чимхээд байсан. Тэгээд би өөдөөс нь хэрэлдэхэд “ална шүү” гэх мэтээр хэлээд аман дээр дараад гар хүзүүнээс базаад байсан. Машинаас буугаад бид хоёр муудалцаад байж байтал Гантулга намайг алгадаад байсан.Би тэгэхээр нь “амь авраарай” гэж орилоход сагс тоглож байсан хоёр эрэгтэй хүүхэд болиулах гэтэл Гантулга тэр хоёр хүүхдийн нэгийг зодоод байсан…” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/

 

Шүүгдэгч Ч.Гантулгын буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.Тэлмүүний биед “…дархи доргилт, зүүн доод зовхины зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд шарх, хамар ясны хугарал, таславчийн мурийлт үүсчээ. Тус гэмтэл нь хатуу мохоо ба хатуу ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлэгт гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна…” гэх Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 9655 дугаартай дүгнэлт, шүүгдэгчээс шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд хууль сануулан мэдүүлсэн гэрч, хохирогч нарын мэдүүлэг зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байх тул шүүгдэгч Ч.Гантулгыг бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүхээс шүүгдэгч Ч.Гантулгад ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирол төлбөрөө сайн дураараа төлсөн зэргийг хөнгөрүүлэн үзэв.

 

Харин түүнийг согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэн үзэх нөхцөлд тооцон үзэв.

 

Энэ хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Г.Тэлмүүний эрүүл мэндэд учирсан гэм хорын асуудлын хувьд шүүгдэгч Ч.Гантулга нь нийт 2.153.000 төгрөгийн хохирол барагдуулсан бөгөөд хохирогч тал цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн болно.

 

Шүүгдэгч Ч.Гантулгын хувийн байдал, хохирол төлбөрөө төлсөн байдал, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан хүсэлт, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан хорих ялыг заавал биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь урьдчилан цагдан хоригдоогүйг тэмдэглэвэл зохино.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 286, 293, 294, 298 дугаар зүйлүүдэд  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Сартуул овогт Чимэдийн Гантулгыг догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Гантулгыг 03 /гурав/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Ч.Гантулгад оногдуулсан 03 жил 01 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч Ч.Гантулгад цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1,61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Гантулгад оногдуулсан 03 жил 01 сарын хорих ялыг тэнсэж, 01 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд нь хяналт тавих үүргийг Дархан-Уул аймаг дахь цагдаагийн газарт даалгасугай.

 

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авснаас хойш Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан буюу улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ч.Гантулгад урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     М.АЛДАР