Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 114/ШШ2022/0009

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Энхтуяа даргалж, нарийн бичгийн дарга Н.Нинжбадгарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 Нэхэмжлэгч “Бадрал-Өргөө” ХХ Компани ******* Хаяг: Дархан-Уул аймаг, Дархан сум, 10 дугаар  баг,  5 дугаар хороолол, ******* тоотод байрлах

Хариуцагч *******

Нэхэмжлэлийн “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2021 оны 09 сарын 21-ний өдрийн 01-А/265 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох” тухай захирамж нь хуульд нийцээгүй байх тул хүчингүй болгуулах” шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэвээндэмбэрэл /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Золбаясах нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Бадрал-Өргөө” ХХК-аас шүүхэд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэвээндэмбэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:- “Бадрал Өргөө” ХХК-ийн Дархан-Уул аймгийн Дархан сум, Дархан-2 Төмөр замын өртөөний урд талд байрлах төмөр замын ачиж буулгах зориулалттай, ******* нэгж талбарын дугаар бүхий 545075 м.кв талбайтай газар эзэмших эрхийг цуцалсан аймгийн Засаг даргын 2021 оны 09 сарын 21-ний өдрийн 01-А/265 дугаартай захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6-д заасны дагуу газрын төлбөр төлөөгүй, газрыг 2 жил дараалан ашиглаагүй үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэсэн. Захирамжид 2016-2021 оныг хүртэлх хугацаанд газрын төлбөр 94,025,442 (ерэн дөрвөн сая хорин таван мянга дөрвөн зуун дөчин дөрөв) төгрөгийг хугацаанд нь бүрэн төлөөгүй гэсэн байна.         Гэтэл дээр дурдсан үндэслэл нь бодит байдалд нийцээгүй, хууль зүйн үндэслэлгүй байна.

Тухайн газрыг 2016 оны 07 сарын 08-ны өдрийн Засаг даргын шийдвэрээр анх олгосон ба газар эзэмшүүлэх гэрээнд зааснаар газрын төлбөрийг анх 16 352250 төгрөг байхаар тогтоосон бөгөөд тус үнэлгээ нь 2018 оны 06 сарын 20-ны өдөр Засгийн газрын 182 дугаар “Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл (бүс), суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг тогтоох” тухай тогтоолоор шинэчлэгдэн батлагдсан. Хэдийгээр ******* 2016 оны 11 сарын 29-ний өдөр хууль бус захирамжаар газар эзэмших эрхийг цуцалж, тухайн асуудлыг шүүхээр хянан шийдвэрлэгдэх явцад  2016 оны 11 сараас 2017 оны 03 сар хүртэл хугацаанд бид газрыг эзэмших, ашиглах боломжгүй байсан ч газрын төлбөрт нийт 20,440,310 (хорин сая дөрвөн зуун дөчин мянга гурван зуун арав) төгрөгийг төлсөн.

Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага албан тушаалтан газрын суурь үнэлгээ, газрын үнэлгээний тойрог, зэрэглэл, бүс, газар эзэмших, ашиглах зориулалтын, төлбөрийн хувь, хэмжээ өөрчлөгдсөн тухай бүр уг өөрчлөлттэй холбогдуулан газрын төлбөрийг шинэчлэн ногдуулж 30 хоногийн дотор татварын албанд хүргүүлнэгэж заасан боловч Дархан-Уул аймгийн газрын асуудал эрхэлсэн байгууллага, албан тушаалтны зүгээс шинэчлэгдсэн үнэлгээгээр төлбөрийг ногдуулаагүй, гэрээний үнэд өөрчлөлт оруулаагүй учир бидний хувьд үүнээс хойш газрын төлбөрийг чухам хэдий хэмжээгээр хэрхэн төлөх нь тодорхойгүй үлдсэн. Улмаар манай “Бадрал Өргөө” ХХК нь удаа дараа төлбөр төлөх данс, хувь хэмжээг тодруулахад Дархан-Уул аймгийн газрын харилцаа. барилга, хот байгуулалтын газраас тухай бүрд хариу өгөхөөс татгалзаж байсан.

Үүний дараа 2020 оны 01 сарын 01-ний өдрөөс Татварын Ерөнхий хууль батлагдаж, төрийн үйлчилгээний төлбөр тооцоонд “цахим төлбөрийн систем”-ийг нэвтрүүлсэнтэй холбоотойгоор газрын төлбөрийг төрийн байгууллагын дансанд шууд тушаах бус татварын албанаас үүсгэсэн дахин давтагдашгүй дугаар бүхий цахим нэхэмжлэхээр дамжуулан төлөх болсон. Уг цахим нэхэмжлэхийг Газрын асуудал эрхэлсэн байгууллага, албан тушаалтны ногдуулалтын үндэслэж олгодог тул Дархан-Уул аймгийн Газрын асуудал эрхэлсэн байгууллага, албан тушаалтнаас мөн л манай компанид газрын төлбөрийн ногдуулалт хийдэггүйгээс бид төлбөр төлөх боломжгүй байсан.

Харин шүүхээс Татварын албанд  үзлэг хийснээр хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэл үүсгэснийг мэдэж, манай байгууллага 2022 оны 06 дугаар сарын 28-нд 49 000000 /дөчин есөн сая/ төгрөгийг 2020,2021 оны газрын төлбөрт төлж шүүхэд баримтыг хүргүүлсэн ба төлбөр төлөөгүй шалтгаан нь ганц манай байгууллагаас шууд шалтгаалаагүй болно.

Газар эзэмшилтэй холбоотойгоор тайлбар хэлэхэд манай компанийн эзэмшиж буй газарт дагнасан хэрэглээний салбар төмөр зам барих учир ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр газар дээр үйл ажиллагаа явуулах боломжгүй юм. Тус газрын зориулалт нь “Төмөр замын ачиж буулгах талбай” бөгөөд бидний зүгээс газрыг ашиглахад шаардлагатай ажлуудыг хамгийн сүүлийн байдлаар хийж гүйцэтгээд байна. Үүнд:

2019 онд “Төмөр замын ачих, буулгах талбай, үйлдвэрлэл, Гаалийн баталгаат агуулахын барилгын ерөнхий төлөвлөгөөний зураг төсөл боловсруулахад зориулсан инженер геологийн судалгааны дүгнэлт”-ийг “Таван Үндэс” ХХК-аар гүйцэтгүүлсэн. 2020 оны 03 сард “Дархан арьс ширний цогцолбор” ХХК-тай “Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа”-ны гэрээг байгуулсан

            2020 онд Зам тээврийн хөгжлийн яаманд хүсэлт гаргаж, Зам тээврийн хөгжлийн яамнаас ажлын хэсэг байгуулан “Дагнасан хэрэглээний салбар зам барих техникийн нөхцөлийн дүгнэлт барих техникийн нөхцөлийн дүгнэлт”-ийг ажлын хэсэг, Улаанбаатар төмөр замтай хамтран 2020 оны 10 дугаар сарын 29-нд гаргасан.

            2020 онд Дархан Арьс ширний цогцолбор ХХК-тай тээвэр ложистикийн үйл ажиллагааны гэрээ байгуулж,  малын гаралтай түүхий эдийг орон нутгаас Дархан арьс ширний цогцолбор төвд нэгдсэн журмаар хүргэх тээвэр логистикийн системийг оновчтой бий болгох төслийг боловсруулж 250 000000 төгрөгийн гэрээ байгуулсан боловч, 2020 оны 12 дугаар сарын 20-нд Дархан арьс ширний цогцолбор компаниас гэрээгээр амласан хөрөнгө оруулалт, гэрээний үүргээ биелүүлэхэд хүндрэл учирсан, дээр цогцолборын үйл ажиллагаа зогссон талаар мэдэгдлийг манайд ирүүлсэн байна.

            2021онд Улаанбаатар төмөр замын зураг төслийн төвтэй “Зураг төсөл боловсруулах талаар захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээ”-г байгуулсан. Газрыг ашиглаагүй тухайд гэвэл тухайн үед эдгээр дүгнэлтүүдийг эрх бүхий байгууллагаас гаргуулахын тулд дэлхий нийтийг хамраад буй короновируст цар тахлын хүчин зүйл нөлөөлсөн.

            Манай улсад төдийгүй дэлхий нийтийг хамраад буй короновируст цар тахлын хүчин зүйл болон Монгол улсад Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнээр хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хязгаарлалт хийсэн нөхцөл байдлаас  дээрх гэрээнүүдийн хэрэгжилт удааширсан нь газар эзэмшилтэй холбоотой ажиллагааг удаашруулах томоохон хүчин болсон болно. Ийм учраас  Монгол Улсын Худалдаа аж үйлдвэрийн танхимаас гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээг олгосон байгаа.

Манай компанийн эрх бүхий албан тушаалтан Улаанбаатар хотод байдаг. Дархан-Уул аймаг руу хүсэлт явуулах, Дархан-Уул аймагт байлаа гэхэд Улаанбаатар хотод төмөр замын асуудал эрхэлсэн байгууллага байдаг гэхчлэн асуудлууд байсан. Гэхдээ манай байгууллага тасралтгүй шаардлагатай баримт бичгийг бүрдүүлсээр байсан.

Манай байгууллага 2016 оны 07 сарын 08-ны өдрийн “Хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”- 1-т “Гэрээний нөхцөлийн дагуу газрыг эзэмших, ашиглах” гэж, 3.8-д “Газар эзэмшүүлэгчээс газрын эзэмшил, ашиглалттай холбогдуулан тавьсан шаардлагыг цаг тухайд нь биелүүлэх” үүргүүдээ зохих ёсоор шударгаар биелүүлсээр ирсэн.

Харин тус гэрээний 2.3 болон 3.5-т заасан төлбөрийн үүргийн тухайд өмнө нь дурдсанчлан  биднээс үл шалтгаалсан буюу төрийн байгууллагын үйл ажиллагаатай  шууд холбоотой байгаа.

Иймд Дархан-Уул аймгийн Засаг даргын 2021 оны 09 сарын 21-ний өдрийн 01-А/265 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох” тухай захирамж нь хуульд нийцээгүй байх тул хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Золбаясахаас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:-  Аймгийн Засаг даргын 2021 оны 01-А/265 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох” захирамжийн үндэслэлд “ Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн  40.1.1, 40.1.5, 40.1.6-д заасны дагуу газар эзэмших гэрээний нөхцөл болзлыг ноцтой зөрчсөн, 2016-2021 оныг хүртэлх хугацаанд газрын төлбөр 94,025,442 төгрөгийг хугацаанд нь бүрэн төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, гэрээний 2.3, 3.1, 3.5, 3.8 заасан үүргээ биелээгүй тул” гэсэн үндэслэлээр Бадрал Өргөө ХХК-ийн газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгосон. Дархан сумын 13 дугаар баг, Үйлдвэрийн район, Дархан-2 төмөр замын өртөөний урд байрлалтай, ******* нэгж талбарын дугаартай, 545075 /м.кв/ га “төмөр замын ачиж буулгах талбай” зориулалттай газрын эзэмших эрхийн гэрчилгээг 2016 оны Дархан-Уул аймгийн Засаг даргын А/272 дугаар захирамж, “төсөл сонгон шалгаруулалт”-аар олгосон байдаг. Тус компанийн газрын төлбөрийн тухайд манай байгууллагаас газрын гэрээ дүгнүүлж , төлбөр барагдуулах талаар 2016 оны 3,4 дүгээр улирлаас 2019 оныг дуустал хугацаанд газрын төлбөрийн тооцоо нийлсэн 2019/221 актаар 57,232,875 төгрөг төлөхөөс 20,440,310 төгрөгийг төлж, үлдэгдэл 36,792,565 төгрөг дутуу төлөлттэй байсныг мэдэгдэж байсан.

Дархан сумын ИТХ-ын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 08/01 тогтоолоор Дархан сумын газрын төлбөрийн хэмжээг 2019 оны 01 дүгээр сарын 01- ний өдрөөс эхлэн шинэчлэн баталсан тул 2019 оны газрын төлбөрийн хэмжээг шинэчлэх, газар эзэмших гэрээ байгуулах үүргийг газар эзэмшигч нь хүлээнэ. Газрын тооцоо нийлсэн актад газрын төлбөрийг барагдуулахаар “Бадрал-Өргөө” ХХК-д  2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 503 тоот албан бичгийг Төрийн аудитын албан шаардлагын хамт хавсралтаар хуулийн этгээдийн албан ёсны хаяг болох Дархан сумын 9 дүгээр баг, 4-р хороолол, 6-42 тоотод шуудангаар хүргүүлсэн боловч тус хаягт бүртгэлгүй гэсэн шалтгаанаар буцаж ирсэн юм. Ингээд 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 609 тоот албан бичгээр “Бадрал Өргөө” ХХК-ийг Аймгийн татварын хэлтэст бүртгэлтэй эсэх, газрын төлбөр, татварын төлөлтөд хяналт тавихад хамтран ажиллах хүсэлтийг хүргүүлж байсан.

Тус төлбөр барагдуулах акт дээр юуг дурдсан бэ гэхээр 2016-2018 онуудын газрын төлбөр огт хийгдээгүй, 2017.09.18-ны өдөр 8,176,124 төгрөг, 12,264,186 төгрөг нийт 20,441,310 төгрөгийг төлсөн байдаг. Газрын төлбөрийн тооцоо нийлсэн актын 2019 оны 8 сарын 26-ны өдрийн 204 тоот  актын хавсралт дээр дэлгэрэнгүй задаргааг гаргасан байгаа. Тухайн улиралд хэдэн төгрөг  төлөх, тухайн байгууллагын төлсөн дүнг мөн оруулсан байгаа бөгөөд үүнийг хавсралтаар хүргүүлсэн байна. 2016 оны төлбөрийн үлдэгдэл нь 8,176,124 төгрөг, 2017 оны төлбөрийг тооцож барагдуулсан. 2019 оны үлдэгдэл төлөгдөөгүй байснаас нийт төлсөн дүнг хасаад нийт төлбөрийн үлдэгдэл  36,492,000 төгрөг гэж тухайн үед төлбөрийн асуудал хариуцсан мэргэжилтэн Чулуунцэцэг тооцоо нийлсэн актыг хүргүүлсэн байдаг. Тухайн үед аж ахуйн нэгж байгууллага хаяг дээрээ байхгүй гэсэн шалтгаанаар буцаж ирсэн байдаг. Хүлээж аваагүй шалтгаан нь тухайн аж ахуйн нэгж байгууллага дээр хүн байсан уу, авахаас татгалзсан уу гэдгийг мэдэх боломжгүй байна. Ямар ч байсан хүлээж аваагүй, шуудангаар буцаж ирсэн. Үүний дагуу манайхаас Татварын албанд хоёр, гурван төрлийн аудитын хяналт шалгалтаар орсон албан шаардлагын дагуу газрын төлбөрийг төлөөгүй аж ахуйн нэгж байгууллагыг хаягийн дагуу шаардлага, мэдэгдэл хүргүүлж байсан. Буцаж ирсэн аж ахуйн нэгж байгууллагыг үндсэн хаягийг тодруулах үүднээс Улсын бүртгэл болон татварын албанд хандахад аж ахуйн нэгжийг тухайн хаягдаа байгаа, ямар нэгэн өөрчлөлт  хаягийн өөрчлөлт хийгдээгүй гэсэн.

 “Бадрал Өргөө” ХХК-аас 2020 оны 03 дугаар сарын 25-нд албан бичгээр буюу 2019 оны 11 дүгээр сард сонсох ажиллагаа явуулахыг мэдэгдсэнээс хойш “Дархан арьс ширний цогцолбор” ХХК-тай хамтын ажиллагааны гэрээ, хөрөнгө оруулалтын гэрээ зэрэг баримтуудыг ирүүлснийг танилцсан боловч  гэрээнд заагдсан хугацаанд хөрөнгө оруулалт хийгдсэн эсэх,  төслийн дагуу ямар нэгэн хөрөнгийн зарцуулалт, зардалтай холбоотой тодорхой биет ажлын фото зураг зэрэг нотлох баримтыг ирүүлээгүй, бүтээн байгуулалт бодитоор хийгдээгүй байгаа нь шүүхээс үзлэг хийсэн зураг, тэмдэглэлээр газраа эзэмшиж ашиглаагүй болох нь харагдаж байгаа.

Газар эзэмших гэрээний нөхцөлийг зөрчсөн тухайд Монгол Улсын Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх заалт “Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуй нэгж, байгууллага зохих хууль тогтоомж, гэрээний дагуу газрын төлбөр төлнө”, мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3 дахь заалт “Газрын төлбөрийг тогтоосон хугацаанд хугацаанд төлөх” эдгээр заалтыг зөрчсөн учир мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалт “ Эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6 дахь заалт “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох арга хэмжээ авахаар заасны дагуу 2021 оны 09 дүгээр сарын 21-ны өдрийн 01-А/265 дугаартай аймгийн Засаг даргын захирамж гарсан байдаг.

 Газар эзэмшүүлэх гэрээний 2.2-д заасан газрын төлбөрийн хэмжээг тусгасан, 2.3-д төлөх хугацаа болон дансны дугаарыг заасан, 2.4-д Засаг даргын шийдвэр гарсан өдрөөс эхлэн газрын төлбөрийн хугацаа тоологдоно, 2.5-д эрх бүхий байгууллагын шийдвэрээр газрын төлбөрийн хэмжээнд өөрчлөлт орсон тохиолдолд гэрээнд мөн өөрчлөлт оруулахаар заасан байдаг. Гэрээний 3.1-д газар эзэмшигчийн эрх үүргийг гэрээний нөхцөлийн дагуу эзэмших, ашиглахаар тусгасны зөрчсөн. Иймд Засаг даргын захирамж бодит байдалд нийцээгүй, хууль зүйн үндэслэлгүй гэж үзэхээргүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

                Шүүх хуралдаанаар нэхэмжлэгч “Бадрал-Өргөө” ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбар,  хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд зэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

 1. Нэхэмжлэлийн “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2021 оны 09 сарын 21-ний өдрийн 01-А/265 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох” тухай захирамж нь хуульд нийцээгүй байх тул хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:

              1.1. Хариуцагч ******* нь маргаан бүхий 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 01-А/265 дугаартай захирамжийг гаргахдаа Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана”,  Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч гарын тухай хууль тогтоомж,газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн”, 40.1.5-д “ эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа  2 жил дараалан ашиглаагүй”, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д “Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна” гэж заасныг тус тус баримтлан  “Бадрал-Өргөө” ХХК-ийг  2016-2021 оны газрын төлбөрт 94 025442/ ерэн дөрвөн сая хорин таван мянга дөрвөн зуун дөчин хоёр/ төгрөгийг хугацаанд нь бүрэн төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газар эзэмшүүлэх гэрээний 2.3-д “Газрын төлбөрийг улирал бүрийн эхний сарын 25-ны дотор газар эзэмшүүлэгчийн ...дансанд төлсөн байна”, 3.1-д “гэрээний нөхцөлийн дагуу газрыг эзэмших, ашиглах”, 3.5-д “газрын төлбөрийг газрын ашигт шинж чанарыг ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд нь төлөх”, 3.8-д “газар эзэмшүүлэгчээс газрын эзэмшил, ашиглалттай холбогдуулан тавьсан шаардлагыг цаг тухайд нь биелүүлэх” гэж заасан үүргээ тус тус биелүүлээгүй гэсэн үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

             2.Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” гэх зөрчлийн тухайд:

2.1.Нэхэмжлэгч нь “манай компани нь хуулийн 40.1.1-д заасан зөрчил гаргаагүй” гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  “нэхэмжлэгч газрын төлбөр хугацаандаа төлөөгүй, газраа 2 жил ашиглаагүй, гэрээний үүргээ биелүүлээгүй байгаа нь хуулийн 40.1.1-д заасан зөрчил болно” гэж маргаж  байна.

            2.2.Монгол Улсын дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “Газрын тухай хуулийн зарим  заалтыг тайлбарлах тухай” 15 дугаар тогтоол нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа ба тус тогтоолын  1.9-д “ Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан “удаа дараа” гэдгийг мөн зүйлийн 40.1.2-40.1.6-д зааснаас бусад хэлбэрээр хууль тогтоомж, гэрээний нөхцөл, болзлыг 2 буюу түүнээс дээш удаа зөрчсөн байхыг ойлгоно” гэж,

                Нэг зөрчлийг давтан эсхүл өөр өөр зөрчил гаргасны аль аль нь дээрх ойлголтод хамаарна.

                Мөн зүйл, хэсэгт заасан  “ ...ноцтой зөрчил...”-ийг газар эзэмшүүлэх гэрээний талууд гэрээний нөхцөл, болзлын онцлогтой холбогдуулан харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг гэрээнд нэрлэн заасан байвал зохино” гэж тайлбарлажээ.

 2.3.Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон хэргийн оролцогчдын итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нэхэмжлэгч “Бадрал Өргөө” ХХК нь  Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан хууль тогтоомж болон гэрээнд заасан нөхцөл болзлыг удаа дараа ба ноцтой зөрчсөн зөрчил гаргасан нь нотлогдохгүй байна.

               3.Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “ эрхийн гэрчилгээ эзэмшигч нь газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэх зөрчлийн тухайд:

3.1.Хариуцагч нэхэмжлэгчийг  2016-2021 оны хүртэлх хугацаанд газрын төлбөрт 94 025442 төгрөгийг бүрэн төлөөгүй гэж шийдвэртээ тусгажээ.

              3.2.Нэхэмжлэгч тал “ газрын төлбөрийг газар эзэмших эрх хүчингүй болсон ч 20440310 төгрөгийг төлж байсан, Газрын төлбөрийн тухай хуульд газрын төлбөрийн хэмжээнд өөрчлөлт

  орсноос хойш бидэнд мэдээлэл өгөөгүй, харин шүүх Татварын албаны баримт бичигт үзлэг хийсэн баримтаас бид хэргийн материалтай танилцахдаа мэдэж газрын төлбөрт 49000000 төгрөгийн нэхэмжлэл орсныг мэдсэн” гэж;

3.3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “газрын төлбөрийн хэмжээ өөрчлөгдсөн тул газрын гэрээг дүгнүүлж, газрын төлбөр төлөх талаар мэдэгдэж  2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 503 тоот албан бичгийг хүргүүлсэн” гэж мэтгэлцэж байна.

3.4.Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас “Бадрал Өргөө” ХХК-д  газрын төлбөр төлөх, гэрээ байгуулах талаар 2019 оны 503 тоот албан бичгээр мэдэгдсэн гэх боловч хавтаст хэрэгт авагдсан баримтаар   Шуудангийн байгууллагаас хаягтаа байхгүй тул буцаав гэсэн тэмдэглэгээгээр нэхэмжлэгчид дээрх албан бичиг хүргэгдээгүй болох нь,   мөн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас аймгийн Татварын хэлтэст хүргүүлсэн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 609 тоот албан бичиг, Татварын хэлтсийн татварын удирдлагын нэгдсэн системийн программаас Газрын албанаас 2021 оны 07 дугаар сарын 23-нд 49056724 төгрөгийн газрын төлбөрийн нэхэмжлэл ирүүлсэн нь шүүхийн үзлэгийн тэмдэглэл зэргээр нотлогдож байх ба нэхэмжлэгч нь 2017 оны 9 дүгээр сарын 15-нд 2 удаагийн шилжүүлгээр  2016,2017 оны газрын төлбөрт 20 440310 төгрөг, 2020,2021 оны газрын төлбөрт 2022 оны 6 дугаар сарын 28-нд 49 000000 төгрөг,  нийтдээ 69 440310 / жаран есөн сая дөрвөн зуун дөчин төгрөг гурван зун арван /төгрөг төлсөн байна.

              4.Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх зөрчлийн тухайд:

4.1.Нэхэмжлэгч тал нь “Дархан арьс ширний цогцолбор” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ байгуулах компаниудын жагсаалт, газрыг ашиглахтай холбоотойгоор 2019 онд зураг төсөл боловсруулахад зориулсан инженер геологийн судалгааны дүгнэлтийг, 2020 онд “Дархан арьс ширний цогцолбор” ХХК-тай хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээг,  “Дархан арьс ширний цогцолбор” ХХК-ийн 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 001 тоот мэдэгдэл, Зам тээврийн хөгжлийн яамнаас гаргасан “Дагнасан хэрэглээний салбар зам барих техникийн дүгнэлтийг, 2021 онд  Улаанбаатар Төмөр замын зураг төслийн төвтэй зам барих зураг төсөл боловсруулах захиалагч, гүйцэтгэгчийн хооронд гэрээг, Монгол Улсын Худалдаа аж үйлдвэрийн танхимаас олгосон “Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ” зэрэг нотлох баримтуудыг гаргаж хүндэтгэн үзэх шалтгаантай байсан учир газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлгүй байсан” гэж маргаж;

              4.2.Хариуцагч тал “тухайн газраа 2 жил эзэмшиж, ашиглаагүй нь шүүхээс газар дээр очиж үзлэг хийсэн баримтаар нотлогдоно” гэж мэтгэлцэж байна.

4.3.Нэхэмжлэгч “Бадрал Өргөө” ХХК нь анх Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/272 дугаар захирамжаар Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар баг, Үйлдвэрийн район, Дархан-2 төмөр замын өртөөний урд талд байрлах төмөр замын ачиж буулгах талбайн зориулалттай 545075 м.кв талбай бүхий, ******* нэгж талбарын дугаартай газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшиж байсан байна.

              4.4.“Бадрал Өргөө” ХХК-ийн эзэмшиж байсан газрыг ******* 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/440 дүгээр захирамжаар хүчингүй болгож шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгч нь Засаг даргын шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргаж,  шүүхээс 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 23 дугаар  захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсний дараа хариуцагч ******* нь 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн А/81 тоот захирамжаар 2016 оны А/440 дүгээр захирамжийн “Бадрал Өргөө” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн болох нь шүүхийн 2017 оны 23 дугаар шүүгчийн захирамж, аймгийн Засаг даргын 2016 оны А/440, 2017 оны А/81 дүгээр захирамжуудаар нотлогдож байна.

 4.5.Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас “Бадрал Өргөө” ХХК-ийн газрын хувийн хэрэгт үзлэг хийж авсан бичгийн нотлох баримт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд “хэдийгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон ч сэргээсэн учир газрын төлбөрийг төлөх ёстой, А/440 дүгээр захирамж сэргэсэн тул дахин гэрээ хийх шаардлагагүй” гэсэн тайлбар зэргээр аймгийн Засаг даргын 2017 оны А/81 дүгээр захирамжийн дагуу  нэхэмжлэгчийн газар эзэмших эрх сэргэж, харин дээрх шийдвэрийн дагуу Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас “Бадрал Өргөө” ХХК-тай газар эзэмших гэрээг байгуулаагүй болох нь тогтоогдож байна гэж үзлээ.

5.Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.7-д “Засаг даргын шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж зааснаар Засаг даргын шийдвэрийг үндэслэн иргэн, хуулийн этгээдүүдтэй газар эзэмшүүлэх гэрээг байгуулж, талуудын хооронд байгуулсан гэрээний биелэлтийг дүгнэж, үүнээс үүсэх үр дагавраас газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох шийдвэр гаргах үндэслэл болдог журамтай байна.

6.Нэхэмжлэгч “Бадрал Өргөө” ХХК-ийн газар эзэмших эрхийг сэргээсэн Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017 оны А/81 дүгээр захирамж нь хүчин төгөлдөр үйлчлэлтэй байх бөгөөд дээрх шийдвэрийг үндэслэн газар эзэмшүүлэх асуудлаар гэрээ байгуулаагүй, газрын суурь үнэд өөрчлөлт орсноор газрын төлбөр өөрчлөгдсөн байхад гэрээ хийгдээгүй зэрэг байдал хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6 дахь хэсгүүдэд заасан зөрчил гаргасан гэж шууд дүгнэн газар эзэмших эрхийн гэрчилгээг нь хүчингүй болгосон маргаан бүхий захиргааны акт нь хуульд нийцээгүй байна гэж шүүх үзлээ.

6.1.Учир нь Захиргааны байгууллага, албан тушаалтан нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 24.4-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно”, 25 дугаар зүйлийн 25.1-д “Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг захиргааны байгууллага ... цуглуулна” гэж тус тус заасан үүргийг хэрэгжүүлэхээр байна.

6.2.Иймээс захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа тухайн захиргааны актад хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг судалж, нарийвчлан шалгах, нотлох баримтыг цуглуулах, нөхцөл байдлыг тогтоох үүрэгтэй байх бөгөөд үүргээ хариуцагч бүрэн дүүрэн хэрэгжүүлээгүйгээс маргаан бүхий захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчимтай нийцээгүй байна.

7.Иймд дээрх байдлуудаас дүгнээд нэхэмжлэгч “Бадрал Өргөө” ХХК-аас гаргасан нэхэмжлэлийн “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2021 оны 09 сарын 21-ний өдрийн 01-А/265 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох” тухай захирамж нь хуульд нийцээгүй байх тул хүчингүй болгуулах” шаардлагыг хангаж, хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 01-А/265 дугаартай захирамжийг бүхэлд нь хүчингүй болгох нь зүйтэй гэж шийдвэрлэв.

8.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8-д “хэргийн оролцогч өөрт байгаа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй” гэж зааснаар хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь хавтаст хэрэгт авагдсанаас өөр нотлох баримтыг гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

             

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн

 

                                                                           ТОГТООХ нь:

 

            1.Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.1 ,24.2, 24.4, 25 дугаар зүйлийн 25.1, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Бадрал Өргөө” ХХК-аас гаргасан нэхэмжлэлийн “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2021 оны 09 сарын 21-ний өдрийн 01-А/265 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох” тухай захирамж нь хуульд нийцээгүй байх тул хүчингүй болгуулах” шаардлагыг хангаж, хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 01-А/265 дугаартай захирамжийг бүхэлд нь хүчингүй болгосугай.

 

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47,1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114  дүгээр  зүйлийн 114.1 дэх  хэсэгт  зааснаар  хэргийн  оролцогчид,  тэдгээрийн төлөөлөгч,

 

өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл  шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                   З.ЭНХТУЯА