Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 2021/ДШМ/01

 

Х.Х , Б.С  нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2020/ШЦТ/202 дугаар шийтгэх тогтоолтой Х.Х , Б.С нарт холбогдох 1915005390034 дугаартай эрүүгийн хэргийг хохирогч Ш.Т , шүүгдэгч Х.Х ын өмгөөлөгч М.Даваасүрэн, шүүгдэгч Б.С ийн өмгөөлөгч Д.Оюун-Эрдэнэ нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд прокурор Э.Гантулга, шүүгдэгч Х.Х , түүний өмгөөлөгч М.Даваасүрэн, шүүгдэгч Б.С , түүний өмгөөлөгч Д.Оюун-Эрдэнэ, хохирогч Ш.Т , нарийн бичгийн дарга Б.Энхзул нар оролцов.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1991 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Булган аймгийн Орхон суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Булган аймгийн ... гэх газарт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй,Ч овогт Х.Х .

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1989 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Булган аймгийн Орхон суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, эхнэрийн хамт Булган аймгийн ... гэх газарт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ч овогт Б.С .

Шүүгдэгч Х.Х ыг бие махбодын зовиур үүсгэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, бусадтай бүлэглэж хүнийг алах гэмт хэргийг бүлэглэж үйлдэхийг завдсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т заасан,

Шүүгдэгч Б.С ийг бусадтай бүлэглэж хүнийг алах гэмт хэргийг үйлдэхийг завдсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2020/ШЦТ/202 дугаар шийтгэх тогтоолоор:

1. Шүүгдэгч Ч овогт Х.Х ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бие мах бодын зовиур үүсгэж үйлдсэн, мөн шүүгдэгч Б.С той бүлэглэн хүнийг алахаар завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Ч овогт Б.С ийг шүүгдэгч Х.Х тай бүлэглэж хүнийг алахаар завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-тзааснаар шүүгдэгч Х.Х ыг 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т зааснаар 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т зааснаар шүүгдэгч Б.С ийг 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дах хэсэгтзааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Х.Х т оногдуулсан 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ял дээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т зааснаар оногдуулсан 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 10 /арав/ жилийн хугацаагаар тогтоосугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснааршүүгдэгч Х.Х т оногдуулсан 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.С ид оногдуулсан 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5.Энэ хэрэгт шүүгдэгч Х.Х , Б.С  нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлэлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдсугай.

  1. Хэрэгт битүүмжлэгдсэн Х.Х ын эзэмшлийн 4725000 төгрөгний үнэ бүхий 50 тооны бог мал, Б.С ийн эзэмшлийн **-** БУЗ улсын дугаартай Даюун загварын мотоциклийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, эзэмшигч нарт нь буцаан олгосугай.
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэххэсэгт зааснаар шүүгдэгч Х.Х , Б.С  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорьсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, иргэний хэргийн давж даалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж даалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй” гэж шийдвэрлэжээ.

Хохирогч Ш.Т  давж заалдах гомдолдоо: “...Шүүгдэгч Б.С  нь надад өгөх ёстой 3.000.000 төгрөгөө одоо өгнө гэж өрөөл татуу болсон өвчтэй намайг хууран мэхэлж яваад гомдолтой байна. Харин Х.Х  нь өөрийн өгөх ёстой хохирлоо өөрийн сайн дураар өгсөнд баярлаж байна. Шүүгдэгч Б.С оос хуульд заасны дагуу Ш.Т  намайг насан туршид нөхөн төлбөр гаргуулж хохиролгүй болгож өгөхийг шүүхээс хүсч, сар бүр хөдөлмөрийн хөлсний доод  хэмжээ 420.000 төгрөгийг олгож өгч байхыг хүсье.” гэжээ.

Шүүгдэгч Х.Х ын өмгөөлөгч М.Даваасүрэн давж заалдах гомдолдоо: “...Х.Х , Б.С  нарт холбогдох 1915005390034 дугаартай эрүүгийн хэргийг Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр урьдчилсан хэлэлцүүлэгээр хэлэлцээд хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан. Шүүх буцаахдаа Ш.Т ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт Х.Х , Б.С  нар хамтран оролцсон оролцоо байгаа эсэхийг тогтоолгохоор буцааснаас биш хэргийн зүйлчлэлийн талаар огт хөндөөгүй. Гэтэл хяналтын прокурор үүнийг хүлээн аваад миний үйлчлүүлэгч Х.Х т холбогдох зүйлчлэлийг хэт хүндрүүлэн яллагдагчаар татаж шүүхэд шилжүүлснийг шүүх хүлээн авч хянан хэлэлцэхэд нь өмгөөлөгч миний зүгээс хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирлыг бие махбодийн болон сэтгэл санааны шаналал зовиур үүсгэж учруулаагүй гэж мэтгэлцэхэд уг зүйлчлэлийг зөвхөн хохирогчийн “Д гийн банди миний ар талаас бэлэг эрхтэн төмсөгнөөс базсан, би өөрийн эрхгүй босоод ирсэн ба доошоо тонгойчихсон нөгөө залуу араас базсан чигээрээ байж байгаад хамт явсан залуу нь гутлаа үнсүүлсэн” гэх мэдүүлэг болон бусад гэрчүүдийн мэдүүлгээр няцаагдаж байна гэсэн нь бодит байдалд нийцэхгүй байна. Бусад гэрч болох Э , А  нар төмсөг гэмтсэн, базсан гэдгийг мэдүүлэхээс биш хүндрүүлэн зүйлчлэх нөхцөл байдлын талаар сонсож мэдсэн мэдүүлэг байдаггүй. Ийм байхад дээрх 2 гэрч шинжээчийн дүгнэлт зэргээр хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулахдаа бие махбодь сэтгэл санааны шаналал зовуур үүсгэж үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй гэсэн нь бүрэн дүүрэн нотлогдож тогтоогдоогүй болно. Бие мах бодийн болон сэтгэл санааны зовуур шаналал үүсгэх гэдэг нь гэмт хэрэг үйлдэх явцдаа хохирогчийг зовоон тарчлаасан үйлдэл /өлсгөж цангаах, осгоох, хэн нэгнээс тусламж авах боломжгүй байдалд байлгах/-ийг цаг хугацааны хувьд нилээн урт хугацаанд үргэлжлүүлсэн байхаар тайлбарласан байдаг. Гэтэл Х.Х ын үйлдэл богино хугацаанд болж өнгөрсөн, түүнийг айлгах зорилготой байснаа анхнаасаа мэдүүлсээр ирсэн. Иймд

Х.Х ын хэргийн зүйлчлэлийг өөрчлүүлэн Эрүүгийн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-д зааснаар зүйлчлэн шийдвэрлэж өгнө үү гэж давж заалдах гомдол гаргаж байна.

Эрүүгийн хуулийн 2.8 дугаар зүйлийг журамлан 10 дугаар зүйлийн 10.2.11-д заасан гэмт хэрэгт оногдуулсан ялын тухайд: Эрүүгийн хуульд зааснаар завдалтыг “...Тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэнэ” гэсэн нь хэрэг үйлдэгчийн санаа зорилгыг илэрхийлсэн заалт юм. Х.Х , Б.С  нарт бусдыг алах санаа өчүүхэн ч байгаагүй согтуугийн балгаар хохирогчийг айлгах санаагаар энэ үйлдлээ хийж өөрсдөө сайн дураар хохирогчийг орхин явсан үйл баримт тогтоогддог. Иймд Эрүүгийн хуулийн 2.8 дугаар зүйлийн 2.8.3 дахь заалтаар шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюун-Эрдэнэ давж заалдах гомдолдоо: “Яллагдагч Б.С ийг 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Булган аймгийн Булган сумын Цагаан хаалганы гэх газар цуг архи ууж байсан. Ш.Т ын хоолойг яллагдагч Х.Х аар суран тэлээгээр оосорлон боймлуулж мотоциклийн араас 20-30 метр газар чирсэн, Х.Х ыг "Наадахыг чинь гүйцээчихье бид хоёрт гай болно” гэж хэлэхэд дахин мотоциклийн араас хүзүүгээр нь суран бүсээр оосорлож 8-9 метр орчим газар чирч бусадтай бүлэглэн санаатай алахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11т зааснаар яллагдагчаар татсан нь үндэслэлгүй. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан мөрдөн шалгах ажиллагааг удаа дараа хэргийг нэмэлт ажиллагаа хийж бүхий л талаас нь шалгасан боловч хэрэгт цугларсан нотлох баримтаар яллагдагч Б.С ийг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх шууд нотлох баримт гэх зүйл нотлогдоогүй. Хэрэгт шүүгдэгч Х.Х тай нүүрэлдүүлэн мэдүүлэг авахад Х.Х  нь хохирогчийг өөрөө хоолойг нь боосон, төмсгийг нь санамсаргүй байдлаар базсан гэж мэдүүлж байсан. Мөн гэрч Д.А , Д.О  нарын мэдүүлэгт Х.Х  хэргийн талаар өөрөө өмнө нь ярьж байсан тухай мэдүүлэг зэргээс үзэхэд М.С ийг гэм буруугүй гэж үзэх хангалттай үндэслэл байна.

Хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар гэмт хэрэг үйлдээгүй гэж үзэх үндэслэлийг зааж байна. Үүнд;

  1. Хохирогчийн 2019 оны 10 дугаар сарын 30-нд өгсөн мэдүүлэг, 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр өгсөн мэдүүлэгт “Д н жонхуу энэ тэр гээд хэлчихсэн. Тэгсэн Д н банди миний өмдний энгийн нарийн суран тэлээг тайлж хоолойг минь боож оосорлоод мотоциклийн араас уяад чирч нэлээд хэсэг газар явж байгаад зогссон. Д н банди нь араас бэлэг эрхтнээс базаж засаадаж аваад базсан. Би зугтаагаад засмал зам хөндлөн гарчихсан байхад Д  банди гүйцэж хүрч ирээд дахиад араас засаанаас базаад авсан.“ гэсэн байдаг.
  2. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Булган аймгийн шүүхшинжилгээний албаны 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 309 тоот дүгнэлтээр Магадлуулагч Ш.Т ын биед хийсэн ерөнхий үзлэгээр “Биед зүүн төмсөггүй, баруун шанаа болон ташаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо” гэх
  3. Гэрч Д.А ийн 2020 оны 06 дугар сарын 19-ний өдрийн мэдүүлэгт “Тэр 2 цагдаагаас дуудсан гэж хэлсэн ба Х.Х  нь хүний төмсөг базсан гэж ярьсан. Тэгэхэд нь би “Хүний төмсөг базчихаад юун бахархалтай ярьдаг юм гэж хэлсэн. Х.Х “ Яадгийн базчихсан, тэгээд цагдаагаас дуудаж байгаа биз гэж ярьсан” гэсэн мэдүүлэг.
  4. Гэрч Д.Б  2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн мэдүүлэгт “Сар,өдөр, цагийг сайн санахгүй байна. 2019 оны сүүлээр байх Х.Х  нь манай утсаар Б.С ийг дуудуулж ярьсан" гэж мэдүүлсэн байгаа нь анх хохирогчийн эхнэр О  нь Х.Х , Б.С  нарыг дуудаж улмаар хохирогч нь шүүгдэгч тус бүрээс нь 5.000.000 төгрөг нэхэмжилж төлөхийг шаардаж өгөхгүй бол та хоёрыг хамт яланд явуулна гэж дарамталсан байдаг юм. Мөн тэд санаагаараа мөнгө мал өгөөд байсангүй. Хохирогчийн гуйснаар түүнд тус дэм болох гэсэндээ өгсөн байгаа нь гэм буруугаа цагаатгах гэсэн гэж үзэх үндэслэлгүй.
  5. Яллагдагч Х.Х  2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн мэдүүлэгт ”Би хохирогч ахыг босгох гээд өмдний цахилгаанаас өргөсөн тэгэхэд төмсөг нь хамт базагдсан байх, албаар хохирогч ахын төмсгийг санаатайгаар зориуд базаагүй. Энэ базалтаас төмсгөнд гэмтэл үүссэн байхыг үгүйсгэхгүй” гэж үйлдэл холбогдлоо хүлээсэн байдаг. Мөн анх л мэдүүлэг өгөхдөө “Би боосон мотоциклоор чирсэн гэж мэдүүлдэг. Шүүх хуралд дээр ч өөрийн гэм буруутай үйлдлээс гэмтэл учруулсан гэдгээ хүлээсэн байхад Д.С ийг яг ямар баримт үндэслэж гэм буруутай гэж үзсэн нь тодорхойгүй байна.
  6. Яллагдагч Б.С ид сонсгосон эрүүгийн хуулийн 10.1 дугаар зүйлийн2 дахь хэсгийн 2.11-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хангалттай нотлох баримт байхгүй, мөн шүүх хурлын тэмдэглэл, шүүгчийн захирамжаар уг гэмт хэрэгт Б.С ийн үйлдэл оролцоо байгаа эсэхийг шалга” гэсэн байхад шалгаад хэргийн талаар анхнаасаа удаа дараа мэдүүлэг өгөхдөө нэг л янзаар үнэн зөв мэдүүлсэн байсан. Хохирогч, яллагдагч Х.Х  нарын хэдэн янзаар хувирсан мэдүүлгийг үндэслэл болгож яллаж байгаа нь эрүүгийн хуулийг ноцтой зөрчиж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасан байдаг тул Б.С  уг гэмт хэрэгт гэм буруутай гэж үзэх нотлох баримт болон хийсэн үйлдэл байхгүй, холбогдолтой болох нь нотлогдохгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3-т мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй гэж хуульчилсан нь хохирогч Ш.Т ын “намайг ойролцоогоор 20-30 орчим метр газар чирсэн гэсэн мэдүүлгээсээ шүүх хурал дээр буцаж байгаа, өмнө нь өгсөн мэдүүлэг нь өөр хоорондоо зөрүүтэй байгаа зэргээс үзэхэд эх сурвалжаа зааж чадахгүй байгаа тул нотлох чадвараа алдсан баримтыг үндэслэл болгосон нь Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.3-т “Дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол “шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Мөн шүүх хурал улсын яллагчаар прокурор Д.Сүрэнхор оролцсон байхад Э.Гантулга гэсэн нь алдаатай байна.

Иймд Булган аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 202 тоот шийтгэх тогтоолыг гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасны дагуу хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж, тус шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүхээс хохирогч Ш.Т, шүүгдэгч Х.Х ын өмгөөлөгч М.Даваасүрэн, шүүгдэгч Б.С ийн өмгөөлөгч Д.Оюун-Эрдэнэ нарын давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд гомдолд дурдсан үндэслэлийг хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон эсэхийг бүхэлд нь хянав.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Х.Х , Б.С  нар нь хохирогч Ш.Т ын хоолойг нь суран бүсээр оосорлон боймлуулж мотоциклийн араас 20-30 метр газар чирсэн нь хангалттай нотлогдохгүй байна.

Хавтаст хэрэгт  гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7/, өвчний түүх /хх-ийн 10-23/, мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 8/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 25-26, 29-30/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл зэрэг үйл баримтууд авагдсан ч гэмт хэрэг гарсан нөхцөл байдлын талаар хангалттай нотлогдоогүй. Учир нь:

Мөрдөгчийн тэмдэглэлийг 2019 оны 10 дугаар сарын 29-ны өдөр үйлдсэн бөгөөд хэрэг 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 29-ний өдөрт шилжих шөнө болсон.

2019 оны 12 дугаар сарын 24-ны өдөр “Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл” үйлдэж хэрэг болсон гэх өдрөөс хойш 57 хоногийн дараа ажиллагааг явуулахдаа хэрэгт ач холбогдол бүхий байдлыг тогтоох боломжгүй болсон үед ул мөр арилсан нөхцөлд хийсэн нь мөрдөн шалгах ажиллагааг хайхрамжгүй явуулсан гэж үзнэ.

Хэрэг гарсан газарт ул мөр арилаагүй байхад хэргийн газарт үзлэг явуулж нотлох баримтыг бэхжүүлээгүй, гэмт хэргийг илрүүлэх, үйл баримтыг тогтооход ач холбогдол бүхий хохирогч Ш.Т ын тухайн үед хэрэглэж байсан гэх суран тэлээг олж, тогтоогоогүй, уг суран тэлээ нь хэдэн метрийн урттай байсан, хоолойгоор нь оосорлоод мотоциклийн араас чирээд явах боломжтой байсан эсэх нь тогтоогдоогүй байхад давж заалдах шатны шүүх дүгнэлт өгөх боломжгүй байна.

Хохирогч Ш.Т ын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 309 дугаартай дүгнэлтээр “Магадлуулагч Ш.Т ын биед зүүн төмсөггүй, баруун шанаа ташаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл шарх нь мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэнэ. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой гэмтэл байна. Баруун шанаа, ташаанд зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтэл байх тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэжээ.

Шинжээчийн дүгнэлтээр хохирогч Ш.Т ын хоолойн хэсэгт ямар нэгэн гэмтэл, шинж тэмдэг тогтоогдоогүй байна.

Давж заалдах шатны шүүх хуралдаан дээр хохирогч Ш.Т ын “надад гомдол санал байхгүй. Б.С ийг андуурсан байна. Х.Х  миний төмсөгнөөс базсан нь үнэн” гэж хэлсэн байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар “шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болно” гэж заасны дагуу хохирогчын мэдүүлгийг үнэллээ.

Дээр дурьдсан үндэслэлүүдээр “хохирогч Ш.Т ыг алахыг завдсан”

гэж дүгнэх боломжгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-т зааснаар гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай тогтоож чадаагүй байна.

Шүүгдэгч Х.Х , Б.С  нарын бусдыг санаатай алахыг завдах гэсэн үйлдэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч нарт ашигтайгаар шийдэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

Харин шүүгдэгч Х.Х  нь 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Булган аймгийн Булган сумын “Цагаан хаалга” гэх газарт цуг архи ууж байсан Ш.Т тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдах явцдаа Ш.Т ын төмсөгнөөс базаж, татаж бие махбодын зовиур үүсгэж Ш.Т ын биед хүнд гэмтэл санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Гэрч Т.О , Т.Б , Д.Э , Д.О , Д.А , А.А  нарын мэдүүлгүүд, хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 309 дугаартай дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Х.Х ын гэм буруу нь хангалттай нотлогджээ.

Хохирогч Ш.Т “...Шүүгдэгч Б.С  нь надад өгөх ёстой 3.000.000 төгрөгөө одоо өгнө гэж өрөөл татуу болсон өвчтэй намайг хууран мэхэлж яваад гомдолтой байна. Шүүгдэгч С оос хуульд заасны дагуу Т  намайг насан туршид нөхөн төлбөр гаргуулж хохиролгүй болгож өгөхийг шүүхээс хүсч, сар бүр хөдөлмөрийн хөлсний доод  хэмжээ 420.000 төгрөгийг олгож өгч байхыг хүсье.” гэсэн гомдол гаргасан боловч, давж заалдах шатны шүүх хуралдаан дээр гомдлоосоо татгалзсаныг дурьдах нь зүйтэй байна.

Давж заалдах шатны шүүхээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсний дагуу шүүгдэгч нарт ашигтайгаар хэргийг шийдвэрлэж, зарим хэргийг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Х.Х ын өмгөөлөгч М.Даваасүрэн давж заалдах гомдлын зарим хэсэг, шүүгдэгч М.С ийн өмгөөлөгч Д.Оюун-Эрдэнийн давж заалдах гомдлоос улсын яллагчийн нэр солигдсон гэж андуурч бичснийг хасч, бусад гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2., 1.4.-т тус тус заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2020/ШЦТ/202 дугаар тогтоолын тогтоох хэсэгт:

1 дэх заалтад шүүгдэгч Ч овогт Х.Х ыг хүний эрүүлмэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бие мах бодын зовиур үүсгэж үйлдсэн гэсний дараа “шүүгдэгч Б.С той бүлэглэн хүнийг алахаар завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ч овогт Б.С ийг шүүгдэгч Х.Х тай бүлэглэж хүнийг алахаар завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай” гэснийг хүчингүй болгосугай гэж,

2 дахь заалтад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахьхэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Х.Х ыг 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар гэсний дараа

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т зааснаар 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т зааснаар шүүгдэгч Б.С ийг 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.” гэснийг хүчингүй болгосугай гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.8 дахь хэсэгт заасныг баримтлан  шийтгэх тогтоолын 3, 4 дэх заалтуудыг тус тус бүхэлд нь хүчингүй болгож, шийтгэх тогтоолын бусад заалтуудлыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Х.Х ын өмгөөлөгч М.Даваасүрэнгийн гомдлын зарим хэсэг,шүүгдэгч Б.С ийн өмгөөлөгч Д.Оюун-Эрдэний давж заалдах гомдлыг бүхэлд нь хүлээн авсугай.

3. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянаншийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Х ын цагдан хоригдсон нийт 86 хоногийн хугацааг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцож, шүүгдэгч Б.С  нийт 86 хоног цагдан хоригдсоныг дурьдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, шүүгдэгч Б.С ийг нэн даруй сулласугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                Ё.БЯМБАЦЭРЭН

                 ШҮҮГЧИД               М.ХҮРЭЛБААТАР

                                     Д.МӨНХӨӨ