Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 2025/ШЦТ/23

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А,

улсын яллагч, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.А-,

шүүгдэгчийн өмгөөлөгч А.С-,

шүүгдэгч Х.С- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.А-ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.х овогт Х-ы С-д холбогдох эрүүгийн 2413000000082 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 20...оны ... дугаар сарын ...-ны өдөр Баян-Өлгий аймгийн Баяннуур суманд төрсөн, ... настай, эрэгтэй, ам бүл 4, ах, 2 дүүгийн хамт амьдардаг, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх, Ж.х овогт Х-ы С-, регистрийн дугаар БВ.........;

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Х.С- нь 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 18 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр /Их булан/ багийн нутаг дэвсгэрт гэр лүүгээ явж байсан насанд хүрээгүй хохирогч Б.А-ын эзэмшлийн “Самсунг А03” загварын гар утсыг “Би чиний ах шүүдээ, чиний аав чинь Б-, ээж чинь Бисарай, эгч чинь А- билүү” гэж хүүхдийн гэнэн итгэмтгий сэтгэл зүйн онцлогийг далимдуулан авч, улмаар тухайн утсаар ярьж байсан мэт дүр эсгэж байгаад сэмхэн авч зугтаан өөрийн өмчлөлдөө шилжүүлэн авснаар насанд хүрээгүй хохирогч Б.А-д 400,000 төгрөгийн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,  мөн 2023 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн хооронд Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 1 дүгээр /Цэцэгт/ багийн нутаг дэвсгэрт байрлах байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байр, агуулах болох хохирогч Е.Ж-ийн өвөлжөөний амбаарт хууль бусаар нэвтэрч, хохирогчийн эзэмшлийн “Мустанг-5” загварын мотоциклийн дугуй /4 ширхэг/-г хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогчид 600,000 төгрөгийн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

   Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал, дүгнэлт:

1.Улсын яллагч Д.А- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Х.С- нь дээрэмдэх, хулгайлах гэмт хэргийг бусдын эд зүйл хадгалах зориулалттай агуулгад нэвтэрч үйлдсэн болох нь тогтоогдсон. Нотолбол зохих байдал бүрэн нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй хохирогчид гар утсыг биет байдлаар төлөгдсөн. Хохирогч Е.Ж-т 600,000 төгрөгийн хохирлыг биет байдлаар төлж барагдуулсан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ. Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруу дээр маргаагүй, хийсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаагаа илэрхийлсэн. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад биет байдлаар төлж барагдуулсан” гэв.

 

2. Шүүгдэгч Х.С- шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Утсаар яриад өгье гэж Б.А-оос гар утсыг авсан ба утсаар явж байхдаа Б.А- ариун цэврийн өрөө ороод ирье гэж явсан. Барьж байсан цүнхийг нь газарт тавьж гар утсыг аваад явснаа зөвшөөрч байна. Та бүхнээс уучлалт гуйж байна. Е.Ж-ээс авах 400,000 төгрөгийн авлагатай байсан. Мөнгийг маань өгөхгүй байхаар нь мотоциклийн обуд авсан. Энэ үйлдэл маань хулгай болно гэдгийг мэдээгүй” гэв.

 

3. Шүүгдэгчийн өмгөөлөгч А.С- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Миний үйлчлүүлэгч гэмшиж алдаагаа ухамсарласан. Миний үйлчлүүлэгч хохирогч Е.Ж-ээс авах 400,000 төгрөгийн авлагатай байсан. Энэ мөнгийг нь өгөхгүй яваад байхаар нь барьцаанд обудыг нь авъя гэж хүүхэд зангаар 4 ширхэг обуд авсан байна. Авсан арга нь буруу хууль бус гэдгийг хожим ойлгосон. Хохирогчоос уучлалт гуйж авсан эд зүйлийг нь буцааж өгсөн” гэв.

 

            Эрүүгийн 2413000000082 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд, Улсын яллагчаас:

            4. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 02 дахь тал/,

            5. Юнител ХХК-ний 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 05-01/10068 дугаартай албан бичиг /хавтаст хэргийн 05 дахь тал/,

            6. Эд мөрийн баримтыг хураан авч, үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 11-16 дахь тал/,

            7. Насанд хүрээгүй хохирогч Б.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дахь тал/,

            8. Гэрч М.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 25 дахь тал/,

            9. Гэрч Х.А-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 28 дахь тал/,

            10. Гэрч Ө.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 31 дэх тал/,

            11. “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээний 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн БӨА-23-0293 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 34-38 дахь тал/,

            12. Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 56-60 дахь тал/,

            13. Эд зүйл хураан авч, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 65-69 дэх тал/,

            14. Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 70 дахь тал/,

            15. Хохирогч Е.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 77-78 дахь тал/,

            16. Хохирогч Е.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 81-82 дахь тал/,

            17. Гэрч Ш.С-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 84-85 дахь тал/,

            18. “Ашид билгүүн” ХХК-ний үнэлгээний 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн БӨА-24-0046 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 88-92 дахь тал/,

            19. Шүүгдэгч Х.С-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 115-116 дахь тал/ зэргийг,

            20.  Шүүгдэгчийн өмгөөлөгч А.С-аас: “Хавтаст хэргийн 49 дэх талд авагдсан эрүүгийн  хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, хавтаст хэргийн 53 дахь талд авагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа, хавтаст хэргийн 70 дахь талд авагдсан эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, хавтаст хэргийн 81-82 дахь талд авагдсан хохирогчийн мэдүүлэг, хавтаст хэргийн 115 дахь талд авагдсан яллагдагчийн мэдүүлэг, хавтаст хэргийн 121-122 дахь талд авагдсан E-mongolia авсан баримт болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

            21. Харин шүүгдэгчээс хавтаст хэргээс нотлох баримт шинжлэн  судлуулаагүй болно

 

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

22. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдлын талаар шинжлэн судалсан нотлох баримтууд нь тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хамааралтай, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.

23. Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Х.С-д холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.

 

Хэргийн үйл баримт:

24. Шүүгдэгч Х.С- нь 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 18 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр /Их булан/ багийн нутаг дэвсгэрт гэр лүүгээ явж байсан насанд хүрээгүй хохирогч Б.А-ын эзэмшлийн “Самсунг А03” загварын гар утсыг “Би чиний ах шүүдээ, чиний аав чинь Б-, ээж чинь Бисарай, эгч чинь А- билүү” гэж хүүхдийн гэнэн итгэмтгий сэтгэл зүйн онцлогийг далимдуулан авч, улмаар тухайн утсаар ярьж байсан мэт дүр эсгэж байгаад сэмхэн авч зугтаан өөрийн өмчлөлдөө шилжүүлэн авснаар насанд хүрээгүй хохирогч Б.А-д 400,000 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2023 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн хооронд Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 1 дүгээр /Цэцэгт/ багийн нутаг дэвсгэрт байрлах байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байр, агуулах болох хохирогч Е.Ж-ийн өвөлжөөний амбаарт хууль бусаар нэвтэрч, хохирогчийн эзэмшлийн “Мустанг-5” загварын мотоциклийн дугуй /4 ширхэг/-г хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогчид 600,000 төгрөгийн хохирол учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:

            25. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 02 дахь тал/,

            26. Юнител ХХК-ний 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 05-01/10068 дугаартай “351574181763607, 356247271763606 дугаартай имэй кодтой утсанд .... дугаарыг 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс хийж ашигласан. Уг дугаар нь Хуан Аманхан, БВ84082014...” гэх албан бичиг /хавтаст хэргийн 05 дахь тал/,

            27. Эд мөрийн баримтыг хураан авч, үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 11-16 дахь тал/,

            28. Насанд хүрээгүй хохирогч Б.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр орой 18 цагийн үед хичээлээ тараад гэр лүүгээ явж байсан юм. Тэгээд гэрийнхээ ойролцоо ирж байхад үл таних нэг ах ирээд “А би чиний ах шүүдээ, чиний аав чинь Б-, ээж чинь Бисарай, эгч чинь А- билүү” гэсэн. Тэгээд би “тиймээ мөн” гэж хэлсэн. Надаас “ахдаа утсаа түр өгч байгаач, ах нь нэг найзтайгаа утсаар ярьчихаад буцаагаад өгье” гэж хэлсэн юм. Тэгээд тэр ах миний утсаар нэг хүнтэй яриад байх шиг байсан юм. Тэгээд би байж байтал тэр ах алга болчихсон. Миний утас Самсунг А03 загварын хар өнгийн гар утас байсан. Уг утсыг манай ах 2022 оны 02 сард 700,000 төгрөгөөр авч байсан. Имей код нь 351574181763607, 356247271763606 гэсэн имей кодтой. Тэр намайг залилсан гэх хүнийг би харвал танина. Өндөр нь манай аавтай адил, улаан өнгийн сургуулийн цүнхтэй, хар өнгийн куртиктэй, ороолттой бор өнгийн нүдтэй залуу байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дахь тал/,

            29. Гэрч М.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би .... дугаарыг ашигладаг. 2023 оны 12 дугаар сарын 21-ний шөнө Х.С- гэх залуугаас “би түр ашиглах дугаар байна уу” гэхэд би .... дугаарыг өгсөн юм. Тэгээд би тэрээс хойш уг дугаарыг ашиглаж байгаа. Би Думан бааранд явж байгаад Х.С- гэх залуутай танилцсан. Тэгээд тэр залуутай танилцаад хамт яваад найзлаад тэгээд дугаар асууж авсан юм. Х.С- сая өнгөрсөн 5 дахь өдөр буюу 12 дугаар сарын 22-ны өдөр шинэ утас худалдаж авсан ба тэрний өмнө Самсунг А хэд билээ дээ тийм нэг загварын гар утас ашиглаж байсан. Тэр утсаа дүүдээ юм уу, аавдаа өгнө гэж ярьж байсан юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25 дахь тал/,

            30. Гэрч Х.А-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би Юнителийн .... дугаарыг эзэмшдэг, уг дугаарыг би 2023 оны 11 дүгээр сард Юнителийн салбараас авсан санагдаж байна. Уг дугаарыг төрсөн дүү болох Х.С-д өгсөн. Х.С- нь одоо Баяннуур суманд байгаа, ..... дугаар дээр байгаа юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28 дахь тал/,

            31. Гэрч Ө.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би Х.С-ын зургийг харлаа уг залууг танихгүй юм байна. Гэхдээ түүний аав Хуан гэх хүнийг танина. Хуан нь манай аав болох Өмирбектэй хамт өвөлждөг байсан. Би харин тэрний хүүхдийг танихгүй юм байна. Тухайн хүний хүүхдүүд биднийг таниж магадгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31 дэх тал/,

            32. “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээний 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн БӨА-23-0293 дугаартай “...“Самсунг А-03s” загварын, хар өнгийн, 64GВ багтаамжтай гар утасны зах зээлийн үнэлгээ 400,000 /дөрвөн зуун мянган/ төгрөг” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 34-38 дахь тал/,

            33. Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 56-60 дахь тал/,

            34. Эд зүйл хураан авч, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 65-69 дэх тал/,

            35. Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 70 дахь тал/,

            36. Хохирогч Е.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...миний бие Баяннуур сумын 1 дүгээр багт ээж, ах, бэр эгчийн хамт амьдардаг. Манайх 2023 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Баяннуур сумын 1 дүгээр багт байрлах өвөлжөөнөөс зуслан руу нүүсэн байсан. Тэгээд хадлангийн үеэр буюу 8 дугаар сарын 01-ний өдөр ах Жардембек бид хоёр өвөлжөөндөө ирэхэд манай эд зүйл хадгалах амбаарын хаалга нь онгорхой байсан бөгөөд очиж үзэхэд цоожийг эвдэж газар хаяж дотор нь байсан “Мустанг-5” загварын мотоциклийн 2 дугуй болон гар тэрэгний 2 ширхэг дугуйг тайлж аваад явсан байна. Тухайн үед хадлан эхэлж ажил ихтэй байсан болохоор цагдаагийн байгууллагад хандаж чадаагүй байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 77-78 дахь тал/,

            37. Хохирогч Е.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн: “...2024 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Х.С- манай гэрт орж ирээд үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч хулгайлсан “мотоциклийн 4 ширхэг дугуйг Ш.С- гэгчид зарсан маргааш өглөө буцааж аваад өгье” гээд уучлалт гуйж явсан юм. Миний зүгээс уг 4 ширхэг дугуйнуудыг бүрэн бүтэн хүлээж авсан тул нэхэмжпэх зүйл байхгүй болно. Х.С- уучлалт гуйж хохирлыг бүрэн барагдуулж цоожны оронд яг адилхан цоож аваад өгсөн учраас үнэлүүлэх шаардлагагүй болно...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 81-82 дахь тал/,

            40. Гэрч Ш.С-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...миний бие Баяннуур сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд технологийн багшаар ажилладаг бөгөөд чөлөөт цагаараа гар аргаар гар тэрэг хийж зардаг юм. Х.С- нь 2023 оны 09 дүгээр сарын үед надад Хятад мотоциклийн 4 ширхаг дугуй авч ирж худалдсан. Тус мотоциклийн дугуй бүрийг 35,000 /гучин таван мянга/ төгрөгөөр буюу нийт 140.000 /зуун дөчин мянга/ төгрөгөөр худалдаж авсан. Тухайн үед мотоциклийн дугуйнуудын мөнгийг би бэлнээр гаргаж өгсөн. Тэгээд 2024 оны 02 дугаар сарын эхээр цагдаа нар ирж надаас “та иргэн Х.С-оос мотоциклийн дугуй худалдаж авч байсан уу” гэж асуухад би Х.С- надад 4 ширхэг дугуй худалдаж байсан талаар хэлж өгсөн байсан. Харин өчигдөр буюу 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Х.С- ирж надад дугуй худалдсан мөнгө болох 140,000 /зуун дөчин мянга/ төгрөгөө буцааж өгөхөд би тухайн дугуйнуудыг хулгайлсан дугуйнууд гэдгийг мэдлээ. Би дугуй худалдаж авч байсан 140,000 төгрөгө Х.С-оос буцааж авсан болохоор надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй болно...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 84-85 дахь тал/,

            41. “Ашид билгүүн” ХХК-ний үнэлгээний 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн БӨА-24-0046 дугаартай “...2021 онд шинээр худалдаж авч байсан Хятад мотоциклийн овуудтай 4 ширхэг дугуй 600,000 /зургаан зуун мянган/ төгрөг байх боломжтойг тодорхойлов.” Гэх дүгнэлт /хавтаст хэргийн 88-92 дахь тал/,

42. Шүүгдэгч Х.С-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...прокурорын тогтоолтой танилцлаа. Би уг тогтоолыг хүлээн зөвшөөрч банйа. Баяннуур сумын 1 дүгээр багт байрлах хөрш болох Е.Ж-ийн өвөлжөөний амбаарын цоожийг эвдэж орж 4 ширхэг дугуй хулгайлсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Уг дөрвөн дугуйг худалдсан Ш.С-д 140,000 төгрөгийг буцааж өгч, 4 ширхэг дугуйг авч Баяннуурын цагдаа Еркебектхүлээлгэжөгсөн. Мен Е.Ж-ийн амбаарын хаалганы цоожийг ч гэсэн төлж өгсөн. Е.Ж-ийн бүх хохирлыг барагдуулж өгсөн. Харин миний ашиглаж байсан “Самсунг А03” загварын гар утсыг С- цагдаа хурааж авсан. Түүнийг бас хохирогчид хүлээлгэж өгсөн байх. Уг гар утсын асуудлын талаар надад мэдэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 115-116 дахь тал/ зэрэг баримтуудаар шүүгдэгч Х.С- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдсон байна.

 

  Эрх зүйн дүгнэлт:

43. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүхээс үнэллээ.

44. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заажээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн тухайд: 

45. Шүүгдэгч Х.С- нь амар хялбар аргаар мөнгөтэй болж өөрийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор, шунахайн сэдэлттэйгээр, шууд санаатайгаар үйлдэж, бусдад мэдэгдэлгүй тусгайлан хамгаалсан байр, агуулахад нууцаар орж, хэн нэгэн хүнд хүч хэрэглээгүй, хулгайлагдсан өмчийн эзэн нь түүнд дээрх хөрөнгийг авах зөвшөөрөл өгөөгүй, хууль бусаар нэвтрэх аргаар бусдын өмчлөх эрхэд халдаж бусдад эд хөрөнгийн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд хэлэлцүүлсэн дээрх баримтуудаар нотлогдож байна. 

46. Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд зүйлийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр өөрийн эзэмшилдээ авч, захиран зарцуулах боломжтой болсноор уг хэрэг үйлдэгдэж дууссанд тооцдог. Шүүгдэгч нь хууль бусаар олсон эд зүйлсийг өөрийн дураар захиран зарцуулах боломжтой байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байх тул дээрх хууль бус  үйлдэл нь төгссөн гэмт хэргийн шинжийг агуулж байна.

47. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан ба шүүгдэгч нь өөрийн үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж байсан ч энэ гэмт хэргийг хүсэж, шунахайн сэдэлтээр, санаатай үйлдсэнээр хохирогчид 600,000 төгрөгийн хохирол учирсан байна.

48. Шүүгдэгч нь иргэн Е.Ж-ийн өвөлжөөний амбаарт хууль бусаар нэвтрэн орж “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан бичгийн баримтуудаар тогтоогдсон бөгөөд уг байр нь тусгайлан хамгаалсан байр, агуулахад хамаарна.

49. Шүүгдэгч Х.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

50. Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан “хулгайлах” гэмт хэргийн тайлбараас үзвэл, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь хохирлын хэмжээ хэд байхаас үл хамаарч хүндрүүлэх нөхцөл байдалтай хулгай хийсэн гэж үзнэ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэргийн тухайд:

51.  Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийг зөрчин хор уршигт зориуд хүргэж, дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

52. Шүүгдэгч Х.С-ын үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын өмчлөх эрхийн халдашгүй байдалд эд хөрөнгийн хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ.

53. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Х.С- нь насанд хүрээгүй хохирогч Б.А-д хүч хэрэглэхгүйгээр илээр, хууль бусаар эд зүйлийг дээрэмдсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг дээрэмдэх” гэмт хэргийн шинжийг хангаж байна.

54. Иймд улсын яллагчаас шүүгдэгч Х.С-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн”, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх” гэмт хэргээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Х.С-ыг дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

55. Гэмт хэрэг гарахад хохирогчийн эд хөрөнгөө тогтмол хараа хяналтгүй орхисон байдал, шүүгдэгчийн хууль зүйн ухамсар, ёс суртахууны хүмүүжил дутмаг байдал, дохиолол, камержуулалт байхгүй зэрэг хохирогчийн эд хөрөнгөө хамгаалах хамгаалалт сул байдал нөлөөлсөн байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

56. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж хуульчилжээ.

 

57. Шүүгдэгч Х.С-ын гэмт үйлдлийн улмаас хохирогч Е.Ж-т 600,000 төгрөгийн, насанд хүрээгүй хохирогч Б.А-д 400,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь дээрх хохирлуудыг төлж барагдуулсан, хохирогч нар нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул түүнийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

58. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг гаргаж байна. Биечлэн эдлэх хорих ялыг нэмж нэгтгэн нийтдээ 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж уг хорих ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргаж байна. Шүүгдэгч Х.С- нь өнөөдрийг хүртэл нийтдээ 233 хоног цагдан хоригдсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар эдлэх ёстой ялаас нь хасаж тооцох дүгнэлтийг гаргаж байна” гэх дүгнэлтийг,

 

59. Шүүгдэгчийн өмгөөлөгч А.С-аас Миний үйлчлүүлэгч 17 настай байхдаа хүүхэд байхдаа хулгайлах гэмт хэрэгт холбогдсон. Хүүхэд гэмт хэрэгт холбогдсон байхад хэрэглэвэл зохих ёстой хуулийн зүйл заалтыг хэрэглээгүй эрх зүйн байдлыг доордуулсан. Шүүгдэгч Х.С- нь 2005 оны 7 дугаар сарын 17-ны өдөр төрсөн. 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдөр гэмт хэрэг гарсан байна. Тухайн үед миний үйлчлүүлэгч 17 настай буюу хүүхэд байсан. ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар зүйлийн 8.5 дахь хэсэгт зааснаар хулгайлах үйлдэлд нь улсын яллагчийн санал болгож байгаа 2 жилийн хорих ялыг 2 дахин багасгаж 1 жил болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулах шүүхийн шийтгэх тогтоолын биелэлтийг хойшлуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дээрэмдэх гэмт хэрэг нь хөнгөн ангиллын гэмт хэрэг юм. Дээрэмдэх гэмт хэрэгт зорчих эрхийг хязгаарлах ялыг 6 сараас 3 жил, 6 сараас 3 жил хүртэл хорих ял оногдуулахаар заасан. Дээрэмдэх гэмт хэрэгт нь 6 сарын зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар тусдаа эдлүүлэх буюу өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон хоногийг дээрэмдэх гэмт хэрэгт нь оногдуулсан ялаас хасаж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хүчингүй болгож шүүх хуралдааны танхимаас суллаж өгөх саналыг гаргаж байна. ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, мөн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Өсвөр насны хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь түүний нас, биед тохирсон, эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн онцлогийг харгалзсан, нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах, боловсрол эзэмшүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах, гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн орчин, хүмүүсийн нөлөөнөөс тусгаарлах, шаардлагатай тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнийг хорьж хүмүүжүүлэхэд чиглэсэн байна” гэж заасан. Миний үйлчлүүлэгч өнөөдрийн байдлаар 233 хоног цагдан хоригдсон. Гэмшиж, алдаагаа ухамсарласан тул эдгээр байдлыг харгалзан үзэж өмгөөлөгчийн саналыг хүлээж авч шүүх хуралдааныг танхимаас суллаж өгөхийг хүсэж байна” гэх дүгнэлтийг,

 

60. Шүүгдэгч Х.С-оос: “Хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү” гэх хүсэлтийг тус тус гаргасан болно.

 

61. Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Х.С-ын үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

62. Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.

 

63. Шүүгдэгч Х.С-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ “учруулсан хохирлыг төлсөн, үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч гэмшсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 3 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэлээ.

 

64. Шүүгдэгч Х.С- нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

 

65. Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Х.С-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирол, хор уршгийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон хуульд зааснаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.

 

66. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Х.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж шийдвэрлэв.

 

67. Шүүгдэгч Х.С- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хулгайлах” гэмт хэрэг үйлдэх үедээ 17 нас 11 сар 15 хоногтой байсан болох нь түүний хавтаст хэрэгт авагдсан иргэний үнэмлэхний лавлагаа /1 дэх хавтаст хэргийн 127 дахь тал/-аар тогтоогдож байна.  Харин шүүгдэгч нь дээрэмдэх гэмт хэрэг үйлдэх үед 18 насанд хүрсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсоныг дурдах нь зүйтэй байна.

 

68. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, мөн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “1.Шүүх энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 5.6 дугаар зүйлд заасан журмаар тусгай ангид заасан хорих ял оногдуулж эдлэх ялыг хоёр дахин багасгана” гэж заажээ.

 

69. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг хоёр дахин багасгаж, эдлэх хорих ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тогтоох нь зүйтэй байна.

 

70. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан, шүүгдэгч Х.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялд нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялыг 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоов.

 

71. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж заасныг удирдлага болгон дээрх нөхцөл байдалд тус бүрд нь дүгнэлт хийж, шүүгдэгч Х.С-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

72. Шүүгдэгч Х.С- нь тус шүүхийн шүүгчийн 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 2024/ШЗ/245 дугаар захирамжаар түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, тухайн өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн ба шүүгдэгч Х.С- нь 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс өнөөдрийг хүртэл 233 /хоёр зуун гучин гурван/ хоног хоригдсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно”, 2 дахь хэсэгт “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна” гэж заасныг үндэслэн шүүгдэгч Х.С-ын баривчлагдсан, цагдан хоригдсон 233 /хоёр зуун гучин гурван/ хоногийг түүний эдлэх хорих ялаас хасаж тооцох нь зүйтэй.

 

73. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн шаргал өнгийн цоож 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Тамгын газрын Эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэв.

 

74. Шүүгдэгч Х.С-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ж.х овогт Х-ы С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн”, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх” гэмт хэрэг гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Х.С-д 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг хоёр дахин багасгаж, эдлэх хорих ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан, шүүгдэгч Х.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялд нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялыг 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.С-д оногдуулсан 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.С-ын цагдан хоригдсон 233 /хоёр зуун гучин гурав/ хоногийг түүний эдлэх хорих ялаас хасаж тооцсугай.

 

7. Шүүгдэгч Х.С-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Х.С- нь хохирогч Е.Ж-, насанд хүрээгүй хохирогч Б.А- нарт учруулсан хохирлыг биет байдлаар төлсөн, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн шаргал өнгийн цоож 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Тамгын газрын Эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

 

10. Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     А.ДАУРЕНБЕК