| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Баясгалангийн Баттулга |
| Хэргийн индекс | 196/2025/0020/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/32 |
| Огноо | 2025-01-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Ганзориг |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 2025/ШЦТ/32
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
нарийн бичгийн дарга Б.Уранзаяа,
улсын яллагч Г.Ганзориг,
хохирогч Ц.*******,
шүүгдэгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, -ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, *******тай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ******* мэргэжилтэй, “*******с ” ХХК-д ажилтай, ам бүл 4, эх, эхнэр, хүүхдийн хамт , од оршин суух, урьд ял шийтгэлгүй, ******* овогт *******гийн ******* /РД: /,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/
Яллагдагч Д.******* нь ны нутаг дэвсгэрт байрлах гадна 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Ц.*******тэй “эхнэртэй зүй бус харьцлаа” гэсэн шалтгааны улмаас маргалдаж, нүүр хэсэгт нь гараараа цохиж зодон хохирогч Ц.*******гийн эрүүл мэндэд дух, баруун шанаа, зүүн өвдөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, доод уруулын дотор салстад шарх, хүзүү, цээжинд цус хуралт, зүүн дал, баруун өвдөг, баруун, зүүн сарвуу, баруун шуунд зулгаралт, нэг шүдний сэлтэрсэн хугарал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Д.*******ы холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэм буруугийн талаар:
1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг:
Шүүгдэгч Д.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Ц.******* нь манай энхэртэй зүй бус харьцаад хэл амаар доромжлоод байхаар нь уурандаа цохисон. Би биеэ барьж чадаагүйдээ харамсаж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчоос нэхэмжилсэн хохирлыг төлнө” гэв.
Хохирогч Ц.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн өдөр худгаас ус авах гээд очиход ус жаахан гоожоод байх шиг байхаар нь ус хийж байсан хүнээс асуух гээд дөхөөд очтол ард зогсож байсан хүүхэн оочроороо орооч ээ гэхээр нь би ус авах гээгүй, юм асуугаад явлаа гэхэд тэр хүүхэн над руу олон юм яриад байсан. Би тэр хүүхэн рүү юм асуугаад явлаа шүү дээ, ямар сүртэй юм бэ, ямар балай юм бэ гээд машин руугаа яваад багаждаа усны саваа тавьсан. Тэгээд араас нэг танихгүй залуу шууд заамдаж аваад нүүр рүү цохиод хавсаргаж унагаад хэд хэдэн удаа цохиход амнаас цус гарсан. Би хөлөөрөө жийж холдуулаад босоод бид хоёр барилцаж авсан. Би тэр залууг хашаа руу шахаад газар унаад дээр нь байж байхад эхнэр нь ирээд намайг татаж унагаасан. Тэгтэл энэ залуу миний дээр гараад намайг хэд хэд цохиж өшиглөсөн. Энэ хэрэгтэй холбоотой удаа дараа явсан учраас гарсан зардлаа нэхэмжилж байгаа. Мөн шүдний эмчилгээ хийлгэх зардлаа нэхэмжилнэ. Шүүх хуралдаанд өгсөн баримтын дагуу хохирлыг нэхэмжилж байна” гэв.
1.2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Д.******* нь 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 14 цагийн орчимд ны нутаг дэвсгэрт байрлах гадна Ц.*******тэй эхнэртэй зүй бус харьцлаа гэх шалтгаанаар маргалдаж, нүүр хэсэгт нь гараараа цохиж зодон эрүүл мэндэд нь дух, баруун шанаа, зүүн өвдөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, доод уруулын дотор салстад шарх, хүзүү, цээжинд цус хуралт, зүүн дал, баруун өвдөг, баруун, зүүн сарвуу, баруун шуунд зулгаралт, нэг шүдний сэлтэрсэн хугарал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
- Хохирогч Ц.*******гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 14 цагийн үед , Нарлагийн 5 дугаар гудамжны голын худаг дээр ус авахаар очиход ус жаахан гоожоод байх шиг байхаар нь ус хийж байсан хүнээс асуух гээд дөхөөд очиход ард нь зогсож байсан хүүхэн дарааллаараа орооч гэсэн. Би ус авах гээгүй юм асуугаад явлаа гэхэд тэр хүүхэн над руу олон юм яриад байсан. Би юм асуугаад явлаа шүү дээ, ямар сүртэй юм гэхэд дарааллаараа ор гэсэн. Би чи чинь ямар балай юм бэ гээд машин руугаа яваад багажиндаа усны саваа тавьсан. Араас нэг танихгүй залуу шууд заамдаж аваад нүүр рүү цохиод хавсарч унагаасан. Намайг газарт унахад баруун талын шанаа, зүүн талын шанаа хэсэгт гараараа цохисон. Мөн ам руу цохиход цус гарсан. Би хөлөөрөө жийж холдуулаад босоод бид хоёр барилцаж авсан. Би тэр залууг хашаа руу шахаад чи одоо болиоч, эхнэр чинь хүртэл боль гээд байна гэхэд, би одоо чамайг ална гээд дайраад газарт хоёулаа өнхөрөөд би дээр нь гарахад эхнэр нь араас ирээд намайг татаж унагаасан. Тэр залуу миний дээр гарахад одоо хоёулаа болье уучлаарай гээд гар бариад машиндаа суугаад би чамайг цагдаад өгнө гээд явсан. Би архи согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй байсан” гэх мэдүүлэг /х.х-ийн 31-32, 47-48 хуудас/,
- Гэрч Б.гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2024 оны 10 дугаар сарын 27-ны өдөр байх сайн санахгүй байна, 8 дугаар хороо гудамжны дээр нөхөр, 2 хүүхэдтэйгээ ус авахаар зогсож байхад хар өнгийн ын машинтай нэг залуу бууж ирээд оочирлохгүй бид хоёрын урд ирээд саваа бариад зогсоход нь би та оочроороо ороорой, ус нь бага, урд чинь зөндөө хүн байна гэхэд тэр залуу байж бай, ус хэр байгааг асуух гэж байна, яасан хэрүүлч авгай юм бэ гээд бид хоёр маргалдсан. Тэр залуу усаа авалгүй саваа машиныхаа багажинд хийгээд байж байхад манай нөхөр худгийн довжоон дээр сууж байгаад босож ирээд тэр залууг чи эмэгтэй хүнтэй яаж харьцаад байгаа юм бэ, зүгээр хэлж болдоггүй юм уу гээд тэр залуу манай нөхөр хоёр маргалдаж зодолдоод барьцалдаж авсан. Нэг нэгийгээ хөлөөрөө дэгээдэж унагаад дээр дороо ороод хоёр биеийнхээ толгой руу цохиод байсан. Би болиоч гээд тэр 2 дээр очиход манай нөхөр тэр залуугийн доор нь орсон байхаар нь би тэр залууг араас татахад манай нөхөр босож ирсэн. Манай нөхрийг тэр залуу хашаа руу түлхээд болихгүй болохоор нь би дундуур нь ороод болиулах гэтэл миний гэдэс рүү өшиглөсөн. Би ёооё гэдэс гээд холдоход тэр хоёр салцгаасан. Тэр залуу за болье гээд манай нөхөртэй гар бариад салсан. Тэр залуугийн амнаас нь цус гарч байсан. Миний биед гэмтэл учраагүй” гэх мэдүүлэг /х.х-ийн 35-36, 85 хуудас/,
- Налайх дүүргийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн тай дүгнэлтэд: “ын *******гийн биед дух, баруун шанаа, зүүн өвдөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, доод уруулын дотор салстад шарх, хүзүү, цээжинд цус хуралт, зүүн дал, баруун өвдөг, баруун, зүүн сарвуу, баруун шуунд зулгаралт, нэг шүдний сэлтэрсэн хугарал гэмтэл тогтоогдлоо. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаатай тохирч байна. Хатуу мохоо зүйлийн олон удаагийн цохих, нидрэх, үрэх үйлдлээр үүснэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй, дүгнэлт гаргасан: шинжээч эмч Р.” гэсэн дүгнэлт /х.х-ийн 14-15 хуудас/,
- Эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, харьяаллын дагуу шилжүүлэх тухай тогтоол, яаралтай тусламжийн хуудасны хуулбар, эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл /х.х-ийн 1-2, 10, 50 хуудас/ зэрэг болно.
- Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэл, иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /х.х-ийн 39-41,72 хуудас/,
- Хохирогч Ц.*******гээс шүүх хуралдаанд гаргаж өгсөн 1 468 258 төгрөгийн хохирлын баримтууд зэрэг нотлох баримтууд хавтаст хэрэгт тус тус авагдсаныг дурдлаа.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч Д.******* нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулж, шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлөх эрхийг хангасан болохыг тэмдэглэв.
1.3. Эрх зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх субьектив болон обьектив шинжийг хангахыг шаарддаг.
Хууль зүйн хувьд шүүгдэгч Д.*******ы үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хохирогч Ц.*******гийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.
Шүүгдэгч Д.*******ы үйлдлийн улмаас хохирогчийн биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.******* нь тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас буюу эхнэртэй нь зүй бус харьцсан гэх шалтгаанаар хохирогч Ц.*******тэй маргалдаж толгой, нүүр хэсэгт нь гараараа удаа дараа цохиж зодон биед нь дух, баруун шанаа, зүүн өвдөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, доод уруулын дотор салстад шарх, хүзүү, цээжинд цус хуралт, зүүн дал, баруун өвдөг, баруун, зүүн сарвуу, баруун шуунд зулгаралт, нэг шүдний сэлтэрсэн хугарал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Уг гэмт хэрэг гарахад хохирогч Ц.******* нь шүүгдэгч Д.*******ы эхнэртэй нь хэрүүл маргаан үүсгэсэн байдал нь нөлөөлсөн байна.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Д.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв.
1.4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.*******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь шүүх хуралдаанд хохирлын 1 468 258 төгрөгийг нотлох баримтаар нэхэмжилснийг шүүгдэгч Д.*******аас гаргуулж хохирогч Ц.*******д олгохоор шийдвэрлэлээ.
Мөн уг гэмт хэргийн улмаас хохирогч Ц.******* эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, эрүүл мэндийн даатгалын сангаас 35 396 төгрөг зарцуулсан байх бөгөөд шүүгдэгч Д.******* нь шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлбөрийг Эрүүл мэндийн даатгалын санд төлсөн болох нь мөнгөн төлбөрийн баримтаар тогтоогдож байх тул түүнийг Эрүүл мэндийн даатгалын санд төлөх төлбөргүй гэж үзэв.
ХОЁР. Шүүгдэгч Д.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч Г.Ганзориг эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Шүүгдэгч нь бага насны хүүхэдтэй, эрхэлсэн тодорхой ажилтай, өөрийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа хувийн байдал, нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******д 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх гэсэн дүгнэлтийг,
шүүгдэгч Д.******* эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: Санал, хүсэлт байхгүй гэжээ.
Шүүгдэгч Д.******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдлаа.
Шүүхээс шүүгдэгч Д.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шалтгаан, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, бусдад учруулсан хохирлыг төлөхөө илэрхийлсэн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан улсын яллагчаас гаргасан саналыг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.******* нь цагдан хоригдсон хоноггүй, Эрүүл мэндийн даатгалын санд 35 396 төгрөгийг төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******д оногдуулсан торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Шүүгдэгч Д.******* нь цагдан хоригдсон хоноггүй, Эрүүл мэндийн даатгалын санд 35 396 төгрөгийг төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т тус тус зааснаар шүүгдэгч Д.*******гаас 1 468 258 /нэг сая дөрвөн зуун жаран найман мянга хоёр зуун тавин найм/ төгрөгийг гаргуулж хохирогч Ц.*******д олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТТУЛГА