| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Баясгалангийн Баттулга |
| Хэргийн индекс | 196/2025/0021/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/35 |
| Огноо | 2025-01-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Сэлэнгэ |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 2025/ШЦТ/35
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,
нарийн бичгийн дарга М.Буянзаяа,
улсын яллагч М.Сэлэнгэ,
хохирогч Т.*******,
шүүгдэгч Э.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ы *******т холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, -ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, *******тай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилтэй, “” ХХК-нд ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт ,,од оршин суух, урьд ял шийтгэлгүй, ******* овогт *******ы ******* /РД: /.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Э.******* нь 2024 оны 10 дугаар сарын 30-ны шөнө 23 цагийн үед ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” шөнийн цэнгээний газарт хохирогч Т.*******тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар хохирогчийн нүүр хэсэгт гараараа цохиж эрүүл мэндэд нь хамар ясны цөмөрсөн хугарал, хамрын таславчийн хугарал, мурийлт, зүүн талын ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамрын нуруунд шарх, хамар, дух, зүүн, баруун доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Э.*******ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэм буруугийн талаар:
1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг:
Шүүгдэгч Э.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн өдөр ажлынхаа хамт олонтой Налайхын бааранд ороод гадаа гарах үедээ хохирогчтой таарсан. Надаас тамхи асуугаад томроход нь манай ажлын ах дундуур орж салгасан. Найзууд нь гарч ирээд бөөн зодоон болчих юм болов уу гэж айсандаа гараараа нэг цохиод ын урдаас такси бариад амралт руугаа явсан. Маргааш өглөө нь чи хүний хамар хугалчихсан байна гэхээр нь ажлын ахтайгаа хамт цагдаа дээр ирсэн. Гэм буруутайгаа ойлгож, хохирогчоос уучлалт гуйж байна. Үнэхээр болчимгүй алдаа гаргасан, дахин ийм алдаа гаргахгүй. Хохиролтой холбоотой маргах зүйл байхгүй, төлж барагдуулна” гэв.
Хохирогч Т.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би 2024 оны 10 дугаар сарын 30-ны шөнө найзтайгаа “” бааранд ороод 8 ширхэг пиво авсан. Би нэгийг нь уугаад гадаа гарч тамхи татаад зогсож байхад шүүгдэгч намайг мөрлөөд нэг тамхилчих гэхээр нь чи ахтайгаа арай муухай харьцаад байгаа юм биш үү гэхэд над руу орилж хашгираад байсан. Тэгтэл хоёр найз нь чи одоо боль гээд цааш аваад явсан. Ахаа манай найз хэтэрхий согтсон байна, та уучлаарай гээд цаашаа татахад шүүгдэгч орилж, хашгираад байсан. Би хоёулаа ийшээ явъя гээд шатны хажуу тал руу дагуулж явтал хойноос нэг ах нь гарч ирээд чи миний дүүд томорлоо гээд миний хоолойг боосон. Би хойшоо гэдийсэн байхад шүүгдэгч намайг цохиод шууд зугтаасан. Би цусаа гоожуулаад байж байтал манай найз гарч ирээд юу болсон юм бэ гэхээр нь хүнд цохиулчихлаа гэсэн. Миний хоолойг боосон ах нь “”-ын дээш алхаж байхаар нь манай найз барьж аваад дүүгээ дууд гэхэд дүү рүүгээ залгахад ид ирсэн байна гэсэн. Шүүгдэгчтэй хамт явж байсан хүмүүстэй хамт яаралтай тусламжийн тасагт ирж оёдол тавиулж, наашаа гарсан ясыг нь буцаж чихэж оруулсан. Эмчилгээний зардалд 2 сая гаран төгрөг нэхэмжилж байна. Мөн 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажилгүй байсан. Би Монголын улаан загалмайн нийгэмлэгийн хүүхэд, залуучууд хариуцсан мэргэжилтэн. Давхар сагсан бөмбөгийн шүүгчийн ажил хийдэг. Энэ жилийн дээд лигийн шүүлтээс татгалзсан байгаа. 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр дараагийн хагалгаанд орно. Тиймээс 11 дүгээр сарын цалин болон 03 дугаар сарын 20-ны өдрөөс хойших цалин, гарсан зардал, хагалгааны зардал зэргийг нэхэмжилнэ гэв.
1.2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Э.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 10 дугаар сарын 30-ны шөнийн 23 цагийн үед ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” шөнийн цэнгээний газарт Т.*******тай маргалдан хувийн таарамжгүй харилцааны үүсгэж түүний нүүр хэсэгт гараараа 1 удаа цохиж биед нь хамар ясны цөмөрсөн хугарал, хамрын таславчийн хугарал, мурийлт, зүүн талын ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамрын нуруунд шарх, хамар, дух, зүүн, баруун доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
- Хохирогч Т.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2024 оны 10 дугаар сарын 30-ны шөнө 22 цагийн үед найз гийн хамт “” бааранд ороод Касс нэртэй 0.5 литрийн 4 ширхэг пиво аваад ширээнд суусан. Би найзыгаа сууж байгаарай, гараад тамхи татаад ирье гээд гадаа гараад тамхи татаад зогсож байхад гурван үл таних залуу ирээд нэг нь хөөе нэг тамхи өгчих гэсэн. Жаахан хүүхэд шиг харагдахаар нь ахтайгаа арай муухай харьцаад байгаа юм уу гэхэд чи надаас ах биш гээд орилохоор нь ахын дүү ингэж орилж хашгирч болохгүй, хоёулаа ийшлээд яръя гээд камер байдгийн тэнд очсон. Хойноос надтай маргалдаад байсан залуугийн ах нь гарч ирээд над руу чи миний дүүд томорлоо гээд шууд заамдаад хоолой боогоод хойш нь түлхсэн. Би хойшоо гэдийсэн байхад надтай муудсан залуу яг эгц дээрээс гараараа нэг удаа цохиод гүйгээд яваад өгсөн. Би доошоо тонгойгоод байж байхад манай найз хэн цохисон юм гэхээр нь цохисон залуугийн ах холдоогүй байсан болохоор тэнд явж байна гээд зааж өгсөн. Найз гүйж очоод ахыг нь барьж авсан. Баарны гадаа манай найз манай найзыг цохисон дүүгээ дуудаадах гэхэд ах нь дүүгийнхээ дугаар руу залгаад дүү нь утсаа аваагүй. Би бага зэргийн согтолттой байсан. Миний хохирлыг барагдуулаагүй. Өнөөдрийг хүртэлх эмчилгээний зардал 6 000 000 төгрөг болсон байх, яг одоо надад баримт байхгүй” гэх мэдүүлэг /х.х-ийн 6-7, 9 хуудас/,
- Гэрч У.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 22 цагийн орчимд “” бааранд ажлын хамт олонтой орсон. Бид нар үүдний харалдаа суудалд суусан. Удалгүй үүд рүү хартал манай ажлын залуу ******* нэг залуутай муудалцаад зогсож байхаар нь гараад очтол тэр хоёр хоорондоо маргалдаад байсан. Маргааныг салгах гээд чи жаахан хүүхэдтэй маргалдаад боль гээд би тэр залууг *******аас холдуулах гээд энгэрээс нь зууртал Э.******* тэр залуу руу баруун гараа саваад хамар руу нь нэг удаа цохиод гүйгээд явсан” гэх мэдүүлэг /х.х-ийн 12-13 хуудас/,
- Гэрч Х.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 22 цагийн үед Э.*******, , нарын хамт ээс ажлаа тараад “” бааранд орсон. Би жолоо барьж явсан болохоор гадаа зогсоол дээр машиндаа үлдээд гурав бааранд орсон. Удалгүй эгч гарч ирээд машинд бид хоёр сууж байтал баарнаас нэг танихгүй залуу Э.*******тай маргалдаад гарч ирсэн, хажууд нь ах зогсож байсан. Э.******* танихгүй залуу хоорондоо маргалдаж байхад ах тэр хоёрын голоор ороод танихгүй залууг Э.*******аас холдуулаад салгаад аваад явахад нь Э.******* тэр хоёрын араас очоод танихгүй залуугийн хамар руу нь баруун гараараа нэг удаа цохиод зугтаагаад явсан. ах, эгч бид гурав тэр залууг яаралтай тусламжийн төвд очиж үзүүлээд эмнэлэгт үзүүлсэн бичгийг цагдаагийн байгууллагад өгөөд салцгаасан” гэх мэдүүлэг /х.х-ийн 20-21 хуудас/,
- Гэрч Б.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 22 цагийн үед Э.*******, , нарын хамт ажлаа тараад “” бааранд орсон. машин барьж явсан учир баар руу ороогүй. Баарнаас Э.******* танихгүй залуутай маргалдаад гарч ирсэн. Араас нь гарч ирээд Э.******* танихгүй залуутай маргалдаад байхаар нь тэр хоёрыг хоёр тийш нь салгасан. Э.******* баруун гараараа танихгүй залуугийн хамар руу нэг удаа цохиод цаашаа зугтаад явсан. , тэр зодуулсан залуутай эмнэлэг рүү хамт явж үзүүлсэн” гэх мэдүүлэг /х.х-ийн 24-25 хуудас/,
- Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 540 дугаартай дүгнэлтэд: “ийн *******ын биед хамар ясны цөмөрсөн хугарал, хамрын таславчийн хугарал, мурийлт, зүүн талын ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамрын нуруунд шарх, хамар, дух, зүүн, баруун доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаатай тохирч байна. Хатуу мохоо зүйлийн цохих, үрэх үйлдлээр үүснэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй”
Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Р. гэжээ. /х.х-ийн 27-28 хуудас/,
- Гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, яаралтай тусламжийн хуудас, Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тухай мэдээлэл, Эрүүл мэндийн даатгалын санд 159 540 төгрөг төлсөн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт, “” ХХК-ийн тодорхойлолт /х.х-ийн 1, 30-31, 49-50, 62 хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /х.х-ийн 44-47 хуудас/ зэрэг нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсаныг дурдлаа.
Шүүгдэгч Э.******* нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулж, шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлөх эрхийг хангасан болохыг тэмдэглэв.
1.3. Эрх зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх субьектив болон обьектив шинжийг хангахыг шаарддаг.
Хууль зүйн хувьд шүүгдэгч Э.*******ын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хохирогч Т.*******ын эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.
Шүүгдэгч Э.*******ын үйлдлийн улмаас хохирогчийн биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Э.******* нь тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Т.*******тай маргалдаж нүүр хэсэгт нь гараараа 1 удаа цохиж биед нь хамар ясны цөмөрсөн хугарал, хамрын таславчийн хугарал, мурийлт, зүүн талын ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамрын нуруунд шарх, хамар, дух, зүүн, баруун доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Уг гэмт хэрэг гарахад хохирогч Т.*******, шүүгдэгч Э.******* нар архидан согтуурсан үедээ маргаан үүсгэсэн байдал нь нөлөөлсөн байна.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Э.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв.
1.4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Гэмт хэргийн улмаас хохирогч Т.*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь шүүх хуралдаанд хамрын хагалгаа эмчилгээ хийлгэсэн зардлыг шүүх хуралдаанд гаргасан баримтаар, 2025 оны 03 дугаар сард хамрын хагалгаанд орох зардалд 3 993 960 төгрөгийг, 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл, 2025 оны 03 дугаар сард хамрын хагалгаанд орох хугацааны тус тус ажилгүй байсан хугацааны цалинг шүүгдэгч Э.*******аас гаргуулах хүсэлттэй байгаа болохоо шүүх хуралдаанд илэрхийлжээ.
Хохирогч Т.******* нь өөрт учирсан гэмтлээ эмчлүүлэхэд гарсан эмчилгээний зардлын баримтыг, Налайх дүүргээс “” эмнэлэгт очиж үзлэг, эмчилгээ хийлгэхэд гарсан шатахуун авсан баримтыг тус тус шүүх хуралдаанд гаргаж өгсөн ба тооцож үзэхэд нийт 2 243 325 төгрөгийн бэлэн мөнгөний орлогын баримт, НӨАТ-ын баримтууд байна. Үүнээс: 2024 оны 11 дүгээр сарын 23-ний өдөр шампунь 25 000 төгрөгөөр, 2024 оны 12 дугаар сарын 08-ны өдөр ном 55 000 төгрөгөөр авсан, нийт 80 000 төгрөгийн баримт нь гэм хорын хохиролд хамааралгүй тул хэрэгсэхгүй болгож, үлдэх 1 986 325 төгрөгийг шүүгдэгч Э.*******аас гаргуулан хохирогч Т.*******ад олгохоор шийдвэрлэлээ. Дээрх баримтаас 177 000 төгрөгийн баримт нь юунд зарцуулагдсан нь тодорхойгүй байна.
Харин 2025 оны 03 дугаар сард хамрын хагалгаанд орох зардалд 3 993 960 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл, 2025 оны 03 дугаар сард хамрын хагалгаанд орох хугацаанд ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжилсэн боловч тэдгээртэй холбоотой нотлох баримтууд хэрэгт авагдаагүй, 177 000 төгрөгийн баримт нь эмчилгээнд зарцуулсан нь тодорхойгүй учир нотлох баримтаа бүрдүүлсний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэлээ.
Уг гэмт хэргийн улмаас хохирогч Т.******* нь эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, Эрүүл мэндийн даатгалын сангаас 159 540 төгрөг зарцуулсан байх бөгөөд шүүгдэгч Э.******* нь мөрдөн шалгах ажиллагааны явцад төлбөрийг Эрүүл мэндийн даатгалын санд төлсөн болох нь мөнгөн төлбөрийн баримтаар тогтоогдож байна.
ХОЁР. Шүүгдэгч Э.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч М.Сэлэнгэ эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: Шүүгдэгч Э.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Шүүгдэгч Э.*******ын хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, нийгмийн аюулын шинж чанар, хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх гэсэн дүгнэлтийг,
шүүгдэгч Э.******* эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: Санал, хүсэлт байхгүй гэжээ.
Шүүгдэгч Э.******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдлаа.
Шүүхээс шүүгдэгч Э.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шалтгаан, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, бусдад учруулсан хохирлыг төлөхөө илэрхийлсэн, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч Э.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ы *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******ыг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800 000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******т оногдуулсан торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Шүүгдэгч Э.******* нь цагдан хоригдсон хоноггүй, Эрүүл мэндийн даатгалын санд 159 540 төгрөгийг төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т тус тус зааснаар шүүгдэгч Э.*******аас 1 986 325 /нэг сая есөн зуун наян зургаан мянга гурван зуун хорин тав/ төгрөгийг гаргуулж хохирогч Т.*******ад олгож, хохирлоос 80 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
6. Хохирогч Т.******* нь эмчилгээ хийлгэсэн 177 000 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин, дахин хамрын хагалгаанд орох зардлаа тус тус нотлох баримтаа бүрдүүлсний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТТУЛГА