Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 151/ШШ2018/00524

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Төв аймгийн ............. сумын 5 дугаар баг Нацагдоржийн 8-10 тоотод оршин суух, .......................................................,

Хариуцагч: Төв аймгийн ............. хотын ............. газарт холбогдох

Ажилгүй байсан 38 хоногийн хугацааны цалин 940 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.............., өмгөөлөгч С.Хүрэлбаатар, хариуцагчийн төлөөлөгч А.Шаравнямбуу, нарийн бичгийн дарга Г.Бадам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.............. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ... Миний бие 1993 оноос өнөөдрийг хүртэл хугацаанд ............. газарт хогийн сахиулаар тасралтгүй ажиллаж ирсэн. Гэтэл 2017 оны 10 сарын 17-нд дарга Л.Шаравнямбуу ажлаас үндэслэлгүй халж хохироосон. Шүүхээс намайг ажилд эргүүлэн тогтоосон шийдвэр 2017 оны 12 сарын 01-нд гарсан, дарга 2017 оны 12 сарын 15-нд тушаал гаргаж, ажилд авсан. 2017 оны 10 сарын 17-ноос 2017 оны 12 сарын 15 хүртэл ажилгүй 43 хоног хохироосон. Шүүхийн шийдвэрээр 5 хоногийн цалин 123740 төгрөг авсан. Одоо үлдэгдэл 38 хоногийн цалин 940000 төгрөгийг Л.Шаравнямбуугаас гаргуулан хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ж.............. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... Миний бие нь Төв аймгийн ............. газарт хогийн сахиулаар ажиллаж байтал дарга Л.Шаравнямбуу үндэслэлгүй ажлаас халсан. Би шүүхэд 2017 оны 10 сарын 23-ны өдөр нэхэмжлэл гаргаж шүүх 2017 оны 12 сарын 01-ний өдөр шийдвэрлэж, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг тушаал гарсан өдрөөс нэхэмжлэл гаргасан өдөр хүртэл 5 хоногийн хугацаагаар 123 740 төгрөгийг цалин гаргаж, илүү нэхэмжилсэн гэж 498 260 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. ............. газрын дарга намайг 2017 оны 12 сарын 15-нд ажилд авсан байгаа. 2017 оны 12 сарын 01-ний өдрийн 01222 тоот шийдвэрийг хүлээж авсан боловч гомдол гаргаагүй, харин 2018 оны 03 сарын 20-ны өдөр дахин нэхэмжлэл гаргаж, анх нэхэмжлэл гаргасан өдөр буюу 2017 оны 10 сарын 23-ны өдрөөс тушаал гаргаж ажилд орсон өдөр буюу 2017 оны 12 сарын 15 хүртэл хугацааны 38 хоногийн цалин 940 000 төгрөгийг Төв аймгийн ............. хотын ............. газраас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Төв аймгийн ............. сумын ............. газар шүүхэд гаргасан тайлбартаа ... Ж..............ийн нэхэмжлэлийг шүүх шийдвэрлээд цалин 123 740 төгрөгийг гаргуулж, 498 260 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Шийдвэрийн 6 дахь заалтад зохигч талууд эс зөвшөөрвөл гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласан байдаг. Шүүхийн шийдвэрийн дагуу 2017 оны 12 сарын 15-ны өдөр тушаал гаргаж Ж..............ийг ажилд авсан. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч А.Шаравнямбуу шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа...Ж.............. нь хогийн сахиулаар ажилладаг байсан. Ажлын хариуцлагын талаар яривал их зүйлийг ярих хэрэгтэй, Ж..............ийн хашааны гадна дахин нэг хогийн цэг нэмэгдсэн байгаа, тэрээр хогийг хумих биш тбүр илүү тарааж талбайн хэмжээг ихэсгэсэн байгаа. Гэхдээ нэхэмжлэлийн хүрээнд тайлбарыг гаргах нь зүйтэй байна. 2017 оны 12 сарын 01-ний өдөр шүүхийн шийдвэрээр Ж..............т 123 740 төгрөгийн цалин олгож, 498 260 төгрөгийн цалинг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, энэ шийдвэрт Ж.............. түүний өмгөөлөгч нар гомдол гаргаагүй тул 2017 оны 12 сарын 15-ны өдөр тушаал гаргаж ажилд авсан. Иймд Ж..............т 2017 оны 12 сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 сарын 15-ны өдөр хүртэл хугацааны ажлын 10 хоногийн цалин төлөхийг зөвшөөрч байна. Үлдсэн 28 хоногийн цалингийн асуудлыг шүүх шийдвэрлэсэн тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.............. хариуцагч Төв аймгийн ............. хотын ............. газарт холбогдуулан ажилгүй байсан 38 хоногийн хугацааны цалин 940 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангах нь зүйтэй байна.

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 сарын 01-ний өдрийн 151/ШШ2017/01222 тоот шийдвэрээр Ж..............ийн нэхэмжлэлтэй Төв аймгийн ............. хотын ............. газарт холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд Ж..............ийг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 123 740 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 498 260 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Шүүх ажилгүй байсан хугацааг тооцохдоо Ж..............ийг ажлаас өдөр буюу 2017 оны 10 сарын 17-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр буюу 2017 оны 10 сарын 23-ны өдөр хүртэл 5 хоног гэж, нэг өдрийн цалин 24 748 төгрөг гэж тодорхойлж, ажилгүй байсан хугацааг 5 хоног, цалин 123 740 төгрөг гэж дүгнэсэн байна. Нэхэмжлэгч тал шүүхийн шийдвэрийг хүлээн авсан боловч ажилгүй байсан хугацаа, цалингийн талаар гомдол гаргаагүй байх бөгөөд дээрх шүүхийн шийдвэр нь хүчин төгөлдөр болсон байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-д Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заажээ.

Нэхэмжлэгч Ж..............ийн ажилгүй байсан хугацаа, нэг өдөрт ногдох цалин хөлсний талаар 2017 оны 12 сарын 01-ний өдрийн шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоосон байх тул энэ талаар анхан шатны шүүх хуралдаанаар дахин нотлох үндэслэлгүй гэж үзнэ. Иймд Ж..............ийн нэхэмжлэлийн шаардлагаас 2017 оны 10 сарын 23-ны өдрөөс 2017 оны 12 сарын 01-ны өдөр хүртэл хугацаа буюу 28 хоногийн цалин 699 252 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж заасан байна.

Хариуцагч тал 2017 оны 12 сарын 15-ны өдөр тушаал гаргаж нэхэмжлэгчийг ажилд авсан байх тул шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 12 сарын 01-ны өдрөөс ажилд томилсон өдөр 2017 оны 12 сарын 15 хүртэл ажлын 10 хоногийн цалин 240748 төгрөгийг хариуцагчаас гаргуулж олгох үндэслэлтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх нэхэмжлэлийг тэмдэгтийн хураамжаас чөлөөлөхөөр заасан бөгөөд Ж..............ийн нэхэмжлэл нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул тэмдэгийн хураамжид төлсөн 27000 төгрөгийг төрийн сангийн орлогоос буцаан гаргуулж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Төв аймгийн ............. хотын ............. газраас 240748 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж..............т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 699252 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгч Ж..............ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 27000 төгрөгийг төрийн сангаас буцаан олгож, хариуцагч Төв аймгийн ............. хотын ............. газраас тэмдэгтийн хураамж ,,, төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОН