| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Акраны Дауренбек |
| Хэргийн индекс | 302/2025/0022/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/28 |
| Огноо | 2025-01-30 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Я.Д |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 2025/ШЦТ/28
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А,
Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Я.Д-,
Шүүгдэгч Х.Ө- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Я.Д-гаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.б овогт Х-н Ө-т холбогдох эрүүгийн 2413000160331 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1996 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Баян-Өлгий аймгийн Баяннуур суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 3 дугаар /Цагаан арал/ багт оршин суудаг, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, Ж.б овогт Х-н Ө-, регистрийн дугаар: БВ..............;
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Х.Ө- нь 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар /Ховд гол/ багийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллаагаа явуулдаг “МJS tower”-ийн 8 давхарын 810 тоот өрөөнөөс хохирогч Ж.Ж-ы өмчлөлийн Сасмунг галакси А-73 загварын гар утас /1 ширхэгийг/ хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Ж.Ж-д 1,000,000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал, дүгнэлт:
1. Улсын яллагч Я.Д- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч нь тухайн гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Мобиком ХХК-аас ирүүлсэн 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 6404 дугаартай албан бичгийн дагуу тухайн гар утсыг хэн ашиглаж байсан гэх баримтыг ирүүлсний дагуу тухайн гэмт хэргийг шүүгдэгч Х.Ө- үйлдсэн болох нь тогтоогдсон. Гэрч нар гар утсыг шүүгдэгч авсан байж болзошгүй гэж сэжиглэсэн талаар мэдүүлсэн. Шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Энэ гэмт хэргийн улмаас хохирогчид 1,000,000 төгрөгийн хохирол учирсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон К.А-д гар утсыг хүлээлгэж өгсөн. Хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч нарт учирсан хохирлыг биет байдлаар хүлээлгэж өгсөн учраас шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулж хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч нарт олгуулах хохирол төлбөр байхгүй” гэв.
2. Шүүгдэгч Х.Ө- шүүх хуралдаанд: “Миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү” гэв.
Эрүүгийн 2413000160331 дугаартай хэргээс, улсын яллагч болон хэргийн оролцогч нараас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд улсын яллагчаас:
3. Иргэн Х.А-оос 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 09 дэх тал/,
4. Хохирогч Ж.Ж-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 дахь тал/,
5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 дэх тал/,
6. Гэрч М.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дахь тал/,
7. Гэрч Х.М-ий мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29 дэх тал/,
8. Мобиком ХХК-ийн 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 4/6401 дугаартай албан бичиг, түүний хавсралт /хавтаст хэргийн 67 дахь тал/,
9. Эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 77-80 дахь тал/,
10. “Ашид Билгүүн” ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн БӨА-23-0288 дугаартай үнэлгээний дүгнэлт /хавтаст хэргийн 85-89 дэх тал/,
11. Яллагдагч Х.Ө-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 69 дэх тал/,
12. Яллагдагч Х.Ө-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 101-102 дахь тал/,
13. Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 106 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
14. Шүүгдэгч Х.Ө-ээс нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
15.Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдлын талаар шинжлэн судалсан нотлох баримтууд нь тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хамааралтай, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.
16. Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Х.Ө-т холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.
Хэргийн үйл баримт:
17. Шүүгдэгч Х.Ө- нь 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар /Ховд гол/ багийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллаагаа явуулдаг “МJS tower”-ийн 8 давхарын 810 тоот өрөөнөөс хохирогч Ж.Ж-ы өмчлөлийн Сасмунг галакси А-73 загварын гар утас /1 ширхэгийг/ хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Ж.Ж-д 1,000,000 төгрөгийн хохирол учруулан хулгайлсан гэх үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:
18. Иргэн Х.А-оос 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 09 дэх тал/,
19. Хохирогч Ж.Ж-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “ ...Казахстан улсаас 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Баян-Өлгий аймагт ирсэн. Баян-Өлгий аймагт ирсэн миний зорилго бол “Олон улсын харилцаа” нэртэй уламжпалт “Айтыс” Баян-Өлгий аймагт энэ сарын 25, 26-ны өдрүүдэд болсон юм. Би 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Казахстан улсаас ирээд Өлгийн төвд байдаг “Махсум” гэх зочид буудалд байсан. “Олон улсын харилцаа” гэх нэршилтэй “айтыс” нь аймгийн төвийн Хөгжимт драмын театрт 2023 оны 11 дүгээр сарын 24-25 өдрүүдэд болсон. Харин өчигдөр “Махсум” зочид буудалд найз болох Х.А-, М.Г- бид нар архи согтууруулах ундааны төрлийн зүйл ууж байгаад тэр буудлаас гарч талбайд байдаг “МJS tower” гэх нэршилтэй зочид буудлын 8 давхарын 810 тоотод орсон. Тухайн газарт М.Г- болон түүний дүү нь намайг оруулсан байна лээ. Би тэр үед согтуу байсан юм. Тухайн үед миний утас хаана байсан эсэхийг би мэдэхгүй байгаа юм. М.Г- хэлэхдээ “намайг оруулж оронд унтуулаад миний А73 загварын гар утсыг ширээн дээр үлдээсэн” гэж хэлсэн. Би орой унтаж байхад намайг найз А- ирээд сэрээсэн юм. Би тухайн үед гар утсаа хайхад миний гар утас алга болчихсон байсан. Миний алдагдсан гэх гар утас нь Самсунг Галакси А73 загварын цэнхэр өнгийн гар утас байсан. Тухайн гар утсыг би 2021 оны 7 дугаар сарын үед Казахстан улсаас 350.000 тенге /Казахстан улсын мөнгөн тэмдэг/ буюу монгол төгрөгөөр 2,450,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Ямар нэгэн эвдэрсэн зүйл байхгүй байсан. Миний алдагдсан гэх гар утасны имей код нь 350047510362723, 350315690362726 гэх имей кодтой...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 дахь тал/,
20. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “ ... Манай аймагт 2023 оны 11 дүгээр сарын 24, 25-ны өдрүүдэд “Олон улсын харилцаа” гэх нэршилтэй “айтыс” нь аймгийн төвийн Хөгжимт драмын театрд зохион байгуулагдсан. Тус тэмцээнд Казахстан улсаас сэтгүүлч Ж.Ж- ирсэн. Ж.Ж- нь манай найз байгаа юм. Ж.Ж- 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр ирээд “Махсум” зочид буудалд байрлаж байсан. Харин 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр “Махсум” зочид буудалд бизнессмен М-ын Г- бид гурав “Номад” нэртэй 1 литрийн архийг хувааж уусан. Тухайн үед цаг 13:00 цаг болж байсан байх. Улмаар бид гурав “Махсум” зочид буудлаас гараад талбайд байдаг “МJS tower” гэх нэршилтэй зочид буудлын 8 давхарын 810 тоотод орсон. Тухайн үед Ж.Ж-, Г-, Г-ийн туслах М- нар байсан байна. Ж.Ж- тухайн үед согтуу байсан байна. Харин Г-, Г-ийн туслах М- нар Ж-ыг тухайн өрөөнд оруулж өгөөд гар утсыг нь орны хажууд талд үлдээгээд явсан гэж сүүлд хэлсэн. Би оройн 18:00-19:00 цагийн үед Жандос, Хуат болон өөр нэг Казахстаны иргэнтэй хамт орсон. Тухайн Казахстаны иргэнийг би танихгүй. Бид нарыг уг буудалд ороод Ж.Ж-ы өрөөнд ороод гарсан. Би харин гарахдаа хаалгыг нь онгорхой орхисон байна. Уг буудлын 814 тоот өрөөнд байсан Д- Улаанбаатар хотруу явхаар болоод Г-ийн туслах М- нь зар харж байгаад Улаанбаатар хотруу очих машин олсон байна, улмаар тухайн хүнд “МJS tower” гэх нэршилтэй зочид буудлын 8 давхарт байгаа, унтаж байгаа хэмээн хэлсэн байна. Бид нар буудлын камерийг үзэхэд уг залуу Ж-ы өрөөнд 2 ч удаа ороод гарсан байна. Би уг этгээдийг сэжиглэж байна. Манай найз Ж.Ж- нь 2023 оны 11 дүгээр сарын 29- ний өдөр Казахстан улсруу гэртээ явчихсан. Одоогоор хэзээ ирэх нь тодорхойгүй. Тийм учраас энэ хэрэгт намайг хууль ёсны төлөөлөгчөөр оролцуулах тухай хүсэлт гаргаад итгэмжлэл хийлгэсэн. Тийм учир энэ хэрэгт би хууль ёсны төлөөлөгчөөр оролцох болно. Махсум дотор сууж байхад гар утсаа оролдоод, юм үзүүлээд сууж байсан. Харин Махсумаас гарахад гар утас нь байсан эсэхийг би мэдэхгүй байна. Би тухайн Улаанбаатар хотруу явна гэсэн жолоочийг сэжиглэж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 дэх тал/,
21. Гэрч М.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би тухайн өдөр Ж.Ж-ыг Махсум зочид буудлаас гаргаж аваад “МJS tower”-ийн 8 давхараас өрөө авч өгч оруулаад явсан. Махсумаас бид нар нэлээн халамцуу гарсан. “МJS tower”-ийн 8 давхарт би болон М- бид хоёр Ж.Ж-ыг оруулж, оронд унтуулаад гарсан. Тэгээд шөнийн 22:00 цагийн үед байх уг буудалд очиход Ж.Ж- гар утас алга болсон гэж сууж байсан. М- бид хоёр орохдоо Ж.Ж-ы гар утсыг шүүгээний хажуу талд тавьсан юм шиг санагдаад байна. Бид “Махсум” зочид буудлаас нэлээн халамцуу, архи уугаад гарсан учир сайн мэдэхгүй байна. Миний хажууд байсан манай жолооч М- тухайн өдөр архи уугаагүй учир М- сайн мэдэж байх учиртай...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дахь тал/,
22. Гэрч Х.М-ий мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Намайг 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр дарга М.Г- “Махсум” зочид буудлаас ирээд аваарай гэж хэлсэн. Намайг очиход “Махсум” зочид А-, Г-, Ж- болон Казахстан улсаас ирсэн 4-5 хүн сууж байсан. Тухайн хүмүүс архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн нэлээн халамцуу байсан юм. Би тухайн газраас Г-, Ж.Ж-, А- нарыг авч гарсан. Тухайн газраас Ж.Ж-ы ачааг аваад “МJS tower”-ийн 8 давхарт очиж тэнд буудалд Ж.Ж-ыг оруулж өгсөн. Бид дөрөв уг буудлын 810 тоот өрөөнд орсон бөгөөд А- гэх хүн ажилтай болоод шууд яваад өгсөн, харин Г- дарга бид хоёр Ж.Ж- гэх хүнийг өрөөнд оруулаад хэвтүүлсэн. Ж.Ж- нь тухайн үед нэлээн согтуу байсан юм. Бид хоёр Ж.Ж-ыг оронд оруулж өгөөд гар утсыг нь орны хажуу талд тавиад гараад явсан. Бид тухайн газраас гараад Д- гэх Казахстан улсын иргэнтэй очижуулзсан. Д- тухайн үед Цамбагаравын 2 давхарт хоол идээд сууж байсан юм. Манай дарга Г- мөн адил “МJS tower”-ийн 8 давхараас өрөө авч өгсөн юм. Тэгээд Д-тэй уулзаад сууж байх үед Д- нь “Би хэдэн цаг унтчаад өнөө орой Улаанбаатар хотруу очих ёстой, машин олоод өгөөч” гэх үед би “Улаанбаатар хотруу гарах машин хайж байна” гээд зар оруулахад Х-н Ө- гэх Баяннуур сумын гаралтай залуу миний 99420090 дугаарлуу залгаж холбогдсон. Би учир байдлыг хэлсэн юм. Тэгээд орой тухайн залуу зөндөө залгасан байсан, тэгээд би уг залуутай яриад “МJS tower”-ийн 10 давхарт байна, очоод явах юм бол авчих” гэж хэлсэн. Тухайн залуу Д-гийн өрөөнд биш Ж.Ж- байсан өрөөнд 2 ч удаа ороод гарсан байсан. Уг гар утсыг тухайн этгээд авсан байж болзошгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29 дэх тал/,
23. Мобиком ХХК-ийн 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 4/6401 дугаартай албан бичиг, түүний хавсралт /хавтаст хэргийн 67 дахь тал/,
24. Эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 77-80 дахь тал/,
25. “Ашид Билгүүн” ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн БӨА-23-0288 дугаартай үнэлгээний дүгнэлт /хавтаст хэргийн 85-89 дэх тал/,
26. Шүүгдэгч Х.Ө-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 101-102 дахь тал/,
27. Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 106 дахь тал/ зэрэг баримтуудаар шүүгдэгч Х.Ө- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь бүрэн нотлогдож тогтоогдсон байна.
Эрх зүйн дүгнэлт:
28. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх бүрэлдэхүүн үнэллээ.
29. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заажээ.
30. Шүүгдэгч Х.Ө- нь амар хялбар аргаар мөнгөтэй болж өөрийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор, шунахайн сэдэлттэйгээр, шууд санаатайгаар үйлдэж, бусдын эд хөрөнгийг, хэн нэгэн хүнд хүч хэрэглэлгүй өмчийн эзэн нь түүнд дээрх хөрөнгийг авах зөвшөөрөл өгөөгүй байхад бусдын өмчлөх эрхэд халдаж бусдад эд хөрөнгийн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан дээрх баримтуудаар нотлогдож байна.
31. Шүүгдэгч Х.Ө-ийн үйлдсэн хулгайн гэмт хэргийн улмаас буюу хүний эд хөрөнгийн халдашгүй байх эрхэд халдаж хохирогч Ж.Ж-ы өмчлөлийн Сасмунг галакси А-73 загварын гар утсыг хулгайлж, түүнд 1,000,000 төгрөгийн хохирол учирсан болох нь хохирогч, шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг болон бусад баримтаар нотлогдож байх бөгөөд хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
32. Гэмт хэрэг гарахад түүний амар хялбар аргаар мөнгөтэй болж өөрийн хэрэгцээ шаардлагыг хангах шунахайн сэдэл нөлөөлсөн байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
33. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.
34. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1. “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1. “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж хуульчилсан.
35. Шүүгдэгч Х.Ө- нь хохирогч Ж.Ж-ы өмчлөлийн Сасмунг галакси А-73 загварын гар утсыг хүлээгэж өгсөн болох нь эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 77-80 дахь тал/-ээр тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
36. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “Шүүгдэгч Х.Ө-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” дүгнэлтийг, шүүгдэгч Х.Ө-ээс “Улаанбаатар хотод ажил хөдөлмөр эрхэлдэг. Анх удаа гэмт хэрэгт холбогдсон тул тэнсэн харгалзаж өгөхийг хүсэж байна” гэх хүсэлтийг гаргасан болно.
37. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1. “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Х.Ө-ийн үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.
38. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1. “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 2. “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг гэж заасныг тус тус удирдлага болгов.
39. Шүүгдэгч Х.Ө-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ “учруулсан хохирлыг төлсөн, үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч гэмшсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 3 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэлээ.
40. Шүүгдэгч Х.Ө-ийн хувийн байдлын хувьд урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 103 дахь тал/-аар тогтоогдож байна.
41. Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.
42. Шүүгдэгч Х.Ө-ийг эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, мөн эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэрэгт нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт өгч, шүүгдэгч Х.Ө-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 8 /найм/ сарын хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “Оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.
43. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар тэнсэж үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээ авсан ялтанд хяналт тавих үүргийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
44. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ө- нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, дахин гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ердийн журмаар ял оногдуулахыг сануулах нь зүйтэй.
45. Шүүгдэгч Х.Ө- нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж байна.
46. Шүүгдэгч Х.Ө-т авсан хувийн баталгаа гаргах болон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж.б овогт Х-н Ө-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Х.Ө-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 8 /найман/ сарын хугацаагаар тэнсэж, түүнд тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар тэнсэж үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээ авсан ялтанд хяналт тавих үүргийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ө- нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, дахин гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ердийн журмаар ял оногдуулахыг сануулсугай.
5. Шүүгдэгч Х.Ө- нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүгдэгч Х.Ө-т урьд авсан хувийн баталгаа гаргах болон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.ДАУРЕНБЕК