Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 2025/ШЦТ/34

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А,

улсын яллагч, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.А-,

шүүгдэгч нарын өмгөөлөгч С.А-,

шүүгдэгч С.Н-, М.Н- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.А-ээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Ж.т овогт С-ы Н-, И.е овогт М-ын Н- нарт холбогдох 2313002290130 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 19.... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Баян-Өлгий аймгийн Дэлүүн суманд төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт амьдардаг, хүний их эмч мэргэжилтэй, ..... ажилтай, Баян-Өлгий тус аймгийн Дэлүүн сумын 12 дугаар багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх, Ж.та овогтой С-ы Н, регистрийн дугаар БЖ........,

2. Монгол Улсын иргэн, 19.... оны .... дугаар сарын ...-ны өдөр Баян-Өлгий аймгийн Алтай суманд төрсөн, 38 настай, эмэгтэй, ам бүл 7, нөхөр, 5 хүүхдийн хамт амьдардаг, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, ....ажилтай, Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын 12 дугаар багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх, И.е ургийн овогтой М-ын Н-, регистрийн дугаар БА.......,

 

Шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч С.Н-, М.Н- нар нь бүлэглэж 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сараас 14-ний өдрийн хоорондох хугацаанд Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Н” эмнэлэгт эм, эмийн түүхий эд, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгсэл худалдах үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүй явуулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хууль бусаар эм, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгсэл худалдах, түгээх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

   Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал, дүгнэлт:

1.Улсын яллагч Д.А- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч нар эрүүл мэндийн байгууллагад ажилладаг. Их эмч мэргэжилтэй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон өмнөх анхан шатны шүүх хуралд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаар мэдүүлээгүй хэдий ч өнөөдрийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа талаар мэдүүлэг өгч байна. Шүүгдэгч нар зохих зөвшөөрөлгүйгээр эм худалдан борлуулж болохгүй гэдгийг мэдэж байгаа. Шүүгдэгч нар урт хугацаанд энэ гэмт хэргийг үйлдсэн. 2017 оноос эхэлж 2023 он хүртэл энэ гэмт хэргийг үйлдсэн үйл баримт гэрч нарын мэдүүлгээр нотлогдон тогтоогдсон. Шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Энэ гэмт хэргийн улмаас бусдад ямар нэгэн хохирол учраагүй тул шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй.” гэв.

2. Шүүгдэгч С.Н- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хувийн эмнэлгээ 2019 онд барьсан. Аймгийн Засаг дарга, Эрүүл мэндийн газрын дарга нар ирж биечлэн үзэж та нарыг дэмжиж эрх олгож өгнө гэж хэлсэн. Бид холбогдох баримтуудаа бүрдүүлж өгсөн. Эмийн сангийн эрхээ авах гэж Эрүүл мэндийн газартай гэрээ хийсэн. Аймгийн Эрүүл мэндийн газраас хүмүүс очиж эмийн санг үзнэ гэж хэлсэн. Эмийн сангаа бэлдэж тодорхой хэмжээний эм, хэрэгслээ авсан байсан. Тухайн үед ковид-19 өвчин гараад хөл хорио болоод тухайн хүмүүс ирж чадаагүй. Тариануудыг буцааж өгч хуурай эмүүдийг худалдсан. 2020 онд Мэргэжлийн хяналтын газраас ирж эм худалдан борлуулах тусгай зөвшөөрөл аваагүй байна. Тусгай зөвшөөрөл авсны дараа эм худалдан борлуулах ёстой гэж хэлснээр эм худалдахаа больсон. Буруугаа хүлээн зөвшөөрч байна. 2021 онд Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газраас хүмүүс ирж шалгалт хийсэн. Гэхдээ тухайн үед бид нар эм худалдаагүй байсан. Хүлээн зөвшөөрч байна. Бусдад төлөх төлбөр байхгүй. Ард иргэдээс гомдол гаргаагүй” гэв.

3. Шүүгдэгч М.Н- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Зөвшөөрөлгүй эм худалдан борлуулснаа хүлээн зөвшөөрч байна. Оногдуулах ялыг хөнгөрүүлж өгөхийг хүсэж байна” гэв.

4. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.А- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхээс цагаатгаж шийдвэрлэсэн боловч давж заалдах шатны шүүхээс хэргийг анхан шатны шүүхэд буцаасан. Шүүгдэгч нар 5 хүүхэдтэй. Бусдад учирсан хохирол байхгүй. Шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа” гэв.

 

            Эрүүгийн 2313002290130 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд, Улсын яллагчаас:

           

            5. Гэрч Х.Н-, Е.Н-, Т.Н-, О.Л-, Х.А-, С.М-, Б.А-, А.Р-, Х.Ө-, М.Б-, М.З-, А.Г-, М.М- нарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгүүд (1 дэх хавтаст хэргийн 14-15, 18-19, 25, 30-54, 2 дахь хавтаст хэргийн 163 дахь тал)

           

            6. Эмийн санд буюу хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 55-61 дэх тал),

           

            7. Иргэн С.Н-ын эзэмшлийн Хаан банкны ....., ......... тоот, иргэн М.Н-гийн эзэмшлийн ......... тоот, “Б.Н” ХХК-ний эзэмшлийн ......... тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны хуулганууд (1 дэх хавтаст хэргийн 61-65, 101-250, 2 дахь хавтаст хэргийн 1-12 дахь тал)

           

            8. Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн “2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 04-03-003/225 дугаартай “Буган-Нур” эмнэлгийн их эмч С.Н-ад хүргүүлсэн албан шаардлагын хуулбар (2 дахь хавтаст хэргийн 15-22 дахь тал),

           

            9. Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 474, 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 170 дугаартай албан бичгүүд (2 дахь хавтаст хэргийн 76, 98 дахь тал),

           

            10. Монос Баян-Өлгий ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 48 дугаартай албан бичгүүд (2 дахь хавтаст хэргийн 76, 86 дахь тал),

           

            11. Яллагдагч М.Н-, С.Н- нарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгүүд (2 дахь хавтаст хэргийн 156-158, 160 дахь тал) болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

            12. Харин шүүгдэгчид, тэдний өмгөөлөгч нараас хавтаст хэргээс нотлох баримт шинжлэн  судлуулаагүй болно

 

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

13. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдлын талаар шинжлэн судалсан нотлох баримтууд нь тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хамааралтай, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.

14. Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч М.Н-, С.Н- нарт холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.

 

Хэргийн үйл баримт:

15. Шүүгдэгч С.Н-, М.Н- нар нь бүлэглэж 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сараас 14-ний өдрийн хоорондох хугацаанд Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Н” эмнэлэгт эм, эмийн түүхий эд, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгсэл худалдах үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүй явуулсан гэх нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:

16. Гэрч Х.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2019 оны 4 сараас 2019 оны 6 сар хүртэл Дэлүүн сумын 12 дугаар багт байрлах “Н” эмнэлгийн эмийн санч буюу найруулагчаар ажилласан. Намайг ажиллаж байх хугацаанд тус эмийн сан нь анх үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд тус эмийн санд тусгай зөвшөөрөл олгогдоогүй тул С.Н- захирал эмийн санг хааж, үйл ажиллагааг нь зогсоосон. Тус эмийн сан нь 2019 оны 4 сараас 6 сар хүртэл 3 сар л ажилласан ба одоогоор үйл ажиллагаа явуулахгүй байгаа. “Н” эмнэлгийн эмийн санд эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах, худалдах тусгай зөвшөөрөл олгоогүй тул эмийн сангийн үйл ажиллагаа зогссон. Би “Н” эмнэлэгт эм зүйчээр ажиллаж байхдаа Өлгий сумын “Монос”, “Элан парм” эмийн сангаас эм, эмнэлгийн татан авалт хийдэг байсан. Би ажиллаж байхдаа 150,000 мянган төгрөгийн цалин авч, тухайн өдөр эмийн сангийн орлого зарлагыг С.Н- захирлын эхнэр М.Нурсаулэд шууд хүлээлгэн өгдөг байсан...” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 14-15 дахь тал),

17. Гэрч Х.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн “...Тухайн үед надад уг “Н” нэртэй эмийн сангийн захирал С.Н-ын эхнэр М.Н- нь надад “тусгай зөвшөөрөл гартал эмийн санчаар ажиллах хүсэлт тавьсан. Тэр үед би ажилгүй байсан тул зөвшөөрч 3 сарын хугацаанд ажилласан. Гэхдээ эмийн санд ажиллах эм зүйч мэргэжилгүй талаар асуухад М.Н- нь болно гэж хэлж байсан. Тэр үед надад 150,000 төгрөгийн цалин өгч байсан ба тухайн цалин юунд ч хүрэхгүй байсан. Бас аймгаас шалгалтаар ирсэн хүмүүс уг эмийн санг зөвшөөрөлгүй байна гэж хаалгасан. Түүнээс хойш би огт ажил хийгээгүй. М.Н-, С.Н- нар нь эхнэр, нөхөр бөгөөд эмийн санг хамтраад ажиллуулдаг байсан. М.Н- нь надад анх ажлын санал тавьж ажилд авсан. Гэхдээ ажилд авах ямар нэгэн тушаал, шийдвэр гараагүй. Би төлбөр тооцоотой холбоотой асуудлыг М.Н-д өгсөн байсан. Харин С.Н- нь байнга эмийн сангийн үйл ажиллагааг шалгаж явдаг байсан. Тэр үед их хүн үйлчлүүлдэггүй байсан тул эм, эмнэлгийн хэрэгсэл муу зарагдаж байсан. Би өмнө мэдүүлэхдээ “Э-Ф” гэх эмийн санг андуурч буруу хэлсэн байна. Тухайн “Н” эмийн сан нь “Монос” болон “Мөнхийн тун” гэх эмийн сангуудаас татан авалт хийдэг байсан...” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 33 дахь тал),

18. Гэрч Е.Н-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... “Н” эмнэлгийн эмийн санг манай багийн иргэд болох С.Н-, М.Н- нар нь эзэмшдэг. Манай багийн иргэд ноднин буюу 2022 онд эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан борлуулж байгаа гэж аман яриа өгүүлэл гарч байсан боловч үнэн эсэхийг нь би хэлж мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 18-19 дахь тал),

19. Гэрч Т.Н-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2019 онд /яг хэзээ гэдгийг мэдэхгүй/ Дэлүүн сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах "Нур" нэртэй эмийн санд Г.А-тай хамт очиж байсан бөгөөд эм, эмнэлгийн хэрэгслийн худалдан борлуулж байсан. Тухайн үед Г.А- бид хоёр тусгай зөвшөөрөлгүй эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан борлуулж болохгүй талаар зөвлөмж өгсөн. Түүнээс хойш ямар нэгэн үйл ажиллагаа явуулсан эсэхийг мэдэхгүй. Дэлүүн сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Н” эмийн сан нь эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах, худалдах тусгай зөвшөөрөлгүй нь үнэн...” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 25 дахь тал),

20. Гэрч О.Л-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2019 онд “Н” эмнэлэгт хяналт шалгалт хийсэн. Биднийг очиход “Н” эмнэлэг нь хоёр давхар байсан бөгөөд орон байрны стандартыг хангаж байгаа боловч боловсон хүчний дутагдалтай байсан. Уг эмийн сан нь эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан борлуулах тусгай зөвшөөрөл байхгүй байсан тул бид эм хураан, тусгай зөвшөөрөл авсны дараагаар худалдан борлуулах чиглэл өгч зөрчил арилгуулах албан шаардлага өгсөн...” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 27 дахь тал),

21. Гэрч Х.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...С- гэх хүн /С.Н-ын аав/ нь манай тусгай зөвшөөрлийн комисст “Н” нэртэй эмнэлгийн ажиллуулах тусгай зөвшөөрөл хүсэж төсөл ирүүлсэн. Тухайн үед төсөл нь дэмжигдсэн боловч орон байрны үнэлгээ хийлгүүлэх ёстой байсан. Гэтэл С- нь орон байрны үнэлгээ хийлгүүлэхгүй шууд эмнэлгийн нээлтээ хийж ажиллуулж эхэлсэн. Бид Дэлүүн сумын эрүүл мэндийн төвд очих болгонд “Н” эмнэлэгт энэ талаар албан бусаар шаардлага тавьж байсан ба “Н” эмнэлгийн дотор эмийн сан ажиллаж байсан. Уг эмийн сан С-ы хүү С.Н- ажиллуулж байсан. ...Уг байгууллага нь манайд эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан борлуулах тусгай зөвшөөрөл хүссэн төсөл, хүсэлт илгээж байгаагүй комиссын хуралдаанаар, тусгай зөвшөөрөл олгох талаар ямар нэгэн хуралдаан зохион байгуулагдаагүй...” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 31 дахь тал),

22. Гэрч С.М-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би Хаан банкны 5186101771 тоот данс эзэмшдэг. Би 2019 онд жирэмсэн байсан тул 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр С.Нярхтай гэх хүний эмийн сангаас витамин авсан гүйлгээ байх. Тэр үед Нуржамал ажиллаж байсан ба уг эмийн сангаас эмнэлгийн хэрэгсэл эсхүл витамин авсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 35 дахь тал),

23. Гэрч Б.А-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “Намайг анх ажилд орох үед уг эмийн санг С.Н-, М.Н- нар нь хамт ажиллуулдаг байсан. Уг эмийн сангийн эмийн санчаар Х.Н- гэдэг хүн ажиллаж байсан. Тухайн эмийн сан нь тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байсан ба 2022 оны 6 сараас хойш хаагдсаныг мэдэж байна. Хүмүүсийн аман яриагаар С.Н-, М.Н- нар нь үзсэн өвчтөнүүдэд өөрсдийн эмийн сангаас очиж эм авахыг зөвлөдөг гэсэн...” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 37 дахь тал),

24. Гэрч А.Р-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би Хаан банкны 5186251092 тоот дансыг эзэмшээд 4-5 гаруй жил болж байгаа. Уг дансыг надаас өөр хүн ашигладаггүй. Одоо ч ашиглаж байгаа. 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр С.Н- гэх хүний ..... тоот данс руу ...гүйлгээний утгатай 62,000 төгрөгийн орлогын гүйлгээ нь тухайн үед эрүүл мэндийн шалтгааны улмаас манай сумын иргэн С.Н-ын эзэмшлийн эмийн сангаас эм худалдаж авсан. Тэр үед эмийн санч нь хэн байсныг санахгүй байна. Ямартай ч С.Н-, М.Н- нарын “Н” нэртэй эмийн сангаас эм авч байсныг санаж байна...” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 39 дахь тал),

25. Гэрч Х.Ө-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би Хаан банкны ......... тоот дансыг эзэмшээд 5-6 гаруй жил болж байгаа. Уг дансыг надаас өөр хүн ашигладаггүй. Одоо ч ашиглаж байгаа. 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдөр С.Н- гэх хүний ......... тоот данс руу “ем” гэх гүйлгээний утгатай 33,700 төгрөгний орлогын гүйлгээ нь тухайн үед би ханиад хүрч С.Н- эмчийн бичиж өгснөөр түүний эмийн санд очиж ханиадны эм худалдаж авсан гүйлгээ байсан. Тухайн үед С.Н- болон М.Н- нар “Н” эмнэлэг болон эмийн сан ажиллуулж байсан тул би эм худалдаж авсан. Уг эмийн сан нь 2023 онд хаасныг санаж байна...” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 41 дэх тал),

26. Гэрч М.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би Хаан банкны 5186095212 тоот дансыг эзэмшээд 12-13 гаруй жил болж байгаа. Уг дансыг надаас өөр хүн ашигладаггүй. Одоо ч ашиглаж байгаа. 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр С.Н- гэх хүний ......... тоот данс руу ... гүйлгээний утгатай 5,000 төгрөгний шилжүүлсэн гүйлгээ нь тухайн үед хүүхдүүд өвдсөний улмаас манай гэрт ойрхон байрлалтай байсан С.Н-ын эзэмшлийн “Н” нэртэй эмийн сангаас эм худалдаж авсан гүйлгээ байна. Тэр үед би өөрөө эм очиж авсныг санаж байна...” гэх мэдүүлэг гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 43 дахь тал),

27. Гэрч М.З-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...би Хаан банкны ......... тоот дансыг эзэмшээд олон жил өнгөрч байгаа. Уг дансыг надаас өөр хүн ашигладаггүй. Одоо ч ашиглаж байгаа. 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр С.Н- гэх хүний ......... тоот данс руу ... 18,000 төгрөгний шилжүүлсэн гүйлгээ нь тухайн үед эрүүл мэндийн шалтгааны улмаас манай сумын иргэн Х.Нурхуатын эзэмшлийн эмийн сангаас эм худалдаж авсан гүйлгээ байна...” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 45 дахь тал),

28. Гэрч А.Г-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...миний бие Монос Баян-Өлгий ХХК-д ерөнхий нягтлан бодогч ажилтай бөгөөд тухайн албан тушаалд 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс хойш ажиллаж байгаа билээ. Тухайн “Б.Н” ХХК-ний манай Монос Баян-Өлгий ХХК-аас 2021 оноос 2023 оны хооронд эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авдаг байсан. Өмнө нь энэ талаар цагдаагийн байгууллагаас албан бичгээр ирүүлсэн ба холбогдох баримт бичгүүдийг гаргаж өгсөн. Санхүүгийн баримтыг харахад 2021 онд 4 удаагийн татан авалтаар 4,474,502 төгрөгний эм, эмнэлгийн хэрэгсэл, 2022 онд 13 удаагийн татан авалтаар 7,233,876 төгрөгний эм, эмнэлгийн хэрэгсэл, 2023 онд 1 удаагийн татан авалтаар 44,660 төгрөгний эм, эмнэлгийн хэрэгслийг зээлээр тус тус татан авч байсан байна. Уг “Б.Н” ХХК нь манайд одоогоор 300,000 орчим төгрөгний зээлийн үлдэгдэлтэй байгаа. Би “Б.Н” ХХК-ний төлбөртэй холбоотой асуудлын талаар С.Н- болон М.Н- гэх хүнтэй утсаар холбогдож байсан. Харин биечлэн уулзаж байгаагүй. Тухайн хүмүүсийг эхнэр, нөхөр болон “Б.Н” ХХК-ийг хариуцдаг гэдгийг нь мэднэ. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй. Тухайн асуудалтай холбоотой манай байгууллагаас авсан зээлийн үлдэгдэл 300,000 орчим төгрөгийг барагдуулж өгөхийг хүсэж байна.” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 54 дэх тал),

29. Эмийн санд буюу хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дэх хавтаст хэргийн 55-61 дэх тал)

30. Иргэн С.Н-ын эзэмшлийн Хаан банкны ....., ......... тоот, иргэн М.Н-гийн эзэмшлийн ......... тоот, “Б.Н” ХХК-ний эзэмшлийн ......... тоот дансанд тус тус үзлэг хийсэн тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 61-65 дахь тал),

31. Иргэн С.Н-ын эзэмшлийн Хаан банкны ....., ......... тоот, иргэн М.Н-гийн эзэмшлийн ......... тоот, “Б.Н” ХХК-ний эзэмшлийн ......... тоот данснуудын дэлгэрэнгүй хуулга (1 дэх хавтаст хэргийн 101-250, 2 дахь хавтаст хэргийн 1-12 дахь тал),

32. Баян-Өлгий аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасагт хадгалагдаж буй хадгаламжийн нэгжид үзлэг хийсэн тэмдэглэл (2 дахь хавтаст хэргийн 15-16 дахь тал),

33. Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн “2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 04-03-003/225 дугаартай “Буган-Нур” эмнэлгийн их эмч С.Н-ад хүргүүлсэн албан шаардлагын хуулбар (2 дахь хавтаст хэргийн 15-22 дахь тал),

34. Баримт бичиг хүлээн авсан тэмдэглэл, Б.Н ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2017 оны 36 дугаартай захирамжийн хуулбар, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт, Нур эмийн сан байгуулах төсөл (2 дахь хавтаст хэргийн 24 -39 дэх тал),

35. Баримт бичиг хүлээн авсан тэмдэглэл, Б.Н ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан (2 дахь хавтаст хэргийн 46-74 дэх тал),

36. Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 474 дугаартай “Аймгийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл олгох комисс нь Дэлүүн сумын “Н” эмийн санд тусгай зөвшөөрөл олгоогүй болохыг тодорхойлов.” гэх албан бичиг (2 дахь хавтаст хэргийн 76 дахь тал),

37. “Монос Баян-Өлгий” ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 48 дугаартай “Б.Н ХХК-ийн 2021, 2022, 2023 онуудад манай компаниас худалдан авсан бараа материалын хураангуйг хүргүүлж байна. 2021 онд 4474502 төгрөг, 2022 онд 7233876 төгрөг, 2023 онд 44660 төгрөгний худалдан авалт хийсэн байна.” гэсэн албан бичиг, харилцагчийн дэлгэрэнгүй тайлан (2 дахь хавтаст хэргийн 80-83 дахь тал),

38. Баян-Өлгий аймгийн Татварын газрын 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 40 дугаартай албан бичиг, хавсралтын хамт (2 дахь хавтаст хэргийн 85 дахь тал),

39. Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 170 дугаартай “Аймгийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл олгох комисс нь Дэлүүн сумын 12 дугаар багт байрлалтай “Н” эмнэлэгт тусгай зөвшөөрөл олгоогүй болно” гэх албан бичиг (2 дахь хавтаст хэргийн 98 дахь тал),

40. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа ( 2 дугаар хавтаст хэргийн 100 дахь тал),

41. Иргэн М.Н-, С.Н- нарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт (2 дахь хавтаст хэргийн 110-117 дахь тал),

42. Яллагдагч М.Н-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би 2017 онд Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын эрүүл мэндийн төвд дотрын эмчээр ажиллаж байсан. Мөн миний нөхөр С.Н- нь тус эрүүл мэндийн төвд мэс заслын эмчээр ажиллаж байсан. Тэгээд С.Н- бид хоёр сумын төвд “Н” гэх хувийн эмнэлэг барьж, нээлтээ хийсэн. Дараагаар нь эмнэлгийн үйл ажиллагаа явуулах, эмийн сан ажиллуулах зөвшөөрлүүдийг гаргуулж авахаар миний нөхөр С.Н- нь хөөцөлдөж явсан. Тухайн үед бүх баримт бичиг, барилгын стандарт шаардлагад нийцэж байсан тул бүх юм болж бүтэж байгаа талаар хэлсэн. Мөн нэгэнт бүх юм хуулийн хүрээнд явж байсан учир эмнэлэг, эмийн сан ажиллуулах зөвшөөрөл гарах байх гэж бодоод манай нөхөр С.Н- нь эмийн сангийн өрөөг тусдаа тохижуулж, бүх тавиур юмнуудаа байршуулж хэдэн төрлийн хуурай эм нийлүүлсэн талаар би мэдэж байна. Эрүүл мэндийн газраас комисс ирж үзэх гэж байгаа юмнуудаа бэлдээрэй гэсэн тул манай нөхөр бүр бэлтгэл ажлуудаа хийж байсныг би мэднэ. Миний бие тухай үед нялх хүүхэдтэй байсан мөн дээрээс нь дотрын эмчээр ажиллаж байхдаа маш их ачаалалтай ажиллаж байсан учир хувийн эмнэлэг, эмийн сангийн ажилд би оролцоогүй, нөхөр маань бүх ажлыг хариуцаж ажилласан. Тэгээд 2019 онд ковид гарсны улмаас эмнэлгийн үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүй болж, түүнээс хойш эмнэлэг, эмийн санг ажиллуулаагүй, байнгын хаалттай байсан. Тухайн 2019 ондоо мэргэжлийн хяналтын газраас байцаагч нар ирж манай хувийн эмнэлгийг үзэж шалгаж, одоо байгаа эмийг хууль, дүрэм, журмын дагуу холбогдох байгууллагад хүлээлгэж өгөх, устгах талаар чиглэл өгсөн. Нөхөр С.Н- нь анх хаанаас ямар төрлийн хэдэн ширхэг эм авсан, үүнийг хаана хүлээлгэж өгсөн. яаж устгуулсан талаар би мэдэхгүй байна. Би өөрөө энэ эмнэлгийн үйл ажиллагаанд огт оролцож байгаагүй, ямар ч хамааралгүй хүнийг яагаад яллагдагчаар татаж байгааг би ойлгохгүй, мөн хүлээн зөвшөөрөхгүй байна. Надад өөр мэдүүлэх зүйл байхгүй. Дээрх данс нь миний нэр дээр байдаг боловч миний дансыг нөхөр маань ашигладаг тул би тухайн дансанд орж гарч байгаа гүйлгээнүүдэд ач холбогдол өгч анзаардаггүй юм” гэсэн мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 156-158 дахь тал),

43. Яллагдагч С.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би 2017 онд Дэлүүн сумын 12 дугаар багт буюу сумын төвд "Н” нэртэй эмнэлэг байгуулж тухайн оны 10 дугаар сард эмнэлгийн барилгыг улсын комисс ирж үзэж нээлтээ хийгээд явсан. Тэгээд эмнэлэг барьсан болохоор дотроо эмийн сантай байх шаардлагатай гэж үзэж эмийн сан байгуулах төсөл боловсруулж Эрүүл мэндийн газрын холбогдох албан тушаалтнуудад үзэж урьдчилсан байдлаар ер нь бол болж байна, одоо бусад тавигдах шаардлагуудаа хангаж дотор нь эмийн тавиур зэрэг эд зүйлсээ бэлдэж байгаарай эндээс комисс очиж үзэх болно гэсний дагуу би эмийн санд эмийн тавиур байрлуулж, хэдэн төрлийн хуурай эм тариа, дусал, анхан шатны өвчин хамдаах эм хэрэгслүүдийг худалдаж аваад эмийн сандаа байрлуулсан. Ингээд би бүх бэлтгэл ажлуудаа хангаж, мөн эмийн санд ажиллах боловсон хүчин олох хүртлээ нэлээн хугацаа алдаж байгаад бүх зүйл бэлэн болсны дараа аймгийн Эрүүл мэндийн газраас комисс дуудаж үзүүлэх гэсэн боловч Ковид-19 цар тахал гарч, бүх хөл хөдөлгөөн хаагдсан учраас комисс ирж үзээгүй, би өөрөө бас эрүүл мэндийн газрын мэс заслын эмчээр ажиллаж байсан учраас ид ачаалалтай үед хувийн эмнэлэгт, эмийн сангийн зөвшөөрөл авах ажил орхигдсон юм. Тэгээд ямар нэгэн эмнэлэг, эмийн сангийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл гараагүй учраас 2019 онд мэргэжлийн хяналтын байгууллагаас холбогдох хүмүүс ирж одоо энэ газрыг хааж, байгаа эмийг холбогдох журмын дагуу хүлээлгэн өгч устгуулах арга хэмжээ аваарай гэсэн чиглэл өгсөн. Улмаар би эмийн санд ашиглахаар худалдаж авсан тариаг Дэлүун сумын төвд үйл ажиллагаа явуулдаг эмийн сангуудад зарсан, үлдсэн цөөхөн хэдэн ширхэг хуурай эмийг сумын иргэдэд зарж, борлуулаад дуусгасан. Нэгэнт зээл авч эмнэлэг барьж, эмийн сандаа эм худалдаж авсан боловч үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон учраас алдагдалд орохгүйн тулд худалдаж, борлуулснаа хүлээн зөвшөөрч байна. Би эм, тариа худалдан борлуулсан тооцоо мөнгийг өөрийнхөө ....., эхнэр М.Н-гийн ......... дугаартай дансуудаар авдаг байсан. Энэ асуудалд манай эхнэр М.Н- ямар нэгэн холбоогүй, би анхнаасаа бүх зүйлээ өөрөө хариуцаж явсан, эмийг ч гэсэн өөрөө зарсан болно. Би нийт хэдэн ширхэг эм авсан талаараа мэдэхгүй байна. Тухайн үед би Баян-Өлгий аймгийн Өлгий суманд үйл ажиллагаа явуулдаг “Монос” эмийн сангаас нийлүүлсэн. Эм худалдан авч, хүлээлцсэн талаар ямар нэгэн баримт бичиг байхгүй...” гэсэн мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 160 дахь тал), 

44. Гэрч М.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би 2017 оноос хойш Монос Баян-Өлгий ХХК-д захирлаар ажиллаж байна. Б.Н ХХК-ний манайхаас худалдаж авсан эмийн дэлгэрэнгүй жагсаалтыг гаргах боломжгүй, энэ манай эмийн сангийн программын шинэчлэлттэй холбоотой байдаг учраас эмийн төрөл бүрээр нь жагсаасан дэлгэрэнгүй жагсаалт гаргаж өгөх боломжгүй байна. Манайхаас эм худалдан авалт хийхдээ С.Н-, М.Н- нар нь өөрсдөө авдаг байсан, ихэнхдээ утсаар холбогдож захиалга өгөөд бид нар Дэлүүн явах унаанд тавьж явуулдаг байсан. Дээрх дэлгэрэнгүй тайлан нь Б.Н ХХК нь манайхаас эм худалдан авалт хийсэн хураангуй баримтууд бөгөөд уг баримт дээр хэдэн төгрөгийн эмийг хэзээ худалдаж авсан талаар хураангуйлан тусгасан санхүүгийн баримтууд юм” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 145, 160 дахь тал),

45. Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 02/100 дугаартай “М овогтой Н нь тус сумын Эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байгаа нь үнэн болно” гэсэн тодорхойлолт (2 дахь хавтаст хэргийн 166 дахь тал),

46. Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Эрүүл мэндийн төвийн 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 52 дугаартай “С- овогтой Н нь тус сумын Эрүүл мэндийн төвд 2013 оноос хойш мэс заслын их эмчээр тасралтгүй 13 дахь жилдээ ажиллаж байна...” гэсэн тодорхойлолт (2 дугаар хавтаст хэргийн 167 дахь тал),

47. Иргэн С.Н-ын D........ дугаартай бакалаврын дипломын болон ҮМ15/203 дугаартай мэс заслын эмчийн үнэмлэхийн хуулбарууд (2 дахь хавтаст хэргийн 168-169 дэх тал),

48. Иргэн М.Н-гийн D.............. дугаартай бакалаврын дипломын болон ҮМ16/64 дугаартай дотрын эмчийн үнэмлэхийн хуулбарууд (2 дахь хавтаст хэргийн 170-172 дахь тал) зэрэг баримтуудаар шүүгдэгч С.Н-, М.Н- нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдсон байна.

 

  Эрх зүйн дүгнэлт:

49. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүхээс үнэллээ.

50. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заажээ.

51. 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдсөн Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлд үйлдвэрлэл, худалдаа эрхлэх, импортлох, экспортлох үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэхээр заасан бол 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөгдсөн Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт хүний эм, эмнэлгийн хэрэгслийг жижиглэнгийн үнээр хангах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тухайн аймгийн Эрүүл мэндийн газраас олгохоор хуульчилжээ.

52. Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.24 дэх заалтад "эмийн сан" гэж эрүүл мэндийн байгууллага, мал эмнэлэг, хүн амыг эм, эмнэлгийн хэрэгслээр жижиглэнгийн үнээр хангах үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийг” гэж зааж, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт тусгай зөвшөөрөлгүйгээр эм, эмнэлгийн хэрэгсэл худалдахыг хоригложээ.

53. Дээрх хууль, тогтоомжоос үзэхэд эмийн сан нь Эрүүл мэндийн газраас олгосон хүний эм, эмнэлгийн хэрэгслийг жижиглэнгийн үнээр хангах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хүрээнд эм, эмнэлгийн хэрэгслийг жижиглэнгийн үнээр худалдан борлуулах үйл ажиллагааг эрхлэхээр хуульчилжээ.

54. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эм, эмийн түүхий эд, биобэлдмэл үйлдвэрлэх, импортлох, худалдах, түгээх үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр явуулсан бол” гэж хууль бусаар эм, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэх, импортлох, худалдах, түгээх гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хуульчилжээ.

55. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч С.Н-, М.Н- нарын бүлэглэж 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сараас 14-ний өдрийн хоорондох хугацаанд Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Н” эмнэлэгт эм, эмийн түүхий эд, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгсэл худалдах үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүй явуулсан хэргийн нөхцөл байдал нь хууль бусаар эм, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгсэл худалдах гэмт хэргийн “эм, эмийн түүхий эд, биобэлдмэл худалдах үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлгүйгээр явуулсан бол” гэх шинжийг агуулсан гэж үзлээ.

56. Шүүгдэгч С.Н-, М.Н- нар нь дээрх гэмт хэргийг үйлдсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдсон, хэргийн нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон гэж дүгнэлээ.

57. Шүүгдэгчийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал, дээрх байдлаар эм, эмийн түүхий эд, биобэлдмэл худалдан борлуулсан тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

58. Иймд шүүгдэгч С.Н-, М.Н- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “эм, эмийн түүхий эд, биобэлдмэл худалдах үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр явуулж” хууль бусаар эм, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгсэл худалдах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар

59. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэж хуульчилсан.

60. Шүүгдэгч С.Н-, М.Н- нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас иргэн, хуулийн этгээдэд хохирол, хор уршиг учирсан гэж үзэх нөхцөл байдал хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй тул түүнийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ. байна.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар

61. Шүүгдэгч С.Н-, М.Н- нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмыг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй.

62. Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.

63. Улсын яллагчаас шүүх хуралдаанд “Шүүгдэгч нар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа байдал, мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлснээс хойш тухайн үйлдлээ таслан зогсоосон, гэмт хэрэг үргэлжилсэн хугацааг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын тус бүрд 6,400,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж байна. Уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг гаргаж байна” гэсэн агуулгатай дүгнэлтийг, шүүгдэгч нараас өөрийгөө өмгөөлж “...Шүүгдэгч нарын тус бүрд 5,400,000 төгрөгийн торгох ял оногдуулж уг торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож өгөхийг хүсэж байна” гэсэн дүгнэлтийг, шүүгдэгч С.Н-аас “Хөнгөрүүлж шийдвэрлэж өгөхийг хүсэж байна” гэх хүсэлтийг, шүүгдэгч М.Н-гээс “Торгох ял оногдуулж өгөхийг хүсэж байна” гэх хүсэлтийг тус тус гаргасан болно.

64. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч С.Н-, М.Н- нар нь урьд гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогджээ. (2 дахь хавтаст хэргийн 179-180 дахь тал)

65. Шүүгдэгч нарын үйлдлийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн гэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамааруулаагүй ба анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хувийн байдалд нь хамааруулан үзэж, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэлээ.

65. Шүүгдэгч С.Н-, М.Н- нарын анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, тэдний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохируулан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндсэн ялын төрлөөс торгох ялыг сонгож, 5500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, тэдний орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

68. Шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч С.Н-, М.Н- нарт сануулав.

69. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн эд, зүйлгүй, битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч С.Н-, М.Н- нар нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж байна. 

70. Шүүгдэгч С.Н-, М.Н- нар нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, тэдэнд авсан “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 

1. Шүүгдэгч Жантекей тайлах овогт С-ы Нурхуат, И.е овогт М-ын Н- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “эм, эмийн түүхий эд, биобэлдмэл худалдах үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр явуулж” хууль бусаар эм, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгсэл худалдах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н-, М.Н- нарын тус бүрийг 5,500 /таван мянган таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,500,000 /таван сая таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н-, М.Н- нарт оногдуулсан 5,500 /таван мянган таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,500,000 /таван сая таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч С.Н-, М.Н- нарт сануулсугай.

 

5. Шүүгдэгч С.Н-, М.Н- нар нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, тэдэнд авсан “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн эд, зүйлгүй, битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч С.Н-, М.Н- нар нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.  

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        А.ДАУРЕНБЕК