Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 181/ШШ2020/00712

 

 

 

 

 

 

 

 

2020 оны 03 сары 24 өдөр

181/ШШ2020/00712

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  Мөнх-Эрдэнэ/РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  Сайнбүрэн/РД: /,

 

Хариуцагч:  Сэргэлэнбат/РД: /,

 

Хариуцагч:  Тулга/РД: / нарт холбогдох

 

16 506 000 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, автомашиныг албадан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Адалбек, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч С.Мөнх-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Адалбек шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдөр С.Мөнх-Эрдэнэ миний бие Б.Сайнбүрэн, Ч.Сэргэлэнбат нарт 15,000,000 төгрөгийг 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл 2 сарын хугацаатай, нэг сарын 8 хувийн хүүтэй гэж тохиролцож зээлийн гэрээ байгуулан зээлдүүлсэн. Уг зээлийн гэрээнд Б.Сайнбүрэн болон түүний нөхөр болох Чулуундоржын Сэргэлэнбат хамтран зээлж байгаа гэж 2-лаа гарын үсгээ зурсан.

Би 15.000.000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулсан өдөр болох 2019 оны 07 дугаар сарын 30-нд ХААН банкны 5003989844 гэсэн данс руу шилжүүлсэн юм.

Б.Сайнбүрэн, Ч.Сэргэлэнбат нар 2019 оны 09-р сарын 25-ны өдөр Тоёота приус-20 маркийн дүү Балданхүүгийн Тулгын 2004 онд үйлдвэрлэгдсэн, 11-69 УНА улсын дугаартай автомашиныг мөнгөний барьцаа болгож түр барьцаанд үлдээлээ. Авсан мөнгийг төлж дуусгасны дараа уг автомашиныг буцааж авах болно гэж тодорхойлолт бичиж, гарын үсэг зуран автомашиныг барьцаанд үлдээсэн ба манай дүү Балданхүүгийн Тулга уг автомашиныг барьцаанд үлдээснийг мэдэж байгаа бид нийлж байгаад зээлээ төлөөд автомашиныг авна гэсэн юм.

Б.Сайнбүрэн, Ч.Сэргэлэнбат нар зээл авсанаас хойш 2 сарын хүү 2,400,000 төгрөг, үндсэн зээлээс 4,920,000 төгрөг, нийт 7,320,000 төгрөгийг төлсөн.

Одоо болтол зээлийн үлдэгдэл 10,080,000 төгрөгийг төлөөгүй байгаа учраас зээлийн гэрээний хугацаа дууссан 2019 оны 10-р capын 01-ний өдрөөс эхлэх зээлийн гэрээний 2.2-д заасны дагуу 62/нэг өдрийн 54,000/ хоногийн алданги 3,348,000 төгрөг тооцож, нийт 13,428,000 төгрөгийг Б.Сайнбүрэн, Ч.Сэргэлэнбат Б.Тулга нараас нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байна.

Иймээс үндсэн зээлийн үлдэгдэл 10,080,000 төгрөг, 62/нэг өдрийн 54,000/ хоногийн алданги 3,348,000 төгрөг, нийт 13,428,000 төгрөгийг Б.Сайнбүрэн, Ч.Сэргэлэнбат, Б.Тулга нараас гаргуулан нэхэмжлэгч С.Мөнх-Эрдэнэ надад олгож, намайг хохиролгүй болгож өгнө үү.

Б.Сайнбүрэн, Ч.Сэргэлэнбат нар зээл авсанаас хойш 2 сарын хүү болох 2,400,000 төгрөг, үндсэн зээлээс 4,920,000 төгрөг, нийт 7,320,000 төгрөгийг төлсөн. Одоо болтол зээлийн үлдэгдэл 10,080,000 төгрөгийг төлөөгүй байгаа учраас Зээлийн гэрээний хугацаа дууссан. Мөн нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэсэн.

Нэхэмжлэгч С.Мөнх-Эрдэнэ нь хариуцагч Б.Сайнбүрэн, Ч.Сэргэлэнбат Б.Тулга нараас 13,428,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Уг нэхэмжлэлийн шаардлагын доорхи байдлаар нэмэгдүүлж байна.

Нэхэмжпэгч С.Мөнх-Эрдэнэ хариуцагч болох Б.Сайнбүрэн, Ч.Сэргэлэнбат нар 10,080,000 төгрөгийг төлөөгүй байгаа учраас зээлийн гэрээний хугацаа дууссан 2019 оны 10-р cap 01-ний өдрөөс эхлэх зээлийн гэрээний 2.2-д заасны дагуу 62/нэг өдрийн 54,000/ хоногийн алданги 3,348,000 төгрөг тооцож, нийт 13,428,000 төгрөгийг нэхэмжилсэн юм.

Нэхэмжлэгч 2019 оны 12-р сарын 01-ний өдөр нэхэмжлэл гаргахад 62 хоногийн алданги 3,348,000 төгрөг гэж тооцож гаргасан бол одоо 2020 оны 01-р сарын 27-ны өдөр хүртэлх алдангийг зээлийн гэрээний 2.2-д заасны дагуу 57/нэг өдрийн 54,000/ хоногийн алданги 3,078,000 төгрөг болгон нэхэмжпэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг 57/нэг өдрийн 54,000/ хоногийн алданги 3,078,000 төгрөг болгон нэмэгдүүлж, нийт 16,506,000 төгрөгийг хариуцагч Б.Сайнбүрэн, Ч.Сэргэлэнбат Б.Тулга нараас нэхэмжлэгч С.Мөнх-Эрдэнэд гаргуулж өгнө үү.

Мөн Б.Тулгатай холбоотой нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, Б.Сайнбүрэн, Ч.Сэргэлэнбат нараас 16,506,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна. гэв.

 

Нэхэмжлэгч С.Мөнх-Эрдэнийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Адалбек шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч болох Б.Сайнбүрэн, Ч.Сэргэлэнбат нар нь 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Б.Тулгын автомашиныг түр барьцаанд үлдээлээ, авсан мөнгөө төлж дуусгасны дараа уг автомашиныг авах болно гэж тодорхойлолт бичиж, гарын үсгээ зурж барьцаанд үлдээсэн. Иймээс нэхэмжлэгч С.Мөнх-Эрдэнэ зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд тодорхой хугацаагаар Б.Тулгын автомашины эзэмших эрхийг олж авсан. 1169 УНА улсын дугаартай автомашиныг албадан гаргуулах сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөөч ээ гэсэн хүсэлтийг гаргасан байгаа. гэв.

 

Хариуцагч Б.Сайнбүрэн, Ч.Сэргэлэнбат нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Сарантуяагийн Мөнх-Эрдэнийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие 15 сая төгрөгийг иргэн С.Мөнх-Эрдэнээс 2019 оны 7 сарын сүүлээр зээлж авсан нь үнэн болно. Зээлийн гэрээний 1 хувийг надад өгнө гэж хэлээд өгөөгүй. Нотариатаар оруулна гэж хэлсэн боловч оруулаагүй.

Би тухайн үед сарын 8%-ийн хүүтэй зээл байна гэж бодоогүй. Түүнд би 7 810 000 төгрөг/долоон сая найман зуун арван мянган/ өгсөн. Одоо би түүнд 7 190 000 төгрөг өгнө. Миний хувьд эдийн засгийн хүнд байдалд байгаа билээ. 2019 оны 09 сарын 25-ны өдөр С.Мөнх-Эрдэнэ миний унаж явсан дүү Балданхүү овогтой Тулгын 11-69 УНА улсын дугаартай автомашиныг /авсан мөнгө болох/ үлдэгдэл 7 190 000 төгрөг/долоон сая нэг зуун ерэн мянган/ төгрөгийн барыдаанд авсан. Уг мөнгийг төлөөд машиныг буцаан авч өр төлбөр дуусахаар тохиролцоонд хүрсэн учир миний бие С.Мөнх-Эрдэнэд дүүгийнхээ машиныг дүү Балданхүүгийн Тулгаас асуулгүйгээр барьцаанд өгсөн.

Тухайн үед манай дүү АНУ-д сургалтанд байсан. Гэтэл С.Мөнх-Эрдэнэ тохиролцооноосоо буцаж 13 сая төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Би дүүдээ учир байдлаа хэлэхэд яагаад зөвшөөрөлгүй барьцаалдаг юм машин авчир гэж хэрэлдэж муудалцсан. гэжээ.

 

Хариуцагч Б.Тулга шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Балданхүү овогтой Тулга би АНУ-д суралцаж байх хугацаанд өөрийн нагац эгч болох Б.Сайнбүрэнд өөрийн 11-69 УНА улсын дугаартай Prius 20 маркийн автомашиныг 2019 оны 05 дугаар сард ажил, гэрийн хооронд түр унаж бай гэж үлдээсэн нь үнэн болно. 2019 оны 11 дүгээр сард монголд ирж нагац эгч Б.Сайнбүрэнгээс автомашинаа авах гэтэл иргэн С.Мөнх-Эрдэнийн зээлийн барьцаа болгон үлдээснийг мэдсэн.

Би Б.Сайнбүрэнд машинаа түр хугацаанд хэрэглэж бай гэж үлдээсэн болохоос зарж зарцуулах эрх, итгэмжлэл өгөөгүй. С.Мөнх-Эрдэнийн болон Б.Сайнбүрэн нар бусдын өмч хөрөнгийг зөвшөөрөлгүй зарж борлуулах итгэмжпэл байхгүй, хүний нэрэн дээр байгаа тээврийн хэрэгслийг өр зээлний барьцаа болгох нь хууль бус гэмт хэрэг гэж үзэж байна. Иргэн С.Мөнх-Эрдэнэд би удаа дараа тайлбарлаж, өөрийн учир шалтгаанаа хэлсэн боловч барьцаанд байгаа миний тээврийн хэрэгслийг буцаан олгоход эрс татгалзсан. Би Б.Сайнбүрэн, С.Мөнх-Эрдэнийн хооронд хийгдсэн өр зээл, гэрээ контрактад ямарч хамааралгүй хүн учир миний хувийн өмчийг буцаан олгож, Мөнх-Эрдэнэд хуулийн хариуцлага хүлээлгэн намайг хохиролгүй болгохыг хүсэж байна. гэжээ.

 

Хариуцагч Б.Тулга шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: 11-69 УНА улсын дугаартай Тоёота Приус маркийн автомашиныг албадан гаргуулах тухай. 2019 оны 6 сараас 2019 оны 11 сарын хооронд АНУ-д 6 cap байж байгаад Монголд улсад 11 сарын 23 өдөр ирэхэд миний өөрийн эзэмшлийн 11-69 УНА улсын дугаартай автомашиныг С.Мөнх-Эрдэнэ нь Б.Сайнбүрэнгээс 6-7 сая төгрөгийн өр ззэлний төлбөрт авсан байна. Би Б.Сайнбүрэнд автомашин түр унаж бай гэж өгсөн болохоос биш захиран зарцуулах, барьцаалах эрх өгөөгүй тул С.Мөнх-Эрдэнээс миний автомашиныг албадан гаргуулж өгнө үү.

С.Мөнх-Эрдэнээс ямарч мөнгө төгрөг аваагүй бөгөөд энэ хүнийг огт харж ч байгаагүй болно. Тус машиныг анх 2018 онд 8 000 000 төгрөгөөр худалдаж авсан болно. гэжээ.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч С.Мөнх-Эрдэнэ хариуцагч Б.Сайнбүрэн, Ч.Сэргэлэнбат, Б.Тулга нарт холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл 10 080 000/арван сая наян мянга/ төгрөгийг, алданги 6 426 000/зургаан сая дөрвөн зуун хорин зургаан мянга/ төгрөгийг, нийт 16 506 000/арван зургаан сая таван зуун зургаан мянга/ төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл, хариуцагч Б.Тулга нь нэхэмжлэгч С.Мөнх-Эрдэнэд холбогдуулан Тоёота приус загварын 11-69 УНА улсын дугаартай автомашиныг албадан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Б.Сайнбүрэн, Ч.Сэргэлэнбат нар нь нэхэмжлэгчид 7 190 000 төгрөг өгнө гэх тайлбар ирүүлсэн.

 

Хариуцагч Б.Тулга нь өр зээл, гэрээ, контрактад ямарч хамааралгүй гэх тайлбар ирүүлсэн.

 

Нэхэмжлэгч С.Мөнх-Эрдэнийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Адалбек нь автомашиныг авсан мөнгөнийхөө барьцаанд үлдээсэн гэж марагсан.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Мөнх-Эрдэнэ хариуцагч Б.Сайнбүрэн, Ч.Сэргэлэнбат, Б.Тулга нараас 16 506 000/арван зургаан сая таван зуун зургаан мянга/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснээс Б.Тулгад холбогдох шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 13 цаг 30 минутад товлон зарлагдсан шүүх хуралдааны товыг хариуцагч Б.Сайнбүрэнд 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдөр, түүний өмгөөлөгч С.Санжаажамцад 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдөр, хариуцагч Ч.Сэргэлэнбат, хариуцагч Б.Тулга нарт 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдөр утсаар мэдэгдсэн байх боловч хариуцагч нар болон өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Сайнбүрэн, түүний өмгөөлөгч С.Санжаажамц, хариуцагч Ч.Сэргэлэнбат, хариуцагч Б.Тулга нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч Б.Сайнбүрэн, Ч.Сэргэлэнбат нартай 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Зээлийн гэрээ байгуулсан болох нь Зээлийн гэрээгээр тогтоогдож байна.

 

Зээлийн гэрээний 2-ын 2.1, 2.2-т зааснаар нэхэмжлэгч нь 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хариуцагч нарт 15 000 000/арван таван сая/ төгрөгийг 2/хоёр/ сарын хугацаатай, сарын 8/найм/ хувийн хүүтэй шилжүүлэх үүрэг хүлээсэн болох нь Зээлийн гэрээгээр тогтоогдож байна.

 

Зээлийн гэрээний 2-ын 2.1-т зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч нарт 15 000 000/арван таван сая/ төгрөгийг шилжүүлсэн болох нь Зээлийн гэрээ болон Хаан банкин дахь 5065158761 дугаар Депозит дансны дэлгэрэнгүй хуулагаар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө .... шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан .... мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, 282 дугаар зүйлийн 282.3Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. гэж заасан.

 

Нэхэмжлэгч, хариуцагч Б.Сайнбүрэн, Ч.Сэргэлэнбат нар нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасан Зээлийн гэрээ/цаашид Гэрээ гэх/ байгуулсан байх ба Гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт нийцэж байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.

 

Хариуцагч Б.Сайнбүрэн, Ч.Сэргэлэнбат нар нь нэхэмжлэгчид зээлийн төлбөрт 7 320 000/долоон сая гурван зуун хорин мянга/ төгрөгийг төлсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Хаан банкин дахь 5003989844 дугаар болон 5751158251 дугаар Депозит дансны дэлгэрэнгүй хуулагаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь хариуцагч нар 2/хоёр/ сарын хүү 2 400 000/15000000х8%=1200000, 1200000+1200000=2400000/ /хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг, үндсэн зээлээс 4 920 000/дөрвөн сая есөн зуун хорин мянга/ төгрөгийг төлсөн гэх тайлбар гаргажээ.

 

Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол ... үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ. гэж заасан.

 

Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч нарын Гэрээний үүргийн гүйцэтгэлд төлсөн 7 320 000/долоон сая гурван зуун хорин мянга/ төгрөгийг үндсэн үүрэгт тооцох үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нараас үндсэн зээлийн төлбөрт 7 680 000/15000000-7320000=7680000/ /долоон сая зургаан зуун наян мянга/ төгрөгийг, зээлийн хүүнд 2 400 000/хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг, нийт 10 080 000/7680000+2400000=10080000/ /арван сая наян мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас алдангид 6 426 000/зургаан сая дөрвөн зуун хорин зургаан мянга/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Иргэний хуулийн 232.4-т ... Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй., 232 дугаар зүйлийн 232.6-д ... хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ. гэж заасан.

 

Гэрээний 2-ын 2.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч Б.Сайнбүрэн, Ч.Сэргэлэнбат нар нь алдангийг 0.5/тэг аравны тав/ хувь байхаар харилцан тохиролцсон болох нь Гэрээгээр тогтоогдож байна.

 

Гэрээний 2-ын 2.2-т зааснаар хариуцагч нар нь 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр зээлийг төлж барагдуулах үүргээ биелүүлээгүй болох нь Гэрээ, Хаан банкин дахь 5751158251 дугаар болон 5003989844 дугаар Депозит дансны дэлгэрэнгүй хуулагаар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Сайнбүрэн, Ч.Сэргэлэнбат нараас алдангид 3 840 000/7680000х0.5%=38400, 38400x119=4569600, 7680000:2=3840000/ /гурван сая найман зуун дөчин мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Сайнбүрэн, Ч.Сэргэлэнбат нараас нийт 13 920 000/16506000-2586000=13920000/ /арван гурван сая есөн зуун хорин мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдсэн 2 586 000/16506000-13920000=2586000/ /хоёр сая таван зуун наян зургаан мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Хариуцагч Б.Тулга нэхэмжлэгчид холбогдуулан Тоёота приус загварын 11-69 УНА улсын дугаартай автомашиныг албадан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч Б.Сайнбүрэн, Ч.Сэргэлэнбат нартай Гэрээ байгуулсан болох нь Гэрээ, Хаан банкин дахь 5065158761 дугаар, 5751158251 дугаар болон 5003989844 дугаар Депозит дансны дэлгэрэнгүй хуулагаар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1Иргэний эрх, үүргийг үүсгэх ... дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ., 156 дугаар зүйлийн 156.1Барьцааны гэрээг бичгээр байгуулна. гэж заасан.

 

Хариуцагч Б.Тулга нь нэхэмжлэгчтэй Гэрээ болон Барьцааны гэрээ байгуулах хүсэл зориг илэрхийлээгүй болох нь Гэрээ, Хаан банкин дахь 5065158761 дугаар, 5751158251 дугаар болон 5003989844 дугаар Депозит дансны дэлгэрэнгүй хуулагаар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Тулга нь нэхэмжлэгчтэй Гэрээ болон Барьцааны гэрээ байгуулаагүй байна.

 

Нэхэмжлэгч нь Тоёота приус загварын 11-69 УНА улсын дугаартай тээврийн хэрэгсэл түүний эзэмшилд байгаа талаар маргаагүй болно.

 

Тоёота приус загварын 11-69 УНА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь хариуцагч Б.Тулгын өмчлөлийн эд хөрөнгө болох нь 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн № 02010502 Тээврийн хэрэгслийн хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч Б.Тулга нь 11-69 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг нэхэмжлэгчийн эзэмшилд шилжүүлэх хүсэл зориг илэрхийлээгүй болох нь нэхэмжлэгчийн Б.Сайнбүрэн, Ч.Сэргэлэнбат нар түр барьцаанд үлдээлээ гэсэн гэх тайлбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй. гэж заасан.

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс Тоёота приус загварын 11-69 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг албадан гаргуулан хариуцагчид олгох үндэслэлтэй байна.

 

Шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Сайнбүрэн, Ч.Сэргэлэнбат нараас нийт 13 920 000/арван гурван сая есөн зуун хорин мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Мөнх-Эрдэнэд олгож, үлдсэн 2 586 000/хоёр сая таван зуун наян зургаан мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.Мөнх-Эрдэнээс Тоёота приус загварын 1169 УНА улсын дугаартай автомашиныг гаргуулан хариуцагч Б.Тулгад олгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.      Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Сайнбүрэн, Ч.Сэргэлэнбат нараас нийт 13 920 000/арван гурван сая есөн зуун хорин мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Мөнх-Эрдэнэд олгож, үлдсэн 2 586 000/хоёр сая таван зуун наян зургаан мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.      Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.Мөнх-Эрдэнээс Тоёота приус загварын 1169 УНА улсын дугаартай автомашиныг гаргуулан хариуцагч Б.Тулгад олгосугай.

 

3.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Мөнх-Эрдэнэ хариуцагч Б.Сайнбүрэн, Ч.Сэргэлэнбат, Б.Тулга нараас 16 506 000/арван зургаан сая таван зуун зургаан мянга/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснээс хариуцагч Б.Тулгад холбогдох шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

4.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 43 дугаар зүйлийн 43.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч С.Мөнх-Эрдэнийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 289 288 төгрөгөөс 240 480 төгрөгийг, хариуцагч Б.Тулгын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 142 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос нэхэмжлэгч С.Мөнх-Эрдэнийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 48 808 төгрөгийг, хариуцагч Б.Сайнбүрэн, Ч.Сэргэлэнбат нараас улсын тэмдэгтийн хураамжид 227 550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Мөнх-Эрдэнэд олгож, нэхэмжлэгч С.Мөнх-Эрдэнээс улсын тэмдэгтийн хураамжид 142 950 төгрөгийг гаргуулан хариуцагч Б.Тулгад олгосугай.

 

5.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ