2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 2025/ШЦТ/263

 

 

 

 

 

 

 

 

                                                                                                                     

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нарангэрэл,

           улсын яллагч Б.Ундрах,

шүүгдэгч **************** нарыг оролцуулан тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

            Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *************** холбогдох эрүүгийн 2408043211975 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, ****** оны ** дугаар сарын ***-ний өдөр Төв аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, “ХКҮ” ХХК-нд утлагат цехийн дамжлагын ажилтан ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн ******* дугаар хороо, ******* дүгээр гудамж ********* тоотод оршин суух,

 урьд нь Баянгол дүүргийн шүүхийн 2006 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 227 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-т заасныг баримтлан оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 1 жилээр тогтоосон,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2007 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 251 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1-т зааснаар 120 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ял шийтгүүлсэн,

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 1262 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т заасныг баримтлан оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 2 жилээр тогтоосон,

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 665 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлж, уг ялыг Нийслэлийн Баянгол, Сонгинохайрхан дүүргүүдийн нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар тогтоож шийдвэрлэсэн,  *********.************.***************),

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Шүүгдэгч *********** нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний “өөрийгөө өмгөөлөх” эрхийг хангасан болохыг тэмдэглэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав.

 

Шүүгдэгч ************* шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг өгөхгүй. Маргах зүйл байхгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа...”гэв.

 

Эрүүгийн 2408043211975 дугаартай хэргээс:

Улсын яллагч: насанд хүрээгүй хохирогч ********* мэдүүлэг (хавтаст хэргийн 6 дахь тал),Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн НЦУГ-24-2059 дугаартай “..нийт хохирол 875,000 төгрөг..” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 28-31 дэх тал), мөрдөн шалгах ажиллагааны явцад бэхжүүлж авсан Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны автобусны буудлын орчимд байх CU дэлгүүрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 19-20 дахь тал), шүүгдэгч ********* яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 54-55 дахь тал),  шүүгдэгчээс эд зүйлсийг түр хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд (хавтаст хэргийн 25, 34 дэх тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 37 дахь тал),  оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 38 дахь тал),  гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 39 дэх тал),  үл хөдлөх хөрөнгийн лавлагаа (хавтаст хэргийн 40 дэх тал), авто тээврийн хэрэгслийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 41 дэх тал), эрүүл мэндийн даатгалын лавлагаа (хавтаст хэргийн 42-44 дэх тал), нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй өрхийн гишүүний иргэний тодорхойлолт (хавтаст хэргийн 45 дахь тал), нийгмийн даатгалын  шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 46 дахь тал),  гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 02 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч нэмэлтээр “шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талууд гаргаагүйг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн 2408043211975 дугаартай хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн тогтоогдсон, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч, улсын яллагч түүний гэм бурууг нотлох, яллах байр суурьтай оролцсон болно.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч ********** нь 2024  оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 16  цагийн үед  Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах автобусны буудал дээр Ч-16  дугаартай баруун  салаа явах чиглэлийн автобусанд суух гэж байсан насанд хүрээгүй хохирогч ******** халааснаас iphone 12 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг хэрэгт шүүгдэгч ******** гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

 

            Энэ үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд насанд хүрээгүй хохирогч ******* өгсөн“..Би 2024 оны 10 дугаар сарын 27-ны 16 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны автобусны буудлаас найз ****** хамт Ч-16 дугаартай баруун салаа чиглэлийн автобусны урд хаалгаар ороод зүүн талын халаасанд хийсэн байсан iphone 12 маркийн гар утсаа авах гэсэн алга болсон байхаар нь автобусанд явж байхдаа цагдаагийн 102 дугаарын утас руу найзынхаа утсаар дуудлага мэдээлэл өгсөн. Тэгээд автобус бааз дээр камер шүүдэг гэхээр нь очсон хяналтын камер шүүх боломжгүй гэж хэлсэн тэгээд цагдаагийн байгууллага дээр ирж байна. Би 2024 оны 06 дугаар сард гар утсаа Тэди худалдааны төвөөс 960.000 төгрөгөөр авч байсан, цэнэглэгчийн доод хэсэг халцарсан, үзмэн ягаан өнгөтэй дэлгэц 6 оронтой кодтой гар утсандаа 90330429 дугаарыг ашиглаж байсан. ID кодтой утас болохоор хүн ашиглах боломжгүй, гар утсаа авсан үнээрээ үнэлж байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 6 дахь тал),

Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн НЦУГ-24-2059 дугаартай “..нийт хохирол 875,000 төгрөг..” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 28-31 дэх тал),

мөрдөн шалгах ажиллагааны явцад бэхжүүлж авсан Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны автобусны буудлын орчимд байх CU дэлгүүрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 19-20 дахь тал),

мөрдөн шалгах ажиллагааны шатанд ********** яллагдагчаар өгсөн “...би хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...ажлаасаа тараад ажлын дүү ********* хамт ажлын ойролцоо 0,5 гарамтай 1 шил архи хувааж уусан. Тэгээд бид 2 салж явсан, би харих гээд Зүүн салаа чиглэлийн автобусанд суугаад Баянхошууны тойрог дээр автобусны дунд хаалгаар буухад уг автобусны урд хаалгаар хүүхдүүд орж байхаар нь очоод автобусанд суух гэж байсан эмэгтэй хүүхдийн гадуур хувцасны зүүн халааснаас нь ягаан өнгийн кэйстэй гар утсыг нь хулгайлж аваад автобусны хойгуур гарч явсан. Гар утсыг би хадгалж байсан, хохирогчид бүрэн бүтнээр нь хүлээлгэж өгсөн. Одоо ажиллаж байгаа Мах импекс ХХК-д дамжлагын ажилтнаар одоог хүртэл тасралтгүй ажиллаж байна..” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 54-55 дахь тал),

шүүгдэгчээс эд зүйлсийг түр хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд (хавтаст хэргийн 25, 34 дэх тал), шүүгдэгч ********** шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл), гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 02 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон байна.

 

 Хулгайлах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн үеэс төгссөнд тооцдог.

 

Хохирогчид учирсан хохирол нь шүүгдэгч ******* бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан идэвхтэй үйлдлийн улмаас үүссэн шалтгаант холбоо тогтоогдсон, шүүгдэгч нь бусдын өмчлөх эрхэд  халдвал аливаа хохирол учрах боломжтой гэдгийг мэдэж, ухамсарласан атлаа хохирол, хор уршигт үйлдлээрээ зориуд хүргэсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдлээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.

 

 Шүүгдэгч нь согтуу байсан учраас үйлдлээ санахгүй байгаа талаар мэдүүлдэг боловч энэ нь түүний хууль бус үйлдлийг үгүйсгэхгүй бөгөөд шүүгдэгчээс хохирогчийн гар утсыг хураан авч цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн нь эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр тогтоогджээ.

 

  Шүүгдэгчийн хууль бус үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч ********* 875,000 төгрөгийн хохирол учирсан болох нь хавтаст хэрэгт авагдсан хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн Хөрөнгийн үнэлгээний тайлангаар  (хавтаст хэргийн 28-31 дэх тал) тогтоогдож байх тул гэмт хэргийн улмаас бага хэмжээнээс дээш хохирол учирсанд тооцох үндэслэлтэй.

 

  Хохирогчийн өөрийн өмч хөрөнгөө хадгалах, хамгаалах чадвар түр суларсан нөхцөл байдлыг далимдуулж эд зүйлийг нь нууцаар халааснаас нь авсан ********** үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, зүйлчлэл тохирсон гэж шүүх дүгнэлээ.

 

  Иймд шүүгдэгч ********* шунахай сэдлээр, шууд санаатай үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

            Эрүүгийн 2408043211975 дугаартай хэрэгт хохирогчоор тогтоогдсон насанд хүрээгүй хохирогч ******** нь iphone 12  загварын гар утсаа биет байдлаар хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 34 дэх тал), Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, түүнд нийцүүлэн гаргасан Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын дагуу насанд хүрээгүй хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл “нэгдүгээр” зэрэглэл тогтоогдсон боловч сэтгэцэд учирсан хор уршгийн зардал нэхэмжлэхээс татгалзсан (хавтаст хэргийн 82 дахь тал)  байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

  Хоёр.  Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий өнгийн 1.4 дүгээр зүйлд заасан “гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч *********** гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “...1 жил 7 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах...”, шүүгдэгч “...Баянгол дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрээс гарахгүй гэхээр ажиллах боломжгүй болох тул хувийн байдлыг минь харгалзан үзэж шийдвэрлэж өгнө үү...” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргав.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн хүнд нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих ялаас аль нэгийг сонгон оногдуулахаар хуульчилсан.

 

Шүүхээс шүүгдэгчид оногдуулах ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, ингэхдээ эрүүгийн хариуцлагын нийтлэг зорилгыг хангах, түүнчлэн гэмт үйлдлийн шинж чанар болон ял шийтгэлийн хэр хэмжээ хоорондын харьцаагаар зүй зохистой нийцсэн байх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзсэн. 

 

Шүүгдэгч ********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хохирол төлбөрийг  биет байдлаар буцаан өгч хохиролгүй болгосон байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

 Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа ухамсарлан гэмшиж байгаа, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх дээрх нөхцөл байдал, хувийн байдал (эхнэр ажилгүй, бага насны 3 хүүхэдтэй) зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) жил 5 (тав) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, оршин суух Баянгол дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрээс  явахыг хориглож, Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “*********” ХХК-д ажилладаг нөхцөл байдлыг харгалзан Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт тогтоосон чиглэлээр зорчих хязгаарлалт тогтоох  нь  зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч ************* Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 665 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял бүрэн биелэгдэж  шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон (хавтаст хэргийн 89 дэх тал),байх тул  энэ тогтоолоор нэмж нэгтгэх ялгүй болно.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн 2408043211975 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                         

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  ********** 1 (нэг) жил 5 (тав) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял  шийтгэсүгэй.

 

   3.Шүүгдэгч ************ оршин суух Баянгол дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрээс  явахыг хориглож, Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “********” ХХК-д ажилладаг нөхцөл байдлыг харгалзан Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт тогтоосон чиглэлээр зорчих хязгаарлалт тогтоож, түүний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

  4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ********* мэдэгдсүгэй.

 

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй,  энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

6. Шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ************ авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.        

 

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Г.ЭНХЦЭЦЭГ