Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 133/ШШ2020/00578

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

нэхэмжлэгч- М.Д-н нэхэмжлэлтэй,

хариуцагч- Б.Б-т холбогдох,

эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Д, хариуцагч Б.Бөхчөдөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2018 онд оюутан байхдаа Б.Б-тэй танилцаж үерхэж байгаад хүүхэдтэй болсон. 2019 оны 03 сарын 24-нд бидний хүү Ц төрсөн. Бид хамтран амьдрах хугацаандаа гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй байсан учраас хүүхдээ би өөрийн нэрээр овоглосон. Хүүхэд төрснөөс хойш эргэж тойроогүй өөр хүнтэй болсон байсан. Цаашид энэ хүнтэй хамь амьдрах боломжгүй болсон тул хүү Цэгмидийн эцэг мөн болохыг тогтоож, хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Би энэ хүнтэй үерхэж эхлээгүй байхдаа хүүхэдтэй болоод 2018 оны 12 дугаар сард салсан гэв.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 06 дугаар сард танилцаад 07 дугаар сард жирэмсэн болсон байсан. Тэрүүхэн зуураа өөрийнхөө хүүхэд биш гэж бодож, бидний салах шалтгаан ийм зүйлээс болж салсан. Шинжилгээгээр миний хүүхэд мөн болох нь тогтоогдсон учраас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна гэв.

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Д нь хариуцагч Б.Б-т холбогдуулан эцэг мөн болохыг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ /хх-1/.

Нэхэмжлэгч М.Д, хариуцагч Б.Б нар 2018 онд танилцан, үерхэж, тэдний дундаас хүү Ц төрсөн болох нь зохигчийн тайлбар....... дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар /хх-7/, эрүүл өсөн бойжиж байгаа болох нь үнэн гэх Марал-Алтай өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт /хх-6/ зэргээр тогтоогдож байна.

Зохигчид өөр хоорондын зан харилцааны таарамжгүй байдал, үл ойлголцол зэргээс шалтгаалан тусдаа амьдарсан байх бөгөөд хариуцагчийн хүсэлтээр томилогдсон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 3599 тоот дүгнэлтээр Б.Б нь Д.Ц-н биологийн эцэг байх боломжтой, магадлалыг тооцоолж үзэхэд 99,99 хувийн магадлалтай гэж гарсан /хх-25-26/ байна.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д зааснаар хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх үүрэг үүсэх, 21.5-д зааснаар гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээх бөгөөд мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх нь эцэг, эхийн үүрэг бөгөөд хуулийн 25 дугаар зүйлийн 25.3-т хүүхдийн ашиг сонирхлыг хамгаалах үүргийг эцэг, эх хүлээхээр заасан.

Шинжээчийн дүгнэлтээр хүү Ц-н эцэг хариуцагч Б.Б мөн болох нь тогтоогдсон, Ц хүүхэд нэг ой таван сартай байх бөгөөд зохигчийг тусдаа амьдарсан хугацаанд эхийн асрамжид байсан үйл баримтад талууд маргаагүй тул Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг, эх нь насанд хүрээгүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 174.240 төгрөгөөс нэхэмжлэлийн шаардлага эцэг мөн болохыг тогтоолгох шаардлагад ногдох 70.200 төгрөг, тэтгэлэг тогтоолгох шаарлагад ногдох 32.010 төгрөг, нийт 102.210 төгрөгийг улсын орлогод үлдээж, илүү төлсөн 72.030 төгрөгийг улсын төвсөөс, хариуцагчаас нэхэмжлэлийн хангагдсан шаардлагад ногдох 102.210 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасныг баримтлан Ц-н эцэг нь Б.Б мөн болохыг тогтоосугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан Д.Ц-г 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээний 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Б.Б-с тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдүүдийн хэрэгцээнд захиран зарцуулахыг эх М.Д-д даалгасугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгч нь нэмэлт тэтгэлэг гаргуулах, гарсан зардлыг хариуцуулахаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 174.240 төгрөгний 102.210 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д заасныг баримтлан илүү төлсөн 72.030 /далан хоёр мянга гучин/ төгрөгийг төрийн сангийн данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч М.Д-д,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасныг баримтлан хариуцагч Б.Б-с нэхэмжлэлийн хангагдсан шаарлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжид 102.210 /нэг зуун хоёр мянга хоёр зуун арван/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Д-д тус тус олгосугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ЯНЖИНДУЛАМ