2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 2025/ШЦТ/127

 

  

                                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн,

улсын яллагч А.Намдаг,

шүүгдэгч *********** нарыг оролцуулан тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *********** холбогдох эрүүгийн 2408 03465 1760 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ****** оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Баянхонгор аймгийн ********** суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, ******” ХХК-нд операторчин ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ********* сум ******* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, *************** (**********);

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ************ нь 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*********” зочид буудлын 506 тоот өрөөнд иргэн *********** хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, ********* нэмж архи уух гэлээ хэмээн маргалдан нүүр хэсэгт нь гараараа, гар, хөл рүү нь гутлаар цохиж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Шүүгдэгч *********** нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний “өөрийгөө өмгөөлөх” эрхийг хангасан болохыг тэмдэглэв.

 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

шүүгдэгч ************ шүүхийн хэлэлцүүлэгт “...шөнө архинд гарах гэхээр нь би гутлаар нь цохичихсон. Хохирогчид учруулсан гэмтлийг би учруулсан. Хохирогчид хохирлын мөнгийг төлсөөр ирсэн. Байнга мөнгө авдаг. Дахин ийм үйлдэл гаргахгүй...” гэв.

 

Эрүүгийн 2408 03465 1760 дугаартай хэргээс:

Улсын яллагчаас хохирогч ********** мэдүүлэг (хавтаст хэргийн 8-9 дэх тал), гэрч ******* мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20 дахь тал), Шүүх, шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 11671 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 30-31 дэх тал), шүүгдэгч ********** гэрчээр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26 дахь тал), гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 04 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг  шалгах хуудас (хавтаст хэргийн 75 дахь тал), “...2 хоногийн өмнө хуучин найз залуудаа энэ буудал дотор зодуулсан гэх” дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 05 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

 

Шүүгдэгч нь “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талууд гаргаагүйг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн 22408034651760 дугаартай хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн тогтоогдсон, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч, улсын яллагч шүүгдэгчийн гэм бурууг нотлох, яллах байр суурьтай оролцсон болно.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:

 

шүүгдэгч ********* 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллаагаа явуулах “**********” зочид буудлын 506 тоот өрөөнд иргэн *********** “ ...найзаас архи нэхлээ...” гэх шалтгаанаар маргалдан нүүр хэсэгт нь гараараа, гар, хөл рүү нь гутлаар цохиж, эрүүл мэндэд нь баруун хацар, шанаа, хоёр нүдний дээд зовхи, хоёр бугалга, зүүн гуя, ташаа, өвдөг шилбэ, баруун гуя, өвдөгт цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож, уг хэрэгт шүүгдэгч *********** гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

 

            Энэ үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч ************** өгсөн“...Бид хоёр тухайн буудалд хоёр ширхэг 2.4 литрийн пиво хувааж ууцгаагаад би нэлээдгүй согтоод унтсан байсан. Тэгээд сэрээд хартал ******** архи уугаад сууж байсан бөгөөд нэг эрэгтэй найз нь ирсэн байсан. Тэгэхээр нь би ********* хандаж дахиад нэмж юм авах юм уу би мөнгийг нь өгөх үү гэж хэлтэл ********** гэнэт л миний утсыг аваад миний хацар луу хоёр удаа алгадсан. Тухайн үед найз нь харж байсан бөгөөд би нэрийг нь мэдэхгүй. Тэгээд удалгүй найз нь гараад явчихсан бөгөөд *********** манай найзын хажууд юу яриад байгаа юм, би мөнгөгүй гуйлгачин шиг байна уу гэж хэлээд миний өмсөж байсан хар түрийтэй гутлаар миний хөл гар нүүр хэсэг рүү минь цохиж зодсон. Тэгээд зодож байгаад бид хоёр эвлэрээд унтаад өгсөн. Тухайн үед 2024 оны 08 дугаар сарын 31-ний шөнө 04-05 цаг орчим болж байсан. Тэгээд маргааш нь би сэрээд дахиад зодуулж магадгүй гээд ********** салаад явчихсан. Миний нүд нүүр, бие хөхөрч хавдсан бөгөөд, одоо арай гайгүй болчхоод байна. Эдгээр гэмтлийг ************ нь миний нүүр гар хөл хэсэг рүү миний хар гутлаар цохиход учирсан. Миний биед *********** өөр халдаж зодож цохисон хүн байхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 8 -9 дэх тал),

            Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч *********** өгсөн “...2024 оны 08 сарын 30-ны шөнө 22 цаг өнгөрч байхад манай найз болох ******** над руу залгаад би Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд байрлах “Сэнтий” зочид буудалд байна чамтай ярих юм байна хүрээд ирээч гэхээр нь би Сэнтий зочид буудлын 5 давхрын өрөөнд нь яваад очтол ******* 1 эмэгтэй хүнтэй байсан нөгөө цуг байсан эмэгтэй нь нэлээн согтуу байсан тэгээд ********** бид 2 юм яриад сууж байхад нөгөө эмэгтэй нь намайг архи авч өг гэсэн чинь ********* чи миний найзаас архи нэхдэг хэн бэ? Гээд баруун гараараа нүүр хэсэгт нь 2 удаа алгадаад ор нь дээр хэвтүүлчихсэн чинь унтаад өгсөн намайг гартал сэрээгүй би удаагүй тэгээд яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20 дахь тал),

Шүүх, шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 11671 дугаартай ********* биед баруун хацар, шанаа, хоёр нүдний дээд зовхи, хоёр бугалга, зүүн гуя, ташаа, өвдөг шилбэ, баруун гуя, өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих дарах, шахах механизмаар үүснэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна...” гэсэн шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 31 дэх тал),

мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр ********** өгсөн “...*********танай найз ирлээ  дахиж архи авъя  би мөнгийг нь  өгье гээд унтахгүй  гар утсаа шидээд байхаар нь би баруун гараараа 2 удаа нүүр хэсэгт нь алгадчихсан. Өмсөж явсан хар түрийтэй гутлаар нь 3 удаа хөл  гуя  хэсэгт нь цохисон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26 дахь тал),

гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 04 дэх тал), “...2 хоногийн өмнө хуучин найз залуудаа энэ буудал дотор зодуулсан гэх...” дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 05 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргүүд нь материаллаг бүрэлдэхүүнтэй буюу гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг бодитой учирсан байхыг шаардана. Тодруулбал энэ төрлийн гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив талын заавал байх, зайлшгүй тогтоох шинж нь шалтгаант холбоо юм.

 

Хохирогч ******** эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгч ********** түүний нүүр хэсэг рүү нь гараараа цохиж, гар хөл рүү нь гутлаараа цохисон идэвхтэй үйлдлийн улмаас үүсгэгдсэн шалтгаант холбоо тогтоогдсон, шүүгдэгч нь бусдын бие мах бодид халдвал аливаа хохирол учрах боломжтой гэдгийг мэдэж, ухамсарласан атлаа хохирол, хор уршигт үйлдлээрээ зориуд хүргэсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдлээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.

Шүүгдэгч ********* дээрх хууль бус үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэл бүхий, түүний гэм буруутай үйлдэлд тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч ********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн 22408034651760 дугаартай хэрэгт хохирогчоор тогтоогдсон ********* эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь эмчилгээний зардлын баримт шүүхэд ирүүлээгүй.

 

Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, түүнд нийцүүлэн гаргасан Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын дагуу “хоёрдугаар” зэрэглэл тогтоосныг хохирогч ********* зөвшөөрсөн баримтыг (хавтаст хэргийн 41 дэх тал) хэрэгт хавсаргасан  бөгөөд шүүгдэгч нь хохирлын мөнгө надаас авсан, байнга мөнгө  авдаг, 20,000,000 төгрөг авсан  гэж тайлбарлах боловч төлсөн байдлаа баримтаар нотлоогүй тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зардалд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 3,300,000 төгрөгийг шүүгдэгч ********* гаргуулж, хохирогч *********** олгохоор шийдвэрлэв.

 

Хохирогч нь шүүх хуралдаан биечлэн  оролцоогүй, энэ гэмт хэргийн улмаас цаашид гарах хохирол, хор уршгийн зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.

 

Хоёр.  Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий өнгийн 1.4 дүгээр зүйлд заасан “гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч ********* гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Улсын яллагчаас “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******** 550  нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 550,000 төгрөгөөр торгох ял оногдуулах...” санал, дүгнэлтийг гаргав.

 

Шүүхээс шүүгдэгчид оногдуулах ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, ингэхдээ эрүүгийн хариуцлагын нийтлэг зорилгыг хангах, түүнчлэн гэмт үйлдлийн шинж чанар болон ял шийтгэлийн хэр хэмжээ хоорондын харьцаагаар зүй зохистой нийцсэн байх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзсэн. 

 

Шүүгдэгч ********* эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550  нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 550,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                                                                    

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********  550 (таван зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 550,000 (таван зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********** оногдуулсан 550 (таван зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 (таван зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********* нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

   5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ******** хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зардалд 3,300,000 (гурван сая гурван зуун мянга) төгрөг гаргуулж, хохирогч *******  олгосугай.

 

6.Хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

8. Шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч **********  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.        

 

 

 

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Г.ЭНХЦЭЦЭГ