Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 57

 

                                    

 

 

 

 

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Алдар даргалж, шүүгч Ү.Түмэнжаргал, З.Болдбаатар нарын бүрэлдэхүүнтэй

 

Нарийн бичгийн дарга: Б.Батбаяр,

Улсын яллагч: Ц.Сүхбат,

Иргэдийн төлөөлөгч: А.Ариунаа,

Хохирогч: Э.Мөнх-Эрдэнэ,

            Шүүгдэгч: Э.Жаргалмаа, түүний өмгөөлөгч М.Мөнхжаргал, О.Мөнхболд нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

                                                           

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150дугаар зүйлийн 150.3 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Зургаадай овогт Эрдэнэсүрэнгийн Жаргалмаад холбогдох эрүүгийн 201625022478 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эмэгтэй, дээд боловсролтой, банкны менежмент мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Хасбанкны Сүхбаатар дүүрэг дэх 8 дугаар тооцооны төвд төлбөр тооцооны ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3,нөхөр, хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 07 дугаар хороолол, Ногоон нуур гудамжны 511 дүгээр байрны 63 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ОС90010108, Зургаадай овогт Эрдэнэсүрэнгийн Жаргалмаа.

 

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч Э.Жаргалмаа нь Хас банкны Сүхбаатар салбарт төлбөр тооцооны ахлах мэргэжилтнээр ажиллаж байхдаа буюу 2015 оны 10 дугаар сараас 2015 оны 12 дугаар сар хүртлэх хугацаанд өөрийн итгэмжлэн хариуцсан бэлэн мөнгөний кассын зузаатгалын мөнгөнөөс 36.000.000 /гучин зургаан сая/төгрөгийг завшиж, Хас банкинд их хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Э.Жаргалмаа мэдүүлэхдээ: Миний төрсөн дүү Батням зам тээврийн осол гаргаж хохирлын мөнгө төлөх зайлшгүй хэрэгцээ гарч би 2015 оны 11 дүгээр сарын 20-нд Хас банкны кассны мөнгөнөөс 8 сая төгрөг хувьдаа авч өгсөн. Тэгээд уг 8 сая төгрөгийг нөхөж хийж чадаагүй. 2015 оны 12 дугаар сарын 06-ны үед Хас банкны төвөөс Сүхбаатар салбарт мөнгө зузаатгаж аваад теллерүүдэд хувааж өгөөд үлдсэн мөнгөө цүнхэндээ хийхэд миний авсан 8 сая төгрөгнөөс бусад мөнгөнүүд байсан. Тэгээд 2015 оны 12 дугаар сарын 20 гаргаад теллерүүдтэйгээ тооллого хийгээд цүнхтэй мөнгөө үзэхэд 28 сая төгрөг байхгүй байсан. Тухайн үед би өөрөө 8 сая төгрөг авчихсан байсан болохоор 28 сая төгрөгийн талаар захиралдаа хэлж шалгуулж чадаагүй.Камер шүүж амжаагүй ч гэсэн камер шүүгээд уг 28 сая төгрөг олдоно гэж бодоод байгууллагын дансанд авлага үүсгэсэн. Би 2015 оны 12 дугаар сарын эхнээс 2015 оны 12 дугаар сарын 20-д хүртэл суудал дээрээ тогтож суулгүй ажил хүлээлцэх ажилтай байсан. Энэ үед ажилтан Мөнхнаран намайг түр орлож суудаг байсан. Ер нь би суудал дээрээ сууж хянаагүй болохоор уг 28 сая төгрөгийг хэдний өдөр алга болсон гэдгийг мэдэхгүй байсан учраас 2015 оны 12 дугаар сарын эхнээс бүх камерыг шалгах болсон. Ингээд түр хугацаанд 28 сая төгрөгийг харагдуулахгүйн тулд авлага үүсгэсэн. Энэ хэрэгтээ маш их гэмшиж байна гэв. 

 

Шүүх хуралдаанд хохирогч Э.Мөнх-Эрдэнэ мэдүүлэхдээ: 2016 оны 01 дүгээр сард зөрчил илэрсэн. Шүүгдэгч Э.Жаргалмаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээ 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр дуусгавар болсон. Энэ хугацаанд тухайлсан аудитын шалгалт ороогүй байсан. Харин санхүүгээс 2 хүн очиж зөрчлийг илрүүлсэн. Тэгээд 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр цагдаагийн байгууллагад хандсан. Хяналтын камер бичлэг бүрэн хийгээд хадгалж байгаагүй учраас зөрчлийг үзэх боломжгүй байсан. Энэ талаар санхүүгийн тайлбар байгаа. Шүүгдэгч Э.Жаргалмаа өөрөө Сүхбаатар салбарын үндсэн кассын мөнгөн хөрөнгийг хариуцдаг байсан. Иймд Хас банкинд учирсан 36 сая төгрөгийн хохирлыг төлүүлэх хүсэлтэй байна гэв.

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Э.Мөнх-Эрдэнэ /хх-ийн 20/, гэрч Д.Мухамедхалиг /хх-ийн 24/, гэрч Д.Оюун /хх-ийн 162/, гэрч Б.Оюунтуяа /хх-ийн 163/, гэрч Э.Мөнхнаран /хх-ийн 164/, гэрч Э.Батням /хх-ийн 166/, гэрч А.Самбуу /1хх-ийн 167/, гэрч О.Тунгалаг /хх-ийн 168/, гэрч Г.Золзаяа /хх-ийн 171/, гэрч Б.Даваацэрэн /хх-ийн 192/, гэрч Ц.Энхдэлгэр /хх-ийн 194/, гэрч Ж.Хаш-Эрдэнэ /хх-ийн 194/, сэжигтэн Э.Жаргалмаа /хх-ийн 31/, Хас банкны Сүхбаатар салбарын төлбөр тооцооны ахлах мэргэжилтэн албан тушаалын эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ /хх-ийн 77-79/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 152 /хх-ийн 122-124/, 244 дугаартай дүгнэлтүүд /хх-ийн 5-9/, Э.Жаргалмаагийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 71/ зэрэг болно.

 

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э.Жаргалмаа нь Хас банкны Сүхбаатар салбарт төлбөр тооцооны ахлах мэргэжилтнээр ажиллаж байхдаа буюу 2015 оны 10 дугаар сараас 2015 оны 12 дугаар сар хүртлэх хугацаанд өөрийн итгэмжлэн хариуцсан бэлэн мөнгөний кассын зузаатгалын мөнгөнөөс 36.000.000 /гучин зургаан сая/ төгрөгийг завшиж, үрэгдүүлэн Хас банкинд их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

Хохирогч Э.Мөнх-Эрдэнэ мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “…Манай Хас банкинд ажилладаг байсан Жаргалмаа гэх ажилтан нь манай байгууллагад төлбөр тооцооны ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан. ...Ингээд Сүхбаатар салбар дээр 36.000.000 төгрөгийн дутагдал илэрсэн талаар захирал Д.Мухамедхалий мэдээд бүртгэлийн бодлого хяналтын газарт хандаад 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр шалгалт хийхэд авлагын данснаас зарлагдсан гүйлгээтэй холбоотойгоор 36.000.000 төгрөгийн дутагдал илэрсэн. Тэгээд төлбөр тооцооны ахлах мэргэжилтэн бол байгууллагын кассыг хариуцаж ажилладаг албан тушаалтан ба тухайн үед Жаргалмаатай уулзахад миний бие 2015 оны 10 дугаар сарын 20-ноос хойш үндсэн кассан дахь мөнгөнөөс бага багаар ашигладаг байсан ба сарын сүүлд нөхөж хийдэг байсан. Ингээд 8.000.000 төгрөг хэрэглэсэн гэж хэлсэн ба үлдсэн 28.000.000 төгрөгийг мэдэхгүй гээд хүлээн зөвшөөрдөггүй. Жаргалмаа нь төлбөр тооцооны ахлах мэргэжилтэн ажилтай ба банкны гүйлгээнд хяналт тавьж үндсэн кассаа хамтарч хариуцан ажилладаг. Өглөө, оройдоо тус салбарын үндсэн кассанд хадгалагдаж байгаа мөнгийг бүгдийг тоолж хариуцаж ажилладаг ажилтан юм. Сэргээн засалтын үндэсний төв гэх байгууллагын нэр дээр цалин тавьж олгодогданс байгаа ба тухайн дансан дээр авлага үүсгээд зарлага гаргаж байгаагаар байгууллагын мөнгөнөөс авдаг байсан.../хх-ийн 20/,

 

           Гэрч Д.Мухамедхали мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Жаргалмаа нь манай салбарт төлбөр тооцооны ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан... Жаргалмаа нь жирэмсний амралт авсан байсан ба түүний ажлын байранд Тунгалаг гэх эдийн засагч ажиллаж байсан. Тэгээд Тунгалаг нь намайг дуудаж Сэргээн засах хөгжлийн төв дээр 36.000.000 төгрөгийн авлага хаагдахгүй байгаад байна гэж хэлсэн. Тэгээд хэзээ үүссэн талаар асуутал 01 дүгээр сарын 08-ны өдөр үүссэн байсан гэхээр нь би Жаргалмаагаас тодруулж  асуу гэж хэлэхэд 2-3 удаа асуухад өнөө, маргаашгүй хаагдана гэж хэлж байсан ба хаагдахгүй болохоор нь надад Тунгалаг хэлсэн. Тухайн авлагын гүйлгээний утга дээр нь зарлага гэх утга бичсэн байсан ба авлагын данс дээр зарлага гэж бичсэн байсан. Тэгэхээр нь бид нар төвдөө мэдэгдэж ийм сэжигтэй гүйлгээ байна гэж хэлсний дагуу төвөөс холбогдох эрх бүхий хүмүүс ирж шалгасан. Тухайн үед би Жаргалмааг дуудаж уулзаад энэ ямар учиртай 36.000.000 төгрөг дутагдсан юм бэ гэж асуухад Жаргалмаа нь надад манай кассаас мөнгө дутчихсан хэзээ яаж дутсаныг нь би мэдэхгүй болохоор нь зарлага дээр бүртгэсэн гэж хэлж байсан. Жаргалмаа нь манай төлбөр тооцооны ахлах мэргэжилтэн ажилтай ба бэлэн мөнгө болон үндсэн касстай холбоотой бүх мөнгийг хариуцдаг. Мөн тухайн өдөр теллерээр орж гарч байгаа бүх мөнгөн дээр анхаарал хандуулан хариуцдаг. Мөн нягтлан бодох бүх гүйлгээнүүдэд хяналт тавьж ажилладаг...”/хх-ийн 24/,

           Гэрч Д.Оюун мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...авлагын дансаар 01 дүгээр сарын 06-ны өдөр бэлэн зарлагынгүйлгээ хийгдсэн байсан. Ингээд энэ дансыг тулаад шалгахаар 01 дүгээр сарын 08-ны өглөө захирлууд ажил хүлээлцэх үед тэр дансанд өглөө эрт орлогын гүйлгээ хийсэн. Тухайн үед авлага үлдэгдэлгүй харуулах үүднээс 5000701641 дугаарын дансанд 36 сая төгрөгийн орлого гүйлгээ хийсэн байсан. Ингээд захирлууд ажил хүлээлцсэний дараагаар өдөр нь буцаагаад уг данснаас зарлагын гүйлгээ хийсэн байсан... Энэ нь тус салбар дээр 01 дүгээр сарын 28-ны өдөр тооллого хийхэд зөрүүгүй таарсан. Яагаад зөрүүгүй тохирсон бэ гэхээр дутагдуулсан мөнгөө авлага үүсгээд бүртгэсэн учраас ямар нэгэн зөрүү гараагүй тохирч байгаа юм...”/хх-ийн 162/,

 

           Гэрч Б.Оюунтуяа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Энэ гүйлгээ нь ерөнхийдөө кассаас 36 сая төгрөг дутагдсан.Энэ үйлдлээ нуун дарагдуулахын тулд 01 дүгээр сарын 06-ны өдөр 5000701641 дугаарын данснаас бэлнээр зарлагын гүйлгээ гаргаад кассаа тааруулсан байгаа. Тэгээд энэ 5000701641 дугаартай данс нь байгууллагын нэрдээр үүсгэсэн авлагын данс байгаа юм. Тэгээд 01 дүгээр сарын 08-ны өдөр М.Энэрэл захирал нь ажлаа Мухамедхали захиралд хүлээлгэж өгсөн. Тэр үед заавал ямар газруудаас авлагатай бэ гэдгээ дэлгэрэнгүй жагсаалт гаргаж байгаад захирлууд хоорондоо хүлээлцдэг. Тиймээс энэ өдөр өглөө 08 цаг 56 минутад хийсэн гүйлгээ нь5000701641 дугаартай авлагын дансыг авлагагүй мэтээр харагдуулж гүйлгээ хийсэн байгаа. Энэ гүйлгээг хийхдээ бэлэн касстай харьцуулж хийсэн. Ингээд захирлуудыг ажил хүлээлцэж дууссаны дараагаар дахин тус данснаас бэлэн зарлагын гаргасан байгаа. Ингээд дутагдлаа дарчихсан. Энэ асуудал нь явсаар байгаад 01 дүгээр сарын 28-ны өдөр Мухамедхали захирал мэдээд шалгалт хийсэн...”/хх-ийн163/,

 

           Гэрч Э.Мөнхнаран мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Би энэ талаар 2016 оны 01 дүгээр сарын 21-ний үеэр мэдсэн. Тухайн үед би сэргээн засах хөгжлийн үндэсний төвийн ажилчдын цалинг тавихад мэдсэн. Тухайн үед авлагын данснаас банкны мөнгөөр цалинг шилжүүлэх гэж байхад тус авлагын данс нь хасах үлдэгдэлтэй байсан. Тэгээд би дансны хуулгыг тэр сараар нь татаж үзээд мөнгө дутсаныг мэдсэн... Жаргалмаагаас энэ талаар асуухад удахгүй ороод ирнэ, 2,3 хоногоос орж ирэх мөнгө юм гэж Жаргалмаа хэлсэн. Тухайн үед би кассыг нь шалгасан. Ямар нэгэн баримт олдоогүй санагдаж байна. Тухайн үед Энхдэлгэр гэх теллерийн эрхээр уг мөнгийг бэлнээр гаргасан байсан... надад мөнгөний хэрэгцээ гарсан талаар хэлж байсан ба 40.000.000 төгрөг хаанаас олох вэ гэж хэлж байсан. Тухайн үед би иймих мөнгөөр яах гэж байгаа юм бэ? гэж асуухад манай нөхөр гадаадаас тоног төхөөрөмж оруулж ирэх гэж байгаа гэж хэлж байсан...”/1хх-ийн 164/,

 

           Гэрч Э.Батням мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Би 2015 оны 10 дугаар сард согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон Баянзүрх дүүрэгт автомашины осол гаргасан. Ингээд тус машины хохирлыг барагдуулах шаардлагатай болоод эгч Жаргалмаагаас 8.000.000 төгрөгийг авсан... Тухайн үед хүнээс мөнгө зээлж авч өглөө л гэж хэлсэн...”/1хх-ийн 166/,

 

           Гэрч О.Тунгалаг мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Сүхбаатар салбараас мөнгө алга болсон асуудлыг би 2016 оны 01 дүгээр сарын сүүлээр мэдсэн тухайн үед салбарын нийт балансыг хараад мөнгө алга болсон талаар мэдсэн. Байгууллагын балансыг харахад 36.000.000 төгрөгийн авлагаүүссэн байсан. Тэгээд сарын сүүлээр авлагаа хаадаг ба аж ахуй нэгж байгууллагаас мөнгө орж ирээд авлагууд хаагддаг. Ямар эрхийн теллерээр гүйлгээ хийсэн талаар харахад шинээр орж ирсэн теллер Энхдэлгэр гэх хүний эрхээр гүйлгээг хийсэн байсан ба Энхдэлгэрийг дуудаж уулзахад би хийгээгүй ба Жаргалмаа эгч ирээд миний эрхээр энэ гүйлгээг миний хажууд хийсэн. Гэхдээ ямар нэгэн мөнгө кассаас гараагүй гэж хэлсэн...” /хх-ийн 168/,

 

           Гэрч Б.Даваацэрэн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2015 оны 12 дугаар сард би ганцаараа теллерээр ажиллаж байсан. Тэр үед Жаргалмаа нь цүнхтэй мөнгийг өөрийн ширээний хажууд байлгаж байхыг ганц хоёр удаа харсан...”/хх-ийн 192/,

 

           Гэрч Ц.Энхдэлгэр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:“...Би уг гүйлгээг хийгээгүй. Би энэ гүйлгээг санаж байна. Намайг их олон хүнтэй байхад давхцаж орж ирээд хүн нь байхгүй байхад Жаргалмаа ахлах хийгээд байсан. Би харилцагч байгууллагыг санахгүй байна. Ямар ч байсан 36.000.000 төгрөгийн гүйлгээ хийж байсныг харсан...”/хх-ийн 194/,

 

           Гэрч Ж.Хаш-Эрдэнэ мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Тийм гүйлгээ хийгээгүй. Би өөрийн гарын үсгийг харвал танина. Энэ миний гарын үсэг биш байна...”/1хх-ийн 195/ гэх зэрэг мэдүүлэгүүд,

 

           Хас банкны Сүхбаатар салбарын төлбөр тооцооны ахлах мэргэжилтэн албан тушаалын эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ /хх-ийн 77-79/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 152 дугаартай дүгнэлт /хх-ийн 122-124/, /, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 244 дугаартай дүгнэлт /хх-ийн 5-9/, гэх зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, шүүгдэгчээс шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр түүний гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож тогтоогдож байх тул шүүгдэгч Э.Жаргалмааг бусдын эд хөрөнгийг завшиж, үрэгдүүлсэний улмаас их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

           

            Прокуророос шүүгдэгч Э.Жаргалмааг Хас банкнаас 36.000.000 төгрөг завшсан гэж дүгнэсэн боловч шүүгдэгч нь 8.000.000 төгрөг завшсанаа хүлээн зөвшөөрдөг бөгөөд үлдэх 28.000.000 хэрхэн яаж дутагдуулсанаа мэдэхгүй байна гэж мэдүүлсэн. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаас үзэхэд шүүгдэгч Э.Жаргалмаа нь өөрийн төрсөн дүү Батнямын зам тээврийн ослоос учирсан хохирлыг төлөх зорилгоор Хас банкнаас 8.000.000 төгрөгийг авч завшсан нь тогтоогддог бөгөөд үлдсэн 28.000.000 төгрөг бодитойгоор завшсан гэж үзэхэд учир дутагдалтай байна.

Харин Хас банкнаас зузаатгалд зориулан түүнд итгэмжлэн хадгалуулсан мөнгийг үгүй хийсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт заасан “үрэгдүүлсэн” шинжийг бүрэн агуулсан байна. Өөрөөр хэлбэл “үрэгдүүлэх” гэдэг нь итгэмжлэн өгсөн өмчлөгчийн эд зүйл, өмч хөрөнгийг хууль бусаар, үнэ төлбөргүйгээр ашиглаж, бусдад худалдах, бэлэглэх, үгүй хийх, шилжүүлэх зэрэг хэлбэрээр илэрдэг бөгөөд шүүгдэгч Э.Жаргалмаа нь  төлбөр тооцооны ахлах мэргэжилтний ажил үүргийн дагуу дээрх 28.000.000 төгрөгийн бүрэн бүтэн байдлыг хариуцан хамгаалах үүрэгтэйн гадна ийнхүү үрэгдүүлсэнээс үүссэн гэм хорыг арилгах учиртай.

 

            Прокуророос шүүгдэгч Э.Жаргалмааг Хас банкнаас 36.000.000 төгрөг завшсан гэж дүгнэснийг “...8.000.000 төгрөг завшиж, 28.000.000 төгрөг үрэгдүүлсэн...” гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд энэхүү найруулгын шинжтэй өөрчлөлт нь шүүгдэгчийн хувьд эрх зүйн байдлыг дордуулах нөхцөл байдал болохгүй юм.

 

            Шүүхээс шүүгдэгч Э.Жаргалмаад ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа болон түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэв. Түүний хувьд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Энэ хэргийн улмаас учирсан гэм хорын асуудлын хувьд шүүгдэгч Э.Жаргалмаагаас 36.000.000 төгрөгийг гаргуулж Хас банкинд олгохоор тогтов.

 

Шүүгдэгч Э.Жаргалмаа нь  бага насны 1 хүүхэдтэй бөгөөд түүний охин болох Ж.Танхилуун нь 2016.02.24-нд төрсөн болох нь түүний төрсний гэрчилгээгээр тус тус тогтоогдож байх тул шүүхээс хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах боломжтой гэж дүгнэв. Учир нь:

 

Монгол улсын нэгдсэн орсон Хүүхдийн эрхийн тухай конвенцийн /Монгол Улс 1990.07.05-ны өдөр соёрхон баталсан/ 3 дугаар зүйлд “… шүүх …хүүхдийн талаар явуулах аливаа үйл ажиллагаанд юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулна…”, 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт “…Оролцогч улсууд хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч буюу түүний төлөө хуулийн дагуу хариуцлага хүлээх бусад этгээдийн эрх, үүргийг харгалзан, хүүхдийг хамгаалах халамжлах зорилгоор хууль тогтоох болон захиргааны бүхий л зохистой арга хэмжээ авна…”, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “…Хүүхэд төрмөгцөө бүртгүүлэх, төрсөн цагаасаа нэр авах, иргэний харьяалалтай болох, түүнчлэн эцэг эхээ боломжийн хэрээр мэдэх, хайр халамжийг нь хүртэх эрх эдэлнэ…”, 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт “…Хүүхдийн дээд ашиг сонирхолд харшлахгүй бол эцэг, эхийнхээ аль нэгнээс буюу хоёулангаас салж хагацсан хүүхэд эцэг, эхийнхээ аль алинтай байнга хувийн болон шууд харилцаа холбоотой байх эрхийг оролцогч улсууд хүндэтгэнэ…” гэж заасны дагуу Монгол Улсын олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ хүндэтгэн биелүүлэх нь энэрэнгүй ёсны зарчимд бүрнээ нийцнэ.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь урьдчилан цагдан хоригдсон хоноггүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн283, 286, 293, 294, 298 дугаар зүйлүүдэд  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Зургаадай овогт Эрдэнэсүрэнгийн Жаргалмааг бусдын эд хөрөнгийг завшиж, үрэгдүүлсэн гэмт хэрэг үйлдсэний улмаас их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Жаргалмаагаас 50.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, түүнийг 05 /тав/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Жаргалмаагийн эдлэх ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид элүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч Э.Жаргалмаа нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Эрдэнэсүрэнгийн Жаргалмаагаас 36.000.000 /гучин зургаан сая/ төгрөгийг гаргуулж, хохирогч Э.Мөнх-Эрдэнэ /Хас банк/-д олгосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн дугаар зүйлийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар Э.Жаргалмаад 5 жил 6 сарын хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулж, хүүхдээ асарч хүмүүжүүлэх үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавьж ажиллахыг Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

 

7. Энэ тогтоолд гомдол гаргах эрх бүхий этгээд тогтоолыгэс зөвшөөрвөл түүнийг гардан авснаас хойш Эрүүгийн хэргийндавжзаалдахшатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан буюу улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Э.Жаргалмаад авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ

       ШҮҮГЧ                                   М.АЛДАР

 

                                                  ШҮҮГЧИД                                      Ү.ТҮМЭНЖАРГАЛ

 

                                                                                                            З.БОЛДБААТАР