Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 2021/ДШМ/120

 

     2021           1              27                                            2021/ДШМ/0120                           

 

 

     Д.Бд холбогдох эрүүгийн

                                                                     хэргийн тухай                     

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор И.Мөнхцэцэг,

шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Ж.Уранчимэг,

хохирогч Б.Уын өмгөөлөгч М.Цэнгүүн,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 2020/ШЦТ/890 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Бгийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1909035931038 дугаартай хэргийг 2021 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

         

          Боржигон овгийн Довчингийн Б, 1981 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 39 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Банк, санхүүгийн удирдлагын менежмент мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Энканто таун 207 дугаар байрны 32 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:ТЗ81051003/;

 

          Шүүгдэгч Д.Б нь Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кроун” караокед 2019 оны 9 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө иргэн Б.Уын биед халдаж, улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

             Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Д.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

           

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигон овгийн Довчингийн Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бд оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700,000 төгрөгөөр торгох ялыг дөрвөн сарын хугацаанд хэсэгчлэх төлөхөөр тогтоож, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардал байхгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хураан авсан 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Бгаас 2,130,800 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Уд олгохоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Д.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Яллах дүгнэлтэнд, гэрч С.Номуундар /хх 75-76/, гэрч Б.Батцэнгэл /хх 79-80/, гэрч Д.Тулга /хх 129/, Ч.Баяржаргал /хх 130/, хохирогч Б.У /хх 7-8/ нарын мэдүүлгүүдээр тухайн караокед зодоон болоогүй болох нь харагдаж байна. Шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан хохирогч Б.Уын биед учирсан зулайн хуйх, зүүн хацарт шарх гэмтэл нь ирмэгтэй зүйлээр үүссэн байх боломжтой гэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудтай зөрж байхад анхан шатны шүүх эдгээр зүйлийг анзааралгүй, хэргийг тал бүрээс нь бүрэн бодитойгор шийдвэрлээгүйд гомдолтой байна. Мөн миний бие хохирогч гэх Б.Уын биед хөнгөн гэмтэл санаатай учруулах ямар нэгэн санаа зорилго сэдэлт огт байгаагүй бөгөөд тухайн гэмтлийг учруулах хэмжээний зодоон, цохион огт болоогүй. Тухайн караокед байсан 9 хүний хоёр нь миний таньдаг хүн байсан ба бусад нь бүгд хохирогч гэх Б.Утай ойр хүмүүс байсан. Хохирогч Б.У нь байгууллагын хуульчаар ажилладаг боловч өөрөө болон бусдаар уг хэргийн мэдүүлгийг худал өгүүлсэн. Хохирогч Б.У нь тэнд байсан залууг надтай юм ярихад уурлаж, хардаж эхэлсэн бөгөөд тэр уурандаа миний дуулж байсан микрофоныг булааж авсан. Энэ нь өөрийх нь зүй бус үйлдлийн улмаас маргалдах шалтгааныг бий болгосон.” гэв.

 

Шүүгдэгч Д.Бгийн өмгөөлөгч Ж.Уранчимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хохирогч удаа дараа худал мэдүүлэг өгсөн. Хохирогчийн мэдүүлэг нь бусад нотлох баримтаар үргэлж няцаагдаж байна. Хохирогч Б.У найз нартайгаа гадаа байж байхдаа Д.Бг зодсон болох нь камерын бичлэгт авагдсан. Д.Б цагаан өмдтэй газар унахад хохирогч дээрээс нь зодож байгаа нь авагдсан. Мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс шинжээчийн “хатуу ирмэгтэй зүйлийн улмаас гэмтэл үүссэн” гэж дүгнэлт гарсан. Стакан шидсэн гэдгийг, өсгийтэй гутлаар өшиглөсөн гэдгийг гэрчүүд няцаасан. Анхан шатны шүүхээс мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу гэж буцаахад мөрдөн байцаалтын ажиллагаа нэмж хийн “та энэ гэмтлийг хаана авсан бэ” гэж асуухад “Кроун гэх баарнаас өөр газар гэмтэл авсан мэтээр тайлбарладаг”, энэ нь гэрчийн мэдүүлгээс зөрдөг. Удаа дараа хохирогч худал мэдүүлэг өгсөн. Алтан ээмэг алга болсон гэж мэдүүлдэг боловч зурган дээр алтан ээмэг чихэнд нь байсан. Гэтэл зүүн талын алтан ээмэг алга болсон, баруун талын алтан ээмэг байсан гэж удаа дараа худал мэдүүлэг өгдөг. Ноолууран цамц, алтан ээмэг, гинж алга болсон гэж удаа дараа худал мэдүүлэг өгсөн. Хохирогчийн удаа дараагийн мэдүүлэг бусад нотлох баримтаар няцаагдсан. Хохирогчийн удаа дараагийн худал мэдүүлгээр Д.Бд ял халдаасанд гомдолтой байна. Мөн миний үйлчлүүлэгч хохирогч Б.Уд урьдаас төлөвлөж хөнгөн хохирол учруулах санаа зорилго байгаагүй. Тэнд байсан 9 хүнээс 2 хүн нь Д.Бгийн таньдаг хүн байсан. Бусад гэрч гэх хүмүүс нь хохирогч Б.Уын гэр бүлийн найз байсан. Бусад хөндлөнгийн гэрч нар стакан шидсэн зүйл болоогүй гэдгийг мэдүүлсэн. Камерын бичлэгт  Д.Б зодуулж байхад Б.У худал мэдүүлэг өгч өөрөө хохирогч болсон. Шинжээчийн дүгнэлтээр ирмэгтэй зүйлийн нөлөөгөөр гэмтэл учирсан гэж дүгнэлт гарсан. Тухайн үед энэ 2 бие биенээ түлхэлцэж, үсдэлцсэн. Хохирогч нь би эрүүл байсан гэдэг боловч согтуу архи уусан болохыг гэрч мэдүүлдэг.” гэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч М.Цэнгүүн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүх тус хэрэг маргааныг шийдэхдээ үндэслэл бүхий шийдвэр гаргасан. Хохирогчийг удаа дараа худал мэдүүлэг өгсөн гэж байгаа боловч хохирогч Б.У нь үнэн зөв мэдүүлэг өгсөн. Караокед Д.Б, Б.У нар муудалцаж, улмаар гадаа гарч зодоон үүссэнээр хохирогч Б.Уын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан. Үүнийг гэрч нар мэдүүлдэг. Гэрч нарыг Б.Уын найз нөхөд гэж байгаа боловч хууль сануулж мэдүүлэг авсан. Ийм учраас гэрч нарын мэдүүлэг үнэн зөв. Мөрдөн байцаалтын шатанд болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт Д.Б нь хохирогчтой муудалцсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Зодолдсон цохисон гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Түүнээс өөр Б.Утай муудалцаж цохиж зодсон хүн байхгүй учраас Д.Б хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь нотлогддог. Хохирогч өөрөө Д.Б намайг зодсон гэж зааж чаддаг. Хавтас хэрэгт авагдсан камерын бичлэгийг прокурор үнэлэх боломжгүй гэж үзсэн зүйл байхгүй. Үүнийг анхан шатны шүүхийн шатанд шинжлэн судалсан. Энгийн хүний нүдээр харахад хохирогч хаана байгаа, хохирогч, шүүгдэгч бусад хүмүүсийг ялган салгах боломжтой байгаа учир шүүх бүрэлдэхүүн үүнийг нотлох баримтаар үнэлж дүгнэх боломжтой. Б.У тухайн өдөр цагдаагийн байгууллагад дуудлага өгч гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлэхэд зүүн талын ээмэг байхгүй байсан талаар мэдүүлсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

 

Прокурор И.Мөнхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Д.Б нь Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кроун” караокед 2019 оны 9 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө иргэн Б.Уын биед халдаж, улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан. Б.Уын биед хөнгөн хохирол учруулсан болохыг гэрч нар мэдүүлсэн. Мөн өөрөө хохирогчоор мэдүүлэг өгөхдөө “намайг үсдээд нүүр рүү өшиглөөд байсан” гэж мэдүүлдэг. Мөн гэрч Мөнхжаргал “Б гэх эмэгтэй Уыг үсдээд авсан байсан” гэж мэдүүлсэн. Д.Б холбогдогчоор мэдүүлэг өгөхдөө “би уусан байсан болохоор шаралхаад үснээс нь зулгааж, доогуураа бие биерүүгээ өшиглөсөн” гэж мэдүүлдэг. Холбогдогчоор Д.Бгийн өгсөн мэдүүлэг нь гэрч Сэргэлэн, Болортуяа, Өнөрхүү, Тулга, Батцэцэн, Мөнхжаргал, хохирогч Б.У нарын мэдүүлгээр тогтоогддог. Д.Б камерын бичлэгийг хэрэгт гаргаж өгсөн боловч эд мөрийн баримтаар тооцоогүй. Энэ бичлэгт хэн нь хаана байгаа болохыг тодорхойлох боломжгүй. Хохирогчийн мэдүүлгээр эрс зөрүүтэй зүйл тогтоогдоогүй. Ээмгийг хохиролд тооцож үнэлээгүй. Учир нь, уг ээмэг зодоон болсны дараа алга болсон байх боломжтой. Цагдаад дуудлага өгч зургаа авахуулахад нэг талын чих нь ээмэгтэй байгаа. Тэндээс гараад шууд гэмтлийн эмнэлэг орж үзүүлсэн. Д.Бгийн хууль бус санаатай үйлдлийн улмаас Б.Уын биед хөнгөн хохирол учирсан болох нь үйл баримтаар тогтоогдсон. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Хохирлыг зөв тооцсон гэж прокурорын зүгээс үзэж байгаа тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Д.Б нь Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кроун” караокед 2019 оны 9 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө иргэн Б.Утай маргалдаж, улмаар түүний үснээс зулгааж газар унаган хөл, гар, нүүр хэсэгт гараараа цохих, өшиглөх зэргээр хүч хэрэглэн эрүүл мэндэд нь зулайн хуйх, зүүн хацарт шарх, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, баруун шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

хохирогч Б.Уын “... тэр үед би Тука гэдэг эмэгтэйтэй юм яриад сууж байсан чинь Б гэх эмэгтэй нилээн согтолттой, юу хэлж байгаагаа ойлгохгүй “муухай хараад байна уу, яагаад хараад байгаа юм бэ, түрүүнээс хойш өдөөд байдаг  шүү” гээд байсан. Тэр үед Тука бид хоёр ”хэнтэй яриад байгаа юм бол” гэж бодсон чинь “та хоёртой яриад байна” гэж хэлсэн. Тухайн үед Бгийн хажууд Өөжийгийн найз гээд Японд цуг байсан нэг эмэгтэй босож ирээд “наадах чинь угаасаа ингэдэг юм, би гарчихъя, чи болиоч” гээд Бд хандаж хэлж байсан. Тухайн эмэгтэй Бг аваад гарах гэсэн чинь Өөжий “нэгэнт ирчихсэн юм чинь энэ байдлаа дуусгаад хамтдаа гарцгаая” гэсэн. Тэр үед Б дайрсаар байсан. Тэгээд над руу стакан авч шидсэн. Тэнд байсан хүмүүс бүгдээрээ гарцгаая гээд гарцгаасан. Караокены өрөөний хаалгаар гарч байтал Б намайг үстээд авсан. Тэр үед Өөжийгийн нөхөр Мөөгий, Тукагийн нөхөр Сээгий 2 салгаад “чи боль, ууж идсэнээ шингээж сур” гэж хэлсэн. Б намайг үстээд газар унагаж байгаад миний хөл, гар, нүүр хэсэг рүү олон удаа өшиглөсөн. Тэр үед миний толгойноос цус гарсан. Би “чи болиоч, нүүр ам муухай болголоо” гэсэн чинь ухаан байхгүй, юу хийж байгаагаа мэдэхгүй, үйлдлээ хянах чадваргүй байсан. Өөжий салгах гээд дийлэхгүй байсан. ...” /1хх 7-8, 68-69/,

 

            гэрч В.Мөнхжаргалын “... Б ямар нэгэн юм аваад шидсэн, юу шидсэнийг нь мэдэхгүй байна. Ямар ч гэсэн юм хагараад үсэрсэн. Арга хэмжээ болсон газраас бид нар гарцгаасан. Би тооцоо хийгээд гараад ирэхэд манай эхнэрийн төрсөн өдөр дээр ирсэн Б гэх эмэгтэй Уыг үсдээд авсан байсан. Салгах үед нь би очиж хамт салгалцсан. Яг юу болоод үсдэх болсон талаар мэдэхгүй байна. Тухайн газраас гарах үед жаахан маргаан болоод байсан. Тэр асуудлаас болоод ийм зүйл болсон байх. Салгасны дараа Уыг машинд суулгасан чинь нүүр нь хавдаад толгойноос нь цус гарчихсан байсан. Цагдаа дээр ирээд харсан чинь зүүн нүд нь хөхөрч шалбарсан, хацар хэсэгт хумсны бүдэг маажуулсан, толгой духны хэсэгт хавдаад, Гэмтэл согог судлалын үндэсний төвд үзүүлсэн чинь толгой нь хагараад оёдол тавиулсан. ...” 1/хх 11, 73-74/,

 

            гэрч Г.Болортуяагийн “... Тухайн караокед сууж байтал Өөжийгийн төрсөн өдөр дээр ирсэн Б У гэх эмэгтэй рүү караокены удирдлагаар цохих гэж далайсан. Хэсэг хугацааны дараа Б, У хоёр барилцаад авчихсан байсан. Бөөн юм болж байж салгасан. Бид нар караокенаас гарцгаасан. Караокены гадаа гарч ирээд тэр хоёр хоорондоо маргалдаад байсан. Караокены гадаа Б гэх эмэгтэй Уын толгой хэсэг рүү цохиж, бие хэсэг рүү нь удаа дараа өшиглөсөн. Тэнд байсан хүмүүс салгацгаасан. Уыг машиндаа суулгаад харсан чинь нүд нь хавдсан, хаанаас нь мэдэхгүй цус гарч байсан. Бид нар Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү очиж үзүүлэхэд “толгой нь хагарсан байна, нүд нь гэмтэл авсан байна” гэж эмч хэлсэн.” /1хх 16/,

 

            гэрч Э.Өнөрхүүгийн “... Караокены өрөөнд бид нар уулзацгааж байсан чинь гэнэт У, Б хоёр хоорондоо өшиглөлцөөд байсан. Тэнд байсан манай найз нар салгасан. Тухайн үед ямар шалтгааны улмаас муудалцсан талаар нь би мэдэхгүй байна. Уын нүүр нь хөхөрсөн, нүдний хажууд нь урагдчихсан, өмсөж явсан ноолууран бор өнгөтэй майк нь урагдчихсан байсан. ...” /1хх 70-72/,

 

гэрч С.Номуундарийн “... Бид нар караокед дуулж хуурдаад сууцгааж байсан чинь У караокены төхөөрөмжийг унтраасан. Дахиж асаагаад дуулж байсан чинь Б, У 2 хоорондоо хэрэлдээд байхаар нь Бгаас юу болсон талаар асуусан чинь Б надад “У хүн дуулж байхад дууг зогсоогоод, микрофон булаагаад байна” гэж хэлсэн. Тэгээд би төрсөн өдрийн арга хэмжээнээс яваад өгсөн. ...” /1хх 75-76/,

 

гэрч Ж.Сэргэлэнгийн “... Караокед Б, У гэх эмэгтэйчүүд хоорондоо маргалдаад байсан. Б нь У руу караокены удирдлагаар далайж, пивоны стаканыг шидээд хоорондоо үсдэлцээд байсан. Караокены гадаа Б Уыг цохиод хэрэлдээд байсан. Б Уыг үсдэж доошоо дарчихаад цохиод өшиглөөд байсан. ...” /1хх 77-78/,

 

гэрч Б.Батсэцэнгийн “... У тухай үед караокед сууж байгаад Бгаас микрофон шүүрч аваад таарамжгүй байгаад байсан. Б, У хоёр караокены өрөөнд маргалдаад түлхэлцсэн. Караокед байсан хүмүүс салгасан. Бид нар караокеноос гарцгаахад У, Б хоёр бас үсдэлцээд байсан. Тэгээд салгацгаасан ...” /1хх 79-80/,

 

гэрч Д.Тулгын “... Б, У гэх эмэгтэй нар маргалдаад нэг нэгнийхээ хувцаснаас барилцаад зодолдох гээд байсан. Тэгэхээр дундуур нь ороод салгасан. Тэгээд маргаан намжаад сууж байсан чинь дахиад У, Б хоёр хоорондоо хэрэлдээд байсан. ...” /1хх 129/,

 

гэрч И.Баяржаргалын “... тухайн газар үйлчлүүлж байсан чинь У, Б нар хоорондоо хэрэлдээд байсан. ...” /1хх 130/,

 

шинжээч эмч Ө.Сарангэрэлийн “... Б.Уын биед зулайн хуйх, зүүн хацарт шарх гэмтэл нь ирмэгтэй зүйлд үүссэн байх боломжтой. Ирмэгтэй ээмэг, бөгж, бугуйвч зэрэгт цохигдох үед үүсэх боломжтой. ...” /1хх 145-146/,

 

Д.Бгийн яллагдагчаар өгсөн “... Караокед дуулж байсан чинь У миний микрофоныг удаа дараа аваад байсан. Би дуулж байсан чинь У миний дуулж байсан дууг шууд зогсоохоор нь би бухимдаад Уд хандаж “чи түрүүнээс хойш яагаад өдөөд байгаа юм бэ” гэж хэлсэн чинь “мангар бацаан минь зайл, чи согтуу байна” гээд байсан. Тэгээд караокены өрөөнд маргалдсан. Би караокеноос гартал араас олон юм яриад байхаар нь эргэж очоод “чи яах гээд байгаа юм бэ” гээд үсдээд авсан чинь намайг үстээд авсан. Би Уын хөл рүү өшиглөсөн. Миний хөл рүү бас өшиглөсөн, тэгээд тэнд байсан хүмүүс салгасан. ...” /1хх 32-33/ гэсэн мэдүүлгүүд,

 

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 136-137/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 11181 дугаартай “... Б.Уын биед зулайн хуйх, зүүн хацарт шарх, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдож байх бөгөөд дээрх гэмтлүүд нь мохоо болон ирмэгтэй зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтлүүд бөгөөд цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” /1хх 20/,

 

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “... Үнэлэгдэж буй хөрөнгө нь Говь брендийн эмэгтэй цамц, 995 сорьцтой эмэгтэй хүний гинж, 995 сорьцтой эмэгтэй хүний ээмэг болно. Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 1,923,000 төгрөгөөр үнэлэгдэв. ...” /1хх 22-23/ дүгнэлтүүд,

 

          Гэмтэл, согог судлалын үндэсний төв, Компьютер томографийн оношилгоо /1хх 50-52/, Бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 90/ зэрэг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.

 

          Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийжээ.

 

          Шүүгдэгч Д.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Шүүгдэгч Д.Бгийн хохирогч Б.Утай маргалдаж улмаар түүний үснээс зулгааж газар унаган хөл, гар, нүүр хэсэгт гараараа цохих, өшиглөх зэргээр хүч хэрэглэн эрүүл мэндэд нь зулайн хуйх, зүүн хацарт шарх, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, баруун шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Шүүгдэгч Д.Бгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцжээ.

 

Түүнчлэн хэрэгт цугларсан нотлох баримтууд нь хэргийн бодит байдлыг тогтооход шууд хамааралтай, чухал ач холбогдолтой баримтууд байх ба нотлох баримтыг цуглуулж бэхжүүлэхдээ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан байх бөгөөд дээрх баримтууд нь шүүгдэгчийн гэм бурууг нотолж чадсан хуулийн үндэслэлтэй нотлох баримтууд байх төдийгүй хууль сануулж авсан гэрч В.Мөнхжаргал, Г.Болортуяа, Э.Өнөрхүү, С.Номуундарь, Ж.Сэргэлэн, С.Батсэцэн, Д.Тулга, И.Баяржаргал нарын мэдүүлгүүд нь болсон үйл явдлын талаар агуулгын хувьд зөрүүгүй байх бөгөөд хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байх тул шүүгдэгч Д.Бгийн гаргасан “... мөрдөн шалгах ажиллагааг дутуу явуулсан, уг хэргийг миний бие үйлдээгүй байхад надад ял хүлээлгэсэн нь үндэслэлгүй, гэрчүүдийн мэдүүлгүүд зөрүүтэй, худал мэдүүлэг өгсөн” гэх гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.     

 

             Мөн хохирогчийн биед учирсан зулайн хуйх, зүүн хацарт үүссэн шарх гэмтэл нь ирмэгтэй зүйлээр үүссэн гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан ба шүүгдэгч Д.Бгийн гаргасан “... уг гэмтлийг би учруулах боломжгүй, ирмэгтэй зүйл мөргөснөөс үүссэн байх ...” гэх гомдлын хувьд энэ талаар шинжээчийн мэдүүлсэн “... уг гэмтэл нь ирмэгтэй ээмэг, бөгж, бугуйвч зэрэгт цохигдох үед үүсэх боломжтой ...” гэх /1хх 145-146/ мэдүүлэг болон дээр дурдсан үйл баримтын талаар гэрчилсэн гэрч нарын мэдүүлгээр мөн үгүйсгэгдэж байгаа болно.

 

             Хэрэг учрал болох үед хохирогч Б.У болон шүүгдэгч Д.Б нар нь 2019 оны 9 дүгээр сарын 14-ний шөнийн 01 цаг орчимд зодолдсон бөгөөд тухайн цаг хугацаанд буюу хохирогч Б.Уын Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст 2019 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 01 цаг 50 минутад дуудлага өгсөн, энэ талаарх гомдлыг тус байгууллагын хүлээн авсан тэмдэглэл /1хх 4/ болон гэрчүүдийн мэдүүлэг, бусад нотлох баримтуудаар хохирогч Б.У нь өөр газарт очиж, өөр хэн нэгэнд зодуулсан байх нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.

 

             Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Бгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад “яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга, ...”-ыг яллах дүгнэлтэд тусгахаар хуульчилсан байна.  

 

             Тодруулбал, Эрүүгийн хэргийн талаар нотлогдвол зохих үйл баримт буюу нотолгооны зүйлсийг бүрэн нотлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж, улмаар хэргийг зөв зүйлчлэхэд чухал ач холбогдолтой байдаг. Тиймээс гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив талын шинжид хамаарах гэмт хэрэг гарсан байдал буюу үйлдсэн арга, газар, цаг, хэрэглэсэн зэвсэг хэрэгсэл нь гэмт хэргийн нийгмийн аюулыг багасгах буюу ихэсгэх, шүүгдэгчийн хувийн байдлыг эсрэг болон сөргөөр үнэлэхэд хүргэж, ялын бодлогод шууд нөлөөлдөг тул тэдгээрийг заавал тогтоож тодорхойлох нь зүйтэй.

 

            Харин шүүгдэгч Д.Бд холбогдох хэргийн яллах дүгнэлтэд түүний ямар үйлдлийн улмаас хохирогч Б.Уд хөнгөн хохирол яаж учирсан талаар тусгаж өгөөгүй, ерөнхий байдлаар “биед нь халдаж” гэж бичсэн байх бөгөөд прокуророос уг байдлыг хуульд зааснаар гэмт хэргийн товч агуулгыг тусгасан байдлаар тайлбарлаж байгаа нь өрөөсгөл байгааг анхаарах нь зүйтэй.

 

          Цаашид, прокурор гэмт хэргийн товч агуулгад шүүгдэгчийн ямар үйлдлийн улмаас хохирогчид гэмтэл учирсныг тусгахгүй гэсэн хуулийг буруу тайлбарлаж байгаа хандлагаа өөрчилж, үйл баримтыг тодорхой тусгаснаар уг үйл баримт үнэн зөв эсэхэд, уг үйл баримтад шүүх хууль зүйн дүгнэлт хийдэг учир асуулгыг ойлговол зохино.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 2020/ШЦТ/890 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Бгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

          2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                     Т.ӨСӨХБАЯР

 

                        ШҮҮГЧ                                                                        Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

                        ШҮҮГЧ                                                                        Б.БАТЗОРИГ