| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 195/2025/0029/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/131 |
| Огноо | 2025-01-13 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.У |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 2025/ШЦТ/131
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн,
улсын яллагч Б.Урангоо /томилолтоор/,
шүүгдэгч ********** түүний өмгөөлөгч Б.Баттулга нарыг оролцуулан тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********* холбогдох эрүүгийн 2310 02852 0743 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ********** оны 03 дугаар сарын 26-ны өдөр Дундговь аймагт төрсөн, 40 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Хан-Уул дүүрэг ******* дүгээр хороо ******* тоотод оршин суух
урьд нь Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 1 хоногийн хугацаагаар баривчлах ял шийтгүүлж байсан, *******.*******.*********
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ********** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
шүүгдэгч ******** шүүхийн хэлэлцүүлэг “...мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх шаардлагагүй...” гэв.
Эрүүгийн 2310 02852 0743 дугаартай хэргээс:
Улсын яллагчаас хохирогч ******** мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 65 дахь тал), хохирогч ********** дахин өгсөн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 66 дахь тал), хохирогч *********** дахин өгсөн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 178 дахь тал/,“Дамно” ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн ХУ2-23-619 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан ( 2 дугаар хавтаст хэргийн 70-72 дахь тал), хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (2 дугаар хавтаст хэргийн 57-61 дэх тал), мөрдөгчийн 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн сэжигтэн ********* мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл (2 дугаар хавтаст хэргийн 79-80 дахь тал), мөрдөгчийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн сэжигтэн ****** мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл (2 дугаар хавтаст хэргийн 195 дахь тал), мөрдөгчийн 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл (2 дугаар хавтаст хэргийн 193 дахь тал), шүүгдэгч ************** яллагдагчаар өгсөн мэдүүлэг ( 2 дугаар хавтаст хэргийн 191 дэх тал) зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талууд гаргаагүйг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн 2310 02852 0743 дугаартай хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн тогтоогдсон, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хуралдаанд шүүгдэгч нь өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч, түүний өмгөөлөгч нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас оролцсон бол улсын яллагч шүүгдэгчийн гэм бурууг нотлох, яллах байр суурьтай оролцсон болно.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:
шүүгдэгч ********* нь 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн ****** дүгээр хороо ******** тоот хаягт байрлах ******** гэрийн цоожийг эвдэн орж Самсунг 40 инчийн телевиз, 14 инчийн телевиз, хөөрөг, гутал, зөөврийн компьютер, хонины мах, плетка, малгай зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйл баримт тогтоогдож, уг хэрэгт шүүгдэгч ******** гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.
Энэ үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч ********** өгсөн“...2023 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Хан- Уул дүүргийн ******** тоот гэрт хулгай орсон байсан. Бид нар 07 дугаар сарын 27-ны өдөр 12 цаг 30 минутад гэр бүлээрээ Төв аймгийн наадам руу явсан 27-28-нд шилжих шөнийн 02 цагийн үед гэртээ буцаж ирэхэд гэрт хулгай орж 2 ширхэг зурагт, хөөрөг, булган малгай, индукцэн плитка, нөүтбүүк, хонины мах зэрэг алга болсон байсан. 2023 оны 07 дугаар сарын 28-ны орой ирсэн өмсөж явсан хоромон гутлаа тайлж орхиж хойд айл руу явж хүнтэй уулзчихаад ирсэн гутал алга болсон байсан. Маргааш нь буюу 07 сарын 29-ний орой нь хажуу айлын хашаанаас харж байтал 180 гаран өндөртэй саарал өнгийн хослол өмссөн хүн гэрийн гадаа ирж зогсож байсан. Хажуу айлын нохой хуцаж айлын хүн гарч ирээд хөөе чи хэн бэ? гэж орилоход нөгөө хүн зугтчихсан...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 65 дахь тал),
мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч ********* дахин өгсөн “...Би Хан-Уул дүүрэг ********* тоот хаягт эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. Би 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдөр цагдаагийн байгууллагад манай гэрт хулгай орсон талаар дуудлага өгсөн. Тэгээд цагдаад мэдүүлэг өгөөд маргааш өглөө буюу 2023 оны 07 дугаар сарын 30-ны өглөө сэрээд гутлаа өмсөх гэтэл гутал алга болсон байсан. Тэгэхээр нь нөгөө хажуу айлын хөрш өндөр залуу манай гэрт ороод байгааг мэдээд би тухайн шөнө гэрээ манаж хоносон юм. Тэгтэл 2023 оны 08 дугаар сарын 01-ний шөнийн 00 өнгөрч байхад дахин манай гэрийн хаалгаар орж байгааг би харсан тэгсэн нохой хуцаад хүн орилсон чинь буцаад гараад явсан. Тэгээд би өглөө шууд гэрт нь яваад орсон. Тэгсэн хулгай хийгээгүй гээд байхаар нь би цагдаад мэдэгдлээ гээд утсаа авахад битгий ярь би авсан зүйлээ бүгдийг нь өгье гээд манай гэрээс авсан бүх зүйлээ буцааж өгсөн. Харин Нөүтбүүк зарсан олж өгнө гэж хэлсэн...” гэх мэдүүлэг ( 2 дугаар хавтаст хэргийн 66 дахь тал),
мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч ********* дахин өгсөн “...Би 2023 оны 08 дугаар сарын 01-ний шөнө 00 цаг өнгөрч байхад хажуу айлын өндөр залуу манай хашаа руу орж ирээд гэрийн үүдэнд очсон байдаг, өөр хэн нэгэн хүн хамт явж байгаагүй, ганцаараа явж байсан юм. Тухайн өдрийн маргааш нь буюу тухайн өндөр залуугийн гэр лүү ороход гэртээ ганцаараа байсан, манай гэрээс алга болсон байсан хоёр зурагт, индүкцэн плитк, булган малгай, хөөрөг, хороомон гутал, хонины тал мах зэрэг эд зүйлс тэдний гэрт байсан юм...” гэх мэдүүлэг ( 2 дугаар хавтаст хэргийн 178 дахь тал/,
“Дамно” ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн ХУ2-23-619 дугаартай алдагдсан Самсунг 40 инчийн телевиз, 14 инчийн телевиз, хөөрөг, гутал, зөөврийн компьютер, хонины мах, плетка, малгай зэргийг 2,068,000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан ( 2 дугаар хавтаст хэргийн 70-72 дахь тал/,
хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд ( 2 дугаар хавтаст хэргийн 57-61 дэх тал),
мөрдөгчийн 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн сэжигтэн ******* мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл ( 2 дугаар хавтаст хэргийн 79-80 дахь тал),
мөрдөгчийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн сэжигтэн ********* мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл ( 2 дугаар хавтаст хэргийн 195 дахь тал),
мөрдөгчийн 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл ( 2 дугаар хавтаст хэргийн 193 дахь тал/,
мөрдөн шалгах ажиллагааны шатанд ********* яллагдагчаар өгсөн “...Би 2023 оны 07 дугаар сарын сүүл хэсгээр хөрш айлын хүн болох ********** гэрээс булган малгай, хоромон гутал зурагт, нэг ширхэг хөөрөг, мар, плитка зэрэг эд зүйлсийг хулгайлсан өөр ямар нэгэн айлаас хулгай хийсэн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 191 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон байна.
Хулгайлах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн үеэс төгссөнд тооцдог бөгөөд ... хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн тохиолдолд хохирлын хэмжээнээс үл хамааран уг шинжээр нь хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан.
Хууль тогтоогчоос “орон байр” гэж хүн байнга, түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц, зочид буудал, амралт сувиллын газар, зуслангийн байр, майхан зэргийг ойлгоно гэж Эрүүгийн хуульд аутентик тайлбар хийсэн бөгөөд хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээс харахад хохирогчийн хашаанд байрлах монгол гэр нь хүн амьдрах зориулалттай орон байр гэж үзнэ.
Шүүгдэгч *********** нь өөрийн хууль бус үйлдлийн улмаас бусдад хохирол учрах боломжтой гэдгийг мэдэж, ухамсарласан атлаа шунахайн сэдэлтээр, идэвхтэй үйлдлээрээ хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдлээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.
Монгол улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно...” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “ Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус хуульчилсан.
Бусдын амьдрах орон байранд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлөөр нэвтрэхээс бусад тохиолдолд шүүгдэгчийн хувьд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй хориглосон орон зай байх ба уг хоригийг мэдсээр байж зөрчин хаалганы цоожийг эвдэн гэрт нэвтрэн орж эд зүйлсийг авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулах эрхтэй болж байгаа идэвхтэй үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 заалтад заасан “хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг бүрэн хангасан, зүйлчлэл тохирсон гэж үзэв.
Шүүгдэгч *********** нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болно.
Иймд шүүгдэгч ********* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тус тус тодорхойлон заасан.
Эрүүгийн 2310 02852 0743 дугаартай хэрэгт хохирогчоор тогтоогдсон ********* Самсунг 40 инчийн зурагт, хятад зурагт 14 инч, шаазан хөөрөг 1 ширхэг, хромон гутал 41 размер, нөүтбүүк 1 ширхэг, хонины гуя 2 ширхэг, сээр 1 ширхэг, өвчүү 1 ширхэг, индукцин плетка 1 ширхэг, булган малгай 1 ширхэг нийт 8 ширхэг эд зүйлс нь хавтаст хэрэгт авагдсан хөрөнгийн үнэлгээний тайлангаар 2,068,000 төгрөгөөр үнэлэгдсэн байх бөгөөд (2 дугаар хавтаст хэргийн 70-72 дахь тал), хохирогч нь “... нөүтбүүк л буцаан аваагүй бусдыг нь хүлээн авсан. Өөр ямар нэгэн хүсэлт байхгүй...гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 70-72 дахь тал) авагджээ.
“Дамно” ХХК нь гэмт хэргийн улмаас хохирогч ************ учирсан хохирол буюу зөөврийн компьютерийг 235,000 төгрөгөөр тогтоосныг талууд хүлээн зөвшөөрч, маргаагүй болно.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар “бусдын эрх, ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, ...гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх” хуулийн зохицуулалттай.
Иймд шүүгдэгч ******* нь хохирогчид учирсан 235,000 төгрөгийн хохирол, хор уршгийн зардлыг төлж барагдуулаагүй байх тул түүнээс гаргуулж, хохирогч ********** олгохоор шийдвэрлэв.
Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий өнгийн 1.4 дүгээр зүйлд заасан “гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч ********** нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас шүүгдэгч *********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх...”, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...2 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү...” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргав.
Шүүхээс шүүгдэгчид оногдуулах ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, ингэхдээ эрүүгийн хариуцлагын нийтлэг зорилгыг хангах, түүнчлэн гэмт үйлдлийн шинж чанар болон ял шийтгэлийн хэр хэмжээ хоорондын харьцаагаар зүй зохистой нийцсэн байх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзсэн.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд оршдог.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн хүнд бусад төрлийн ялаас сонгох боломжгүй, зөвхөн 2 жилээс 8 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульчилсан.
Шүүгдэгч *********** эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдгийг мөрдөн байцаалтын шатнаас өөрийн хийсэн үйлдлээ, холбогдсон хэргийн зүйлчлэлээ, уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг бүгдийг хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч ********** хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэвэл зохино.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 (хоёр) жил, 2(хоёр) сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх үзэв.
Шүүгдэгч ********* нь 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 242 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.
Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ************.*********.************* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч ********* 2 (хоёр) жил, 2(хоёр) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ************ оногдуулсан 2 (хоёр) жил, 2(хоёр) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************* цагдан хоригдсон 242 (хоёр зуун дөчин хоёр) хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 , 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ******** 235,000 (хоёр зуун гучин таван мянга) төгрөг гаргуулж, хохирогч *********** олгосугай.
6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ********* эдлэх хорих ялыг 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн тоолсугай.
8. Шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ************ авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ