Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 142/ШШ2017/00657

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийж,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг Чингисийн өргөн чөлөө, Орчлон 84-06 Төгөлдөр Бьюти Кэйр ХХК-ий нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум 11-р хороолол 86 байр 19 тоотод оршин суух *******гийн /ФМ62022737/-д холбогдох,

2 700 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, гэрч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хулан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Төгөлдөр Бьюти Кэйр ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Иргэн ******* овогтой нь тус компанийн оруулан ирж худалдан борлуудаг Кирби Сентриа 2 хивс цэвэрлэгч төхөөрөмжийг худалдан авахаар тохиролцож 2014 оны 09 сарын 23-ны өдөр Худалдах худалдан авах гэрээ байгуулсан болно. Уг гэрээний үнэ 6 200 000 төгрөг ба худалдан авагч нь урьдчилгаа 3 000 000 төгрөг төлж үүнээс хойш сар бүр 200 000 төгрөгөөр тооцоо хийж 16 сарын дотор худалдан авсан бүтээгдэхүүнийхээ үнийг бүрэн төлж барагдуулахаар тохиролцож ямар нэгэн биет байдлын болон эрхийн доголдолгүй бүтээгдэхүүнийг хүлээн авсан болно. Гэвч хариуцагч нь урьдчилгаа болон 4 удаагийн төлөлтөөр нийт 4 400 000 төгрөг төлсөн боловч 2015.04.13-ны өдрөөс хойш огт төлөлт хийгээгүй байна. Хариуцагчтай уулзаж, утсаар ярьж төлбөрөө төлөхийг хүсэхэд төлөх боломжгүй гэсэн хариу хэлдэг. Хариуцагчтай харилцан ойлголцож маргаанаа шийдвэрлэхийг хичээсэн боловч үр дүнд хүрээгүй тул нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээний үндсэн үнэ болон алдангийн төлбөрийг гаргуулан авахыг шаардаж байна. Төлбөр төлж дуусах гэрээний хугацаа нь 2016 оны 01 сарын 18-ны өдөр дуусгавар

болсоноос хойш нийт 434 хоног өнгөрсөн бөгөөд үүнийг гэрээний 7.3-ийн дагуу тооцвол алданги 900 000 болсон байна.

Иймд барааны үндсэн төлбөрийн үлдэгдэл болох 1 800 000 төгрөг болон алданги 900 000 төгрөг, нийт 2 700 000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчийг хохиролгүй болгож өгнө үү. гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд дээр тайлбарлахдаа: Миний бие 2013 онд Төгөлдөр Бьюти Кейр" ХХК-тай зээлийн гэрээ хийж тоос сорогч худалдан авсан нь үнэн. Тухайн үед уг тоос сорогчийг 5 000 000 /таван сая/ төгрөгөөр бодож урьдчилгаа 3 200 000 /гурван сая хоёр зуун мянга/ төгрөг урьдчилгаа төлж үлдсэн 1 800 000 нэг сая наиман зуун мянга/ төгрөгийг дараа төлөхөөр тохирсон. Тэр үед манай гэр лүү олон дахин утасдаж манай бараа 30 жилийн баталгаатай онгоцны хөдөлгүүртэй гэх мэтээр сайхан зүйл ярьсаар гэрээ хийх болсон. Гэтэл бараагаа яг авах болохоор одоо байхгүй байна, Улаанбаатар хотоос захиж авчруулна гэсэн ба авчирч өгөхдөө хуучин хайрцаганд хийсэн гадуураа гялгар уут, баглаа боодол лац, тэмдэггүй байсан.

Ажиллуулж үзээд болж байхаар нь авсан гэтэл жил бололгүй ремень нь тасарсан хөдөлгүүр нь гацдаг болсон зэргээр гэмтэл гарах болсон. Тэгээд дараа нь судалж үзэхэд манайд зарсан марк төрлийн тоос сорогч АНУ-д манай мөнгөөр 2 500 000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгийн үнэтэй ба бусад айлуудад угаагч шингэн нилээд олон бусад дагалдах хэрэгсэлийн хамт зарсан байсан. Манайд бол 2 ш хогын уутны хамт л өгсөн. Би тус компаний операторын 94.... дугаартай утсаар 2 удаа залгахад нэг эмэгтэй нэг эрэгтэй утас авсан дээрх байдлыг хэлж энэ тоос сорогчоо буцаая эсхүл шинийг авъя гэж хэлэхэд ямар нэгэн хариу өгөөгүй. Тэр байтугай намайг дарамталж хэдэн танхай залуучууд миний албан өрөөнд дайран орж ирэн ширээн дээр байсан бичиг баримт авч шидлэн хэлэх хэлэхгүй үгээр доромжилж ...Мөнгө өг муу п гэх мэтээр хэлж зодсон. Тухайн үед ажил төрөл ихтэй байсан учир нааш цааш нь ярьж гомдол чирэгдэл болоогүй өнгөрсөн. Энэ байдлаас болоод би эхнэртэйгээ ярилцаад үлдсэн мөнгийг өгөхгүй байя асуудлыг хууль шүүхийн байгууллагаар шийдвэрлүүлэхээр, мөн энэ компанийг ийм байдлаар шүүхэд хандах байх гэж бодоод хүлээзнэж байсан юм. Би эсрэг талын нэхэмжилж байгаа 2 700 000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгийг төлөх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэн бүхэлд нь төлөхөөс татгалзан наймаагаа буцах саналтай байна. Учир нь энэ бараа зах зээлийн үнээс хэт өндөр үнэтэй байсан, хуучин баглаа боодолтой иж бүрдэл дутуу, хуучин тоос сорогч байсан. Одоогийн байдлаар тоос сорогч ажиллаж байгаа, ременийг нь сольж хийсэн. Ремень нь замнаасаа гарчаад байдаг, тэрийг нь заманд нь оруулчихвал зүгээр ажилладаг. Маш өндөр үнэтэй зарсан байсан... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Төгөлдөр Бьюти Кэйр ХХК нь *******д холбогдуулан 2 700 000 төгрөг гаргуулах-аар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөөгүй, шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2014 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр ******* нь Төгөлдөр Бьюти Кэйр ХХК-тай худалдах худалдан авах гэрээ байгуулан Кирби брэндийн бараа буюу тоос сорогчийг 6 200 000 төгрөгөөр худалдан авч, 3 000 000 төгрөгийн урьдчилгаа төлж, үлдэгдэл төлбөрийг 16 сарын хугацаанд 200 000 төгрөгөөр сар бүрийн 18-нд төлж байхаар гэрээ байгуулсан болох нь хэрэгт ирсэн дээрх гэрээ, бэлэн мөнгөний орлогын баримтууд, төлөлтийн хуулга, зохигчдын тайлбаруудаар нотлогдож байна.

Тэдний хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зээлээр худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу зээлээр худалдах худалдах авах гэрээний харилцаа үүсчээ.

Дээрх гэрээний дагуу худалдагч нь худалдан авагчаас худалдсан барааныхаа үнийг шаардах эрхтэй.

Хариуцагч, худалдах худалдан авах гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар болон, нэхэмжлэлийн үнийн дүнгийн талаар маргаагүй, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: ...авчирч өгөхдөө хуучин хайрцаганд хийсэн гадуураа гялгар уут, баглаа боодол лац, тэмдэггүй байсан, ажиллуулж үзээд болж байхаар нь авсан. Гэтэл жил бололгүй ремень нь тасарсан хөдөлгүүр нь гацдаг болсон зэргээр гэмтэл гарах болсон. Дараа нь судалж үзэхэд манайд зарсан марк төрлийн тоос сорогч АНУ-д манай мөнгөөр 2 500 000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгийн үнэтэй ба бусад айлуудад угаагч шингэн нилээд олон бусад дагалдах хэрэгсэлийн хамт зарсан байсан. Манайд бол 2 ш хогын уутны хамт л өгсөн. Би тус компаний операторын 94.... дугаартай утсаар 2 удаа залгахад нэг эмэгтэй нэг эрэгтэй утас авсан дээрх байдлыг хэлж энэ тоос сорогчоо буцаая эсхүл шинийг авъя гэж хэлэхэд ямар нэгэн хариу өгөөгүй. Би эсрэг талын нэхэмжилж байгаа 2 700 000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгийг төлөх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэн бүхэлд нь төлөхөөс татгалзан наймаагаа буцах саналтай байна. Учир нь энэ бараа зах зээлийн үнээс хэт өндөр үнэтэй байсан, хуучин баглаа боодолтой иж бүрдэл дутуу, хуучин тоос сорогч байсан... гэж тайлбарласан.

Хариуцагч, дээрх байдлаар нэхэмжлэлээс татгалзсан тайлбар татгалзлаа нотлоогүй бөгөөд, нэхэмжлэгч тал хариуцагчийн тайлбарыг зөвшөөрөөгүй.

Иймд хариуцагчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй, 25.2.2-д шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

Хариуцагч,... энэ бараа зах зээлийн үнээс хэт өндөр үнэтэй, хуучин баглаа боодолтой иж бүрдэл дутуу, хуучин тоос сорогч байсан... гэж гэрээнээс татгалзах тайлбар гаргасан хэдий ч сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй.

Иргэний хуулийн 254 дүгээр 254.6-д худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдолыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй гэж заасан.

Хариуцагч нь, худалдан авсан тоос сорогчны доголдолын талаар нэхэмжлэгч компанид мэдэгдсэн болох нь нотлогдоогүй, Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д заасан шаардлагыг гаргаагүй байна.

******* нь тоос сорогчинд 30 жилийн баталгаа өгсөн гэх боловч энэ нь засвар үйлчилгээ болон хөдөлгүүрт гарсан гэмтэлд өгсөн баталгаа болохыг нэхэмжлэгч тал тайлбарласан.

Одоогоор тоос сорогч ажиллаж байгаа болох нь хариуцагчийн тайлбараар нотлогдож байх ба, хэт өндөр үнэтэй байсан гэж нэхэмжлэлээс татгалзаж буй нь хуульд нийцэхгүй. Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

Худалдах худалдан авах гэрээний 7.3-д худалдан авагч энэхүү гэрээний 3.3.2 заасан төлбөр төлөх хугацаа хэтэрсэн хоног тутамд худалдагчид төлбөр төлөлтийн үнийн дүнгийн 0,5% тэнцэх хүү төлнө... гэж зааснаар нэхэмжлэгч алданги шаардах эрхтэй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58 150 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 58 150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заалаа.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг тус тус баримтлан хариуцагч *******гээс 2 700 000 төгрөгийг гаргуулан Төгөлдөр Бьюти Кэйр ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар улсын орлогод оруулсан 58 150 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 58 150 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА