2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 2025/ШЦТ/229

 

 

                            

                                                                                                                     

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны  тойргийн шүүхийн шүүгч Г.Энхцэцэг  даргалж,

          шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нарангэрэл,

          улсын яллагч Д.Түмэнжаргал /томилолтоор/,

          шүүгдэгч ********* түүний өмгөөлөгч А.Буяндэлгэр /ҮД:1141/ нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

          Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********** холбогдох эрүүгийн 2408 00000 1651 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол улсын иргэн, ****** оны 12 дугаар сарын 25-ны өдөр Увс аймгийн ******* суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, “**********” ХХК-нд мах чанагч ажилтай, ам бүл 8, эхнэр,  хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ******* дугаар хороо, Алтайн ****** дугаар гудамжны ********* тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн ****** дүгээр хороо, ********** дугаар гудамж ******** тоотод оршин суух,

урьд нь Увс аймаг дахь сум дундын шүүхийн 1994 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Увс аймаг дахь сум дундын шүүхийн 1998 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 171 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Увс аймаг дахь сум дундын шүүхийн 1998 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 244 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, өмнөх таслан шийдвэрлэх тогтоолоор хойшлуулсан 2 жилийн хорих ялыг нэмж, нийт 3 жилийн хугацаагаар хорих ялаар,

Увс аймгийн сум дундын шүүхийн 2003 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 65 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ял тус тус шийтгүүлсэн, *******.*************.************

 Холбогдсон хэргийн талаар

 Шүүгдэгч *********** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Эрүүгийн 2408000001651 дугаартай хэргээс:

 Улсын яллагчаас: хохирогч ******** мэдүүлэг (хавтаст хэргийн 26, 28-29, 31 дахь тал ), гэрч **********  мэдүүлэг (хавтаст хэргийн 33-34 дэх тал ), гэрч Б.Солонгын мэдүүлэг ( хавтаст хэргийн 36 дахь тал ), гэрч *********  мэдүүлэг ( хавтаст хэргийн 38-39 дэх тал ), Шүүх  шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 04/265 дугаартай дүгнэлт, зургийн үзүүлэлтүүд ( хавтаст хэргийн 56-62 дахь тал ), “Тэргүүн үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 24/029 дугаартай Хөрөнгийн үнийн “...Нийт 20,012,200 төгрөг...” гэх магадалгаа ( хавтаст хэргийн 50-51 дэх тал ), хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 11-14 дэх тал ), эд зүйл хураан авсан болон хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд (хавтаст хэргийн 16-17, 21-23 дахь тал ), хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 04-10 дахь тал ),шүүгдэгч ******** яллагдагчаар өгсөн мэдүүлэг ( хавтаст хэргийн 113-114 дэх тал), гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл ( хавтаст хэргийн 02 дахь тал ), “...байшингийн  цонхыг хагалж хулгайч орсон байна..” гэх дуудлагын лавлагааны хуудас ( хавтаст хэргийн 03 дахь тал ),

шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл ( хавтаст хэргийн 17, 22 дахь тал ) хохирол  төлсөн гэх дипозит  дансны хуулга ( хавтаст хэргийн 19 дахь тал),  хохирогчийн  дахин өгсөн тэмдэглэл ( хавтаст хэргийн 31 дэх тал), шүүгдэгч ********* сэжигтнээр өгсөн мэдүүлэг ( хавтаст хэргийн 45 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 81 дэх тал), иргэний оршин суугаа газрын  хаягийн  бүртгэлийн лавлагаа ( хавтаст хэргийн 82 дахь тал ), иргэний   үнэмлэхийн  лавлагаа ( хавтаст хэргийн 83 дахь тал),”*******” ХХК-ийн тодорхойлолт ( хавтаст хэргийн 87 дахь тал ), дипозит  дансны дэлгэрэнгүй хуулга ( хавтаст хэргийн 88-97 дахь тал), хохирол 4,500,000 төгрөг төлсөн баримт ( хавтаст хэргийн 98 дахь тал), хувийн баталгаа гаргасан баримт ( хавтаст хэргийн 116 дахь тал) зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч нь “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талууд гаргаагүйг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн 2408000001651 дугаартай хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн тогтоогдсон, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч, түүний өмгөөлөгч нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас оролцон бол, улсын яллагч шүүгдэгчийн гэм бурууг нотлох, яллах байр суурьтай оролцсон болно.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч ********* нь 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ***** дугаар хороо, ********** дугаар гудамж ***** тоотод  байрлах **********  байшингийн вакум цонхыг  хагалан, нэвтэрч, эмээл, ташуур, суран жолоо, хазаар, бугуйн  цаг, гитар, пүүз 2 ширхэг, мөнгөн аяга, 2 литрийн хэмжээтэй архи, арьсан  гутал, гахайн мах зэрэг эд  зүйлсийг нь нууцаар, хууль бусаар авсан үйл баримт тогтоогдож, уг хэрэгт шүүгдэгч ******** гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

 

Энэ үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, иргэний нэхэмжлэгч ********: “...2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 20 цаг 55 минутад гэртээ ирэхэд байшингийн хойд, баруун талын цонхыг хагалсан байдалтай, дотогш ороход эд зүйлс замбараагүй байсан. ...Манай вакум цонхны 2 давхар 140x120 см хэмжээтэй цонхны шил болон 60x60 см хэмжээтэй салхивчны шил хагарсан. ...Хулгайд алдагдсан эд зүйлсээ нарын бүртгэж гаргасан ба үүнд:            Мөнгөн тоногтой иж бүрэн эмээл 1 ширхэг /Гахайн гөлөмтэй жижүү дөрөөтэй. 2021 онд 13,000,000 төгрөгөөр дарханаар урлуулж байсан/, мөнгөн тоногтой улаан зандан модон ташуур 2 ширхэг /2021 онд дарханаар хийлгэж байсан. Нэг нь 600,000 төгрөгөөр үнэлэгдэж авч байсан/, товруутай мөнгөн хазаар 1 ширхэг/2021 онд 1,300,000 төгрөгөөр хийлгэж байсан/,Сүлжмэл суран жолоо 1 ширхэг /2021 онд авч байсан 450,000 төгрөгөөр авч байсан/,“0levs” брэндийн эрэгтэй бугуйн цаг 1 ширхэг /500,000 төгрөгийн үнэлгээтэй байсан/,“Үаmаhа” Р-310 гитар 1 ширхэг/2021 онд 380,000 төгрөгөөр авч байсан/, jordan-4” волт тендэр пүүз эрэгтэй /2024 онд 500,000 төгрөгөөр авч байсан, өмсөөгүй, шинэ/,jordan-3” блак кать пүүз эрэгтэй /2024 онд 820,000 төгрөгөөр авч байсан, өмсөөгүй, шинэ/,цул мөнгөөр хийсэн архины жижиг аяга /Жин, грамм тодорхойгүй. Өвлөж ирсэн/, Киркланд архи 2 литрийн 1 шил /300,000 төгрөгөөр үнэлж байгаа/,Орос эмэгтэй, арьсан, зуны гутал 1 ширхэг /2023 онд ...140,000 төгрөгөөр авч байсан/,гахайн гуяны цул мах 2 хайрцаг буюу нийтдээ 51 кг мах алдагдсан. 1 кг нь 15,000 төгрөгөөр худалдаалагддаг. Нийтэд нь 51 кг махаа 795,000 төгрөгөөр үнэлж байна. ...Би мөнгөн тоногтой эмээлийн иж бүрдэл болон 2 ташуур, гитараа хүлээн авсан. Үлдсэн эд зүйлсийн хөрөнгийн үнэлгээгээр гарсан 4,500,000 төгрөгийг надад дансаар шилжүүлж өгсөн. Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл огт байхгүй...” гэсэн  мэдүүлэг ( хавтаст хэргийн 26, 28-29, 31 дахь тал ),

мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч *********: “...2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 17 цагийн орчимд танихгүй бор царайтай залуу мөнгөн тоногтой эмээл, 2 ширхэг мөнгөн тоногтой ташуурын хамт 2,500,000 төгрөгөөр зарна гээд барьчихсан явж байхаар нь би сонирхоод үзэж хараад “Хулгайн эд биш биз дээ?” гэж хэлэхэд “Миний аав, ээжээс өвлөгдөж ирсэн эд байгаа юм. Бөөд үзүүлэхэд 1 жилийн настай гэж намайг хэлсэн. Тэгээд зарах хэрэгтэй байна.” гэхээр нь итгээд ...********** дугаартай данс руу 1,400,000 төгрөгийг утга хэсэгт нь “********5” утасны дугаараа бичээд шилжүүлээд авсан. ...Цагдаагийн байгууллагаас дуудсаны дагуу худалдаж авсан эмээл, 2 ташуур зэрэг зүйлсийг хүлээлгэж өгсөн. Миний худалдаж авсан мөнгө болох 1,400,000 төгрөгийг надад зарсан хүн дансаар шилжүүлж  өгсөн. Надад ямар  нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн  мэдүүлэг ( хавтаст хэргийн 33-34 дэх тал ),

мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч **********: “...2024 оны 10 дугаар сарын 02-нь өдөр ажил дээрээ байхад 17-18 цагийн орчимд ...үл таних 160-165 см нуруутай  бор царайтай дунд биетэй   бага зэрэг халамцуу залуу “Гитар зарах гэсэн юм гээд бариад  явж байхаар нь  би “Хэний гитар вэ?” гэж асуухад өөрийнхөө гитар гэхээр би итгээд 60,000 төгрөгөөр бэлнээр худалдаж авсан. гитар худалдаж авсан 60,000 төгрөгийг өөрийн нөхрийн ********  дугаарын данс руу 2024  оны 10 дугаар сарын 18-ны өдөр  шилжүүлж  авсан. Гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 36  дахь тал ),

мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч *********: “...Миний санаж байгаагаар 2024 оны 10 дугаар сарын эхээр цагдаагийн байгууллагаас над руу залгаад “****** таны данс руу мөнгө хийлгэсэн үү? Хэрэв хийлгэсэн бол ямар учиртай мөнгө болох" талаар асуухаар нь “Гагнуурын ажил хийсэн гээд миний данс руу мөнгө хийлгэсэн гэх хэлсэн. Тэгээд ********* гэртээ ирэхээр нь ямар учиртай мөнгө болох талаар асуухад  “Согтуу айл руу хулгай хийж ороод эд зүйлс хулгайлсан. Тэгээд эмээл зараад мөнгийг нь хийлгэсэн” гэхээр нь уурлаад дараа нь эмээл болон гитар манай нөхрөөс худалдаж авсан хүний данс руу мөнгийг нь шилжүүлж өгсөн...” гэсэн  мэдүүлэг ( хавтаст хэргийн 38-39 дэх тал ),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 04/265 дугаартай “... Шинжилгээнд тэнцэх 2 дугаартай 1 ширхэг гарын мөр нь Гарын хээний нэгдсэн санд ********** дугаараар бүртгэгдсэн ****** овогтой ****** зүүн гарын алганы хээтэй тохирно...” гэх дүгнэлт, зургийн үзүүлэлтүүд ( хавтаст хэргийн 56-62 дахь тал ),

 “Тэргүүн үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 24/029 дугаартай Хөрөнгийн үнийн “...Нийт 20,012,200 төгрөг...” гэх магадалгаа ( хавтаст хэргийн 50-51 дэх тал ),

  хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “...Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Сонгинохайрхан захын В1 давхрын махны лангуу руу харсан байрлалтай хяналтын камерын бичлэг байв. ...Бичлэгийг тоглуулахад дүрс бичлэгийн цагаар 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 16 цаг 22 минут 53 секундэд улаан өнгийн цамцтай, хар өмдтэй эрэгтэй /махны лангууны эзэн худалдан авагч гэх/-тэй хамт мөнгөн тоногтой эмээл, хазаар, ташуур гартаа тохох барьсан хар өнгийн саравчтай малгайтай, хар өнгийн куртиктэй, цагаан бичигтэй хар өнгийн футболктой, хар бараан өнгийн өмдтэй үл таних эрэгтэйн хамт махны лангуун дээр ирээд зогсож байв. Монгол мөнгөн тоногтой эмээл, хазаар, ташуур барьсан үл таних эрэгтэй нь махны лангууны хажуу талын шуудайтай төмс ногоон дээр гартаа барьсан эмээл хазаараа тавиад улаан өнгийн цамцтай эрэгтэйтэй хамт ярилцаад зогсож байгаа нь дүрс бичлэгт бичигдсэн байв...” гэсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд ( хавтаст хэргийн 11-14 дэх тал ),

  эд зүйл хураан  авсан болон хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд ( хавтаст хэргийн 16-17, 21-23 дахь тал ),

       хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд ( хавтаст хэргийн 04-10 дахь тал ),

                 мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч ********* яллагдагчаар өгсөн “...Би 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ажил амраад ...дэлгүүрээс 0,5 литрийн Хараа нэртэй архи авсан. Тэгээд ойролцоох гэр хорооллын гудамжинд уг авсан архиа ганцаараа уусан. Архи уугаагүй удсан учраас ахиж дэлгүүр ороод 0,75 литрийн хараа нэртэй архи аваад гэр хорооллын гудамжинд ганцаараа уг авсан архиныхаа талыг нь ууж байгаад түүнээс хойших зүйлсийг санахгүй тасарчихсан. ...Нэг ухаан ороход би гитар эмээл, хазаар, ташуур бариад явж байсан ба Сонгинохайрхан захад танихгүй хүнд уг эд зүйлсийг зараад эхнэрийн данс руу мөнгийг нь хийлгэсэн. Эхнэртэй ажил хийж олсон мөнгө гэж хэлсэн. ...Би тухайн үед ганцаараа байсан ба гарцаараа архи ууж байгаад гудамжинд тасарсан. Түүнээс хойших зүйлсээ санахгүй байна. Нэг ухаан ороход ганцаараа байсан учраас уг хэргийг ганцаараа үйлдсэн гэж бодож байна. ...Би хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Бусдад учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан...” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 113-114 дэх тал ),

                 хохирол төлсөн баримт ( хавтаст хэргийн 98 дахь тал), гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 02 дахь тал ), “...байшингийн  цонхыг хагалж хулгайч  орсон байна..” гэх дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 03 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон байна.

 

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн үеэс төгссөнд тооцдог бөгөөд ... хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн тохиолдолд хохирлын хэмжээнээс үл хамааран уг шинжээр нь хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан.

 

Хууль тогтоогчоос “орон байр” гэж хүн байнга, түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц, зочид буудал, амралт сувиллын газар, зуслангийн байр, майхан зэргийг ойлгоно гэж Эрүүгийн хуульд аутентик тайлбар хийсэн бөгөөд хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээс харахад хохирогчийн хашаанд байрлах шавар байшин нь хүн амьдрах зориулалттай орон байр юм.

 

Шүүгдэгч ********* нь өөрийн хууль бус үйлдлийн улмаас бусдад хохирол учрах боломжтой гэдгийг мэдэж, ухамсарласан атлаа шунахайн сэдэлтээр, идэвхтэй үйлдлээрээ хохирол,  хор уршигт зориуд хүргэсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдлээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.

 

Бусдын амьдрах орон байранд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлөөр нэвтрэхээс бусад тохиолдолд шүүгдэгчийн хувьд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй хориглосон орон зай байх ба уг хоригийг мэдсээр байж зөрчин байшингийн вакум цонхыг хагалан нэвтрэн орж эд зүйлсийг авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулж байгаа идэвхтэй үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “хулгайлах” гэмт хэргийг “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, зүйлчлэл тохирсон гэж үзэв.

 

Шүүгдэгч ******** нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болно.

 

Иймд шүүгдэгч ********* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн 24080000001651 дугаартай хэрэгт хохирогч ******** эмээл, модон ташуур, мөнгөн хазаар, суран жолоо, бугуйн цаг, гитар, пүүз 2 ширхэг, мөнгөн  аяга, архи, гутал, гахайн мах, вакум цонхны шил зэрэг хавтаст хэрэгт авагдсан хөрөнгийн үнэлгээний тайлангаар 20,012,200 төгрөгөөр үнэлэгдсэн байх бөгөөд (хавтаст хэргийн 50-51 дэх тал), хохирогч нь “...эмээлийн  иж бүрдэл, 2 ташуур, гитар  зэргийг хүлээн авсан. Бусад хохирол 4,500,000 төгрөг шилжүүлсэн. Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож дүгнэлт хийлгэх шаардлагагүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 31 дэх тал) авагдсан.

 

Шүүгдэгч ****** нь 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хохирогч ******** тоот  дансанд 4,500,000 төгрөгийг шилжүүлсэн байх тул (хавтаст хэргийн 33-34 дэх тал) шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

Хоёр.  Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий өнгийн 1.4 дүгээр зүйлд заасан “гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч ******** гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Улсын яллагчаас шүүгдэгч ********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх...”, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргав.

 

Шүүхээс шүүгдэгчид оногдуулах ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, ингэхдээ эрүүгийн хариуцлагын нийтлэг зорилгыг хангах, түүнчлэн гэмт үйлдлийн шинж чанар болон ял шийтгэлийн хэр хэмжээ хоорондын харьцаагаар зүй зохистой нийцсэн байх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзсэн. 

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн хүнд бусад төрлийн ялаас сонгох боломжгүй, зөвхөн 2 жилээс 8 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульчилсан.

 

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд оршдог.

 

Шүүгдэгч ********* нь хохирогчид 4,500,000 төгрөгийг  төлсөн,  зарим эд зүйлсийг биет байдлаар буцаан өгч гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан нь эрүүгийн хариуцлагын хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх зорилгод нийцэх бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хорих ялыг хөнгөрүүлэх зохицуулалтыг гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн хүнд хэрэглэж болохоор хуульчилсан.

 

Шүүхээс шүүгдэгч ********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, учруулсан хохирлын хэр хэмжээ, 2003 онд хорих байгууллагаас суллагдсан боловч түүнээс хойш гэмт хэрэгт дахин холбогдоогүй хувийн байдал /6 хүүхдийн хамт амьдардаг/, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар хорих ялыг хөнгөрүүлэх боломжтой гэж дүгнэв.

 

Иймд шүүгдэгч ******** Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

 

Шүүхээс хорих ялын хэмжээг тогтоохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан тул шүүх өмнө ял шийтгүүлж байсан нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, эрх зүйн байдлыг дордуулах нөхцөл байдал болгон дүгнээгүй болно.

 

Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн 24080000001651 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг си-ди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт  хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, түүний  иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                        

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *************.************ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч ********** 1(нэг) жил,  2(хоёр) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ******** оногдуулсан 1(нэг) жил 2(хоёр) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ********** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, эдлэх хорих ялыг 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг си-ди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, тэрээр баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

6. Шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *********** авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.ЭНХЦЭЦЭГ