| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 188/2024/1396/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/225 |
| Огноо | 2025-01-21 |
| Зүйл хэсэг | 24.8.1., |
| Улсын яллагч | Н.Анхбаяр |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 2025/ШЦТ/225
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн,Ц.Нарангэрэл,
улсын яллагч Н.Анхбаяр,
шүүгдэгч ********* нарыг оролцуулан тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******** холбогдох эрүүгийн 2408 00000 1527 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ******* оны 10 дугаар сарын 23-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 40 настай, дээд боловсролтой, аялал жуулчлалын мэргэжилтэй, хувиараа такси хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн ******* дугаар хороо, Хасбаатар гудамж ****** байрны ****** тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, *******.************.***********),
Холбогдсон хэргийн талаар:
********* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамал тэдгээрийн үрийг худалдан авсан, тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг.Шүүгдэгч ******** нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний “өөрийгөө өмгөөлөх” эрхийг хангасан болохыг тэмдэглэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав.
Шүүгдэгч **** шүүхийн хэлэлцүүлэгт “....хуулийн мэдлэггүйн улмаас энэ хэрэгт холбогдсон. Хохирол төлбөрийг төлж барагдуулна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Эрүүгийн 2408000001527 дугаартай хэргээс:
Улсын яллагчаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***** өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 39-41 дэх тал ), Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн №3064 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 51-54 дэх тал), ******* сэжигтнээр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 46-48 дэх тал), Хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 65-70 дахь тал), хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 07-11 дэх тал), эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 22-28 дахь тал), гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 01 дэх тал), “...****** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд гарал үүслийн бичиггүй 80 кг самар тээвэрлэж явсныг саатуулсан...” гэх дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 03 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 114 дэх тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч нь “шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талууд гаргаагүйг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн 2408000001527 дугаартай хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн тогтоогдсон, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Хоёр. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хуралдаанд шүүгдэгч ***** нь өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч оролцсон бол улсын яллагч шүүгдэгчийн гэм бурууг нотлох, яллах байр суурьтай оролцсон болно.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч ******* нь 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрээс зохих зөвшөөрөлгүйгээр,хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамлын жагсаалтад багтсан “Сибирь хуш”-ны үр буюу цайруулсан 88,8 кг самрыг үл таних морь унасан хүмүүсээс худалдан авч, 2024 оны 09 дүгээр сарын 23-24-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр, шалган нэвтрүүлэх постоор ************ улсын дугаартай, Toyota prius-41 маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн байгаль экологи, ургамлын аймагт 8,782,320 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож, уг хэрэгт шүүгдэгч ********** гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.
Энэ үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******** өгсөн “...Засгийн газрын Тусгай сангийн тухай хуулийн 7.2.3 дахь хэсэгт иргэн, аж ахуй нэгж, байгууллагаас байгаль орчин болон байгалийн нөөц баялагт учруулсан хохирлын нөхөн төлбөрийн орлогыг Байгаль орчин уур амьсгалын санд тушаахаар зохицуулсан байдаг. ...Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн А/146 дугаартай журам батлах тушаал байдаг. Уг журмын 8.2 дахь хэсэгт Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг болон захиргааны журмаар олсон, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5-д “байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг, зөрчил үйлдэхэд ашиглаж, хураалгасан зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа хөсөг, тоног төхөөрөмжийг борлуулсны орлого”, 12.1.6-д заасны дагуу хууль бусаар бэлтгэж хураалгасан байгалийн баялгийг борлуулсны орлогыг тус тус Төрийн сан банкны Байгаль орчин, уур амьсгалын сангийн *************тоот дансанд төвлөрүүлнэ гэж заасан байдаг. ...Гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа хөсөг, тоног төхөөрөмж борлуулсны орлого зэргийг манай дансанд тушаах ёстой байдаг. ... Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн А/450 дугаар тушаалын хавсралтаар баталсан Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журамд зааснаар хуш модны үр идээ болох самрыг тухайн жилийн 10 дугаар сарын 20-ны өдрөөс дараа оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалтаар бэлтгэх боломжтой. Гэвч тухайн жилд бүс нутгийн хуш модны самрын ургацын байдалд дүн шинжилгээ, судалгаанд үндэслэн төрийн захиргааны төв байгууллага буюу Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны сайдын тушаалаар хуш модны самрыг бэлтгэх эсэхийг тогтоож өгдөг. Нийслэлийн ногоон бүсээс хувь хүн ахуйн хэрэгцээнд самар бэлтгэхийг хориглосон учраас Ойн дагалт баялаг бэлтгэх зөвшөөрлийг олгохгүй байгаа. ...Байгалын ургамлын тухай хуульд “Ховор ургамлын жагсаалтыг Засгийн газар батална” гэж заасан бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Ховор ургамлын жагсаалт”-д Сибирь хуш нь багтсан байдаг. Энэ ургамал нь Монгол оронд ургадаг бөгөөд өөр төрөл зүйлийн хуш мод Монгол орон ургадаггүй. Уг ургамлын үр идээ болох хуш модны самар нь ч мөн адил Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Ховор ургамлын жагсаалт”-д багтсан. Хуш модны самар-ны үнэлгээг 2022 оны 12 сарын 22-ны өдрийн А/603 дугаартай тушаалаар Нэн ховор, ховор, зарим элбэг ургамлын экологи эдийн засгийн үнэлгээг тооцохоор журамлаж өгсөн байна.“Байгаль орчныг хамгаалах тухай” хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3-р заалтад зааснаар ургамлын аймагт учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр хохирлын нөхөн төлбөрийг нэхэмжилнэ. тийм болохоор 43,911,600 (дөчин гурван сая есөн зуун арван нэгэн мянган зургаан зуун төгрөг) төгрөгийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 39-41 дэх тал ),
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2996 дугаартай “...Сибирь нарс хуш-Pinus sibirica Du Tuor-ны цайруулсан самар байна.
- Сибирь нарс (хуш)-Pinus sibirica Du Tuorнь Засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолын хавсралтын “Ховор ургамлын жагсаалт”-д орсон ургамал.Сибирь нарс (хуш)-Pinus sibirica Du Tuor-ийн үр буюу самар нь Ойн дагалт баялагт ордог.
Шинжилгээнд ирүүлсэн Сибирь нарс (хуш)-Pinus sibiricaDu Tuor самрын түүсэн цаг хугацааг тодорхойлох боломжгүй байна.
Сибирь нарс (хуш)-Pinus sibiricaDu Tuor нь уулын тайгын бүслүүрийн дээд хэсгээр ургадаг. Хөвсгөл, Хэнтий, Хангай, Монгол Алтай гэсэн ургамал газарзүйн тойрогт тархдаг. Хуш модны самар нь таримал эсвэл байгалийн зэрлэг ургамал болохыг тогтоох боломжгүй.
Шинжилгээнд ирсэн самрын чийг нь 23,5 хувь байх тул нойтон байна.
Хуш - /Pinus sibiricaDu Tuor/ модны самрыг MNS 5786:2007, MNS 5364:2004 стандартын дагуу 1 жил хадгална. Тус стандартад заасны дагуу хадгалаагүй тохиолдол чанар муудах боломжтой.
Дээрх стандартад заасны дагуу хадгалаагүй тохиолдолд жин, хэмжээ, чийгшилд өөрчлөлт орох боломжтой. Хугацааг тогтоох боломжгүй.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/603 дугаар тушаалын хавсралтад 1 кг нойтон Хуш модны самрын экологи-эдийн засгийн үнэлгээ нь 98,900 төгрөг байна. Мөрдөгчийн тогтоолд дурдсаны дагуу 88,8 кг самрын экологи-эдийн үнэлгээг тооцвол 98,900 х 88,8 кг =8,782,320 төгрөг байна.
Хуш модны самрын “Байгаль орчныг хамгаалах тухай” хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-р заалтад зааснаар ойн санд учирсан хохирлыг нөхөн төлбөрийг тооцвол 8,782,320 х 3 = 26,346,960 төгрөг байна.
Мөн “Байгаль орчныг хамгаалах тухай” хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3-р заалтад зааснаар Ургамлын аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийг тооцвол 8,782,320 х 5 х =43,911,600 төгрөг байна... “гэсэн шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 51-54 дэх тал),
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч ************ сэжигтнээр өгсөн: “...би хувийн хэргээр 2024 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн төв орж нэг хоноод 09 дүгээр сарын 23-ны өдрийн 14-17 цагийн үед Сэлэнгэ аймгийн төвөөс үл таних 2 морь унасан хүмүүсээс 2 шуудай цайруулсан самрыг 1 кг-ыг 8000 төгрөгөөр бодож нийт 80 кг самар гэж тохироод нийт 640,000 төгрөгөөр худалдаж аваад Сэлэнгэ аймгаас Улаанбаатар хот руу хөдөлж замаараа Төв аймгийн Жаргалант суманд байрлах өөрийн ногооны талбайд очиж үзээд 2024 оны 09 дүгээр сарын 23-24-нд шилжих шөнө Баруун туруу хяналтын цэг дээр намайг цагдаагийн албан хаагч нар зогсоосон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 46-48 дэх тал)
хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 07-11 дэх тал),
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 22-28 дахь тал),
гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 51-54 дэх тал)
****** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд гарал үүслийн бичиггүй 80 кг самар тээвэрлэж явсныг саатуулсан гэх (хавтаст хэргийн 03 дахь тал) баримт зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон байна.
Байгалийн ургамлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ургамлыг түүний нөөц, нөхөн сэргэх чадварыг нь харгалзан нэн ховор, ховор, элбэг гэсэн гурван төрөлд ангилсан бөгөөд ховор ургамалд байгалийн жамаар нөхөн сэргэх чадвар хязгаарлагдмал, тархац, нөөц багатай, устаж болзошгүй ургамал хамаардаг байна.
Мал аж ахуй болон хүний хүчин зүйлээс шалтгаалж сибирь хушны үр идээг ургамлын тархац, нөөц багасаж, устаж болзошгүй эрсдэлд орсон тул Монгол Улсын Засгийн газраас 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтаар “Ховор ургамлын жагсаалт”-ын 355-д “Нарсны төрлийн модны үр” хэмээн баталж, мөн Засгийн газрын 2015 оны 410 дугаар тогтоолоор Нарсны төрлийн модны үр /ойн нарс, одой нарс, сибирь хушны үр, идээ/ болгон өөрчлөлт оруулсан буюу сибирь хушны үр, идээг ховор ургамалд хамааруулжээ.
Байгалийн ургамлын тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар иргэн ховор ургамлыг зөвхөн ахуйн болон судалгаа, шинжилгээний зориулалтаар ашиглаж болох ба судалгаа, шинжилгээ, ахуйн зориулалтаар түүж бэлтгэсэн ургамлыг орлого олох зорилгоор бусдад борлуулахыг хориглоно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэрэг нь ховор ургамлыг худалдан авсан, тээвэрлэсэн үйлдлүүдийг хийснээр төгс үйлдэгдсэнд тооцогддог хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг бөгөөд байгаль орчин, байгаль хамгаалах журам, ургамал хамгаалах, зохистой ашиглах журамд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай үйлдэл юм.
Байгалийн ургамлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ховор ургамлыг өөрийн ам бүлийн хүнсний болон ахуйн бусад хэрэгцээг хангах зорилгоор ашиглах зөвшөөрлийг Зөвшөөрлийн тухай хуульд заасан журмын дагуу олгоно гэж заасан бөгөөд шүүгдэгч нь гэр бүлийн хэрэгцээнд ашиглах зорилгоор худалдан авсан, хуулийн мэдлэггүйгээс болж самар худалдан авсан гэх тайлбар гаргасан нь үндэслэлгүй байна.
Шүүгдэгч ******** нь шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор, шууд санаатай үйлдлээр, Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Ховор ургамлын жагсаалт”-д багтсан ховор ургамал болох хуш модны самрыг зохих зөвшөөрөлгүйгээр бусдаас худалдан авч улмаар ********* улсын дугаартай “Toyota prius-41” маркийн суудлын автомашинаар Улаанбаатар хот хүртэл тээвэрлэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамал тэдгээрийн үрийг худалдан авсан, тээвэрлэсэн ” гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Шүүгдэгч ******** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамал тэдгээрийн үрийг худалдан авсан, тээвэрлэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Улсын яллагчаас “...********* Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3 дугаар заалтад зааснаар ургамлын аймагт учирсан хохирлыг нөхөн төлбөрийг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 43,911,600 төгрөг, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэх тээврийн хэрэгслийн үнэ 19,600,000 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлогод оруулах....”, шүүгдэгчээс “..хохирол төлбөрийг төлж барагдуулах тул хугацаа олгож өгнө үү ...” гэх байр суурь тус тус илэрхийлсэн.
Эрүүгийн 2408000001527 дугаартай хэрэгт гэмт хэргийн улмаас 8,782,320 төгрөгийн хохирол учирсан болох нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/603 дугаар тушаалын хавсралтад тусгаснаар 1 кг нойтон хуш модны самрын экологи-эдийн засгийн үнэлгээ нь 98,900 төгрөг, мөрдөгчийн тогтоолд дурдсаны дагуу 88,8 кг самрын экологи-эдийн засгийн үнэлгээг тооцвол 98900 төгрөг х 88,8 кг= 8,782,320 төгрөг байна.
"Байгаль орчныг хамгаалах тухай" хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтад зааснаар ойн санд учирсан хохирлын нөхөн төлбөрийг тооцоход 8,782,320 төгрөг х 3 = 26,346,960 төгрөг байна...”, мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3 дахь заалтад зааснаар ургамлын аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийг тооцвол 8,782,320х5=43,911,600 төгрөг байна...” гэсэн шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.(хавтаст хэргийн 52-54 дэх тал)
Иймд шүүгдэгч ********* гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын хэмжээг Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2022 оны А/603 дугаар тушаал, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3 дахь заалтад зааснаар 43,911,600 төгрөгөөр тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй тул уг хохирлыг шүүгдэгчээс гаргуулж, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын сангийн Төрийн сан банкны ************* тоот дансанд оруулахаар шийдвэрлэв.
Харин шүүгдэгч ******* нь 88.8 кг самрыг ойгоос хууль бусаар түүж бэлтгэсэн үйл баримт тогтоогдоогүй бусдаас худалдан авч тээвэрлэсэн байх тул "Байгаль орчныг хамгаалах тухай" хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтад зааснаар ойн санд учирсан хохирлыг өсгөн нэмэгдүүлж гаргуулах хууль зүйн үндэслэлгүй буюу хэргийн бодит байдалтай нийцэхгүй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна гэж заасан.
Шүүгдэгч ***** 88.8 кг самрыг тээвэрлэж явсан ******* улсын дугаартай “Toyota prius-41” маркийн тээврийн хэрэгсэл нь “Таван богд финанс” ББСБ-ийн эзэмшилд байгаа болох нь “Таван богд финанс ” ББСБ-ийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 42/6965 дугаартай албан бичиг, авто тээрийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн лавлагаануудаар тогтоогдож (хавтаст хэргийн 112-113 дахь тал) байх тул шүүгдэгчийн өмчлөлийн эд хөрөнгө гэж үзэж, уг тээврийн хэрэгслийг хурааж улсын орлого болгох үндэслэлгүй байна.
Хөрөнгө эстимэйт ХХК-ийн “авто машины техникийн үнэлгээний тайлан”-аар ********* улсын дугаартай “Toyota prius-41” маркийн авто машины үнэлгээг 19,600,000 төгрөгөөр тогтоосон (хавтаст хэргийн 68-69 дэх дахь) байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********** гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 19,600,000 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Шүүгдэгчээс гэм буруугийн шүүх хуралдаанаас “ гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар гаргасан” хүсэлтийг шүүх хангаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3, 5 дахь заалтад зааснаар завсарлуулсан ба шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаанд шүүгдэгч гэмт хэргийн улмаас учирсан хохиролд байгаль орчин уур амьсгалын сангийн Төрийн сан банкны 100900013040 тоот дансанд 10,000,000 төгрөгийг төлжээ.
Иймд шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас учирсан хохиролд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3 дахь заалтад зааснаар тогтоосон 43,911,600 төгрөгөөс 10,000,000 төгрөг төлснийг дурдаж, ******* 33,911,600 төгрөгийг гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын сангийн Төрийн сан банкны 100900013040 тоот дансанд олгуулах, мөн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 19,600,000 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.
Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч ********* гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********* 5800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.800.000 төгрөгийн торгох ял оногдуулах...”, шүүгдэгчээс “...боломжит хугацаагаар тогтоож өгнө үү ...“ гэх санал, дүгнэлтийг гаргав.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ялаас аль нэгийг сонгон оногдуулахаар хуульчилсан.
Шүүхээс шүүгдэгчид оногдуулах ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, ингэхдээ эрүүгийн хариуцлагын нийтлэг зорилгыг хангах, түүнчлэн гэмт үйлдлийн шинж чанар болон ял шийтгэлийн хэр хэмжээ хоорондын харьцаагаар зүй зохистой нийцсэн байх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзсэн.
Шүүгдэгч ********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Иймд шүүгдэгч ******* анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрийг төлж барагдуулахаа илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал /эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг/ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 (таван мянга дөрвөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 5,400,000 (таван сая дөрвөн зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 1 (нэг) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Эрүүгийн 2408000001527 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн албаны эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж буй 88,8 кг цайруулсан самрыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц худалдан борлуулж орлогыг улсын орлогод оруулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ***********,*********,************ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамал тэдгээрийн үрийг худалдан авсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****** 5400 (таван мянга дөрвөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 5,400,000 (таван сая дөрвөн зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****** оногдуулсан 5400 (таван мянга дөрвөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 5,400,000 (таван сая дөрвөн зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 1 (нэг) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *********** нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3 дахь заалтад зааснаар ******** 33,911,600 (гучин гурван сая есөн зуун арван нэгэн мянга зургаан зуу) төгрөгийг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын сангийн Төрийн сан банкны 100900013040 тоот дансанд олгосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх заалтад зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан ******** улсын дугаартай “Toyota prius-41” маркийн маркийн тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигч “Таван богд финанс ” ББСБ-д олгож, уг тээврийн хэрэгслийн үнэ 19,600,000 (арван есөн сая зургаан зуун мянга) төгрөгийг шүүгдэгч ******** гаргуулж, улсын орлогод оруулсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн албаны эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж буй 88,8 кг цайруулсан самрыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц худалдан борлуулж орлогыг улсын орлогод оруулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
8. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
9. Шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ********** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ