2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 2025/ШЦТ/208

 

  

                                 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нарангэрэл,

улсын яллагч Н.Анхбаяр,

шүүгдэгч *********** нарыг оролцуулан тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********** холбогдох эрүүгийн 2408 00000 1998 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  Монгол улсын иргэн, ***** оны **** дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ******* дугаар хороо, ****** тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, ******,*,*********,**********);

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ********** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Нэг: Шүүгдэгч ******** нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний “өөрийгөө өмгөөлөх” эрхийг хангасан болохыг тэмдэглэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Эрүүгийн 2408 00000 1998 дугаартай хэргээс:

Улсын яллагчаас хохирогч ********** мэдүүлэг (хавтаст хэргийн 6-7 дахь тал),  Шүүх шинжилгээний ерөнхий  газрын 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 174 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 10-11 дэх тал), шүүгдэгч ******** яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23 дахь тал), “...манай  нөхрийг хүн зодчихсон  байна...” гэх дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 03 дахь тал)  зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

 

Шүүгдэгч нь “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талууд гаргаагүйг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн 2408000001998  дугаартай хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн тогтоогдсон, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Хоёр. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч, улсын яллагч шүүгдэгчийн гэм бурууг нотлох, яллах байр суурьтай оролцсон болно.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч ******* нь 2024 оны 11 дүгээр сарын 26-27-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо Шинэ толгойт хорооллын үйлчилгээний төвд хохирогч ******* үл ялих зүйлээс шалтгаалан  түүнтэй маргалдаж, ам хэсэг рүү нь гараараа 1 удаа цохиж, эрүүл мэндэд нь “доод уруулын дотор салстад язарсан шарх, зүүн доод 1-р шүдний булгарал” бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож, уг хэрэгт шүүгдэгч ***** гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

 

  Энэ үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч ****** өгсөн...”2024 оны 11 дүгээр сарын 26-ны орой 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Шинэ толгойт хорооллын үйлчилгээний төв дотор найз ************* ажил дээр нь очоод хамт 0.5 литрийн Экспорт нэртэй архи 2 шилийг хувааж ууж дуусаад 23 цаг өнгөрч байхад ******* дуудсан. ********ирэхээр нь 0.75 литрийн Экспорт нэртэй архи 1 шилийг **** бид гурав хувааж уугаад би согтоод унтсан байсан. 2024 оны 11 дүгээр сарын 26-27-нд шилжих шөнө 04 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ********* дугаар хороо. Шинэ толгойт хорооллын үйлчилгээний төв дотор найз *********н ажил дээр унтаж байтал ******* намайг сэрээх гээд гараараа хацар дээр нь алгадсан. Би согтуудаа нойроо харамлаад босож ирээд ********заамдалцаж маргалдсан. Гэтэл ******* миний амруу гараараа нэг удаа цохиод миний доод уруул дотор талдаа язарч үүдэн доод 1 шүд унасан...миний шүд уначихлаа гэж хэлээд **** бид хоёр маргалдахаа больсон”....гэсэн мэдүүлэг  (хавтаст хэргийн 6-7 дахь тал),

           Шүүх шинжилгээний ерөнхий  газрын 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 174 дугаартай...”********* биед доод уруулын дотор салстад язарсан шарх, зүүн доод 1-р шүдний булгарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо  зүйлийн  нэг удаагийн  үйлчлэлээр цохих үйлдлээр  үүснэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид  ерөнхий хөдөлмөрийн чадварыг 10 хувиар  тогтонги  алдагдуулна. Дээрх гэмтлүүд  нь 1-2 хоног  доторх хугацаанд үүссэн байна...” гэсэн  шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 10-11 дэх тал),

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд ****** яллагдагчаар өгсөн ”....би 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 700.000 төгрөг **** өөрийнх нь данс руу шилжүүлж өгсөн...би өөрийн хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна”....гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23 дахь тал),

“...манай  нөхрийг хүн зодчихсон  байна...” гэх дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 03 дахь тал)  зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргүүд нь материаллаг бүрэлдэхүүнтэй буюу гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг бодитой учирсан байхыг шаардана. Тодруулбал энэ төрлийн гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив талын заавал байх, зайлшгүй тогтоох шинж нь шалтгаант холбоо юм.

 

Хохирогч *** эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгч ******** түүний нүүр, ам  хэсэг рүү нь гараараа цохисон идэвхтэй үйлдлийн улмаас үүсгэгдсэн шалтгаант холбоо тогтоогдсон, шүүгдэгч нь бусдын бие мах бодид халдвал аливаа хохирол учрах боломжтой гэдгийг мэдэж, ухамсарласан атлаа хохирол, хор уршигт үйлдлээрээ зориуд хүргэсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдлээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.

Шүүгдэгч ******* дээрх хууль бус үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэл бүхий, түүний гэм буруутай үйлдэлд тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч ******** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

           Эрүүгийн 2408000001998 дугаартай хэрэгт хохирогчоор тогтоогдсон ******** эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч эмчилгээний зардлын баримт шүүхэд ирүүлээгүй бөгөөд шүүгдэгчээс 700,000 төгрөг авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 07 дахь тал), шүүгдэгч ******** нь хохирогчийн *********** тоот дансанд 700,000 төгрөгийг шүдний эмчилгээ гэх утгатай 2024  оны 12 дугаар сарын 04-ний өдөр шилжүүлсэн баримт хавтаст хэрэгт авагджээ.  

          

           Улсын яллагчаас шүүхийн хэлэлцүүлэгт “...хохирогчийн хөдөлмөрийн чадварыг 10 хувиар  алдагдуулсан  тул шүүгдэгчээс сэтгэцэд учирсан хор  уршгийн зардлыг гаргуулж хохирогчид  олгох ...” байр суурь илэрхийлсэн.

 

           Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, түүнд нийцүүлэн гаргасан Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын дагуу “хоёрдугаар” зэрэглэл тогтоогдсон боловч хохирогч сэтгэцэд учирсан хор уршгийн зардал нэхэмжлэхээс татгалзсан (хавтаст хэргийн 63 дахь тал)  бөгөөд  улсын яллагчийн  хүсэлтийг хүлээн авч, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зардалд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 3,300,000 төгрөгийг шүүгдэгч ******** гаргуулж, хохирогч ******* олгохоор шийдвэрлэв.

 

Хохирогч нь цаашид энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.

 

Гурав.  Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий өнгийн 1.4 дүгээр зүйлд заасан “гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч ********* гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Улсын яллагчаас “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******** 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800,000 (найман зуу мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах...” гэсэн санал, дүгнэлтийг гаргав.

 

Шүүхээс шүүгдэгчид оногдуулах ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, ингэхдээ эрүүгийн хариуцлагын нийтлэг зорилгыг хангах, түүнчлэн гэмт үйлдлийн шинж чанар болон ял шийтгэлийн хэр хэмжээ хоорондын харьцаагаар зүй зохистой нийцсэн байх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзсэн. 

 

Шүүгдэгч ********* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрийг төлж барагдуулсан байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800,000 (найман зуу мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 5 (тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн 2408000001998 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                                                                    

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *************,*********,*********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********* 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800,000 (найман зуу мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******** оногдуулсан 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800,000 (найман зуу мянга) төгрөгөөр торгох ялыг 5 (тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********** нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгасугай.

 

  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ******* хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зардалд 3,300,000 (гурван сая гурван зуун мянга) төгрөг гаргуулж, хохирогч *********  олгосугай.

 

6.Хохирогч ********* цаашид энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

8. Шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ************ авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.        

 

 

 

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Г.ЭНХЦЭЦЭГ