Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 151/ШШ2019/00326

 

2019 оны 03 сарын 22 өдөр

дугаар 151/ШШ2019/00326

Төв аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  БО ХХК -ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

Орон сууц, барилга, газрын үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг 2019 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.”““, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.”““, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ч.Буяндэлгэрэхням нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.”““ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч тал Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2018 оны 4 дүгээр сард нэхэмжлэл гаргасан байдаг. Хан үнэлэмж үнэлгээний компанийн үнэлгээчин Адъяасүрэнгийн хөрөнгө үнэлсэн үнэлгээ байдаг. Төв аймгийн Зуунмод сумын Нацагдорж, 5 дугаар баг, 19-34 тоот байрлах 29 метр квадрат 2 өрөө орон сууцыг 26.100.000 төгрөгөөр, Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар баг, 1 дүгээр гудамж усны аж ахуйн үйлдвэрийн зориулалттай 1 давхар 150 метр квадрат талбайтай барилгыг 28.665.000 төгрөгөөр, тухайн барилгын газар болох 1.418 метр квадрат талбайтай газрыг 7.090.000 төгрөг тус тус үнэлснийг хүчингүйд тооцуулахаар нэхэмжлэл гаргасан. Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн шүүхэд 2019 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн 10 дугаартай Голомт банк-ны нэхэмжлэлтэй БО ХХК-д холбогдох иргэний хэрэгт 357.336.215 төгрөгийн нэхэмжлэлтэй иргэний хэрэг 2017 оны 12 дугаар сарын 1 өдөр эвлэрлийн гэрээ байгуулж шийдвэрлэгдсэн. БО ХХК нь Голомт банк-тай өмнө нь зээлийн гэрээ болон ипотекийн гэрээ байгуулсны үндсэн дээр тухайн төлбөрийг төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулсан. 2017 оны 12 дугаар сарын 1 өдрийн хугацаа дуусахад Голомт банк-наас шүүхэд хүсэлт гаргасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гүйцэтгэх хуудас хүргүүлж албадан гүйцэтгүүлэх ажиллагаа явуулсан. Үүний дагуу үнэлгээ хийлгүүлсэн. Үйлдвэрийн газар нь гүний худагтай, 380вт цахилгааны хүчдэлийн шугам татагдсан, дэд бүтэц шийдэгдсэн, сэргээгдэх эрчим хүчний барилгын ажил эхэлж байгаагаас тухайн газрын үнэ цэнэ харагдаж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас тухайн хөрөнгүүдийг үнэлгээний төвөөр үнэлүүлсэн. Төв аймгийн Зуунмод сумын Нацагдорж, 5 дугаар баг, 19-34 тоот 29 метр квадрат 2 өрөө орон сууцыг 35.505.000 төгрөгөөр үнэлсэн байдаг. Хан үнэлэмж хөрөнгийн төвийн үнэлгээ нь тухайн орон сууцыг 29 метр квадрат талбайгаар хэмжиж үнэлсэн байдаг. Харин хөрөнгийн үнэлгээний төв 50.2 метр квадрат талбайтайгаар үнэлсэн. Хан үнэлэмж ХХК-ийн үнэлгээ зах зээлийн үнэлгээгээр үнэлээд тухайн орон нутаг дахь хөрөнгийн үнэд үржүүлэн гаргасан байна. Тухайн байр нь хэмжихэд 50.2 метр квадрат талбайтай байхад Хан үнэлэмж үнэлгээний төв улсын бүртгэлийн гэрчилгээ дэх хэмжээгээр тогтоосон байдаг. Шинжээч тухайн хөрөнгийг үнэлэхдээ хэмжилт хийгээгүй нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан тухайн хөрөнгийг үнэлэхдээ шинж чанар, онцлог шинжийг харгалзан үзэж тайлбар гаргах үүргийг хүлээгээгүй байна. Ингэснээр төлбөр төлөгчийн хөрөнгийг үнэгүйдүүлж байх тул хүчин төгөлдөр бусад тооцуулах хүсэлтэй байна. Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар баг 1 дүгээр гудамж усны аж ахуйн үйлдвэрийн зориулалттай 1 давхар 150 метр квадрат талбайтай байр газрыг шинжээч 28.665.000 төгрөгөөр үнэлсэн. Хөрөнгийн үнэлгээний төвийн үнэлгээгээр 100.637.000 төгрөгөөр үнэлсэн байдаг. Голомт банк-ны ипотекийн гэрээгээр тухайн банк 150.000.000 төгрөгөөр үнэлж барьцаанд авсан байдаг. Хан үнэлэмж үнэлгээний төвийн шинжээч тухайн байрны улсын бүртгэлийн гэрчилгээн дэх 150 метр квадратаар хэмжиж бодсон, хөрөнгийн үнэлгээний төвийн шинжээч очиж хэмжиж үзэхэд барилгын ашигтай талбай 229.3 метр квадрат талбай байна. Үл хөдлөх хөрөнгө гэдэг нь тухайн хөрөнгөөс салгаж болохгүй зүйлсийг хамааруулан авч үздэг байхад Хан үнэлэмж үнэлгээний төв нь тухайн барилгын гүний худаг, цахилгаанд холбогдсон байдал зэргийг үнэлээгүй байна. Хан үнэлэмж болон хөрөнгийн үнэлгээний төв зах зээлийн харьцуулан шинжих аргааг үнэлсэн байна. Зах зээлийн харьцуулан шинжих арга нь тухайн орон сууц зах зээлд ямар үнэ өртөгтэй байна түүнтэй адилтгаж үнэлэх арга байдаг. Хөрөнгийн үнэлгээний төв өртгийн хандлагын аргаар үнэлж үзэхэд 220.000.000 төгрөгөөр үнэлэгдэж байна. Энэ арга нь тухайн барилгын баригдсан хөрөнгө, элэгдлийг тооцож үнэлгээг тогтоодог байна. Хан үнэлэмж хөрөнгийн үнэлгээний төв хөрөнгийг үнэлэхдээ үнэгүйдүүлж байх тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.”““ шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн 10 дугаар Зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар БО ХХК-аас 357.336.215 төгрөгийг гаргуулан Голомт банк-д олгох нэхэмжлэлтэй, тус шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 412 дугаартай шийдвэр гүйцэтгэх хуудсыг манай газар 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн талуудад мэдэгдсэн. 2017 оын 8 дугаар сарын 21-ний өдөр шийдвэр гүйцэтгэгч Халиун БО ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.”““тэй уулзаж Голомт банк-тай холбоотой төлбөрийг 2 сарын хугацаанд багтааж төлөх талаар тайлбарлаж тэмдэглэл үйлдсэн. Үүнээс хойш шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн тогтоосон хугацаанд төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг хангаагүй тул БО ХХК-аас Голомт банк-ны барьцаанд тавьсан хөрөнгө болох Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар баг, 1 дүгээр гудамж Усны аж ахуйн б-3-3 дахь хэсэгт байрлах 1.418 метр квадрат газар болон уг газар дээр байрлах 150 метр квадрат үйлдвэрийн зориулалттай барилга, Төв аймгийн Зуунмод сумын Нацагдорж, 5 дугаар баг, 19-34 тоотод байрлах 29 метр квадрат 2 өрөө орон сууцыг тус тус 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр эд хөрөнгө битүүмжлэх ажиллагааг явуулсан. Энэ ажиллагааг явуулахад хариуцагч талын итгэмжлэгдсэн төлөөлөгч “““ өөрөө байлцсан. 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн дотор үүргийн гүйцэтгэлийг төлж барагдуулах тухай дахин мэдэгдсэн. Үүргийн гүйцэтгэл хангагдаагүй тул 2018 оны 2 дугаар сарын 6-ны өдөр дээрх хөрөнгүүдийг хураах ажиллагааг явуулахад БО ХХК-г төлөөлөн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.”““ оролцсон. Эд хөрөнгө хураах тогтоолд 2018 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн дотор үүргийн гүйцэтгэлийг төлж барагдуулах тухай тогтоосон. 2018 оны 2 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл ямар нэгэн үүргийн гүйцэтгэл хийгдээгүй. Иймд шийдвэр гүйцэтгэгч хураасан эд хөрөнгийг 2 сарын дотор албан дуудлага худалдаанд оруулах үүрэгтэй байдаг тул 2018 оны 3 дугаар сарын 5-ны өдөр Хан үнэлэмж ХХК-ийн шинжээч Адъяасүрэнг шинжээчээр томилсон. Эрх үүргийг тайлбарласан. 2018 оны 4 дүгээр сарын 5 өдөр шинжээчийн дүгнэлт гарсан. Эд хөрөнгө хураахад үнийн саналын талаар саналыг авсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу эд хөрөнгө хураах хэсгийн төлбөр төлөгчөөс үнийн саналыг БО ХХК-г төлөөлж оролцсон итгэмжлэгдсэн төлөөлөгч “““ээс үнийн санал тогтоохгүй үнэлгээ тогтоолгоно гэсэн тул гэрээ хийж үнийн санал авснаар тооцсон. 2018 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр шинжээчийн дүгнэлт гарсан. Уг шийдвэрийг 2018 оны 4 дүгээр сарын 9 өдөр хүлээн авсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр эд хөрөнгийн эзэмшигч Н.Бадралд, БО ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.”““ нарт мэдэгдсэн. 2018 оны 4 дүгээр сарын 13 өдөр нэхэмжлэгч тал үнэлгээтэй холбоотой гомдлыг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч тал 2019 оны 1 дүгээр сарын 19 өдөр Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан байдаг. Нэхэмжлэлтэй танилцахад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дэх хэсэгт заасан гомдол гаргах хугацаа хэтрүүлсэн гэж үзэж байна гэжээ.

 

Шүүх, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ: 

Шүүх, БО ХХК-ийн Төв аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах-ыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан баримтаас үзэхэд тус шүүхийн шүүгчийн 2017 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн 151/ШШ2017/00010 дугаар шүүгчийн захирамжаар Голомт банкны БО ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний төлбөрт 357.336.215.25 төгрөгийг гаргуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө, барьцаа хөрөнгө хүрэлцэхгүй тохиолдолд бусад хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн /хх54-55/,

 

БО ХХК нь 2017 оны 12 дугаар сарын 01-ний дотор Голомт банкинд 357.336.215.25 төгрөгийг төлж барагдуулахаар тохиролцсон боловч тогтоосон хугацаанд үүргээ биелүүлээгүй нь улмаас 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 151/ГХ2017/00412 дугаар гүйцэтгэх хуудас бичигдсэн /хх 56/,

 

Хариуцагч 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдөр 17200553 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн /хх 57/,

2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 17200553/02 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор Төв аймаг, Зуунмод сум, 5 дугаар баг, Нацагдорж УАА-н 1 дүгээр гудамж УАА-н хэсэгт байрлах 1418 м.кв эзэмшлийн газар,

мөн газарт байрлах 150м.кв талбайтай үйлдвэрийн зориулалттай барилга,

2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 17200553/04 эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор Төв аймаг, Зуунмод сум, 5 дугаар баг, 19 дүгээр байр, 34 тоотод байрлах 2 өрөө орон сууцыг битүүмжилсэн,

2018 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 17200553/07, 17200553/05 дугаар эд хөрөнгө хураах тогтоолуудаар дээрх эд хөрөнгүүдийг хурааж, хөрөнгийн үнэлгээний талаарх санал гаргаагүй талаар тогтоолд дурдсан /хх 60-65, 71-76/,

2018 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 03/03, 03/05, 03/06 дугаартай Шинжээч томилох тухай тогтоолоор дээрх үл хөдлөх эд хөрөнгө тус бүрт Хан-Үнэлэмж ХХК-ийг үнэлгээ тогтоох шинжээчээр томилж, шинжээчид эрх үүргийг танилцуулсан /хх79-82/,

2018 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Хан-Үнэлэмж ХХК нь ...Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар баг, УАА-хэсгийн үйлдвэрийн зориулалттай нэг давхар барилгын үнэлгээ 28.665.000 төгрөг, 1418м.кв газрын үнэлгээг 7.090.000 төгрөг, Төв аймаг, Зуунмод сумын 5 дугаар баг, Нацагдорж 19 дүгээр байр 34 тоотын 29м.кв 2 өрөө орон сууцыг 26.100.000 төгрөгөөр тус тус үнэлсэн тайланг ирүүлсэн /хх 83-95/,

Тус тайланг 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 1/392 дугаар албан бичгээр БО ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.”““ /хх 96/,

2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 1/395 дугаар албан бичгээр БО ХХК-ийн захирал Н.Бадралд /хх-97/ нарт мэдэгдсэн байх ба эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдол гаргах эрхтэй болохыг 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр танилцуулсан болох нь дээр дурдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар маргаагүй бөгөөд дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэлгээг ...үнэгүйдүүлсэн, м.кв хэмжээгүй... гэж маргаж тайлбарлаж байна.

 

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар гомдлоо мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэснийг зөрчин үнэлгээг хүчингүй болгуулах гомдлоо дахин гаргасан гэж тайлбарлаж маргаж байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сонинбайгалийн нэхэмжлэл гаргах эрх нь БО ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 07 дугаар итгэмжлэл олгосон /хх-6/ албан бичгээр тодорхойлогдож байна.

 

Мөн түүнчлэн хэрэгт авагдсан тус шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 151/ШЗ2018/01902 дугаар Нэхэмжлэлийг буцаах тухай /хх 134/,

Үндэслэл нь: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2, 123 дугаар зүйлийн 123.1-д зааснаар нэхэмжлэгч хүндэтгэн үзэх шатлгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул БО ХХК-ийн Төв аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан орон сууц, барилга, газрын үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг буцаасан.

Мөн 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 151/ШЗ2018/02484 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай /хх 103-104/,

Үндэслэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5, 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан тул БО ХХК-ийн Төв аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан орон сууц, барилга, газрын үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн,

Мөн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 151/ШЗ2018/03526 дугаар Нэхэмжлэлийг буцаах тухай /хх 105-106/,

Үндэслэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2, 123 дугаар зүйлийн 123.1-д зааснаар нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шатлгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, хариуцагч нь нэхэмжлэлийг буцаах хүсэлт гаргасныг хүлээн авч, БО ХХК-ийн Төв аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан орон сууц, барилга, газрын үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг тус тус буцаасан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан.

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Төв аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан орон сууц, барилга, газрын үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр гаргасан байх бөгөөд шүүх 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн болох нь тус шүүхийн шүүгчийн 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Хүсэлт шийдвэрлэх тухай захирамжаар тогтоогдож байна.

Тус нэхэмжлэлийг дээр дурдсан шүүгчийн 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 151/ШЗ2018/01902 дугаар захирамжаар нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д зааснаар шүүгчийн захирамжид нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүгчийн захирамж гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсан байх бөгөөд энэ захирамжид зохигч гомдол гаргаагүй болно.

 

Зохигч захирамжид гомдол гаргаагүйгээс үзэхэд тухайн захирамж нь хуулийн хүчин төгөлдөр болсон гэж үзнэ.

 

Өөрөөр хэлбэл: БО ХХК-ийн Төв аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан орон сууц, барилга, газрын үнэлгээг хүчингүй болгуулах тухай 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр гаргасан нэхэмжлэл нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан хугацаа хэтрүүлэн гаргасан гомдол гэж үзнэ.

 

Мөн түүнчлэн хариуцагч Төв аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирүүлсэн хөрөнгийн үнэлгээний тайланг /хх83-95/, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Хөрөнгийн үнэлгээний төвийн хөрөнгө үнэлсэн баримтаар /хх142-210/ үгүйсгэж тайлбарлаж байх хэдий ч тухайн хөрөнгийн үнэлгээний төвийн хөрөнгө үнэлсэн баримт нь хэрэгт авагдсан өөр бусад бичгийн баримтаар /тайлбар болон тухайн үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэлгээ нь/ давхар нотлогдохгүй байх тул хуульд зааснаар шинжээч томилж, үнэлгээ гаргуулсан дүгнэлтээс илүүд үзэх үндэслэлгүй байна.

 

Иймд БО ХХК-ийн Төв аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан орон сууц, барилга, газрын үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ НЬ:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар БО ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох орон сууц, барилга, газрын үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Тус шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 151/ШЗ2019/00517 дугаар шүүгчийн захирамж нь энэ шийдвэр хүчин төгөлдөр болсноор дуусгавар болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурьдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.АЛТАНТУУЛ