| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 195/2025/0091/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/258 |
| Огноо | 2025-01-23 |
| Зүйл хэсэг | 11.4.1., 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Т |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 2025/ШЦТ/258
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нарангэрэл,
улсын яллагч Д.Түмэнжаргал,
насанд хүрээгүй хохирогч ******** хууль ёсны төлөөлөгч *********,
хохирогч *********,
шүүгдэгч ************* нарыг оролцуулан тус шүүхийн “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********* холбогдох эрүүгийн 2408 02623 1449 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ***** оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ****** дугаар хороо ********* тоотод оршин суух,
урьд нь Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 2020/ШЦТ/221 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 цагийн нийтэд тустай ажил хийх ял,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 918 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сар 8 хоногийн хорих ял шийтгүүлсэн, **********,********,********
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ********** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах“, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг.Шүүгдэгч *********** нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний “өөрийгөө өмгөөлөх” эрхийг хангасан болохыг тэмдэглэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
шүүгдэгч ********* шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч нарт учруулсан хохирлыг төлж барагдуулна...” гэв.
хохирогч ****** нь шүүхийн хэлэлцүүлэгт “...би хүүхдийнхээ сүүг дэлгүүрээс авах гээд миний хүү миний ард дугуйтай явж байсан. Гэнэт гудамжнаас нэг эмэгтэй авраарай туслаарай гээд л гараад ирсэн. Орой гэгээ тасарсан байсан. Яваад очтол зайл гээд миний хүү рүү дайраад байсан. Удаагүй байж байтал 2 хүн гэнэт гараад ирсэн. Гомдолтой байгаа. Нүүр зулгарсан. Үс халцарсан...” гэв.
насанд хүрээгүй хохирогч ********** хууль ёсны төлөөлөгч ********* шүүхийн хэлэлцүүлэгт “...Хүү өмнө нь айдастай байсан. Хүүгийн сэтгэл санаа одоо хичээлдээ яваад жаахан тайвширч байгаа. Хуулийн дагуу шийдэж өгнө үү...” гэв.
Эрүүгийн 2408026231449 дугаартай хэргээс:
Улсын яллагчаас хохирогч ********** мэдүүлэг (хавтаст хэргийн 9,11,13 дахь тал), насанд хүрээгүй хохирогч ********** мэдүүлэг (хавтаст хэргийн 18-20 дахь тал), гэрч ******** мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26 дахь тал), Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 9405 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 28-29 дэх тал), Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 9403 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 37-38 дахь тал), Шүүх шинжилгээний ерөнхий газрын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 932 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 45-47 дахь тал), Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосон маягтаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хохирогч ******** сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар “...хүснэгтээр хоёрдугаар зэрэглэл....”(хавтаст хэргийн 32 дахь тал), шинжээч эмч ******** мэдүүлэг (хавтаст хэргийн 35, 44 дэх тал), ******** бичгээр гаргасан “...шүүх эмнэлэгт үзүүлэхээр тогтоол авч явсан боловч шүүх эмнэлэгт үзүүлээгүй цаашид шүүх эмнэлэгт үзүүлэхүй миний биед учирсан гэмтэл шарх бүрэн эдгэрсэн тул шүүх эмнэлэгт үзүүлэхгүй надад ямар нэгэн гомдол санал байхгүй, сэтгэл санааны хохирол тогтоолгохгүй...”гэх хүсэлт (хавтаст хэргийн 57 дахь тал), ******* бичгээр гаргасан “...шүүх эмнэлэгт үзүүлэхгүй...” гэх хүсэлт (хавтаст хэргийн 59 дэх тал), эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл (хавтаст хэргийн 62 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 79 дэх тал), ял шийтгэл биелсэн талаарх лавлагаа (хавтаст хэргийн 98,99 дэх тал),насанд хүрээгүй хохирогчийн нас тоолсон тэмдэглэл (хавтаст хэргийн 103 дахь тал), “...2 согтуу хүн манай эхнэр хүүхдийг зодсон байна...” гэх дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 05 дахь тал), гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 04 дэх тал) зэргийг шинжлэн судална гэв.
|
|
Шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, хохирогч нар нь “нэмэлтээр” шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талууд гаргаагүйг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн 2408026231449 дугаартай хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн тогтоогдсон, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Хоёр. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч, улсын яллагч шүүгдэгчийн гэм бурууг нотлох, яллах байр суурьтай оролцсон болно.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:
шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 07 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Баянхошууны 8 дугаар гудамжинд хамтран амьдрагч ******* зодлоо гэх шалтгаанаар хохирогч ***** үсдэж чирч газарт унаган, нүүрэн тус газарт өшиглөж, зодсоны улмаас түүний эрүүл мэндэд нь “биед баруун алганд шарх, зөөлөн эдийн няцрал, дух хамрын нуруу, үзүүр, баруун, зүүн өвдөгт зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн цаг хугацаанд бага насны хүүхэд буюу 13 нас 9 сар 13 хоногтой ****** “ээжийгээ өмөөрлөө” гэх шалтгаанаар нүүр хэсэг рүү нь гараараа түлхэж газарт унагаж цохиж зодон эрүүл мэндэд нь “биед баруун богтос ясны далд хугарал, баруун зүүн өвдөгт зулгаралт гэмтэл” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож, уг хэрэгт шүүгдэгч ******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.
Энэ үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч ***** “...би өнөөдөр буюу 2024 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн 22 цаг 50 минутын үед өөрийн хадмын гэр болох Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Баянхошууны ******** тоотоос дэлгүүр орох гээд өөрийн том хүү ***** хамт гараад Баянхошууны 8 дугаар гудамжинд явж байхад үл таних 25-30 орчим насны эмэгтэй хүн туслаарай гээд орилоод байхаар нь хүү ******** хамт очоод зүгээр үү гээд асуухад шаа пизда минь зайл гэхээр нь за за гэж хэлээд дэлгүүр лүүгээ явах гээд байж байхад тухайн эмэгтэйн нөхөр нь гээд үл таних 25-30 орчим насны шар үстэй залуу болон 20-25 орчим настай 2 залуу ирсэн тухайн орилоод байсан эмэгтэй энэ хоёр хүн намайг зодчихлоо гээд хэлсэн чинь тухайн эмэгтэйн нөхөр нь миний хүүг үсдэж чирээд нүүр лүү нь 5-10 удаа цохиод толгой рүү нь дэвсээд өшиглөөд байхаар нь болиоч ээ гээд очиход орилоод байсан эмэгтэй намайг үсдэж газар унагаасан чинь нөхөр нь миний толгой хэсэг рүү 3-4 удаа өшиглөөд үсдэж чирээд байж байхад тухайн хүмүүсийн гэр бүлийнхэн нь гэрээсээ гарч ирээд бид нарыг салгахаар нь цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгөх болсон...миний дух хамар хэсгээр зулгарсан байна. Мөн эрүү хэсэг лүү тухайн залуу нь өшиглөсөн их өвчтэй байна. Мөн 2 өвдөг зулгарсан. Толгойн баруун тал хөндүүртэй байна. Миний хүү ********баруун гар нь хөдөлж чадахгүй, 2 өвдөг нь шалбарсан, толгойн баруун, зүүн дагз хэсгээр хөндүүртэй, баруун гарын хуруунууд нь зулгарсан байна. Би тухайн орилоод байсан хүүхнийг жирэмсэн байсан учир биед нь хүрч чадаагүй...********* биед учирсан гэмтэл шархыг тухайн шар өнгийн үстэй эрэгтэй хүн учруулсан...бид 2-т эмчилгээний зардалтай холбоотой гаргаж өгөх эмчилгээний баримт байхгүй...” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 9, 13 дахь тал),
мөрдөн шалгах ажиллагааны шатанд насанд хүрээгүй хохирогч ******* “...тухайн үед би өөрийн төрсөн ээж болох ******* дээр өөрийн унадаг дугуйтай явж очиход гудамжинд үл таних эмэгтэй хүн хамраас цус гарчихсан байдалтай зогсож байсан...би тухайн эмэгтэй хүн дээр очоод яагаад байгаа бэ гэсэн чинь тухайн эмэгтэй хүн надад хандаж чи дугуйгаа аваад зайл гээд маргалдаад байж байхад цаанаас шар өнгийн үстэй эрэгтэй хүн цаанаас гарч ирсэн чинь тухайн эмэгтэй хүн тухайн өнгийн үстэй эрэгтэй хүнд хандаж энэ 2 хүн намайг нийлж зодсон гэж хэлсэн чинь тухайн шар өнгийн үстэй эрэгтэй миний баруун талын хацар хэсэг рүү гараараа түлхээд миний үснээс зулгаагаад урагш нь хүчтэй татах үед би газарт унасан бөгөөд би тухайн үед баруун талын гар болон мөр хэсгээ дарж газарт унасан бөгөөд тухайн шар өнгийн үстэй эрэгтэй хүн намайг газарт унагачхаад миний дээрээс дарж байгаад миний нүүр хэсэгт гараараа нэлээн хэдэн удаа цохисон юм. Би яг хэдэн удаа цохисон талаар сайн санахгүй байна. Тэгээд би 2 гараараа толгойгоо хамгаалаад хэвтэж байхад тухайн шар өнгийн үстэй эрэгтэй хүн миний толгой хэсэг рүү дэвсээд байсан бөгөөд тухайн үед би 2 гараараа толгойгоо хамгаалчихсан байсан учир тухайн шар өнгийн үстэй эрэгтэй хүн миний 2 гар руу бас давхар дэвсээд байсан юм. Тэгээд тухайн шар өнгийн үстэй эрэгтэй хүнийг ****** гэдэг бөгөөд би сүүлд нь цагдаагийн байгууллага дээр ирээд нэрийг нь мэдсэн...******* гэх эрэгтэй хүн манай ээж ********* бие рүү өшиглөх үед манай ээж...газарт уначихсан тухайн шар өнгийн үстэй эрэгтэй хүн ээжийн толгой хэсэг рүү өшиглөөд байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 18-20 дахь тал),
мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч ******** “...хүнтэй уулзах гээд гараад явж байхад гудамжинд унадаг дугуйтай хүн гарч ирээд намайг мөргөчихсөн юм тэгэхээр нь би тухайн унадаг дугуйтай эрэгтэй хүүхдэд хандаж яаж байгаа юм бэ гэсэн чинь цаанаас нэг үл таних эмэгтэй хүн гарч ирээд өлөгчин минь чи юу гээд байгаа юм гэхээр нь би чамтай яриагүй байна гэсэн чинь тухайн үл таних эмэгтэй миний үснээс эхлээд гараараа зулгаахаар нь би тухайн үл таних эмэгтэй хүний үснээс зөрүүлээд гараараа зулгаасан чинь тухайн үед унадаг дугуйтай гарч ирсэн эрэгтэй хүүхэд миний нүүр хэсэгт нэг удаа цохисон юм тухайн хүүхэд юугаар цохисон талаар би сайн мэдэхгүй байна. Тэгсэн миний хамраас цус гараад би доошоо тонгойгоод байж байхад цаанаас манай хамтран амьдрагч ******* гарч ирээд юу болсон талаар асуугаад тухайн эмэгтэй хүнтэй маргалдаад байж байхад тухайн үед унадаг дугуйтай гарч ирсэн эрэгтэй хүүхэд манай хамтран амьдрагчийн хоолойноос боогоод манай хамтран амьдрагч газарт унасан чинь...үснээс нь зулгаагаад байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26 дахь тал),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 9405 дугаартай “...********* биед баруун алганд шарх, зөөлөн эдийн няцрал, дух хамрын нуруу, үзүүр, баруун, зүүн өвдөгт зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 28-29 дэх тал),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 9403 дугаартай “...******** биед баруун богтос ясны далд хугарал, баруун зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй....” гэсэн шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 37-38 дахь тал),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээний 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 932 дугаартай “...хохирогч ********* ***********-н сэтгэцэд 2024 оны 07 дугаар сарын 11-ний өдөр үйлдэгдсэн гэмт хэргээс шалтгаалж гэмтлийн дараас стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хөнгөн түвшинд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарна. Хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн өөрчлөлт нь түр зуурын эсхүл байнгын эсэх нь цаашид хэрхэн нөлөөлөх нь хүүхдийн өөрийн сэтгэл зүйн онцлог, гэр бүлийн дэмжлэгт орчин, цаашдын сэтгэл зүйн тусламж үйлчилгээ авах зэргээс хамаарах тул урьдчилан тогтоох боломжгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 45-47 дахь тал),
Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосон маягтаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хохирогч ******* сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэл....”гэсэн баримт (хавтаст хэргийн 32 дахь тал),
Шинжээч эмч ********** “...баруун гарын алганд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд нь дан дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 35 дахь тал),
шинжээч эмч ********* биед учирсан богтос ясны хугарал гэмтэл нь дангаараа хохирлын хүндэвтэр зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй...богтос ясны гэмтэл нь унах болон цохих цохигдох хүчин зүйлийн аль алинд нь үүсэх боломжтой...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 44 дэх тал),
******** бичгээр гаргасан “...шүүх эмнэлэгт үзүүлэхээр тогтоол авч явсан боловч шүүх эмнэлэгт үзүүлээгүй цаашид шүүх эмнэлэгт үзүүлэхүй миний биед учирсан гэмтэл шарх бүрэн эдгэрсэн тул шүүх эмнэлэгт үзүүлэхгүй надад ямар нэгэн гомдол санал байхгүй, сэтгэл санааны хохирол тогтоолгохгүй...” гэх хүсэлт (хавтаст хэргийн 57 дахь тал),
********** бичгээр гаргасан “...шүүх эмнэлэгт үзүүлэхгүй...” гэх хүсэлт (хавтаст хэргийн 59 дэх тал),
насанд хүрээгүй хохирогчийн нас тоолсон тэмдэглэл (хавтаст хэргийн 103 дахь тал), “...2 согтуу хүн манай эхнэр хүүхдийг зодсон байна...” гэх дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 05 дахь тал), гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 04 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргүүд нь материаллаг бүрэлдэхүүнтэй буюу гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг бодитой учирсан байхыг шаардана. Тодруулбал энэ төрлийн гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив талын заавал байх, зайлшгүй тогтоох шинж нь шалтгаант холбоо юм.
Хохирогч ********* эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирол нь шүүгдэгч ******* үсдэж, газарт унаган үснээс нь чирсэн, насанд хүрээгүй хохирогч ******** эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь үсдэж доош дарж газарт унагаж, нүүр хэсэг рүү гараараа хэд хэдэн удаагийн давтамжтай цохисон идэвхтэй үйлдлийн улмаас үүсгэгдсэн шалтгаант холбоо тус тус тогтоогдсон, шүүгдэгч нь бусдын бие мах бодид халдвал аливаа хохирол учрах боломжтой гэдгийг мэдэж, ухамсарласан атлаа хохирол, хор уршигт үйлдлээрээ зориуд хүргэсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдлээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж зааснаар шүүгдэгч ******** дээрх хууль бус үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэл бүхий, түүний гэм буруутай үйлдэлд тохирсон байна.
Иймд шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах“, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн 2408026231449 дугаартай хэрэгт хохирогч ******* эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, насанд хүрээгүй хохирогч ******** эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учирсан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тус тус тодорхойлсон.
Гэмт хэргийн улмаас хохирогч нарын биед хөнгөн болон хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч нар нь эмчилгээний зардлын баримт шүүхэд ирүүлээгүй байна.
Улсын яллагч нь шүүхийн хэлэлцүүлэгт “...эрүүл мэндийн даатгалын санд 124,762 төгрөгийг шүүгдэгчээр төлүүлэх, хохирогч ******* сэтгэцийн хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарах тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 3,300,000 төгрөг, насанд хүрээгүй хохирогч ******** сэтгэцийн хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарах тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 3,293,400 төгрөг, нийт 6,593,400 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч нарт олгох байр суурь илэрхийлсэн.
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Шинжээчийн дүгнэлт: Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох №932 шинжилгээгээр: хохирогч ******* сэтгэцэд 2024 оны 07 дугаар сарын 11-ний өдөр үйлдэгдсэн гэмт хэргээс шалтгаалж, гэмтлийн дараах стресс үзүүлэх хариу урвалын шинжүүд хөнгөн түвшинд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарна (хавтаст хэргийн 45-47 дахь тал) гэж шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй хохирогч ******* сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 3,293,400 (гурван сая хоёр зуун ерэн гурван мянга дөрвөн зуу) төгрөгийг шүүгдэгч ******* гаргуулж насанд хүрээгүй хохирогч ******, түүний хууль ёсны төлөөлөгч ******** нарт олгохоор шийдвэрлэв.
Хохирогч ******** сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг мөрдөгч Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвараар “хоёрдугаар” зэрэглэлийг тогтоож, хохирогч түүнийг зөвшөөрсөн баримтыг (хавтаст хэргийн 32 дахь тал) хэрэгт хавсаргасан байна.
Хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг мөрдөгч тогтоох талаар хуульчлаагүй бөгөөд Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг шинээр хуульчилж, үүнтэй холбоотой бусад хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулжээ.
Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.3-т заасны дагуу хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран баталсан журмын 2.1.1-2.1.5-д тус тус нэрлэн заасан гэмт хэргийн хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжилгээг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр хуульчлан зохицуулагдсан болно.
Тухайлбал, дээрх хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн Аравдугаар бүлэг (Хүний амьд явах эрхийн эсрэг), Арван нэгдүгээр бүлэг (Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг), Арван хоёрдугаар бүлэг (Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг)-т... заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож дүгнэлт гаргана” гэж заажээ.
Түүнчлэн Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалаар баталсан журмын 2.1-д “...энэхүү тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ээр шүүх шинжилгээний байгууллага дараах гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох бөгөөд шинжээчийн дүгнэлттэй адилтган үзнэ.
Мөн журмын 2.2-т “Энэ журмын 2.1.1-2.1.5-д заасан гэмт хэргийн хохирогч... энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр шинжилгээг хийлгэнэ”, уг журмын 2.3-т “Энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрсөн эсэхийг мөрдөгч...танилцуулан баталгаажуулж, хавтаст хэргийн материалд хавсаргана” гэж тус тус зааж тодорхойлсон байна.
Тусгай мэдлэг шаардлагатай сэтгэцийн шинжилгээний дүгнэлт, түүнтэй адилтгах хүснэгтээр зэрэглэл тогтоох ажиллагааг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр дээр дурдсан хууль болон журмаар зохицуулсан бөгөөд хохирогч ********* сэтгэцэд хор уршиг учирсан эсэх, хор уршиг учирсан бол ямар зэрэглэлд хамаарахыг Шинжилгээний байгууллагаар гүйцэтгүүлсний эцэст хохирлыг гаргуулах нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.
Хохирогч ********, насанд хүрээгүй хохирогч *********, түүний хууль ёсны төлөөлөгч нар цаашид энэ гэмт хэргийн улмаас хохирол, хор уршгийн зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад” нөхөн төлүүлнэ гэж заасан.
Хохирогч ******** эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлын улмаас Эрүүл мэндийн даатгалын сангаас 124,762 төгрөгийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардал гарсан байна. (хавтаст хэргийн 62 дахь тал),
Шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт “Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан зардлыг төлнө” гэж мэдүүлсэн бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар 124,762 төгрөгийг шүүгдэгч ******* гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгох нь зүйтэй.
Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий өнгийн 1.4 дүгээр зүйлд заасан “гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч ******** гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ********** 600,000 төгрөгөөр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж нэмж нэгтгэн нийт 1,600,000 төгрөгийн торгох ялаар тогтоох...”гэх санал, дүгнэлтийг гаргав.
Шүүхээс шүүгдэгчид оногдуулах ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, ингэхдээ эрүүгийн хариуцлагын нийтлэг зорилгыг хангах, түүнчлэн гэмт үйлдлийн шинж чанар болон ял шийтгэлийн хэр хэмжээ хоорондын харьцаагаар зүй зохистой нийцсэн байх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзсэн.
Шүүгдэгч ********** эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Иймд шүүгдэгч ****** гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, үйлдэлдээ хандсан хандлага, 2 хүний эрүүл мэндэд хохирол учруулсан, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялыг нэмж нэгтгэн нийт 1600 (нэг мянга зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1,600,000 (нэг сая зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэж, ун торгох ялыг 8 (найм) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Эрүүгийн 2408 02623 1449 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ********** Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********** 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял дээр 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, нийт 1600 (нэг мянга зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1,600,000 (нэг сая зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******** оногдуулсан 1600 (нэг мянга зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1,600,000 (нэг сая зургаан зуу мянга) төгрөгөөр торгох ялыг 8 (найм) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******** нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ********* насанд хүрээгүй хохирогч ******* сэтгэцэд учирсан хор уршгийн зардалд 3,293,400 (гурван сая хоёр зуун ерэн гурван мянга дөрвөн зуу) төгрөг гаргуулж, насанд хүрээгүй хохирогч ********* нарт олгосугай.
7. Хохирогч ********, насанд хүрээгүй хохирогч ***** түүний хууль ёсны төлөөлөгч нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
8. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар 124,762 (нэг зуун хорин дөрвөн мянга долоон зуун жаран хоёр) төгрөгийг шүүгдэгч ******** гаргуулж, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгосугай.
9.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
10. Шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
11. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ************ авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ