Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 2021/ДШМ/121

 

   2021           1              27                                      2021/ДШМ/0121                                

 

Л.Бт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Т.Оюунжаргал,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 7 дугаар сарын 9ий өдрийн 670 дугаартай шийтгэх тогтоолыг “Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай” прокурор Т.Оюунжаргалын бичсэн 2020 оны 12 дугаар сарын 30ы өдрийн 01 дугаартай дүгнэлтээр Л.Бт холбогдох 1909034990441, 2005006861389 дугаартай эрүүгийн хэргүүдийг 2021 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Ш овгийн Л-гийн Б,

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 2020/ШЦТ/670 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хорих ял оногдуулж, хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн;

 

Л.Б нь “Ногоон хатан” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Жэй таурын 502 тоотод байрлах оффисын байранд “Америкийн Нэгдсэн Улсад олон улсын нягтлан бодогчоор нэг жил цалинтай дадлагажин ажиллах хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн, тус хөтөлбөр нь гурван үе шаттай хэрэгжинэ” гэж хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2019 оны 5 дугаар сарын 8-ны өдөр хохирогч Б.Галбадрахаас 502,170 төгрөгийг, 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хохирогч Б.Ганцогоос 1,104,674 төгрөгийг, 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хохирогч Ц.Доржхандаас 1,004,340 төгрөгийг, 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хохирогч Э.Солонгоос 1,107,000 төгрөгийг, 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хохирогч Ч.Бямбажаваас 1,106,864 төгрөгийг, 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хохирогч Ж.Энхтайванаас 1,104,774 төгрөгийг, 2019 оны 5 дугаар сарын 8-ны өдөр хохирогч Н.Тунгалагаас 1,104,774 төгрөгийг, 2019 оны 5 дугаар сарын 7-ны өдөр хохирогч Б.Хорлоогоос 1,010,800 төгрөгийг, 2019 оны 5 дугаар сарын 9-ний өдөр хохирогч Т.Эрдэнэцэцэгээс 1,010,800 төгрөгийг, 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хохирогч Б.Оюун-Эрдэнээс 1,006,240 төгрөгийг, 2018 оны 11 дүгээр сарын 23, 2018 оны 12 дугаар сарын 3-ны өдрүүдэд хохирогч Д.Алтантуяагаас 7,898,500 төгрөг, нийт 17,960,936 төгрөгийг залилан мэхэлж авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Л.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Л.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бт оногдуулсан 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж, түүнд энэ хугацаанд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Л.Бт гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг хүлээлгэж, Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Л.Бээс 7,898,500 төгрөгийг гаргуулан хохирогч Д.Алтантуяа /РД:ЕЮ77041503/-д олгож, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор Т.Оюунжаргал бичсэн дүгнэлт болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Л.Бийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 2020/ШЦТ/670 дугааартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хорих ял оногдуулж, хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн. Яллагдагч Л.Биийг “Ногоон хатан” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа компанийн өр төлбөрийг барагдуулах зорилгоор иргэн М.Отгонцэцэгийг Америкийн Нэгдсэн Улсад аялуулна хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Богд-Ар хорооллын нутаг дэвсгэрт Америкийн Нэгдсэн Улсад аялах аяллын зардлын урьдчилгаа төлбөр, визний хураамж, барьцаа мөнгө гэх зэргээр нийт 4,250,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэх хэрэгт холбогдуулан 2020 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 774 дугаартай яллах дүгнэлт үйлдэн тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

 

Тус шүүх хэргийг хянан хэлэлцэж, шүүгчийн 2020 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 2040 дугаартай захирамж гаргажээ. Тус захирамжид “... шүүгдэгч Л.Б нь урьд 2020 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 2020/ШЦТ/670 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хорих ял оногдуулж, хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан байна. Шүүгдэгч Л.Бийн үйлдсэн “Д.Алтантуяа нарын хохирогчтой залилах” гэмт хэрэг нь “хохирогч М.Отгонцэцэгээс 4,250,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан” гэх гэмт хэрэгтэй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдэлтэй нэг гэмт хэрэг мөн юм. Шүүгдэгчийн үйлдсэн нэг гэмт хэргийг нэг шийтгэх тогтоолоор нэгтгэн шийдвэрлээгүй, ял биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хөндөх хууль зүйн үндэслэл бүрдээгүйн улмаас ял оногдуулах, нэмж нэгтгэх боломжгүйд хүргэсэн байна. Иймд Эрүүгийн хуулийн буруу хэрэглэхгүй байх үүднээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүх шийдвэр гарах үед мэдэгдээгүй байсан нөхцөл байдал илэрсэн тул Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 2020/ШЦТ/670 дугаартай шийтгэх тогтоолыг хянуулах, хэргүүдийг нэгтгэж нэг яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны, хууль ёсны зарчимд нийцэж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлнэ” гэж дүгнэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн.

 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан “... шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан ба оногдуулснаас хөнгөн, эсхүл хүнд ялтай зүйл, хэсэг, заалт хэрэглэх үндэслэл болох нөхцөл байдал илэрсэн” гэх заалтын дагуу шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянах үндэслэл тогтоогдсон гэж үзэж Л.Бт холбогдох Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 2020/ШЦТ/670 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Л.Бт холбогдох эрүүгийн 1909034990441 дугаартай хэргийг дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцааж шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлд заасны дагуу прокурорын дүгнэлт бичсэн.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Л.Б нь “Ногоон хатан” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Жэй таурын 502 тоотод байрлах оффисын байранд “Америкийн Нэгдсэн Улсад олон улсын нягтлан бодогчоор нэг жил цалинтай дадлагажин ажиллах хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн, тус хөтөлбөр нь гурван үе шаттай хэрэгжинэ” гэж хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2019 оны 5 дугаар сарын 8-ны өдөр хохирогч Б.Галбадрахаас 502,170 төгрөгийг, 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хохирогч Б.Ганцогоос 1,104,674 төгрөгийг, 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хохирогч Ц.Доржхандаас 1,004,340 төгрөгийг, 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хохирогч Э.Солонгоос 1,107,000 төгрөгийг, 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хохирогч Ч.Бямбажаваас 1,106,864 төгрөгийг, 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хохирогч Ж.Энхтайванаас 1,104,774 төгрөгийг, 2019 оны 5 дугаар сарын 8-ны өдөр хохирогч Н.Тунгалагаас 1,104,774 төгрөгийг, 2019 оны 5 дугаар сарын 7-ны өдөр хохирогч Б.Хорлоогоос 1,010,800 төгрөгийг, 2019 оны 5 дугаар сарын 9-ний өдөр хохирогч Т.Эрдэнэцэцэгээс 1,010,800 төгрөгийг, 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хохирогч Б.Оюун-Эрдэнээс 1,006,240 төгрөгийг, 2018 оны 11 дүгээр сарын 23, 2018 оны 12 дугаар сарын 3-ны өдрүүдэд хохирогч Д.Алтантуяагаас 7,898,500 төгрөг, нийт 17,960,936 төгрөгийг залилан мэхэлж авсан гэмт хэрэг үйлдэж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 670 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бт оногдуулсан 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж, уг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болжээ.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Л.Бт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэрэгт Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 2020/ШЗ/2019 дугаартай захирамжаар шүүгдэгч Л.Бийн “Ногоон хатан” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа компанийн өр төлбөрийг барагдуулах зорилгоор хохирогч М.Отгонцэцэгийг “Америкийн Нэгдсэн Улсад аялуулна” хэмээн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Богд-Ар хорооллын нутаг дэвсгэрт Америкийн Нэгдсэн Улсад аялах аяллын зардлын урьдчилгаа төлбөр, визний хураамж, барьцаа мөнгө гэх зэргээр нийт 4,250,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг болон урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 670 дугаартай шийтгэх тогтоолоор шийтгэгдсэн буюу Д.Алтантуяа нарын хохирогчтой залилах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж зааснаар үргэлжилсэн үйлдэлтэй нэг гэмт хэрэг гэж үзжээ.

 

Өөрөөр хэлбэл, мөрдөн шалгах ажиллагааг бүрэн гүйцэт явуулаагүйн улмаас шүүгдэгч Л.Бийн үйлдсэн Д.Алтантуяа нарын хохирогчтой залилах гэмт хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 7 дугаар сарын 9-ний өдөр эцэслэн шийдвэрлэхдээ 2020 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр хохирогч М.Отгонцэцэгээс 4,250,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийн талаар мэдээгүй буюу шүүгдэгчийн үйлдсэн нэг гэмт хэргийг нэг шийтгэх тогтоолоор нэгтгэн шийдвэрлээгүй, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзээд шүүгдэгч Л.Бт холбогдох Д.Алтантуяа нарын хохирогчтой залилах гэмт хэргийн талаар гарсан шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулж, хохирогч М.Отгонцэцэгээс 4,250,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэх үйлдэлд нэгтгэн шалгаж, нэг яллах дүгнэлтээр шийдвэрлүүлэхээр хэргийг Баянгол дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

 

Дээр дурдсан шүүгчийн захирамжинд заасан үндэслэлээр Баянгол дүүргийн прокурорын газраас шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 670 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 01 дугаартай дүгнэлтийг тус шүүхэд ирүүлсэн бөгөөд тус дүгнэлтийн дагуу хэргийг хянан үзэхэд:

 

Шүүгдэгч Л.Бийн “Ногоон хатан” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа хохирогч М.Отгонцэцэгийг залилж нийт 4,250,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг болон урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 670 дугаартай шийтгэх тогтоолоор шийтгэгдсэн Д.Алтантуяа нарын хохирогчтой гэмт хэргүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан үргэлжилсэн үйлдэлтэй нэг гэмт хэрэг буюу Л.Б нь дээрх шийтгэх тогтоол гарахаас өмнө буюу 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Богд-Ар хорооллын нутаг дэвсгэрт Америкийн Нэгдсэн Улсад аялах аяллын зардлын урьдчилгаа төлбөр, визний хураамж, барьцаа мөнгө гэх зэргээр нийт 4,250,000 төгрөгийг шилжүүлэн авч хохирогч М.Отгонцэцэгийг залилсан гэмт хэрэгт холбогдсон болох нь 2005006861389 дугаартай эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд уг этгээд санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх түүнд энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулна” гэж заасан бөгөөд өөрөөр хэлбэл, шүүгдэгч Л.Бийн 2020 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр бусдыг залилсан гэх гэмт хэрэг нь шийтгэх тогтоол гарсны дараа илэрсэн буюу шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд санаатай гэмт хэрэг шинээр үйлдсэн нөхцөл байдал хавтас хэрэгт авагдаагүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасныг хэрэглэх хууль зүйн боломжгүй гэж шүүгчийн захирамжинд хийсэн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 670 дугаартай шийтгэх тогтоолоор Л.Бт ял оногдуулах үед түүнийг 2005006861389 дугаартай эрүүгийн хэрэгт буюу өөр залилах үйлдлүүддээ шалгагдаж, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байсныг мэдэх боломжгүй байсан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “... шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан ба оногдуулснаас хөнгөн, ... ялтай зүйл, хэсэг, заалт хэрэглэх үндэслэл болох нөхцөл байдал илэрсэн;” гэж заасан шинээр илэрсэн нөхцөл байдал байна гэж үзэв.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан нөхцөл байдал илэрсэн тул Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 670 дугаартай шийтгэх тогтоолыг хянуулах нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх тул зохих арга хэмжээг авсны үндсэн дээр хэргүүдийг нэгтгэж, нэг яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны, хууль ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасны дагуу шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин шалгуулахаар прокурорт буцааж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иймд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж, нэг шийтгэх тогтоолоор Л.Бт холбогдох хэргийг хянан шийдвэрлүүлэх талаарх прокурорын дүгнэлтийг хүлээн авч, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар

 

сарын 9-ний өдрийн 670 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, 1909034990441, 2005006861389 дугаартай хэргүүдийг прокурорт буцаахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 41.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 9ий өдрийн 670 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Л.Бт холбогдох эрүүгийн 1909034990441, 2005006861389 дугаартай хэргүүдийг нэгтгэн шалгуулахаар Сүхбаатар дүүргийн прокурорын газарт буцаасугай.

 

               2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ,

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Т.ӨСӨХБАЯР

                          ШҮҮГЧ                                                               Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

                          ШҮҮГЧ                                                               Б.БАТЗОРИГ