| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномдаржаагийн Батжаргал |
| Хэргийн индекс | 186/2024/0724/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/89 |
| Огноо | 2025-01-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Булаг-Ундрал, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 2025/ШЦТ/89
2025 01 07 2025/ШЦТ/89
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Балдырган, улсын яллагч Г.Булаг-Ундрал, шүүгдэгч Б.Д, хохирогч Т.Ц, түүний хууль ёсны төлөөлөгч Х.Э /өөрөө өөрсдийгөө өмгөөлж оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Дд холбогдох эрүүгийн “ххх” дугаартай, 186/2024/0724/Э индекстэй хэргийг 2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ххх тоотод оршин суудаг гэх,
- урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2000 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хугацааны өмнө тэнсэн сулласан, хэрэг хариуцах чадвартай, Б.Д,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Д нь 2023 оны 8 дугаар сарын 27-ны өдөр ххх дүүргийн ххх дүгээр хороо ххх тоотод хохирогч Т.Цэн толгойн тус газарт чулуугаар цохиж, эрүүл мэндэд нь гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас мэдүүлсэн мэдүүлэг:
1.1. Шүүгдэгч Б.Д нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...би өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байна, мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлгээ үнэн зөв өгсөн нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
1.2. Хохирогч Т.Ц нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...би энэ хүнээс болж унаж татдаг болсон, миний бие муу байна би хохирлоо хурдан шуурхай гаргуулж авмаар байна гэв.
Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.1.Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Т.Ц:...ххх дүүргийн ххх дүгээр хорооны ххх тоот хаягт байж байхад. Манай хашааны хаалгыг хүчтэй цохиод байхаар нь би гараад хэн бэ гэсэн чинь ногоон Д байна гэж хэлэхээр нь би оруулахгүй танаа эгч нар чинь загнаад байна гэхэд чи юу гэнээ гэж хэлээд хашааны гадна талаас том чулуу давуулж шидсэн. Тэгээд эхний шидсэн чулуу оноогүй харин дараа нь шидсэн дунд гарын хэмжээтэй чулуу оноод миний толгой хагарсан. Намайг өөр хүн зодож цохисон зүйл байхгүй. Би гомдолтой байна. эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэх мэдүүлэг. /хх-ийн 16 дугаар дугаар тал/,
2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Х.Э:..Т.Ц гэх охиныг хашааныхаа хаалгаар харах үед хаалганы цаанаас чулуу шидэж, Ц толгой хагарч цус гарсан. Би очоод араас хартал манай энэ хавьд амьдардаг ногоон Д гэж хочилж дууддаг хүн зугтаагаад яваад өгсөн гэх мэдүүлэг. /хх-ийн 18 дугаар тал/,
2.3. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн №10878 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
1. Т.Цн биед зулайд шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заасан гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт. /хх-ийн 25-26 дугаар тал/,
2.4. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлбэрүүд. /хх-ийн 10-12 дугаар тал/,
2.5. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн №128 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
1. Т.Цн сэтгэцэд нь 2023 оны 8 дугаар сарын 27-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хөнгөн түвшинд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарна.
2. Шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд хариулах боломжгүй.
3.4. 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 25 дугаар тогтоолоор батлагдсан хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх жишиг аргачлалын дагуу шүүхээс тогтооно гэх дүгнэлт. /хх-ийн 115-116 дугаар тал/,
Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:
3.1. Улсын яллагч хавтас хэргээс: яллах дүгнэлтэд дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судлуулъя гэв.
3.2. Шүүгдэгч болон хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нар хавтас хэргээс: тусгайлан судлуулах зүйлгүй гэв.
Гэм буруугийн талаар:
Мөрдөгч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.
Дээрх хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.
Шүүгдэгч Б.Д нь 2023 оны 8 дугаар сарын 27-ны өдөр ххх дүүргийн 1ххх дүгээр хороо, ххх тоотод хохирогч Т.Цн толгойн тус газарт чулуугаар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
- хохирогч Т.Ц:...ххх дүүргийн ххх дүгээр хорооны ххх тоот хаягт байж байхад. Манай хашааны хаалгыг хүчтэй цохиод байхаар нь би гараад хэн бэ гэсэн чинь ногоон Далай байна гэж хэлэхээр нь би оруулахгүй танаа эгч нар чинь загнаад байна гэхэд чи юу гэнээ гэж хэлээд хашааны гадна талаас том чулуу давуулж шидсэн. Тэгээд эхний шидсэн чулуу оноогүй харин дараа нь шидсэн дунд гарын хэмжээтэй чулуу оноод миний толгой хагарсан. Намайг өөр хүн зодож цохьсон зүйл байхгүй. Би гомдолтой байна. эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэх мэдүүлэг. /хх-ийн 16 дугаар дугаар тал/,
- гэрч Х.Э:..Т.Ц гэх охиныг хашааныхаа хаалгаар харах үед хаалганы цаанаас чулуу шидэж, Цн толгой хагарч цус гарсан. Би очоод араас хартал манай энэ хавьд амьдардаг ногоон Далай гэж хочилж дууддаг хүн зугтаагаад яваад өгсөн гэх мэдүүлэг. /хх-ийн 18 дугаар тал/,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн №10878 дугаартай шинжээчийн дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлбэрүүд. /хх-ийн 10-12 дугаар тал/, шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн №128 дугаартай шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 115-116 дугаар тал/ болон шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлж байгаа мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж байгааг шүүгдэгч, хохирогч нарын хэн аль нь зөрүүгүй мэдүүлсэн мэдүүлэг зэрэг үйл баримтуудыг агуулж байх ба шүүгч энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой нотлох баримтуудыг өөрийн дотоод итгэлээр үнэлж үнэн зөв гэж үзсэн болно.
Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж байгаа үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн болох нь хохирогч болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдож байна.
Шүүгдэгчийн зүгээс хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.Дг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.
Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, Эрүүгийн хуулийн зорилгод нийцэх ёстой.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэж ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж Б.Дд нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэх байдлаар цээрлүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Ингээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч Б.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр шийдвэрлэж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоов.
Шүүхээс шүүгдэгч Б.Д, хохирогч Т.Ц, түүний хууль ёсны төлөөлөгч Х.Э нарыг эрх зүйн туслалцаа авах эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор “хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх, төлбөрийн жишиг аргачлалын” дагуу хохирогчид сэтгэцэд учирсан хор уршгийг Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн №128 дугаартай шинжээчийн дүгнэлтээр 1 дүгээр зэрэглэлээр тогтоосон тул шүүгдэгч Б.Дгаас сэтгэл санааны хохирол болох хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660.000 /зургаан зуун жаран мянган/ төгрөгийг 4,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 3.293.000 /гурван сая хоёр зуун ерэн гурван мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Т.Цд олгох, мөн хохирогч Т.Ц нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй нь болохыг дурдах нь зүйтэй байна.
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн 1 ширхэг чулууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн тамгын газарт даалгаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тооцсугай.
2. Шүүгдэгч Б.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500/ таван зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч Б.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Дгаас 3.293.000 /гурван сая хоёр зуун ерэн гурван мянган/ төгрөг гаргуулж хохирогч Т.Цд олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн 1 ширхэг чулууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн тамгын газарт даалгасугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хяан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
9. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАТЖАРГАЛ