| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2021/00947/И |
| Дугаар | 155/ШШ2021/01045 |
| Огноо | 2021-11-04 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 155/ШШ2021/01045
| 2021 оны 11 сарын 04 өдөр | Дугаар 155/ШШ2021/01045 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн 11 дүгээр гудамжны 9 тоотод оршин суух Монгол овогт У М -ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн 11 дүгээр гудамжны 9 тоотод оршин суух Онход овогт Бы Б-т холбогдох,
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч У.М, хариуцагч Ө.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Сувд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч У.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би нөхөр Б.Бтэй 2011 онд танилцан, үерхэж байгаад бидний дундаас 2012 онд охин Х, 2015 онд хүү Х нар төрсөн. Бид албан ёсоор 2015 онд гэрлэлтээ батлуулсан. Гэвч 2020 оноос бид үзэл бодол, зан байдлын тухайд таарч тохирохгүй болж, энэ байдал нь хүүхдүүдэд муугаар нөлөөлөх болсон. Бид одоо цаашид хамтран амьдрах боломжгүй.
Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдүүдийг минь миний асрамжид үлдээж, эцгээс нь хуульд заасны дагуу тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б.Б шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:
Бид танилцан, үерхэж байгаад бидний дундаас 2012 онд охин Х, 2015 онд хүү Х нар төрсөн. Хамт амьдрах хугацаанд үзэл бодол, зан байдлын тухайд таарч тохирохгүй, хэрүүл маргаантай байх болсон тул тусдаа амьдарч эхэлсэн. Одоо цаашид хамт амьдрах боломжгүй.
Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Хүүхдүүддээ хүүхдийн тэтгэлэг төлж, эхийнх нь асрамжид үлдээхийг зөвшөөрч байна гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч У.М нь хариуцагч Б.Бт холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хоёр хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Гэвч шүүх хуралдаанд нэхэмжлэгч У.М нь хүү Б.Хд хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзан, гэрлэлт цуцлуулж, нэг хүүхэд буюу охин Б.Хд хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Гэрлэгчид нь 2015 оны 02 дугаар сарын 20-ны өдөр гэр бүл болж, 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь Төрийн мэдээллийн сангаас гарах лавлагаа, тодорхойлолтын нэгдсэн маягтаас гаргасан 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, зохигчийн тайлбар зэргээр тогтоогдож, нэхэмжлэгчийн шаардах эрх үүсжээ.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт зэргээр зохигчид бие биедээ үнэнч байх, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах зэрэг адил үүргийг хамтран хэрэгжүүлэх боломжгүй байдал бий болсон, Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт заасан гэрлэлтийг цуцлахгүй байх үндэслэл тогтоогдохгүй ба гэрлэгчид нь 2020 оноос одоо хүртэл хугацаанд тусдаа амьдарч байгаа, гэрлэлт цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн, Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас эвлэрүүлэх арга хэмжээ авхад энэ хугацаанд эвлэрээгүй зэрэг бодит шалтгаан нь гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэл болж байна.
Иймд шүүх нэхэмжлэгч У.М, хариуцагч Б.Б нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Гэрлэгчдийн дундаас 2012 оны 02 дугаар сарын 17-ны өдөр охин Б.Х төрсөн болох нь 2015 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн № 10 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүү Б.Х төрсөн болох нь 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн № 4 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Хатгал тосгоны Эрүүл мэндийн төвийн дарга П.Цэрэндолгорын 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн...Б овогтой Хаянхирваа (РЮ15282839) эр, Б овогтой Х (РХ12211709) нар нь эрүүл бойжиж байгаа болно... гэх, Хатгал ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежер Э.Ундармаагийн 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн ...Б овогтой Х Хатгал ерөнхий боловсролын сургуулийн Б.Отгонтуяа багштай 4В ангид суралцаж байгаа нь үнэн... гэх, Хатгал ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежер Э.Ундармаагийн 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн ...Б овогтой Х Хатгал ерөнхий боловсролын сургуулийн Б.Отгонтуяа багштай 1В ангид суралцаж байгаа нь үнэн... гэх тодорхойлолтуудаар нотлогдож байх бөгөөд зохигчдын хэн аль нь төрсөн эцэг, эх гэдэгтэй маргаагүй.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт: Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, ... харилцан тохиролцож болно гэж заасан ба нэхэмжлэгч У.М нь охин Б.Х, хүү Б.Х нарыг өөрийн асрамжид авах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Б.Б зөвшөөрсөн, хүүхдүүдийн одоогийн өсөж байгаа болон ээнэгшин дассан орчинг өөрчлөх үндэслэл тогтоогдохгүй байгаа тул охин Б.Х, Б.Х нарыг төрсөн эх У.Мын асрамжид үлдээж, охин Б.Хд эцэг Б.Бээс сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлхээр шийдвэрлэв.
Түүнчлэн охин Б.Х, хүү Б.Х нарыг эх У.Мын асрамжид үлдээж байгаа нь эхийн оршин суугаа газрын харъяаллаар суурь боловсрол, эрүүл мэндийн болон төрийн бусад үйлчилгээг авах боломжийг олгож байгаа явдал бөгөөд эцэг Б.Б, эх У.М нар тусдаа амьдарч байгаа нь хүүхдээ хүмүүжүүлэхэд хүлээх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй ба зохигч хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурьлаа.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.874 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад төлбөл зохих улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг, мөн Гэр бүлийн тухай хуульд хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2012 оны 02 дугаар сарын 17-ны өдөр төрсөн охин Б.Хыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр олгох тэтгэлгийг сар бүр эцэг Б.Б төлөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар Б.Бт сар бүр төлөх тэтгэлэг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцоход 1.282.800 төгрөг болох ба түүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 35.337 төгрөг, нийт 105.537 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олголоо.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Онход овогт Бы Б, Монгол овогт Уын М нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2012 оны 02 дугаар сарын 17-ны өдөр төрсөн охин Б.Х 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдөр төрсөн хүү Б.Х нарыг төрсөн эх У.Мын асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2012 оны 02 дугаар сарын 17-ны өдөр төрсөн охин Б.Хыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр олгох тэтгэлгийг сар бүр эцэг Б.Батбилгээс гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.
4.Нэхэмжлэгч У.М нь 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдөр төрсөн хүү Б.Хд хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохыг дурдсугай.
5.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуульд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг эцэг Б.Б, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх У.М нарт тус тус даалгасугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.874 (нэг зуун дөчин мянга найман зуун далан дөрөв) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 105.537 (нэг зуун таван мянга таван зуун гучин долоо) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Оюунчимэгт даалгасугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс хойш 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ