Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 101/ШШ2021/03011

 

 

 

 

 

 

 

 

 

     2021          10          06                                    101/ШШ2021/03011

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ц.Б

Хариуцагч: А.Б

Зээлийн гэрээний дагуу илүү төлсөн 2,241,000 төгрөг буцаан гаргуулах, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг биет байдлаар гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Б, хариуцагч А.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Д нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээл, барьцааны гэрээ дуусгавар болсон тул хаягт байрлах 54 м.кв талбайтай, дугаар улсын бүртгэлд бүртгэгдсэн хувийн сууцны гэрчилгээг өмчлөгч Ц.Б-д буцааж өгөхийг А.Б-д даалгуулах, 2016.07.21-ний өдрийн зээлийн гэрээний дагуу хүүд илүү төлөгдсөн 2.241.000 төгрөгийг гаргуулах. Ц.Б-д би А.Б-оос 2016 оны 07 сарын 21-ний өдөр 8.000.000 төгрөг зээлж аваад зээл хүүд нийт 14.641.000 төгрөг төлчхөөд байхад дахин нэмж 2 .000.000 төгрөг өгсөн тохиолдолд барьцаанд тавьсан хувийн сууцны гэрчилгээг буцааж өгнө гэж үндэслэлгүйгээр 2.000.000 төгрөг нэхэж, миний хувийн сууцны гэрчилгээг 2018 оны 1 сараас хойш өгөхгүй байгаа болно. Ц.Б би 2016 оны 07 сарын 21-ний өдөр А.Б зээлийн гэрээ байгуулж, нэг сарын хугацаатай сарын 5 хувийн хүүтэй 8 сая төгрөгийг зээлж, зээлийн барьцаанд өөрийн өмчлөлийн БГД, 11 хороо, хувьсгалчдын д-4 гудамж 90 тоот хаягт байрлах 54 м.кв талбайтай, 000511076, Ү-2205063599 дугаар улсын бүртгэлд бүртгэгдсэн хувийн сууцыг барьцаалан, гэрчилгээг А.Б-ийн шаардсанаар түүнд өгсөн болно. Ц.Б би зээлийн гэрээний хугацаанд мөнгөө төлж чадахгүй байсан учир А.Б-ийн хэлснээр дараах байдлаар зээл хүүг төлж байсан болно.

огноо

төлөлт

дансаар

огноо

төлөлт

Дансаар

1

 

 

 

9

2017.05.30

420.000

 

2

2016.10.09

1.080.000

 

10

2017.06.28

414.000

 

3

2016.10.25

133.000

 

11

2017.08.17

454.000

 

4

2016.11.30

760.000

 

12

2017.09.28

474.000

 

5

2016.12.22

400.000

 

13

2017.10.02

420.000

 

6

2017.02.22

862.000

 

14

2017.10.29

420.000

 

7

2017.03.22

402.000

 

15

Дүн

2.602.000

 

8

2017.04.22

402.000

 

16

2018.01.31

8.000.000

 

 

Дүн

4.039.00

 

 

Бүгд

14.641.000

 

 

А.Б бид хоёр нэг сарын хугацаатай зээлийн гэрээ хийснээс өөр гэрээ хийгээгүй, гэрээг сунгаагүй болно. Би түүний шаардсан цагт хэлсэн мөнгийг өгч байсан бөгөөд 2018 оны 1 сарын 31-ний өдөр түүнээс авсан 8 сая төгрөгөө төлж барагдуулсан байхад А.Б миний хувийн сууцны гэрчилгээг өгөхгүй, дахин нэмж 2 сая төгрөг өгч байж гэрчилгээг ав гэж хэлдэг болно. Надад өөр өгөх мөнгө байхгүй тул зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандахаас өөр аргагүй байдалд хүрсэн болно. Иргэний хуульд зээлийн хүүгийн хэмжээ зээлийн тавин хувиас хэтрэхгүй байна гэсний дaryy би үндсэн зээл 8.000.000 төгрөг, нэг сарын хүү 400.000 төгрөг, алдангид 4.000.000 төгрөг, нийт 12.400.000 төгрөг төлөх ёстой байсан байна. А.Б-ийн надаас илүү авсан 2.241.000 төгрөгийг А.Б-оос гаргуулж, зээл барьцааны гэрээний үүрэг дуусгавар болсон тул миний өмчлөлийн БГД, 11 хороо, хувьсгалчдын д-4 гудамж 90 тоот хаягт байрлах 54 м.кв талбайтай, дугаар улсын бүртгэлд бүртгэгдсэн хувийн сууцны гэрчилгээг буцааж өгөхийг хариуцагчид даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.

Гэрчилгээ буцааж өгөхийг даалгах, зээлийн гэрээний дагуу илүү төлсөн төлбөр 2 241 000 төгрөг буцаан гаргуулна. Бид 2016 онд зээл өгч, авсан. Би 8 саяыг Б-оос авсан. Сарын хугацаатай зээлж аваад хугацаандаа төлж авжаагүй тул амаар ярилцаад сар болгон хүү төлж байсан. 2018 оны 12 сард 8 саяыг өгөөд дуусгасан. Тэгээд гэрчилгээгээ авах гэтэл өмнөх хүү, алданги нэхсэн. Би зөвшөөрөөгүй. Иймд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хуулиараа бол 8 саяын алданги, хүүд 4 саяыг өгөх ёстой юм билээ. Би 12 400 000 өгөх ёстой юм байна лээ. Би бол мөнгө нэхэхгүйгээр гэрчилгээгээ авч болно гэв.

 

Хариуцагч А.Б нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд гаргасан иргэн Ц.Б ын нэхэмжлэлтэй танилцаад доорх хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд:

Иргэн А.Б миний бие нь 2016 оны 7-р сарын 21-ны өдөр иргэн Ц.Б-ын хүсэлтийн дагуу түүний өмчлөлийн улсын бүртгэлийн дугаарт тус тус бүртгэгдсэн Баянгол дүүргийн 11-р хороо, Хувьсгалчдын Д-3 гудамжны 90 тоот хаягт байрлах хувийн сууц, газрыг барьцаалан 1 сарын хугацаатай 8,000,000 /найман сая/ төгрөгийг сарын 5%-ийн хүүтэй зээлүүлэхээр харилцан тохиролцож Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 болон 156.2-т заасны дагуу Барьцааны болон зээлийн гэрээ байгуулан 69 дугаартай нотариатчаар гэрчлүүлэн Улсын бүртгэлд албан ёсоор бүртгүүлсэн. Тухайн үед Банк болон ББСБ нь хашаа байшин барьцаалан зээл олгохгүй байсан тул иргэн Ц.Б өөрөө зээлийн хүү, хугацааг тохиролцон Барьцаат зээлийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү нэхэмжлэлдээ өөрөө бичсэнчлэн Ц.Б нь гэрээний хугацаандаа үндсэн зээлээ төлж чадахгүй хугацаа хэтрүүлсэн. Түүний зээлийн хүү болон хугацаа хэтрүүлсэн хугацааны хүүгийн хохирол төлсөн хүснэгтээс хэрхэн хугацаа хэтрүүлснийг харж болно. Мөн түүний гаргасан энэхүү хүснэгтийн 9-т дурдсан 2017.05.30-ны өдрийн 420,000 төгрөгийн орлого ороогүй болохыг хариуцагчийн банкны хуулганаас тодорхой харагдаж байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь зээлсэн мөнгийг 1 сарын хугацаатай авсан хэдий ч 18 cap буюу нэг жил зургаан сарын хугацаанд хугацаа хэтрүүлсэн тул хугацаа хэтрүүлсэн хугацаандаа тохирсон хүүг зохих ёсоор өөрийн сайн дураар төлснийг хүлээн зөвшөөрнө. Нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлсэн мөнгийг 1 сарын хугацаатай зээлж авсан хэдий ч 18 cap буюу нэг жил зургаан сарын хугацаанд хүүгүй ашигласан тул хариуцагчийн зүгээс Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-д “Мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу зээлдүүлэгч нь хэдийгээр зээлийн гэрээг сунгаагүй ч гэсэн хуульд заасан хохирлыг нэхэмжилснийг өөрөө хүлээн зөвшөөрч, cap бүр гэрээгээр тохирсон хүүгээр тооцож зээлдүүлэгчийн данс руу шилжүүлж байсныг үнэлж байгаа. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь нийт 8 сая төгрөгийг 1 сарын хугацаатай сарын 5 хувийн хүүтэй зээлж аваад 18 сарын хугацаанд эргүүлэн төлсөн нь үүрэг гүйцэтгэх хугацааг даруй 17 сараар хэтрүүлсэн гэж тооцогдоно. Энэхүү хугацаа хэтрүүлсэн хугацаандаа гэрээгээр тохиролцсон нэг сарын үндсэн хүү 400 мянган төгрөгөөр тооцож, 17 сард хугацаа хэтрүүлсэн хугацааны тохирсон хүү төлсөн гэж үзвэл нэхэмжлэгч нь өөрөө сайн дураар хүлээн зөвшөөрч хохирол төлсөн гэж үзэж байна. Гэтэл өнөөдөр энэхүү үүргээ гүйцэтгэлгүй хугацаа хэтрүүлсэн хугацаандаа төлсөн хохирлоо “илүү төлсөн" хэмээн буцааж нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Түүнчлэн, нэхэмжлэгчтэй байгуулсан Зээлийн гэрээний 3 дахь хэсэгт “...Иргэний хуулийн 232.6-д заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутам 0,5 хувийн алданги тооцож зээлдэгчид төлнө" гэж гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах аргыг тусгайлан тусгаж өгсөн байсан. Хэрэв гэрээгээр тохиролцсон алдангийг тооцвол зээлийн үндсэн дүнгийн 50 хувиас хэтрүүлэхгүй гэж үзвэл 4 сая төгрөгийн алдангийн асуудал нэмэгдэх юм. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь 8 сая төгрөг 5 хувийн хүүтэй 1 сарын хугацаатай зээлсэн нөхцөлд 400 мянган төгрөгийн хүү төлөх бөгөөд хугацаа хэтрүүлсэн 17 сарын хугацаанд гэрээгээр тохиролцсон мөнгөн төлбөрийн үүргийг хугацаа хэтэрсний хүүг тооцвол 7.2 сая төгрөгийн хохирол, гэрээгээр тохиролцсон алдангийн хэмжээг 50 хувиас хэтрүүлэхгүй тооцвол 4 сая төгрөг, нийтдээ 19.2 сая төгрөгийн авлага үүссэн бөгөөд үүнээс нэхэмжлэгчийн төлсөн 14.221 сая төгрөгийг хасаж тооцвол 4.979 сая төгрөгийн авлагын тооцоо үлдээд байгаа юм. Нэхэмжлэгчийг барьцааны зүйлээ чөлөөлүүлэх хүсэлт гаргахад хэдийгээр хариуцагчийн зүгээс дээр дурдсан 5 сая шахам төгрөгийг нэхэмжлэх боломж байсан хэдий ч багасгаж “нэмж 2 сая төгрөг өгөөд барьцаа хөрөнгөө ав" гэдэг шаардлага тавьсан. Өнөөдөр 2016 онд зээлдүүлсэн 8 сая төгрөгийн өнөөгийн үнэ цэнэ нь инфляци буюу мөнгөний ханшийн бууралтаас хамааран үлэмж хэмжээгээр буурсан байхад мөнгө зээлж хугацаа хэтрүүлсэн нь хожиж, мөнгөө зээлдүүлсэн нь хохирдог шударга ёс гэж байхгүй гэдэгт итгэж байна. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй" гэж заасны дагуу хариуцагчийн зүгээс хохирол барагдуулах шаардлага тавьсан бөгөөд хариуцагч ч хохирлыг хүлээн зөвшөөрч нь Иргэний хуулийн 222.5 дахь хэсэгт заасны дагуу гэрээгээр тохиролцсон сарын 5 хувийн хүүгээр тооцож шилжүүлж байсныг буцааж төлөх боломжгүй бөгөөд харин ч тухайн хугацааны хохирлоо гүйцээж нэхэмжлэхийн зэрэгцээ алдангиа мөн нэмж нэхэмжлэх болно. Сөрөг нэхэмжлэхийг тусад нь гаргахаа үүгээр мэдэгдэж байна.

Бүхэлд зөвшөөрөхгүй. 2016 онд зээлийн гэрээ хийгээд мөнгө зээлсэн. Сарын хугацаанд үүргээ биелүүлж чадахгүй хүсэлт гаргаад хүү төлөөд яваад байсан. Зээлээ төлнө гэдэг боловч заримдаа алга болоод завгүй гэдэг байсан. 2018 оны 1 сард хамгийн сүүлд 8 саяыг өгөөд зээлсэн мөнгөө өглөө одоо болоо гэсэн. Иргэний хуулийн 222.5-д зааснаар хүүгээ төлөх үүрэгтэй гэдгийг хэлж байсан. Би хуулийн дагуу л хэлсэн. Ядахдаа 2 саяыг төлөөд юмаа авчих гэсэн. 2 талын гарын үсгээр үл хөдлөх дээр асуудал шийдэгдэнэ. Иймд энэ хүний нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Өөрөө зөв санаа гаргавал асуудлыг шийдэж болно гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Б нь, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн хувийн орон сууцны дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг биет байдлаар гаргуулах, зээлийн гэрээний дагуу илүү төлсөн 2,241,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч А.Б нь зээлийн гэрээний хугацаа хэтрүүлж төлбөр төлсөн, хүү, алданги дутуу төлөгдсөн гэж маргаж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Зохигчид 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 8,000,000 төгрөгийн үнэ бүхий зээлийн гэрээг 1 сарын хугацаатай байгуулж, сард 5 хувийн хүү төлөхөөр тохиролцсон байна. /хэргийн 5 дугаар тал/

Улмаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар мөн өдөр талбайтай, эрхий улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн хувийн орон сууцыг барьцаалсан барьцааны гэрээг байгуулсан байна. /хэргийн 4 дүгээр тал/

 

Нэхэмжлэгч нь барьцааны гэрээний дагуу дээрх үл хөдлөх эд хөрөнгөний 000511076 дугаар өмчлөх эрхийн гэрчилгээг биет байдлаар хариуцагчид хадгалуулсан гэж тайлбарласан бөгөөд хариуцагч нь энэ үйл баримтыг зөвшөөрсөн.

 

Мөн зохигчид зээлийн гэрээний дагуу 8,000,000 төгрөг олгосон үйл баримтын талаар маргахгүй байна. Иймд уг гэрээ хүчин төгөлдөр болж, зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүсжээ.

 

Зээлийн гэрээний дагуу хариуцагчид үндсэн зээл 8,000,000 төгрөг, хүү 400,000 төгрөг, нийт 8,400,000 төгрөг төлөх үүрэг үүссэн байна.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр байгуулах тул гэрээний хугацаа дууссанаар хойш хариуцагч нь зээлийн хүү шаардах эрхгүй. Энд зохигчид хэн аль нь зээлийн гэрээний хугацааг бичгээр сунгаагүй гэж тайлбарласныг дурдах нь зүйтэй.

 

Зээлийн гэрээний 3-т зээлдэгч нь гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон байгаа нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч нь 2016 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 1,080,000 төгрөг, 25-ны өдөр 133,000 төгрөг, 11 дүгээр сарын 30-ны өдөр 760,000 төгрөг, 12 дугаар сарын 22-ны өдөр 400,000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 862,000 төгрөг, 03 дугаар сарын 22-ны өдөр 402,000 төгрөг, 06 дугаар сарын 28-ны өдөр 414,000 төгрөг, 08 дугаар сарын 17-ны өдөр 454,000 төгрөг, 09 дүгээр сарын 28-ны өдөр 474,000 төгрөг, 10 дугаар сарын 02-ны өдөр 420,000 төгрөг, 29-ний өдөр 420,000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 8,000,000 төгрөг, нийт 14,221,000 төгрөг төлсөн болох нь хэрэгт байгаа мөнгөн шилжүүлгийн баримтууд, хариуцагчийн Худалдаа хөгжлийн банк дахь дансны хуулгаар тогтоогдож байна. /хэргийн 6-12, 14-19, 33-34 дүгээр тал/

Харин 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 420,000 төгрөгийн гүйлгээний баримтад хариуцагчийн нэр бичигдээгүй бөгөөд нэхэмжлэгч нь уг шилжүүлэг буцаагдсан гэж тайлбарласан тул уг төлбөрийг төлсөн гэж үзэхгүй. /хэргийн 13 дугаар тал/

 

Дээрх байдлаар буцаан төлсөн төлбөр тус бүрээр гэрээний хугацаа хэтрүүлсэн хоног тус бүрд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болон түүнд ногдох алдангийг тооцвол:

2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гүйцэтгээгүй үүрэг нь 8,400,000 төгрөг, хугацаа хэтэрсэн 50 хоногт тооцогдох алданги нь 2,100,000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гүйцэтгээгүй үүрэг нь 7,320,000 төгрөг, хугацаа хэтэрсэн 15 хоногт тооцогдох алданги нь 549,000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр гүйцэтгээгүй үүрэг нь 7,187,000 төгрөг, хугацаа хэтэрсэн 36 хоногт тооцогдох алданги нь 1,293,660 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр гүйцэтгээгүй үүрэг нь 6,427,000 төгрөг, хугацаа хэтэрсэн 22 хоногт тооцогдох алданги нь 706,970 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр гүйцэтгээгүй үүрэг нь 6,027,000 төгрөг, хугацаа хэтэрсэн 62 хоногт тооцогдох алданги нь 1,868,370 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр гүйцэтгээгүй үүрэг нь 5,165,000 төгрөг, хугацаа хэтэрсэн 28 хоногт тооцогдох алданги нь 723,100 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр гүйцэтгээгүй үүрэг нь 4,763,000 төгрөг, хугацаа хэтэрсэн 31 хоногт тооцогдох алданги нь 738,265 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр гүйцэтгээгүй үүрэг нь 4,361,000 төгрөг, хугацаа хэтэрсэн 67 хоногт тооцогдох алданги нь 1,460,935 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр гүйцэтгээгүй үүрэг нь 3,947,000 төгрөг, хугацаа хэтэрсэн 50 хоногт тооцогдох алданги нь 986,750 төгрөг, 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр гүйцэтгээгүй үүрэг нь 3,493,000 төгрөг, хугацаа хэтэрсэн 43 хоногт тооцогдох алданги нь 750,995 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр гүйцэтгээгүй үүрэг нь 3,019,000 төгрөг, хугацаа хэтэрсэн 4 хоногт тооцогдох алданги нь 60,380 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдөр гүйцэтгээгүй үүрэг нь 2,599,000 төгрөг, хугацаа хэтэрсэн 27 хоногт тооцогдох алданги нь 350,865 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр гүйцэтгээгүй үүрэг нь 2,179,000 төгрөг, хугацаа хэтэрсэн 94 хоногт тооцогдох алданги нь 1,024,130 төгрөг буюу нийт 12,613,420 төгрөгийн алданги тооцогдсон байна.

 

Гэвч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар анзын хэмжээ нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэх ёсгүй.

Иймд гэрээний хугацаа дууссан 2016 оны 08 дугаар сарын 21-ний өдөр гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн нь 8,400,000 төгрөг байх тул түүнд ногдох алданги нь 4,200,000 төгрөг юм.

 

Эдгээрээс тооцвол нэхэмжлэгчид зээлийн гэрээний дагуу 12,600,000 төгрөг төлөх үүрэг үүссэн боловч тэрээр нийт 14,221,000 төгрөг төлсөн болох нь тогтоогдож байна.

Үүнээс үзэхэд хариуцагч нь зээлийн гэрээний дагуу 1,621,000 төгрөг илүү авсан байх тул энэ хэмжээгээр үндэслэлгүй хөрөнгөжих ёсгүй тул хариуцагчаас 1,621,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн энэ шаардлагаас үлдэх 620,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Дээрх үндэслэлээр Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.2-т зааснаар зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон байх тул Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1, 160.3-д зааснаар  зээлийн гэрээний дагуу барьцаалсан хаягт байрлах 54 м.кв талбайтай, эрхий улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн хувийн орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг буцаан олгохыг хариуцагчид даалгах үндэслэлтэй.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

  1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3, 232 дугаар зүйлийн 232.6, 232.4, 160 дугаар зүйлийн 160.3-т зааснаар хариуцагч А.Б-оос 1,621,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Б-д олгож, хариуцагч А.Б-д талбайтай, эрхий улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн хувийн орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг биет байдлаар нэхэмжлэгч Ц.Б-д буцаан олгохыг даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 620,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 121,010 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 111,086 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Д.ГАНБОЛД