Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 114/ШШ2022/0012

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунчимэг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нанжбадгарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: “Миракллэнд” ХХК

            Хариуцагч: *******,

                                *******,*******т тус тус холбогдох

            Нэхэмжлэлийн  “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн ******* дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгож, “Миракллэнд” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээ сунгуулах хүсэлтийг хүлээн авч шийдвэр гаргахгүй байгаа хариуцагчийн хууль бус эс үйлдэхүйг тогтоолгож, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах”  шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд:

        Нэхэмжлэгч “Миракллэнд” ХХК-ийн захирал *******

        Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Содболд

        Хариуцагч Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Золбаясах

        Хариуцагч ГХБХБГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батчулуун, Б.Баярмаа нар оролцов.

 

                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Миракллэнд” ХХК-аас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь Дархан-Уул аймагт барилга угсралт, үл хөдлөх хөрөнгийн худалдаа, зуучлалын чиглэлээр 2012 оноос өнөөдрийг хүртэл олон жил тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд Дархан Уул аймагтаа “Хүслийн хотхон” орон сууц, сургууль, цэцэрлэгтэй 8 блок 548 айлын орон сууцтай барилгын цогцолборыг яг одоогоор амжилттай бүтээн байгуулж орон нутгийн барилгажилтын салбарт болон Дархан-Уул аймгийнхаа хөгжил цэцэглэлтэд өөрсдийн гэсэн бодитой хувь нэмрээ оруулж яваа билээ. Дархан-Уул аймгийн Засаг даргын 2015.09.18-ний өдрийн А/29 дугаартай захирамжаар манай компани Дархан сумын 10-р баг, 25-р хороололд нийтийн орон сууц зориулалттай 14999 м.кв талбай бүхий нэгж талбарын ******* дугаартай газрыг 5 жилийн хугацаатайгаар эзэмших эрхийн (000317731 дугаартай газрыг 2015.10.12-ны өдрөөр гэрчилгээгээр баталгаажуулан авсан.

Тус газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээ гарсан цагаас хойш тухайн газар бүтээн байгуулах барилгын эскиз болон ажлын зураг төсөл, инженер геологийн судалгааны дүгнэлт зэрэг ажлуудыг хийлгүүлсэн бөгөөд мөн компанийн эзэмшлийн зэргэлдээх газар дээр төлөвлөгөөний дагуу орон сууцны барилгын ажлыг өнөөдрийг хүртэл явуулж байгаа бөгөөд тус барилгатай уялдуулан нэгдсэн төлөвлөгөөний дагуу шат дараатайгаар олон ажлыг эхлүүлэхээр ажиллаж байсан. Мөн эзэмшил газрын төлбөрийг цаг тухай бүрд нь хийж байсан бөгөөд манай газар эзэмших эрхийн хувьд ямар нэгэн зөрчилгүй байсан болно. 2020 оны 9 сард манай газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дууссан бөгөөд манай зүгээс 2020 оны 6 дугаар сараас хойш ход хэдэн хэдэн удаа Газрын тухай хуулинд заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлтээ Дархан-Уул аймгийн ГХБХБГазарт гаргасан боловч өнөөдрийг хүртэл тодорхойгүй шалтгаанаар гэрчилгээний хугацааг сунгаж егөхгүй байж байгаад ийнхүү 2022.06.07-ны өдрийн ******* дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамж гаргаж хугацаа нь дууссан газар эзэмших эрхийг.хүчингүй болгосон тухай шийдвэр гаргасан байна.

Тус захирамжийг ******* миний бие 2022.06.21-ний өдөр хүлээн авч танилцахад манай компанийн газар эзэмших эрхийг Газрын тухай хуулийн  39.1.1, 40.1.6 гэсэн өөр хоорондоо уялдаагүй хуулийн зүйл заалтуудыг барьсан байх бөгөөд үүнээс үзэхэд газар эзэмших эрхийг дуусгавар болгоод байгаа эсвэл газар эзэмших эрхийг хүчингүй болгоод байгаа болохын аль нь болох нь тодорхойгүй захирамж гаргасан байна. 2019.12.10-ны өдөр манай компани газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээгээ шинэчлэх тухай хүсэлтийг холбогдох газрын гэрээ гэрчилгээний эх хувийн хамт ГХБХБГазарт өгч байсан бөгөөд тухайн үед хүсэлтийг минь хүлээн авч. шинэ гэрээ, гэрчилгээний тэмдэгтийн хураамжийн нэхэмжлэхийг өгч төлүүлж байсан гэвч гэрээ гэрчилгээг тухайн үед шинэчилж өгөөгүй байсаар өнөөдрийг хүрсэн. 2020 оны 6 дугаар сараас хойш газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлтийг удаа дараа гаргаж байсан бөгөөд сунгах шийдвэр гаргана хэмээн амаар хариу өгч татвар, төлбөрийг хүртэл төлүүлж авч байсан.

2020 онд ГХБХБГ-ын мэргэжилтэн ******* 2019 онд манайхаас хүлээн авсан газрын гэрээ гэрчилгээ зэрэг эх хувь нотлох баримтуудыг манайд буцаагаад өгсөн бөгөөд 2021 оны 3 Дугаар сард манай компани дахин эх хувь баримтуудаа хавсарган газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлтийг ГХБХБГазарт өгснөөр өнөөдрийг хүртэл хариу ч байхгүй, хүсэлт болон түүнд хавсаргаж ирүүлсэн бичиг баримт байхгүй болоод байна. Архитектур төлөвлөлтийн даалгавраар олгосон барилгын давхар тодорхой болдог ч ямар ангиллын ямар хэмжээтэй байр барихаас шалтгаалаад өөрчлөгдөж болох учраас эцсийн байдлаар бэлэн болоогүй. Гэрээ байгуулагдсан 2019 оноос хойш одоог хүртэл юу ч хийгдээгүй гэж байгаа юм. Бид гэрээний хугацаа сунгагдаагүй байхад ямар ч барилга барих боломжгүй шүү дээ.

Мөн яг тухайн цаг хугацаанд Дэлхий нийтийг хамарсан ковид 19 цар тахал тархаж улс даяар хатуу хөл хорио, хязгаарлалтын дэглэм зэрэг нөхцөл байдлаар шалтаглан өнөөдрийг хүртэл газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах шийдвэрийг хуулийн дагуу гаргахгүй эс үйлдэхүй гаргасаар байна. Эзэмшил газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлийн тухайд яг аль 2 жилийг тухайн үндэслэлд хамааруулсан тодорхойгүй, эзэмшил газраа зориулалтын дагуу ашиглах гэдэгт зөвхөн газар шорооны ажил хамаардаг гэсэн өрөөсгөл ойлголтоор хандаж манай компанийн барилгын ажлын урьдчилсан зураг төсөл, бичиг цаасны ажлыг яагаад ажил гэж үзээгүй нь ойлгомжгүй үндэслэлгүй байна. Эзэмшил газраа яг зориулалтын дагуу ашиглаж, орон нутагтаа орон сууцны барилга барьж ажлын байр нэмэгдүүлж ажиллаж байгаа манай компанийн хувьд дээрх үндэслэлээр газар эзэмших эрхээ алдаж байгаад туйлын гомдолтой байна.Иймд шүүх нэхэмжлэлийг минь хүлээн авч хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Содболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Маргаан бүхий захирамжийг гаргахдаа Газрын тухай хуулийн 39, 40 дүгээр зүйлийг үндэслэсэн байна. 39 дүгээр зүйлд газар эзэмших эрх дуусгавар болох, 40 дүгээр зүйлд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох буюу цуцлах үндэслэлийг заасан байдаг. Газар эзэмших эрх дуусгавар болох, цуцлах үндэслэл нь хууль зүйн хувьд хоорондоо ялгаатай тайлбарлагдах өөр ойлголт юм. Газрын тухай хуулийн  39 дүгээр зүйлийн 39.1.1-д зааснаар газар эзэмших эрх дуусгавар болсон бол уг газар эзэмших эрхийг хүчингүй болгох асуудал яригдахгүй. Энэ хоёр зохицуулалтыг нийлүүлээд нэг захирамж дээр бичээд газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай захирамж гаргасан байгаа нь Захиргааны Ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн  47.1.6-д  “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэсэн үндэслэл бүрдсэн байна гэж үзэж байна.

“Миракллэнд” ХХК нь газар сунгуулах хүсэлтээ 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах бөгөөд дараах баримт бичгүүдийг хавсаргана” гэж заасны дагуу тодорхой баримтуудыг хавсаргаад газрын албанд өгснийг бүртгэлдээ бүртгээд авчихсан, мөн газрын албанаас хугацаа сунгуулахын тулд тодорхой тэмдэгтийн хураамжийг төлүүлэх шаардлагатай гээд нэхэмжлэгч байгууллагаар төлүүлсэн нь газар эзэмших эрхийн хугацаа сунгуулах хүсэлтийг агуулгын хувьд ойлгож  хүлээн аваад, цаашид ажиллагаа хийгдэх юм байна гэсэн итгэл найдварыг нэхэмжлэгч талд төрүүлж байгаа үйл баримт юм.

Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д зааснаар 30-аас доошгүй хоног буюу өгч болох хамгийн бага хугацааг заасан байгаа бөгөөд түүнээс өмнө хэдэн ч хоногийн өмнө өгч болно  гэж ойлгож байна. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтаар 2 жил ашиглаагүй гэдэг дээр маргаан бүхий газар геологийн дүгнэлт гаргуулаад, эскиз зураг хийлгэх зэрэг бичиг цаасны ажил буюу барилга барих бэлтгэл ажлыг  хийж, тодорхой санхүүгийн зардал гаргаад явж байсан.Хийгдсэн ашигласан гэхээр заавал газар, шороог нь ухаж, хашаа барьснаар заавал ашигласан гэж үзэх хуулийн зохицуулалт байхгүй. 2019-2021 онуудад Ковид дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас бизнесийн байгууллагууд тэр дундаа барилгын салбарт тодорхой хэмжээний үйл  ажиллагаа тасалдах, зогссон нь нийтэд илэрхий нөхцөл учраас нотлох шаардлагагүй. Ингээд харахаар хүндэтгэн үзэх шалтгаан байсан гэж үзэхээр харагдаж байгаа юм. Дээрх нөхцөл байдлуудаас дүгнээд үзэхэд газрын төлбөрийн асуудал болон төрийн аудитын шаардлагыг маргаан бүхий акт үндэслэж гараагүй учраас нэхэмжлэгчийг буруутгаад байх шаардлагагүй гэж үзэж байна. Маргаан бүхий акт нь Захиргааны ерөнхий хуулийн 47.1.1, 47.1.2-т  заасан хоёр шинжийг агуулсан.

Хоёрдугаарт: Газар эзэмших эрхийг сунгуулах тухай хүсэлтийг шийдвэрлэж өгөхгүй байгаа эс үйлдэхүйг тогтоолгох тухай агуулгын хувьд 2019.12.12-нд өгсөн хүсэлтийн хариуг өнөөдрийн байдлаар албан ёсоор хариу огт өгөөгүй. Үүнээс хойш 3 удаагийн давтамжтайгаар нэхэмжлэгч байгууллагаас хугацаа сунгуулах хүсэлтээ өгч байсан байгаа юм.  Яагаад дахин дахин хугацаа сунгуулах хүсэлт өгөөд байна вэ гэхээр өмнөх хүсэлтийг шийдвэрлэж өгөхгүй байгаа учраас юм. Ямар нэгэн  байдлаар албан тоот өгснийг энэ асуудлыг шийдвэрлэсэн гэж үзэх боломжгүй. 2019.12.12-ны өдрийн албан тоотод дурдагдсан үйл баримтаар тухайлсан хариу өгсөн байхыг хариу өгч шийдвэрлэсэн байна гэж ойлгоно. Түүнээс сонсох ажиллагааны мэдэгдэл, төлбөр төлөх тухай мэдэгдэл зэргийг дээрх хүсэлтэд өгсөн хариу гэж үзэх боломжгүй. Тухайн хүсэлтийг шийдвэрлэх идэвхтэй үйлдэл хийгээгүй эс үйлдэхүй гаргасан гэж үзэхээр байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага хангагдах бүрэн боломжтой гэж үзэж  байна гэжээ.

   Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батчулуун, Б.Золбаясах нараас шүүх хуралдаанд гаргасан талбартаа: “Мираклланд” ХХК-ны эзэмшил газарт Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитын газрын 2019.06.05-ны өдрийн 41/14 тоот “Зөрчил арилгуулах тухай” албан шаардлагад Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэсний дагуу Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 /хуучин хууль/ хэсгийг үндэслэл болгон захиргааны шийдвэр гаргах ажиллагааг эхлүүлсэн байдаг. Нэхэмжлэгчээс 2021.03.16-ны өдрийн №2103018 тоотоор газрын хугацаа сунгах, гэрээ шинэчлэх хүсэлтийг гэрээний хугацаа дууссанаас хойш 6 сар өнгөрсний дараа ирүүлсэн байдаг. ******* барилга, хот байгуулалтын газраас 2019.12.13-ны өдрийн №922 тоот, 2021,06.04-ний өдрийн №350 тоотоор “Сонсох ажиллагааны мэдэгдэл”- ийг хүргүүлж байсан. Миракллэнд ХХК-аас 2021.06.17-ны өдрийн №2103092 тоотоор хариу тайлбар ирүүлсэн.

Нэхэмжлэгч талаас 2020 оны 06 дугаар сараас хойш хэд хэдэн удаа хүсэлт гаргасан гэх боловч хүсэлтүүдийг судлахад 2021 онд гаргаж байсан байдаг. 2020 оны 06 дугаар сараас 2020 оныг дуустал тухайн газартай холбоотой газрын хугацаа сунгах хүсэлт манай байгууллагын бүртгэл мэдээллийн дэвтэрт ирүүлсэн тэмдэглэл болон ямар нэгэн баримт тусгагдаагүй, мөн тухайн аж ахуй нэгжийн газрын хувийн хэрэгт байхгүй байгаа нь гэрээний хугацааг сунгах тухай хүсэлт ирүүлж байгаагүй болох нь нотлогдож байна. Газар эзэмшүүлэх гэрээндээ 2020.09.18-нд газар эзэмших эрхийг гэрээний хугацаа дуусахаар тусгагдсан байдаг, хуульд заасан хугацааг баримтлан газар эзэмших эрхийг сунгах боломжгүй тул ‘Сонсох ажиллагааны мэдэгдэл”-ийг дахин хүргүүлсэн байдаг.

Газрын тухай хуулийн 39.1.1 -д зааснаар гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй байсан, тус хуулийн 37.1-д газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргана... гэж заасан байдаг. Гэрээний 3.4-д гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн бол эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад уг газрыг үргэлжлүүлэн эзэмшихээр гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлт гаргах талаар тусгасан байдаг. Иймд газар эзэмшигчийн эрх, үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна. Мөн тухайн газар эзэмшүүлэх гэрээний олон заалтыг зөрчсөн байгаа. Үүнээс дурдвал нийтийн орон сууцны зориулалтаар тухайн газраа ашиглаагүй, газрын төлөв байдлын хянан магадалгаа хийлгээгүй, газар эзэмших эрхийн гэрээний хугацаа дуусахаас өмнө хүсэлтээ өгсөн байх ёстой, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэх ёстой гэсэн гэрээний заалтуудыг зөрчсөн.

Газрын тухай хуулийн 40.1.6-г үндэслээд Барилгын тухай хуулийн 23 дугаар зүйл, 25 дугаар зүйлд заасны дагуу барилгын зураг төсөл боловсруулах, барилгын зураг төсөлд магадлал хийлгэх ёстой. Хавтаст хэрэгтэй танилцахад инженер геологийн судалгаа хийлгэсэн баримт ирүүлсэн байсан. Энэ судалгааны материал манай хувийн хэрэгт байхгүй. Нотлох баримтыг судалж үзэхэд маргаан бүхий 1.5 га газар дээр хийгдсэн инженер геологийн судалгаа биш байсан. Газар эзэмшүүлэх гэрээн  дээр газар эзэмших гэрээг жил бүр гэрээ байгуулсан өдрөөр тасалбар болгон дүгнэнэ гэж байгаа. Иймээс  2020.12.18-ны өдрөөс өмнө гэрээг тасалбар болгож болохгүй. 9 сарын өмнө хүсэлт өгсөн гэдгийг шийдвэрлэх боломжгүй. Аудитын дүгнэлт 2019 он гараад сонсох ажиллагааны процедур явагдаж байхад 2019 оны цар тахлын  хүнд нөхцөл байдлыг харгалзан үзээд хүчингүй болгох захирамж гаргаагүй, 2019 оны аудитын дүгнэлтэд орсон аж ахуйн нэгж байгууллагуудыг дахин үйл ажиллагаа явуулсан эсэхийг нягталж оны нөхцөл байдал 2022 онд арилаагүй байсан. Тухай газар дээр ямар нэгэн үйл ажиллагаа эрхлээгүй байсан. Иймээс хоёр дахь сонсох ажиллагааг хийсэн. Ингээд шаардлага хангаагүй учраас Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлээр газрыг хүчингүй болгосон.

         Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, аймгийн Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн  01-А/164 захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

         Гэрч Б.Отгонбаяр мэдүүлэгтээ: Миний бие “Миракллэнд” ХХК-ийн 5 жилийн хугацаа дуусахаас 2 сарын өмнө компанийн нягтлан бодогч ажилтай *******д ГХБХБГ-т газар сунгуулах хүсэлтээ өгөөрэй гэж сануулж байсан. Газрын холбоотой асуудлыг нягтлан бодогч ******* хариуцдаг. Тэр үеэр би *******гийн хамт ГХБХБГ-т очиж газар сунгуулах талаар газрын албаны мэргэжилтэн тэй уулзаж өр төлбөрийн талаарх тодруулах авч зааврын дагуу төлбөрийг тушааж байсан. Бусад шаардлагатай баримтуудыг бүрдүүлж хариуцсан ажилтанд нь хүлээлгэн өгч байсан. Тухайн үед Б.Баярмаа, ******* 2 ажиллаж байсан болохоор хэн нэгэнд нь өгсөн. Яг хэнд өгснөө сайн  мэдэхгүй байна. Дахиж тус газрын хугацаа сунгуулах талаар би ГХБХБГ-д дахиж очоогүй. ******* хариуцаад явсан байх. Би байгууллагын бичиг баримттай холбоотой асуудалд оролцоод байдаггүй. Миний зүгээс Газрын албанд гаргасан хүсэлт байхгүй...” гэжээ.

         Гэрч мэдүүлэгтээ: Манай ажлын алба **************т очиж аж ахуйн нэгжийн хувийн хэргүүдэд үзлэг хийн Google earth программаас тухайн аж ахуйн нэгжид олгосон гэх газрыг тулгаж, хашаалсан эсэх, ямар нэгэн үйл ажиллагаа хийгдэж, барилга баригдаж байгаа эсэхийг шалгаж дараа нь газар дээр нь очиж үзлэг хийсэн гэжээ.

 

                                                                    ҮНДЭСЛЭХ нь:

           Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэлээ.

           Нэхэмжлэлийн “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” ******* дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлагын тухайд:

            Хариуцагч ******* барилга,******* нь Дархан-Уул аймгийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” А/291 дугаар захирамжаар иргэн гаас 15.000 мкв газрыг “Миракллэнд” ХХК-д шилжүүлэн 5 жилийн хугацаагаар эзэмших эрх олгосныг үндэслэн, газар эзэмших эрхийн 000317731 дугаартай гэрчилгээг 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр олгож, мөн өдрөөр А-2481 дугаартай газар эзэмших гэрээг байгуулсан байна.

         Хариуцагч *******  2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн ******* дугаар захирамжаар нэхэмжлэгч “Миракллэнд” ХХК-ийн нэгж талбарын 4506101735 /хуучин 0*******/ дугаартай 15.000 м.кв талбай бүхий газрыг Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д “газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй”, 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил ашиглаагүй” гэх үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

            Дархан-Уул аймаг дахь Төрийн аудитын газрын  2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн “Зөрчил арилгуулах тухай” 41/14, 40/13 дугаартай албан шаардлагад “Миракллэнд” ХХК газрыг гэрээнд заасны дагуу хоёроос дээш жил ашиглаагүй, хоёроос дээш жил газрын төлбөр төлөөгүй, иргэн, хуулийн этгээдийн жагсаалтад орсон байгаа хэдий ч хариуцагчаас дээрх захирамжийг гаргахдаа газрын төлбөр төлөөгүй үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоогүй, хэргийн оролцогчид уг үндэслэлээр маргаагүй болно.

            Нэхэмжлэгчээс манай “Миракллэнд” ХХК-тай 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээний хугацаа 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр дуусчихсан, өөрөөр хэлбэл газар эзэмших эрх Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д заасны дагуу дуусгавар болчихсон байхад аймгийн Засаг дарга 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн ******* дугаар захирамжаар газрын тухай хуулийн 40.1.6-д заасныг үндэслэн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6-д заасан илт хууль бус захиргааны актын шинжийг агуулсан гэх нэхэмжлэлийн үндэслэл, түүнтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.3-т “нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна”, 39 дүгээр зүйлийн 39.1-д “газар эзэмших эрх дараах тохиолдолд дуусгавар болно: 39.1.1-д “газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй”, 40 дүгээр зүйлийн 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил ашиглаагүй” гэх хуулийн заалтуудыг зөрчсөнтэй холбоотойгоор захиргааны актыг хууль бус гэж хүчингүй  болгуулах нэхэмжлэлийн шаардлагын төрөлд хамаарч байна.

  Мөн нэхэмжлэгч талаас маргаж буйБид гэрээний хугацаа сунгагдаагүй байхад ямар ч барилга барих боломжгүй, эзэмшил газраа зориулалтын дагуу ашиглаагүйд яг аль 2 жилийг  хамааруулсан нь тодорхойгүй, эзэмшил газраа зориулалтын дагуу ашиглах гэдэгт зөвхөн газар шорооны ажил хамаардаг гэсэн өрөөсгөл ойлголтоор хандаж барилгын ажлын урьдчилсан зураг төсөл, бичиг цаасны ажлыг яагаад ажил гэж үзээгүй нь ойлгомжгүй, тухайн цаг хугацаанд ковид 19 цар тахал тархаж улс даяар хатуу хөл хорио, хязгаарлалтын дэглэм зэрэг нөхцөл байдлаар шалтаглан өнөөдрийг хүртэл газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах шийдвэрийг хуулийн дагуу гаргахгүй эс үйлдэхүй гаргасаар байна” гэх үндэслэлүүд нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д “утга агуулгын илэрхий алдаатай” 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэх шинжийг агуулаагүй, аймгийн Засаг даргад газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох эрх хуулиар олгогдоогүй гэж үзэх үндэслэлгүй бөгөөд уг үндэслэлд хамааралгүй байна. 

            Хариуцагч аймгийн Засаг даргын ******* дугаар захирамж илт хууль бус болох нь тогтоогдохгүй, нэхэмжлэгч газар эзэмших эрхийн гэрчилгээ болон гэрээний хугацаа 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй байх тул нэхэмжлэгчийн газар эзэмших эрх зөрчигдсөн гэж үзэхгүй. Иймд нэхэмжлэгчийн Дархан-Уул аймгийн Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” ******* дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзлээ.

            Нэхэмжлэлийн “Миракллэнд” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээ сунгуулах хүсэлтийг хүлээн авч шийдвэр гаргахгүй байгаа хариуцагчийн хууль бус эс үйлдэхүйг тогтоолгож, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах”  шаардлагын тухайд:

            Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах бөгөөд дараах баримт бичгүүдийг хавсаргана, 37.1.1-д” газар эзэмших эрхийн гэрчилгээ”;  37.1.2-д “газрын төлбөрийг төлсөн тухай баримт”, 37.1.3 ”байгаль орчны нөлөөллийн үнэлгээгээр гарсан дүгнэлтийг хэрэгжүүлсэн талаарх тодорхойлолт” гэж Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д“газар эзэмших эрх дараах тохиолдолд дуусгавар болно: 39.1.1-д “газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй”,  37.2-д “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба бүртгэнэ.” гэж тодорхойлжээ.

            Нэхэмжлэгч “Миракллэнд” ХХК- аас  газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлтээ дээрх хуульд заасан 30-аас доошгүй хоногийн /10 сарын/ өмнө буюу 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гаргасан гэх тайлбар нь дээрх хуулийн заалттай нийцээгүй байна. Учир нь хариуцагч аймгийн Засаг дарга  “Миракллэнд” ХХК-ний  газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээний хугацаа  2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр дуусах болоогүй байхад /10 сарын/ өмнө буюу 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авч 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргах  хууль зүйн үндэслэлгүй байна.

            Хариуцагч *******, барилга, хот байгуулалтын газар нь “Миракллэнд” ХХК-ний   2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн “Хүсэлт гаргах тухай” 19030131 тоот албан бичгийн хариуд 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн “Сонсох ажиллагааны мэдэгдэл” 922 тоот албан бичгээр хариу өгөхдөө нэхэмжлэгчийн дээрх албан бичгийн дугаар, он, сарыг тавиагүй ч гэсэн тэднээс ирүүлсэн дээрх албан бичигт болон 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 2103018, 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 2103092 дугаартай албан бичгүүдийн хариуд “Миракллэнд” ХХК-ийн Дархан сум, 10 дугаар баг, 25 дугаар хороололд байрлах, нийтийн орон сууцны зориулалттай, 15.000 м.кв газар нь Төрийн аудитын газрын 2019 оны 06 дугаар сарын 05-ны 41/14 дугаартай шаардлагад Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй”  зөрчилтэй иргэн, аж ахуйн нэгжийн жагсаалтад орсон тул захиргааны шийдвэр гаргах ажиллагааг эхлүүлж байгаа талаар мэдэгдэж байсан нь хариуцагчийн 2019 оны 11 сарын 06-ны өдрийн “Газрын төлбөр төлөх тухай” 663 тоот, 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн “Сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлэх тухай” 350 тоот албан бичиг, 2021оны 6 дугаар сарын 18-ны өдрийн хурлын тэмдэглэл зэргээр тогтоогдож байх тул Захиргааны ерөнхий хуулийн 37.3.”Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно”, гэх хуулийн заалтыг зөрчсөн гэж  хариуцагчийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

            Шүүхээс хариуцагчийн бичиг баримтад үзлэг хийхэд нэхэмжлэгчийн хүсэлтийг 2019 оны ирсэн бичгийн бүртгэлд бүртгэсэн хэрнээ хүсэлтээс бусад түүнд хавсаргасан нотлох баримтууд нь байхгүй, газрын гэрээг жил бүр дүгнэж байгаагүй, байгаль орчны нөлөөллийн үнэлгээгээр гарсан дүгнэлтийг хэрэгжүүлсэн талаарх тодорхойлолтгүй, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “газар эзэмших эрх дараах тохиолдолд дуусгавар болно: 39.1.1-д “газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй”, 40 дүгээр зүйлийн 40.1.6-д  “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил ашиглаагүй” болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбарууд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа болно.

             Иймд дээрх байдлыг дүгнэхэд Миракллэнд” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээ сунгуулах хүсэлтийг хүлээн авч шийдвэр гаргахгүй байгаа хариуцагчийн хууль бус эс үйлдэхүйг тогтоогдохгүй, “Миракллэнд” ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр дууссан газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээний хугацаа  сунгах шийдвэр гаргахыг  хариуцагчид даалгах  үндэслэлгүй байх тул  нэхэмжлэгчийн “Миракллэнд” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээ сунгуулах хүсэлтийг хүлээн авч шийдвэр гаргахгүй байгаа хариуцагчийн хууль бус эс үйлдэхүйг тогтоолгож, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дахь заалтыг тус тус удирдлага

 

                ТОГТООХ нь

            1. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3, 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6, Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2, 39 дугаар зүйлийн 39.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.6-д тус тус заасныг баримтлан  нэхэмжлэгч “Миракллэнд” ХХК-ийн нэхэмжлэлтэй Дархан-Уул аймгийн *******,*******, *******д холбогдох Дархан-Уул аймгийн Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн ******* дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгож, “Миракллэнд” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээ сунгуулах хүсэлтийг хүлээн авч шийдвэр гаргахгүй байгаа хариуцагчийн хууль бус эс үйлдэхүйг тогтоолгож, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.2, 51 дүгээр зүйлд зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108  дугаар зүйлийн 108.4 дэх хэсэгт заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4 дэх хэсгүүдэд зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш  14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах,  гомдол гаргах эрхтэй.

 

 

                                        ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНЧИМЭГ