Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 166

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож,

улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Энхмаа,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Цэцэгмаа,

шүүгдэгч Ч.Шагдарсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Шагдарсүрэнд холбогдох эрүүгийн 201719000028 дугаартай хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын харьяат, 1987 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Увс аймгийн Өндөрхангай суманд төрсөн 30 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 1, Увс аймгийн Өндөрхангай сумын Батсайхан 2-р багт оршин суух хаягтай, Төв аймгийн Цээл сумын 5 дугаар багт түр оршин суух улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Бэх овогт Чинбатын Шагдарсүрэн РД:ОК87112611 гэв.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

  Шүүгдэгч Ч.Шагдарсүрэн нь давтан удаагийн үйлдлээр бусдын эзэмшлийн морийг хэрэглэн Төв аймгийн Цээл сумын нутгаас 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдөр тус сумын иргэн Б.Түвдэннямын 1 тооны үхрийг хулгайлж 1.500.000 төгрөгийн, Ж.Мөнхнасангийн 2 тооны үхрийг хулгайлж 1.100.000 төгрөгийн, мөн сумын нутгаас 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын 2 дугаар багийн иргэн Ж.Чулууны 2 тооны үхрийг хулгайлж, 2.000.00 төгрөгийн бусдад нийт 4.600.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ч.Шагдарсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учраас мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Хохирогч Б.Түвдэннямын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “..Манай үхэрнүүд тэр өдрийн 11 цагийн үед байсан юм. Тэгээд 16 цагийн үед үхэрнүүдээ хураах гэсэн чинь манай улаан халзан зүсмийн бух алга болсон байсан. Тэр үедээ би айлын үхэртэй нийлээд явчихсан байх гэж бодоод тэр хавиар 10 гаран хоног хайж эрсэн. Тэгээд Мөнхнасан гэж хүн нь Билэгээ гэх хүний гадаа баахан үхэрнүүд шулагдсан байна энд шулагдсан байж магадгүй гэж бодоод сумын хэсгийн төлөөлөгчид мэдэгдсэн...” гэх мэдүүлэг /хх-32 тал/,

 

Хохирогч Ж.Чулууны мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “..2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр би Улаанбаатар хот руу эмнэлэгт үзүүлэхээр явсан юм. Тэгээд 2016 оны 12 дугаар сарын 13-ны өглөөгүүр 09 цагийн үед манай хүүхэд над руу утсаар яриад 2 үхэр байхгүй байна гэж ярьсан тэгэхээр нь би наадуул чинь заримдаа хээр хонодог юм чи наад хавиараа сайн хайгаад байж бай гэж хэлсэн. Тэгээд манай хүүхэд хайгаад олохгүй байна алга байна гэж дахиж надад орой нь 17 цагийн үед утсаар хэлсэн. Тэгээд хайж сураглаж явж байтал Батбилэгийн гэрт үхэр нядлагдсан гэж сонсоод Батбилэгээс асуусан чинь манайд үхэр нядлагдсан Шагдарсүрэн ирж хоёр үхэр тууж ирээд нядалсан гэж байсан. Тухайн үед зүсийг нь зөрүүлж хэлээд байхаар нь тулгаж хар эр үхэр сувай шар цоохор үхэр нядлагдсан байх ёстой гэж хэлсэн чинь Батбилэг тийм байх гэж хэлж байсан. Тэгээд сумын хэсгийн төлөөлөгчид хандсан. Шагдарсүрэн гэх хүн миний хохирлыг барагдуулсан одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй. Хохирлын мөнгө болох 2 сая төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /хх-34-35 тал/,

 

Хохирогч Ж.Мөнхнасангийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “.. 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдөр өглөө 08 цаг 30 минутын үед манай үхэрнүүд бэлчээртээ гарсан юм тэгээд орой 18 цаг 30 минутын үед манай үхэрнүүд хотондоо ирдэг юм. Тэгтэл тэр өдөр  улаан халзан шүдлэн эр үхэр нөгөөх нь ягаан сартай халзан зүсмийн 4 настай үнээ байхгүй ирээгүй байсан. Мөн тэр үед Түвдэнням гэх хүний бухан бяруу нь бас алга болчихсон байсан юм. Тэдний үхэр манай үхэрнүүд хамт бэлчээрт байдаг байсан юм. Тэгээд нэлээд хэд хоног хайсан боловч ерөөсөө олдоогүй тэгээд олдохгүй болохоор нь цагдаагийн байгууллагад хандсан чинь хулгайч аваад нядалчихсан байсан юм билээ..” гэх мэдүүлэг /хх-37 тал/,

 

Иргэний нэхэмжлэгч Г.Батбилэгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “.. 2016 оны 12 дугаар сард Шагдарсүрэн нь миний эзэмшлийн 9 настай бор хээр зүсмийн тамгагүй морийг унаж яваад хулгай хийсэн. Миний морийг битүүмжилсэн учраас би иргэний нэхэмжлэл гаргаж байна..” гэх мэдүүлэг /хх-39 тал/,

 

Иргэний нэхэмжлэгч Б.Жагзмаагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “..Би иргэний нэхэмжлэл гаргана. Би өөрийн эд зүйлүүдээ буцааж авмаар байна.” гэх мэдүүлэг /хх-127 тал/,

 

Гэрч М.Хандын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “..2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Батцэцэг гэдэг хүн намайг эмнэлэгт байхад идэшээ хийж байна махны бичиг авмаар байна манай найзууд өөрсдийнхөө малнаас хийж байна гээд бас нэг хүүхэн дагуулаад явж байсан. Тэр хүнийг нь Баасанхүү гэдэг юм билээ. Тэгээд тэр үед би тэр хоёр хүнд 2 тооны үхэрний махны бичиг хийж өгсөн. Өөр малын бичиг хийгээгүй. Гэхдээ би тэр талаар сайн санахгүй байн. Өөрийнхөө бүртгэлийн дэвтэрийг харахад 2 үхэрний мах 12-35 УБР улсын дугаартай Соната маркийн машинд ачина гээд аваад явсан байна.. гэх мэдүүлэг /хх-40 тал/,

 

Гэрч Б.Төгсболдын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “..Бид нарыг очих үед Шагдарсүрэн болон түүний эхнэр Батцэцэг нар гарч ирж байсан. Тэгээд Цэрэннадмид нь хоёр үхрийн махыг нь үзээд 800,000 төгрөгөөр худалдаж авчихаад яваад өгсөн. Тухайн үед Батбилэг нь банкны мөнгө хүрэхгүй байна 50 мянган төгрөг нэмээд өгчих гээд гуйгаад байсан харин Цэрэннадмид муу мах байна гээд мөнгө нэмж өгөөгүй. Тэгээд бид хоёр үхрийн махыг нь ачаад аваад явсан. Тэгээд нөгөөдөр нь манай аавын дүүгийнх нь хүүхэд болох Түвдэнням нь манайх үхрээ алдчихлаа чи хөдөөгүүр мал мах авсан юм уу гэж асуухаар нь би Батбилэгээс 2 үхэр авсан гэж хэлсэн. Тэгтэл Шагдарсүрэн гэх хүн нь хулгай хийгээд Цэрэннадмид бид хоёрт зарсан юм байналээ...” гэх мэдүүлэг /хх-41 тал/,

 

Гэрч О.Цэрэннадмидын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “..Тэгээд маргааш нь замаараа өөр айлаар орж мал авчихаад тэднийхрүү явсан чинь зам байхгүй нэлээн цас ухаж байж нэлээн орой болсон хойно очоод хөлдүү хоёр үхрийн мах юмаар боочихсон мах байсныг 800,000 төгрөгөөр худалдаж авсан юм. Тэгтэл Батбилэг нь банкны мөнгө хүрэхгүй байна чи нэмээд 50 мянган төгрөг өгчих гээд байхаар нь би нэг мах нь муу юм байна гэж хэлчихээд 800,000 төгрөгөөр тэр махыг нь худалдаж авчихаад яваад өсгөн...” гэх мэдүүлэг /хх-42 тал/,

 

Гэрч Д.Гантөмөрийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “..2016 оны 12 сарын 01-ний өдөр Баянмөнх надруу утсаар яриад Та ирээд 35 тооны бог малын мах хотруу оруулаад өгөөч би жижиг тэрэгтэй ирчихсэн байна та наанаасаа унаа олоод хүрээд ирээч хөдөө хөлдөж үхпээ тус болооч гэхээр нь би хүргэнийхээ машиныг гуйж аваад Төв аймгийн Цээл сумруу 2016 оны 12 дугаар сарын 03-ны орой 20 цаг болж байхад очсон юм. Тэгээд намайг очих үед 35 бог малын мах болон 3 тооны үхэр нядалчихсан байсан. тэгээд би тэр үед наад олон мах чинь багтах юм уу гэсэн чинь Баянмөнх Шагдарсүрэн хоёр багтана арьс махаар нь тусд нь ялгаад хийчнэ гээд богын махыг нь ачаад дээрээс нь үхрийн махыг нь ачсан юм тэгээд тэр үедээ мөн тэр хоёр бүх гарал үүслийн бичигийг нь авчихсан байгаа гээд надад үзүүлсэн би тэрийг үзэхэд 35 богийн бичиг 3 үхрийн бичиг тус тусдаа байсан. Одоо надад 3 бодойн бичиг нь байгаа. тэгээд тэр шөнөдөө яваад шууд эмээлт дээр 2 цаг өнгөрч байхад ирээд нэг ченжид үхрийн мах ямааны махаа бүгдийг зараад 6 бил үү 7 тооны хонины мах үлдээгээд Баасанхүү гэдэг нь гэрлүүгээ авж явна гэсэн. Тэгээд би тэд нарыг Дэнжийн мянгад гэрт нь буулгаж өгчихөөд хадам аавынхруугаа явсан. Надад хөлсөнд нь Шагдарсүрэн 150 мянга, Баянмөнх 150 мянган төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /хх-43 тал/,

 

Гэрч Г.Батбилэгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “..Манайд Баасанхүүгийн эзэмшлийн 80 гаран тооны хонь ямаа байдаг юм. Тэрнээс 35 тооны мал нядлах гэж ирсэн байсан юм. Тэгээд тэд нар өдөр 14 цагийн үед ирээд тэр өдрөө өнжсөн юм. Маргааш нь тэд нар малаа нядалсан харин Шагдарсүрэн нь айлаас өөрийнхөө үхрийг туугаад ирье гээд миний хээр зүсмийн морийг 10 цагийн үед унаад явсан юм. Тэр хооронд бид нар хонь ямаагаа нядлаад байж байхад Шагдарсүрэн нар шингээгүй байхад буюу 16 цаг өнгөрөөгөөд 3 тооны үхэр тууж ирсэн юм. Тэр өдөр шуургатай байсан болохоор дуудсан машин нь ирвэл авчирсан үхрээ нядлана, ирэхгүй бол маргааш өглөө нядлъя гэж байсан тэгээд Төв аймгийн Жаргалант сумаас Ганаа гэх хүн эхнэрийнхээ хамт Жаргалантаас 19 цаг өнгөрч байхад ирээд тэгээд Шагдарсүрэнгийн тууж ирсэн 3 тооны үхрийг Баянмөх, болон хамт ирсэн гар муутай хүн Шагдарсүрэн гурав нядлаад Ганаа гэх хүний машин дээр 35 тооны хонь ямааныхаа махыг хамт ачаад 22 цагийн үед хоёр машинтай манай гэрээс явсан. Тэр өдрөөс хойш 12 сарын 10-наас хойш яг хэзээ гэдгийг нь санахгүй байна. Өдөр 15 цагийн үед хар ногоон өнгийн гэмээр бикаб маркийн хагас ачааны жийп машинтай жолоочтой нь болон бас нэг танихгүй эрэгтэй хүний хамт Шагдарсүрэн гурвуулаа ирсэн юм. тэгээд Шагдарсүрэн нь айлаас мал авах гэж ирлээ цасанд машин явахгүй байна замдаа цас ухаж ирлээ гэж байсан тэгээд тэдгээр хүмүүс манайд хонохоор болохоор нь би тэр жолоочоос нь гуйгаад сумын төв орж малын тэжээл авчихаад ирье бинзен тосыг нь хийгээд өгье гэж гуйгаад бид хоёр 16 цагийн үед хөдлөөд замдаа саахалт айлын Зоригоо гэх хүнийг аваад бид гурав хамт сумын төв орж би малдаа тэжээл авчихаад буцаад би хөдөө гэрлүүгээ явсан явахдаа сумын төвөөс Шагдарсүрэнгийн эхнэрийг авж яваад орой 19 цагийн үед очсон. Тэгээд маргааш өглөө нь Шагдарсүрэн нь өмнө нь унаж байсан миний хээр морийг унаад айлаас авах ёстой үхрээ аваад ирье гээд 10-11 цагийн үед яваад орой 21 цаг болох гэж байхад 2 тооны үхэр тууж ирээд одоо нядпана гэхээр нь би шөнө орой болсон хойно би нядлуулахгүй та нар маргааш өглөө гэгээ орхоор нядалчих гэсэн чинь Шагдарсүрэнтэй хамт ирсэн жолооч нь би одоо явахгүй бол болохгүй явах ажил байна одоо машины гэрэл тусгаад нядлая гээд тэр шөнөдөө нядлахаар болсон юм. Тэгээд би орондоо орсон Шагдарсүрэн хамт ирсэн нэг хүнтэйгээ нядлаад эхний үхрээ шулж байхад жолооч нь орж ирээд намайг чи машин дээр байгаа тэжээлээ буулга гэхээр нь би тэгье гээд орноосоо босоод машин дээрээс тэжээлээ буулгаж дуусчихаад байж байтал тэр жолооч нь би ерөөсөө урдаас Зоригоо гэх хамт явсан залууг аваад ирье гээд машинаа асаагаад хөдлөөд явсан тэгээд тэр жолооч эргэж ирээгүй юм. Маргааш өглөө нь намайг хониндоо явсан хойгуур Зоригоо ирээд нөгөө жолоочийг хотруу яваад өглөө гэж Шагдарсүрэнд хэлсэн байсан ба энэ талаар Шагдарсүрэн надад хэлсэн юм. Тэгээд Шагдарсүрэн хотоос Баянмөнхийг дуудъя гээд утсаар ярьсан чинь Баянмөх завгүй байна завтай болохоороо яръя гэж байна гэсэн. Тэгээд би дахиж хониндоо явчихаад ирсэн чинь Шагдарсүрэн нь Баянмөнх ирэхээр боллоо гэж байсан. Тэгээд Баянмөнх нь шөнө явган нэг хүнтэй хамт ирсэн ба замд машин эвдрээд явган алхаад хүрээд ирлээ гэж байсан. Тэгээд тэр шөнөдөө тэдгээр хүмүүс манайд хоночихоод маргааш өглөө нь Баянмөнх бид хоёр машиныг нь очиж үзсэн чинь аржатер нь хагараад уначихсан байсан. Тэгээд бид хоёр тэрийг сэлбэх гээд Цээл сумын төврүү мотоцикпьтой яваад сумын төвөөс сэлбэг ерөөсөө олдоогүй юм. Тэгээд сэлбэг хайж явж байгаад Болдоо Цээгий гэх хүмүүстэй таарсан тэр хоёр хүн мал мах авж байгаа гэдгийг нь сонсоод Баянмөнх нь Шагдарсүрэнгийн хоёр үхэр миний жижиг тэргэнд багтахгүй энэ хоёрт зарчихъя гээд тэр хоёрт Шагдарсүрэнгийн үхэрний махыг зарахаар болсон юм. Тэр оройноо сумын төв дээр манай гэрт бид хоёр хоночихоод маргааш өглөө нь Баянмөнх ганцаараа шуудангаар Улаанбаатар хотруу сэлбэг авахаар яваад орой 19 цагийн уед буцаж ирсэн. Тэгээд би хоёр нөгөө Цээгий Болдоо хоёрыг аваад Цээгий гэдэг хүний машинтай манай хөдөө гэрт орой 22 цагийн үед ирсэн юм. Тэгээд Шагдарсурэнгийн 2 ухрийн махыг 800,000 төгрөгөөр зараад тэр хоёр аваад явсан юм. Харин Шагдарсүрэн Баянмөнх болон хамт ирсэн хүмүүс нь маргааш өглөө нь машинаа янзалж аваад явсан. Би Цээгий гэх хүнд тэгж хэлсэн. Учир нь Баянмөнх нь ямар ч байсан чи Шагдарсүрэнгийн махыг зарчих миний машинд багтахгүй чи зараад өгчих гээд гуйгаад байхаар нь би тэгж хэлээд зарчихсан юм. Тэгээд мөн орой мах зарах үедээ Баянмөнх нь хоёрын хоёр үхэр 800.000-д арай хямдхан байна чи ядаж 1 сая төгрөгөнд зараад өгчих гээд байхаар нь тэр талаар хэлсэн чинь 800,000 төгрөгөөр авна гэхээр нь би ядаж 50,000 төгрөг нэмээд өгчихөөч хоёрын хоёр үхэр юм чинь гэж хэлсэн боловч 800,000 төгрөгөөр авна гээд авсан юм..” гэх мэдүүлэг /хх-44-45 тал/,

 

Гэрч Б.Баянмөнхийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “..Би Шагдарсүрэнг хулгай хийснийг нь тухайн үеүүдэд нь мэдээгүй. Би гэгээн цагаан өдөр хулгай хийнэ гэж юу байхав хулгай хийсэн гэдгийг нь төсөөлөөгүй ч байсан. Сүүлд нь сумын хэсгийн төлөөлөгч намайг дуудаад уулзах үед би Шагдарсүрэнг 5 тооны үхэр хулгай хийснийг мэдсэн. Би тэр үед их гайхсан. Сүүлд Шагдарсүрэнг авах гээд очих үед машин эвдрэх үед чамаас болж машин эвдэрчихлээ би хөлсний такси барьдаг хүн чамаас болж би хохирлоо гэж хэлсэн чинь Шагдарсүрэн нь тухайн үедээ ямар ч асуудалгүй би чамайг хохиролгүй болгоно гээд надад сэлбэг ав гэж 300,000 төгрөг, наашаа цааш явах шатахууны мөнгө гээд нэмж 100,000 төгрөг тэр доороо бэлэн гаргаж өгсөн юм. Би тухайн үедээ ямар учиртай мөнгө гаргаж өгч байгааг мэдээгүй.
Хулгай хийж олсон мөнгө гэж мэдээгүй...” гэх мэдүүлэг /хх-46 тал/,

 

Гэрч Ж.Баасанхүүгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “..2016 оны 12 дугаар сарын эхээр надад мөнгөний хэрэг болоод би өөрийн эзэмшлийн хониноосоо 35 бог мал нядалхаар Төв аймгийн Цээл сумруу явсан юм. Тэр үед би болон манай нөхөр Баянмөнх, Шагдарсүрэн, Батцэцэг нарын хамт Улаанбаатар хотоос гараад оройдоо очоод тэр өдрөө сумын төвд айлд хоносон юм. Би очсон өдрөө гарал үүслийн бичиг авах гэж байхад Шагдарсүрэн нь би хүнээс 3 тооны үхэр авах ёстой надад бас гарал үүслийн бичиг хийлгүүлчихээрэй гэж байсан. Тгээд маргааш өглөө нь бид нар хөдөө мал дээрээ очоод өөрийнхөө малнаас 35 хонь нядалсан. Тэгээд Шагдарсүрэн нь айлаас авах ёстой авлагаа авчихаад ирье гээд Батбилэгийн морийг унаад явсан. Тэр үед Шагдарсүрэн нь өглөө яваад орой 16-17 цагийн үед гурван тооны үхэр тууж авчирж ирээд тэрийгээ Баянмөнх Батбилэг нартай хамт нядалсан. Тэгээд тэр оройноо Ганаа гэдэг ачааны машинтай манай нөхрийн хамаатанг дуудаад машинд нь нядалсан малаа болон Шагдарсүрэнгийн тууж ирсэн үхэрний махыг ачаад Улаанбаатар хотруу гарсан. Тэгээд эмээлтийн тэр хавьд нэг мах авдаг цэг дээр би хониныхоо махыг зараад мөн Шагдарсүрэн нь хулгайлсан 3 үхэрнийхээ махыг хамт зарсан. Би тэр үед Шагдарсүрэнг үхэр хулгай хийснийг мэдээгүй. Хэрэв мэдсэн бол тийм зүйл хийлгэхгүй байсан юм. Шагдарсүрэн өөрөө хэлэхдээ айлаас авах ёстой авлагаа авна гэж хэлж байсан. Тухайн үед Шагдарсүрэн намайг Цээл явах гэж байгааг мэдсэн байсан ба Шагдарсүрэн нь би ч бас Цээл явж хүнээс авах ёстой малаа авах гэсэн юм гэхээр нь би тэгвэл хоёулаа хамт явъя бинзен тосныхоо мөнгийг хувааж хийгээд Цээлээс унаа олоод хүрээд ирье гэж ярилцаад явсан юм. Тэгээд Цээлд очоод шагдарсүрэн нь гурван тооны шүхэр туугаад ирсэн. Тэр үед бид нарын хэн нь ч үхэр хулгай хийсэн гэдгийг мэдээгүй байсан..” гэх мэдүүлэг /хх-47-48 тал/,

 

Гэрч О.Батцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “..Би тэр үед Шагдарсүрэн, Баасанхүү Баянмөнх нартай хамт Улаанбаатар хотоос Цээл сумруу явсан. Би бол тэр үед Цээл сумруу өөрийн гэртээ очихоор явж байсан. Баянмөнх, Баасанхүү Шагдарсүрэн нар нь хамаатан юм байналээ тэгээд Цээлрүү унаа явах гэж байна гэхээр нь би унаа олдсон дээр гээд унаанд нь даагдиж Цээл сумруу явсан. Би тэд нарыг яма: ажилаар Цээл явж байгааг мэдээгүй. Баасанхүүгийн төрсөн дүү нь Цээлд амьдардаг болохоор тэднийхрүү л явж байгаа юм байх гэж бодсон. Тэгээд очсон оройноо Цээл сумын төвд манай гэрт Шагдарсүрэнтэй хамт хоноод маргааш өглөө нь Шагдарсүрэн явсан хаашаа явж байгаагаа болон хэзээ ирэх юунд явж байгаагаа хэлээгүй..” гэх мэдүүлэг /хх-49 тал/,

 

Гэрч Б.Жамнинжийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “.. Миний бүртгэлийн дэвтэрээс үзэхэд 2016 оны 12 сарын 03-наас 04-нд шилжих шөнө манай цэгт 2 үхэр 1 бухны болон 20 тооны ямаа, 7 тооны хонь орж ирсэн байна. Тухайн үед ирсэн хүмүүс гарал үүслийн гэрчилгээтэй байсан ба зарим тооны хонь, ямааны махаа заралгүй явсан..” гэх мэдүүлэг /хх-50-51 тал/,

Гэрч М.Ганзоригийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “.. 2016 оны 12 дугаар сарын 13-ны орой 22 цагийн үед намайг гэртээ байж байхад хар саарал өнгийн тэвштэй жийп машин явж байсан ба тэр машины жолооч ах хойно Шагдар гэдэг хүн үхэр хулгайлаад нядалж байна. Ах нь хэрэгт орох юм шиг байна би явлаа ахдаа зам заагаад өгчих гэж байсан. Тэгэхээр нь би зам зааж өгөөд явуулсан юм. Тэрнээс өмнө 5-6 хоногийн өмнө мал асуух гэж Билгээгийн гэрт очсон чинь хүмүүс ирчихсэн байсан ба саравчин дотор нь 3 тооны үхэр байсан. Тэгээд би асуух юмаа асуучихаад яваад өгсөн. Би тухайн үед тэр 3 үхрийг анзаарч хараагүй..” гэх мэдүүлэг /хх-52-53 тал/,

 

Гэрч Т.Алтантөгсийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “..2016 оны 12 сарын дундуур санагдаж байна яг хэзээ гэдгийг нь санахгүй байна. манай нэг дүү Өнөрөө гэх хүн нэг өдөр манай гэрт ирээд манай нэг найз байдаг юм хөдөөнөөс мал мах авчрах гэж байгаа юм байна та нэг яваад өгөх үү мөнгө хөлсийг нь өгнө гэнэ гэхээр нь би хөлс мөнгө нь гайгүй юм бол яваад өгчье гэж бодоод хэдэн төгрөг өгөх юм бэ гэж асуусан чинь 200,000 төгрөг өгвөл болох уу гэхээр нь би за тагье түлшийг нь яах юм бэ гэсэн чинь та өөрөө түлшээ даачих хөдөө очиж мал махаа аваад хотод авчраад зараад мөнгийг нь өгье гэж тохирсон ба тэр хүнээ маргааш надруу явуулчих гэж хэлж байсан тэгээд маргааш өглөө нь Шагдарсүрэн гэх хүн 11 цагийн үед манай гэрт хүрээд ирсэн. тэгэхээр нь би тэр хүнээс найдвартай мал хуйгаа хийгээд ирээд мөнгө төгрөгөө өгөх юм уу гэж асуусан чинь тэгнэ найдвартай өгнө санаа зоволтгүй гэж байсан тэр үед Шагдарсүрэн нь нэг ахимаг насны Гэрлээ гэх хамаатаны ах нь гэх хүнтэй хамт ирсэн ба найдвартай нэг хоноод буцаад хүрээд ирнэ гэхээр нь би ах нь нэг хоногоос илүү хонож чадахгүй шүү гэж хэлсэн. Тэгээд бид гурав гурвуулаа шууд гарсан. Тэр үед Шагдарсүрэн нь урд өдөр нь архи уучихсан бололтой байсан ба замд явж байхдаа ах мөнгө байдаггүй та нэг пиво аваад өгчих гэхээр нь би нэг пиво авж өгсөн юм. Тэгээд мөн замд явж байгаад би хамт явсан Гэрлээ гэх ахаас нь танай энэ дүү чинь хөдөө очоод яг мал хуй нь байгаа юм уу гэж асуусан чинь ах нь сайн мэдэхгүй байна айлд мал нь байгаа гэж байсан намайг хамт яваад мал нядлаад өгөөч гэхээр нь хамт явсан юм. Тэгээд орой бүрэнхий болж байхад буюу 16 цагийн үед Төв аймгийн Цээл суманд очоод Шагдарсүрэнгийн авгай гэх айлд ороод цай унд уучихаад тэднийхээс гараад хөдөө Билэгээ гэх айлд очсон ба гэрийн эзэн нь хониндоо явсан эзгүй байсан ба тэр айлыг манай хүргэнийх гэж Шагдарсүрэн надад хэлж байсан. Тэгж байж байтал Билэгээ гэх хүн ч ирлээ тэгээд тэр Билэгээ гэх хүн нь түлшийг нь хийгээд өгье сумын төвөөс өвс тэжээл ачаад ирье гэхээр нь бид хоёр сумын төв орж хашаанаас нь өвс тэжээл авчихаад буцаад хөдөө гэрлүү нь явсан. Тэр үед бид нар архи пиво болоод ууцгаасан. Тэгж байж байгаад сумын төв орж архи авна гээд дахиад сумын төврүү орж дэлгүүрээс архи дарс аваад буцахдаа Шагдарсүрэнгйин авгайг аваад буцаад явсан хоёр дох удаа явахдаа бид нар бүгдээрээ явсан юм. Бас нэг хажуу айлын Зоригоо гэх залуу явсан санагдаж байна. Тэгээд бид нар шөнийн 1, 2 цагийн үед очсон санагдаж байна. Тэгээд гэрт нь авсан архи пивоо ууцгаагаад унтах гэтэл тэр гэрт нь багтаж шингэхгүй байсан болохоор Шагдарсүрэн авгайтайгаа Билэгээгийн гэрт нь үлдэж хоноод Билэгээ Гэрлээ, Зоригоо бид дөрөв сумын төврүү Билэгээгийн сумын төвд байх гэрт нь хонохоор явсан. Тэгтэл шөнө Билэгээ нь авгайтайгаа хэрүүл хийгээд байхаар нь би гудамжинд машин дотроо унтсан юм. Тэгээд маргааш өглөө нь буцаад хөдөө гэрлүү нь Шагдарсүрэн дээр очсон. Тэгээд би Шагдарсүрэнд за одоо ажлаа хурдан хийе хоёулаа машинтай тэр айлд чинь очоод нядлаад аваад явчихъя цаг хугацааны хувьд надад хэрэгтэй байна гэсэн чинь Шагдарсүрэн нь тийшээгээ машин явахгүй 10 гаран км хол цас ихтэй машин явахгүй байх би Билэгээгийн морийг унаад туугаад хүрээд ирье гээд өдөр болж байхад морь унаж яваад орой 16 цагийн үед буцаж хар үхэр, улаан алаг үхэр хооронд нь холбочихсон тууж ирсэн. Тэгж байж байтал харанхуй болчихсон. Би тэр үед наадах чинь хэний мал юм бэ гэсэн чинь нээх юм дугарахгүй байсан тэр үед Билэгээ болон Шагдарын авгай, Гэрлээ гурав орж гараад байсан би тэд нараас наадах чинь ямар учиртай үхэр нядлах гээд байгаа юм бэ гэж асуухаар сайн мэдэхгүй байна айлд байсан өөрийнхөө малыг нядлаж байгаа байх гээд байсан юм. Тэгээд би нэг гараад харсан чинь Шагдарсүрэн нь нэг үхрээ унагаачихсан байсан байхаар нь чи одоо махны бичиг авдаггүй юм уу ийм орой болсон хойно чамд одоо бичиг олдох юм уу гэж асуусан чинь бичиг баримтан дээр санаа зоволтгүй авчихана болохгүй бол бичиггүй аваад явчиж болно биздээ гээд байсан. Тэгээд надад хар төрөөд сэжигтэй санагдаад эвгүй байгаад байхаар нь би Билэгээд машин дээр байсан тэжээлүүдээ буулгачих гэж хэлээд машин дээр ачаатай байсан тэжээлүүдээ Билэгээ гэрлүүгээ зөөж оруулсан энэ үед Шагдарсүрэн нь намайг та машинаа халаагаад энд ойртуулаад тавьчих одоо удахгүй юм чинь гэхээр нь би машинаа халааж хэсэг хугацаанд зогсож байгаад тэгээд шууд яваад өсгөн. Тэд нар үхрээ нядлаад үлдсэн юм. Тэгээд би урд өдөр нь хамт архи уусан Зоригоо гэх хүн дээр очоод энэ хулгайн мал байж магадгүй юм байна би ийм юм ачихгүй гэж байна гэж хэлээрээ би юуч ачаагүй шүү хараарай гэж хэлчихээд шууд яваад өгсөн. Дараа нь би дүү Өнөрөөд чи намайг шал дэмий бүтэхгүй хүмүүстэй явууллаа гэж ууралсан чинь би одоо хэлээд өгье гэж байсан. Тэрнээс хойш Шагдарсүрэн гэх хүнтэй уулзаагүй...” гэх мэдүүлэг /хх-54-55 тал/,

Гэрч О.Дамдиндоржийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “..Шагдарсүрэн нь тухайн үед ярихдаа хүнээс авлагатай байсан 3 үхрээ аваад ирлээ гэж л ярьж байсан. Тэр гурван үхрийг Баянмөнх Шагдарсүрэн хоёр нядалсан. Би тэр үедээ хулгайн үхэр гэдгийг нь мэдээгүй...” гэх мэдүүлэг /хх-56 тал/,

 

Гэрч Т.Жаргалсайханы мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “..Энэ хэрэгт манай хүү Мөнхнасан нь хохирогчоор оролцож байгаа учраас би ямар нэгэн гомдол санал иргэний нэхэмжлэл гаргахгүй. Тухайн алдагдсан үхэр нь манай хүү Мөнхнасангийн үхэр байгаа юм.../хх-112 тал/,

 

Гэрч Ж.Даваагэрэлийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “..Тэр үед Цээл сумруу Шагдарсүрэн, машины жолоочын хамт гурвуулаа явсан юм. Тэгээд бид нар манай хүргэн Батбилэгийн гэрт очоод би ганц нэг шил архи уугаад явсан. Тэгээд би очсон өдрийнхөө маргааш нь би сумын төв дээр үлдээд Шагдарсүрэн нь нөгөө жолоочтойгоо хамт хөдөө Батбилэгийнхрүү явсан санагдаж байна. Тэгээд би сумын төв дээр нэг хонож архи ууж явж байгаад очсон өдрийнхөө хоёр хоногийн дараа би сумын төвөөс автобусанд суугаад Улаанбаатар хотруу ирсэн. Хотод ирээд хоёр хоноод би Өмнөговь аймагруу ажил хийхээр явсан юм...” гэх мэдүүлэг /хх-128 тал/,

 

БУСАД БАРИМТ

- хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-4-8 тал/,

- мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-9-14 тал/,

- баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-15-17 тал/,

- эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-25-27 тал/,

- эд зүйлийн үнэлгээ /хх-29, 58, 61, 64 тал/,

- Хаан банкны 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 17/30 тоот албан бичиг /хх-91 тал/,

- Хас банкны Зуунмод салбарын 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 30/43 тоот албан бичиг /хх-92 тал/,

- Төрийн банкны Төв аймаг салбарын 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 17/55 тоот албан бичиг /хх-93 тал/,

- Төв аймгийн Автотээврийн төвийн 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 28 тоот лавлагаа /хх-95 тал/,

- Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 124 тоот албан бичиг /хх-97 тал/,

- Төв аймгийн Жаргалан сумын 2 дугаар багийн засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 14/111 тоот албан бичиг, хавсралт /хх-99-103 тал/,

- Төв аймгийн Цээл сумын 5 дугаар багийн засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 17/20 тоот албан бичиг, хавсралт /хх-104-108 тал/,

- Төв аймгийн Цээл сумын 5 дугаар багийн засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 17/37 тоот албан бичиг, хавсралт /хх-109-111 тал/,

- эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-129-130 тал/,

- эд зүйлийн үнэлгээ /хх-132 тал/,

- гэрэл зургийн үзүүлэлт /хх-134-135 тал/,

- хохирогч Б.Түвдэннямын баталгаа /хх-137 тал/,

-  Увс аймгийн Прокурорын газрын 2017 оны 03 сарын 14-ний өдрийн 5/165 тоот албан бичиг /хх-141-142 тал/,

 

-шүүгдэгч Ч.Шагдарсүрэнг 2017 оны 01 сарын 12-ны өдөр сэжигтнээр /хх-79-80 тал/, 2017 оны 02 сарын 09-ний өдөр яллагдагчаар /хх-85-87, 136 тал/ тус тус байцаасан тэмдэглэлүүд,

 

- Ч.Шагдарсүрэнгийн ял шийтгэлийн тэмдэглэлийг шалгахад “үгүй” гэх лавлагаа /хх-89 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дараах үндэслэл бүхий нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Ч.Шагдарсүрэн нь давтан удаагийн үйлдлээр бусдын эзэмшлийн морийг хэрэглэн Төв аймгийн Цээл сумын нутгаас 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдөр тус сумын иргэн Б.Түвдэннямын 1 тооны үхрийг хулгайлж 1.500.000 төгрөгийн, Ж.Мөнхнасангийн 2 тооны үхрийг хулгайлж 1.100.000 төгрөгийн, мөн сумын нутгаас 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын 2 дугаар багийн иргэн Ж.Чулууны 2 тооны үхрийг хулгайлж, 2.000.00 төгрөгийн бусдад нийт 4.600.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Шагдарсүрэнгийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ж.Чулуун, Б.Түвдэнням, Ж.Мөнхнасан нарын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлгүүд, гэрч Б.Төгсболд, О.Цэрэннадмид, Г.Батбилэг, Б.Баянмөнх, Ж.Баасанхүү, О.Батцэцэг, М.Ганзориг, Т.Алтантөгс, О.Дамдиндорж, Ж.Даваагэрэл нарын мэдүүлгүүд, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-4-8 тал/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-9-14 тал/, баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Ч.Шагдарсүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан ял оногдуулах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Ч.Шагдарсүрэнд ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирол төлбөрөө бүрэн барагдуулсан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн хувийн байдал шүүгдэгч Ч.Шагдарсүрэнгийн эд хөрөнгийг хураахгүйгээр хорих ял оногдуулан, уг хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.

 

Хохирлын талаар

Хохирогч Ж.Чулуун, Б.Түвдэнням, Ж.Мөнхнасан нарын хохирол төлбөр нь мөрдөн байцаалтын шатанд төлөгдөж дууссан байх тул энэ шийтгэх тогтоолоор хэлэлцэх гэм хорын асуудалгүй байна.

 

Битүүмжлэгдсэн эд хөрөнгийн талаар

2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн 5 ханатай монгол гэр, Сони маркийн өнгөт телевизор, хөргөгч зэргийн битүүмжлэлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,

гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн 700.000 төгрөгийн үнэлгээ бүхий хээр зүсмийн морь нь иргэний нэхэмжлэгч Г.Батбилэгийнх бөгөөд Ч.Шагдарсүрэнг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласаныг мэдээгүй болох нь иргэний нэхэмжлэгч Г.Батбилэгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн“..Маргааш нь тэд нар малаа нядалсан харин Шагдарсүрэн нь айлаас өөрийнхөө үхрийг туугаад ирье гээд миний хээр зүсмийн морийг 10 цагийн үед унаад явсан юм. Тэр хооронд бид нар хонь ямаагаа нядлаад байж байхад Шагдарсүрэн нар шингээгүй байхад буюу 16 цаг өнгөрөөгөөд 3 тооны үхэр тууж ирсэн юм. “ гэх мэдүүлэгч шүүгдэгч Ч.Шагдарсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “Батбилэгт Гэрлээ гэх хүнээс мал авчихаад ирье гэж хэлээд тэдний морийг аваад хойшоо яваад” гэх мэдүүлэг зэргээр нотлогдож байх тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 700.000 төгрөгийн үнэлгээ бүхий хээр зүсмийн морьний битүүмжлэлийг хүчингүй болгож, иргэний нэхэмжлэгч Г.Батбилэгт буцаан олгож, хээр зүсмийн морьний үнэлгээ болох 700.000 төгрөгийг шүүгдэгч Ч.Шагдарсүрэнгээс гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар болон иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ч.Шагдарсүрэн нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 295, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4 дэх хэсэг, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь

 

1. Шүүгдэгч Бэх овогт Чинбатын Шагдарсүрэнг давтан үйлдлээр, бусдын эд хөрөнгийг хулгайлж, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Шагдарсүрэнгийн эд хөрөнгийг хураахгүйгээр 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан Ч.Шагдарсүрэнд оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар болон иргэний бичиг баримт хураагдан ирээгүй, ялтан Ч.Шагдарсүрэн нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49.2 дахь хэсэгт тус тус зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 700.000 төгрөгийн үнэлгээ бүхий хээр зүсмийн мориний битүүмжлэлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, иргэний нэхэмжлэгч Г.Батбилэгт буцаан олгож, үнийг буюу 700.000 төгрөгийг ялтан Ч.Шагдарсүрэнгээс гаргуулж улсын орлого болгосугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн 5 ханатай монгол гэр, Сони маркийн өнгөт телевизор, хөргөгч зэргийн битүүмжлэлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

7. Монгол улсын Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар ялтан Ч.Шагдарсүрэнд оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хянан харгалзсугай.

8. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан Ч.Шагдарсүрэнд тэнсэнгийн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Төв аймаг дахь Цагдаагийн газарт тус тус даалгасугай.

9. Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.5 дахь хэсэгт зааснаар ялтан Ч.Шагдарсүрэн нь тэнсэгдсэн хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биөчлэн эдлүүлэх болохыг тус тус мэдэгдсүгэй.

10. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.Шагдарсүрэнд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Ч.Шагдарсүрэнд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ю.ЭНХМАА