| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэргэлэнгийн Энхбаяр |
| Хэргийн индекс | 181/2020/03652/И |
| Дугаар | 181/ШШ2021/00128 |
| Огноо | 2021-01-19 |
| Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 181/ШШ2021/00128
| 2021 оны 01 сарын 19 өдөр | Дугаар 181/ШШ2021/00128 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Т.Г /РД:........./-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Б.Ч /РД: ............./-д холбогдох
Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үүрэгт 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч Б.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.О нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмгөөлөгч Т.Г болон хариуцагч Б.Ч нарын хооронд 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулагдсан. Тус гэрээгээр Т.Г нь Ё.Г-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч Б.Ч-ийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, үйлчлүүлэгчид хууль зүйн туслалцаа үзүүлэхээр тохиролцсон. Ё.Г-тэй холбоотой 2 иргэний хэрэг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэгдэж байсан. Хавтаст хэрэгт ямар 2 хэрэг хэлэлцэгдэж байсан, түүнээс ямар шийдвэр гарсан нь нотлох баримтаар авагдсан байгаа. Эхнийх нь орон сууцыг гэр бүлийн өмч болохыг тогтоолгох тухай байсан. Анх Т.Г энэ хэрэгт Б.Чэд хууль зүйн туслалцаа үзүүлж өмгөөлөхөөр гэрээ байгуулж, үйлчилгээний хөлсөө тогтоосон. Уг хэрэг дээр Т.Г өмгөөлөгчийн зүгээс Ё.Г-ийн өмгөөлөгчтэй уулзаж, удаа дараагийн уулзалт хийснээр орон сууцны хамтран өмчлөх дундын маргаанд хариуцагчийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүргээ бүрэн биелүүлсэн. Ажлын үр дүн гарсан гэж үзэж байгаа.
Үүний дараа Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн дагуу Эрх хэмжээг тодорхой хугацаагаар хязгаарлах арга хэмжээг авахуулах хүсэлттэй холбоотой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа байсан. Үүнд Т.Г өмгөөлөгч Б.Ч-ийн хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлж оролцож гэрээнд заасан үүргээ биелүүлсэн гэж үздэг. Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд өмгөөлөгчийн зүгээс туслалцаа үзүүлэх талаар зохицуулалт байгаагүй хэдий ч шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлөөлж оролцсон. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд Б.Ч үүрэг хүлээж оролцсон. Б.Ч-ийн эрх ашгийг төлөөлж хамгаалаад, шийдвэр гүйцэтгэгчтэй харилцан тохиролцоод, нөгөө тал болох Ё.Г-ийн өмгөөлөгчтэй уулзалт товлож, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо 18/3 дугаар байрны 56 тоот хаягт байрлах байранд Ё.Гг хүүхдийн хамт амьдруулж, Б.Чийг тусдаа амьдрахыг даалгасан байсныг Т.Г өмгөөлөгчийн зүгээс шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд үйлчлүүлэгчээ төлөөлөн оролцож, Ё.Г-ийн өмгөөлөгчтэй тохиролцоонд хүрсний үр дүнд Б.Ч нь Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны хаягт байрлах байрандаа амьдрахаар болж, Ё.Г-г хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүрэгт байрлах байранд тусдаа амьдруулахаар асуудлыг шийдвэрлэсэн.
Хариуцагч талаас хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үнийн дүнг хэт өндөр гэх тайлбарыг гаргасан. Анх Т.Г өмгөөлөгчийн зүгээс үнийн дүнг хэт өндрөөр тогтоосон зүйл байхгүй. Орон сууцтай холбоотой хамтран өмчлөх дундын эд хөрөнгөтэй холбоотой маргаанд өмгөөлөгч өөрөө хөлс тогтоох журмын дагуу өөрийнхөө ур чадварт нийцүүлээд, өмгөөлөгчдийн баримталдаг зарчмын дагуу нэхэмжлэлийн үнийн дүнгийн 10-20 хувьтай тэнцэх үнийн дүнгээр тогтоосон. Маргаж буй үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 55,000,000 төгрөгөөс давах боловч талууд харилцан тохиролцож, өмгөөллийн хөлсийг бууруулан 5,500,000 төгрөг байхаар тогтоосон.
Хариуцагч Б.Ч хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу Т.Гд 600,000 төгрөгийг шилжүүлсэн. Үлдэгдэл төлбөрийг бэлнээр болон дансаар шилжүүлсэн тохиолдол байхгүй. Т.Г өмгөөлөгчтэй харилцан зөвшилцөөд орчуулгын ажил гүйцэтгэхээр болсон байдаг. Нийт 1,500,000 төгрөгийн орчуулгын ажил гүйцэтгэсэн бөгөөд орчуулгыг чанарын шаардлага хангаагүй, дахиж орчуулах, буцаасан гэх асуудал байдаг ч үүнийг орчуулсан гэж үзээд 1,500,000 төгрөгийн хөлсөө хасаж тооцсон. Ингээд үлдэгдэл 3,000,000 төгрөгийг нэхэмжилж байгаа юм.
Т.Г өмгөөлөгч хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу үйлчлүүлэгчийн нууцыг хамгаалах үүрэгтэй. Энэ үүргийн дагуу 2 иргэний маргаанд явж буй процесс ажиллагаанд хувийн мэдээлэлтэй холбоотой мэдээллийг бусдад задруулахгүй байх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлсэн гэж үзэж байгаа. Б.Ч Чулуунзам ХХК-д орчуулагчаар ажилладаг. Т.Г Б.Чтэй гэрээ байгуулахаас өмнө тус компанид хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээтэй ажилладаг байсан. Б.Ч төлбөрөө төлөхгүй болоод ирэхээр нь холбогдоод цалингаасаа тодорхой хэмжээгээр төлөөч ээ гэсэн санал тавьсан байдаг. Санал тавиад ямар нэгэн байдлаар ярилцаад шийдэлд хүрэхгүй, бодит төлөлт байхгүй байсан учир Чулуунзам ХХК-ийн гүйцэтгэх захирлаас Б.Ч-ийн цалингаас төлбөр төлөх боломж байдаг эсэх талаар тодруулсан. Түүнээс биш өмгөөллийн нууцыг задруулж, Б.Чэд хохирол учруулаад, маргаан дээр байсан процессыг тайлбарлаж өгсөн зүйл байхгүй.
Талуудын хооронд гэрээ 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр байгуулагдсан. 2017 оны 07 дугаар сард шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой асуудлыг хийж дуусгасан. 2017 оны 07 дугаар сараас хойш цалингаасаа бага багаар төлнө, төлөхгүй гэж явсаар байгаад ерөөсөө огт холбоо барихаа больсон. 2018 оны 03 дугаар сараас огт төлөх боломжгүй, алга болсон, түүнээс хойш огт холбогдоогүй гэж Т.Г өмгөөлөгч тайлбарладаг. Цалингаас төлөх боломжгүй болоод ирэхээр нь энэ хүн төлбөрөө төлөхгүй юм байна, ямар нэгэн үйлдэл хийхгүй нь батлагдсан учраас эрх ашиг нь хэзээ хөндөгдөж эхэлсэн бэ гэхээр төлбөр төлөхөөс татгалзсан буюу төлнө гэж явж байгаад төлөхөө больсон үеэс Т.Г өмгөөлөгчийн эрх ашиг зөрчигдсөн. Т.Г өмгөөлөгч тайлбарлахдаа Б.Чийг төлбөрөө төлнө гэж явж байгаад огт төлөхгүй болсон үе нь 2018 оны 03 дугаар сараас хойш алга болоод, холбогдохоо больсон гэж тайлбарладаг.
Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг тоолох буюу тооцох зарчим бол шаардах эрх үүссэн буюу Т.Г өмгөөлөгчийн эрх, ашиг хэзээ зөрчигдсөн бэ гэдэг үеэс эхэлж тоолно. Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу үйлчилгээ үзүүлсэн. Түүнийхээ дагуу төлбөрөө бага багаар шилжүүлэх боломжтой, мөн төлөхийг нь хүлээгээд байсан боловч төлөхгүй болоод ирэхээр нь хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас өмнө шүүхэд хандаж шийдвэрлүүлье гээд нэхэмжлэл гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 04 дүгээр сард Т.Г өмгөөлөгчид утсаар хийсэн ажилд нь сэтгэл хангалуун биш байна, өмгөөлөгчийн ёс зүйг алдаж миний асуудлын талаар нууц задруулсан гэж хэлж байсан. Миний бие өмгөөлөгчийн хөлсийг хэт өндөр тохирсон байна лээ гэдгийг сүүлд ойлгосон, иймээс үлдсэн төлбөрийг төлөхгүй. Гэрээг 2016 оны 09 дүгээр сард байгуулсан. Үүнээс хойш хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдгийг ойлгож байгаа. Нэхэмжлэгч тал миний хоёр хэргийг сайн шийдвэрлэж шүүхийн шийдвэр гаргуулсан гэж тайлбарлаж байна. Гэхдээ шүүхийн шийдвэр ганц ч гараагүй, харин нэг л захирамж гарсан. Би хуулийн мэдлэгтэй хүмүүсээс асуухад шүүхийн шийдвэр, захирамж хоёр ялгаатай юм байна лээ. Т.Г өмгөөлөгчөөр өмгөөлүүлж байсан маргаан одоо болтол дуусаагүй.
Мөн Т.Г өмгөөлөгч эсрэг талын өмгөөлөгчтэй нэг ч удаа уулзаж байгаагүй. Миний амьдарч байгаа байр бол анхнаасаа миний байр биш, миний төрсөн эгчийн байр юм. Миний төрсөн эгч намайг бодоод өөрийнхөө байранд 20 жил үнэгүй амьдруулж байна. Би гэр бүлээрээ тухайн байранд амьдарч байсан. Анх хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулахад 5,000,000 төгрөгөөр хөлсөө тохирч байсан. Гэтэл 500,000 төгрөг хаанаас гараад ирснийг нь гайхаж байна. Мөн Т.Г өмгөөлөгч ямар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцсоныг нь мэдэхгүй байна, ийм ажиллагаа явагдаагүй. Би хууль зүйн туслалцаа авснаас болж маш их хохирсон гэв.
Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, шүүхийн журмаар бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.Г нь хариуцагч Б.Чэд холбогдуулан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан, гэрээний үүргээ хангалттай биелүүлээгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд эс зөвшөөрч маргасан.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй шийдвэрлэв.
Талуудын хооронд 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулагдаж, уг гэрээний дагуу нэхэмжлэгч нь Ё.Г-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчийн өмгөөлөгчөөр ажиллах, хариуцагч нь 5,000,000 төгрөгийг төлөхөөр тохиролцож гэрээ байгуулжээ.
Дээрхи гэрээ нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн байна.
Хариуцагч нь гэрээний төлбөрт 600,000 төгрөг бэлнээр, 1,500,000 төгрөг орчуулга хийж өгөхөөр тохиролцож, орчуулгын баримтыг нэхэмжлэгч Т.Гд хүлээлгэн өгсөн үйл баримтад талууд маргаагүй болно.
Талуудын хооронд байгуулсан гэрээний 5 дугаар бүлэг /гэрээний нэмэлт/-т Урьдчилгаа 500,000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор хаан банкны дансаар, 1,500,000 төгрөгт орчуулга хийнэ, үлдэгдэл 3,000,000 төгрөгийг 2017 оны 05 дугаар сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тохиролцов гэж заажээ.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж заасан бөгөөд нэхэмжлэгчид 2017 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс эрх зөрчигдсөн өдөр гэж үзэх тул мөн өдрөөс шаардах эрх үүссэн байна.
Шүүх Иргэний хуулийн 78, 79 дүгээр зүйл зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, зогссон үйл баримт байгаа эсэхийг тодруулахад анх 600,000 төгрөг төлснөөс хойш мөнгө төлөөгүй, орчуулга шаардлага хангаагүй. Мөн 2018 оны 03 дугаар сараас сүүлд холбогдохгүй болсон цагаас хойш шаардах эрх үүссэн. Өмнө нь энэ асуудлаар шүүхэд хандаж байгаагүй гэж, хариуцагч нь Би төлөхгүй гэдгээ илэрхийлж байсан, орчуулгыг 2017 оны 03 дугаар сар гэхэд бүрэн дуусгаж өгсөн гэх тайлбараас үзэхэд хөөн хэлэлцэх хугацаа зогссон, тасалдсан эрх зүйн үр дагавар үүсээгүй байна.
Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч нь хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж тайлбарлах атлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2.3 дэх заалт, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар хариуцагч Б.Чээс 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Т.Гийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор гардаж авах үүрэгтэй ба хэрэв эс зөвшөөрвөл заасан хугацаанд гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ЭНХБАЯР