| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чинзоригтын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 305/2025/0017/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/24 |
| Огноо | 2025-01-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ө.Манзушир |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 2025/ШЦТ/24
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Сэргэлэнтөгс
Прокурор Ө.Манзушир
Хохирогч Б.Т
Хохирогчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм
Шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Б.Болормаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Г-ид холбогдох 2416002840290 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, **** оны ** дүгээр сарын **-ний өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл ****** нарын хамт Говь-Алтай аймгийн ****** тоотод оршин суух хаягтай, урьд Говь-Алтай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 208 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийх ялаар шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ************ регистрийн дугаартай, М ургийн овгийн Б-ийн Г
Холбогдсон хэргийн талаар: Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Б.Г-ийг согтуурсан үедээ 2024 оны 10 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил багийн нутаг дэвсгэр “Мичид” гэх бааранд хохирогч Б.Т-тэй үл ялих зүйлээс болж маргалдан улмаар тус баарны гадаа зодолдож нүүрэн тус хэсэг рүү нь мөргөж түүний эрүүл мэндэд тархины доргилт, хамрын ясны хугарал, таславчийн мурийлт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүх хуралдаанаар яллах болон өмгөөлөх талуудын хүсэлтээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудад дүгнэлт хийхэд шүүгдэгч Б.Г нь согтуурсан үедээ 2024 оны 10 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил багийн нутаг дэвсгэр “Мичид” гэх бааранд хохирогч Б.Ттэй үл ялих зүйлээс болж маргалдан улмаар тус баарны гадаа зодолдож нүүрэн тус хэсэг рүү нь мөргөж түүний эрүүл мэндэд тархины доргилт, хамрын ясны хугарал, таславчийн мурийлт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдлоо.
Тус үйл баримт нь хүний эрүүл мэндийн халдашгүй байх эрхэд халдаж хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.
Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Б.Г гэм буруутай болох нь:
Шүүгдэгч Б.Г шүүх хуралдаанд өгсөн: “...Миний буруутай үйлдлээс болж, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлнө. Болсон явдлыг талаар мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /шүүх хуралдаан тэмдэглэлээс/,
Хохирогч Б.Т-ийн шүүх хуралдаанд өгсөн: “...Би 10 сарын 24-ний өдөр ажлынхантай тус бааранд орсон.Тэгээд ариун цэврийн өрөө орсон. Тэнд Гомбодорж гэдэг хүнтэй таарсан. Намайг цохичих шиг болсон. Би зөрүүлээд нэг цохисон. Би гараад явсан. Араас гараад ирсэн. Тэгээд цагдаа дуудсан... Улаанбаатар хотод Мөнгөн гүүр эмнэлэгт, хамрын хагалгаанд орсон. Гэр эмнэлэг 2-ын хооронд байнга таксигаар явсан. Такси, замын зардал 2 тусдаа байгаа гэв. Энэ нь 418,500 төгрөг болно. Хагалгааны мөнгө цуг байгаа... 10 дугаар сарын 24-ний өдрөөс хойш 1 сар гаруй хугацаанд ажилгүй, ямар ч орлогогүй байсан. Тэгээд 12 дугаар сарын 14-нд ирсэн. Ирээд ажилдаа орсон... Би дансны хуулгаа сүүлийн 3,4 саруудыг аваад ирсэн.Өдөрт доод тал нь 150,000 төгрөг дээд тал нь 400,000-500,000 төгрөг олдог. Өдөрт доод тал нь 150,000 төгрөг дээд тал нь 400,000-500,000 төгрөг олдог. Эмэгтэй тайралт 18,000 төгрөг, эрэгтэй үсний засалт 15,000 төгрөг гэх мэт янз бүрийн үнэтэй байдаг” гэх мэдүүлэг /шүүх хуралдаан тэмдэглэлээс/,
Гэрч М.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 10 сарын 24-ний орой Мичид баарны караокед нөхөр болон ажлын хүмүүстэй хамт сууж байсан. Манай нөхөр угаалгын өрөө орж бие засах гээд явсан. Буцаж ирэхгүй удаад байхаар нь араас угаалгын өрөө орсон чинь 2-3 залуутай маргалдаад байж байсан. Нөхрөөсөө юу болсон талаар асуухад эд нар агсраад намайг цохичихлоо гэсэн. Тэгэхээр тэнд байсан залуучууд руу та нар яаж байгаа юм бэ? гээд хэлчихээд нөхрөө угаалгын өрөөнөөс аваад Мичид баарны гадаа гарсан. Тэгсэн чинь угаалгын өрөөнд байсан 3 залуу араас гараад ирсэн. Өндөр болон намхан 2 залуу нь манай нөхөр лүү дайрсан. Тэгээд өндөр залуу нь манай нөхрийг заамдаж барьж байгаад толгойгоороо нүүр хэсэг рүү нь мөргөсөн чинь манай нөхөр хамраа гараараа дараад доошоо суусан. Тэгсэн чинь намхан залуу нь хажуу талаас нь гэдэс хэсэг рүү 2-3 удаа хөлөөрөө өшиглөсөн. Хажууд байсан нэг залуу тухайн хоёр залуугаа хориод байсан. Тэгээд манай нөхөр босож ирээд хамраас цус гоожоод тогтохгүй байна. Цагдаа дуудаадах гэхээр нь би цагдаа дуудсан...Газарт суучихсан байхад нь намхан залуу нь 2-3 удаа гэдэс хэсэг рүү өшиглөсөн... ” гэх мэдүүлэг /хх-ийн 54 дүгээр хуудас/,
Гэрч О.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 10 дугаар сарын 24-ний орой М, Г, Ц бид нар гар утсаар ярьж байгаад 20 цагийн үед Ц-ынд уулзсан. Цэрэнтогтохынд юм ярьж сууж байгаад 2.5 литрийн Сэнгүр нэртэй пиво 3 ширхгийг хуваагаад уусан. Тухайн пиво ууж дуусгаад мичид бааранд очсон. Мичид бааранд ширээн дээр суугаад Г, М, бид 3 шилтэй пиво захиалаад уусан. Ц пиво уугаагүй. Г, М 2 угаалгын өрөө орох гээд явсан. Угаалгын өрөөнөөс Гомбодорж нь танихгүй залуутай заамдалцаад гарч ирээд баарнаас гарсан. Удалгүй араас нь гарсан чинь гадаа үүдэнд Г танихгүй залуу 2 хоорондоо заамдалдчихсан зогсож байсан. Тэгэхээр нь М бид 2 дундуур орж салгаад Г-ийг дагуулаад хойшоо тамхи татаад алхаж байсан чинь цагдаа нар ирээд бид гурвыг аваад эрүүлжүүлэх байр орсон...тухайн танихгүй хүний хамраас цус гоожчихсон байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 56-р хуудас/,
Гэрч Г.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...2024 оны 10 сарын 24-ний орой Ц-ынд очсон чинь Б, Ц, Г нар пиво уугаад байж байсан. Бид дөрөв 2,5 литрийн Сэнгүр нэртэй пиво 2-3 ширхэг пиво хувааж уусан. Тэгээд бид нар Мичид бааранд очсон. Тухайн бааранд бүжиглэж байгаад Г-той хамт угаалгын өрөө орсон. Бие засчихаад гараад ирсэн чинь Г тамхи татаад зогсож байсан. Танихгүй хүн бие засаж гарч ирчихээд Г-ийн урдуур гарах гэсэн би тамхи татаж байна гэсэн чинь шууд Г-ийг алгадаад авсан. Тэгсэн чинь танихгүй хүн Г-ийг угаалгын өрөөнөөс гадаа гарч уулзъя гээд аваад гарсан. Би араас нь гарсан чинь шатан дээр таньдаг хүнтэйгээ уулзчихаад Мичид баарны гадаа гарсан чинь танихгүй хүн Г 2 бие биенийгээ заамдчихсан танихгүй хүний хамраас нь цус гоожчихсон зогсож байсан. Тэгээд Баярмагнай бид 2 очоод салгасан. Салгасны дараа танихгүй хүн Б.Г луу ална гээд дайраад байхаар нь О.Б бид 2 Б.Г-ийг аваад хойшоо явж байсан чинь цагдаагийн машин ирээд бид гурвыг аваад явсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 58-р хуудас/,
Говь-Алтай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн ахлах зэргийн шинжээч эмч цагдаагийн ахмад Д.Даваахүүгийн 2024 оны 10 сарын 30-ны өдрийн 286 дугаартай “...1. Иргэн Б.Тийн биед тархины доргилт, хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын нуруунд хавдар, дээд уруулын дотор талд язрал, баруун тохой, баруун бугалганд зулгаралт, хүзүү, зүүн бугуйнд цус хуралт, гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл болно. 3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтлүүдээс тархины доргилт, хамрын ясны хугарал, таславчийн мурийлт гэмтлүүд нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо....” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 21-22-р хуудас/, зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Г нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн ...бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Иймд шүүгдэгч Б.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэлээ.
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Тийн биед хөнгөн хохирол учирч хохирогч Б.Т 9,812,700 төгрөг нэхэмжилсэн бөгөөд үүнээс 5,085,700 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 4,727,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй байна.
Учир нь хохирогч мэдүүлэхдээ ... өдөрт 150,000 төгрөгөөс 500,000 төгрөг олдог энэ нь дансны хуулганаас тодорхой харагдана, иймд 1 сар ажилгүй байсан хугацаанд олох ёстой байсан орлого болох 4,727,000 нэхэмжилнэ... гэсэн бөгөөд хохирогчийн гаргаж өгсөн дансны хуулга, түрээсийн гэрээгээр хохирогч Б.Тийг сард 4,727,000 төгрөг олдог гэж тогтоох боломжгүй гэж үзлээ.
Өөрөөр хэлбэл олох ёстой байсан орлогыг бусад нотлох баримтад үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзээд 4,727,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих үндэслэлтэй байна. Харин хохирогч нь эрүүл мэндэд учирсан хохирлоо эмчлүүлсэн болох нь хэрэгт байгаа нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн баримтуудаар нотлогдож байх тул хохирогчийн нэхэмжилсэн 5,085,700 төгрөгийг хангаж шийдвэрлэв. Хууль зүй дотоод хэргийн сайдын 2023 оны 7 сарын 31-ний өдрийн А/267 дугаартай тушаалын хавсралтаар баталсан журмын дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг 2-р зэрэглэлд байхаар заажээ. Иймд хохирогчийн эрүүл мэндийн байдал бусад нөхцөл байдлыг харгалзаж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр буюу 3,300,000 төгрөгөөр тооцон шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй гэж үзээд нийт 8,385,700 төгрөгийг шүүгдэгч Б.Гоос гаргуулж хохирогч Б.Төд олгохоор, Эрүүл мэндийн даатгалын санд 196,256 төгрөгийг мөн шүүгдэгчээс гаргуулж олгох нь зүйтэй байна.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.
Шүүхээс шүүгдэгч Б.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч нь урьд Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 208 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт шийтгүүлж тээврийн хэрэгсэл жолоодон эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн бөгөөд үүнээс 162 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлж дуусаагүй байх тул ял шийтгэл оногдуулахдаа уг эдэлж дуусаагүй ял шийтгэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дугаар зүйлүүдэд зааснаар нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тооцох нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч Б.Гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, улсын яллагчийн гаргасан ялын санал, шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-ид 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 208 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодон эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 162 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг 20 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялд тооцож нийт эдлэх ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, 3 сар 20 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож шийдвэрлэлээ. Шүүгдэгчид оногдуулсан 3 сар 20 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хасах ялыг Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох байдлаар хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан болно. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүх хуралдаанд хохирогчийн гаргаж өгсөн 25 хуудас баримтыг хэрэгт хавсаргаж, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М ургийн овгийн Б-ийн Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гийг 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Г-д Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 208 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодон эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 162 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг 20 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялд тооцож нийт эдлэх ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, 3 сар 20 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-д оногдуулсан 3 сар 20 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрээс гарахгүй байдлаар хэрэгжүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн 1 хоногийг 1 хоногийн хорих ялаар солих болохыг шүүдэгч Б.Г-д мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг өмнөх шийтгэх тогтоолоор нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1-д зааснаар хохирогчийн нэхэмжилсэн 9,812,700 төгрөгөөс 5,085,700 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 4,727,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.
9. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүх хуралдаанд хохирогчийн гаргаж өгсөн 25 хуудас баримтыг хэрэгт хавсаргаж, шүүгдэгчээс хохирогчийн сэтгэцэд учирсан хохирол 3,300,000 төгрөг, эмчилгээ сувилгааны зардалтай холбоотой 5,085,700 төгрөг, нийт 8,385,700 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Т-д, 196,256 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгож, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардаж авсан өдрөөс хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.МӨНХТУЯА