Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сэнгээгийн Хишигбат |
Хэргийн индекс | 181/2020/00064/И |
Дугаар | 181/ШШ2020/00467 |
Огноо | 2020-02-13 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 181/ШШ2020/00467
2020 оны 02 сары 13 өдөр | 181/ШШ2020/00467 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******/РД: /-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******/РД: /,
Хамтран хариуцагч: *******/РД: / нарт холбогдох,
3 901 803 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нямдорж, хариуцагч Т.*******, хамтран хариуцагч Т.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч С.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нямдорж хуралдаанд гаргасан тайлбартаа: Сандагдорж овогтой ******* миний бие 2018 оны 01-р сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 14-р хороо, 14-р хороолол Энхтайваны өргөн чөлөө гудамж, 50 байр 191 тоот хаягт байршилтай, 39,56 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг иргэн Төмөрбаатар овогтой *******/РД: ХВ85091802/, хамтран эзэмшигч Төмөрбаатар овогтой *******/РД: УХ90062548/ нараас орон сууц худалдах, худалдан авах гэрээгээр худалдан авсан юм.
Тухайн орон сууцны үл хөдлөхийн гэрчилгээ 2019 оны 02 сарын 07-ны өдөр гарч байрыг чөлөөлж өгөхийг хүсэхэд ойрын хугацаанд нүүх боломжгүй байна хугацаа өгөөч гэж хүссэн. Би уг орон сууцыг бусдад түр хугацаагаар түрээслүүлэх төлөвлөгөөгтэй байсан тул тухайн айлд үргэлжлүүлэн түрээслэхээр тохирсон.
Иргэн Төмөрбаатар овогтой *******/РД: ХВ85091802/ болон Төмөрбаатар овогтой *******/РД: УХ90062548/ нар нь 2014 оны 9-р сараас эхлэн 2019 оны 9-р сарыг дуустал хугацаанд нийт Идэр илч ХХК болон Түмэн найд Хайрхан ХХК конторт 3,590,528/гурван сая таван зуун ерэн мянга таван зуун хорин найм/ төгрөг, Хөгжил 50 СӨХ-ийн төлбөр 234,124/Хоёр зуун гучин дөрвөн мянга нэг зуун хорин дөрвөн/ төгрөг тус тус хэрэглээний төлбөрөө огт төлөөгүй байгаа тул иргэн Төмөрбаатар овогтой *******/РД: ХВ85091802/-иас болон Төмөрбаатар овогтой *******/РД: УХ90062548/ нараас хэрэгэглээний зардал болох 3,824,652/гурван сая найман зуун хорин дөрвөн мянга зургаан зуун тавин хоёр/ төгрөг мөн шүүхэд нэхэмжлэх гаргахад улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 77,151/далан долоон мянга нэг зуун тавин нэг/ төгрөгийн хамт нийт 3,901,803/гурван сая есөн зуун нэг мянга найман зуун гурав/ төгрөг гаргуулан өгч хохиролгүй болгож өгнө үү. гэв.
Хариуцагч Т.******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төмөрбаатар овогтой ******* миний бие 2014 оны 5-р сард өөрийн эгч Т.*******тай хамтарч Хаан банкнаас бизнесийн зээлээр 18 хувийн хүүтэйгээр УБ хот 14-р хороолол, 14-р хорооны 50-р байрны 191 тоотын 39,56 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 108 000, 0 төгрөгөөр 20 хувийн урьдчилгаа өгөөд худалдан авсан.
Тухайн үед эгч Т.******* бид 2 хамтарч бизнес хийж байсан. Сард 1 600 000 төгрөг банкинд өгч байсан. Энэ үед эгч маань нөхөр хүүхэдтэй болоод тусдаа гарсан. Орлого байхгүй, ажилгүй, нийгмийн асуудал хүнд, эцэг Г.Төмөрбаатар харвалт өгөөд байнга эм тарианы хэрэг болсон.
Энэ үед ванны өрөөний алчуур хатаагч мултарч 2 өрөөгөөр дүүрэн ус болсон. Мэргэжлийн байгууллага ойр байхгүй, маш их хугацаа алдаж, СӨХ-ны байцаагч хариуцсан слесарийг дуудаж усыг нь хаасан. Гэвч 2 өрөөний шал ховхорч, эд материалын хохирол санхүүгийн боломжгүйд хүндээр туссан. СӨХ-ны байцаагч Сүглэгмаа үүргийнхээ дагуу слесартэй хамт ирж үзсэн. Тухайн үед мэргэжлийн байгууллага Идэр илч ХХК-тай яриад, слесариар дамжуулан өргөдлөө гаргасан. Яг мэргэжлийн байцаагч, инженер техникийн хүмүүс нэг нь ч ирээгүй.
Эндээс иргэн бидний гэр бүлийн зүгээс акт гаргаж өгөхөөс нааш төлбөрөө барагдуулна гэсэн хүсэлт гаргаад өдий хүрсэн.
1. Оршин суугч бидний тав тухыг олон жил алдагдуулсан.
2. Эд материалын хохирол үүсгэсэн.
3. Дахин том өрөөгөө пракетан шал хийлгэж, зардал нь 1 сая гаруй төгрөгийн зардал гаргасан.
4. Зах зээлийн ажил орлоготой байх үнэхээр багассан. Ажил орлогогүй болж иргэний үүргийг биелүүлж чадахгүйд хүрсэн.
5. Эцэг эхээ тэтгэврийн зээлд оруулсан.
6. Энэ байрыг 108 саяар авч урьдчилгаатай бүгд 60 сая гаруй төгрөг төлөөд, үндсэн төлөлт хасагдаагүй, Хаан банктай байраа зарах санал өгөөд, ******* үнэхээр хямд 70 сая төгрөгөөр авсан байсан. Бид энэ охиноос түрээсээр суулгахыг хүссэн. Учир нь орох оронгүй болсон. Бид үнэхээр талархаад сууж байтал иргэний биелэлтээс болж бидний хооронд зөрчил гарсан. Мэргэжлийн байгууллага иргэнийхээ тав тухтай байдлыг хангахаас өмнө түрээслэгч, түрээслүүлэгч хоёрын хооронд зөрчил үүсгэх, орлогоо л бодож буруу ойлголтыг өгсөн.
Иймд үнэхээр маш ихээр хохирсон гэж үзэж, төлөх үндэслэлгүй байхгүй гэж үзэж байна. Үндэслэл нь:
1. Шинэ байрны ашиглалт муу байсан, байранд ороод 4 сар л болж байсан.
2. Зөвхөн орлогын төлөө иргэдийг хохироохыг юм нь чинээ боддоггүй.
3. Хувийн конторын үйлчилгээ муу
4. Мэргэжлийн байгууллага Хан-Уул дүүрэгт байршилдаг.
5. Иргэдтэйгээ тулж үйлчлэх боломжгүй.
6. Сантехникээр хийх үйлчилгээг бид хувиараа 13-р хорооллын слесарь авчирч үйлчлүүлдэг.
7. Мөнгөө өгөөгүй гээд сараар дулаан ус хааж эцэг, эх 2 маань ядарч даарч байсан.
Иймд бид эцэг, эх, дүүгийн хамт энд тэнд түрээсээр явж байна. Бид удаа дараа Идэр илч ХХК-ийн өрийг хасаж өгөөчээ гэсэн хүсэлтийг Түмэн наяд хайрхан ХХК-д хэлж, өргөдөл гаргаж байсан. Иймд бидний хүсэлт Идэр илч ХХК-ийн 1 338 319 төгрөгийг албан ёсоор чөлөөлөх хуулийн үндэстэй гэж үзэж байна.
Түмэн наяд хайрхан ХХК-ийн үйлчилгээ ер нь байхгүй дээ. Гэхдээ хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага учир бид үүргээ биелүүлж төлөх нь зөв гэж ойлгодог.
Гагцхүү торгуулийн 698 000 төгрөг байна. Халаалт, усаа хаалгаж 2 хөгшин хохирч байсан. Эрсдэлээ бодож үзэх ёстой гэж үзээд Түмэн наяд хайрхан ХХК-д 1,200,0 төгрөгийг графикийн дагуу төлж барагдуулах шийдвэр гаргаж өгнө үү.
Бодит үнэн дээр хүсэлтээ гаргаж байна. Хөгжил-50 СӨХ-ны төлбөрийг бүгдийг нь сарын эхээр төлөх болно. Бидний хүсэлтийг зөв шударгаар шүүж, шийдвэрлэж өгнө үү. Эгч Т.******* энд амьдарч байгаагүй тул энэ төлбөрт ямар ч хамаарал байхгүй. гэв.
Хариуцагч Т.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөгжил 50 СӨХ-ны мөнгийг байцаагч н.Сүвлэгмаагийн дансаар шилжүүлэн өгсөн. Нэхэмжилж байгаа 3,901,803 төгрөгөөс Хөгжил 50 СӨХ-ны 125,000 төгрөгийг хасуулах хүсэлттэй байна. Мөн "Идэр илч" ХХК-д өгөх ёстой мөнгийг бид нар өгөхгүй. Яагаад гэвэл, тухайн үеийн зардал, материалын үнийг хасуулаагүй.
Идэр илч ХХК-д 1,338,319.62 мөнгийг өгөх ёстой байгаа. Тухайн үед бид нар материал худалдаж авсан. Тийм учраас энэ мөнгийг материал авсан үнийн дүнд суутгаж авна. гэв.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч С.******* хариуцагч Т.*******, хамтран хариуцагч Т.*******д холбогдуулан Идэр илч ХХК болон Түмэн наяд хайрхан ХХК конторын төлбөр 3 590 528/гурван сая таван зуун ерэн мянга таван зуун хорин найм/ төгрөгийг, Хөгжил-50 СӨХ-ны төлбөр 234 124/хоёр зуун гучин дөрвөн мянга нэг зуун хорин дөрөв/ төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжид 77 151/далан долоон мянга нэг зуун тавин нэг/ төгрөгийг, нийт 3 901 803/гурван сая есөн зуун нэг мянга найман зуун гурав/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Т.******* зөвшөөрөхгүй гэж маргасан.
Хамтран хариуцагч Т.******* нь Т.******* энэ төлбөрт ямар ч хамааралгүй, Түмэн наяд хайрхан ХХК-д 1 200 000/нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийг, Хөгжил-50 СӨХ-д 193 000/нэг зуун ерэн гурван мянга/ төгрөгийг төлөхийг зөвшөөрнө, үлдсэнийг зөвшөөрөхгүй гэж маргасан.
Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч нь 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хамтран хариуцагч Т.*******тай Орон сууц хөлслөх гэрээ байгуулсан болох нь 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн Орон сууц хөлслөх гэрээний хуулбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь Баянзүрх дүүрэг, 14-р хороо, 14-р хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 50-р байр, 191 тоот 2/хоёр/ өрөө орон сууцны өмчлөгч болох нь 000610145 дугаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.
Орон сууц хөлслөх гэрээний 1-ийн 1, 2, 4-т зааснаар нэхэмжлэгч нь Баянзүрх дүүрэг, 14-р хороо, 14-р хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 50-р байр, 191 тоот 2/хоёр/ өрөө орон сууцыг 2018 оны 2 дугаар сарын 07-ны өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүртэл түрээслүүлэх, хамтран хариуцагч Т.******* нь нэг сарын төлбөрт 450 000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээсэн болох нь 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн Орон сууц хөлслөх гэрээний хуулбараар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-т Орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь ... сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь ... хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан.
Нэхэмжлэгч нь орон сууцыг хамтран хариуцагчийн эзэмшилд шилжүүлэх, хамтран хариуцагч нь хөлс төлөх үүргийг хүлээсэн тус гэрээ нь Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасан Орон сууц хөлслөх гэрээний шинжтэй байх тул Орон сууц хөлслөх гэрээ/цаашид Гэрээ гэх/ гэж үзнэ.
Хамтран хариуцагч нь 191 тоот 2/хоёр/ өрөө орон сууцыг 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарыг дуустал хугацаанд хөлсөлж суусан талаар маргахгүй ба зохигчид амаар байгуулсан Орон сууц хөлслөх гэрээг 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр бичгээр байгуулсныг хууль зөрчсөн гэж үзэхгүй.
Зохигчийн байгуулсан Гэрээ нь Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт нийцсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.
Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч нь 50-р байр, 191 тоот 2/хоёр/ өрөө орон сууцны ашиглалтын төлбөрт 3 590 528/гурван сая таван зуун ерэн мянга таван зуун хорин найм/ төгрөгийг, Сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт 234 124/хоёр зуун гучин дөрвөн мянга нэг зуун хорин дөрөв/ төгрөгийг, нийт 3 824 652/гурван сая найман зуун хорин дөрвөн мянга зургаан зуун тавин хоёр/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ
Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-т Сууц өмчлөгч нь ... сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус ... зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө. гэж заасан.
Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар сууц өмчлөгч нэхэмжлэгч нь сууцны ашиглалтын төлбөр, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг төлөх үүрэг хүлээсэн.
Зохигчийн байгуулсан Гэрээний 3-ын 4-т зааснаар хамтран хариуцагч нь цахилгаан, дулаан, цэвэр, бохир ус зэрэг төлбөрийг төлөх үүрэг хүлээсэн болох нь Гэрээний хуулбараар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 292 дугаар зүйлийн 292.3-т Талууд тохиролцсон бол нэмэлт зардлын төлбөрийг ... төлнө., 302 дугаар зүйлийн 302.4-т Орон сууц хөлслөх гэрээнд энэ хуулийн холбогдох заалтууд нэгэн адил хамаарна. гэж заасан.
Иргэний хуулийн 292 дугаар зүйлийн 292.3, 302 дугаар зүйлийн 302.4 дэх хэсэгт зааснаар хамтран хариуцагч нь 50-р байр, 191 тоот 2/хоёр/ өрөө орон сууцны ашиглалтын төлбөр, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг төлөх үүрэг хүлээсэн болох нь Гэрээний хуулбараар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2, 25.2.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч нь 50-р байр, 191 тоот 2/хоёр/ өрөө орон сууцны ашиглалтын төлбөр 3 590 528/гурван сая таван зуун ерэн мянга таван зуун хорин найм/ төгрөг, Сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 234 124/хоёр зуун гучин дөрвөн мянга нэг зуун хорин дөрөв/ төгрөг бөгөөд уг төлбөрийг төлсөн болохоо баримтаар нотлохгүй байна.
Хамтран хариуцагч нь 50-р байр, 191 тоот 2/хоёр/ өрөө орон сууцны ашиглалтын төлбөрт 1 200 000/нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийг, сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт 193 000/нэг зуун ерэн гурван мянга/ төгрөгийг төлөхийг зөвшөөрч байх тул Иргэний хуулийн 292 дугаар зүйлийн 292.3, 302 дугаар зүйлийн 302.4 дэх хэсэгт зааснаар хамтран хариуцагчаас орон сууцны ашиглалтын төлбөрт 1 200 000/нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийг, сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт 193 000/нэг зуун ерэн гурван мянга/ төгрөгийг, нийт 1 393 000/нэг сая гурван зуун ерэн гурван мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгчийн тус нэхэмжлэлийг гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн төлбөр 77 151/далан долоон мянга нэг зуун тавин нэг/ төгрөгийг гаргуулах шаардлагыг нэхэмжлэлийн шаардлага гэж үзэхгүй тул хариуцагч нараас 77 151/далан долоон мянга нэг зуун тавин нэг/ төгрөгийг гаргуулах үндэслэлгүй байна.
Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т.******* нь нэхэмжлэгчтэй Гэрээ байгуулаагүй байх тул хариуцагч Т.******* холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 292 дугаар зүйлийн 292.3, 302 дугаар зүйлийн 302.1, 302.4 дэх хэсэгт зааснаар хамтран хариуцагчаас 1 393 000/1200000+193000=1393000/ /нэг сая гурван зуун ерэн гурван мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.*******д олгож, үлдсэн 2 431 652/3901803-1470151=2431652/ /хоёр сая дөрвөн зуун гучин нэгэн мянга зургаан зуун тавин хоёр/ төгрөгийг гаргуулах, хариуцагч Т.*******ад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
Шүүх Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 292 дугаар зүйлийн 292.3, 302 дугаар зүйлийн 302.1, 302.4 дэх хэсэгт заасныг баримтлан хамтран хариуцагч Т.*******аас нийт 1 393 000/нэг сая гурван зуун ерэн гурван мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.*******д олгож, үлдсэн 2 431 652/хоёр сая дөрвөн зуун гучин нэгэн мянга зургаан зуун тавин хоёр/ төгрөгийг, хариуцагч Т.*******ад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 292 дугаар зүйлийн 292.3, 302 дугаар зүйлийн 302.1, 302.4 дэх хэсэгт заасныг баримтлан хамтран хариуцагч Т.*******аас нийт 1 393 000/нэг сая гурван зуун ерэн гурван мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.*******д олгож, үлдсэн 2 431 652/хоёр сая дөрвөн зуун гучин нэгэн мянга зургаан зуун тавин хоёр/ төгрөгийг, хариуцагч Т.*******ад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч С.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 77 379 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 37 238 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ