2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 2025/ШЦТ/272

 

 

                                                                                                                

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Энхцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нарангэрэл,

улсын яллагч ****** /томилолтоор/,

шүүгдэгч ********* нарыг оролцуулан тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

          Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* холбогдох эрүүгийн 2308004961783 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, 2******* оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, дүүгийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын **** дугаар багт оршин суух албан ёсны бүртгэлтэй боловч одоо Баянзүрх дүүргийн ************* тоотод оршин суух,

         урьд нь Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 2018/ШЦТ/443 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 02 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил хорих ялаар тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дээрх ялыг нэмж нэгтгэн 03 жил хорих ялаар тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар уг ялыг 2 дахин багасгаж, нийт ялын хэмжээг 01 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг 01 жил 06 сарын хугацаагаар хойшлуулсан,

         Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 324 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 02 жил хорих ялаар шийтгэгдэж, Эрүүгийн хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээрх ялыг 2 дахин багасгаж, эдлэх ялыг 01 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өмнөх 443 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 01 жил 04 сар 29 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 02 жил 04 сар 29 хоногийн хугацаагаар тогтоож, сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн ба Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 406 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 10 сар 08 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, мөн хугацаагаар хяналтын хугацаа тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “зан үйлээ засах сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан,

         Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 2024/ШЦТ/554 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 02 жил 09 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтыг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг 90 хоног буюу 03 сарын хугацаагаар хорих ял болгон өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 02 жил 09 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялын нийт хугацааг 03 жилийн хугацаагаар тогтоосон, *********,*************

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ********* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч *********** нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний “өөрийгөө өмгөөлөх” эрхийг хангасан болохыг тэмдэглэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: ”...өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул  дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

Эрүүгийн 2308004961783 дугаартай хэргээс:

  Улсын яллагч: насанд хүрээгүй хохирогч ******** мэдүүлэг (хавтаст хэргийн 38-39 дэх тал ), насанд хүрээгүй гэрч ****** мэдүүлэг (хавтаст хэргийн 45 дахь тал ), гэрч ****** мэдүүлэг (хавтаст хэргийн 47 дахь тал), иргэний нэхэмжлэгч ***** мэдүүлэг (хавтаст хэргийн 42 дахь тал ), “Мастер үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 23/001 дугаартай, I phone фирмийн xs мах загварын гар утсыг 775,000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 55-56 дахь тал), ******* сэжигтнээр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 51-52 дахь тал), ****** яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 170 дахь тал), иргэний нэхэмжлэгч ****** гар утсыг хүлээн авсан тэмдэглэл, насанд хүрээгүй хохирогчид эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн 32-33 дахь тал), гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 30 дахь тал), шийтгэх тогтоолын хуулбарууд (хавтаст хэргийн 86 дахь тал),   асап сангийн  хуулга (хавтаст хэргийн 101-102 дахь тал) зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч нь “шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талууд гаргаагүйг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн 2308004961783 дугаартай хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн тогтоогдсон, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч, улсын яллагч шүүгдэгчийн гэм бурууг нотлох, яллах байр суурьтай оролцсон болно.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч ****** нь 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороо, Зээлийн **** тоотод хамаатны ах ***** гэрт нь хоноод  өглөө явахдаа   насанд хүрээгүй хохирогч ***** эзэмшлийн I Phone XS загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 775,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож, уг хэрэгт шүүгдэгч ******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

 

            Энэ үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд насанд хүрээгүй хохирогч ****** өгсөн“...Би 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороо Зээлийн ******* тоотод хамаатны ***** ахын гэрт түүний охин ***** болон түүний найз залуу ******, түүний дүү ****** нарын хамт гэрт нь хоносон. Тухайн үед ***** ах байхгүй байсан ба би охин ******** хань болж түүний найз залуу ****** нарын хамт хоносон. 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 03 цагийн орчим гар утсаа оролдож байгаад өөрийн I phone xs маркийн 64 багтаамжтай гар утсаа гал тогооны шүүгээний тавцан дээр нь тавиад хоносон. Маргааш нь буюу 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 12 цагийн орчим бид нар боссон ба миний гал тогооны шүүгээний дээр тавьсан байсан гар утас байхгүй байсан, залгаж үзэхэд холбогдохгүй байсан ба утасны цэнэг дүүрэн байсан би ихэнхдээ миний гар утсыг нууж тоглоод байгаа байх, дөрвүүлээ байсан, өөр хүн гаднаас орж ирээгүй учраас гээд тоохгүй байсан ба нэлээн хайгаад олдохгүй байхаар нь ***** ахыг та авчихсан юм биш үү гэж асуухад би хулгайч юм шиг харагдаад байна уу гэж хэлээд одоо гэрийнхэн нь ирээд бөөн юм болно гээд.. явуулчихсан. Би тухайн өдрөө эгч ***** эгчид гар утсаа алдсан талаар хэлсэн ба манай эгч тухайн үедээ хэн авсныг нь мэдэхгүй бас ээжийн бие муу байгаа учраас гээд цагдаад мэдэгдэлгүй үлдээсэн. Би 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр би шинэ фейсбүүк нээгээд ******* Peace Man гэх фейсбүүк хаяг руу орж үзэхэд миний хулгайд алдсан I phone xs маркийн гар утсаар толинд ойлгоод зураг авчихсан байсан байхаар нь энэ тухай эгч ******* хэлсэн ба манай эгч Peace Man гэх фейсбүүк хаяг руу нь утсыг нь өгчих, цагдаад хэлмээргүй байна гэж бичсэн ба зурвасыг нь уншчихаад фейсбүүк хаягаа устгаад миний гар утсыг Монтел дээр зарчихсан байсныг.. ID байршлаар нь хайж үзэхэд Монтел дотор гар утас засварчин ******* гэх хүн дээр миний утас байсан ба уг гар утсыг 2 эрэгтэй хүүхэд ирж зарсан, би утсыг чинь шууд өгч чадахгүй гэхээр нь цагдаад дуудлага дуудсан. Би хулгайд алдсан гэх I phone xs маркийн гар утсаа 2022 оны 05 дугаар сарын сүүлд Драгон төвийн 2 давхраас 1200,000 төгрөгөөр авч байсан, одоо 900,000 төгрөгөөр үнэлж байна. Би гар утаснаас өөр эд зүйлс алдаагүй. Миний гар утасны дэлгэцийн код мэддэг байсан учраас ******** хулгайлж авсныхаа дараа ашиглаж байсан юм шиг байна лээ. Миний хулгайд алдсан гэх гар утас одоо ****** гэх гар утас засдаг хүнд байгаа, 8847-6789 гэсэн дугаартай... ******* нь миний төрсөн эгч байгаа юм, би ээжээрээ овоглодог, эгч ааваар овоглодог. Манай ээж эрүүл мэндийн шалтгаанаар ирэх боломжгүй учраас манай эгч хууль ёсны төлөөлөгчөөр оролцоно...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 38-39 дэх тал ),

мөрдөн шалгах ажиллагааны шатанд насанд хүрээгүй гэрч ******* өгсөн “...Миний төрсөн ах ******* тухайн үед үерхэж байсан ****** гэх охины гэр нь гээд Баруун салаанд хаягийг нь мэдэхгүй байна, гэр хороололд монгол гэрт ах ***** түүний найз охин болон хамаатны гэх танихгүй охины хамт 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хоносон ба маргааш нь тухайн охины I phone xs маркийн гар утас алга болчихлоо гээд байсан ба би шөнө унтаж байсан учраас утсыг нь хэн авсныг огт мэдээгүй, би унтаж байсан. Тэгээд гар утсаа хайгаад олоогүй. Уг хэрэг болсноос бүр олон хоногийн дараа манай ах ****** уг гар утсыг хулгайлж авсныг нь цагдаагаас шалгаж эхлэх үед сонсоод ахаасаа асууж мэдсэн, би утас хулгайлж авсныг нь мэдээгүй. Би уг гар утсыг хаана байгаа талаар нь мэдэхгүй байна, Манай ах **** одоо 461 дүгээр ангид хоригдож байгаа...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 45 дахь тал ),

мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч ******* өгсөн“...Манай 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороо Зээлийн 8-48 тоотод байх манай нөхрийн ах ********д манай дүү *** хоноод 2022 оны 08 дугаар сарын 26-ны өглөө Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороо Зээлийн 8-46 тоот гэртээ орж ирээд надад хандаж, миний утас байхгүй болчихлоо, хайгаад олдохгүй байна гэсэн. Тухайн үед утас руу нь залгаад хайгаад олдоогүй. Тэгээд ах дүү улсууд байна гээд тоохгүй хаячихсан... өчигдөр буюу 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр би өөрийн утсанд дүү *************** ID код хийж үзсэн. Тэгтэл Монтел дээр локейшн зааж байсан. Тэгээд өнөөдөр 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Монтел дээр очиход утас засвар дээр Гантогтох гэх хүнд 320,000 төгрөгөөр зарсан гээд манай дүүгийн утас байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 47 дахь тал ),

мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч ****** өгсөн “...Би ***,******** гэх хүмүүсийг танихгүй, ямар нэгэн холбоо хамаарал байхгүй, надад гар утас өгөх үед нь анх удаагаа харсан. Би Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо Монтелын зүүн талын моби шопод гар утасны засвар лангуу түрээсэлж явуулдаг. 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр өсвөр насны.. эрэгтэй хүүхэд ирсэн ба I phone xs макс маркийн гар утас авах уу, lock мартчихсан, face lock программаа татдаг гэхээр нь би гар утсыг нь үзэхэд утас зарах гэж байсан ах, дүү 2 эрэгтэй хүүхдийн зураг 2022 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс хойш авхуулсан байсан учраас 320,000 төгрөгөөр авна гээд данс асуухад дансгүй гэхээр нь бэлэн 320,000 төгрөг өгч худалдаж авсан. 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр намайг ажил дээрээ байхад 15 цаг өнгөрч байхад гаднаас утасны эзэн гэх хүн Apple ID-аар нь хүн хайж ирсэн ба хулгайн утас, алдсан гээд цагдаад хандсан. Би уг утсыг хулгайн утас учраас хураалгаад эзэнд нь өгөхөд татгалзах  зүйл байхгүй, утас худалдаж авсан 320,000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 42 дахь тал ),

“Мастер үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 23/001 дугаартай, I phone фирмийн xs мах загварын гар утсыг 775,000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 55-56 дахь тал ),

мөрдөн шалгах ажиллагааны шатанд ******* сэжигтнээр өгсөн “...Би 2022 оны 08 дугаар сард өдрийг нь сайн санахгүй байна, өмнө үерхэж байсан **** гэх охин Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороонд Баруун салаанд хаягийг нь санахгүй байна, монгол гэрт түүний хамаатны охин ******* болон манай төрсөн дүү *********** нар хоносон. Тэгээд бид нар пиво уугаад унтсан. Тэгээд ширээн дээр байсан I phone xs маркийн ****** гар утсыг аваад нуусан. Тэгээд цагдаад дуудлага энэ тэр өгөгдөөгүй. Би гар утасгүй байсан учраас гар утсыг нь хэрэглэж байхад ****** эгч нь утсыг нь өг гээд чат бичээд байсан. Би тэр үедээ сандраад Монтел дээр танихгүй ченж залууд бэлэн 320,000 төгрөгөөр зарсан. Тэгээд мөнгийг нь өөрөө хэрэглээд дуусгасан. Би эд зүйлийн үнэлгээтэй уншиж танилцлаа, асуух зүйл байхгүй, хүлээн зөвшөөрч байна. Би уг хэргийг хэн нэгэнтэй хамтарч үйлдээгүй. Тухайн үед хамт хоносон дүү ********** гар утас хулгайлж авсан талаар мэдээгүй, би уг утсыг хэсэг хадгалж байгаад хуучин утас хүнээс авсан гээд хэрэглэсэн, манай дүү миний үгэнд итгэсэн. Би гар утас зарсан ченжээ танихгүй, өөрийнхөө гар утас гээд бэлэн мөнгөөр 320,000 төгрөгөөр зарсан. Би.. эцэг эхээсээ хоёулаа, доороо 1 эрэгтэй дүүтэй, ээж ******, дүүгийн хамт амьдардаг...Нийслэлийн 53 дугаар сургуулийн 12 дугаар анги төгссөн, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, эрүүл мэндийн байдлын хувьд эрүүл саруул хууч өвчин байхгүй. Би бусдад учруулсан хохирлоо одоогоор барагдуулаагүй байна. Барагдуулах хүсэлтэй байна, хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...”гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн  51-52 дахь тал),

мөрдөн шалгах ажиллагааны шатанд ****** яллагдагчаар өгсөн “...Би эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол, зүйл ангитай уншиж танилцлаа... тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Надад өмнө сэжигтнээр өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй. Би иргэний нэхэмжлэгчид учирсан 320,000 төгрөгийг ойрын хугацаанд барагдуулна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 170 дахь тал),

иргэний нэхэмжлэгч ***** гар утсыг хүлээн авсан тэмдэглэл, насанд хүрээгүй хохирогчид эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн 32-33 дахь тал), гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 30 дахь тал)  зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон байна.

 

            Хулгайлах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн үеэс төгссөнд тооцдог.

 

Насанд хүрээгүй хохирогчид учирсан хохирол нь шүүгдэгч ******** бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан идэвхтэй үйлдлийн улмаас үүссэн шалтгаант холбоо тогтоогдсон, шүүгдэгч нь бусдын өмчлөх эрхэд халдвал аливаа хохирол учрах боломжтой гэдгийг мэдэж, ухамсарласан атлаа хохирол, хор уршигт үйлдлээрээ зориуд хүргэсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдлээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.

 

Насанд хүрээгүй хохирогч ****** 775,000 төгрөгийн хохирол учирсан болох нь хавтаст хэрэгт авагдсан хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн шинжээчийн дүгнэлтээр (хавтаст хэргийн 55-56 дахь тал) тогтоогдож байх тул гэмт хэргийн улмаас бага хэмжээнээс дээш хохирол учирсанд тооцох үндэслэлтэй.

 

Шүүгдэгч ******* насанд хүрээгүй хохирогчийн унтаж амарч байх үеийг  далимдуулан гар утсыг нууцаар авч өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломжийг бүрдүүлж, гуравдагч этгээдэд худалдан борлуулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч ******** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

            Эрүүгийн 2308004961783 дугаартай хэрэгт хохирогчоор тогтоогдсон насанд хүрээгүй хохирогч ****, хууль ёсны төлөөлөгч ****** нарт  I Phone XS загварын гар утсыг биет байдлаар хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн 33 дахь тал), иргэний нэхэмжлэгч ***** 320,000 төгрөгийг Хаан банкны ****** дугаартай дансанд 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр ***** “төлбөр төлөв” гэсэн утгаар шилжүүлж дансны хуулгыг ирүүлсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж  үзэв.

 

  Хоёр.  Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий өнгийн 1.4 дүгээр зүйлд заасан “гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч ******* гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

            Улсын яллагчаас шүүгдэгч ****** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,  энэ тогтоолоор оногдуулах 7 сарын хугацаагаар хорих ял дээр түүний өмнөх шийтгэх тогтоолоос эдлээгүй үйлдсэн 1 жил, 7 сар, 06  хоногийн ялыг нэмж нэгтгэх, цагдан хоригдсон 39 хоногийг эдэлсэн ялд нь оруулан тооцуулах....” гэх санал, дүгнэлтийг  гаргав.

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн хүнд нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, 6 сараас 5 жил хүртэл хугацаагаар хорих ялаас аль нэгийг сонгон оногдуулахаар хуульчилсан.

 

Шүүхээс шүүгдэгчид оногдуулах ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, ингэхдээ эрүүгийн хариуцлагын нийтлэг зорилгыг хангах, түүнчлэн гэмт үйлдлийн шинж чанар болон ял шийтгэлийн хэр хэмжээ хоорондын харьцаагаар зүй зохистой нийцсэн байх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзсэн. 

 

            Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд оршдог.

 

Шүүгдэгч ******* Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 554 дугаартай шийтгэх  тогтоолоор 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Дархан-Уул аймаг  дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 445 дугаар нээлттэй хорих ангид ял эдэлж байгаа баримтууд хэрэгт авагджээ.

 

            Тодруулбал ********* өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг удаа дараа  санаатай үйлдэж байгаа байдал нь түүний нийгэмд аюултай зан төлөвийн бодит илрэл гэж үзэж түүнд хорих ялыг сонгон оногдуулах нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх үзэв.

 

Шүүхээс хорих ялын хэмжээг тогтоохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан тул шүүх өмнө ял шийтгүүлж байсан нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, эрх зүйн байдлыг дордуулах нөхцөл байдал болгон дүгнээгүй болно.

 

Иймд шүүгдэгч ****** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн нийгмийн хор аюул, учруулсан хохирол, түүнийг биет байдлаар буцаан өгсөн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

 

Шүүгдэгч ****** нь энэ хэрэгт /хуучнаар/ Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 477 дугаар захирамжийн дагуу ялтныг  2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр шилжүүлэх хуудас, ялын тооцооны хамт Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид шилжүүлж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон. (хавтаст хэргийн 150-154, 171-174 дэх тал)

 

Иймд түүний 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс хойш шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцсэн энэ өдрийг хүртэл цагдан хоригдсон 39 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эдлэх ялын хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлж барагдуулсан байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүхээс оногдуулсан ялыг бүрэн эдлүүлэх нь эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчимтай холбоотой ба шүүх ******** өмнөх шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн 1 жил, 7 сар, 06 хоногийн хорих ял (хавтаст хэргийн 174 дэх тал) дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.” гэж зааснаар энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 554 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил, 7 сар, 6 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх хорих ялыг 2 (хоёр) жил, 1(нэг) сар, 6 (зургаа)  хоногоор тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

  Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн 2308004961783 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                                                                    

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *******,**********,********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******** 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

           

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч ******* урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 554 дугаар шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 1 жил, 7 сар, 06 хоногийн хугацаагаар хорих ял дээр энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх хорих ялыг 2 (хоёр)жил, 1(нэг) сар, 6(зургаа)  хоногийн хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****** оногдуулсан 2 (хоёр) жил, 1(нэг) сар, 6(зургаа)  хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******** цагдан хоригдсон нийт 39 (гучин ес ) хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

 

            6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ******* эдлэх хорих ялыг 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол ************ авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

        

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Г.ЭНХЦЭЦЭГ