| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Пагма |
| Хэргийн индекс | 168/2025/0004/э |
| Дугаар | 2025/ШЦТ/08 |
| Огноо | 2025-01-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Ариунаа |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 2025/ШЦТ/08
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг
Улсын яллагч С.Ариунаа
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболд
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шинэчүүд овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2421000000503 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Говь-******* аймгийн ******* суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар баг, ******* ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 13 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар 2 жилийн хорих ялыг өршөөсөн, Шинэчүүд овогт ******* ******* /РД: *******/.
Шүүгдэгч ******* ******* нь 2024 оны 10 дугаар сарын 30-ны шөнө 23 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 7 дугаар баг, .... дугаар байрны .... тоотод оршин суух хохирогч гэрт архидан согтуурах явцдаа хохирогч маргалдан улмаар нүүрэн тус газарт нь цохиж биед хамрын хянга ясны хугарал, таславчийн муруйлт, зөөлөн эдийн няцрал, баруун зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ц.******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй” гэв.
Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би ******* сумын .... дугаар баг, тоотод эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг. Би өөрөө хувиараа хил рүү ачаа ачдаг юм. Болсон асуудлын талаар гэвэл хил рүү бас ачаа ачдаг ******* гэх ах бид хоёр 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр утсаар ярьж байгаад уулзалдахад *******ын дүү нь гээд нэг залуу хамт ирсэн. Бид гурав манай гэрт орохоор болсон. Ингээд дэлгүүрээс 0.75 литрийн хэмжээтэй архи аваад бид гурав хувааж уусан. Нэлээн сууж байснаа ******* ах гэнэтхэн “чи миний машинд байсан лоомыг хулгайлсан, ийм арчаагүй жолооч гэж юу байдаг юм” гэхээр нь “эвдэрдэггүй машин гэж юу байхав дээ” гээд хэлчихсэн чинь шууд уурлаад намайг барьж аваад нүүр нүдгүй цохиод эхэлсэн. Намайг унагаад миний дээр гарчихаад намайг цохиод байсан. Би холдуулж чадахгүй байсан чинь цуг байсан дүү нь ******* ахыг салгаад аваад гарсан. Би шууд эмнэлэг рүү очиж үзүүлээд цагдаад дуудлага өгсөн. Тухайн үед би өөрөө архи уучихсан байсан болохоор надаас мэдүүлэг авахгүй, өглөө болно гэхээр нь би өөрөө эмнэлгээр явж байгаад өнөөдөр ирж гомдол гаргаж байна. Миний нүүр хэсэгт олон удаа цохисон болохоор миний хамрын хянга яс хугарчихсан, нүүр тэр чигтээ хөхөрч хавдсан байдалтай байна. Тухайн гэмтлийг ******* гэх хүн учруулсан. Тэрнээс өөр хүн намайг цохиж зодоогүй. ******* гэх хүн намайг цохиж зодохоос өмнө миний биед ямар нэг гэмтэл шарх юу ч байгаагүй эрүүл байсан...” гэжээ. /хх-ийн 8-9/
Иргэний нэхэмжлэгч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Иргэн эмчилгээнд эрүүл мэндийн даатгалын сангаас зардал зарцуулсан эсэхийг шүүж үзэхэд 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 11 дүгээр сарын 19-ний өдрийн хоорондох хугацаанд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан байна. Иргэн эмчилгээний зардалд нийт 249,390 төгрөг зарцуулсан байна. Иймд Монгол Улсын Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэндэд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад төлүүлнэ гэсэн хуулийн заалтыг бүрэн хэрэгжүүлэх үүднээс иргэн биед гэмтэл учирсан хэрэгт буруутай этгээдээс уг зардлыг нэхэмжлэх болно...” гэжээ. /хх-ийн 11-12/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... гэдэг залуугийн гэр хоёр өрөөтэй байсан. Бид нар том өрөөнд нь сууж гаднаас авч ирсэн архийг *******, хоёр уусан. Тэдний том өрөөнд байх буйдан дээр өөд өөдөөсөө хараад тойроод сууж байсан. ******* нар хоорондоо муудалцаж бие бие рүүгээ үг хаяж байгаад босоод нэгнийхээ дээгүүр өмсөж байсан цамц фудболкноос зууралдаад нэгнийхээ хоолойг боогоод “чи муу юм юм бэ, чи муу ингэдэггүй юмаа ахын дүү” гээд нөгөөх нь “би дугуй хулгайлдаг хүн биш ээ” гээд нэгнийгээ хэл амаар доромжлоод бахираад байсан. Тэгэхээр нь би тэр хоёрыг салгасан. Салгах явцад тэр хоёр бие биенийгээ зангидсан гараараа цохих үед би тэр хоёрт 1, 1 удаа цохиулсан. Гэхдээ намайг цохих үед миний биед ямар нэгэн хохирол учраагүй зөөлөн цохисон. Би тэр хоёрыг салгаад хэсэг холдох үед дахин зууралдаад газар унаад дахиад зодолдоод байсан. Тэгэхээр нь би ыг татаад босгох үед ширээн дээр байсан шилтэй архийг бариад ******* руу чамайг алнаа гээд дайрах үед би хориглоод булааж аваад тус шилийг буйдангийн дэрний араар тавьсан. Би тэр хоёрыг ажиглахад ы нүүр, ам, энгэр гээд ил харагдах хэсэг нь маш их улайлттай байсан. *******ын уруул хэсэг цус болсон байдалтай харагдсан. Тэр хооронд би чамайг алнаа гээд гал тогооны өрөө хэсэгт орох гээд байхаар нь би очоод “хөгшөөн яах гэсэн юм бэ болио” гэхэд эргэж хараад дахиад *******тай хэрэлдээд байсан. ******* тэр хооронд үүдний хэсэгт гутлаа өмсөөд зогсож байсан. Би ыг хориглоод зогсож байх үед *******ыг цохих гэж дайрсан. Намайг эргээд харах үед газар унасан байдалтай байсан. Намайг очиж түүнийг дээш босгоход түүний хамарнаас цус гарсан байсан...” гэжээ. /хх-ийн 15-16/
Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн хүний биед хийсэн 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 615 тоот дүгнэлтэд:
1. биед хамрын хянга ясны хугарал, таславчийн муруйлт, зөөлөн эдийн няцрал, баруун зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, хүзүүнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх хамрын хянга ясны хугарал, таславчийн муруйлт, зөөлөн эдийн няцрал гэмтэл, хүзүүний зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг ба түүнээс дээш удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.
3. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
4. Хамрын хянга ясны хугарал, таславчийн муруйлт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг, хүзүүний зулгаралт нь 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэжээ. /хх-ийн 19-20/
******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би тухайн асуудал болохоос өмнө 2024 оны 06 дугаар сард миний эзэмшлийн Стана маркийн тээврийн хэрэгслийг унаад эхнэртэйгээ хамт “Алтан Эмээл” явсан юм. Тэгэхдээ миний машины дээш өргөгч буюу лоомыг хугалаад, буруу талын урд шинэ дугуйг сольсон байсан. Гэхдээ би энэ яриаг эхлүүлээгүй. эхэлж сөхөөд “би дугуй хулгайлдаг хүн биш шүү” гэж хэлснээс болоод бид хоёр маргалдаад тэдний гэрт зодоон болоод би түүнийг цохисон. Би өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байна...” гэжээ. /хх-ийн 37-39/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 6/
Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 24/
Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосон маягт /хх-ийн 28/
*******ын иргэний үнэмлэхийн болон оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааны хуулбар /хх-ийн 41-42/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45/
Шинжээчийн дүгнэлтийн төлбөрт 200,000 төгрөг төлсөн орлогын баримт /хх-ийн 23/
*******аас хохиролд 1,000,000 төгрөг шилжүүлсэн талаарх ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 75/
Эрүүл мэндийн даатгалын санд эмчилгээний зардал 249,390 төгрөг төлсөн баримт /хх-ийн 85/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Ц.******* холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.
Шүүгдэгч Шинэчүүд овогт ******* ******* нь 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 23 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 7 дугаар баг, 122 дугаар байрны 65 тоотод хохирогч архидан согтуурч улмаар хоорондоо маргалдаж, түүний биед хамрын хянга ясны хугарал, таславчийн муруйлт, зөөлөн эдийн няцрал, баруун зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, хүзүүнд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн шүүгдэгч *******ын “... эхэлж сөхөөд “би дугуй хулгайлдаг хүн биш шүү” гэж хэлснээс болоод бид хоёр маргалдаад тэдний гэрт зодоон болоод би түүнийг цохисон. Би өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажилагаанд мэдүүлсэн хохирогч “...нэлээн сууж байснаа ******* ах гэнэтхэн “чи миний машинд байсан лоомыг хулгайлсан, ийм арчаагүй жолооч гэж юу байдаг юм” гэхээр нь “эвдэрдэггүй машин гэж юу байхав дээ” гээд хэлчихсэн чинь шууд уурлаад намайг барьж аваад нүүр нүдгүй цохиод эхэлсэн. Намайг унагаад миний дээр гарчихаад намайг цохиод байсан. Би холдуулж чадахгүй байсан чинь цуг байсан дүү нь ******* ахыг салгаад аваад гарсан. Би шууд эмнэлэг рүү очиж үзүүлээд цагдаад дуудлага өгсөн. ...Миний нүүр хэсэгт олон удаа цохисон болохоор миний хамрын хянга яс хугарчихсан, нүүр тэр чигтээ хөхөрч хавдсан байдалтай байна. Тухайн гэмтлийг ******* гэх хүн учруулсан. Тэрнээс өөр хүн намайг цохиж зодоогүй...” гэх мэдүүлэг,
тэдгээрийн мэдүүлгийг нотолсон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч гийн “...******* нар хоорондоо муудалцаж бие бие рүүгээ үг хаяж байгаад босоод нэгнийхээ дээгүүр өмсөж байсан цамц фудболкноос зууралдаад нэгнийхээ хоолойг боогоод “чи муу юм юм бэ, чи муу ингэдэггүй юмаа ахын дүү” гээд нөгөөх нь “би дугуй хулгайлдаг хүн биш ээ” гээд нэгнийгээ хэл амаар доромжлоод бахираад байсан. Тэгэхээр нь би тэр хоёрыг салгасан. ...Би тэр хоёрыг салгаад хэсэг холдох үед дахин зууралдаад газар унаад дахиад зодолдоод байсан. Тэгэхээр нь би ыг татаад босгох үед ширээн дээр байсан шилтэй архийг бариад ******* руу чамайг алнаа гээд дайрах үед би хориглоод булааж аваад тус шилийг буйдангийн дэрний араар тавьсан. Би тэр хоёрыг ажиглахад ы нүүр, ам, энгэр гээд ил харагдах хэсэг нь маш их улайлттай байсан. *******ын уруул хэсэг цус болсон байдалтай харагдсан. ...Би ыг хориглоод зогсож байх үед *******ыг цохих гэж дайрсан. Намайг эргээд харах үед газар унасан байдалтай байсан. Намайг очиж түүнийг дээш босгоход түүний хамарнаас цус гарсан байсан...” гэх мэдүүлэг, Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн хүний биед хийсэн 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 615 тоот дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, яаралтай тусламжийн хуудас болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Түүнчлэн шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ө.Батболд нар нь шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, тэр талаар маргаагүйг дурдах нь зүйтэй болно.
Шүүгдэгч *******ын үйлдлийн улмаас хохирогч эрүүл мэндэд хөнгөн xохирол учирсан болох нь Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн хүний биед хийсэн 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 615 тоот “... биед хамрын хянга ясны хугарал, таславчийн муруйлт, зөөлөн эдийн няцрал, баруун зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, хүзүүнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх хамрын хянга ясны хугарал, таславчийн муруйлт, зөөлөн эдийн няцрал гэмтэл, хүзүүний зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг ба түүнээс дээш удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Хамрын хянга ясны хугарал, таславчийн муруйлт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг, хүзүүний зулгаралт нь 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй...” гэх дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.
Шүүгдэгч Ц.******* холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.******* эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч *******ын хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, хохирогч д гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 1,200,000 төгрөгийг төлсөн, бусдад төлөх төлбөргүй хувийн байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, эрүүгийн харуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.******* 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч эрүүл мэндэд хөнгөн хохирол, сэтгэцэд хоёрдугаар зэрэглэлийн хор уршиг учирсан байх бөгөөд шүүгдэгч нь хохирогчид гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 1,200,000 төгрөгийг төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтийн төлбөрт 200,000 төгрөгийг төлсөн орлогын баримт /хх-ийн 23/, *******аас хохиролд 1,000,000 төгрөг шилжүүлсэн талаарх ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 75/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Харин хохирогч нь шүүгдэгчид гомдолтой гэж мэдүүлсэн байх бөгөөд хохирол төлбөртэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагаа тодорхой гаргаагүй, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн шатанд хохирол төлбөртэй холбоотой нотлох баримтыг гаргаж өгөөгүй, шүүх хуралдаанд ирээгүй байна. Иймд шүүхээс хохирогч эрүүл мэндэд хамрын хянга ясны хугарал, таславчийн муруйлт, зөөлөн эдийн няцрал, баруун зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, хүзүүнд зулгаралт гэмтэл, сэтгэцэд хоёрдугаар зэрэглэлийн хор уршиг учирсан нөхцөл байдлыг харгалзан үзэж хохирогчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд *******аас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ. Мөн шүүгдэгч ******* нь Эрүүл мэндийн даатгалын санд тусламж үйлчилгээний зардалд 249,390 төгрөгийг төлсөн байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Шинэчүүд овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* *******ад 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд *******аас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, хохирогч д гэм хорын хохиролд 1,200,000 төгрөгийг, Эрүүл мэндийн даатгалын санд тусламж үйлчилгээний зардалд 249,390 төгрөгийг тус тус төлсөн болохыг дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ПАГМА