Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 155/ШШ2021/01015

 

 

 

 

 

2021 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 155/ШШ2021/01015

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.Б,

Хариуцагч: Л.Э-д холбогдох,

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай 155/2021/00809/и дугаар индекстэй иргэний хэргийг 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга, нэхэмжлэгч Д.Б нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би эхнэр Л.Этэй 2005 оны 9 дүгээр сард гэрлэлтээ батлуулж, гэр бүл болсон. Хамт амьдарсан хугацаанд 2005 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүү Б.Э, 2007 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүү Б.М, 2011 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хүү Б.О, 2014 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүү Б.А, 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр охин Б.У нар төрсөн. Бид хамт амьдарсан эхний жилүүдэд амьдрал сайхан, бидний харилцаа хэвийн байсан боловч сүүлдээ таарч тохирохгүй болсон. Л.Э нь гэр бүлээс гадуур харилцаа удаа дараа үүсгэж, гэр орондоо тогтохгүй, архи согтууруулах ундаа хэрэглэх болж, хүүхэд бүрт өгч байгаа мөнгийг хүртэл архинд зарцуулах болсон. Надад 5 сайхан хүүхэд төрүүлж өгсөн ханийгаа тэвчиж хайрласаар элэг бүтэн амьдрах гэж хичээсэн. Л.Э нь 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдөр гэрээсээ яваад ирээгүй, бид тусдаа амьдарч байна. Хүүхдүүд маань ч энэ байдлыг тэвчиж, хамт амьдархад хэцүү болж, хүүхдүүдийн хүмүүжилд муугаар нөлөөлж болохоор байна. Би одоо хүүхдүүдтэйгээ хамт амьдарч, тэд маань бүгд сургуульд суралцаж байгаа. Хүүхдүүддээ хэдийд ч ээжтэйгээ уулзаж байхыг хэлж зөвлөдөг.

Иймд Л.Э бид хоёр цаашид хамт амьдрах боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулна. Миний хүү Б.Э, хүү Б.М, Б.О, хүү Б.А, охин Б.У нарыг өөрийн асрамжид авна. Хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй, эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

Хариуцагч Л.Э шүүхэд гаргасан тайлбартаа: Би нөхөр Д.Бтай 2005 онд гэр бүл болж, хурим найраа хийж нэг гэртээ орсон. Би тэр үед 19 настай байлаа. Ингээд бид хадам ээж н.Нямдаваатай айлсаж нэг дороо амьдарч эхэлсэн. Хамт амьдарсан хугацаандаа 2005 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүү Б.Э төрсөн, 16 настай, 2007 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүү Б.М төрсөн, 14 настай, 2011 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хүү Б.О төрсөн, 10 настай, 2014 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүү Б.А төрсөн, 7 настай, 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр охин Б.У төрсөн, 6 настай. Бид 5 хүүхдийн эцэг, эх болж, 2021 оны 3 дугаар сар хүртэл хамт амьдарсан. Би 10 дугаар анги төгсөөд жирэмсэн болсон тул сургуульд яваагүй, энэ хүнтэй амьдралаа холбосон. Нийт 16 жил хамт амьдарсан. Энэ хугацаанд таарч тохирохгүй зүйл гарах болж, үүнд хадам ээжийн оролцоо нөлөөлөх болж, сүүлдээ 5 хүүхдийг нь төрүүлж өгсөн хань болох намайг элдвээр хэлж доромжилж, сэтгэл санааны гутралд оруулж, гэртээ тайван байх нөхцлийг хааж, гэр орноосоо хөөх болсон. Иймд нөхцөлд амьдархад хэцүү болж, хичнээн хүүхдүүдээ бодсон ч миний сэтгэл санаа тогтворгүй болж, амьдрах итгэл, урам зориг, аз жаргал үгүй болж сэтгэл хөрсөн. Том том болсон хүүхдүүдийнхээ хажууд элдэв бусаар хэлүүлж, доромжлуулах ёстой гэж үү гэж бодоод би гэрээсээ явсан. Гэрээсээ хөөгдсөн би өөрийн төрсөн гэртээ очихоор гэртээ харь, хүүхдүүд дээрээ оч, хүүхдүүд чинь хэцүүдлээ, зутарлаа гээд л бас намайг ойлгодоггүй. Ийм үед би найз нөхөд дээрээ л очно шүү дээ. Буцаад гэртээ очихоор нэвсийж сэгсийгээд хүрээд ирээ юу, хүмүүстэй нийлж хэслээ, тэнэлээ, шоудлаа, янхандлаа, өөр хүнтэй боллоо, одоо тэр газар луугаа зайл, яв гэх мэтээр хөөж туудаг. Эхэндээ намайг зодож цохьдог байсан, хот руу хүртэл эмчилгээнд явж байсан, тухайн үедээ өөрийн гэрийхнээсээ, хүн амьтнаас нууж явсан. Сүүлдээ зодож цохих нь гайгүй болсон. Одоо гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Хүү Б.Э, Б.М, Б.О, Б.А, охин Б.У нарыг эцэг Д.Бын асрамжид үлдээнэ. Хүүхдийн тэтгэлэг авахгүй гэсэн, эд хөрөнгийн маргаангүй. Хамт амьдарсан хугацаандаа бий болсон эд хөрөнгийг хүүхдүүддээ үлдээж байгаа. Миний хувьд турж эцсэн, зүрх муутай, бие султай. Хэдий тийм ч би Д.Бын тавын таван хүүхдийг төрүүлж өгсөн, өсгөсөн. Би хүүхдүүдээ аавын нь асрамжид үлдээж байгаа ч өөр дээрээ авч хэд хоног болох, миний хүүхдүүдийг надтай уулзуулдаг байхыг Д.Бт хэлж ойлгуулж өгөхийг хүсэж байна гэжээ.

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Л.Ээд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 14, 40 дүгээр зүйлд зааснаар шаардах эрхтэй.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Гэрлэгчид болох Д.Б, Л.Э нар 2021 оны 3 дугаар сараас хойш одоог хүртэл тусдаа амьдарч байгаа, гэрлэлт цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэхь эвлэрүүлэн зуучлах ажиллагаанаас татгалзсан зэрэг бодит шалтгаан нь гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэл болж байна.

Гэрлэгчид болох Д.Б, Л.Э нар 2005 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр гэр бүл болж, 2005 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь Хөвсгөл аймгийн А сумын Засаг даргын тамгын газрын иргэний бүртгэлийн ажилтаны олгосон Эрэгтэй: РД: рб84020312, Монгол улсын иргэн, 1984 оны 2 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, овог: Шаш, эцэг /эх/-ийн нэр: Давааням, нэр: Бямбабаяр, Эмэгтэй: РД: рб86082307, Монгол улсын иргэн, 1986 оны 8 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, овог: Халиугчин, эцэг /эх/-ийн нэр: Лхагважав, нэр: Энхмэнд нар 2005 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр гэр бүл болсныг 2005 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 018 дугаарт бүртгэж гэрчилгээ олгов гэх бичилттэй №0028174 дугаар гэрлэлтийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар (хавтаст хэргийн 4 дүгээр хуудас),

тэдний дундаас хүү Б.Э 2005 оны 10 дугаар сарын 30-ны өдөр төрсөн нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын улсын бүртгэлийн ажилтаны бүртгэсэн РД: рб05303019, Шаш овогт Бямбабаярын Энхбаяр, эрэгтэй, 2005 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Хөвсгөл, Мөрөн газар төрснийг Хөвсгөл, А төрсний бүртгэлд 2005 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр бүртгэж гэрчилгээ олгов... гэх бичилттэй №73 бүртгэлийн дугаартай төрсний гэрчилгээ,

хүү Б.М 2007 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн нь Улсын бүртгэлийн ерөнхий газар, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн РД:, эцгийн овог: Шаш, эцэг /эх/-ийн нэр:, нэр: Бямбабаяр, рд: рб84020312, эхийн овог: Халиучин, эцэг /эх/-ийн нэр: Лхагважав, нэр:, рд: нарын гэр бүлд 2007/11/09-нд төрүүлсэн Б.Мыг 2007/11/22-нд Хөвсгөл аймгийн А сумын 0085 дугаарт бүртгүүлсэн төрөлтийн бүртгэл байгаа гэх бичилттэй 115/004482 дугаар төрсний бүртгэлийн лавлагаа,

хүү Б.О 2011 оны 6 дугаар сарын 04-ний өдөр төрсөн нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын улсын бүртгэлийн ажилтаны бүртгэсэн РД:, Б.О, эрэгтэй, 2011 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Мөрөн төрөх газар төрснийг А сумын төрсний бүртгэлд 2011 оны 6 дугаар сарын 16-ны өдөр бүртгэж гэрчилгээ олгов... гэх бичилттэй №000057781/58 дугаар төрсний гэрчилгээ,

хүү Б.А 2014 оны 3 дугаар сарын 13-ны өдөр төрсөн нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын улсын бүртгэлийн ажилтаны бүртгэсэн РД:, Б.А, эрэгтэй, 2014 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Хөвсгөл, Мөрөн газар төрснийг Хөвсгөл, Мөрөн төрсний бүртгэлд 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдөр бүртгэж гэрчилгээ олгов... гэх бичилттэй №6701000219 бүртгэлийн дугаартай төрсний гэрчилгээ,

охин Б.У 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын улсын бүртгэлийн ажилтаны бүртгэсэн РД:, Б.У, эмэгтэй, 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Хөвсгөл, Мөрөн газар төрснийг Хөвсгөл, Мөрөн төрсний бүртгэлд 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр бүртгэж гэрчилгээ олгов... гэх бичилттэй №6701000936 бүртгэлийн дугаартай төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарууд (хавтаст хэргийн 5-9 дүгээр хуудас),

хүүхэд эрүүл бойжиж буй тухай Далай элбэрэлт өрхийн эрүүл мэндийн төвийн их эмчийн Б.М, нас 14, хүйс: эр, Б.Э, нас: 16, хүйс: эр, Б.О, нас 10, хүйс: эр, Б.А, нас 7, хүйс: эр, Б.У, нас 6, хүйс: эм, онош: эрүүл бойжиж байгаа нь үнэн болохыг тодорхойлов гэх бичилттэй тодорхойлолтууд (хавтаст хэргийн 10-14 дүгээр хуудас), Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Үерт багийн Засаг даргын 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн Д.Б  нь 9-8-12 тоотод ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суудаг нь үнэн гэх бичилттэй 14/53 дугаар тодорхойлолт, (хавтаст хэргийн 15 дугаар хуудасзохигчийн тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдлоо.

Хүүхдийн асрамжийн талаар гэрлэгчид харилцан тохиролцсон, хүүхдүүдийн санал, амьдарч дасаж ээнэгшсэн орчин нөхцөл, одоо эцгийн асрамжид байгаа байдал зэргийг харгалзан 2005 оны 10 дугаар сарын 30-ны өдөр төрсөн хүү Б.Э, 2007 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн хүү Б.М, 2011 оны 6 дугаар сарын 04-ний өдөр төрсөн хүү Б.О, 2014 оны 3 дугаар сарын 13-ны өдөр төрсөн хүү Б.А, 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн охин Б.У нарыг төрсөн эцэг Д.Бын асрамжид үлдээх нь зүйтэй байна.

Гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд зааснаар эцэг, эхийн эрх, үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарлах нь зүйтэй.

Хүү Б.Э, Б.М, Б.О, Б.А, охин Б.У нар төрсөн эцэг Д.Бын асрамжид үлдэж байгаа нь эх Л.Эийн хувьд түүний эх байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ гүйцэтгэхэд саад учруулахыг хориглодог болохыг дурьдлаа. Өөрөөр хэлбэл хүү Б.Э, Б.М, Б.О, Б.А, охин Б.У нартай эх Л.Э хэдийд ч уулзаж, дээрх хуулинд заасан үүргээ саадгүй биелүүлэх бөгөөд үүнд эцэг Д.Б ямар нэг хориг тавихгүй байхыг ойлгоно.

Гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй, нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болно.

Иймд Д.Б, Л.Э нарын гэрлэлтийг цуцалж, хүү Б.Э, Б.М, Б.О, Б.А, охин Б.У нарыг төрсөн эцэг Д.Бын асрамжид үлдээж шийдвэрлэв.

Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл тул нэхэмжлэгч Д.Бын эд хөрөнгийн бус үнийн дүнд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Эээс улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Хариуцагч Л.Э шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Д.Б, Л.Э нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2005 оны 10 дугаар сарын 30-ны өдөр төрсөн хүү Б.Э, 2007 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн хүү Б.М, 2011 оны 6 дугаар сарын 04-ний өдөр төрсөн хүү Б.О, 2014 оны 3 дугаар сарын 13-ны өдөр төрсөн хүү Б.А, 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн охин Б.У нарыг төрсөн эцэг Д.Бын асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй, нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Д.Бын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Эээс улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Д.Бт олгосугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эхийн үүргээ биелүүлэхийг Л.Ээд, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эцэг Д.Б нарт тус тус даалгасугай.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Адъяасүрэнд даалгасугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА